Showing posts with label Гадаадад суугаа Монголчуудын сонгох эрх. Show all posts
Showing posts with label Гадаадад суугаа Монголчуудын сонгох эрх. Show all posts

6.17.2013

2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа


Бид Сонгох Эрхтэй клуб 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд САНАЛАА ӨГСӨН гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн EXIT POLL cудалгааны дүнг Улаанбаатарын цагаар 2013.06.17-ны өдрийн 14.00 цагт өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж цахим орчинд танилцуулж байгаадаа таатай байна.

Энэхүү судалгааны нэгдсэн дүнг гадаадад суугаа Монголчуудын хамгийн ихээр төвлөрсөн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл хотуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нийт 2724 сонгогчоос random sampling aргачлалаар түүвэрлэсэн 273 сонгогчийн санал асуулгaд үндэслэв.

Судалгааг дээр дурдсан дөрвөн хотод 06 сарын 14, 15, 16 -ны өдрүүдэд тодорхой цагийн интервалд, тодорхой давтамжаар явуулсан бa нас хүйсний тэнцвэрт байдлыг хангаж, гадны аливаа нөлөөллөөс ангид байлгахыг тэргүүн зорилгоо болгосон.

Бидний танилцуулж буй EXIT POLL судалгаа нь 2013.06.26-ны өдөр оролцох МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, түүний чиг хандлагын талаар ямарваа нэгэн таамаглал дэвшүүлэхийг зориогүй, харин зөвхөн бидний сонгосон зорилтот бүлэг буюу Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл хотуудад амьдарч буй сонгогч иргэд болон гадаадад суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн идэвхи, хандлагыг үнэн зөвөөр тандах зорилготой болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Нэг ёсондоо энэхүү судалгааны дүнг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-ноос албан ёсоор зарласны дараа, зөвхөн гадаадад байгаа сонгогчдын саналын албан ёсны дүнтэй харьцуулж, судалгааны бодит чанарыг дүгнэж үзэх нь нь зүйд нийцэх юм.

Тус судалгааг АНУ-ын Вашингтон хот дахь Монгол соёлын төвийн тэргүүн Др. М.Саруул-Эрдэнэ, Сан-Франциско хот дахь Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлийн эрхлэгч, АНУ-ын Бэй Ариа Монголчуудын холбооны үүсгэн байгуулагч гишүүн Д.Цэрэндорж, Их Британий Лондон хотноо Вестминистрийн их сургуулийн олон улсын харилцаа, улс төрийн ШУ-ны магистрант У.Ганзориг, Сөүлд Солонгосын Чонбүкийн их сургуулийн докторант Д.Пүрэвсүрэн нар зохион байгууллаа. Бид Сонгох Эрхтэй клубын төлөөлөгчид нь тус хотуудад байрлах ЭСЯ, консулын газарт ойролцоо гудамжинд буюу ТУХАЙН УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ уг судалгааг хийж гүйцэтгэсэн болно.

Нөгөөтэйгүүр бид гадаадын 34 оронд байрлах 39 дипломат төлөөлөгчийн газар гадаадад суугаа сонгогчдоос санал авч дууссаны дараа энэхүү судалгааны дүнг зарлаж байгаагаараа онцлог.

Бид Сонгох Эрхтэй клубынхэн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл зэрэг 4 хотод нийт саналаа өгсөн 711 иргэдийн 273 хүнээс судалгаа авахад:

• AH - аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 195 сонгогч (71.43%)
• МАН - аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 69 сонгогч (25.27%)
• МАXН - аас нэр дэвшигч Н.Удвалд 9 сонгогч (3.30%) тус тус саналаа өгснөө илэрхийлжээ.

Бид энэхүү судалгааг явуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг мөрдөж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Холбогдох заалт, тайлбартай танилцана уу.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай xууль http://www.legalinfo.mn/law/details/8910?lawid=8910
8.2. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
(Тайлбар: УИХ-аас энэ өдрийг 2013.06.26-ны өдөр гэж тогтсон)
8.4. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “гадаад улсад байгаа иргэд” гэх/-ээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах өдөр нь гурав хүртэл өдөр байж болно.
(Тайлбар: Энэ өдрийг 2013.06.14 - 16-ны өдөр гэж тогтсон)
33.6. Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.
(Тайлбар: 1. Бид сонгуулийн өмнө бус харин сонгуулийн ҮЕЭР санал асуулга хийсэн тул дээрх заалт бидэнд хамаарахгүй. Энэ заалт нь зөвхөн САНАЛ АВАХ ӨДӨР ХҮРТЭЛХ ДОЛОО ХОНОГИЙН хугацааг заасан. 2. EXIT POLL судалгааны дүнг бид Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж буй сонгуулиас долоо хоногийн өмнө буюу 2013.06.19-ны өдрөөс өмнө зарлаж буй тул хуулийн заалтыг огт зөрчөөгүй болно)

Exit poll гэж юу вэ?

EXIT POLL нь сонгогчийг сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөөд ГАРЧ ИРСЭН ДАРУЙД "Та аль нам/нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бэ?" гэсэн ганц асуулт бүхий санал асуулгын хуудас бөглүүлж, битүүмжилсэн хайрцаганд хүлээж авдаг маш энгийн горимтой, гадаадын олон оронд түгээмэл судалгаа юм. Энэхүү судалгаанд оролцогчид зөвхөн цаасан дээр сонгосон нам, нэр дэвшигчээ дугуйлах бөгөөд өөр нэмэлт мэдээллээ өгөх шаардлагагүй байдаг. EXIT POLL судалгаа нь бодит мэдээлэлд анализ хийж, хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд баримталдагаараа онцлог.

Нэмэлт мэдээлэл: 

Мэдээллийн анхны эх сурвалж: http://www.facebook.com/ElectionMN

2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба албан ёсны сонгуулийн дүнгийн харьцуулалт:
http://www.sainbayar.com/2013/06/2012-exit-poll.html

6.14.2013

2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалт


УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад суугаа Монголчууд анх удаа сонгуульд саналаа өгөх эрхээр хангагдсан юм. Монгол улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт 2012.05.11-нээс 30-ны өдрийг дуустал гадаадад суугаа 4,320 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сонгуулийн Ерөнхий Хороо 4,276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулжээ.

Санал хураалтын ажиллагаа 39 салбар комисст, тухайн орнуудын цагаар 2012.06.10-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд явагдаж, эцсийн байдлаар нийт 2,779 сонгогч өөрийн дэмжиж буй нам эвслийн төлөө саналаа өгсөн нь анх бүртгүүлсэн сонгогчдын 65% болсон байна.

Бид Сонгох Эрхтэй клуб нь сонгуулийн өдөр буюу 2012.06.10-нд Монгол улсын иргэд хамгийн ихээр төвлөрсөн Вашингтон, Сан-Франциско, Сөүл, Лондон, Токио хотуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нийт 711 сонгогчоос RANDOM SAMPLING aргачлалаар 249 сонгогчийг түүвэрлэн (нийт сонгогчдын 9%) санал асуулга хийж Монголын анхны EXIT POLL судалгааг амжилттай хийсэн билээ.

Бид Сонгох Эрхтэй клубээс EXIT POLL cудалгааны дүнг 2012.06.13-ны өдөр өөрийн вэб хуудсаар дамжуулж интернэт орчинд танилцуулсан нь олон нийтийн дунд ихээхэн дуулиан тарьжээ. Гэхдээ энэхүү судалгаа нь Монгол улсын газар нутагт амьдарч буй нийт иргэдийн сонгуулийн дүнг илэрхийлэх, таамаглахыг зориогүй, харин бидний сонгосон зорилтот бүлэг буюу гадаадад суугаа Монгол улсын иргэдийн санал өгч буй байдал, хандлагын тухай судалгаа байж ирснийг цохон тэмдэглэх нь зүй.

Энэхүү судалгааг явуулахад Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (1999), Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин (2002), Сан Франциско дахь Замдаан сэтгүүл (2002), Вашингтон дахь Монгол Соёлын Төв (2004) болон Их Британи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоо, нийгэмлэгийн идэвхитэн гишүүд, оюутан залуус идэвхитэй оролцсон байна.

Exit poll гэж юу вэ?

EXIT POLL нь сонгогчийг сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөөд ГАРЧ ИРСЭН ДАРУЙД "Та аль нам/нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бэ?" гэсэн ганц асуулт бүхий санал асуулгын хуудас бөглүүлж, битүүмжилсэн хайрцаганд хүлээж авдаг маш энгийн горимтой, гадаадын олон оронд түгээмэл судалгаа юм. Энэхүү судалгаанд оролцогчид зөвхөн цаасан дээр сонгосон нам, нэр дэвшигчээ дугуйлах бөгөөд өөр нэмэлт мэдээллээ өгөх шаардлагагүй байдаг. EXIT POLL судалгаа нь бодит мэдээлэлд анализ хийж, хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд баримталдагаараа онцлог.

Ингээд та бүхэнд 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалтыг танилцуулж буйг хүлээн авна уу.

Бид Сонгох Эрхтэй клуб
www.facebook.com/ElectionMN
www.twitter.com/ElectionM
www.youtube.com/ElectionMN

• СЕХ Гадаад улсад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг анх удаа зохион байгуулав: http://www.gec.gov.mn/details/435
• Гадаадад байгаа монголчууд саналаа өгч дууслаа: http://songuuli.news.mn/content/110751.shtml
• Гадаадад байгаа 2777 монгол иргэн саналаа өглөө: http://ipost.mn/news/read/1169
• EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа:
http://www.dayarmongol.com/index.php/stories/news-stories/mongolia/7357-exit-poll-6
http://www.sainbayar.com/2012/06/exit-poll_14.html
• Exit Poll of Diaspora Voters (in English): http://blogs.ubc.ca/mongolia/2012/exit-poll-of-diaspora-voters/
• Эрхүүгийнхэн тэргүүлж, Парис “баян ходоод” болов: http://songuuli.news.mn/content/110709.shtml

6.12.2013

Гадаадын 34 оронд, 6494 Монгол иргэд сонгуульдаа бүртгүүлжээ

Өнөөдрийн байдлаар (2013.06.12) гадаадын 34 оронд, 6494 Монгол иргэд сонгуульдаа бүртгүүлжээ. Та бүхний маань дуу хоолой, оролцоо Монгол төрийг "тогтоох", "томилоход" нэн чухал. Доорх зургуудыг FACEBOOK, ТWITTER -ийнхээ арын дэвсгэр зураг, танилцуулга зурагтаа ашиглаарай. Бусдыгаа уриалж, манлайлаарай! Баярлалаа.





