Showing posts with label миний оролцсон номууд. Show all posts
Showing posts with label миний оролцсон номууд. Show all posts

7.29.2009

Цагийг бэлгэдэгч наран чөлөө

Ажил, амьдрал гээд ойрдоо блогтоо юм бичиж амжаагүй байна. Улс нийгэм, эргэн тойронд болж буй зүйлст ам нээж, хуруугаа товшуулмаар санагдах авч илүү чухал зүйлст хадагдаж, цагийн боол болоод, бас дээр нь залхуу гэж өвчний гайгаар юу ч бичээгүй байна. Гэхдээ буяныг бодож дуулгах ёстой нэг зар байна.

10 аад хоногийн өмнө ажил дээр 2 хуврага ирж Ажиа гэгээн Монголд морилон ирснийг дуулгаж, нэгэн сайхан номын нээлтийн ёслолын урилга гардуулсан юм. Хоёр жил хагасын өмнө Др. Ш.Баатар (Сан-Франциско), Др. М.Саруул-Эрдэнэ (Вашингтон), Др. Ч.Чимэгбаатар (Токио), Д.Цэрэнбат (Лондон) ах нарын хамт Монгол гэгээнтэн Ажиа Ринбүүчийн намтарыг монгол хэлнээ буулгах эрхэм үүрэг хүлээсэн билээ. Хэдийгээр орчуулагдаад удаж байгаа ч энэ жил хэвлэгдэж түмний хүртээл болж буй нь энэ ажээ. Азаар бусад хэсгийг бодвол үг хэллэг гайгүй сүүлийн бөлөг буюу 1998 оноос хойш Барууны ертөнцөд өнгөрөөсөн он жилүүдийн хэсгийг молхи би монгол хэлэнд буулгахаа аядсан. (Г.Аким гуайн The dictionary of Buddhist terminologies бэсрэг толь маш их хэрэг болсныг дурдах нь зүй.) Номын орчуулгыг Монголын нэн шинэ үеийн шилдэг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ах ариутган шүүсэн тул алдаа мадаг гайгүй байх гэж найдна. Ингээд энэ урилгыг 1 хоногийн өмнө та бүхэнд хүргэж буйдаа хүлцэл өчье. Та бүхэн Ажиа гэгээн Монгол нутагтаа биеэр морилон ирсэн энэ сайхан завшаанаар гэгээнтэнтэй биечлэн уулзаж адис авч, эрдэм номын эрч, ивээлээс нь хүртэнэ буй заа.
ЗАЛЛАГА

Монгол гэгээнтэн Ажиа Ринбүүчийн намтар
"Цагийг бэлгэдэгч наран чөлөө" Хөх нуураас тодорсон Монгол гэгээний туулсан амьдрал номын нээлтэнд хүрэлцэн ирэх заллага айлтгая.

Номын нээлт: ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн зааланд 2009 оны 07 сарын 30-ны өдрийн 10 цагт

Хөтөлбөр:

10.00-10.05 Нээлт
10.05-10.20 Ажиа Ринбүүчийн тухай товч баримтат кино
10.20-10.30 "Цагийг бэлгэдэгч наран чөлөө" номыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагчдын сэтгэгдэл
10.30-10.40 Номыг ивээн тэтгэгч өглөгийн эздийн сэтгэгдэл
10.40-11.00 Ажиа Ринбүүчийн айлдвар сургаал
11.00-11.10 Номын дээж түгээх
11.10-11.15 Хаалт

Энэхүү номыг орчуулах буянтай үйлсийг анх санаачилж, олон мундаг доктор ах нарын хажуугаар өчүүхэн намайг тоож томилсон Ш.Баатар ахдаа талархал илэрхийлж, дорд мэхүйн ёслоё!

Багш дор мөргөмү!
Ном дор мөргөмү!
Хуврага дор мөргөмү!

11.12.2008

Намрын шаргал өдрүүд

Улаанбаатар хотод минь намрын шаргал өдрүүд хөвөрч байна. Ойрд хүйтний эрч чангарч байна даа. Өнгөрсөн 7 хоногт Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялж дэлхий даяар тэмдэглэлээ. Ийм олон хүн баярласан ерөнхийлөгчийн сонгууль байдаг болов уу? Миний мэдэхийн лав үгүй байх. Аугаа Мартин Лютер Кингийн, олон зуун сая өнгөт арьстнуудын, ерөөс хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ оллоо. Өөр нэмж хэлээд байх ч зүйл алга, зүгээр л браво! УБ дахь АНУ-ын элчингийнхэн болоод монголд буй америкчууд стар хотхонд цуглаж ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээ хамтаар хүлээж, хамт тэмдэглэцгээж байх юм. Энэ их сайхан уламжлал бололтой.

Ойрд яагаад ч юм ажилдаа нэлээд дарагдсан хэдий ч дотроос нь өнгийх урам хайрласан үйл явдлууд их болов. Өнгөрсөн хагас сайнд дуучин Наран 5 ширхэг шинэ цомогийнхоо нээлтийг Хаан театрт хийлээ. Таван хэлээр жааз хэв загвараар дуулжээ. Үнэхээр чадалтай хоолойтой, ховор авъяастай хүн юм аа. Дараа түүний цомгоос заавал авна аа. Тэр өдөр мөн УДБЭТ-т Кармен дуурь бас дараа өдөр нь Хунт нуур балетын улирлын нээлт болов. Аль алинд нь ажил давхцаад очиж чадаагүйдээ харамсав.

Өнөөдөр буюу 11/12 -ны бэлгэт сайн өдөр яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг эгчийн АНУ-д байх зуураа орчуулсан 6 цуврал ном буюу дэлхийн шилдэг зохиолын "Хөх дэвтрүүд" цуврал номын нээлтэнд хүрэлцэн очлоо. Олон жил, нойр хоолоо хасан байж эдгээр номуудыг орчуулсныг нь сайн мэднэ. Авъяас билэгтэй дээр үнэхээр хөдөлмөрч, шулуун шударга зантай Оюунчимэг эгч олон жил шургуу ажиллаж өнөөдөр зорилгоо биелүүлээд номын баяраа хийж байхыг харахуйяа сэтгэл хөдөлж, урам зориг авахгүй байхын аргагүй байлаа. Тийм ээ, дэлхийн сонгодгуудын охиос эх хэлнээ хөрвүүлсэн Оюунчимэг эгчийн цаашдын үйлст өндөр амжилт хүсмү. Чадал дорой миний биеийг тоож гайхамшигт Шоша романыг редакторлах үүрэг хүлээлгэсэн танд бас баярлалаа. Үнэндээ ганц нэг үсгийн алдаанаас өөр юу ч өөрчлөөгүй нь үнэн билээ. Номонд дуртай та бүгд доорх номуудыг Интерном болон бусад дэлгүүрүүдээс заавал авч уншаарай:

Нэг: Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн "ШОША" роман
Хоёр: Луйс Борхесийн "ЗҮҮДНИЙ НОМ" сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
Гурав: Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын "ТОГЛООМ ДУУСЛАА" шилмэл өгүүллийн түүвэр
Дөрөв: Венедикт Ерофеевийн "МОСКВА-ПЕТУШКИ" роман
Тав: Милорад Павичийн "САЛХИНЫ ДОТООД ТАЛ" гүн ухааны роман
Зургаа: Ричард Бахын "ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД" роман Дэлгэрэнгүй

Үүний дараа ээжийнхээ хамт Фредерик Шопений 200 жилийн ойн арга хэмжээний нээлтийн концерт, төгөлдөр хуурын тоглолтыг УДБЭТ-д үзэв. Польшийн ЭСЯ, МУЗ зохион байгуулсан уг тоглолтод Агата Лукашевич гэж Польшийн маш алдартай залуу төгөлдөр хуурч морилж Шопений урын сангаас уран чадварлаг тоглож, эрдэнэт хүмүний нэгэн гайхамшигт ур чадварыг харууллаа. Театрын захирал хатагтай УДБЭТ энэ жил 2 ширхэг Ямаха фирмийн тус бүр 50 сая төгрөгийн хаан хууртай болсныг энэ үеэр танилцуулсан нь бас нэн сайхан санагдлаа. За ямартаа ч өнөөдөр ажлаа сайн амжуулж чадсаны дээр номын хуртай, дууны хөгтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Маргааш ч бас эрч хүчээр дүүрэн, бурхан ивээсэн сайхан өдөр болох нь үнэн буй заа. Амьдрал өөрөө алдаа оноо, жаргал зовлон, гуниг баяслаар арвин, чухамдаа л сонин сайхан явдлаар дүүрэн эд юм даа. Үүнийг уншиж буй танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!

10.09.2008

Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг

Зарим уншигчын хүсэлтээр, мөн Номун Далай - цахим дэлгүүрийн 1 жилийн ой болж өнгөрч буйтай холбогдуулж жил гарны өмнө журмын анд нартайгаа хамтран орчуулсан "Дэлхий бөөрөнхий биш" номын хэсгээс блогтоо оруулж байна. Таалан соёрхoно уу. Энэ номыг Номун Далай цахим дэлгүүрээс худалдан авах бүрэн боломжтой. АНУ дахь салбараас худалдан авсан тохиолдолд ноён Баабарын бичсэн History of Mongolia англи хэл дээрх сэтгүүлийг урамшуулал болгон олгоно. Мөн 50$ оос дээш гүйлгээ хийж биднийг дэмжсэн бүх хүмүүст Богд Зонховын "Бодь мөрийн зэрэг" номыг үнэгүй бэлэглэж байна. Номын буян арвижих болтугай!

Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг
Y2K
(Олон улсын бестселлер Томас Фридманы "Дэлхий бөөрөнхий биш" номын хэсгээс)

1947 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэг орон өөдлөх үедээ өөдлөж, уруудах үедээ уруудаж ирсэн хэдий ч зарим талаараа хорьдугаар зууны сүүл үеийн түүхэнд хамгийн азтай орон гэж тэмдэглэгдэх магадлалтай.

Саяханыг болтол Энэтхэг улс банк санхүүгийн ертөнцөд "хоёр дахь худалдан авагч" гэж нэрлэгддэг байв. Зочид буудал, гольфийн талбай, эсвэл худалдааны цогцолборын анхны эзэд нь дампуурал зарлаж, банкинд бүхий л үнэт цаасны өртөгийн доллар тутам нь арван центээр зарагдах үед арилжаа хийж хоёр дахь худалдан авагч болох нь ер нь аль ч бизнест хамгийн их үр ашиг авчирдаг зүйл. Чухамдаа шилэн кабелийн компаниудын тавьсан кабелийн шугамыг анх худалдан авч, үргэлж хил хязгаараа тэлж буй дижитал ертөнцөд тоймгүй ихээр баяжина гэж төсөөлсөн анхны худалдан авагчид нь Америк хувьцаа эзэмшигчид байв. Хөрөнгийн бирж дэх хиймэл хөөсөнцөр хагарах үед тэд үнэ цэнэ буурсан эсвэл огт үнэгүй болсон хувьцаатайгаа л хоцорсон билээ. Үр дүнд нь эдгээр шилэн кабелиудын хоёр дахь худалдан авагчид нь Энэтхэгүүд болсон юм.

Яг үнэндээ Энэтхэгүүд хувьцаа худалдаж авсангүй. Харин хэрэглээнээс хэт илүүдэж татагдсан шилэн кабелиас гол ашигаа олсон бөгөөд, энэ нь угтаа тэд болон тэдний Америк үйлчлүүлэгчид тэрхүү асар их кабелийг үнэгүй ашиглах боломжтой болсонтой холбоотой. Энэ бол Энэтхэг орны хувьд тэнгэрийн умдаг атгасантай (арай бага хувь нь Хятад, хуучин ЗХУ, Зүүн Европт) адил явдал болсон юм. Чухамдаа орчин цагийн Энэтхэгийн түүх гэж юусан билээ? Энэтхэг орон хэдийгээр байгалийн баялаг, ашигт малтмалын олдвор (нүүрс, төмрийн хүдэр, алмааз) ихтэй ч, энэ нь тэжээх хүн амтай нь харьцуулвал үнэндээ хаана нь ч хүрэлцэхгүй юм. Харин үүний оронд Энэтхэг өөрийн орны хүмүүсийн тархийг малтаж, элит давхаргын томоохон хэсгийг шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны салбарт суралцуулжээ. 1951 онд Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн түүхэн гавьяагаар долоон ЭТИ-ийн (Энэтхэгийн Технологийн Институтийн) анхных нь Харагпур хотын дорнод хэсэгт үүсэн байгуулагдсан билээ.

Үүнээс хойш тавин таван жилийн турш олон зуун мянган Энэтхэг залуус эдгээр ЭТИ-үүд болон чансаа сацуу хувийн сургуулиудад (түүнчлэн бизнесийн удирдлага заадаг зургаан Энэтхэгийн Менежментийн Институтэд) элсэхээр хүчээ сорьж, дараа нь амжилттай төгсөхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж ирэв. Энэтхэгийн нэг тэрбум гаран хүн амыг бодолцож үзвэл энэхүү өрсөлдөөний дундаас гайхалтай чадварлаг сэхээтний бүлгүүд төрөн гарсан гэлтэй. Энэтхэг орон дэлхийд гайхагдсан инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг яг л цөцгийний үйлдвэр аятай бэлтгэж, экспортлох болсон байна.

Ай даа, Энэтхэгийн зөв хийж чадсан цөөхөн зүйлсийн нэг нь энэ буюу. Яагаад гэвэл байнга доголддог улс төрийн тогтолцоо, Неругийн Зөвлөлт, социалист орнуудыг дэмжсэн байр суурь 90-ээд оны дунд үе хүртэл баттай үргэлжилснээр Энэтхэг орон энэ л авьяаслаг инженерүүдээ сайн ажлын байраар хангаж чаддаггүй байв. Тиймээс л Америкчууд Энэтхэгийн оюуны хүчийг худалдан авах хоёр дахь худалдан авагч болж байсан юм.

Хэрвээ та ухаалаг, боловсролтой Энэтхэг хүн байсан бол өөрийнхөө нөөц бололцоог ашиглах цорын ганц боломж нь гадаад руу гарах, бүр тэр тусмаа 1953 оноос хойш Энэтхэгийн хамгийн шилдэг инженерийн сургуулиудаас төгссөн хорин таван мянга гаран мэргэжилтнүүдийн суурьшсан Америк орон руу гарч, Энэтхэгийн татвар төлөгчдийн мөнгөөр олж авсан боловсрол мэрэгжлийнхээ хүчээр Америкийн мэдлэгийн санг баяжуулах арга зам байх байв.

"Энэтхэгийн Технологийн Институтууд өндөр шалгуурын стандартаа улсынхаа буурай тогтолцооны нийтлэг түвшингээс ангид байлгасан учраас амжилтын оргилд хүрч чаджээ" хэмээн Вол Стрийт Журнал (2003 оны 4 сарын 16) сонинд өгүүлжээ. "ЭТИ-д хахууль өгч, арын хаалгаар орно гэж байхгүй... Элсэгчид зөвхөн хүнд шалгалтыг давж чадсан нөхцөлд л ордог. Сургалтын хөтөлбөрт засгийн газрын оролцоо байхгүй бөгөөд оюутнууд маш хүнд ачаалалтай суралцдаг... Нэг талаар ЭТИ-д орох нь Харвард эсвэл Массачусеттсийн Технологийн Институтэд орохоос ч хэцүү... Сан Майкросистемс компанийг үүсгэн байгуулалцсан, ЭТИ-ийн төгсөгч Винод Хосла "Дели дэх ЭТИ-ийг төгсөөд би Карнеги Меллон Их Сургуульд магистрын зэрэг горилж суралцсан юм. ЭТИ-д сурч байсантайгаа харилцуулахад надад хичээл сургууль маань үнэндээ төвөггүй амар санагдаж байлаа" хэмээн дурсаж байв.

Эхний тавин жилийн дийлэнх үед эдгээр ЭТИ-үүд нь Америкчуудад олдсон хамгийн ашигтай нөөц бололцооны эх ундрага болж байлаа. Бараг л хэн нэгэн хүн Шинэ Делигээс эхлээд Пало Алтод цутгадаг оюуны чадамжийн урсгал суваг татсантай адил байв. Барагцаалбал ЭТИ-ийн дөрвөн төгсөгч тутмын нэг нь АНУ-д ирдэг болсон нь бүр цаашдаа нэмэн нэмэгдсээр эх нутгаасаа гарч АНУ-д нүүн суурьшсан ЭТИ төгсөгч нар АНУ-д өөрсдийн байгууллагыг хүртэл байгуулж, жил бүр зохиодог хурал цуглаантай болжээ.

Гэтэл дараахан нь Нэтскэйп, 1996 оны цахилгаан холбооны хууль дүрмийн чөлөөт систем, Глобал Кроссинг ба түүний шилэн кабелийн андууд ар араасаа төрөн гарав. Дэлхий ертөнц тэгширч, бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөв. "Энэтхэг улсад ямар ч нөөц, ямар ч дэд бүтэц байсангүй" гэж эцэг эх нь ЭТИ төгсөөд Америкт ирж өөрийг нь төрүүлсэн, одоо Волл Стрийтэд хамгийн нэр хүндтэй хэдж фундын (1) фирмийн менежер залуусын нэг болох Динакар Сингх яриад "Энэтхэг чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэж чадсан. Гэвч тэдний олонхи нь Энэтхэгийн усан онгоцны өртөөн дээр хүнсний ногоо адил ялзарч байв. Зөвхөн цөөн хэд нь усан онгоцонд сууж, гадагш гарч чадаж байлаа. Цаашид байдал ийм хэвээр үргэлжлэхгүй ээ, яагаад гэвэл бид шилэн кабель хэмээгч далай гатлагчыг барьчихлаа... Хэдэн арван жилийн туршид хүн Энэтхэгээс гарч байж л мэргэжилтэн болдог байсан... Одоо бол Энэтхэгээс бүх дэлхий рүү холбогдож болно. Өнөөдөр хэн ч над шиг Елийн их сургуульд сураад дараа нь Голдман Сакст ажиллах шаардлагагүй болсон" гэв.

