Showing posts with label oрчуулсан нийтлэлүүд. Show all posts
Showing posts with label oрчуулсан нийтлэлүүд. Show all posts

8.09.2015

Сингапурын Ерөнхий сайд Ли Сян Лүний Үндэсний тусгаар тогтнолын 50 жилийн ойд зориулж хэлсэн үг

2015 оны 8 сарын 8
Эрхэм Сингапурчууд аа,

1. 50 жилийн өмнө, яг энэ үдэш, Сингапур улс түүхэн өөрчлөлтийн өмнөх цаг мөчтэйгээ золгосон юм. Салан тусгаарлах гэрээнд Кабинетын зүгээс гарын үсэг зураад баталгаажуулчихсан байлаа. Салан тусгаарлах гэрээ болон Тусгаар тогтнолын тунхагийг тусгайлан хэвлэх үүднээс засгийн газрын хэвлэх үйлдвэр чөлөө завгүй ажиллаж байв. Малайзын засгийн газар Цагдаагийн Ерөнхий комиссар болон Бүх цэргийн командлагч нарт маргаашнаас эхлэн шинэ засгийн газрын шууд мэдэлд очих чиглэл өгсөн байдаг. Энэ бүхэн маш өндөр нууцлал дунд явагдсан тул тэр үдэш бидний өвөг дээдэс нэг хоногийн дараа тэдний амьдралд юу тохиолдох талаар ямар ч төсөөлөлгүй, өөрсдийгөө Малайзын иргэн хэмээн бодсоор орондоо нойрсчээ.

2. Өглөө боллоо. 1965 оны 8 дугаар сарын 9. Бидний ертөнц өөрчлөгдөв. Өглөөний 10 цагт радиогоор Тусгаар тогтнолын тунхагийг сонордуулав. Сингапур улс Малайзын бүрэлдэхүүнээс гарч “мөнхөд бие даасан, ардчилсан, тусгаар тогтносон үндэстэн” боллоо. Бүгд Найрамдах Сингапур улс ийнхүү мэндлэв.

3. Ард түмний сэтгэл зовниж байлаа. Бид биеэ дааж чадах эсэхийг хэн маань ч хэлж мэдэхгүй. Эдийн засаг маань чөмөгжиж амжаагүй, чадамж сул байв. Үнэндээ бидэнд ямар ч байгалийн баялаг, бие даасан зэвсэгт хүчин байсангүй. Үдийн алдад эрхэм Ли Куан Юү зурагтаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр сэтгэлээ барьж дийлэлгүй хэвлэлийн бага хурлын ид дунд нулимс дуслуулан уйлсан юм. Түүний хожим хэлснээр энэ бол “сэтгэл догдлуулсан, эмзэг мөч” байжээ.

4. Гэхдээ энэ л эмзэг мөч арлын үндэстний хөгжлийн замналыг цутгах насан туршийн шийдмэг зорилт болж хувирсан юм. Хэвлэлийн бага хурлын эцэст эрхэм Ли Куан Юү Сингапурчуудад хандан “Бид энэ нутагт бусдад үлгэр жишээ болохуйц олон үндэстний Сингапур улсыг цогцлооно. Сингапур бол зөвхөн малай үндэстэн биш, Сингапур бол хятад үндэстэн биш, Сингапур бол энэтхэг үндэстэн ч биш. Хүн бүр төрөлх хэл, соёл, шашны эрх тэгш өөрийн гэсэн орон зайтай байх болно” хэмээн амлалт өгсөн юм.

5. Тэр л мөчөөс хойш бид цоо шинэ үндэстнийг бүтээж эхэлсэн. Ямар ч урт зам туулав даа. Энэ замнал манай анхны манлайлагч нар Сингапурын эхэн үеийнхний зүрх сэтгэлд Сингапур улс бие даасан, тусгаар улсын хувьд амжилтанд хүрч чадна хэмээх итгэл үнэмшлийг төрүүлэх үйлсээр эхэлсэн юм. Тийм ээ, манлайлагчид ба ард түмэн – арслангууд ба арслан зүрхтнүүд хамтдаа нугаршгүй итгэл зүтгэл өвөрлөн улс үндэстнийхээ үндэс суурийг бэхжүүлэхийн төлөө тэмцсэн юм. Хөгжлийн буухиаг тэдний араас манай залуу үе залгамжилж, Сингапурыг улам сэргээн мандуулсан түүхтэй.

6. Жилээс жилд Сингапур улс цэцэглэн хөгжсөн. 1971 онд Британичууд Сингапурыг орхисон явдал, 1973 оны Газрын тосны хямрал, SARS өвчний даамжрал, Азийн санхүүгийн хямрал, Дэлхийн санхүүгийн хямрал гэх мэт олон хэцүү сорилтыг энэ зуур бид хамтдаа туулсан. Бид эдийн засгаа тэлж, ажлын байр бий болгож, орон даяар орон сууц, сургууль, эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулсан. Бид цоо шинэ улс үндэстнийг бүтээн байгуулсан.