6.25.2012

Д.Сайнбаяр: Бидний судалгааны дүн Ардын Намд таалагдаагүй

Эх сурвалж: http://ipost.mn/news/read/1469
Гадаадад суугаа Монголчуудын Бид сонгох эрхтэй клубын удирдагч Д.Сайнбаяртай ярилцлаа.
-Бид сонгох эрхтэй клуб нь анх удаа Exit Poll санаачлан явуулсан. Тиймээс юун түрүүнд Exit Poll гэж юу болохыг тайлбарлахгүй юу?
-Энэ сарын 14-нд уг судалгааны дүн интернэтийн сайтуудад тавигдсан. Үндэстний Тойм болон хэд хэдэн сонин энэ судалгааг онцолж дурьдсан байна лээ. Юу гэхээр Монголд анх удаа баруунд түгээмэл болсон EXIT POLL гэдэг ойлголт, шинэ практик нэвтэрч байна гэж. Би үүнтэй санал нэг байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо 130 мянга гарчихсан. Гэтэл өнөөдрийг хүртэл явуулж ирсэн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг тоолбол нэг саягарантай л байдаг. Үүнээс харахад нийт сонгогчдын 10-15 хувь нь гадаадад амьдарч байгаа юм. Хуучин хуулиар сум, аймагт 3000 хүний санал авсан хүн ч УИХ-ын гишүүн болж болдог байв. Тэгтэл гадаадад амьдарч байгаа хүмүүс санал өгснөөр УИХ-ын сонгуульд нөлөөлөхөөс илүүтэй тэр чигээр нь өөрчлөх боломжтой байж ирсэн. Энэ удаад харин зөвхөн нам дугуйлах, бас сонгогчдын тоо тун хангалтгүй байсан тул ийм хэмжээний үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Бид Сонгох эрхтэй клубыг санаачлаад дэлхийн найман хот, улсад хөдөлгөөн өрнүүллээ. Сонгуулийн шинэ хуулиар өнгөрсөн тавдугаар сарын 31 гэхэд гадаадад байгаа иргэд сонгуульд бүртгүүлэх ёстой байсан. Өмнө нь Хүн ам, орон сууцны тооллогын үеэр 108 мянган монголчууд бүртгүүлсэн. Тухайн үед ингэж идэвхтэй бүртгүүлсний учир нь Тавантолгойн хувьцаатай холбоотой байлаа. Харин энэ удаа шинэчилсэн бүртгэлийн үеэр 30 гаруй мянган хүн бүртгүүлсэн. Гэтэл дахиад л Сонгуульд бас бүртгэнэ гээд нэг хүн гурван удаа бүртгүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл Монголын ЭСЯ, консулын газар 38 байдаг. Ийм байхад гадаадад байгаа иргэд гурван удаа бүртгүүлнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй. Иргэдийн саналыг факсаар авахаас өмнө сонгуульд мянгахан хүн бүртгүүлж байгаа юм. Яг санал өгөх өдрөө бүртгүүлсэн хүмүүс ирэх үү, үгүй юү. Үүнээс үүдэн бид хөдөлгөөн өрнүүлэхээр шийдсэн. Монгол иргэдийн сурч, ажиллаж, амьдарч буй 10 гаран улсын 30 орчим имэйл сүлжээгээр 100 000 иргэдэд мэдээлэл, видео сурталчилгаа явуулсан. Үүний үр дүнд иргэд идэвхижиж, долоон хоногийн дотор 4770 хүн болж нэмэгдсэн. Эндээс 2700 гаруй хүн саналаа өгсөн байгаа. Exit poll бол саналаа өгөөд гарч ирснийх нь дараа “Та аль намд саналаа өгсөн бэ” гэж асуугаад яг сонгууль шиг саналыг нь хаалттай байдлаар авч судалгаа хийдэг. Энэ судалгаа Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудадад өргөн дэлгэрсэн байдаг.
-Та бүхний явуулсан Exit pollнэлээд шуугиан тарьсан шүү дээ?
-Бидэнд судалгаа хийх нь л чухал байв. Ямар ч үр дүн гарсан бидэнд хамаагүй. Гол нь бодитой байх нь чухал. Бидний явуулсан судалгаагаар энэ удаа Ардчилсан нам давамгайлсан. Харин Ардын нам хоёрт, Иргэний Зориг-Ногоон нам, МАХН зэрэг гуравдагч хүчин 10 гаруй хувьтай буюу нэлээд өндөр гарсан. Гадаадын зургаан хотод байгаа иргэдийн дунд энэхүү судалгаа хийсэн юм. Энэ хотуудад нийт 700 гаруй сонгогч байсан бөгөөд бидний түүвэрт 250 орчим хүн оролцсон. Энэ судалгааны ажилд Цахим Өртөө Сүлжээ, Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин, Калифорний Замдаан сэтгүүл, Вашингтон дахь Монгол Соёлын Төв, болон Англи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоодын гишүүд дэмжигчид хамтарч ажилласан. Барууны улс оронд сонгууль явуулж байхад телевизээр тэр ялж байна, энэ нь ялагдаж байна гээд л үзэгчид хараад сууж байдаг шүү дээ. Энэ бол Exit poll байхгүй юу. Үүнтэй сонгуулийн дүн яг л таарч байдаг. Гэхдээ Монголчууд саналаа өгч гарч ирээд буруу бөглөж байгаа эсэхийг бид мэдэхгүй.
-Ингэж санал асуулга явуулах нь Сонгуулийн тухай хууль зөрчихгүй юү?
-Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй. Герман, Лондонгийн гудамжинд санал асуулга авах эсэх нь тэндхийн хуулиар зохицуулагдана. Харин мэдээллээ цацахдаа Twitter, Facebook-ээр цацсан. Бид бол нам бус. Бидний хувьд гагцхүү гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ хуулиар эдлэх эрх болох саналаа өгөхийг л уриалсан. Нэг ёсондоо Элчин сайдын яам, Консулын газруудын хийх ёстой ажлыг хийж өгч тусалсан. Дараа нь бид Монголын сонгуулийн практикт шинэлэг судалгаа хийж үзье гэж багагүй хөдөлмөр зарж энэ судалгааг дэлхийн таван хотод хийсэн. Гэтэл энэхүү судалгааны дүн гарсны дараа Ардын нам нэлээд эсэргүүцэл илэрхийлсэн. Ер нь судалгааны дүн хүн бүрт таалагдахгүй албагүй. Тэгтэл эргээд “Зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж амьдаръя”, “Ачааны хүндийг үүрч байна” гэхчлэн сурталчилгаа явуулж байх жишээтэй. Ер нь цахим ертөнцөд гадаадад буй иргэдийгэх орноо орхиж явсан, эсвэл харин ч эх орныхоо төлөө явсан, эх орондоо хөрөнгө оруулж байна гэхчлэн хүмүүсийн санал хуваагддаг л даа. Япон, Солонгос, Хятад гээд олон улсууд гадаадын томоохон их, дээд сургууль руу иргэдээ явуулж боловсрол эзэмшүүлэн эргээд эх орондоо ажиллах боломжийг нь нээж өгдөг. Бүр олон жилийн ийм алсын хараатай ажилладаг. Өнөөдрийн хятадын хамгийн том компаниудыг эргэн ирэгсэд буюу репадууд нээсэн байдаг юм шүү дээ.Би эх орондоо ч тэр, гадаадад ч тэр сурч, ажиллаж, амьдарч үзсэн. Ер нь уул уурхайн орлого олохоос өмнө Монголыг гадаадад ажиллаж байгаа монголчууд л ах дүүс, гэр бүл рүүгээ мөнгө явуулж тэжээсэн. Мянганы Сорилтын сангаас 200 сая ам.доллар авлаа гээд баярлаад байдаг биз дээ. Энэ мөнгийг чинь гадаадад байгаа Монголчууд жил бүр бэлнээр монгол руугаа явуулдаг юм шүү дээ.Энэ утгаараа энэ мөнгө бол Мянганы биш Жилийн сорилтын сан байхгүй юу. Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан байдаг. Гэтэл үүнийг нь Сонгуулийн тухай хуулиар хаасаар ирсэн. Энэ бүгдийг шинэчилж, өөрчлөхөд Ардчилсан нам, Иргэний Зориг нам бидний санаачлагыг дэмжиж ажиллаж ирсэн. МАН-аас бол Ж.Сүхбаатар, Н.Энхболд зэрэг гишүүд дэмжиж ирснийг бас дурдмаар байна. Манай Цахим Өртөө бол улс төрийн байгууллага биш. Аль ч намын хүмүүс байж л байдаг, дэлхийн 60, 70 улсад гишүүнчлэлтэй имэйл сүлжээ юм шүү дээ. Сонгох эрхийн төлөө тэмцэхийн тулд Ардчилсан нам, Иргэний Зориг намтай санамж бичигт гарын үсэг зуран хамтарч ажилласан. Харин Ардын нам хойрго хандсаар ирсэн. Ардын намынханд гадаадад амьдарч буй иргэд Ардын намыг сонгохгүй байх магадлалтай гэсэн айдас байдаг юм болов уу гэж бид боддог байсан. Бидний тухайд иргэдийн сонгох эрх нь чухал учраас биш улс төрийн аль хүчинд өгөх эсэх нь бидэнд огт хамаагүй. Гэхдээ Ардын нам Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар өөрийн намын хүнийг томилдог. Вашингтон, Сан-Франциско, Сөүл, Лондон, Берлинд судалгаа хийхэд иргэд Элчин сайдын яам, Консулын газар маш хангалтгүй ажиллаж байна гэсэн. Ийм байхад гадаадад байгаа иргэдээ зугтаж байна гэх сурталчилгаа явуулж байгаагаа эргэж хараасай, бодолцоосой гэж хэлмээр байна. Энэ үйлдэл нь магадгүй нөгөө нам руугаа чиглэсэн байж болох ч маш олон хүн үүнийг дургүйцэж хүлээн авч байгаа. Намын уриа ард түмэн рүүгээ чиглэсэн байдаг болохоос улс төрийн нөгөө намаа намнах ёсгүй. Энэ бол улс төрийн соёл дутагдаж байгааг харуулж байгаа юм. Монголдоо сайхан амьдаръя гэж юу гэсэн үг вэ. Монголдоо сайхан амьдрахын тулд гадаад руу гарч ажиллажбайгаа шүү дээ. Тэд Монгол руугаа буцах хоног өдрийг тоолж суудаг юм шүү. Энэ урианы утгыг гадаадад байгаа Монголчууд маш эмзэгээр хүлээж авч байна.
-Энэ судалгааг удирдсaн хүний тань хувьд нэг зүйл асууя. Гадаадад байгаа сонгогчдын EXIT POLL-ийн дүн энэ УИХ-ын сонгуулийн нийт дүнтэй таарч чадах болов уу?
-Ямартай ч Ардын намынхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн 80 хувь нь Ардын намд саналаа өгсөн гэж яриад байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл юм. Харин нам бус, гадаадад суугаа иргэдийн төлөөлөл болсон БИД СОНГОХ ЭРХТЭЙ клубын судалгаа бол шинжлэх ухааны үндэстэй юм шүү дээ. Ардын нам ямар ч судалгааны үндэсгүй зүйлээр 80 хувь нь бидэнд саналаа өгсөн гэж яриад байна. Өнөөдөр аль ч нам 80 хувийн саналаар ялахгүй гэдэгт хувьдаа бүрэн итгэлтэй байгаа. Мөн тоог судалгаан дээр үндэслэж гаргадаг болохоос зүгээр хэлчихдэггүй юм. Бидний тухайд Сөүл, Берлин, Лондон зэрэг хэд хэдэн хотод хийсэн судалгааны дүнгээ хэлсэн. Зарим газар нь Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр судалгаагаа явуулсан. Exit poll бол барууны улсын туршлагаар маш бага зөрүүтэй байдаг. Харин манай нийт сонгогч цөөн учир хувийнх нь хэлбэлзэл өндөр байхыг үгүйсгэхгүй. Бидний судалгаа бол зөвхөн гадаад дахь судалгаа тул Монголд ямар үр дүн гарахыг бол мэдэхгүй. Гадаадад байгаа монголчуудыг нийгмийн тэргүүлэх идэвхитэй гишүүд, сэхээтнүүд гэж үзэж байгаа. Гуравдахь хүчнийг их дэмжсэн дүн гарсан. Тиймээс энэ хүмүүсийн сонголт их чамбай сонголт байх болов уу.
-Гадаадад суугаа сонгогчдын онцлог Монголд суугаа иргэдийнхээс өөр байгаа байх. Таны харж байгаагаар юу байна вэ?
-Гол гурван ялгаа байна. Нэгд, гадаадад амьдарч байгаа иргэд энэ намуудаас мөнгө горьдож санал өгөхгүй, эдийн засгийн хувьд хамааралтай биш. Мөнгө тараах ч юм уу, 10, 20 мянган төгрөг өгөх нь тэнд амьдарч байгаа өндөр орлоготой иргэдэд сонин биш юм. Хоёрт, гадаадад байгаа иргэд бүгд жаргалтай хүмүүс биш шүү дээ. Тэндээ хөлөө олох гэж бүгд л хэрэндээ зовлон үзсэн, бас эх орноо хайрлах сэтгэл нь бараг Монголд байгаа иргэдээсээ илүү, тухайн амьдарч байгаа улсынхаа эмнэлэг, цэцэрлэг, сургуультай нь Монголоо харьцуулж, Монголоо хэрхэн ийм болгох вэ гэдэгт байнга сэтгэл зовниж, эрдэм эрдэнээ өвөрлөөд нутагтаа харихыг хүсдэг хүмүүс. Энэ хүмүүс энэ эх оронч үзлийнхээ дагуу их бодитой мөрийн хөтөлбөртэй намыг сонгох байх. Гуравдугаарт маш олон иргэд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гадааадад ажиллаж, үүнээс болж ирж чадахгүй байна. Энэ хүмүүс ирэх дөрвөн жилийг харахгүй. Ойрын 10 жилийн ирээдүйг харж, нэлээд алсын хараатай сонголт хийх суурь сэтгэлзүйтэй. Монголд байгаа зарим сонгогчид хүүхдийнхээ ирэх жилийн сургалтын төлбөр, хэн нь цалин нэмэгдүүлэх тухай л харж байна. Гэхдээ Сөүлд байгаа монголчуудын үзэл бодол, Берлинд байгаа монголчуудынхаас өөр. Сөүлд байгаа иргэдийн дийлэнх нь Ардын намыг дэмжиж байхад Вашингтон, Сан-Франциско зэрэг улсад байгаа монголчууд Ардчилсан нам, Иргэний Зориг намыг дэмжиж байх жишээтэй. Ийнхүү гадаадад байгаа иргэд сонгох эрхээ эдэлж байгаа нь маш том алхам юм. Сонгуулийн шинэ хуулийг баталсан улстөрчдөд талархал илэрхийлмээр байна. Ялангуяа Ардчилсан нам, Иргэний Зориг намынхан. Мөн Ардын намаас Н.Энхболд, Ж.Сүхбаатар гээд сайн хүмүүс бий. Дараа, дараагийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцох идэвхи нэмэгдэх байх аа.
-Энэ идэвхийг улам нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол?
-Exit poll-ийн хүрээнд бид зарим оронд санал асуулга явуулсан. Иргэдээс нийт 10 асуулт асуусан юм. Дараа, дараагийн сонгуульд юуг анхаарвал зохих вэ гэхчлэн. Үүнээс үзэхэд сонгогчид цагийг тулгаж ажлыг явуулж байна, бүртгэл хийх ажлыг боловсронгуй болгох, мөн Консул, Элчин сайдын яамыг идэвхтэй үйл ажиллагаа явуулаач гэдэг асуудлыг тавьж байсан. Түүнчлэн сонгуулиа заавал биеэр очиж өгөх нь хүндрэлтэй байгаа юм. Яваандаа шуудангаар, факсаар, интернэтээр өгч болдог тийм соёлт, дэвшилтэт нийгэм рүү бид дөхөж л таараа. Одоохондоо шуудан, интернэт нь асуудалтай байх талтай, хууль эрхзүйн орчин бүрдээгүй байна. Цахим гарын үсэг, ухаалаг бүртгэлийн систем, цахим хурууны хээ гэх мэт зүйлс бидний амьдралд удахгүй нэвтрэх биз ээ.
-Танай клуб энэ судалгааг ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар хийх үү?
-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яагаад үгүй гэж.
-Ярилцсанд баярлалаа.
(Улс төрийн тойм)

6.14.2012

Гадаад дахь монголчуудын EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа

Цахим ертөнцөд шуугиан тариад буй Бид Сонгох Эрхтэй (http://facebook.com/electionMN) клуб нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн хэрэгжилт, иргэдийн идэвхитэй оролцоонд анхаарал тавих зорилгоор анх байгуулагджээ. Тэд дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол иргэдээ УИХ-ын сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж Facebook, Twitter, YouTube болон Монгол иргэдийн сурч, ажиллаж, амьдарч буй 10 гаран улсын 30 орчим имэйл сүлжээгээр 100 000 иргэдэд мэдээлэл, видео сурталчилгаа явуулж ЭСЯ, Консулын газаруудын ажилд дэм болсон гэж хэлж болно.