Энэтхэг хэзээ ч нарийн технологи хөгжсөн Америктай оюуны өндөр чадамж бүхий Энэтхэгийг холбох өгөгдөл дамжуулах хоолой барьж, түүний өртөгийг төлж дийлэхгүй байсан тул Америкийн хувьцаа эзэмшигчид энэ бүхэнд мөнгө хаяжээ. Тиймээ, хэт илүүдсэн хөрөнгө оруулалт заримдаа сайн байх талтай. Төмөр зам барихад хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь яваа яваандаа Америкийн эдийн засагт агуу дэмтэй хэрэг болж хувирсан. "Гэвч, төмөр замд хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь өөрийн орноор хязгаарлагдаж байсан, тэр утгаараа ашиг өгөөж нь ч эх орондоо л шингэсэн" гэж Сингх хэлж байна. Дижитал төмөр замын хувьд гэвэл "гадаадынхан л үүнээс хожсон". Энэтхэг бол хөдөлж буй тэргэнд үнэгүй дайгдсан орон юм.

Энэтхэгт буй оюуны хүчийг Энэтхэгт нь ашиглаж болох санааг Америкийн компаниуд нээж эхэлсэн тэр үеийг мэддэг Энэтхэгүүдтэй ярилцах нь их сонирхолтой санагддаг. Тэдний нэг нь Энэтхэгийн программ хангамжийн салбарт хамгийн том нь болох Випро фирмийн ерөнхийлөгч Вивек Паул юм. "Олон өнцгөөс харахад Энэтхэгийн мэдээллийн технологийн аутсорсинг хувьсгал Женерал Электрик (ЖиИй) корпораци орж ирснээр эхэлсэн. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үе шүү дээ. Яг энэ үед Техас Инструментс компани Энэтхэгт компьютерийн чипний загвар хийж байлаа. Тэдний Америк дахь гол зохион бүтээгчдийн зарим нь Энэтхэг байсан бөгөөд үндсэндээ эдгээр зохион бүтээгчдийг гэр рүү нь явуулж, гэрээс нь ажлыг нь хийлгэх (хоорондоо харилцахдаа тэр үед байсан нэлээд бүдүүлэгдүү харилцаа холбооны сүлжээг ашиглаж байв) болжээ. Тэр үед миний бие Банглорт ЖиИй Мэдикал Системсийн үйл ажиллагааг удирдаж байв. ЖиИй-гийн дарга Жак Вэлш 1989 онд Энэтхэгт хүрэлцэн ирээд гайхширан, Энэтхэгийг өөрийн компанийхаа оюуны нөөц бололцооны эх сурвалж болох юм байна гэдэгт бүрэн итгэжээ. "Энэтхэг бол хөгжиж буй орон авч өндөр хөгжсөн оюуны нөөцтэй орон юм" хэмээн Жак хэлсэн гэдэг. Тэрээр ашиглаж болох авьяас чадварын их уурхайг олж харжээ. Тэгээд "Программ хангамж үйлдвэрлэхэд бид маш их мөнгө зарцуулдаг. Мэдээлэл технологийн албандаа зориулж энд бид бага сага ажил хийж болох юм биш биз?" гэж байв. Учир нь Энэтхэг тэр үед гадаадын технологийн компаниудад зах зээлээ хаалттай байлгаж, Энэтхэгийн компаниуд нь өөрсдөө персонал компьютер, сервер бүтээх үйлдвэрүүд барьж эхэлсэн бөгөөд харин Вэлшийн толгойд, хэрэв тэд өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж өөрсдөө хийж чадаж байгаа бол ЖиИй-д ч мөн хийж өгч чадах юм байна гэсэн бодол төржээ.

Ажлаа олж авах үүднээс Вэлш ЖиИй-гийн Мэдээллийн албаны захирлаар удирдуулсан ажлын хэсэг гаргаж нөөц бололцоо судлуулахаар Энэтхэг рүү илгээжээ. Харин Паул маань энэ үед ЖиИй-гийн, Энэтхэгт бизнес хөгжүүлэх менежерийн албанд давхар томилогдсон байв. "Ингээд 1990-ээд оны эхэн үед корпорацийнхаа Мэдээллийн албаны захирлын анхны айлчлалын үеэр түүнд газарчлах үүрэг хүлээсэн юм" хэмээн тэр дурсаж байна. "Ажил эхлүүлэх үүднээс тэд хэд хэдэн туршилтын төсөлтэй ирсэн. Тэднийг шөнө дундын үед 1950-иад оны Моррис Майнор загварыг дууриалган бүтээсэн, Амбассадор гэдэг хэд хэдэн Энэтхэг машинтай Делигийн нисэх онгоцны буудлаас тосохоор явж байснаа тод санаж байна. Төрийн албаныхан бүгд л ийм машин унадаг байж. Тэгээд бид нисэх буудлаас хотын зүг таван машинаар цуваа болж хөдлөв. Би хамгийн арын машинд сууж байлаа. Гэтэл гэнэт чанга мөргөх дуу сонсогдож, юу болов оо хэмээн бодогдов. Миний бие сандлаас урагш шидэгдэхэд хамгийн түрүүний машины дээвэр нисч ирээд машины маань урд цонхыг нирхийтэл хагалав. Дотор нь ЖиИй-гийн албаныхан сууж байхад шүү дээ! ЖиИй-ийн томчуудыг авч явсан эдгээр машин замын хажууд зогсох үед, тэд ам амандаа "Бид ийм газраас программ хангамж авах гэж байгаа юм гэж үү?" хэмээн хэлэх нь надад тод сонсогдож байлаа" хэмээн Паул ярьж байлаа.

Энэтхэгүүдийн аз дайрахад эрхэм зочид чанар муутай машинаас нь болж зорилгоосоо няцсангүй. ЖиИй бизнесийнхээ шавыг тавихаар шийдэж Випротой хамтран хэрэгжүүлэх төсөл эхлүүлэв. Бусад компаниудын хувьд үүнээс арай өөр маягаар ажиллаж байлаа. Энэ бол шилэн кабелиас өмнөх үе. Хэвлэлийн Саймон & Шустер компани Энэтхэг рүү номоо илгээж, сарын 50 долларын цалинтай Энэтхэгүүдээр (АНУ-д сарын 1000 доллар төлдөг) номын текстийг компьютерт шивүүлэх буюу агуулгыг цаашид шинэчлэн засварлахад дөхөмтэй болгох үүднээс номыг электрон файл нэг нь цаасан дээр хуулж бичих бөгөөд энэ ажиллагаа нь ихэнхидээ хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэл сунжирдаг байжээ. ХэлтСкрайб Индиа компани эмчийн телефон утасыг диктафон төхөөрөмжтэй холбосон систем бүтээсэн байна. Тухайлбал эмч телефон утсаар ямар нэгэн дугаар залгаж, өөрийн тэмдэглэлийг унших бөгөөд үүнийг нь дууны карт суулгасан компьютер хүлээн авч дижитал хэлбэрт оруулдаг байна. Ингэж утсаар залгахдаа эмч өөрөө хаана ч байж болно. Сансрын холболтын ачаар гэрийн ажилтай эхнэр юм уу, Банглорт байгаа оюутан хүн ч аль нэгэн компьютер дээр хэлбэрт шилжүүлэх ажил хийлгэдэг байв. Тэр тусмаа байнга шинэчлэгдэх шаардлагатай толь бичгүүдийг ийм маягаар электрон хэлбэрт оруулна. Тухайн үедээ Энэтхэгийн Сангийн Яамны сайд асан Манмохан Сингх 1991 онд Энэтхэгийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгож, үнэ бууруулах үүднээс Энэтхэгийн цахилгаан холбооны салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлаж эхлэв. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Сингх Банглорт сансрын холбооны станц барих бололцоог компаниудад олгож, ингэснээрээ хөрөнгө оруулагчид Энэтхэгийн телефон утасны системийг ашиглахгүйгээр Америк, Европ, Азид байгаа компанийхаа төвүүдтэй шууд холбогдох боломжийг бүрдүүлжээ. Үүнээс өмнө ганцхан Техас Инструментс л Энэтхэгийн хүнд сурталт тогтолцооны бэрхшээлийг даван туулж, 1985 онд цахилгаан хэлхээний загвар (сиркит дизайн) зохион бүтээж боловсруулах төв байгуулснаараа энэ орны зах зээлд нэвтэрсэн хамгийн анхны олон улсын компани болжээ. ТИ-ийн Банглор дахь төв нь өөрийн гэсэн сансрын холбооны станцтай байсан авч, орж гарч буй өгөгдлийн аль ч хэсгийг шалгах эрх бүхий Энэтхэгийн төрийн албаныхны хараан дор ажиллаж байлаа. Харин 1991 оноос хойш Сингх энэ маягийн чөдөр тушааг чөлөөлж өгчээ. Үүнээс тун удалгүй 1994 онд Банглорт ХэлтСкрайб Индиа хэмээх тал хувь нь Америкт төрж өссөн Энэтхэг эмч нарын хөрөнгө оруулалтаар санхүүжсэн, Америкийн эмч, эмнэлэгийн байгууллагад аутсорсингоор эмчийн үзлэгийн тэмдэглэл хөтлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулагдав. Тухайн үеийн Америк эмч нар гараар товч тэмдэглэл хөтлөж, дараа нь бичсэн зүйлээ дуудаж диктафон дуу хураагуурт бичүүлдэг байв. Диктафонд бичсэн яриаг туслах ажилтан эсвэл хэн суугаад дижитал хэлбэрээр хадгалагдсан эмчийн дуу хоолойг татан авч, түүнийгээ хоёр долоо хоногт бус харин хоёрхон цагийн дотор компьютер дээр шивж авах бололцоотой болов. Компьютерт шивсэн текстээ буцаагаад нөгөөх эмнэлгийн компьютерийн систем рүү сансрын долгионоор илгээснээр өнөөх эмчийн тэмдэглэгээ нь өвчтөний түүх болоод төлбөрийн дансанд нэмэгдэн орно. Хоёр орны цагийн бүс арван хоёр цагийн зөрүүтэй байдаг тул Америк эмч нарыг унтаж байх хооронд Энэтхэгүүд дууг бичигт буулгах ажлаа амжуулаад, дараа өглөө гэхэд файл нь бэлэн болчихсон хүлээж байдаг байна. Энэ үйл ажиллагаа маш олон компанид гайхамшигтай боломж нээлээ. Учир нь хэрэв хууль зүйн маргаанд хамгийн их өртдөг, зарга ихтэй анагаах ухааны салбарт эмнэлгийн баримт бичиг, лабораторийн дүн, өвчний онош мэтийг Банглорт хууль ёсны хүрээнд, эрсдэлгүйгээр, найдвартай буулгуулж болж байгаа бол бусад олон байгууллагууд Энэтхэгт арын албаны ажлаа амжуулж болох байлаа. Тэгээд ч тэд энэ арга замыг сонгов. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь дуу хоолойны дамжуулалтад саатал учирдаг сансрын холбооны дамжуулалтын хүчин чадлаар хязгаарлагдаж байв. (Хачирхалтай нь ХэлтСкрайб Индиа компанийг үүсгэн байгуулагчдын нэг Гуружот Сингх Халсагийн хэлж буйгаар бол анх тэд индиан овгуудыг дэмжихээр олгосон Холбооны засгийн газрын төсвийн мөнгийг ашиглаж Майн мужийн индиануудаархийлгэхээр хөөцөлдсөн авч тэдгээр индианчуудын ашиг сонирхлыг хангалттай өдөөж, гэрээ хийх хэмжээнд хүрч дөнгөөгүй гэдэг) Дууны хальснаас үсгэнд буулгах энэ ажил Энэтхэгт, АНУ-д хийснээс 5 дахин хямд өртөгтэй байсан бөгөөд энэхүү үнийн харьцангуй зөрүү нь маш олон хүний анхаарлыг татсан юм. (2)

