Showing posts with label Нээлттэй АН Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн. Show all posts
Showing posts with label Нээлттэй АН Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн. Show all posts

11.26.2016

АН-ын шинэчилсэн дүрмийг боловсруулах явц



#АН-ын Шинэчилсэн дүрэм боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн 5 хоногийн турш өдөр бүр шөнө дөл хүртэл хуралдсаны дүнд АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл ерөнхийдөө гарч байна. АН-ын бүх шатны төлөөлөл орсон уг ажлын хэсэг дүрмийн зүйл заалт бүрт маш нухацтай хэлэлцүүлэг хийлээ. Энэ шинэ дүрэм бол АН-ын шинэчлэлийн суурь платформ байх учиртай. (Санал болгож буй төслийг бүх сум дүүргийн намын хороодод илгээж нээлттэйгээр хэлэлцүүлээд эхэлж буй
Дүрмийн нэлээд чухал хэсэг болох Гишүүний бүртгэл, цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөний журам, АН-ын гишүүний батлах олгох журам, АН-ын гишүүний татварын журмуудыг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахлаж байгаа бөгөөд ирэх Даваа гаригт бэлэн болгохоор зорьж ажиллаж байна. Үндсэндээ манай нам гишүүдээ цоо шинээр үнэн зөв бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, оролцоог үнэлэх, хянах, тайлагнах, хариуцлагын тогтолцоо г.м маш олон чухал асуудлуудыг энэ журмаар шийдэх ёстой. Энэ бүхэнд bar code/ гишүүнчлэлийн ID бүхий мэдээллийн технологийн дэвшил, ERP системд суурилсан цахим үнэмлэх голлох үүрэг гүйцэтгэнэ гэж би хувьдаа үзэж байна. 
Тус дүрмийг 2016.12.06-нд Ардчилсан намын VI их хурлаар (1210 төлөөлөгчтэй) хэлэлцэн батлах юм. Ардчилсан намыг Бодлого суурьтай, Ёсзүй, хариуцлагын тогтолцоотой, Тэгш оролцоотой, Хүний нөөцийн цогц бодлоготой, Нийтийн, ил тод санхүүжилттэй, Хагас босоо тогтолцоотой, Нээлттэй - Иргэний индэр нам болж төлөвших ёстой хэмээн 7 зүйл зарчмыг дэвшүүлж ирсэн Нээлттэй АН - Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн, хөдөлгөөний гишүүд Дүрэм болон Их хурал зохион байгуулах ажлын хэсгүүдэд маш идэвхитэй оролцож, бодит хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.
Энэ дашрамд 1924 оны 11 сарын 26-ны эл өдөр Анхдугаар үндсэн хуулиа батласны 92 жилийн ойн мэнд хүргэе. Харин 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж туурга тусгаар Монгол улсаа байгуулснаа даян дэлхийд зарлан тунхагласан нь үнэн тул тусгаар тогтнолын баярын өдрийг 12 сарын 29-нд тэмдэглэж занших нь зүй билээ.




9.29.2016

DeFacto interview - D.Sainbayar

Өчигдөр миний оролцсон #DeFacto ярилцлагыг эндээс үзнэ үү. Баярлалаа. #ШинэчлэлШийдэл

Хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяр: Одоогийн намын бодлого тодорхойлж буй фракциудын удирдлагад хандаж хэлэхэд " Баярлалаа, Одоо болно!"



9.19.2016

Д.Сайнбаяр: Бидний ард хэн нэгэн байгаа бол тэр нь С.Зориг




Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

“Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сайнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээсэн. Сонгуулийн дүн гардаг шөнө таны хэлсэн дүгнэлт сошиал медиагаар нэлээд шуугиан тарьсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Товчхондоо ард түмэн Ардчилсан намд дүнгээ л тавьсан. Энгийн ард иргэд байтугай гишүүд дэмжигчид АН-даа гомдсон байна. Олон зуун бизнес хаалгаа барьж, олон мянгаараа ажилгүй болж, олон гэр бүлийн амьдрал доройтсон гэдэг бол хөдлөшгүй баримт, өнөөгийн манай нийгмийн бодит дүр төрх. Үүнийг яаж ч хаацайлаад нэмэргүй. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ унасан хэцүү, азгүй үе таарсан ч ядаж байхад АН-ын ах нар фракцилаж хоорондоо маш эв түнжингүй байсан нь хамгийн том алдаа болсон. Сонгуулиар АН-ын дарга нар, томчууд бүгд уналаа. Хүндэлж явдаг залуу үеийн төлөөлөл М.Батчимэг, Х.Тэмүүжин нар ч ялагдал хүлээсэн. Ингэж ялагдана гэж АН байтугай МАН ч төсөөлөөгүй. Гэхдээ заримдаа ялагдал ялалт болдог үе бий. Өнөөдөр АН бүр үндэс сууриараа шинэчлэгдэх цаг болсныг ард түмэн хангалттай ойлгогдохоор хэллээ.

