Showing posts with label Random. Show all posts
Showing posts with label Random. Show all posts

11.05.2010

Ерөнхий сайдад хэлэх үг: 8-17 хөтөлбөр буюу эрт босдог болцгооё таминь ээ!

Японы нэг зурагчин Монголд ирсэн гэнэ. Оройдоо хөл тасрахгүй, шөнө 2 цаг болсон ч Улаанбаатар Нью-Йоркоос илүү завгүй байсаар байв. "Өсч өндийх ид хав ханхалж, их бүтээн байгуулалтын эриндээ золгоод буй Монгол орны сүр жавхааг өглөөний нарнаар Монголын сэхээнтэн залуус ажилдаа яаравчлан сүлжилдэж байх тэр сайхан агшиныг хальсанд буулган илэрхийлсү" хэмээн өөртөө хэлээд өглөө 7 цагт гудамжинд гартал түүнийг шөнийн 2 цагтай зүйрлэх аргагүй "завгүй" гудамж угтсан буюу ерөөсөө Энх тайвны өргөн чөлөөнөө хэн ч байхгүй байжээ. "Одоо хүмүүс удахгүй босох байх aa" хэмээн хүлээсээр цагийн зүү 9 дөхөх ахуйд сая хүмүүс бужигнаж, хаа сайгүй машин бөглөрч, чагнаалын дуу оркестр тоглосон ажээ. Талын нүүдэлчин Монголчууд их л орой босдог болсон болохыг гайхсан япон зурагчин энэ түүхээ миний нэг найзад ярьсан ажээ.

Манай гэр циркийн хажууд байдаг бол ажил маань Төв номын сангийн урд байдаг. Өглөө оройдоо алхахад 8 минут алхдаг ч, өдөр машинаар ажил хөөцөлдөх хэрэг гардаг тул машинаараа ажилдаа явдаг. Гэтэл би ажил гэр хоёрын хооронд заримдаа 30 минут болж байж ирэх нь элбэг. Ямар сайндаа өдөр гадуур явж, машинаа угаалгахын тулд хэдэн цаг үрж ажлын цаг хумслахаас сэргийлж орой угаалгахыг хичээдэг боловч угаалгын газрууд битүү дараалалд автсан байдаг тул сүүлийн бүтэн 1.5 сар машинаа угааж чадалгүй өдий хүрсэн байна. Нөгөөтэйгүүр олон жил өглөө эрт босдог байсан миний бие сүүлийн 2-3 жил нийгмийн энэ цагийн хуваарьт тохируулж орой босдог болсноо анзаарахад харамсалтай.

Өчигдөр овоо эрт унтсан тул өглөө 4 гэж босоод 5 гэж гарч дэлгүүрээс хүнсээ цуглуулаад 6 гээд машинаа угаалгалаа. Твиттерээрээ дамжуулж Хасын Ганхуяг андад (Ерөнхий сайдын зөвлөх) нэг мэссэж бичлээ. "Эрч хүчтэй ажиллаж буй энэ Ерөнхий сайд ажлын цагийг 9-өөс биш 8-аас эхлүүлж 18 цагт бус 17 цагт дуусгадаг болгоно уу" гэж. Ингэж чадвал Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд маш олон эерэг өөрчлөлт гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Сайн талуудаас 9-ийг нэрлэе:

1. Биологийн цагийн хувьд хүний тархи өглөө эрт илүү сэргэг, өндөр бүтээмжтэй байдаг. Тэртусмаа Монголчууд бид нүүдэлчин ахуй, МАА-гаа дагаж үүрийн жингээр босч адуу малаа хариулдаг байсан сайхан уламжлалтай ард түмэн.

2. Хотын түгжрэл багасна. Бүх бизнесүүдийн цаг давхцахгүй тул замд ногдох машины тоо саармагжина. Замын түгжрэлээс бүтэн 1 цагийг "хожиж чадвал", УБ-т ажил хийдэг хүн 500 000 гэж үзвэл өдөр тутам 500 000 цаг хэмнэх юм.