1990-ээд оны сүүлчээр Энэтхэг орныг азын тэнгэр хоёр талаас нь ивээж эхлэв. Нэг талаас шилэн кабелийн хиймэл хөөсөнцөр улам газар авч Америк Энэтхэгийг улам ойртуулж, нөгөө талаас Y2K (3) буюу мянганы хямрал хэмээх 2000 оны компьютерийн хямралын сураг дуулдаж байв. Та хэрэв санаж байгаа бол компьютерууд анх бүтээгдэхдээ дотоод цаг тоолууртай хийгдсэн нь Y2K-ийн хямралын гол шалтгаан болсон гэдэг. Энэхүү дотоод цаг тоолуурыг бүтээхдээ компьютерийн санах ойг хэмнэх үүднээс зургаан цифртэй хийжээ. Хоёр цифр нь өдөр, нөгөө хоёр нь сарыг тэмдэглэдэг бөгөөд үлдсэн хоёр нь бол та таасан байх, он жилийг тэмдэглэх зориулалттай байв. Ийм ч учраас энэ цаг тоолуурын систем нь 12/31/99 буюу 99 оны 12 сарын 31 хүртэл л ажиллах бололцоотой. Он сар өдөр маань 2000 оны 1 сарын 1 болоход олонхи хуучин компьютерүүд үүнийг 01/01/2000 гэж бүртгэхийн оронд 01/01/00 гэж зургаан цифртэй бүртгэх буюу 1900 он эхнээсээ эхлэж байна гэж буруу тооцоолоход хүргэх байв. Энэ утгаараа тухайн үед хэрэглээнд байсан асар олон компьютерийн дотоод цаг тоолуур (шинээр хийгдэж байсан компьютерүүдийн дотоод цаг тоолуур нь сайжирсан) болон холбогдох төхөөрөмжүүд нь шинэ тохиргоотой болох, эс бөгөөс эдгээр системүүд унтрахад хүрвэл усны тоолуураас эхлээд агаарын замын хөдөлгөөний олон мянган компьютержсэн удирдлагын системүүд доголдож, дэлхийг хамарсан хямрал үүснэ гэсэн айдас төрүүлж байлаа.

Компьютерийн цагийг засч янзлах энэхүү ажил нь өөрөө аварга том, нарийн чимхлүүр ажил байв. Энэ дэлхийн хаанаас энэ болгоныг хийж гүйцэтгэх хангалттай тооны программ хангамжийн инженерүүд олдох вэ? Хариулт нь Энэтхэгээс. Тэндээс л ЭТИ-үүд, хувийн техникийн коллеж, компьютерийн сургууль төгссөн мянга мянган техникч, инженерүүд олдоно.

Y2K тулж ирсэн энэ л үед Америк, Энэтхэг хоёр хайртай хос лугаа болзоонд учрах болж, тэдний харилцаа холбоо нь дэлхийг тэгшлэх аварга том хүчин зүйл болсон бөгөөд энэ л харилцаа холбоо нь маш олон төрлийн бизнесийн салбарынханд, компьютер, интернет, шилэн кабелийн шугамтай нийлээд хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр, үнэт зүйл бүтээх хэвтээ харилцаа буюу аутсорсингийн цоо шинэ нөөц бололцоог бий болгосон гэдгийг нотлон харуулжээ. Дижитал хэлбэрт орж, компьютержиж болох ямар ч үйлчилгээ, дуудлагын төв, бизнес дэмжих үйл ажиллагаа эсвэл оюуны хөдөлмөрийг, дэлхий даяар хамгийн хямд өртөгтэй, хамгийн оюунлаг, хамгийн үр бүтээлтэй хийж чадах тэр л газарт хийлгүүлж болно. Шилэн кабелиар холбогдсон компьютерийн тусламжтайгаар Энэтхэгийн ямар ч техникийн мэргэжилтэн дэлхийн нөгөө бөөрнөөс танай компаний компьютерийг уудалж, шаардлагатай тохиргоог хийж чадна.

Y2K-ийн тохиргооны ажил нь маш нарийн чимхлүүр ажиллагаа шаардаж байсан тул зах зээлд их том өрсөлдөөн үүсгэж чадаагүй хэмээн Y2K-ийн үеэр аутсорсингийн хүндхэн ачаа үүрч байсан Випро фирмийн удирдах ажилтан Вивек Паул ярьж байна. Тиймээс ч барууны компаниуд энэ ажлыг аль болох хамгийн бага өртөгөөр хийж чадах хэн нэгнийг олох хүндхэн бэрхшээлтэй тулгарсан юм. Тэд "Энэ гай дуудсан 2000 оныг л бушуухан давах хэрэгтэй байна" гэцгээж байлаа. Тэгээд тэд өөр тохиолдолд бол яагаад ч хамтарч ажиллахааргүй байсан Энэтхэгийн технологийн компаниудтай хамтран ажиллаж эхэллээ.

Тэр үед үнэхээр хийж чадаж л байвал барууныханд Энэтхэгүүд ёстой нөгөө "ядарсан цагт Пагма аа ч яахав" гэгч нь болсон байв. Тэд бүр хэний ч зуучлалаар хэнтэй ч хамтрахад бэлэн байлаа. "Y2K-г хүмүүс өөр өөрийн өнцөгөөр хүлээн авсан. Энэтхэгийн тал бол өөрт олдсон хамгийн том нөөц бололцоо, аз завшаан гэж үзсэн. Урьд нь Энэтхэг буурай хөгжилтэй орон гэж тооцогддог байлаа. Гэнэтхэн Y2K нь дэлхий дээрхи бүх компьютерийг нэг бүрчлэн шалгуулах шаардлагыг тулгасан. Харин компьютерийн программын кодыг мөр мөрөөр нь нягтлахад шаардагдах хангалттай тооны хүний нөөц Энэтхэгт л байв. Y2K-ийн улмаас Энэтхэгийн мэдээлэл технологийн салбар дэлхийн тавцанд мөрөө үлдээж чадсан юм. Y2K нь биднийг хөгжил дэвшилд хөтөлж, биднийг дэлхийд танигдахад хөдөлгөх гол хүч болсон. Y2K-ээс хойш бид хэзээ ч арагшаа эргэж хараагүй" хэмээн Жерри Рао ярьж байлаа.

