
Хөх Монголын цоглог залуустаа
GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогч Д.Сайнбаяраас
Сайн байцгаана уу, эрхэм анд нараа! Сайн байцгаана уу эрхэм фэнүүд, сургааль ерөөлөө хайрлаж ирсэн ахмад үеийнхэн болоод биднийг дэмжиж ирсэн хөх Монголын мянга мянган цоглог залуус аа!
“Дэлхийн цалинг Монголдоо” уриатай GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогчид бид Монголын нийгэмд цоо шинэ уур амьсгал, цэвэр өрсөлдөөн, бүтээлч амьдрал, өөдрөг хүсэл тэмүүллийг илэрхийлэхийг зорьсны сацуу зурагтын өмнө суугаа олон мянган үзэгчдийн өмнө өөрсдийгөө нээж, бие биеэсээ суралцаж, заримд нь үлгэр дууриал болж оролцохыг зорьсон билээ.
Өдийг хүртэл нэвтрүүлгийн оролцогч бидэнд урам зориг хайрлаж, тусалж дэмжиж ирсэн нийт фэнүүддээ, мөн гадаадад суугаа зүс үл таних олон мянган хөгжөөн дэмжигчиддээ гүн талархал илэрхийльюү!
Бүтэн хоёр сар хагас хугацаанд бидний 16 залуус нойр хоолоо хасан байж, инээд баясал, харамсал гуниг, их ажлын ачааллыг бие сэтгэлээрээ мэдрэхийн хамт сэтгэл зориг нэгдэж, эрч хүчээр дүүрэн хамтран ажиллаж, гудамжны худалдаанаас эхлээд дэлгүүрийн сүлжээ, рестораны бизнес төлөвлөгөө, нийгмийн эмзэг давхаргад туслах хандивын компанит ажил, дэлхийн хөрөнгийн биржийн зах зээл, банкны шинэ үйлчилгээ, олон улсын тээвэр худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, нийгмийг эрүүлжүүлэх эрүүл хүнсний цогц хөтөлбөр гэх мэт 9 даалгаварын турш өөр хоорондоо баг болон өрсөлдсөн юм. Монгол залуус маань нэгдэж чадвал ямар их үйл хэргийг, ямар богино хугацаанд хийж чадаж байгааг нотлон харуулсан нь бидний бахархал билээ!
Энэ бүхний эцэст Монголын шинэ үеийн төлөөлөл болсон ажил хэрэгч залуус бид улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зориг нэгдэж, насан туршид зам нийлэх анд нөхөд болцгоосон юм. Нэвтрүүлгийн шилдэг 15 залуустаа сэтгэлийн угаас халуун баяр хүргэж, ирээдүйн их үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Энэ дашрамд бидний залууст өөрсдийгөө нээж, таньж мэдэх, хамтдаа хөгжих бололцоог олгож, GLOBAL CEO нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулсан Глобал Удирдагч Сан, JCI Монгол, ивээн тэтгэсэн Капитал Групп, цаг наргүй ажилласан UBS телевизийн хамт олон, даалгавар гүйцэтгэх үе шатанд тусалж дэмжиж, хамтран ажилласан Монголын зуу зуун байгууллага, пүүс компаниудад нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье!
Бидний залуус Монголын бизнесийн орчин болоод нийгмийн бусад бүх салбарт өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллах болно. Тийм ээ, ардчилалын үр шимээр харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр зорьж одсон бидний залуус эх нутагтаа БУЦАЖ ИРЛЭЭ! Бидний араас нөхөд маань ИРЖ БАЙНА! Харьд одсон Монголчууд маань БУЦАЖ ИРНЭ гэдэгт би итгэдэг! Тун удахгүй Монголд мянга мянган залуус 50,000 долларын цалин авдаг үе ирнэ гэдэгт би итгэдэг.
Гандах үедээ гандаж буй эх нутгийг минь услах хур бороо ирж айсуй! Хөх Монголын цоглог залуус аа! Та биднийг ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ угтаж байна!
Ёсолсон, Д.Сайнбаяр 2008.5.19 - 11:05:46 AM- Даваа гариг Улаанбаатар хот