3. Архидалт ихтэй манай орны архидалт багасна. Нэг ёсондоо өглөө эрт ажилтай тул орой эрт харьдаг болох нь баар, архи үйлдвэрлэгч нарын ашигт муугаар нөлөөлөх хэдий ч ард нь маш олон сайн үр дагавар авчирна.

4. Гэмт хэргийн 90% нь орой үдэш болдог гэж хаа нэгтээ уншсан. Тэгвэл эрт босч, эрт харьж буй нийгмийн гэмт хэрэг олон хувиар багасна.

5. Эрүүл гэр бүл. Гэр бүл салалт, ёс суртахуун, хүүхдийн хүмүүжил бол манай нийгэмд тулгарсан томоохон асуудал. Эцэг эх нь 1 цагаар эрт ажилдаа гарч 1 цагаар эрт гэртээ харихад ХҮҮХДҮҮД БАЯРЛАНА. Нэг ёсондоо эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт байх цаг 1 цагаар нэмэгдэх бүрэн бололцоотой. 500 000 ажил хийдэг хүний гэрт буй хүүхдүүд 500 000 цагаар баялаг болно. Зөвхөн нэг өдөр тутам хэмнэгдэж буй 500 000 мянган цагт манай эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ямар олон ном унших бол? Аливаа бизнесийн төсөлд хөдөлмөрийн бүтээмж, ажлын хөлсийг хүн цагаар тооцдог. Үүнтэй адил өдөр бүр 500 000 цагийг хүүхэддээ зарцуулна гэж үзвэл 500 000 * 360 = 182 500 000 цаг, нөгөө хүүхдүүдтэй өнгөрөөх эцэг эхийн цаг болох юм. Дээр нь гэр бүл салалт багасах хандлага шууд ажиглагдах магадлалтай.

6. Дэлгүүрүүдийн ашиг нэмэгдэнэ. Эрт ажлаас тарсан иргэд эдийн засагт маш их хэмжээний мөнгөний эргэлт оруулж, төрөл бүрийн хоббитой болж, спортоор хичээллэх боломж нэмэгдэнэ.

7. Өглөө эрт нар манддаг, жилийн 220-260 хоногт нь нарлаг байдаг Монгол оронд цахилгаан, дулаан хэмнэгдэнэ. Орой бүр айлууд нэг цагийн эрт унтсанаар олон киловаттын цахилгаан хэмнэж, тэр хэмжээгээр байгаль орчины бохирдол, гэр хорооллын утаа багасна.

8. Бас нэг эерэг зүйл гэвэл блогтоо юм бичиж амждаггүй би ажилдаа 7 цагт ирсэн тул миний тархи арай сайн ажиллаж далимд нь энийг бичих завтай болов.

9. Өөр олон арван сайн бөгөөд эерэг үр дүн гарах тул та энэ дарааллыг цааш нь үргэлжлүүлээрэй.

Дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр

9.26.2010

Blogger-ийн уналт буюу Twitter-ийн сэргэн мандалт

Хэдэн сарын дараа гэртээ бүтэн нэг өдөр амрах боломж олдсон энэ Ням гаригийн мэндийг өөртөө хүргэе. Блогтоо юм бичилгүй бараг 3 сар болсон байна. Нэг ёсондоо би болоод миний амьдарч буй орчин цагийн нийгмийн гишүүд Blackberry, iPhone, iPad, Google-ийн Nexus One гэх мэт үүрэн тоногуудын тусламжтайгаар Тwitter гээч зүйлд 140 тэмдэгт буюу нэг нэг өгүүлбэрээр ЮМ бичих, өөрсдийн нь хэлдэгээр бол microblogging - хийхийг илүүд үзэх болсон бололтой.