2000 оны эхэн үед Y2K-ийн нөр их ажлын давалгаа намжиж эхлэхэд э-коммерс буюу цахим худалдаа хэмээгч цоо шинэ бизнесийн давалгаа түрэн гарч ирэв. Дот-комын хөөсөнцөр арай хагарчихаагүй, инженерчлэлийн авъяастан хомс, дот-комын хэрэглээ маш их байсан үе. "Хүмүүст оршин тогтнох үндэс нь болж, амжилтанд хүрэх процессийн нь салшгүй хэсэг гэж үзсэн программ хангамжуудаа хаа нэгтээ хийлгэх чин хүсэл байсан авч тэдэнд гишгэх газар олдсонгүй. Тэгээд ч тэд Энэтхэгийн компаниудад хандсан бөгөөд, эдгээр компаниудаас тэд сайн чанарын, маш нарийн ажиллагаатай системүүд хүлээн авч эхэлсэн нь зарим тохиолдолд бүр бусад томоохон компаниудын нийлүүлснээс ч хамаагүй илүү чанартай байв. Энэ болгон нь Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниудын нэр хүндийг маш өндөрт өргөсөн юм. Хэрэв Y2K-ийн төслийг, хайр зарлах үе гэж үзвэл энэ бол халуун хайрын өрнөл үе байлаа" хэмээн Паул ярьж байв.

Үүний дараа Америкаас Энэтхэг рүү чиглэсэн хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болсон аутсорсингийн асар том үер буулаа. Банглор дахь компьютерийг компанийхаа толгой компьютертэй шилэн кабелийн шугамаар холбож л чадвал Випро, Инфосис, Тата Консалтинг Сервис гэх мэт Энэтхэгийн мэдээлэл технологийн фирмүүдийг цахим худалдаа, хэрэглээний программууд дээрээ ажиллуулж болохоор болов.

"Толгой компьютер тойрсон бизнес цахим худалдааны салбарт хамтран ажиллах болсноор Америк, Энэтхэг хоёр гэрлэлтээ батлуулсантай ялгаагүй болсон юм" хэмээн Паул өгүүлж байна. Мөн түүнчлэн далайн гүнээр татсан шилэн кабелийг ашиглах боломжтой байсан нь Энэтхэгийн хувьд томоохон аз завшаан болсон юм. "Миний оффис Банглор дахь Лийла Палас зочид буудалтай тун ойр байрладаг байлаа. Банглорын нэгэн дүүрэг хот болох Вайтфийлдийн мэдээлэл технологийн паркад миний хамтран ажиллаж байсан үйлдвэр оршдог байтал энэхүү үйлдвэр, оффис хоёроо холбосон телефон утасны шугам тавиулж чаддаггүй байлаа. Хахууль өгөхгүй л бол энэ утасны шугам тавиулж дөнгөхгүй агаад бид ч тэр хахуулийг нь өгөхөөс зайлсхийдэг байв. Иймд Вайтфийлд дахь үйлдвэр рүү утсаар ярихын тулд Банглор дахь оффисоосоо ЖиИй компаний төв компьютер байрладаг Кентакки муж руу залгаж, тэндээсээ Вайтфийлд рүү холбогддог байлаа. Хотын нөгөө захад хүрэх шугам бас хахууль шаардах тул бид бүр далай гаталган татсан түрээсний шилэн кабелиа ашигладаг байв" хэмээн тэрбээр дурсаж байлаа.

Энэтхэг орон дот-комын хиймэл хөөрөгдөлтийн үед ашиг олсоноор зогсохгүй дот-комын хөөсөнцөр тэсрэх үед илүүтэй ашиг олж авчээ! Жинхэнэ ёж, егөөдөл гэж энд л байв. Дот-комын хөөсөнцөр Энэтхэгийг дэлхийтэй холбосон шилэн кабелийг тавьж өгсөн бол түүний дампуурал нь шилэн кабелийг ашиглах үнийг навс унаган, бараг л үнэгүй хэрэглэх бололцоог олгож, Энэтхэгийн оюуны хөдөлмөрийг ашиглаж аутсорсинг хийх Америк компаниудын тоог асар ихээр нэмэгдүүлсэн байна.

Энэтхэгийн оюуны хүчийг ашиглаж программчилалын ажил хийлгэх их дайралтыг Y2K өдөөсөн юм. Энэтхэгийн компаниуд чадварлаг, хямд өртөгтэй байсан авч тэдний үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд хямд үнэ нь чухал бус, гагцхүү ажлаа хийлгэж авах нь илүү чухал байсан бөгөөд энэ нөр их ажлыг нугалах хангалттай тооны ажиллах хүчин Энэтхэгт л байсан нь онцлог. Y2K-ийн сэргэлтийн араас дот-комын бужигнаан үүсч эхэлсэн бөгөөд Америк инженерүүдийг цахим худалдаа эрхэлдэг компаниуд хуу хамсан тул Энэтхэг нь ямар ч үнээр хөлслүүштэй, англи хэлтэй илүүдэл тооны инженерүүдийг олох цөөхөн газрын нэг болж үлдсэн байв. Гэтэл дот-комын хөөсөнцөр хагарч, хөрөнгийн бирж уналтанд орж, хөрөнгө оруулалтын сан хоосорч эхлэв. Хөрөнгийн биржийн уналтыг давж гарсан Америкийн мэдээлэл технологийн компаниуд болон шинээр байгуулагдсан компаниудыг санхүүжүүлэх ажлаа зогсоох сонирхолгүй хөрөнгө оруулалтын фирмүүд бултаараа бэлэн мөнгөний гачигдалд орлоо. Эдэнд Энэтхэг инженерүүд зөвхөн хүний тооноос гадна хямд өртөгтэй учир улам эрэлт хэрэгцээтэй болж эхлэв. Ингэж Энэтхэг, Америкийн бизнесийн бүлэглэлийнхний харилцаа холбоо дахин нэг шатаар ахиж, улам бат бэх болсон юм.

2000-аад оны эхэн үест маш олон шинжээчдийн хийсэн хамгийн том алдаануудын нэг бол дот-комын хөөрөгдлийг даяаршилтай хольж хутган, аль алинийг нь хоосон хийрхэл, төөрөгдөл гэж үзсэн явдал байв. Дот-комын уналт болох үед өнөөх буруугаар сэтгэгч шинжээчид маань даяаршилын үйл явцыг ч мөн үүгээр төгсч байна гэж үзэцгээсэн. Гэтэл бүх зүйл яг эсрэгээр эргэсэн юм. Дот-комын хөөрөгдөл нь даяарших үйл явцын зөвхөн нэг хэсэг нь л байсан бөгөөд уналтанд орох үедээ даяаршилын хөгжлийг саармагжуулах битгий хэл харин бүр том түлхэц болж өгчээ.

Норвэст Вэнчер Партнерс фирмийн эзэн, Силикон Валлей дахь хамгийн цуутай эрсдэлийн хөрөнгө оруулагчдын нэг Промод Хайк хэмээх Америкийн Энэтхэг эр энэ шилжилтийн ид үед дунд нь бужигнаж явав. "Дот-комын уналт болоход АНУ-д амьдарч байсан Энэтхэг инженерүүдийн нэлээд хувь нь (түр ажиллах визатай) ажлын байрны цомхотголд өртөж халагдсан тул нутаг буцацгаасан" гэж Хайк өгүүлж байна. Харин дот-комын уналтын улмаас Америкийн бүх л томоохон фирмүүд мэдээлэл технологид зарах төсвийн хэмжээгээ маш ихээр багасгасан юм. "Мэдээлэл технологийн албаны менежерүүд бүгд л урьдын адил эсвэл түүнээс илүү их ажлыг хамаагүй бага өртөгөөр хийж гүйцэтгэх шаардлагатай тулгарсан. Тэгвэл тэр менежерүүд ямар алхам хийхийг төсөөл дөө? Тэд даргадаа "Та дот-комын ид үед энэтхэгээс манайд ирж ажиллаад дараа нь нутаг буцсан Вийжэй гэж залууг санаж байна уу? Би Банглор руу залгаад түүнтэй ярьж, Америкт ажиллаж байгаа эндхийн инженерүүдээс бага цалингаар бидэнтэй ажиллах эсэхийг нь судалъя" гэж хэлсэн гэдэг" хэмээн тэр ярьж байлаа. Энэ л үед тавигдчихаад байсан шилэн кабелийн ачаар Вийжэйг ч төвөггүй олж бас ажлаа ч хийлгэх болсон байна.