-АН-ын ҮЗХ-ны хуралдаан хоёр дахь удаагаа хойшилчихлоо. Шалтгаан нь Гүйцэтгэх зөвлөлөөс Орон нутгийн сонгуулийн дараа хуралдах нь зүйтэй гэсэн шийдвэртэй холбоотой. ҮЗХ хойшилж байгаа нь хэр зөв шийдвэр гэж харж байна вэ?

-ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах болгонд нэг шалтаг хэлдэг. АН бол ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө, төрийн оролцоо хязгаарлагдмал чөлөөт зах зээлийн үзэл санааг дагадаг хүмүүсийн нэгдэл. Гэвч энэ нам хувь хүний эрх чөлөөг боомилдог нам болж хувирлаа. Одоо байгаа удирдлага нь өөрөө дүрмийн бус. Дээрээс нь үндсэн ажлаа хийхгүй байна. Бидний өмнө хийх ёстой ажил олон байна. Ард түмэн орон нутгийн сонгууль гэхээсээ илүүтэй АН-ыг аль болох хурдан шинэчлэгдэж, шинэ удирдлагаа сонгож, сөрөг хүчний үйл ажиллагаагаа сайн явуулаасай гэж хүсч байгаа. Тэгэхээр ҮЗХ-г хойшлуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Шуудхан хэлэхэд намын даргаар “хэнийгээ тавих вэ” гэдэг шударга бус өрсөлдөөн, аль фракцийн гишүүд ҮЗХ-ны хуралдаанд ирцийг бүрдүүлэх вэ гэдэг ханлигийн системээс бүх зүйл хамаарч байна. Гишүүд нь цуглаад асуудлаа шийдээд л явж байх ёстой. Ер нь ҮЗХ яахаараа хэдхэн цаг хуралдаад тардаг байх ёстой юм. Жүжгийн тавилт уу? Яагаад энэ нөхдүүд өнгөрсөн алдаа оноогоо цэгнээд, тулгамдсан асуудлуудаа шийдээд өдөр болгон хуралдаж болохгүй гэж.

-228 гишүүнтэй АН-ын ҮЗХ намын шинэ даргаа сонгоход хэр чадамжтай вэ. Сүүлийн жилүүдэд хуралдаж чадаагүйг нь харвал бүрэн чадамжтай гэж хэлэхэд эргэлзээтэй байна?

-Товчхондоо үгүй. Дүрмийн дагуу намын их хурлаас сонгох ёстой. Одоо мөрдөгдөж буй дүрмийн дагуу ротациа хийхгүй олон жил болчихсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, дүрмийн бус гишүүд ҮЗХ-д үүрлэж байна. Улс орноор жишвэл УИХ-ын бүрэн эрх нь дуусчихаад байхад ажиллах гэж үзээд байгаа парламенттай яг ижилхэн. Дээр нь намаа сонгуульд ялагдуулсан олонлог. Манай нам ҮЗХ-ны гишүүнийг УИХ-д дэвшүүлнэ гэдэг дүрэмтэй. Гэтэл гишүүн бус олон арван хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Дараа нь нөхөж ҮЗХ-д гишүүн болж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ нам алхам тутамдаа дүрмээ зөрчиж байна. Ард түмэн, энгийн гишүүд дэмжигчид шударга ёс, нээлттэй байдлыг хүсч байгаа. Гэтэл үүний бамбай болж байх ёстой АН ялзарч явсаар өнөөгийн Монголын нийгмийн хамгийн муу муухай болгоны үндэс нь болчихсон байна. Фракц хоорондын зөрчил нь улс үндэстний асуудал болж хувирлаа. АН ёс зүй, зарчим, ёс суртахууны хувьд ялзралын дээд цэгт хүрсэн.

