Гадаадад суугаа Монголчуудын Бид сонгох эрхтэй клубын удирдагч Д.Сайнбаяртай ярилцлаа.
-Бид сонгох эрхтэй клуб нь анх удаа Exit Poll санаачлан явуулсан. Тиймээс юун түрүүнд Exit Poll гэж юу болохыг тайлбарлахгүй юу?
-Энэ сарын 14-нд уг судалгааны дүн интернэтийн сайтуудад тавигдсан. Үндэстний Тойм болон хэд хэдэн сонин энэ судалгааг онцолж дурьдсан байна лээ. Юу гэхээр Монголд анх удаа баруунд түгээмэл болсон EXIT POLL гэдэг ойлголт, шинэ практик нэвтэрч байна гэж. Би үүнтэй санал нэг байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо 130 мянга гарчихсан. Гэтэл өнөөдрийг хүртэл явуулж ирсэн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг тоолбол нэг саягарантай л байдаг. Үүнээс харахад нийт сонгогчдын 10-15 хувь нь гадаадад амьдарч байгаа юм. Хуучин хуулиар сум, аймагт 3000 хүний санал авсан хүн ч УИХ-ын гишүүн болж болдог байв. Тэгтэл гадаадад амьдарч байгаа хүмүүс санал өгснөөр УИХ-ын сонгуульд нөлөөлөхөөс илүүтэй тэр чигээр нь өөрчлөх боломжтой байж ирсэн. Энэ удаад харин зөвхөн нам дугуйлах, бас сонгогчдын тоо тун хангалтгүй байсан тул ийм хэмжээний үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Бид Сонгох эрхтэй клубыг санаачлаад дэлхийн найман хот, улсад хөдөлгөөн өрнүүллээ. Сонгуулийн шинэ хуулиар өнгөрсөн тавдугаар сарын 31 гэхэд гадаадад байгаа иргэд сонгуульд бүртгүүлэх ёстой байсан. Өмнө нь Хүн ам, орон сууцны тооллогын үеэр 108 мянган монголчууд бүртгүүлсэн. Тухайн үед ингэж идэвхтэй бүртгүүлсний учир нь Тавантолгойн хувьцаатай холбоотой байлаа. Харин энэ удаа шинэчилсэн бүртгэлийн үеэр 30 гаруй мянган хүн бүртгүүлсэн. Гэтэл дахиад л Сонгуульд бас бүртгэнэ гээд нэг хүн гурван удаа бүртгүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл Монголын ЭСЯ, консулын газар 38 байдаг. Ийм байхад гадаадад байгаа иргэд гурван удаа бүртгүүлнэ гэдэг үнэхээр хүндрэлтэй. Иргэдийн саналыг факсаар авахаас өмнө сонгуульд мянгахан хүн бүртгүүлж байгаа юм. Яг санал өгөх өдрөө бүртгүүлсэн хүмүүс ирэх үү, үгүй юү. Үүнээс үүдэн бид хөдөлгөөн өрнүүлэхээр шийдсэн. Монгол иргэдийн сурч, ажиллаж, амьдарч буй 10 гаран улсын 30 орчим имэйл сүлжээгээр 100 000 иргэдэд мэдээлэл, видео сурталчилгаа явуулсан. Үүний үр дүнд иргэд идэвхижиж, долоон хоногийн дотор 4770 хүн болж нэмэгдсэн. Эндээс 2700 гаруй хүн саналаа өгсөн байгаа. Exit poll бол саналаа өгөөд гарч ирснийх нь дараа “Та аль намд саналаа өгсөн бэ” гэж асуугаад яг сонгууль шиг саналыг нь хаалттай байдлаар авч судалгаа хийдэг. Энэ судалгаа Америк, Англи зэрэг өндөр хөгжилтэй орнуудадад өргөн дэлгэрсэн байдаг.
-Та бүхний явуулсан Exit pollнэлээд шуугиан тарьсан шүү дээ?