Энэ уриалгын хүрээнд Вашингтон, Сан-Франциско, Токио, Сөүл, Бүсан, Берлин, Лондон, Чикаго зэрэг 8 хотод амьдардаг Монгол иргэд бие биесээ аль нэгэн намыг дэмжих бус харин сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан байна. (http://youtube.com/electionMN) Тэдний уриалгыг Монголчууд ихээр төвлөрсөн улс орон дахь Монголчууд идэвхитэй дэмжиж Цахим Өртөө Сүлжээ (www.tsahimurtuu.mn), АНУ дахь Даяар Монгол сонин (www.dayarmongol.com), Америкын Монголчуудын Худалдаа аж үйлдвэрийн танхим (www.monamerchamber.org), Австралийн Монголчуудын Холбоо (www.mglaus.com), Японы Монголчуудын Холбоо (www.maj.mn), Их Британийн Монголчуудын Холбоо (www.mongolchuud.co.uk), Германы Монголчуудын Холбоо (www.mongolchuud.de), Дэлхийн Монголчуудын мэдээллийн сүлжээ www.orloo.com, www.SocialNet.mn зэрэг oлон арван сайтууд баннер тавьжээ.

Бид Сонгох Эрхтэй клубээс Монголын түүхэнд анх удаа EXIT POLL санаачлан оролцогч хотуудын дүнг Facebook, Twitter -ээр зарласан нь цахим ертөнцөд багагүй шуугиан тарьж байна. Энэхүү судалгааг явуулахад Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (1999), Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин (2002), Сан Франциско дахь Замдаан сэтгүүл (2002), Вашингтон дахь Монгол Соёлын Төв (2004) болон Англи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоо, нийгэмлэгийн идэвхитэн гишүүд, оюутан залуус идэвхитэй оролцсон байна.

Тус клубынхэн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио зэрэг 5 хотод нийт саналаа өгсөн 711 иргэдийн 249 хүнээс судалгаа авахад
  • Ардчилсан Намд 109 сонгогч (44%), Монгол Ардын Намд 62 сонгогч (25%),
  • Иргэний Зориг Ногоон Намд 32 сонгогч (13%),
  • Монгол Ардын Хувьсгалт Нам МҮАН-ын эвсэлд 30 сонгогч (12%)
  • Бусад нам эвсэлд 16 сонгогч (6%) тус тус саналаа өгснөө илэрхийлжээ.

Бид Сонгох Эрхтэй клубын удирдагч Д.Сайнбаяраас (твиттер хаяг: http://twitter.com/dsainbayar) тодруулга авлаа:

- Exit poll гэж яг юу вэ?

Монголын түүхэнд анх удаа EXIT POLL судалгаа гадаадын улс орнуудад амжилттай явагдсанд бид баяртай байна. АНУ, Их Британи зэрэг олон оронд entrance poll буюу сонгуулийн хороонд саналаа өгөхөөр орохоос өмнө эсвэл exit poll буюу саналаа өгөөд гарч ирсэн даруйд "Та аль намын төлөө, эсвэл хэний төлөө саналаа өгсөн бэ?" гээд хуудас бөглүүлээд битүүмжилсэн хайрцаганд хүлээж авч судалгаа хийдэг. Олон улсад тогтсон энэ түгээмэл соёл манайд одоо л нэвтэрч байна даа. Харин гадаадад байгаа Монголчууд энэ талаар илүү мэдлэг, туршлагатай тул судалгаа хийх явцад хүндрэл гарсангүй.

- Судалгааг хэр бодитой гэж дүгнэж байна?

- Xэр бодитой байхыг сонгуулийн албан ёсны дүн гарах үед тодорхой болох биз ээ. Ер нь бол олон улсын туршлагаас харахад тун ойролцоо дүн гардаг. Судалгаанд оролцогчид зөв л бөглөсөн бол бодит байдалтай нийцэх магадлалтай.

- Гадаадад суугаа сонгогчдын онцлог юу вэ?

- Гадаадад буй Монголчууд бол Монголын нийгэм эдийн засагт асар их хэмжээний мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалт хийж ирсэн нийгмийн хамгийн идэвхитэй давхарга. Уул уурхайн орлого нэмэгдэхээс өмнө үндсэндээ энэ 150 000 монголчууд Монгол орныг тэжээж ирсэн шүү дээ.

Бид Сонгох Эрхтэй клубт буй олон гишүүд гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн төлөө олон жил тэмцсэн, байгаа улс орнууддаа Монголчуудын холбоодын үйл ажиллагаанд манлайлж оролцож ирсэн нам бус иргэд юм. Харин энэ удаад консул, ЭСЯ-д зөвхөн биеэр санал өгөх болсонтой холбогдуулж шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 100 гаран мянган иргэдийн зөвхөн 2770 хүн санал өгсөн нь тун бага тоо. Нөгөөтэйгүүр сонгуулийн хууль маш оройтож баталсан, бас дээрх орнууд дахь ЭСЯ, консулын газарууд танин мэдүүлэх сурталчилгаа тун хангалтгүй хийсэнтэй холбоотой. Манай хөдөлгөөн эхлэхээс өмнө зөвхөн 1000 хүн сонгууль өгөхөөр бүртгүүлсэн. Гэтэл бид 10 хоног сурталчилгаа хийхэд 4276 иргэд бүртгүүлсэн. Бага ч гэсэн нөлөөлсөн гэж бодож байна.

Энэ дашрамд гадаадад суугаа иргэдийн сонгуулийн эрхийг хуульчилахад Цахим Өртөө Холбоо ТББ болон бусад улс орон дахь холбоодын маш олонидэвхитэй иргэдийн олон жилийн нөр их хөдөлмөр орсныг тэмдэглэхийг хүсч байна.

6.12.2012

Гадаадад суугаа монголчууд анх удаа EXIT POLL хийжээ

Одоогоос 20 хоногийн өмнө гадаадад суугаа Монголчуудын эхлүүлсэн "Бид Сонгох Эрхтэй" онлайн хөдөлгөөнийхөн фэйсбүүк, твиттер, ютюб зэрэг онлайн хуудсаар дамжуулж гадаадад суугаа элэг нэгт Монголчуудаа сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсан билээ. Тэдний уриалгыг дэмжиж Вашингтон, Сан-Франциско, Токио, Сөүл, Бүсан, Берлин, Лондон, Чикаго хотод суугаа иргэд видео уриалга явуулсан нь сонгуулийн үйл ажиллагааг идэвхижүүлэхэд томоохон хувь нэмэр болсныг тус хотууд дахь иргэд хэлжээ (видеог ЭНД дарж үзнэ үү)

1990 онд анх удаа гадаад паспорт эзэмших эрхтэй болсон Монгол улсын иргэд ийнхүү 2012 оны 6 сарын 10-ны өдөр дэлхийн өнцөг булан бүрт сонгуулиа анх удаа өгч байгааг Монголын нэртэй улстөрчид, судлаачид Монголын ардчилалд тохиосон түүхэн үйл явдал хэмээн тэмдэглэж байна.

Бид Сонгох Эрхтэй онлайн клуб нь гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Сүлжээ, Сан Франциско хотын Замдаан сэтгүүл, Вашингтон дахь Монгол Соёлын Төв зэрэг хот бүрийн Монголчуудын сайн дурын холбоо, нийгэмлэгтэй хамтран анх удаа Exit Poll явууллаа. АНУ-ын Сан Франциско хотын 50 сонгогч иргэдийн дунд явуулсан сайн дурын судалгаагаар АН-д 29 хүн (58%), МАН-д 10 хүн (20%), ИЗНН-д 7 хүн (14%), МАХН-д 4 (8%) Бусад нам эвсэлийг дэмжсэн сонгогч гараагүй байна.

Харин Сөүл хотод хийгдсэн 65 сонгогчийн Exit Poll судалгаагаар АН 25 хүн (38%), МАН 19 хүн (29%), ИЗНН 7 хүн (11%), МАХН 8 хүн (12%), Бусад нам эвсэлд 6 хүн (9%) тус тус саналаа өгсөнөө илэрхийлжээ.

Exit Poll гэж юу болох талаар эндээс үзэхийг Бид Сонгох Эрхтэй хөдөлгөөнийхөн зөвлөж байна: http://en.wikipedia.org/wiki/Exit_poll

Тус хөдөлгөөний фэйксбүүк хуудсанд мэдээлснээр бусад улс орнуудын судалгааны дүн тун удахгүй интернэтэд тавигдах ажээ.

Эх сурвалж: www.news.mn, www.orloo.info

6.10.2012

2012.06.10 Өнөөдөр бол түүхэн өдөр!

Гадаадад суугаа Монголчууд аа!

2012.06.10 Өнөөдөр бол түүхэн өдөр! Гадаадад буй Монголчууд түүхэнд анх удаа саналаа өгч бна!

1990 оны хувьсгалаар Монголчууд анх удаа Гадаад пасспорт авч байлаа. Харин өнөөдөр бид гадаадад буй улс орнуудаас төрийн сонгуульд оролцох эдэлж байна.

Яг одоо Япон, Солонгос, Австрали дахь Монголчууд саналаа өгч байна. Англи, Германд шөнө, Америкт 6 сарын 9 ны oрой болж байна даа.

Эрхэм найзууд аа, сонгуульдаа идэвхитэй оролцоорой! Гадаадад суугаа Монголчуудын сонгох эрхийг эдлүүлэх үйлсийн төлөө олон жил хамтдаа тэмцсэн Цахим Өртөө Холбоо, Цахим Өртөө Сүлжээ болон АНУ, Их Британи болон бусад улс орнуудын Монголчуудын холбооны нийт андууддаа халуун баяр хүргэе!

Мөн хуулийн шинэчлэлд энэ нэмэлтийг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн АН, ИЗНН-д баярлалаа.

БИД СОНГОХ ЭРХТЭЙ!
http://facebook.com/electionMN
http://youtube.com/electionMN
http://twitter.com/electionMN

Хүндэтгэсэн,
Иргэн Д.Сайнбаяр

PS: Энэ мэндчилгээг өөр өөрийн байгаа хотын имэйл сүлжээнд форвард хийж, нийт сонгогчдоо сонгуульд идэвхитэй оролцохыг уриална уу!

BR,
D.Sainbayar
www.twitter.com/dsainbayar

5.25.2012

Бид Сонгох Эрхтэй - Гадаадад суугаа Монголчуудад мэдээлэл түгээх төв

Бид Сонгох Эрхтэй - Гадаадад суугаа Монголчуудад мэдээлэл түгээх төв Facebook хуудаснаа нээгдлээ
Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн таны 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх, түүнд хэрэгтэй сонгогчдын санал авах журам, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын хаяг, байршил, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нам, эвсэл, тэдгээрийн мөрийн хөтөлбөр зэрэг сонгуультай холбоотой бүхий л хэрэгцээт мэдээллийг энэ хуудаснаас үзэх боломжтой.

12.22.2011

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн Сонгуулийн эрх хуульчлан баталгаажлаа!

Гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын гишүүд, дэмжигчид нь гадаадын улс орнуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон Сонгуулийн Эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 9 жилийн турш тасралтгүй ажиллаж, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, Засгийн Газар, УИХ, Сонгуулийн Ерөнхий Хороо, улс төрийн бүхий л намуудад олонтоо хандаж, санал бодлоо илэрхийлэн, тууштай тэмцэж ирсэн билээ.

