
Монголчууд бид үнэхээр хүн муулах дуртай хүмүүс үү? Аль ч оронд ийм "хоббитой" хүмүүс байдаг л байх. Гэхдээ манай нийгэмд арай л ихдээд байгаа юм биш үү? Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж нэг үг байдагсан. Саяхан Токиод ажилладаг нэгэн доктор ахаас нэг томоохон вэбсайтны доор бичсэн сэтгэгдлийг устгуулах шаардлагатай болсон тухайгаа, мөн тэр вэбсайтад байтугай цахим ертөнцөд материалаа хэвлүүлэх ямар ч хүсэлгүй болсноор тогтохгүй ерөөс хэвлүүлэхээ больсон тухайгаа дурдсан цахидал (цахим шуудан) ирэхэд нь түүний өмнөөс сэтгэл гонсойж билээ. Тэр хүн бол хэд хэдэн ном гаргаж, дэлхийн томоохон институтэд судалгаа хийдэг, Монголын орчин цагийн шилдэг эрдэмтдийн нэг. Ийм жишээ олныг дурдаж болно. Ямар сайндаа нэг вэбсайтын редактор хийдэг танил маань оюунлаг, шударга шүүмж бүхий сэтгэгдэл бичих компанит ажил хийх юмсан гэж ярьж яваx билээ. Муулуулдаггүй, үгийн муухайгаар доромжлуулдаггүй нийтлэлч гэж манай Монголд лав үгүй биз ээ. Уг нь
МУУЛУУЛДАГ биш ШҮҮМЖЛҮҮЛДЭГ байвал зорилгоо онохсон? Хамгийн гол нь манай монголчууд бид тухайн нийтлэлчийн бичиж буй сэдвээс тэс ондоо зүйлээр "сэтгэгдлээ илэрхийлж", аль болох нөгөө хүнээ өөлөх, өөлөх юм олдохгүй бол санаанаасaa зохиож муулах, аль болохоор түүнийг доош хийж "өөртөө сэтгэлийн таашаал авах" зорилгоор бичих хоббитой ажээ.
Та бүхэн News.mn, Olloo.mn гээд монголын хамгийн их уншигчтай вэбүүдийн сэтгэгдлийг харсан л биз. Гэтэл washingtonpost.com, nytimes.com дээр барууныхан ямар сайхан сэтгэгдэл бичиж, буруушаасан ч тухайн сэдэвтэй холбоотойгоор ул суурьтай, шударгаар мэтгэлцэж, бичигч этгээдийг зориудаар гутаан доромжлохгүйгээр соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлж, тэр нийтлэлчийг гэхээсээ өөрсдийгөө хүндэтгэж чадаж байна аа. News.mn дээр Баабар гуайн бичсэн олон сонирхолтой нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлийн 30 хувь нь түүнийг магтан дуулсан байхад үлдсэн хэсэг нь энд иш татахын аргагүй муухай үгсээр гүтгэн доромжилогсод байх бөгөөд үүнээс ойролцоогоор 5 орчим хувь нь тухайн сэдэвтэй жаахан холбогдолтой, гэхдээ ихэд гүехэн сэтгэгдэл үлдээсэн байх нь элбэг. Бусдыг дандаа доромжилж, гутаахыг оролддог, гүтгэн гоочилж сэтгэлээ зогоон амьдарч, ингэснээр өөрсдөө feel better болдог, нэрээ нуугч хүмүүст хандаж юм хийж бүтээхийн төлөө тэмцдэг, ядаж л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг зорьж бичиж нийтэлж, нийтлэгдэж ирсэн, хэнээс ч дутахгүй боловсорсон найз нарынхаа (эдний дунд атаархагчидтай харьцуулшгүй чадвартай, дэлхийн томоохон компани, эрдэм шинжилгээний институтэд ажилладаг, дэлхийд алдартай их дээд сургууль төгсөгчид, урлаг спортын өндөр амжилт гаргасан олон хүмүүс бий) өмнөөс хоёр л үг хэлмээр санагддаг: 1. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа! 2. Хүн муулахаасаа өмнө өөрийгөө толинд нэг сайн хараарай. (Тэгээд үнэхээр энэ хүнээс илүү юу үгүй юу гэдгээ сайтар тунгаан бодоорой. Хэрэв таны амнаас ийм л бузар үг гарахаас өөр гэгээлэг, шударга шүүмж гарахгүй нь тодорхой бол, нэг зүйлийг сайн ойлгох хэрэг гарна: Түүний чигчий хуруунд ч хүрэхгүй, өрөвдмөөр амьтан болохуйгаа) Чухамдаа ийм өөрсдийгөө хүндэтгэдэггүй тамын тогооны үлгэрийн баатруудыг нийтлэлч Баабар гуай нэг онож хэлж билээ: "Жорлон, корридорын хананд юм сийчдэг байсан хүмүүс одоо web comments бичиж байгаа нь тэр" гэж. Технологи талаасаа дэвшил мэт авч, сэтгэхүй талаасаа бол доройтол хэвээр байгаа нь энэ бөлгөө. Шүүмжилмээр байгаа бол бүү муулагтун, харин зүгээр л шударгаар шүүмжил! Хүний биеийн гоо сайхныг шүүмжлэх хэмжээний бурхнаас заяасан сайхан эрэгтэй, эмэгтэй мөн гэж өөрийгөө бодож байгаа бол хамаатнуудаа нэг бодоод үзээрэй. Тэр дунд чинь намхан, бүдүүн хүн заавал нэг олдох вий! Бид чинь 21 зуунд амьдарч байна шүү дээ монголчууд аа! Ядаж л битгий гүтгэ. Бид өөрсдийгөө ингэж доош чирээд байвал... нэг л өдөр муулах хүнгүй болж ирнэ шүү.