-Бидэнд судалгаа хийх нь л чухал байв. Ямар ч үр дүн гарсан бидэнд хамаагүй. Гол нь бодитой байх нь чухал. Бидний явуулсан судалгаагаар энэ удаа Ардчилсан нам давамгайлсан. Харин Ардын нам хоёрт, Иргэний Зориг-Ногоон нам, МАХН зэрэг гуравдагч хүчин 10 гаруй хувьтай буюу нэлээд өндөр гарсан. Гадаадын зургаан хотод байгаа иргэдийн дунд энэхүү судалгаа хийсэн юм. Энэ хотуудад нийт 700 гаруй сонгогч байсан бөгөөд бидний түүвэрт 250 орчим хүн оролцсон. Энэ судалгааны ажилд Цахим Өртөө Сүлжээ, Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин, Калифорний Замдаан сэтгүүл, Вашингтон дахь Монгол Соёлын Төв, болон Англи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоодын гишүүд дэмжигчид хамтарч ажилласан. Барууны улс оронд сонгууль явуулж байхад телевизээр тэр ялж байна, энэ нь ялагдаж байна гээд л үзэгчид хараад сууж байдаг шүү дээ. Энэ бол Exit poll байхгүй юу. Үүнтэй сонгуулийн дүн яг л таарч байдаг. Гэхдээ Монголчууд саналаа өгч гарч ирээд буруу бөглөж байгаа эсэхийг бид мэдэхгүй.
-Ингэж санал асуулга явуулах нь Сонгуулийн тухай хууль зөрчихгүй юү?
-Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй. Герман, Лондонгийн гудамжинд санал асуулга авах эсэх нь тэндхийн хуулиар зохицуулагдана. Харин мэдээллээ цацахдаа Twitter, Facebook-ээр цацсан. Бид бол нам бус. Бидний хувьд гагцхүү гадаадад амьдарч байгаа иргэдийнхээ хуулиар эдлэх эрх болох саналаа өгөхийг л уриалсан. Нэг ёсондоо Элчин сайдын яам, Консулын газруудын хийх ёстой ажлыг хийж өгч тусалсан. Дараа нь бид Монголын сонгуулийн практикт шинэлэг судалгаа хийж үзье гэж багагүй хөдөлмөр зарж энэ судалгааг дэлхийн таван хотод хийсэн. Гэтэл энэхүү судалгааны дүн гарсны дараа Ардын нам нэлээд эсэргүүцэл илэрхийлсэн. Ер нь судалгааны дүн хүн бүрт таалагдахгүй албагүй. Тэгтэл эргээд “Зугтаж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж амьдаръя”, “Ачааны хүндийг үүрч байна” гэхчлэн сурталчилгаа явуулж байх жишээтэй. Ер нь цахим ертөнцөд гадаадад буй иргэдийгэх орноо орхиж явсан, эсвэл харин ч эх орныхоо төлөө явсан, эх орондоо хөрөнгө оруулж байна гэхчлэн хүмүүсийн санал хуваагддаг л даа. Япон, Солонгос, Хятад гээд олон улсууд гадаадын томоохон их, дээд сургууль руу иргэдээ явуулж боловсрол эзэмшүүлэн эргээд эх орондоо ажиллах боломжийг нь нээж өгдөг. Бүр олон жилийн ийм алсын хараатай ажилладаг. Өнөөдрийн хятадын хамгийн том компаниудыг эргэн ирэгсэд буюу репадууд нээсэн байдаг юм шүү дээ.Би эх орондоо ч тэр, гадаадад ч тэр сурч, ажиллаж, амьдарч үзсэн. Ер нь уул уурхайн орлого олохоос өмнө Монголыг гадаадад ажиллаж байгаа монголчууд л ах дүүс, гэр бүл рүүгээ мөнгө явуулж тэжээсэн. Мянганы Сорилтын сангаас 200 сая ам.доллар авлаа гээд баярлаад байдаг биз дээ. Энэ мөнгийг чинь гадаадад байгаа Монголчууд жил бүр бэлнээр монгол руугаа явуулдаг юм шүү дээ.Энэ утгаараа энэ мөнгө бол Мянганы биш Жилийн сорилтын сан байхгүй юу. Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан байдаг. Гэтэл үүнийг нь Сонгуулийн тухай хуулиар хаасаар ирсэн. Энэ бүгдийг шинэчилж, өөрчлөхөд Ардчилсан нам, Иргэний Зориг нам бидний санаачлагыг дэмжиж ажиллаж ирсэн. МАН-аас бол Ж.