Гадаад улс орнуудад суугаа 120,000 гаруй буюу нийт сонгогчдын 10 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол иргэддээ сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, улс төрийн эрүүл, ил тод, нээлттэй байдалыг баталгаажуулах ач холбогдолтой билээ. Монголын нийгмийн томоохон давхарга болсон эдгээр иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.8-д “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэж хуульчлан баталсныг Өртөөчид бид талархан хүлээн авч байна.

Цахим Өртөө Холбоо ТББ болон гадаадад суугаа иргэд, холбоодтой гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжиж, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн З.Энхболд , Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар нарт болон дэмжиж санал өгсөн нийт гишүүдэд гүн талархал илэрхийлье.

Цахим Өртөө Холбоо ТББ
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
tsahimurtuuholboo@yahoo.com
www.tsahimurtuu.mn

12.08.2011

Д.Сайнбаяр: Монгол бол "ДОГОЛОН" aрдчилалтай орон

Зууны Мэдээ сонин - 2011.12.08 Пүрэв -No 290 (3980)

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар ид хэлэлцэж байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй 150-200 мянган монголчуудынхаа эрхийг эдлүүлж сонгуульд саналаа өгдөг болгох тухай хэд хэдэн парламент дамнан ярьж буй боловч өнөөг хүртэл үр дүн гарсангүй. Удахгүй батлах гэж буй Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад ч энэ тухай ямар нэг өгүүлбэр тавихгүй нь тодорхой болсон юм. Гадаад дахь монголчуудын тухай, тэдний санал өгөх эрхийн талаар гадаадад суугаа монголчуудын “Цахим Өртөө Xолбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрхийн талаар гурван ч парламент дамнан хэлэлцэхийг хүссэн боловч үр дүн гарсангүй. Та энэ сэдвээр нэлээд олон удаа дуугарсан. Энэ удаад ч бас ахиц гарахгүй нь дээ?

- Манай холбооныхон сүүлийн хоёр, гурван парламент дамнан энэ тухай ярьж бичиж, нийтлэж, уриалж ирлээ. Эхэн үедээ гадаадад байсан ч сонгууль өгөх эрхтэйгээ манайхан мэддэггүй, ач холбогдолыг нь ойлгодоггүй байв. Харин сүүлийн хоёр, гурван жил нийгэм нийтээрээ энэ чинь юу билээ гээд анхаарал тавьж эхэлсэн. 2000 оноос хойш Монголчуудын гадаад руу чиглэсэн миграци маш эрчтэй өрнөсөн. Тэгэхээр тэдний сонгуулийн эрхийн асуудал нь амьдралаас урган гарсан бодит шаардлага гэж хэлж болно. Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг АНУ-д, Ерөнхий сайд асан С.Баярыг Европод аялах үед тус тус биечлэн уулзаж, за тэгээд УИХ-ын бүх гишүүдэд олон удаа албан бичиг, уриалга явуулж ирсэн. Ардчилсан Нам, ИЗНН-тaй хамтын ажиллагааны санамж бичиг ч зурсан. Харин өнгөрсөн парламентаас Сонгуулийн ерөнхий хороонд энэ асуудлыг зохицуул гэсэн заалтыг хуульд оруулж өгсөн боловч буцаагаад авчихсан юм. Сонгуулийн ерөнхий хорооныхон бүртгэл, хөрөнгө мөнгөнөөс болоод эрх зүйн хувьд боломжгүй гэсээр ирсэн. Энэ удаад мажоритараас пропорциональ агуулга бүхий тогтолцоо руу шилжиж байгаа учраас сонгуулийн тогтолцооны хувьд гадаадад байгаа монголчууд санал өгөх боломж бүрдсэн гэсэн үг.

-Гэвч гадаад дахь монголчууд санал өгөх тухай заалт шинээр батлагдах гэж буй Сонгуулийн хуулийн төсөлд алга байна лээ?
- УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат нартай яг танийг орж ирэхээс өмнө твиттерээр холбогдож энэ талаар ярилцаж байлаа. З.Энхболд гишүүн энэ удаагийн хуульд тусгагдсангүй гээд байгаа, харин Д.Энхбат гишүүн болчихсон, зөвхөн намын жагсаалтаар өгч болно гээд байгаа. Ядаж нам дугуйлах эрхтэй сонгуулийг нь ч гэсэн өгмөөр байгаа юм. Хоёр, гурван хувилбар ярьж байгаа ч яг алинаар нь шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Манай хууль боловсруулах үйл явц нээлттэй биш байгаа нь харагдаж буй хэрэг. Харин бид твиттерээр лоббигоо үргэлжлүүлж л байна. Дашрамд хэлэхэд Монголд ЛОББИ гэдэг үг маш буруу ойлголтоор нутагшсан. АНУ-д лоббигийн тухай хуультай байдаг. Монголд байхгүй. Иргэний нийгмийн төлөөлөл болсон Цахим өртөө жишээ нь уг асуудлаар 10-аад жил лобби хийж байна шүү дээ. Лобби бол эрүүл, цэгцтэйгээр төрийн бодлогод нөлөөлөх гэсэн иргэд, сонирхлын бүлгийн эрх ашгийн ийн дуу хоолой. Гол нь нээлттэй байх ёстой юм. 10 -аад жилийн лоббины дараа одоо л үр дүн гарах эсэх нь харагдаж байна. Тэгэхээр лобби гэдэг бол муу зүйл биш.

-Монголдоо байхгүй хэдийнхээ саналыг авахад гол саад нь юу байдаг юм бол?

-Гурван зүйл байсан юм. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, иргэдийнхээ бүртгэлийг хийх, эцэст нь мөнгө. Дээрх асуудлууд бүгдээрээ шийдэгдсэн. Бүртгэлээ хийчихсэн. 106 мянган монголчууд бүртгүүлсэн шүү дээ. Цаана нь бүртгэлгүй 40, 50 мянган иргэн бий гэсэн судалгаа байдаг. 150 мянган монголчууд гэдэг нийт сонгогчдын 10 хувь. Гэтэл энэ хоёр намын нэр дэвшигч нөхдүүдийн ялалт, ялагдал нь хэдхэн зуун хүний л саналын зөрөөн дээр байдаг. Тэгэхээр нарийн ярих юм бол аль нам нь олонхи байх вэ гэдгийг шийдвэрлэх хэсэг нь гадаадад байна гэсэн үг. Сонгуулийн тогтолцооны хувьд боломжтой болсон. Үлдсэн асуудал нь мөнгө. Уучлаарай, одоо мөнгө асуудал биш. Хэдэн жилийн өмнөх төсөв өнөөдрийн Монгол Улсын төсөв хоёр огт өөр. Монголын төр хамаагүй баян болсон. Тэгэхээр ямар ч саад, шалтаг байхгүй гэсэн үг.

-Гадаадад гарсан нутаг нэгтнүүд маань саналаа өгөхийн ач холбогдлыг та юу гэж тайлбарлах вэ?

-Тэд сонгуульд санал өгч эхэлснээр Монголын улс төр эрүүлжих процесст том ахиц гарна, нээлттэй ил тод болно. Төрийг хянах иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Тэдний саналыг авахын тулд нэр дэвшигчид бүх мэдээллээ ил болгож, интернэтэд тавина. Худал амлаад, худлаа бураад, 10 000 төгрөг тараагаад байж чадахаа болино шүү дээ. Энэ хүмүүс чинь тухайн байгаа орныхоо хөгжил дэвшилийг үзчихсэн, ядаж л нэр дэвшигчдийн хэн нь юу яриад байгааг ялгана. Шууд хэлэхэд ходоодоороо бус оюунаараа сонголт хийх улсууд гадаадад бий. Манай дундаж ба үүнээс дээш давхрагынхан гадаадад гарчихсан сурч, ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байх сонирхол хоёр намд байгаа юу гэдэг асуудал ургана. Нэлээд улстөржүүлж харвал МАН-д бол байхыг үгүйсгэхгүй. Гадагшаа гарсан хүмүүсийн олонхи нь ардчилсан, либераль үзэлтнүүд байх магадлал маш өндөр. Юу гэвэл 150 000 гэдэг чинь АН эсвэл МАН намын нийт гишүүд, эсвэл Монголын бүх оюутнуудтайтaй дүйцэх тоо. Монголын бүх оюутнуудыг сонгуульд оролцуулахгүй гэвэл ямар юм болох вэ? Тиймээс МАН-ынхан энэ хүмүүсийг үл ойшоох улс төрийн агуулга бий гэж ойлгож болно. Саяхан хойд хөршид болсон төрийн ДУМ-ын сонгуульд дэлхийн 145 оронд байгаа оросууд саналаа өгснийг хэвлэлээр дамжуулж байна. Гэтэл манайхан таг чиг. Нэг үндэстний 10 хувь нь гадаадад амьдардаг Монголоос өөр орон дэлхийд тун цөөн. Орос орон асар уудам нутагтай, асар олон сая хүн амтай мөртөө иргэн бүрийнхээ оролцоог хүндэтгэн үзэж байна. Гэтэл монгол орон маш цөөн хүн амтай. Цөөн хүн амтай дээрээ иргэдийнхээ 10%-ын саналыг огт тооцохгүй явж ирлээ. Угтаа нэг орос хүний саналаас, нэг монгол хүний төрд оролцох жин, өөрчлөлт авчрах боломж нь илүү юм. Энэ онцлогоо харсан ч бид сонгуулийн хуульд энэ хүмүүсийн оролцоог оруулах, нэмэлт өөрчлөлтийг өөр аргагүй байгаа юм. Би хувьдаа хэд хэдэн гишүүдэд талархал илэрхийлмээр байдаг. УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, С.Оюун, Н.Энхболд нар энэ асуудлыг эртнээс дэмжиж ирсэн. Ямар хүмүүс энэ асуудлыг дэмжиж байгаа нь харагдаж байгаа биз. Эрүүлээр сэтгэдэг хэсэг нь бий. Бусад нь чихээ бөглөөд сууж байна.

-Технологийн дэвшил, бололцооны хувьд гадаадаас санал авахад боломжтой болсон гэж үзэж болох уу?

-Болно. Асуудалгүй байна шүү дээ. Хурууны хээгээр баталгаажсан бүртгэлээрээ интернэтээр саналаа өгч болж байна. Үүнийг одоогоор боломжгүй гэхэд шуудангаар болон Элчин сайдын яамд Консулын газраар дамжуулан сонгууль өгөх бүрэн боломжтой. АНУ-ын Вашингтон хотод гэхэд л 5000 монгол хүн байна. Энэ бол манай нэг багахан сумын хүн амаас хамаагүй илүү олон хүн гэсэн үг. Нийт монголчууд 150 мянга гэж үзвэл манай хүн ам дундаж 3-4 аймагтай дүйнэ. Энэ хүмүүс эх орон, гэр бүлээсээ хол жаргах гэж явсан юм биш. Мянганы сорилын сангаас илүүтэй манай эдийн засагт жилд 200-300 сая ам.долларын бэлэн мөнгийг тэд л шилжүүлж байна. Улаанбаатарт баригдаж байгаа орон сууцуудыг хэн авч байгаа юм, ах дүү нартаа хэн машин авч өгч байгаа вэ. Хөгжлийн ийм эгзэгтэй үед монгол улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахгүй, эрхийг нь зөрчөөд байж болохгүй. Гадаадад байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Ерөнхийдөө ямар ч улс орон сонгуулиа шударга хийж чадвал нийгмийнх нь ардчилсан, эрүүл байдлын итгэлцүүр болж байдаг. Сонгуулийн үйл явцаас улс орны үнэт зүйлс, ардчиллын баталгаа нь харагддаг. Тиймээс манай ардчилал бодитой юу, үгүй юу гэдэг Монгол Улсын хувьд маш том анхаарлын тэмдэгтэй байна. Манай гишүүд улс төрийн эр зориг гаргаж, универсал шийдвэр гаргаач, нийгэм, залуучуудынхаа хурдаас битгий хоцрооч л гэж хэлмээр байна.

-Элчин сайдын яамдаар дамжуулан сонгууль явууллаа гэхэд Солонгос, АНУ-д байгаа монголчуудын тоо л 60 мянгад дөхөх юм биш үү?