"Y2K-ийн тохиргооны ажлын ихэнхи хувийг техникийн сургууль дөнгөж төгссөн туршлага багатай Энэтхэг программистууд хийсэн бөгөөд, харин Америкт ажиллах визээр ирэгсэд нь бол жирийн техникум төгссөн нөхөд биш, бакалавраас дээш зэрэгтэй инженерүүд байлаа. Эдгээр инженерүүд Жава, Си++ зэрэг программчлалын хэл, компьютерийн зохион байгуулалтын загварчлалд гаргууд сайн болохыг олон компаниуд анзаарч ажилд авсан авч цомхотголын үед ажлаасаа халагдаж, маш олноор нутаг буцсан бөгөөд энэ л үед "Чи яаж ажлаа амжуулах нь хамаагүй, ямартаа ч хямд өртөгөөр энэ ажлыг хийж дууусга" хэмээн мэдээллийн албаны менежертээ дарга нь мундагдаж Вийжэй руу утасдахад хүргэсэн байдаг" гэж Хайк өгүүлж байна. Америк, Энэтхэг хоёр үерхэж эхэлснээс хойш, Банглорт ид хөлөө олж байсан Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниуд өөрсдөө шинэ санал санаачлага дэвшүүлэх болов. Y2K-ийн ажил тэдэнд Америкийн томоохон компаниудтай хамтарч ажиллах бололцоог олгосон бөгөөд эцсийн дүнд тэд бизнесийн бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж, бизнесийн үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэж, сайжруулах арга замаас суралцсан байна. Иймд илүү нэмүү өртөг бүтээдэг компаниудад маш нарийн зааварчилгаатай захиалгат код бичих, засварлах ажил хийж байсан Энэтхэг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, засварлагч байснаа үйлдвэрлэгч болж төрөл бүрийн зөвлөгөө өгч, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг боллоо. Энэ бүхэн Энэтхэгийн компаниудыг Америкийн бизнес ертөнцөд улам лав оруулж, бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг буюу Энэтхэгүүдээр арын албаны ажлаа хийлгэх явдлыг цоо шинэ түвшинд хүргэжээ. "Компанийхаа санхүүгийн хэлтэсийг Энэтхэгийн Випро эсвэл Инфосис компани руу нүүлгэчихвэл бид зарлагынхаа тал хувийг хэмнэж болох юм" гэж Хайк хэлээд "Америк даяар корпорацийн захирлууд "Хамгийн бага зардалаар л хийж бүтээх хэрэгтэй байна" гэхэд Энэтхэгийн компаниуд "Машины тань хамрыг сөхөж үзлээ. Бид одоо дээд зэргийн үйлчилгээ, хамгийн сайн шийдлийг хамгийн бага өртөгөөр хийж өгч чадна" хэмээн хариулж байсан. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн аутсорсинг компаниуд "Y2K-ийн үед бид машины тань дугуй, бүлүүрийг яаж засч сэлбэж байсныг санаж байна уу? За хэрэв та бүхэн хүсвэл одоо бид машинд чадна гэдгийг ч мэдэж байгаа шүү дээ" гэж хэлсэн юм" хэмээн тэрбээр хуучилж байна. Үнэндээ ч Энэтхэгүүд хямд өртөгтэй байснаар барахгүй бас юуг ч сурахад бэлэн, итгэл төгс байлаа. тань иж бүрэн үйлчилгээ хийж өгч болно. Яагаад гэвэл та нар биднийг сайн мэднэ, итгэж ч чадна, бас биднийг хийж

Дот-комын уналтын дараах хөрөнгө мөнгөний хомсдол нь эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүдийг өөрсдийн хөрөнгө оруулсан компаниудаа шинэ нээлт санаачилга гаргах хамгийн үр өгөөжтэй, өндөр зэрэглэлийн, хамгийн хямд өртөгтэй арга зам олж буй эсэхэд анхаарч ажиллахад хүргэжээ. "Дот-ком-ын бизнес ид цэцэглэж байх үед 50 сая долларын хөрөнгө оруулалттай шинэ компани хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд борлуулах л юм бол 500 сая доллартай болох нь энгийн үзэгдэл байв" гэж Хайк ярьж байна. Харин дот-комын уналтын дараа дээрхи компаний хувьцаа үсрээд л 100 сая доллараар борлогдох магадлалтай болсон. Ийм ч учраас эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүд шинээр байгуулагдаж буй компанийг хамгийн анх хувьцаагаа борлуулах хүртэл нь 20 сая доллараар л санхүүжүүлж азаа туршихыг илүүд үзэх болжээ.

"Эрсдэлийн хөрөнгө оруулагч фирмүүдийн өмнө тулгарсан хамгийн том асуулт бол "Бид яавал бизнес эрхлэгчид болон тэдний шинэ компаниудыг ашиг орлогоо тэнцүүлчихдэг, эсвэл арай богино хугацаанд ашигтай ажиллаж чадах түвшинд хүргэн зөвхөн мөнгөний зарлага болж байдгийг нь зогсоож, бусад компаниудад аль болох хурдан зараад өөрийн фирмдээ хэрхэн өндөр ашиг, хөрвөх чадвартай хөрөнгө бий болгох вэ?" гэдэг байлаа. Ихэнхи фирмүүдийн эрж олсон хариу бол "Анхнаасаа л аль болох олон үйл ажиллагаагаа аутсорсинг хийх нь өлзийтэй. Хөрөнгө оруулагчиддаа аль болох богино хугацаанд ашиг олж өгөх үүднээс аутсорсинг хийж болох л зүйл байвал аутсорсинг хийгээд байх шаардлагатай" гэсэн хариу байсан юм" хэмээн Хайк дурсаж байна.

Энэ үест Люцент фирмийг толгойлж байсан Хэнри Шахт энэ бүх үйл явцыг корпорацийн менежментийн өнцөгөөс олж харжээ. Түүний өгүүлснээр энэ үеийн бизнесийн эдийн засаг хүн бүрт "үнэхээр явуургүй" болж иржээ. Хэн хүнгүй л юмний үнэ ихсэж, зах зээл зогсонги байдалд орж байгааг анзаарсан авч, компанийхаа үйл ажиллагаанд асар их хэмжээний зарлага гаргасан хэвээр байсан бөгөөд сүүлдээ үйл ажиллагааны зардалаа ч төлж дөнгөхгүй болж эхэлсэн. "Үйлдвэрлэлийн өртөгийн дарамт үнэхээр их байв" гэж тэрээр дурсаад "Аль хэдийнэ даяаршсан дэлхий ертөнц биднийг бэлхэнээ хүлээж байсан агаад эдийн засаг хүмүүсийг урьд өмнө хэзээ ч хийнэ, хийж чадна гэж бодож байгаагүй зүйлсийг нь хийхийг шаардаж байлаа... Аж үйлдвэрлэл, оюуны хөдөлмөрийн аль аль салбарт даяаршил ингэж л хүчээ авсан юм даа" гэж билээ.

Олонхи компаниуд Массачуссетсийн Технологийн Интитутиэс гайхалтай оюунлаг дөрвөн Хятад инженерийг олж чадвал тэд нутаг буцаад, Америк дахь нэг инженерийн цалинтай дүйцэх цалингаар ажиллахад бэлэн байдгийг мэдэж авсан юм. Белл Лабораторийз пүүс Цингтао хотод Люцент фирмийн компьютерүүдтэй холбогдож чадах тоноглол бүхий эрдэм шинжилгээний төвтэй байв. "Тэд манай компьютерийг шөнийн цагаар хэрэглэх боломжтой" гэж Шахт хэлээд "Өссөөр байсан тооцоолон бодох ажлын өртөг нь бараг тэг байснаар барахгүй мэдээлэл дамжуулах өртөг нь бас үнэгүй шахам, тэдний хэрэглэж буй компьютер ч урьд нь шөнө болгон хий дэмий ажилгүй зогсдог байв" гэв.

Энэ л олон учир шалтгааны улмаас Y2K-ийг Энэтхэгийн үндэсний баярын өдөр болох 8 сарын 15-ны дараах хоёр дахь тусгаар тогтнолын өдөр (индэпэндэнс дэй) болгох нь зүйтэй гэж би үздэг. Залуу насныхаа нэгээхэн хэсгийг Энэтхэгт өнгөрөөсөн Жон Хопкинсийн их сургуулийн гадаад бодлогын шинжээч Майкл Манделбаум "Y2K нь Энэтхэгийн харилцан хамаарлын баярын өдөр (интердэпэндэнс дэй) болох ёстой. Яагаад гэвэл шилэн кабелийн сүлжээнүүдийн бий болгосон харилцаа хамаарлын ачаар Энэтхэгүүд барууны компаниудтай хамтран ажиллах бололцоотой болсон агаад энэ бололцоо нь өөрөө тэднийг үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл болж, түүхэндээ хамгийн олон Энэтхэг хүнд хэний төлөө, хаана, хэрхэн ажиллахыгаа сонгох эрх чөлөөг жинхэнэ ёсоор бий болгосон юм" гэж билээ.

Өөрөөр хэлбэл 8 сарын 15-ны өдрийг Энэтхэг орон шөнө дундын эрх чөлөөгөө олж авсанаа дурсан тэмдэглэж буй хэрэг. Тэгвэл Y2K нь шөнө дунд ажиллах бололцоогоор хангасан бөгөөд энэхүү ажил нь зүгээр ч нэг ажил байсангүй, харин Энэтхэгийн хамгийн оюунлаг хүмүүст зориулагдсан ажлын байр байлаа. 8 сарын 15 Энэтхэг оронд тусгаар тогтнол хайрласан. Харин Y2K нь Энэтхэгүүдэд тусгаар тогнол хайрласан ба ямар ч төсөөллөөр хэмжсэн бүгдэд нь бус хэдий ч, тавин жилийн өмнөхөөс хавьгүй олон хүмүүнд, тэр тусмаа хүн амын дотроос улс орны баялагийг хамгийн ихээр бүтээгч хүмүүсээс бүрдсэн тэр л хэсэгт тусгаар тогтнол хайрлажээ. Тийм ээ, тэр ч утгаараа Энэтхэг нь азын тэнгэр гийсэн орон мөн боловч, угтаа өөрсдийн нь уйгагүй хөдөлмөр, өндөр боловсрол, Энэтхэгийн Технологийн Институтуудын шавыг тавьсан ухаант буурлуудын холч ухаан нь тэдний хөгжил цэцэглэлтийн үр үндэс болсон юм.