Сүхбаатар, Н.Энхболд зэрэг гишүүд дэмжиж ирснийг бас дурдмаар байна. Манай Цахим Өртөө бол улс төрийн байгууллага биш. Аль ч намын хүмүүс байж л байдаг, дэлхийн 60, 70 улсад гишүүнчлэлтэй имэйл сүлжээ юм шүү дээ. Сонгох эрхийн төлөө тэмцэхийн тулд Ардчилсан нам, Иргэний Зориг намтай санамж бичигт гарын үсэг зуран хамтарч ажилласан. Харин Ардын нам хойрго хандсаар ирсэн. Ардын намынханд гадаадад амьдарч буй иргэд Ардын намыг сонгохгүй байх магадлалтай гэсэн айдас байдаг юм болов уу гэж бид боддог байсан. Бидний тухайд иргэдийн сонгох эрх нь чухал учраас биш улс төрийн аль хүчинд өгөх эсэх нь бидэнд огт хамаагүй. Гэхдээ Ардын нам Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газар өөрийн намын хүнийг томилдог. Вашингтон, Сан-Франциско, Сөүл, Лондон, Берлинд судалгаа хийхэд иргэд Элчин сайдын яам, Консулын газар маш хангалтгүй ажиллаж байна гэсэн. Ийм байхад гадаадад байгаа иргэдээ зугтаж байна гэх сурталчилгаа явуулж байгаагаа эргэж хараасай, бодолцоосой гэж хэлмээр байна. Энэ үйлдэл нь магадгүй нөгөө нам руугаа чиглэсэн байж болох ч маш олон хүн үүнийг дургүйцэж хүлээн авч байгаа. Намын уриа ард түмэн рүүгээ чиглэсэн байдаг болохоос улс төрийн нөгөө намаа намнах ёсгүй. Энэ бол улс төрийн соёл дутагдаж байгааг харуулж байгаа юм. Монголдоо сайхан амьдаръя гэж юу гэсэн үг вэ. Монголдоо сайхан амьдрахын тулд гадаад руу гарч ажиллажбайгаа шүү дээ. Тэд Монгол руугаа буцах хоног өдрийг тоолж суудаг юм шүү. Энэ урианы утгыг гадаадад байгаа Монголчууд маш эмзэгээр хүлээж авч байна.
-Энэ судалгааг удирдсaн хүний тань хувьд нэг зүйл асууя. Гадаадад байгаа сонгогчдын EXIT POLL-ийн дүн энэ УИХ-ын сонгуулийн нийт дүнтэй таарч чадах болов уу?
-Ямартай ч Ардын намынхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн 80 хувь нь Ардын намд саналаа өгсөн гэж яриад байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл юм. Харин нам бус, гадаадад суугаа иргэдийн төлөөлөл болсон БИД СОНГОХ ЭРХТЭЙ клубын судалгаа бол шинжлэх ухааны үндэстэй юм шүү дээ. Ардын нам ямар ч судалгааны үндэсгүй зүйлээр 80 хувь нь бидэнд саналаа өгсөн гэж яриад байна. Өнөөдөр аль ч нам 80 хувийн саналаар ялахгүй гэдэгт хувьдаа бүрэн итгэлтэй байгаа. Мөн тоог судалгаан дээр үндэслэж гаргадаг болохоос зүгээр хэлчихдэггүй юм. Бидний тухайд Сөүл, Берлин, Лондон зэрэг хэд хэдэн хотод хийсэн судалгааны дүнгээ хэлсэн. Зарим газар нь Элчин сайдын яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр судалгаагаа явуулсан. Exit poll бол барууны улсын туршлагаар маш бага зөрүүтэй байдаг. Харин манай нийт сонгогч цөөн учир хувийнх нь хэлбэлзэл өндөр байхыг үгүйсгэхгүй. Бидний судалгаа бол зөвхөн гадаад дахь судалгаа тул Монголд ямар үр дүн гарахыг бол мэдэхгүй. Гадаадад байгаа монголчуудыг нийгмийн тэргүүлэх идэвхитэй гишүүд, сэхээтнүүд гэж үзэж байгаа. Гуравдахь хүчнийг их дэмжсэн дүн гарсан. Тиймээс энэ хүмүүсийн сонголт их чамбай сонголт байх болов уу.