Блогч Гампын бичсэн нэг ёгтлол их таалагдсан. Үүнийг уншихад инээдтэй ч бас л эмгэнэлтэй санагдaх вий:
Бүх хүн надаас муу
Би хүн муулах дуртай. Хүн муулахаар л хамаг биений хөлс асгараад явчдаг гэж худлаа яриад ч яахав. Халуунд л хөлс гардаг бусад үед гардагүй хөдөөний хөөн би. Тэхдээ л хүн муулкуу бол хамаг хор шар хөдлөөд - энэ надаас илүү гараад байхдаа яадын! - гээд дотор бачимдаад байдын. Тэгээл таньдаг таньдагүй, мэддэг мэддэгүй хэн ч байсан нэг нь хүн магтуул л хажуунаас нь ороод муулаад явчдаг болсон. Сүүлдээ бүүр мэргэших ч шинжтэй болж иржээнэ. Бүүр үүнгүйгээр амьдарч ч чадахаа больж ам нээвэл л муулаад унадаг болж.
Ингэжээнэ - зурагтаар нэг хүн гараад ирэнгүүт хүмүүс "Энэ яасан сайхан ярьдаг хүүв" гэжээнэ. Би наанаас нь "Аа худлаа худлаа, наад чинь сонин явдын байлээ" гэх жишээний. "Тэр их хөөрхөн хүүхэн шүү" гэнгүүт "Аа тэр чинь унгадаг л байж таараа", "Энэ их мундаг толгойтой хүн шүү" гэнгүүт "Тэхдээ наад чинь майгшд", "Энэ залуу шиг бакь болхийсон" гэнгүүт "Наадах чинь тэхдээ толгой муутай" энээ тэрээ гээл баахан шалтаг хайгаал үзээд байна. За миний унгадаг, бакь биш, ухаантай биш нь хэнд ч хамаагүй гол ингээл муулчууд хүмүүс намайг тийм юм шиг хүлээж аваад байгаам шиг надаа нэг л гоё мэдрэмж төрөөд байдын. Төгс төгөлдөр хүн байхгүй болхоор ямар нэг но олдож л таараа гээд үзээд байна шүү дээ. Олдкууу бол гүрдэж л орхино. Заавал ухаантай хүнийг ухаан муутай, сайхан хүнийг муухай гээд байх хэрэггүй зүгээр л магтаж байгаа зүйлээс нь шаал өөр зүйлээр муулаад байхад таараад таараад явчина шүү дээ.
Тэгээд үнэхээр хобби хөдлөөд унуул заавал бусдын магтахыг хүлээгээд байдаг залхуу зангаа больж иржээнэ цаад чинь. Шууд өөр хүмүүс гайгүй харагдаад ирүүл л гудамжанд ойролцоо явжаагаа хаа хамаагүй хүнд ч гэсэн муулаал унажээнэ. Энэ бас амжилт шүү. Танькуу хүмүүс хүртэл намайг мундаг гэж харж эхэлжаагаам шиг санагдаад иржээнэ. Шинэ мэдрэмж.
Хүн муулхад заавал ухаан, мэдлэг хэрэггүй харин ч жоохон маанагдууу байвал сүртэй болж ирдийн байна. Өөртөө баярлах ч шиг. За тэгээд мэргэшээд ирхээр хүн муулахаар жижигдээд ирж байна. Арай том зүйл барьж авмаар санагдаад байгууллагыг, бодлогыг, салбарыг, улс орныг, бүүр дэлхийг ч муулж болно. Энэ кампаан юмаа үнэгүй зарчихгүй хорголоо тоолсон, манай улс орны хар хайрцагны бодлого муу байгаан, зарим улс арай дэндүү ядуу шүү, дэлхий цаг агаар муу байшүү - энээ тэрээ гээл муулаад явхад болдог л юм билээ. Зарим нэг сэргэлэн гарууд өөдөөс тандаж асууна. “Санхүүгийн хямралын талаар дэлхийн банкны байр суурийг юу гэж боджээнэ вэ" - гэж мэгэж асуунаа. Би оогт сандралгүй "Аа би тэднүүсийг зөв хийвэл эрт хямралаас гарах боломжтой гэж боддог" гээл хэлж орхино. Хүмүүс өөрснөө мэдэдгүй хүн болкуун тулд дахиж асуухгүй дээ.
За тэгээд хүн муулдаг хамгийн шилдэг аргаа хэлий. Яах аргагүй надаас ухаантай, хөөрхөн, бакь, сайхан сэтгэлтэй, төгс төгөлдөрдүү хүн байлаа гэж бодийл доо яахав. Ямар ч хүнийг "аа энэ муу хужаагийн эрлийз, хужаа санаатай, хацар нүүр нь хужаа шиг, нэр нь хужаа шиг" гэж мэгээл хэлж л орхино. Энийг хэлхэд үгүй гэж өмөөрөх хүн олдкуу дээ. Үгүй гээл өмөөрвөл монгол хүн бүр өөрөө хужаа, хужаагын талын урвагч болчих гээд байдаг тул бүгд дуугүй л өнгөрдийн.