Энэ өдрүүдэд хүмүүс илүү эелдэг ааштай (таксины жолоочын үг), согтуу жолооч ховортой (сайн хуулийн үр дүн, бүтэн жил ажиглав), баярын ширээ их (бүх ресторон/зоогойнуудын захиалга дууссан), улс даяар шагнал урамшуулал хавтгайрсан (шагнал аваагүй хүнтэй ховор таарав), за нэг үгээр хэлвэл сайхан л шинэ жил болж байна :) Мэдээж дэлхийн эдийн засгийн хямрал биднийг тойрсонгүй, дээр нь олон "гадаад" бас "дотоод" шалтгаануудаар АНОД банк хэцүүдсэн/дампуурсан/дампууруулсан гэх зэрэг үйл явдлууд баярын насториныг жаахан саармагжуулсан тал анзаарагдаж байлаа.
Өнгөрсөн онд олимпын алт мөнгө чимсэн, сонгуулийн бантан илүү бантанлаг, оргилуун дарс... бас галт зэвсэг буудсан ёстой л эмээгийн хэлдэгээр "хольж хутгадаг хорвоо" юм хойно сайн муу юм тэнцүүхэн сүлэлдсэн жил болж өнгөрлөө. Ардчилсан улсын ерөнхийлөгчийн амнаас унамааргүй үгийг Энхбаяр гуай он солигдсон мөчид улс орон даяар хэлснийг (эчнээ бичье!) эс тооцвол гарт байсан оргилуун дарсны бөглөө хуучин оны эцсийн мөч, шинэ оны эхний мөчийн эхлэлд бүр яг зэрэг буудсан нь гайхалтай. Гээд Монгол хүн цагаан сараар муу юм ярьдаггүй тул ингэсгээд зогсоё.
2008 онд хамтарч бичсэн, хамтарч орчуулсан 2 ном маань Интерномын бестселлер жагсаалтад (ангилалдаа) дэд тэргүүн байр эзэлсэн, бас нэг нь Гранд бүүк 2008 гээч шагнал авсан нь урам нэмсэн хэрэг боллоо. Аа гэхдээ (нөгөө Дашзэвэг гуйан транс дууны үг шиг үү :), Монгол ном хэдэн зуун хувь борлогдоод бестселлер болох бус харин хэдэн мянган хувь борлогдоод бестселлерийн жагсаалтад ордог тэр өдрийн төлөө өөрийн бүх нөөц бололцоог дайчилж ажиллах болно гэж өөртөө шивнэлээ. Та ч энэ зорилгын төлөө яваа гэдэгт огтхон ч үл эргэлзнэм. Бяцхан дүү нарынхаа гацуур модонд MOSHUBA бэлгийн Visa карт тавьж баярлуулав. (энэ картын борлуулалт маш сайн байгаад баяртай байна)
Телевизүүдийн "Алтан шонхор"-наадамд Ийглийн мэдээ оны шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр шалгарч, журамт андад маань Н.Энхбаяр шагнал гардуулсан нь хамгийн сайхан баяр. Бодвол 7 сарын 1 -ныг сайн сурвалжилсан гэж өгсөн болов уу! Харин энэ шагналыг С.Баяр өгсөн бол, хаха, ёстой тасархай юм болохгүй юу!
Энивэй, шинэ он маань өнгөрсөн жил шиг, урьд урьдын гайхалтай он жилүүд шиг сайхан байна гэдэгт би итгэлтэй байна. "Амьдрал баялаг шүү!" гэж аав минь хэлдэгсэн. Тийм ээ, ямар ч хүнд хэцүү үед амьдралын хамгийн сайн сайхныг олж харж чаддаг тэр хүн аз жаргалтай гэдэгт би итгэдэг. Тиймээс, биднийг маш сайхан он жилүүд хүлээж байгаа нь тодорхой.
Улс орныг уран барилгаар төсөөлвөөс бид бүгдээрээ тоосгонууд юм. 2.6 сая тоосго (туйпуу) нь нийлээд гайхалтай уран хийцтэй ОРД ХАРШ болж сүндэрлэдэг гэж үзэх аваас монгол хэлтэн 10 сая тоосго бол бидний хэрэм болмуй. Харин харш маань гайхалтай, бүр бахархмаар сайхан фундамент, барилгын суурьтайг мартаж үл болно! (их өвөг дээдсийн олон зууны тэмцлийн дүнд өв соёл, эх хэл, газар нутгаа өвлөж авсан бидний суурь сайн байхаас өөр аргагүй) Харин харшийг улам өндөр, улам гэгээлэг, илүү сүр жавхлантай, цонх нь цэлмэг (алсыг харах мэлмий), дотроо гэрэлтэй, уран тансаг болгох нь бидэнд бурхан тэнгэрээс өгсөн үүрэг тул TУЙПУУ нь болсон бид бүхэн өөрсдийгөө сайн давтаж, улам бат бөх, чанарлаг болoх учиртай. МОНГОЛ хэмээх ОРД ХАРШ-ийн нэгэн тоосго нь болж төрж өссөндөө та бид өөрсдөөрөө бахархму! Орд харшаараа бахархму! Орд харш маань улам сайхан болж байна. Монгол тоосгоны үнэ ч дэлхийн тоосгоны үнэд ойртож байна!
Цахим ертөнцийн зөрлөг замын уулзварт зөрж өнгөрөлгүй гар барилцсан эрхэм анд Танд Шинэ оны халуун мэнд дэвшүүлье!
Шинэ онд мөрөөдлийн хүлэг тань дураараа дүүлэн нисч, гэгээрлийн манлайд хүрэх болтугай!
Мэхүйн ёсолсон,
нэг туйпуу
Photo credit to Robert