-Гадаадад суугаа сонгогчдын онцлог Монголд суугаа иргэдийнхээс өөр байгаа байх. Таны харж байгаагаар юу байна вэ?
-Гол гурван ялгаа байна. Нэгд, гадаадад амьдарч байгаа иргэд энэ намуудаас мөнгө горьдож санал өгөхгүй, эдийн засгийн хувьд хамааралтай биш. Мөнгө тараах ч юм уу, 10, 20 мянган төгрөг өгөх нь тэнд амьдарч байгаа өндөр орлоготой иргэдэд сонин биш юм. Хоёрт, гадаадад байгаа иргэд бүгд жаргалтай хүмүүс биш шүү дээ. Тэндээ хөлөө олох гэж бүгд л хэрэндээ зовлон үзсэн, бас эх орноо хайрлах сэтгэл нь бараг Монголд байгаа иргэдээсээ илүү, тухайн амьдарч байгаа улсынхаа эмнэлэг, цэцэрлэг, сургуультай нь Монголоо харьцуулж, Монголоо хэрхэн ийм болгох вэ гэдэгт байнга сэтгэл зовниж, эрдэм эрдэнээ өвөрлөөд нутагтаа харихыг хүсдэг хүмүүс. Энэ хүмүүс энэ эх оронч үзлийнхээ дагуу их бодитой мөрийн хөтөлбөртэй намыг сонгох байх. Гуравдугаарт маш олон иргэд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө гадааадад ажиллаж, үүнээс болж ирж чадахгүй байна. Энэ хүмүүс ирэх дөрвөн жилийг харахгүй. Ойрын 10 жилийн ирээдүйг харж, нэлээд алсын хараатай сонголт хийх суурь сэтгэлзүйтэй. Монголд байгаа зарим сонгогчид хүүхдийнхээ ирэх жилийн сургалтын төлбөр, хэн нь цалин нэмэгдүүлэх тухай л харж байна. Гэхдээ Сөүлд байгаа монголчуудын үзэл бодол, Берлинд байгаа монголчуудынхаас өөр. Сөүлд байгаа иргэдийн дийлэнх нь Ардын намыг дэмжиж байхад Вашингтон, Сан-Франциско зэрэг улсад байгаа монголчууд Ардчилсан нам, Иргэний Зориг намыг дэмжиж байх жишээтэй. Ийнхүү гадаадад байгаа иргэд сонгох эрхээ эдэлж байгаа нь маш том алхам юм. Сонгуулийн шинэ хуулийг баталсан улстөрчдөд талархал илэрхийлмээр байна. Ялангуяа Ардчилсан нам, Иргэний Зориг намынхан. Мөн Ардын намаас Н.Энхболд, Ж.Сүхбаатар гээд сайн хүмүүс бий. Дараа, дараагийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийн сонгуульд оролцох идэвхи нэмэгдэх байх аа.
-Энэ идэвхийг улам нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол?
-Exit poll-ийн хүрээнд бид зарим оронд санал асуулга явуулсан. Иргэдээс нийт 10 асуулт асуусан юм. Дараа, дараагийн сонгуульд юуг анхаарвал зохих вэ гэхчлэн. Үүнээс үзэхэд сонгогчид цагийг тулгаж ажлыг явуулж байна, бүртгэл хийх ажлыг боловсронгуй болгох, мөн Консул, Элчин сайдын яамыг идэвхтэй үйл ажиллагаа явуулаач гэдэг асуудлыг тавьж байсан. Түүнчлэн сонгуулиа заавал биеэр очиж өгөх нь хүндрэлтэй байгаа юм. Яваандаа шуудангаар, факсаар, интернэтээр өгч болдог тийм соёлт, дэвшилтэт нийгэм рүү бид дөхөж л таараа. Одоохондоо шуудан, интернэт нь асуудалтай байх талтай, хууль эрхзүйн орчин бүрдээгүй байна. Цахим гарын үсэг, ухаалаг бүртгэлийн систем, цахим хурууны хээ гэх мэт зүйлс бидний амьдралд удахгүй нэвтрэх биз ээ.
-Танай клуб энэ судалгааг ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар хийх үү?
-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ яагаад үгүй гэж.
-Ярилцсанд баярлалаа.
(Улс төрийн тойм)
No comments:
Post a Comment