"Бэлтгэгдсэн оюун ухааныг азын тэнгэр ч илүүтэй харж үздэг" гэж Луйс Пастеур аль эрт онож хэлсэн нь үнэн ажгуу.

Д.Сайнбаярын орчуулга


(1) Өндөр эрсдэлтэй хувьцааны гүйлгээ хийдэг фирм
(2) Азийн индиан буюу Энэтхэгүүд бус Америкийн Индианууд
(3) Англиар Year 2 Thousand буюу 2000 он гэсэн хэллэгийн товчлол. 2000 оны компьютерийн хямралыг ингэж тэмдэглэж заншжээ

*** Хэрэв та АНУ, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, Австрали улсад амьдардаг бол энэхүү номыг Номун далай - интернэт дэлгүүрээс худалдан авч унших боломжтой.

4.18.2008

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн НОМ мэндэллээ

Цахим өртөө сүлжээний журмын анд нартайгаа нийлж 2006 оноос хойш хамтран бичиж эхэлсэн ном маань дуншиж дуншиж сая мэндэлсэн билээ. Уг номын талаар Цахим Өртөө сүлжээ, News.mn, Olloo.mn тавигдсан мэдээг энд орууллаа. Номын буян арвижих болтугай!
-------------------------------------------------------------------------------------------

Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн НОМ мэндэллээ

Монгол улсад Интернет үүсч хөгжсөний 12 жилийн ойд зориулан Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн "Интернэт хэрэглэгчийн гарын авлага" номын нээлт Монголын анхны төрөлжсөн номын их дэлгүүр Интерномд 2008 оны 4 сарын 19-ны Бямба гарагт 13 цагаас болох тул нийт сонирхогчдыг, тэр дундаа тус сүлжээний Монгол дахъ гишүүдийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлтийн ажиллагааны үеэр номыг хамтдаа бүтээсэн залуусын сэтгэгдлийг сонсох, гадаадад суугаа зохиогчдын ирүүлсэн мэндчилгээг үзэх, номыг ивээн тэтгэсэн байгууллагуудад өргөмжлөл гардуулах, гадаадад суугаа номын багийн гишүүдийн ар гэрийн төлөөлөлд номын дээжээс гардуулах, Төв номын сан болон хөдөө орон нутгийн бүх номын санд 100 хувь ном бэлэглэх, хүрэлцэн ирэгсдэд номын 20%-ын хямдруулсан худалдаа явагдах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиогдоно.

Энэ ном нь цахим ертөнцөөр танилцаж нөхөрлөсөн, цөөнгүй нь өөр хооронд хараахан нүүр тулан уулзаж амжаагүй яваа Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бичсэн анхны хэвлэмэл бүтээл болж буйгаараа, Интернетийн олгож буй боломжийг ажил хэрэгчээр ашиглаж чадсаны нэгэн нотолгоо болон мэндэлж буйгаараа онцлог юм.

Тус номыг АНУ, Бельги, Герман, Их Британи, Монгол, Япон орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй залуус маань хамтран бичиж, хянан тохиолдуулcан байна.
Зохиогчид:
Амарбат. П (Moнголоос)
Амаржаргал.
Ж (Германаас)
Бадрал. С (
Бельгиэс)
Бат-Орших. Б (
Moнголоос)
Отгонбаяр. А (Японоос)
Сайнбаяр. Д (АНУ-аас)
Саруултуяа.
Ж (Moнголоос)
Цэрэнбат. Д (Их Британиас)
Хэрэглэгчийн үүднээс хянан тохиолдуулсан:
Б.Жамц (Moнголоос)

Хянан тохиолдуулсан:
П.Амарбат (Moнголоос)
Б.Жамц (Moнголоос)
Д.Сайнбаяр (АНУ-аас)
Ж.Саруултуяа (Moнголоос)

Монгол вэбийн сан”-г эмхэтгэсэн:Д.Анулан (Монголоос)Д.Батдулам (Монголоос)
Хэвлэлийн эх:
П.Амарбат (Moнголоос)

Хавтасны дизайн:
Ч.Ганболд (АНУ-аас)

Хэвлэл мэдээлэл, маркетинг:
Г.Солонго (Moнголоос)
 


Номын агуулгын талаар уг номын багийн ахлагч Д.Сайнбаярын энэ номонд зориулан бичсэн өмнөх үгнээс уншиж танилцана уу!

ӨМНӨХ ҮГ
Монгол туургатны Цахим Өртөө сүлжээний гишүүдийн хамтран бүтээсэн “Интернэт хэрэглэгчийн гарын авлага” ном уншигч авхай таны гарт хүрч байна. Мэдээллийн эрин зуунд даяаршил, хавтгай дэлхийн техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд энэ дэлхийн иргэн бүр Интернэтийг өдөр тутмын амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгох зайлшгүй шаардлага нэгэнт буй болжээ. Монгол оронд Интернэт хөгжсөн сүүлийн 12 жилийн хугацаанд улс орон даяар интернэтжих үйл явц эрчимтэй өрнөж, харилцаа холбооны дэд бүтэц хөгжиж, техник технологийг ашиглах бололцоо улам бүр нэмэгдэж ирсэн хэдий ч хүн амын дийлэнхи хувьд Интернэтийн тухай ойлголт, хэрэглээ, боловсрол дутмаг хэвээр байна.
Дэлхий даяар тархсан монголчуудын харилцах нэгэн гүүр болсон Цахим Өртөө имэйл сүлжээгээр танилцаж, өдий болтол нүүр тулж уулзалдаагүй бидний хэсэг нөхөд сэтгэл зориг нэгдэж, цахим ертөнцөд багагүй хугацаанд хамтран ажилласны дүнд уг номыг бүтээлээ. Монгол, АНУ, Герман, Япон, Их Британи, Бельги орнуудад гол төлөв мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ ажиллаж буй монгол залуусын хамтран бүтээсэн эл ном нь эх орныхоо цаашилбал энэ дэлхийн өнцөг булан бүрт буй Интернэттэй танилцаж амжаагүй, Интернэтийг ашиглаж эхэлж буй, Интернэтийг өдөр тутам хэрэглэдэг ч нөөц бололцоог нь бүрэн дүүрэн нээж амжаагүй яваа мянга мянган хэл нэгт хэрэглэгчдэд зориулагдсан болно.

Интернэт нь өөрөө агуулгын агуу багтаамжтайгаас гадна цаг мөч бүр тэр нь нэмэгдэн арвижиж байдаг асар том сэдэв учир уг номд бүрэн гүйцэд хамраагүй зүйлс нэлээд бий боловч уншигч танд Интернэтийн зах зухаас танилцуулж, Интернэтийн буй болгосон нөөц бололцоо, ач холбогдлыг таниулж, улмаар Интернэтийн ертөнцөд хөл тавих үүд хаалгыг нээхэд туслахад бидний зорилго чиглэсэн билээ.

Уг номын 1000 хувийг хот, хөдөөгийн уншигчдад үнэгүй түгээх, бусад олон зуун хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн боломжит хямд өртгөөр хүргэх бололцоог мэдээллийн технологи, харилцаа холбоо, түүнчлэн банк санхүүгийн чиглэлээр ажиллаж буй монголын тэргүүлэх компани, аж ахуйн нэгжүүд олгосон юм. Номын ерөнхий ивээн тэтгэгч Мобиком корпораци болон Датаком, МCScom, ХасБанкны хамт олонд Интернэт хэрэглэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Энэ дашрамд номны гүйлгээнээс олсон ашгийн тодорхой хувийг “Цахим Өртөө Холбооны нэрэмжит Oюутны тэтгэлэг”-ийн санд хандивлаж буйг дурдахад таатай байна.
Эрхэм Та цахим ертөнцөд тавтай морилно уу!
Д. Сайнбаяр
Номын багийн ахлагч
2008.02.14

6.14.2007

"Дэлхий бөөрөнхий биш" - Шинэ ном

Энэ хавар ажил, хичээлийн хажуугаар өөрт олдсон чөлөөт цагаараа эндхийнхэнд "Нью Йорк Таймсын" гэж алдаршсан Томас Фрийдманы бичсэн The World Is Flat номын Монгол орчуулгын ажилд оролцсон билээ.