-Уг АН-ыг асуудлаа хамгийн нээлттэй хэлэлцдэг гэдэг. Гэтэл байдал өөрчлөгдөж асуудлыг далд, хүчээр шийддэг, хаалттай нам болж хувирч байх шиг?

-Ер нь аймаг, сумдын намын хороо, дүүрэг, хороодын намын үүрүүдийн ихэнх нь танил тал, бизнесийн сүлжээн дээр тогтнож байна. Манай нам дээрээсээ доошоо авлигын тогтолцоог дэмжигч институци болж төлөвшсөн байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ сонгохдоо хаалгаа түгжээд, үүдэндээ хамгаалалтын алба авч хор найруулдаг нам болсныг олон энгийн гишүүн ярьж хэлж байна. Энгийн гишүүд дэмжигчид нэр дэвших, санал өгөх эрх нь хязгаарлагдмал, шинээр гишүүн элсүүлэх дургүй, элссэн нэгнийг хуралдаа дууддагүй ийм ханлигийн, хаалттай нам болж хувирчээ. Энэ л системээс манай намын ҮЗХ бүрэлддэг. ҮЗХ гишүүдийн дийлэнх нь танил тал, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн сүлжээгээр гарч ирсэн хүмүүс. Нэг ёсондоо авлигын тогтолцоог өөгшүүлж, тэр системээр дамжиж гарсан гишүүд олон байгаа.

-УИХ-д байгаа гишүүдээсээ намын даргаа сонгох нь давуу талтай. Нэгэнт сонгогчдын итгэл хүлээж, суудал авсан учраас тэднээс томилох ёстой гэсэн санал ч явж байсан?

-Ийм утгагүй логик байж болохгүй. Хэрэв манай намаас нэгхэн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байвал зөвхөн түүнийг намын даргаар сонгоно гээд байгаатай адил сонсогдож байна. Ер нь бол намын даргыг үндэстэн даяар сунгаа хийж тодруулах хэрэгтэй. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогч үндэсний хэмжээний нам мөн л юм бол ийм л зарчмаар удирдагчаа сонгох ёстой. Намын их хурал бол үндсэндээ томсгосон ҮЗХ. Одоогийн дүрмийг баримталбал намын их хуралд фракциуд өөрийнхөө хүмүүсийг шургуулах дажинд мордох нь ойлгомжтой. Ийм хуучин тоглоомын дүрмээр гарсан удирдагч бол бас л хэсэг бүлэг фракцийн эрх ашгийг хамгаалагч болж тодроно. Ингэвэл АН бүрэн шинэчлэгдэж чадахгүй. Үүнээс сэргийлж үндэсний хэмжээний сунгаа хийж тодруулах нь нээлттэй намын зарчимд нийцнэ. Зөвхөн гишүүд дундаас гэх юмгүй гишүүд дэмжигчдээс саналаа авсан ч болно. АН сайн шинэчлэгдэн чадвал улс орны язгуур эрх ашигт нийцнэ. Энэ намын шинэ дарга нь аль нэг фракц, явцуу эрх ашгийн хүүхэлдэй биш харин Монголын хөгжлийн алсын харааг тодорхойлогч, ардчилсан үзэл санааны лидер, мерит зарчмыг баримталсан бодлогын намын үндэс суурийг тавигч байх ёстой. Ардчилсан намд цоо шинэ нүүр царай, шинэ лидер хэрэгтэй. Ийм лидерүүд манай намд бий гэдэгт би итгэлтэй байна.

-Залуус намаа шинэчлэх асуудлыг ярьж байгаа нь магадгүй өмнөх үеэ үгүйсгэж байна гэж шүүмжлэх гишүүд ч байгаа шүү дээ?