-АНУ-д 20 гаруй, Солонгост 30 гаруй мянга байна. Америкт F1, J1 визтэй оюутнууд 7000 бий. МУИС-д сурч байгаа оюутны тооноос бараг илүү байгаа биз. Энэ бол маш сайхан мэдээ. Энэ олон залуучууд гадаадад дэлхийн төвшний мэдлэг эзэмшиж байна гэсэн үг. Ийм байхад гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг манай төр засгийнхан орхисоор өнөөг хүрч байна. Сайн дурын хэдэн холбоод л юм хийж байгаа харагддаг. Миний бодлоор тэдний саналыг авна гэдэг эргээд тэднийг эрх оронд нь авчрах хар хайрцагны бодлого байх ёстой. Энэ төр миний саналыг авдаг юм гэж боддог хүн өөр байна шүү дээ. Тэгэхгүй бол монголчууд олноороо цагаачилж байна, олон хүүхэд эрлийзжлээ. АНУ-д л гэхэд 1000 монгол хүүхэд төрсөн байдаг. Тэд монгол хэл, соёлоо мартаж байна. Mөн л бусад шиг АНУ-д 10-аад жил амьдрахдаа Монголчуудынхаа туулж буй зовлон бэрхшээл, бодит амьдралыг би сайн мэднэ. Харин Монголдоо байгаа хүмүүс тэдний зовлонг бас сайн ойлгодоггүй тал ажиглагддаг. Одоо АНУ-д байгаа монголчууд нэгдсэн холбоотой. Европ дахь Монголчуудын холбоо хэд хоногийн өмнө байгуулагдлаа. Тэд Цагаан сар, Наадмаа тэмдэглээд, эрдэм шинжилгээний хурал хийж, Монгол хэл соёлоо авч үлдэх зүйлсийг иргэдийн сайн дурын оролцоогоор чадах чинээгээрээ хийж байна. Энэ хүмүүсийн саналыг огоорч боломгүй байгаа юм.

-Гадныхнаас саналыг нь авах зардлыг яг хэд гэж тооцдог юм бэ?

-Гадаадад байгаа монголчуудаас санал авахад хоёр сая ам.доллар хэрэг болно гэж СЕХ 4 жилийн өмнө хэлж байсан. Ийм мөнгө бидэнд байхгүй гэж ярьж байсан. Одоо өссөн байж болно. Гэхдээ л мөнгөний хувьд юу ч биш. 20 ширхэг Ланд Круйзер. Төсөвт тусгасан олон их наяд төгрөгөөс энэ ардчилсан нийгмийн суурь болсон ЧӨЛӨӨТ СОНГУУЛЬ-д 10 тэрбум төгрөг зарахад ардчиллын үзэл санааг дэвшүүлсэн грекийн гүн ухаантнууд лав баярлах байх. Улаанбаатараас 50 хүн л хуваагдаад 10 газар руу ниснэ биз. Энэ асуудал биш. Намууд өөрсдөө мөнгөө гаргана шүү дээ.

-Гадаадад байгаа монголчуудыг нэг тойрог болгож УИХ-д төлөөлөлтэй байлгах хувилбарыг зарим хүмүүс ярьдаг юм билээ?

-Нэг биш нэлээд хэдэн тойрог болох боломжтой. Манай хамгийн цөөн хүн амтай аймгийг хэд нугалахаар хүн гадаадад байна. Гишүүд хоорондоо хэдхэн зуун хүний зөрөөгөөр ялж, ялагддаг. Ийм байтал гадаадад байгаа монголчууд жинхэнэ санал хуваагч, сонгуулийн дүнг өөрчлөх хүмүүс л дээ. Тэгэхээр Ази, Европ, АНУ-ыг харьяалсан гурван тойрог ч байж болно. Гадаадад байгаа сонгогчдын төлөөлөл нь их сонирхолтой бүтэцтэй. Ерөнхийдөө дундаас дээш төвшний хүмүүс тэнд байгаа. Гэтэл эх орондоо байгаа сонгогчид дунд өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс олон бий. Тэдэнд 1,5 сая төгрөгийн амлалт сайхан сонсогдоод байна. Гэтэл гадаадад байгаа хүмүүсийн хувьд энэ мөнгөө цуглуулаад нэг ч гэсэн эмнэлэг баримаар байна гэж ярьдаг. Ийм их ялгаа байна. Улаанбаатарт иргэд цэцэрлэгт хүүхдээ өгөхөд хүртэл авлига өгдөг гэж гадуур яриад байна шүү дээ. Иргэдээ хүртэл авлигачин болгодог ийм нийгэм, төр байна. Дахин хэлэхэд УИХ-ын бүх намын дарга нар, гишүүд нарт уриалмаар байна. Гадаадад суугаа иргэд тань үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж чадалгүй 20 жил боллоо. Тэднийхээ сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж өгнө үү. Хэрэв үгүй бол бид “доголон” ардчилалтай орон хэвээр үлдэх болж байна.

-Гадаадад байгаа монголчуудад зориулж Засгийн газар “Зөгийн үүр” гэдэг хөтөлбөр гаргасан шүү дээ. Үүнийг та юу гэж үзэж байна. Өгөөжөө өгөх болов уу?

-Санаа нь бол зөв. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл гэж байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл. Уг байгууллагын суурийг тавьсан С.Баяр ерөнхий сайдад харин талархах ёстой. Гэхдээ уг төслийн үйл ажиллагаа нь байгаа олохгүй байгаа юм болов уу. Яаж тэднийг татах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Гадаадад төгсөөд ирсэн хүнийг өндөр цалинтай ажилд авч байгаа хувийн хэвшлийг татвараар дэмждэг, орон байраар дэмждэг байх гэх мэт томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай. Гэхдээ энэ чиг рүү ажил хийгдэх байх аа. Cайн мэдээ гэвэл гадаадаас Монгол руугаа буцан ирэгсэдийн тоо жилээс жилд өсч байна. Сайн боловсон хүчний хувь нэмэр Монголын нийгмийн бүх салбарт дутагдаж байгааг тэд нөхөх болно шүү дээ.

Ярилцсан сэтгүүлч Ө.Батхүү

11.08.2011

УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэх ил захидал

Гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгох эрхийг хуульчлан баталгаажуулъя!

Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын дор хаяж 10%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ. Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон төр улсынхаа хэргийг зөвшилцөн хэлэх онцгой эрх болох сонгуулийн эрхээ эдэлж чадаж байгаа билүү?

1999 онд дэлхийн олон оронд суугаа Монголчуудын үүсгэн байгуулсан Цахим Өртөө Сүлжээ болон Цахим өртөө Холбоо ТББ нь 2002 оноос хойш гадаад улсуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн хууль зүйн баталгааг хангуулах, хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн төлөө, ардчилсан чөлөөт сонгуулийн Үндсэн хуулиар баталгаажсан суурь зарчмуудын нэг болсон “сонгуулийн бүх нийтийн” байх зарчмыг хангуулахын төлөө тууштай тэмцэж, УИХ болон түүний гишүүд, Засгийн газар, Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж, санал бодлоо илэрхийлж, шахан шаардаж ирсэн билээ.

Багагүй хүчин чармайлтын дүнд 2005 онд МУ-ын Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, Үндсэн хуулиар олгогдсон гадаадад суугаа Монголчуудын сонгох, сонгогдох эрхийг Сонгуулийн хуульд тусгасан боловч 2007 оны 12 сард УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тухайн үеийн УИХ зарим нэг үл бүтэх төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Үндсэн хуулийн дээр дурдагдсан суурь зарчмыг зөрчин, хасаж шийдвэрлэсэнд бид тун их харамсдаг.

Эдүгээ УИХ-аар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан бид гадаад улсуудад оршин суугаа 150,000 орчим буюу нийт сонгогчдын 10 орчим хувийг бүрдүүлж буй Монгол улсын иргэдийн сонгох эрхийг хуульчлан баталгаажуулж өгөхийг дахин хүсэмжилж, энэхүү ил захидлыг илгээж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэн дэмжигдсэн саналуудыг тусган боловсруулж, эцсийн хэлэлцүүлэгт оруулж буй төслийн 6-р зүйлийн 6.7. дахь заалтад “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэсэн агуулгатайгаар оруулсан байгааг бид талархан дэмжиж байна.

Учир нь бид уг заалт нь энэ агуулгаараа батлагдвал хууль зүйн хувьд нэгд, гадаад улсуудад оршин суугаа монгол улсын иргэдийг эх орондоо байгаа сонгогчдын адилаар УИХ-ын сонгуульд оролцон, саналаа өгөх эрхийг баталгаажуулж байгаа явдал, хоёрт, Сонгуулийн ерөнхий хороо болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд үүрэг болгосон заалт учраас 2008 оны үйл явц шиг элдэв арга, шалтагаар саад хийх, хэрэгжүүлэхээс татгалзах боломжгүйгээр хийгдсэн зохицуулалт болох юм байна хэмээн ойлгож байна.

“Цахим Өртөө Холбоо”-той гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжин, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, З.Энхболд нарт болон бусад бүх дэмжигч гишүүдэд гүн талархал илэрхийлье.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Бид та бүхнийг Үндсэн хуулиар тунхагласан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго, чөлөөт ардчилсан сонгуулийн бүх нийтийн байх суурь зарчимд үнэнч гэдэгд тань итгэж, гадаад улсуудад оршин суугаа сонгогчдынхоо сонгох эрхийг хуульчлан баталгаажуулж, 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт гүнээ найдаж байна.

Бид энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн бөгөөд эдүгээ хэлэлцэгдэж буй УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга бидний хүссэнчлэн, Үндсэн хуулийн агуулгад нийцсэн байдлаар батлагдвал хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтнуудтай ч нягт хамтран ажиллаж, чадах хэрээрээ дэмжихээ илэрхийлж байна.

Эрх чөлөөт, ардчилсан Монгол эх орон минь мандан бадрах болтугай!


Цахим Өртөө Холбоо ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
И-мэйл: tsahimurtuuholboo@yahoo.com, holboo@tsahimurtuu.mn
Вэб: www.tsahimurtuu.mn

5.14.2011

Д.САЙНБАЯР: НАМУУД УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ ГАРГАЖ, ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН СОНГОХ ЭРХИЙГ ЭДЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Э.Энэрэл (Өдрийн сонин - 2011 оны 5 сарын 13)

Сонгуулийн тухай хууль ид яригдаж байх үед гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын төлөөлөл санал өгөх эрхийнхээ талаар хүчтэй дуугарч эхэллээ. Монгол улсын иргэний хувьд Үндсэн хуулинд заагдсан эрхээ эдлэх ёстой хэмээн гадаадад амьдардаг монголчууд хэлж ярьдаг ч санал өгөх боломж нь нээгдэхгүйгээр өдий хүрсэн. Энэ талаар “Цахим өртөө xолбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Саяхан танай байгууллагаас хэвлэлийн бага хурал зарлаж, гадаадад байгаа монголчуудын санал өгөх эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийсэн. Танайхны мэдэгдсэнээр сонгогчдын 10 хувийнх нь эрх зөрчигдөж байгаа гэсэн нь үнэхээр ноцтой тоо сонстож байсан л даа?

- Хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу гэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл болоод даруй 20 жил боллоо.
Энэ хүчтэй миграци буурахгүй байна. Өнөөдөр 200 мянга орчим монголчууд гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа гэсэн албан бус тоо байдаг. Сүүлд хийсэн тооллогод хамрагдсан хүмүүсийн тоо нь 110 мянга гаруй байгаа. Тэгвэл 2008 оны УИХ-ын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 1.5 сая гэж үзвэл дээрх үзүүлэлтийн дундажаар сонгогчдын 10 хувь нь болж таарна. Тэгэхээр сонгогчдын арван хүний нэгийн эрх зөрчигдөж байгаа гэж үзэхээс аргагүй байгаа юм. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтууд хэрэгжихгүй байгаа юм.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн буюу 2007 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг авч хаясан алдарт хуйвалдааны үеэр гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохицуулна гэсэн заалтыг аваад хаячихсан байх аа. Тэр үеэс хойш энэ талаар ямар ч алхам хийсэнгүй өнөөг хүргэчих шиг боллоо доо?

-2005 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Сонгуулийн тухай хууль”-ийн зургадугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.3-т гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ сонгох эрхийг баталгаажуулсан “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй”, “Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг СЕХ батална” заалтыг 2007 оны арванхоёрдугаар сарын 26-нд батлан гаргасан “Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиараа авч хаясныг манай “Цахим өртөө холбоо”-ныхон эсэргүүцэж байр сууриа олон удаа илэрхийлж байсан. Тэгээд өнгөрсөн хугацаанд үүнийгээ засч залруулах талаар ямар ч алхам хийхгүй ирсэн нь харамсалтай. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа хийхгүй байна. Манай “Цахим өртөө” сүлжээнийхэн олон жилийн өмнөөс гадаадад байгаа монголчуудынхаа сонгох, сонгогдох эрхийн талаар ярьж ирсэн. Одоо үүнийгээ улам бүр идэвхжүүлж, энэ өөрчлөлтийг хатуу шаардах болно.

-Танай холбооноос энэ талаар сайтаараа багагүй бичдэг байсан санагдана. Гэхдээ дээр байгаа төр засгийн удирдлагуудад төдийлөн хүрч чадахгүй байсан юм болов уу?