Орчуулгад өөрийн ядмаг хувь нэмрээ оруулах зуураа Монгол, Энэтхэг, Хятад, Япон, Шведэд боловсрол эзэмшсэн, хөгжиж буй эх Монголын маань шинэ үеийн төлөөлөл болсон M.Отгонпүрэв, B.Индра, Ж.Норов, Э.Норзимаа (нэгээс бусад нь 80 аад оныхон) гэсэн ёстой шижигнэсэн сайхан үе тэнгийн залуустай хамтран ажиллах завшаан тохиосон юм. 5 хүний оролцсон уг номын орчуулгын 600 аад хуудаснаас хамгийн бага хувь буюу 60 аад хуудсыг нь миний бие орчуулсан байх. :) Гэхдээ овор хэмжээ бага ч мэргэжилд минь хамаатай, бас нэлээд техник хэллэг ихтэй сонирхолтой сэдвүүдийг орчуулах үүрэг хүлээсэндээ урамтай байв.

"Интернэтээр түгээхүй буюу Аплөүдинг" (community-developed software, open-source community, wikipedia, blog, podcasting etc.)

"Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг" (Outsourcing, Y2K etc.)

Үүнээс Аплөүдинг хэсгийг орчуулахад үнэндээ их зүдэрсэн шүү :) Монголд орчуулагдаагүй, энгийн хэрэглэгчид хэрэглэж заншаагүй хэллэг, ойлголтоор дүүрэн байсан тул энгийн үед 1 цагт наад зах нь 1 нүүр орчуулдаг хурдыг ихээхэн сааруулж ихэнхи хуудсыг хэдэн цагаар нухах шаардлага гарсан нь нэгд миний монгол болоод англи хэл муугийнх байх, хоёрд монгол үгийн сан, сэтгэхүйд зүгширч амжаагүй зүйлс их байсных биз ээ. (Аким гуай өдөрт дунджаар 5 хуудас орчуулдаг гэж ярилцлага өгч байсан, гэхдээ түүний орчуулдаг материалууд бол зэрэг зиндаа өөр л дөө. "Бодь мөрийн зэрэг" г.м шашин философийн ном, Маркесийн "Зуун жилийн ганцаардал" г.м сонгодог уран зохиол... Агуулга, нийтлэлийн хэлбэрээс хамаарч хүн 1 цагт 1 нүүр орчуулж байвал нэлээд гайгүй хурдтай орчуулж байна гэж тооцож болно. (миний туршлагаас шүү дээ)

Дээрх хэсэгт орсон түлхүүр үгсийн орчуулгыг та бүгд уг номоос олж харна буй заа. Жишээ нь community developed software, open source community бүр ерөөсөө community гэдэг үгсийг монголоор юу гэж буулгах вэ? dоwnloading, uploading, web browsing гэх мэт маш энгийн ойлголтууд яаж буух ёстой вэ? гээд л өөртэйгээ ярьсан, бодсон, тээнэгэлзсэн олон үг бий. Харин Монголын блог армийнхан дунд олон хэл мэддэг, бас мэдээллийн технологийн салбарынхан нэлээд бий тул миний ядмаг мэдээллийн технологийн үг хэлцийн Монгол орчуулгад санал бодол, шүүмжээ чөлөөтэй илэрхийлж цаашдын ажилд минь хувь нэмэр болоосой гэсэндээ энэ талаар зориуд дурдаж байгаа юм. (Уг номыг орчуулахад Баабар, Ц.Гомбосүрэн тэргүүтэй монгол сэхээтнүүдийн гаргасан Охфордын Англи-Монгол толь ихээхэн тус хүргэсэн. Харин энэ толийн талаарх магтаал, шүүмжээ дараа жич бичье.)

За ингээд оллоо.мн дээр тавигдсан номын нээлтийн зарыг доор уншина уу. Уг номын вэб, хэлэлцүүлэг http://www.worldisflat.in.mn/ байгаа. Номын өмнөх үгийг Баабар гуай Алган дээр буусан дэлхий хэмээн бичсэнийг оллоо.мн дээр тавьсан харагдана. Номын орчуулгыг голчлон гүйцэтгэсэн Огоо анд энэ номын талаар блогтоо бичсэн байгаа. Харин Индра анд Хятадууд blogger.com -ыг түр хаасан тул блогтоо бичиж амжихгүй байгаа тухай Огоогоос сая дууллаа. Хавтгайрч буй ертөнцийн хамгийн том тоглогчдын нэг Хятадууд бүрэн хавтгайрах арай л болоогүй байх шиг байна :)

Энэ дашрамд хавтгай дэлхийн цахим шуудан, блогоор танилцсан Отгонпүрэв, Инга болон танилцаж ч амжаагүй Норов, Норзимаа нартаа баяр хүргэж, дижитал мэнд дэвшүүлье!

За тэгээд цаашдаа хамтдаа ихийг бүтээж, улам сайн "хавтгайрахын" төлөө гээд энэ удаа гарт байгаа Starbucks- ын "double shot espresso" кофегоор "хундага" өргөчихье! :)
Монгол залуус, төрийн түшээд маань хүртэл ямар нийгэм биднийг тосч байгааг ойлгож, өөрсдийгөө бэлдэхэд уг ном ач тусаа өгөх болов уу гэж найднам.
Жич: Тун удахгүй "Дэлхий бөөрөнхий биш" ном АНУ-д 20$ оор зарагдах болно. Захиалгыг Утас: 773-495-4854
Имэйл: sainbayar@gmail.com -аар хүлээн авч байна.


“Дэлхий бөөрөнхий биш” номын нээлт, лекц арга хэмжээ

The world is flat хэмээх энэ алдарт ном 1990-ээд оноос өнөөг хүртэл дэлхий ертөнцөд өрнөсөн үйл явдал, бий болсон өөрчлөлт, цаашдын чиг хандлага, даяаршил хэмээгч үзэгдлийн мөн чанар, тэрхүү даяаршилд хүн төрөлхтөн хэрхэн зохицон амьдрваас зохих тухай зөвлөгөө зэргийг агуулжээ. Даяаршил зөвхөн улс гүрэн, пүүс компаний хүрээнд бус хувь хүн бүрийг хамарч, хувь хүн бүрт тэгш эрхтэй гарааны талбарыг олгож байна гэж уг бүтээлд тайлбарлажээ. Даяаршил нь орчин цагийн мэдээлэл технологи хөгжихийн хэрээр улам эрчээ авч, улс гүрэн, пүүс компани, хувь хүн бүр түүнтэй хэрхэн хамгийн хурднаар зохицон, зохион байгуулагдаж чаддаг байх, мөн улс төр, геополитикийн ямар бодлого баримталбаас зохилтойг зохиогч ойлгомжтойгоор, энгийн жишээ татан тайлбарлаж чадсан нь уншигч танд ч таалагдана гэдэгт итгэж байна.

Уг ном нь Монгол хэлээр “Дэлхий бөөрөнхий биш” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Монгол хэвлэлд зориулсан нээлтийн үйл ажиллагаа 2007 оны 6 дугаар сар 15-ны 12.00 цагт Улсын төв номын санд эхлэх бөгөөд номын үзэл санаатай холбоотойгоор орчин үеийн эдийн засаг, бизнесийн арга ухаан, технологийн хөгжлийн талаар олонд танигдсан лекторууд үнэ төлбөргүй лекц уншиж мэтгэлцээн өрнүүлэх болно.

Илтгэлүүд:
Мэдлэгт суурилсан эдийн засаг сэдвээр - УИХ-ын гишүүн Р.Амаржаргал

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломж- МТ-ийн ЮүЭсАй компаний захирал Ц.Буянцогтоо

Хурд ба даяаршил сэдвээр -Удирдлагын академийн багш Б.Энхболд

Мөн энэ үеэр “Дэлхий бөөрөнхий биш” номыг 20%-ын хямдралтайгаар худалдаална.

The world is flat номын тухай

Уг ном 2005 оны 4 сард анхны хэвлэлт нь гарснаас хойш Нью-Йорк Таймс сонины Бестселлерийн жагсаалтанд тасралтгүй зогсож байгаа бөгөөд дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, зөвхөн 2006 оны дотор 2 сая хувь борлогдсон байна.

Зохиогчийн тухай

Зохиогч Томас Л. Фрийдман нь эдийн засаг, олон улсын харилцааны сэдвээр бичдэг дэлхийд танигдсан нэртэй сэтгүүлч. Бостон, Йерүсалим, Кайр, Оксфорд зэрэг хотуудад боловсрол эзэмшиж 1981 оноос Нью-Йорк Таймс сонинд ажиллах болсон тэрээр зохиол бүтээлүүдээрээ АНУ-ын үндэсний номын шагнал болон алдарт Пүлитцерийн нэрэмжит шагналыг гурвантаа хүртжээ. Фрийдман Нью-Йорк Таймс сонинд даяаршил болон олон улсын харилцааны сэдвээр асуудал хөндсөн олон арван өгүүлэл нийтлэл тогтмол хэвлүүлдэг төдийгүй өнөөг хүртэл Ойрхи дорнодын улс орнуудад түгээмэл сурах бичиг болон ашиглагдсаар байгаа “Бэйрүтээс Йерүсалим хүртэл”, даяаршлын тухай анхны ном болох “Лексүс ба Чидун жимсний мод”, 9 сарын 11-ний үйл явдлаар сэдэвлэсэн “Уртраг ба өргөрөг” номуудыг туурвисан юм.

Yнэ: 15,000 тєгрєг
Захиалах утас: 9988-1590
Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.worldisflat.in.mn/ -аас авна уу.