-Хоёр зүйл хэлье. Алдаа оноотой ч гэсэн өмнөх үе маань түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тэд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой. Гэхдээ одоо хангалттай. Шууд хэлэхэд АН-ын удирдлагад байсан 60-аад оны зарим нөхөд АН-ын удирдлагаас зохистой түвшинд зайгаа авах ёстой цаг үе ирлээ. Та бүгдийн хувийн шинжтэй зөрчилдөөн, дотоодын хямрал энэ улс орныг хямралд хүргэж байна. Эхлүүлсэн ардчиллаа та нар өөрсдөө нураагаад эхлэхийг бид харлаа. АН-ыг эрх чөлөөг боомилогч, авлигын үүр, шударга бус явдлын үндэс болгож хувиргалаа. Та нар бүгдээрээ сайд даргын албыг толгой дараалан ээлжилж хашлаа. Төрийн гурван өндөрлөгийг гурвууланг нь авч байсан үедээ ч улс төрийн хамгийн тогтворгүй байдлыг бий болгож, улс орныг амар тайван авч явж чадсангүй. Та нар хамтарч чадаагүй. Намаа ч ялагдалд хүргэлээ. Одоо энэ улс оронд нэмж гай тарихаасаа өмнө АН-ыг энгийн гишүүд, дэмжигчиддээ буцааж өгөх цаг чинь ирсэн. Энийг сайн ойлго. Үүнийг сонгогч түмэн сая хэлээд өглөө шүү дээ. Түүхэнд сайнаараа үлдэхээ бод. Одоо хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэхийн оронд дараагийн үеийнхэн болох 1970, 1980-аад оны залуустаа ачааны хүндийг үүрүүл гэж хэлмээр байна. Бид уламжлал, шинэчлэлийг хослуулж чадна.

-Шинэчлэлийн талаар АН-ын залуус хүчтэй дуугарах болсон цагаас тэдний ард хэн нэгэн дарга, фракц байна гэх хардлага явж байгаа. Уг нь шинэчлэлийн асуудал өмнө нь ч яригдаж байсан. Тэр үед залуус хүчтэй дуугараагүй байж одоо дуугарч байгаа нь хардах үндэслэл болж байгаа байх?

-Бидний ард хэн нэгэн байхгүй. Бидний ард ардчиллын үнэт зүйлс, АН-ын олон мянган гишүүн дэмжигч бий. Заавал нэг хүн байх ёстой юм бол тэр нь С.Зориг агсан гэж хэлж болно. Өнгөрсөн долдугаар сард “Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий залуус АН-ын удирдлагад анхны шаардлага, тунхагаа хүргүүлэхдээ С.Зоригийн хөшөөний өмнө зогсож байгаад зургаа авахуулж байсан. Ер нь бид байнга тэнд цугларч, асуудлаа ярилцдаг. Шуудхан хэлэхэд З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар зэрэг өөр хоорондоо байнгын зөрчилтэй нөлөө бүхий улстөрч, фракцийн удирдагч нар бидний ард байхгүй. Харин ч энэ хүмүүсийг бүгдээрээ АН дахь нөлөөгөө багасгах шаардлагатай гэж үздэг. Энэ удирдагч нарын хэн нэгний нь нөлөө АН-ын удирдлагад байгаа цагт фракц хоорондын зодоон дуусахгүйгээр үл барам АН-ын шинэчлэл, улс орны хөгжилд саад бэрхшээл учирна. Та нарын хоорондын тэмцлээс ард түмэн залхаж байна гэдгийг онцолж хэлмээр байна.

-Тэгвэл намын удирдлагуудын зүгээс та бүхнийг хэрхэн дэмжиж байна. Шинэчлэлийн асуудал хэр үр дүнд хүрнэ гэж бодож байна?