-Манай холбоо гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрх, давхар иргэншлийг зөвшөөрөх гэсэн чиглэлээр чамгүй ажиллаж ирсэн. 2002 онд манай сүлжээний гишүүн сүүлд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Ганзориг тухайн үеийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгийн хорооны дарга Д.Лүндээжанцанд, тэрнээс хойш Ерөнхий сайд С.Баяр болоод бусад намын дарга нарт бид албан хүсэлт тавьж ирсэн. Манай гишүүд байнга энэ талаар нийтлэл бичиж, АНУ-аас уг сэдвээр сансрын холболтын технологийг ашиглан “UBS” телевизийн шууд нэвтрүүлгээр хүртэл СЕХ-ныхонтой үзэл бодлоо солилцож байлаа. Байгаа бүх л боломжоо ашигласан. Мөн 2006 оны аравдугаар сард СЕХ-ны дарга Б.Баттулга, нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нартай албан ёсоор уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар байр сууриа хэлж, өөрсдийн нь амьдран суугаа улс орнуудад эл байдлыг хэрхэн шийддэг талаар баримт жишээг орчуулж мэдээлэл болгон өгч ирсэн. Гадаадад байгаа монголчуудын сонгох эрхийн талаар байнга сануулж, хэвлэлийн бага хурал хийлгэж бас УИХ-ын 76 гишүүдэд хуулиндаа тусгах талаар сануулсан захидал тогтмол илгээж ирлээ. Гэвч одоо Сонгуулийн тухай хууль ид яригдаж энэ үед бас л орхих вий гэсэн айдас байна.

-Өмнө нь тэр заалтыг авч хаях үед ямар тайлбар хэлж байсан юм бол?

-Тэр үед СЕХ-ноос Сонгуулийн тухай хуульд энэ тухай зүйл заалт байхгүй байгаа эхний шалтгаан байна хэмээж байсан. Бас мөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй, дөрвөөс таван сая ам.доллар шаардлагатай гэсэн тайлбар хэлдэг байсан. Дээрээс нь санал авах арга зам нь тодорхойгүй гэсэн гурван нөхцөлт тайлбар хэлдэг байв. Тэгвэл одоо Сонгуулийн тухай хуулийг ид ярьж байна. Энэ тухай заалт оруулах бүрэн боломжтой. Одоо хуучин шиг хөрөнгө мөнгөгүй гэж хэлэх үндэс төрд байхгүй. Дээрээс нь авах арга замын хувьд тодорхой. Дэлхийн улс орнуудад гадаадад байгаа иргэдийнхээ саналыг шуудангаар, интернэтээр бас элчин сайдын яам болоод консулын газраар авдаг. Хэрэв шуудан бас интернэтээр авах боломж нь бүрэн хангагдаагүй гэж үзэх юм бол эхний ээлжинд элчин сайдын яам консулын газруудаар саналыг нь авах бүрэн боломжтой шүү дээ.

-Элчин сайдынхаа яаман дээр ирж саналаа өгнө гэхээр тэр бүр оршин суугаа газарт нь дипломат төлөөлөгчийн газар байж таарах болов уу?


-Монголчуудын 70-80 хувь нь Вашингтон, Лондон, Токио, Берлин, Сөүл гээд л Монголын 30-аад Элчин сайдын яам, консул байдаг газарт оршин суудаг гэсэн тооцоо бий. Зарим хүн тухайн улс оронд хараар амьдран сууж байгаа тохиолдолд хэрхэх бол гэсэн болгоомжлол гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тэр хүн ямар статустай тэнд оршин суугаа нь төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох үйл явцад нь нөлөөлөх учиргүй. Харин Монгол Улсын иргэний хувьд саналаа өгөх эрхээ эдлэх нь манай нийгмийн үнэт зүйл.

-Гадаадад байгаа монголчууд энд байгаа хүмүүсийн адил санал өгөх эрхтэй гэдгийг ухамсарладаг ч улс төрийн намууд өөрт ашигтай хувилбараа хараад тэр заалтыг оруулах сонирхолгүй байдаг юм биш үү. Тухайн үеийн МАХН гадаадад байгаа монголчуудаас саналыг нь авбал ашиггүй гэж үзээд л тэр заалтыг авсан гэж их яригдаж байсан даа?


-Харамсалтай нь энэ асуудалд яг ийм байдлаар хандаад улс төр ороод байх юм. Ер нь бид өмнөх сонгуулийн өмнө ийм байр сууринаас хандаад уг заалтыг авч хаясан гэж үздэг. Гадаадад байгаа монголчуудын хувьд ардчилсан үзэл баримтлал, чөлөөт эдийн засгийг илүүтэй дэмждэг нь ойлгомжтой. Хувь хүмүүс, гишүүд нь гадаадад байгаа монголчууд саналаа өгөх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ч нам дээр ирэхээрээ өөрөөр харж эхэлдэг. Энэ асуудлыг шийдэхэд улс төрийн эр зориг гаргах хэрэгтэй л дээ. Намуудыг улс төрийн эр зориг гаргаач ээ гэж хүсэхийн зэрэгцээ СЕХ-г ажлаа хариуцлагатай хийхийг албан ёсоор шаардаж байна. Жилийн жилд сонгуулийн тогтолцоог судална гээд өч төчнөөн зардал гаргаад гадагшаа явдаг ирээд хийсэн ажил алга.

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авахгүй байх өөр ямар үндсэн шалтаг байгаа гэж та боддог вэ?

-Ер нь Гадаад руу чиглэсэн нүүдэл багасахгүй ямар нэг байдлаар үргэлжлээд л байгаа. Гадаадад дунд сургууль төгсөөд ирсэн нэгэн дараа нь магистр эсвэл дараагийн шатны сургалтад гэх зэргээр энэ урсгал ямар нэг байдлаар үргэлжилсээр байна. Гадаадад байгаа манай иргэдийн хувьд тодорхой хэмжээний боловсрол мэдлэгтэй, нийгмийн дундажаас дээш түвшний хүмүүс байх нь элбэг. Тэд бол мөнгөний сонгуульд хууртахгүй, мөнгөөр саналаа өгөхийн оронд нэр дэвшигчдээс бодлого нэхэх хүмүүс. Гэтэл одоогийн УИХ-ын гишүүдэд өндөр боловсролтой иргэдэд бодлогоо хэлэлцэж өрсөлдөхийн оронд 10 000 төгрөгөө тараах нь гоё байх шиг байна. Гэхдээ одоо манай сүлжээнийхэн энэ мэтээр олон мянган хүний сонгох эрхийг зөрчих явдлыг үргэлжлүүлэхгүй.

-Хуулинд суулгаж өгөхгүй байгаа тохиолдолд чухам яана гэж?

-Бид эхний шатанд байгаа газар бүртээ иргэний танхим байгуулна. Нэгдсэн зохион байгуулалтад орно. Гадаадад байгаа хот, тэндхийн нийгэмлэгүүдийн удирдагч нарын ихэнх нь манай сүлжээний гишүүд байдаг. Сонгох эрхийнхээ төлөө байр сууриа илэрхийлэх хүмүүсийн хүчийг нэгтгэнэ. Интернэт гэж асар том зэвсэг байна шүү дээ. Одоо хувьсгалыг интернэтээр л хийдэг болсон цаг. Бид нэгдэж, санал өгөх эрхийнхээ төлөө хүчтэй дуугарч эхэлнэ. Гадаадад байгаа монголчуудаас 100 мянган хүн нь сонгуулийн насных гэж үзэхэд 7-8 УИХ-ын гишүүнийг шууд сонгох эсвэл нийт гишүүдийн тал хувийн нь сонгогдох эсэхэд нөлөөлөх хэмжээний хүчин гадаадад байна. Тэд эрүүл сонголт хийх хүмүүс. Бараг дангаараа хэдэн тойрог байгуулаад гишүүн гаргах хэмжээний сонгогчид байна. Хэдийгээр харийн оронд ажиллаж сурч байгаа ч эргээд нутагтаа ирэх үед нь төлөвшсөн төртэй байлгах тийм төрийн хар хүмүүсийг сонгох эрх нь тэдэнд өнөөдөр бий.

-Гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн талаар ярьдаг ч энэ удаагийнх шиг хүчтэй ярьж байгаагүй санагдана?

-Хүссэн хэмжээнд нь ажиллаж, итгэл найдварыг нь дааж ажиллаж чадахгүй байгаад байхаар өөрийн эрхгүй хүмүүс саналаа өгч, дуу хоолойгоо өргөхийг хүсдэг юм байна. Төрийн гаргаж байгаа шийдвэр алдаатай байгаад байхаар, эдийн засгийн хувьд түүхэн зөв шийдвэр гаргах ёстой энэ үед тэдний оролцоо дутагдаж байна. Гадаадад суугаа монголчууд өнөөдөр жилд 200 гаруй сая төгрөг ар гэртээ илгээж, соёл боловсрол гээд бусад мөнгөөр хэмжигдэхгүй хөрөнгө оруулалтыг хийж байна. Хотод баригдаж буй орон сууцнуудыг тэд л худалдаж авдаг.

Бид хэдхэн хоногийн өмнө гадаадад байгаа монголчууд Үндсэн хуулинд заагдсан эрхээ эдэлж чадахгүй байна гэж Хүний эрхийн комисст албан ёсоор хандсан байгаа.

Ер нь гадаадaд суугаа монголчууд тусдаа тойрог болоход ч буруудахгүй. Одоо гадаадад байгаа монгол хүүхдүүд осолдохгүй бие нь монгол болохоос монгол ахуйгаа мэдэхгүй, монгол хэлээ мэдэхгүй байна. АНУ-д гэхэд 500-1000 орчим монгол хүүхэд төрсөн гэсэн тоо байдаг. Хэрэв энэ маягаар үргэлжилж, гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрх нь нээгдэхгүй хэвээр байвал улам л Монголоосоо холдож тасрах болно. Сонгууль өгөх эрх нь байна гэдэг бол эх нутагтай нь тэднийг холбох хар хайрцагны бодлого байх ёстой. Дахиад тав, арван жилийн дараа Улаанбаатарын гудамжаар монголоор ярьж чадахгүй, бас эрлийз хүүхдүүд олон болно. Одоо жилд 95 хүн Чехэд иргэншил хүсч байна гэж байгаа. Тэгэхээр АНУ-д хэд байгаа бол, Канадад хэд байгаа бол. Ер нь энэ талаар бид бодох цаг болсон. Цөөхөн хэдэн монголчууд улам л тасраад, цөөрөөд баймааргүй байгаа юм. Тэгээд бүр гайгүй гэсэн хэсэг нь гарч яваад байна шүү дээ.

-Улс төрийн намуудтай хамтран санамж бичигт гарын үсэг зураад байгаа харагдах юм?

-Ер нь бид улс төрийн намуудын төлөөлөлтэй хэд хэд уулзаж, телевизийн халз ярилцлагад ч орж байсан. 2008 сонгуулийн өмнө АН бол буурин дээрээ хэд хэд эргэсэн. Эхэндээ пропорциниаль тогтолцоогоор явна гэж байгаад сүүлдээ мажоритороор явахаар болсон. Сүүлд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-аас нэр дэвшигчийг дэмжих, АН болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 2012 оны УИХ-ын сонгуульд гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрхийг баталгажуулах тухай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Саяхан Ерөнхийлөгч намуудын дарга нартай Сонгуулийн хуулийн талаар уулзахдаа үүнийг хөндсөн гэж сонссон. Бас АН тухайн үед өгч байсан амлалтаа мартаагүй байх аа гэж бодож байна. Хэд хоногийн өмнө ИЗНН-ынхантай хамтран ажиллах гэрээнд мөн үзэглэсэн. Тус намын дарга Д.Энхбат гадаадад байгаа иргэдийн санал авах боломжийг нээж өгөхийн чухлыг бас тэр боломж нээгдвэл тодорхой хэмжээнд нөлөөлөх тооны сонгогчид байгаа гэдгийг олж харж байна л даа. Хуучин ИЗН-ын дарга С.Оюун бол анхнаасаа гадаадад байгаа монголчууд санал өгөх ёстой гэсэн байр суурь баримталдаг байсныг би санаж байна. Бас Н.Багабанди гуай их дэмждэг. 2007 онд АНУ-д очихдоо энэ талаараа ярьж байсан. Манай “Цахим өртөө” сүлжээ бол ямар нэг улс төрийн намыг дэмждэг байгууллага биш. Гэхдээ аль нам нь гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж үзэж байна гэдгээр соёлтой лобби зарчим барьж байна.

-Танай холбоо одоо өөр юу хийж байна?

-Манай холбоо бол 1999 онд гадаадад томоохон институтэд ажиллаж, их дээд сургуульд сурч байсан монголчуудын байгуулсан Монгол туургатны Цахим өртөө сүлжээ. Хамгийн анхны портал сайт шүү дээ. Тэр үед оллоо.мн, ньюс.мн -ний орон зайг нөхдөг байлаа. Уншигчид Дэлхийн Монгол айл баримтат киноны төслийг мэдэх байх. Бид хамтраад Афганистанаас гурван хазара оюутан авчраад МУИС-д сургаж байна. Одоо БНСУ-ыэ Сөүл, Бусан хотуудад монгол мэргэшсэн ажилчдад зориулсан Ажлын байрны яармаг зохион байгуулах гэж байна. Урд нь өндөр мэргэжилтэнд зориулсан ажлын яармагийг АНУ-д амжилттай хийж байсан. Гэтэл өнөөдөр танай сонинд л гэхэд ажлын зарнаас их юм алга. Гэтэл хүмүүс ажилгүй байна гээд байдаг. Бидэнд хэрэгтэй мэргэшсэн ажилчид Солонгост байна. Бид тэднийг дуудаж, эх орондоо Сөүлд авдаг цалингаа аваад ажиллахыг урихаар явж байна. “МСS”, “Шунхлай”, “Мобиком”, “Моннис” гээд Монголын том компаниудын хүний нөөцийн менежерүүд бидэнтэй хамт явна. Хэрэв бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд байвал www.tsahimurtuu.mn –ээр холбогдоорой.