Дээр нь ЯРИХ, БИЧИХ буюу илэрхийлэх завгүй, харин XИЙХ -ACTION-д илүү цагаа зарах цаг үеийн ШААРДЛАГА бидний амьдарч буй Монгол орны нийгэмд илүү их бий болсонтой холбоотой ч байж магад. Гэхдээ бичих, ярих гэдэг нь бас хийхийн маш чухал хэсэг гэдгийг тэмдэглэх ёстой. Би жишээ нь бичиж, тэмдэглэх маш дуртай. Блог л бичээгүй болохоос зав гарвал жиргэсээр л байлаа.

Билл Гэйтс, Ц.Элбэгдорж (жаахан хойрго байгаа гэхдээ), иргэний нийгмийн Д.Энхбат, хуульч Тэмүүжин хүртэл маш идэвхитэйгээр твиттерлэж / жиргэж байна. Өнөөдөр 200 сая орчим хүн жиргэж байгаа нь үнэхээр гайхамшигтай.

Миний жиргээг жишээ нь өнөөдрийн байдлаар 620 гаран хүн дагаж (тоож дагасанд баярладаг) байгаа бол би өөрийн сонирхсон сэдвээр, сонирхсон хүн, найз нөхөд г.м 29 хүн/байгууллагын жиргээг дагадаг юм байна. Жиргээ нь таалагддаг хүмүүсийнхээ жиргээний ачаар би НҮБ-ийн чуулган дээр манай ерөнхий сайд юу гэж хэлэв, Билл Гэйтс Бээжингийн аль аль лабораторид зочлов, МҮОНРТ-оор сонин юу байна, Кристина Аманпауэр хэнтэй юу гэж ярив, Өргөөд ямар кино гарч байна, Майкл Мoурын уур яаж хүрч байна, Станфордын их сургуульд ямар нээлт хийв, Обама нөхөр одоо юу гэж бодож байна г.м маш сонирхолтой мэдээллийг нэг хоромын дотор хүлээн авч байна. Нийтлэлч Баабар жиргэдэг болоосой гээд хүлээгээд байгаа, болсон ч байж магад, тэгвэл надад дуулгаарай.

Твиттерийн энэхүү өрнөл анх блог гээч зүйл гараад манай ЭМОС клубын тэргүүтэй залуус блог соёлыг монголд дэлгэрүүлж байсан 2004-5 он санаанд бууж байна. Би анх блогийг өдрийн тэмдэглэл маягаар ашигладаг байсан бол одоо твиттерийг хэрэгтэй мэдээллээ тэмдэглэн үлдээх, хийж буй зүйлээ бусадтай хуваалцах гэх мэт зорилгод ашигладаг бөгөөд эргээд харахад нэг л өдөр Толстойн өдрийн тэмдэглэл шиг наддаа хэрэгтэй товч, тодорхой санах ой болох юм. (Санах ой бол компьютерээс гадна улс нийгэм, пүүс компани, хувь хүнд ч маш чухал. Тун харамсалтай нь бид дээрх 3 түвшинд санах ойн асуудалд тун тааруу хандаж ирсэн улс. Жишээ нь компаний хийж бүтээж, алдаж оносон зүйлсийн жагсаалт гарга гэхэд бүрэн САНАХ ОЙ-той байгаа компани тун ховор. Яг л сонгууль хийх үедээ нөгөө их амлалт хийсэн нөхдүүдийн буян нүглийг санахаа байдагтай адил. Бусад оронтой харьцуулахад аугаа их түүхтэй ард түмэн атал бид түүх, соёлоо бичиж үлдээсэн нь хэр байдаг билээ.)

Мэдээллийн эрин зуун гэсэн улиг болсон тодотголтой манай хавтгай дэлхийд мэдээллийн хурд үнэхээр чухал болж байна. Харин мэдээллээс хэрэгтэйг нь сонгон авч, түүнээ зөв нутагшуулж, зөв боловсруулж, зөв хэрэглэж дадахгүй бол хүний тархи хэт их мэдээллээр нүдүүлээд нэлээд дүйнгэ болох магадлал их болох шинжтэй. Гэхдээ хүний оюун ухаанд хязгаар үгүй билээ. Надад лав жиргэх технологи маш таалагдаж байгаа. Тиймээс Happy tweeting everyone!