-Манай нам бүрэн шинэчлэгдэнэ гэдэгт итгэж, найдаж байгаа. Шинэчлэл гэдэг бол олон нийтээрээ хамтдаа хийх нээлттэй диалоги, бас оновчтой үйлдэл юм. Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг шиг дээр дурдсан хүмүүс намын удирдлагыг Ардчилсан намын мартагдсан, таягдсан үзэл санааг хамгийн сайнаар илэрхийлж, дахин амьдруулах цоо шинэ эрч хүч, шинэ зууны хөгжлийн идеологийг тээж чадах залуу үед зайгаа тавьж өгнө гэдэгт итгэхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын ҮЗХ, ГЗ-д зургаан зүйл бүхий шаардлага, тунхагаа хүргүүлсэн. Нааштай хүлээж авсан. 21 аймаг, есөн дүүрэгт шинэчлэлийн хөдөлгөөний салбар зөвлөлүүд байгуулагдаад эхэлж байна. Улс даяар энгийн гишүүд дэмжигчдийн дунд АН-ын шинэчлэлийн асуудлаар судалгаа, санал асуулга хийж байна. Улс төрийн шинжлэх ухааны судлаачид, их сургуулиудын профессоруудтай хамтарч “Улс төрийн намын шинэчлэл, гарц”- сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал хийлээ. Нийтлэлч Баабар, Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн зэрэг нийгмийн үзэл санааны лидерүүд болон АН-ын Лу.Болд, Д.Эрдэнэбат, П.Цагаан, Да.Ганболд, Лу.Гантөмөр, Ж.Батзандан гэх мэт АН-ын үе үеийн төлөөлөл болсон гишүүдийг урьж “Хөгжлийн тухай диалоги” цуврал чөлөөт уулзалтууд хийж байна. Цаашид АН-ын үе үеийн дарга нарыг урьж, санал бодлыг нь сонсоно. Ер нь бид залуу үе гэдэгт биологийн нас огт яриагүй. Дэвшилтэт үзэлтэй хэн бүхэн манай хөдөлгөөнд нэгдэхэд нээлттэй. Хөдөө орон нутагт уулзалт, семинарууд хийж байна. Удахгүй улс орны хөгжлийн асуудлаар хамтарч бичсэн номоо хэвлүүлнэ. Судалгаанд суурилж, өөрсдийн боловсруулсан АН-ын шинэчлэлийн үзэл баримтлал, хөгжлийн модел, дүрмийн төслийг олон нийтэд дэлгэж танилцуулна. АН-ын одоогийн удирдлага, ҮЗХ бидний саналыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн бусад хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2016.09.19 Даваа гариг


8.24.2016

Xүчирхэг үндэстнийг хамтдаа бүтээх (nation building) эрхэм үүрэг БИДНИЙ ҮЕ-д бий

Эрхэм анд нөхөд, хамтран зүтгэгчид, Ардчилсан нам болон Монголын нийгмийн шинэчлэлийг дэмжигчид, шинэ үеийн залуус болон ах, эгч, дүү нар аа. Миний бие эх орныхоо нийгэм, улстөр, эдийн засаг, үндэстний хүсэл эрмэлзэл, хөгжлийн асуудлаар өөрийн үзэл бодол, үзэл санаа, үнэт зүйлсийг хуваалцаж байх зорилгоор Facebook Page (https://www.facebook.com/sainbayar.davaabat) нээж буйг болгооно уу. Та бүхэн LIKE дарж, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байхыг хичээнгүйлэн хүсье!

Хөгжлийн эрчийг бидний үе улам эрчимжүүлж, урагшлуулах ёстой. Өвөг дээдсийн өвлүүлсэн үнэт зүйлсийг умартаж, шударга ёсыг гээж, ёс зүйгүй байдал илт давамгайлсан энэ нийгмээ бид дор бүрнээ аль чадахаар засч, залруулах ёстой. Шинэ зууны цоо шинэ, хүчирхэг үндэстнийг хамтдаа бүтээх (nation building) эрхэм үүрэг БИДНИЙ ҮЕ-д бий. 

САЙН ШИЙДЭЛ, ЗӨВ ГАРЦ-ыг олж нээх, хэрэгжүүлэхэд хүн бүрийн ҮЙЛДЭЛ, ОРОЛЦОО чухал. Тэртусмаа ЗАЛУУСЫН ОРОЛЦОО чухал.

Уудам Монголын (бас дэлхийн) өнцөг булан бүрт Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөл, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг эрхэмлэдэг, Монгол улсын нэр төртэй иргэн, шударга ёсыг сахигч, өндөр ёс зүйтэй ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН олон мянгаараа бий гэдэгт би итгэдэг. Өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийг хийх хүсэл зорилго бидэнд бий. 
Бид хамтдаа хийж чадна. Манай үеийнхэн их өвөг дээдсийн ариун голомтыг бадрааж, хөгжлийн бамбарыг улам өндөрт өргөх болно.

Даваабатын Сайнбаяр 2016.08.24
(Энэ бичвэрийг түгээж тус болно уу. Баярлалаа)