-Та өөрөө “Глобал CEO - Дэлхийн цалинг Монголдоо” уриатай шоунд оролцож байсан хүн. Ажлын зах зээл ямар байна. Бид дэлхийн цалинг эх нутагтаа авч чадах уу?


-Чадна. Дэлхийн цалинг Монголд авдаг хүмүүс өдөр бүр олширч байна. Өнөөдөр чадвартай сайн менежер, сайн мэргэжилтэнд сарын олон мянган долларын цалин авах бололцоо бүрэн байна. Гадаадад байгаа монголчууддаа хандаж хэлэхэд эх орон тань та нараар дутаж байна, хангалттай сурч, ажилласан бол одоо нутагтаа буцаж ирж, энэ түүхэн үед Монголдоо ажиллаж, амьдарч, их бүтээн байгуулалтын нэг тоосгыг ч гэсэн гараараа өрөх хэрэгтэй гэж уриалмаар байна.

5.24.2009

Цэцгээ сайн услахуй буюу сонгууль өгч үзэв

Тийм ээ, 27 хүрсэн хэдий ч өнөөг болтол сонгууль өгөх эрхээ эдэлж үзээгүй би гэж хүн өнөөдөр анх удаагаа сонгууль өгч үзэв. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд яагаад санал өгөх бололцоогоо хасуулсан тухайгаа би СОНГО-УЙЛ ба солгой хоолойтон (2008/12/01) гэж нийтлэлд бичиж сонгуулийн маргааш Өдрийн сонинд хэвлүүлж билээ. Энэ тохиолдол олон мянган залууст тохиолдсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Дунд сургуулийнхаа урлагийн зааланд сонгууль өгөх мөчид сэтгэл их догдолж байлаа. Би анх удаагаа ардчиллын зарчмаар, аль нэг улсын иргэн хүний хувьд сонгууль өгч, төрд өөрийн үзэл санааг төлөөлөх тэр л төлөөлөгчийнхөө төлөө саналаа оруулж үзлээ. Нийгмийн амьтан гэдэг утгаараа бол орчин үеийн нийгэмд нэлээд улстөржүүлсэн өнцгөөс харвал "амьд байгаагаа", "Монгол улсын иргэн гэдгээ мэдэрсэн" ёстой хамгийн сонгодог мэдрэмж байлаа.

АН-аас нэр дэвшигч буюу намайг 8 настай байхад өвлийн дүн хүйтэнд Сүхбаатарын талбайд үг хэлж, өлсгөлөн зарлаж, хувьсгал хийж, миний, бидний амьдралыг өөрчилж өгсөн тэр ах нарын нэг болох хүний нэрийн өмнөх 1 ийн тоог дугуйллаа. Гэхдээ сүүлийн 9 жилд алдагдсан бүх "дугуйлах эрх"-ээ нөхөн авах гэсэн мэт өөрийн мэдэлгүй давхарлан давхарлан зурлаа. Зурлагын тойрог салаа замгүй яг л нэг зураас үүсгэсэн бөгөөд энэ нь арай бүдүүн, энгийнээс илүү тод хар дугуй үүсгэжээ. Бодвол энэ олон удаад би энэ л ах нарын төлөө дугуйлах байсных тэр биз. С.Зориг агсан өнөөдөр байсан бол би түүний төлөө дугуйлах байлаа. Э.Бат-Үүлийн төлөө дуртайяа бахархалтайяа дугуйлах байлаа. Сайн нийтлэлч, сайн сэтгүүлч бус харин зөвхөн Хонхны дуу зохиосных нь төлөө ч С.Цогтсайханы агсны төлөө дугуйлах байлаа. Тэр жил манай тойрогт нэр дэвшээд Буянгийн Жаргалсайханд (одоо тэр зүсээ хувиргасан) ялагдсан Баабарт "Бүү март, мартвал сөнөнө" гэж бичсэнийх нь төлөө саналаа өгөх байлаа... Тэд бол америк ойлголтоор бол шинэ монголын founding fathers юм. Надад яагаад АН-ын нэр дэвшигчийг сонгох шалтгаан байсан бэ гэж асуувал надад түмэн шалтгаан бий. Хамгийн энгийн нэг тайлбар гэвэл тэд ядаж л ардчилсан хувьсгалыг анх санаачилснаар тогтохгүй, гар бие оролцон хийсэн бөгөөд харин тасалгааны цонхоор Энхбаяр шиг харж зогсоогүй билээ. Ерөөсөө л энэ. Аливаа үйл хэрэгт анхдагч, анх бүтээн байгуулалцсан, анх санаачилсан хүмүүст илүү гүн итгэл үнэмшил, илүү идэвхи, санаачлага, зүрх зориг, гал халуун эрмэлзэл байдаг гэдэгт би итгэдэг. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржид алдаа оноотой зүйл байхыг үгүйсгэхгүй ээ! Гэхдээ тэр хүний нийгэмд оруулсан хувь нэмэр, түүхэнд байгуулсан гавьяа нь түүнээс хавьгүй их юм шүү залуус аа. Өр тэглэх, Мянганы зам тавихыг санаачлахаас илүүтэй бүхэл бүтэн нийгмийн ахуй, сэтгэлзүйн хувьсгалыг хийнэ, эхлүүлнэ гэдэг бол түүхэнд олон тохиолдох эд биш юм аа! Бусад бүх асуудал бол дараахи, хоёр дахь зүйл юм. Ямарваа юм үндэсээсээ, язгуураасаа хамааралтай байдаг билээ. Нийгмийн баялгийн шударга хуваарилалт болон шударга шүүх г.м олон зүйлсийн олон шалтгаан, тайлбар бий ч ингээд зогсоё.

Ямартаа ч энэ жил гадаадын 10 аад оронд сурч, ажиллаж, амьдарч буй анд найз нартайгаа нийлж уриалга гаргаж, тухайн оронд буй монголчуудын хамгийн ихээр ордог вэбүүдэд баннер тавьцгааж, мөн Вашингтон, Токио, Лондон, Сан-Франциско хотод хийгдсэн видео бичлэгээр дамжуулж гадаадад суугаа найз нар маань сонгууль өгч чадахгүй ч гэсэн дуу хоолойгоо ард түмэндээ хүргэлээ. Бидний хийсэн уриалгыг өдөр тутмын томоохон сонин хэвлэл, вэб порталууд хэвлэж, видеог бараг бүх телевизийн сувгаар 3 хоног дамжуулсан юм.

Мөн Цахим Өртөө Холбооны зүгээс АН-ын удирдлагатай гэрээ хийж 2012 он гэхэд гадаадад суугаа 150,000-200,000 монголчууд буюу нийт сонгогчдын 10-15% сонгуулийн эрхээ эдлэх бололцоогоор хангагдана гэсэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь уг асуудлыг шийдүүлэхийн тулд олон жил зүтгэсэн Цахим Өртөө Холбооны нөхдийн маань хувьд томоохон амжилт болж чадлаа. Энэхүү сайн мэдээ АН-ын дэмжлэгтэйгээр мөн л монголын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиантайгаар хэвлэгдэж олонд хүрсэн нь гадаад дахь Монголчуудын сонгуулийн эрхийн асуудал, үүний ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй улстөрийн хүчин, төрийн өндөрлөгийн анхаарлын төвд асуудлыг дахин сөхөж, олон нийт - масст public awareness болж, мэдээлэл түгээх ач холбогдолтой үйл хэрэг боллоо.

Ямартаа ч гадаадад суугаа монголчууд, Цахим Өртөө Холбооныхон бид энэ удаагийн сонгуулиар зүгээр суусангүй. Иргэний идэвхи санаачлага гаргаж, хамтын дуу хоолойгоо нийтлэл, баннер, видео гээд боломжит бүх хувилбараар чадах хэрээрээ илэрхийлж, хандив цуглуулж, гар бие оролцож, иргэний үүргээ сайн биелүүллээ.

Маргааш сонгуулийн дүн гарна. Харумафужи ялсан шиг Монголд шинэ хүч төрөн ирэх байх гэдэгт огтхон ч үл эргэлзнэм. Сонгуулийн дүн яаж ч гарсан байлаа гээд 2012 онд гадаадад суугаа Монголчууд сонгуулиа өгөх болтугай! Нэг л өдөр бүгдээрээ зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдарцгаах цаг ирэх биз ээ.

Өчигдөр ойрд завгүй уулзалдаагүй өөрийн эрхэм анд нартай үүр цайтал нэгний нь зоогойд суунгаа ертөнцийн түмэн сэдвээр хангалттай буу халж, мэтгэлцэж, үүр цайлгав. АН, МАXН-ыг идэвхийлэн дэмжигчид ч байв. Мань мэт шиг нам бус ч хүмүүс байв. Харин бид нэг л зүйл дээр бат ноттойгоор санал нэгдсэн юм. Гол нь сонгууль шударга болоосой! Аль намд байх нь яахав ээ, гол нь жанжин шугамаасаа бүү хазаагаасай гэж! МАXН-д байгаа найз нартаа, дотроос нь сайн цэвэрлээрээрэй, эрүүлжүүлээрэй гэж, АН-д байгаа найз нартаа дотроо улам нягт, зохион байгуулалттай, жанжин шугамаасаа хазайхгүй ажиллаарай гэж захив.

Ардчилал, шударга ёс, эрх чөлөө мандтугай! Гол нь ингэж хэлэхээс гадна бүгдээрээ дор бүрнээ энэ зүйлсийг арчилж, хамгаалж, дээдэлж явья! Яагаад гэвэл энэ бол сайн л усалж байхгүй бол амархан хатдаг дэлбээтэй цэцэг мэт болохыг бидний эргэн тойронд болж буй бүх зүйл бэлхнээ нотлон харуулсаар ирэв. Тэртээх 20 жилийн өмнө өвлийн хүйтэнд гадаа хонон байж Ардчиллын үүд хаалгыг Танд, надад нээж өгсөн Founding fathers-т БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.

Маргааш биднийг шинэ өглөө угтана!

5.22.2009

VIDEO: Гадаадад суугаа Монголчууд уриалж байна! - Presidential Election 2009, Mongolia



Тийм ээ, гадаадад суугаа анд найзууд маань энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дуу хоолойгоо ингэж хүргэсэн юм. Ардчилсан нам мөнгө санхүү бага хэдий ч аль болох олон удаагаар бүх телевизээр цацахыг хичээж буй. Харин гадаадад суугаа монголчуудын дуу хоолойг NTV телевиз үнэгүй цацаж байгаа юм. Вашингон, Токио, Лондон, Сан-Франциско хотуудад хийгдсэн уг уриалгыг сонирхогчийн камераар хийсэн, жинхэнэ иргэдийн төлөөллийн дуу хоолой болсноороо онцлог. Рекламд оролцогчдыг танилцуулъя:


Байршил: Golden gate bridge, San Francisco, CA, USA
Баруун Эргийн Монголчуудын Соёлын төвийн тэргүүн, Цахим Өртөө сүлжээний үүсгэн байгуулагчдын нэг доктор Ш.Баатар, Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж болон уг хотод оршин суугаа С. Төмөрбаатар, Ц. Батсоёмбо нар.

Байршил: Shibuya district, Tokyo, JAPAN
Японд сурч, мэргэжлээрээ ажиллаж буй залуучууд: ЭМОС-ын Эрин М.Тулгат, программист А.Отгонбаяр, Ц.Нандинбаатар, Х.Зоригт, У.Өлзийням, Ц.Анар, Б.Дэмчигсүрэн, С.Баярхүү, Бат-Эрдэнэ, Хүрэлтогоо нар.

Байршил: Big Ben, London, United Kingdom
Цахим Өртөө сүлжээний үүсгэн байгуулагч, Их Британий Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, зураач Т.Отгонбаяр, Э.Мөнхтуяа

Байршил: Iwo Jima Memorial Statue, Washington D.C, USA
Вашингтон хотын Монголчуудын холбооны төлөөлөл Г.Галбадрах, Г.Ганзориг, оrloo.com-ын Б.Тайван нар

Mongolians abroad who live, work and study in Washington DC, London, Tokyo and San Francisco have their say on the Mongolian Presidential Election 2009. Elbegdorj for President! We can change!

Продюсер: Д.Сайнбаяр

5.18.2009

Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь

Эрхэм андууд аа! Дараах уриалгыг блогтоо тавьж биднийг дэмжээрэй! Энэхүү уриалгад нэгдэх хувь хүн, блог, вэбүүд коммент үлдээж вэб хаягаа үлдээгээрэй., http://www.elbegdorj.mn/static/840.shtml - хуудаснаас баннераа сонгож вэбдээ тавиарай! Дэмжигчдийн жагсаалт: http://www.elbegdorj.mn/static/841.shtml
Элэг нэгт Монгол ахан дүүсээ! Гадаадад суугаа Монголчууд бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, анд найз нар аа! 20 жилийн тэртээх Цагаан морин жил Сүхбаатарын талбайд Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл тэргүүтэй монголын түүчээ болсон залуус Ардчиллын далбааг намируулж, С.Цогтсайхан агсан Хонхны дуугаа эгшиглүүлсэн билээ! Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын 10-15%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ.

Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон төр улсынхаа хэргийг зөвшилцөн хэлэх онцгой эрх болох сонгуулийн эрхээ эдэлж чадаж байгаа билүү? Үгүй ээ.

Сайн мэдээ гэвэл Ардчилсан намын удирдлага гадаадад суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс гаргасан идэвхи санаачлагыг дэмжиж Монголын нийт сонгогчдын 10-15% болсон нийгмийн идэвхитэй, оюунлаг, сэхээтний давхаргын жинтэй төлөөлөл болсон гадаадад суугаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгууль өгөх эрхийг баталгаажуулах үүднээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгууль өгүүлэх оновчтой процедур, аргачлалыг амьдралд хэрэгжүүлж, 2012 он гэхэд гадаадад суугаа Монголчууд гадаадын улс орноос сонгуульд шууд оролцох боломжыг бүрдүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллах тухай хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж батламжилжээ. Ийнхүү анх удаагаа Монголын нам эвслийн зүгээс гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг сонсож, бидний төлөө, бидний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, дэмжсэнд бид бүхэн баяртай байна.

Бид аль нэг нам эвслийн гишүүн бус, Монгол эх орноо хэмээсэн сэтгэлийн дуудлагад хөтлөгдөн ажиллаж амьдрагсад билээ. Харамсалтай нь Монголдоо эргэж ирсэн бидний зарим нөхдийн эх орондоо ажиллаж амьдарч байх үедээ маш тодорхой ойлгож харж, дүгнэж буй зүйл бол Монголд шударга юм гэж үгүй болжээ.

Авилгал хэнээгээ алдаж, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт эрээ цээрээ барж, шударга шүүх засаглал устаж, цөөн олигархи бүгдэд ноёрхлоо тогтоож, олон зуун мянган иргэдээ золигт гаргасан ийм л орон болсныг бид цаг мөч тутамд мэдэрч тэр орчинд амьдарч байна. Энэ бүх гаж тогтолцоо Н.Энхбаярын засаг төрийн эрхийг барих он жилүүдэд бүрэлдэн тогтжээ. Бүгдэд Н.Энхбаяр ганцаараа буруугүй нь тодорхой ч энэ бүхнийг бий болгоход манлайлан оролцогсдын нэг болох нь хамгийн сүүлд болж өнгөрсөн 7 сарын 1-ний эмгэнэлт явдал гэрчилнэ. Иймд Н.Энхбаяр нь Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёс зүйн шалгуурыг давсан ерөнхийлөгч биш гэж бид үзэж байна.

Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол ямар нэгэн үзвэр биш, харин та бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй. Тийм ээ, гадаадад буй Монголчууд бид энэ удаа дуугүй сууж төвдсөнгүй ээ. Бид хэдий энэ удаад сонгууль өгч чадахгүй ч хагас сайн өдрүүдэд оршин суугаа хот суурингууддаа цуглацгааж, дуу хоолойгоо нэгтгэж, бидний өмнөөс сонголт хийх эрхэм үүрэг хүлээсэн Та бүхэндээ хандаж гарын үсэг, мөнгөн хандив цуглуулж, ярьж, бичиж, хэлэлцэж, видео бичлэг хийн илгээж байна.

Иргэний ардчилсан нийгэмд бие даасан, тэгш эрхт иргэд нь засаг, төрөө сонгох үйл явцад сайн дурын үндсэн дээр өргөнөөр, ухамсартайгаар оролцож баймааж ардчиллын үнэт зүйлсийг амьд байлгаж, жинхэнэ ардчилсан нийгмийг төгөлдөр утгаар нь бүтээн байгуулахад хувь нэмэр оруулдаг билээ. Иймд элэг нэгт Монголчууд Та бүхнийг гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг цэгнэн үзэж, сонгуульд идэвхитэй, хариуцлагатайгаар оролцохыг уриалж байна!

Вашингтон, Сан-Франциско, Чикаго, Токио, Лондон, Сидней, Берлин, Торонто, Прага, Будапештэд суугаа бид, гадаадад суугаа бид, Allstate, Softbank, Sony, Yahoo корпораци болон дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний институудэд ажиллагч, их дээд сургуульд суралцагч бид, бид: Монгол улсын шинэ ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Цахиагийн Элбэгдоржийг дэмжиж байна. Бид өөрчлөлтийг хүсч байна. Бид шударга ёсыг хүсч байна. Бид жинхэнэ ардчилсан нийгмийг хүсч байна. Бид шударга сонгууль явуулдаг төрийг хүсч байна. Бид шударга шүүхийг хүсч байна!

Монгол эх орондоо суугаа өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, найз нөхөд, эх орон нэгтнүүд ээ! Та бүхнийг хувь заяаны эрхээр эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр харь нутагт яваа бид, Монгол улсын ерөнхийлөгчид ардчиллын бамбарыг анхнаас нь асаасан Цахиагийн Элбэгдоржийн төлөө саналаа өгөхийг уриалж байна! 2012 онд бид хаана амьдран суугаагаасаа үл хамааран сонгуулийн эрхээ эдлэх болно гэдэгт итгэж байна.

Даваабатын Сайнбаяр


Дэмжигч сайтууд:

Дэлхийн Монголчууд
tsahimurtuu.mn (Mонгол туургатны Цахим Өртөө Сүлжээ)

АНУ
orloo.info (Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв - Washington D.C)
zamdaan.com (Aмерикийн Монголчуудын сэтгүүл - San Francisco, CA)
news.tsahim.tv (Online TV & Radio Broadcasting - Ohio)
nomundalai.mn (Online bookstore - Chicago, London, Tokyo, Seoul, Sydney, Ulaanbaatar)
dayarmongol.com (Америкийн Монголчуудын онлайн сонин - Washington D.C, Bloomington, Indiana)
mongolmedee.net (Денверийн Монгол Мэдээ сэтгүүл - Denver, CO)
medeelel.com - Чикагогийн Монголчуудын вэб портал, Чикаго, АНУ
imoshi.net - Монголын хамгийн анхны Apple суурьт программ бичигчдийн вэб
www.mongoltolbo.com - Денверт амьдардаг фото зурагчин залуугийн фотоблог
www.colo-mongols.org - Колорадо мужийн монголчуудын холбоо

Австрали
mglaus.com (Mongolian Community in Australia - Sydney)

Их Британи
mongolchuud.co.uk (Их Британийн Монголчуудын холбооны вэб - London)

Канад
mongoltoronto.com (Ontario дахь Монголчуудын холбооны вэб - Тоronto)

Унгар
origo.mn (Мэдээ мэдээллийн нэгдсэн портал - Budapest)

Чех
mglcz.com (Чехийн Монголчуудын вэб портал)

Япон
vimomn.net (VIMO - Виртуал Монгол - Монголын анхны SNS сайт - Tokyo)

12.01.2008

"СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон

Улаанбаатарын бүх телевизийн сувгаар орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгаа үргэлжилсээр. Сонгуулийн хуулийн ядмагхан агуулгатай заалт, түүний "орчуулга", бас бус удирдлага менежментийн толгой эргэм гажиг тогтолцооноос болж улс орон даяар энэ "сонгo"+" уйл" гээчид ямар ч их шаардлагагүй цаг, хөрөнгө, энерги, нервээ барав даа. Сонгууль тойрсон асуудал, нэр дэвшигчдийн оройгүй их амлалт, телевизийн сурталчилгаанд ямар ч эрүүл ухаантай хүний тархи самуурч, мансуурч унамаар. Энх тайвны гүүрийн ойролцоохь том самбар дээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн хэсэг нөхөд "Өрх бүрт 30 сая төгрөг өгнө" гэсэн үгсийг их л бахархангуй аястай томоор бичээд, өөрсдийнхөө инээд алдсан том зургуудыг хамт өлгөсөн харагдсан. Ямар ч баян төсөвтэй дүүрэг вэ, тийм ээ? Дээр нь 1.5 саяыг ард түмэн мартаж амжаагүй байхад шүү. Тийм ээ, биднийг доромжилж ханахгүй байгаа нь гайхамшигтай.

Хэд хоногийн өмнө гэрийн хаягаар ирсэн Нийслэлийн сонгуулийн хорооны ажилтан ээжид минь сонгуулийн үнэмлэх гардуулахдаа хамт амьдардаг миний сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөхөө "мартжээ". “Миний хүүгийн сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөөрэй” хэмээн учирлан сануулсан ээжид минь "Санаа зовох зүйлгүй" гэж хэлээд л тэмдэглэл хийж аваад явсан байна. Тэр хүн хэзээ ч эргэж холбогдоогүй бөгөөд бид ч "Энэ олон хүнд гэрийн хаягаар нь үнэмлэх тараах гэж хэрэндээ их зүдэрч байгаа байх даа" гээд онцын юм бодсонгүй. Ингээд уржигдар буюу сонгуулийн өдөр иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлэхээр сонгуулийн хэсэг дээр явж очлоо. Гэтэл нэр маань сонгогчдын нэрсийн жагсаалтад байтугай оршин суугчдын жагсаалтад ч алга байна. Уг нь иргэний үнэмлэх дээр тавигдсан нэр, оршин суугаа хаяг нь бүртгэлтэй таарах аваас газар дээрээ сонгогчийн үнэмлэхээ аваад сонгууль өгөх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг дарга нар онцолж байхыг олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон билээ.

Одоогоос яг нэг жилийн өмнө оршин суудаг хороо хориндоо албан ёсоор дахин бүртгүүлж, овгоо сонгож, нэлээдгүй чирэгдэл болж олон цагаар дугаарлаж зогссоны эцэст Монгол улсын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХҮЙ-тэй болсон санагдана. "Нөхөр ... нь СХД-ийн 17-р хороо, ... байр ....тоотод амьдардаг нь үнэн болно" гэсэн oршин суугчийн тодорхойлолтыг саяхан нэг нотариатын бичиг бүрдүүлэхдээ төвөггүй авч болсон.

Хамгийн сонирхолтой нь миний бие одоогоос сар гаруйн өмнө орон нутгийн сонгуулийн үнэмлэхийг гэрийнхээ хаягаар хүлээн авч яг л энэ зааланд амьдралдаа анх удаа сонгууль өгч үзсэн билээ. Гэтэл ирц бүрдээгүй гээд сар гаран хугацаанд хаа сайгүй хэрүүл болж болж дахин сонгууль явуулахдаа иргэн миний нэр хаягийг хааш нь хийчихдэг байна аа. "Би саяхан сонгууль өгөхөд зүгээр л байсан юмсан?" хэмээн асуухад "Танай хорооноос явуулсан бүртгэлийг л дагнасан" хэмээн нэг залуу учирлангуй аястай тайлбар хэлэв.

Сүүлийн хэдэн жил Цахим Өртөө Xолбоо гадаадад суугаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн асуудлыг дэвшүүлж 2005 онд батлагдсан "Сонгуулийн тухай хууль"-д "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж чадсан ч "хууль зүйн орчин бүрдээгүй байна" гэсэн СЕХ-ны ажлын хэсгийн 2 хоногт хийж болох дүгнэлт 2 жилийн дараа 2008 оны сонгуулийн өмнө гарч, улмаар Сонгуулийн хуулийн уг заалт хүчингүй болоход хүрсэн нь саяхан. Нийт сонгогчдын 15-20% ийг, түүнээс дутуугүй их ДНБ-ийг бүрдүүлэгч, "ходоодоороо бус оюунаараа" сонголт хийх бололцоотой энэ иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн асуудал зарим намуудын мөрийн хөтөлбөрт туссан хэдий ч сонгох эрх нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.

Яагаад ч юм арван найм хүрээд арваад жил болж байгаа ч энэ хугацаанд харь оронд сургууль ном хөөж явахдаа дээрхи монголчуудтай адил сонгох эрхээ эдлэх завшаан дутсан надад анх удаа сонгууль өгөх боломж олдсон нь сарын өмнө боловч сонгуулийн ирц бүрдээгүй тул жинхэнэ утгаар сонгох эрхээ эдлэхээр дахин ирсэн нь энэ байв. "Таны нэр сонгогчдын нэрс дунд олдсонгүй" гэдэг үгийг сонсоод үг дуугүйхэн дунд сургуулийнхаа Урлагийн заалнаас гарч явах мөчид яагаад ч юм цээжинд минь удаан нуугдсан хөнгөн гуниг дахин төрөхийг мэдэрсэн билээ. Яг л бага ангийн найз маань тэр жил "Чи солгой хоолойтой тул хооронд зогсох ёсгүй" гэж хэлүүлээд Урлагийн заалны тайзнаас доголон нулимстай буусантай адил...

Цахим өртөө холбооны УЗ-ийн гишүүн,
дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр
- Өдрийн сонин