7. Жилээс жилд эрхэм Ли Куан Юүгийн 1965 оны 8 сарын 9-нд “бидний өмнө ямагт гэрэлт ирээдүй бий хэмээн итгэж, үндэс язгуур, хэл, шашнаас үл хамаарч нэгдмэл үндэстэн байх болно” гэсэн амлалтыг биелүүлэхийн төлөө бид хамтдаа зүтгэж, зорилгодоо хүрсэн.

8. Тийм ч учраас бидэнд 50 жилийн ойн баяраа ёс төгөлдөр тэмдэглэх хангалттай учир шалтгаан бий.

9. Сингапурын цэргийн хүчний (Nsmen) үе үеийнхний цус, хөлсөө өргөн хамгаалсан амар амгалан, аюулгүй байдлын 50 жилийг хамтдаа тэмдэглэцгээе.

10. Сул талаа хүч тэнхээ болгож чадсан он жилүүдээ тэмдэглэцгээе. Дотооддоо ч зах зээлгүй даржин эдийн засаг хэрхэн дэлхийг өөрийн зах зээлээ болгож, ард иргэдээ ажлын байраар хангаж чадсаныг тэмдэглэцгээе. Өөрийн гэсэн эх газаргүй бид PSA-гийн ачаа тээврийн усан боомт, Чанги нисэх онгоцны буудлыг хэрхэн дэлхийн шилдэг болгож чадсанаа дурсан тэмдэглэцгээе. Малайзын Жохор мужийн импортын уснаас бүрэн хараат байсан бид хэрхэн бүхэл бүтэл арлыг борооны ус тогтоох тосгуур болгож усны NEWater брэндийг шинээр бүтээснээ санан тэмдэглэцгээе. Бидэнд ямар ч байгалийн баялаг байхгүй атал Сингапурынхаа иргэн бүрт өндөр боловсрол эзэмших, авьяас билгээ хөгжүүлэх боломж олгож чадсаныг тэмдэглэцгээе. Хамтдаа байхдаа бүх хүмүүсээ нийлүүлснээс ч илүү хүчтэй гэдгийг бид нотолж чадсан билээ л.

11. Гурав дахь ертөнцийн буурай орноос дэлхийн хөгжлийн манлайд хүрэхдээ ард иргэдийнхээ хэнийг ч ардаа орхилгүй нэгэн цул үндэстэн шиг замнаж чадсанаа юун түрүүн тэмдэглэцгээе. Сингапурын хөгжлөөс чухамдаа иргэн бүр хувиа хүртсэн. Ажилчин ангийн цэнхэр захтнаас эхлээд сэхээтний давхаргын цагаан захтан хүртэл, төсвийн дэмжлэгтэй орон сууц (HDB) эзэмшигчдээс өгсүүлээд тансаг сууц эзэмшигчдийг оролцуулсан ч тэр, хятад, малай, энэтхэг, евроази гэлтгүй бүх хүний амьжиргаа сайжирсан нь үнэн билээ. Бид бол бүх нийтээрээ хувийн орон сууц эзэмшиж, өмчилж чадсан үндэстэн. Хүн бүрт өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээлттэй. Хүн бүр илүү гэрэлт ирээдүйтэй золгох хувьтай.

12. Бид өнөөдрийн энэ л өндөрлөгөөс 50 жилийн ялгуусан замналаа эргэн хараад бахархаж байна. Энэ бүхнийг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүн бүрт ач санан талархаж байна.

13. Энэхүү өндөрлөгөөс биднийг угтах шинэ оргилуудыг харж болно. Бидний цаашдын аян газрын зурагт тэмдэглэгдээгүй ээ. Гэхдээ бид улам хичээх ёстой. Учир нь бидэнд өөрсөддөө болон хойч үедээ илүү сайн сайхныг бүтээх хүсэл тэмүүлэл бий.

14. Бид зорилгодоо хүрч чадна гэдгээ мэднэ. Яагаад гэвэл бид бие биенийнхээ төлөө бат зогсч чаддаг хүмүүс. Бид нэгдмэл нэг үндэстэн байхдаа хүчтэй. Хөмөрсөн ачааны машинд гацсан нэгнээ аврахын тулд бид зөнгөөрөө цуглараад өргөчихдөг. Хөгжмийн аяз тасарсан ч төрийн дууллаа бид цог жавхаатай дуулан гүйцээдэг. Бид өнгөрснөөрөө бахархаж, ирээдүйдээ итгэл төгс байдаг. Хамтдаа байхдаа бид Сингапурт итгэдэг. Хамтдаа байхдаа бид Сингапурт харьяалагддаг. Бид хамтдаа Сингапур.


15. Миний бие та бүхэнтэй Сингапурын түүхэнд онцгой ач холбогдол бүхий Викториагийн нэрэмжит Концертын танхимаас мэндчилж байна. 1954 онд энэ баганатыг Викториагийн дурсгалын танхим гэж нэрлэдэг байжээ. Эрхэм Ли Куан Юү энэ л танхимд Ардын Хөдөлгөөний Нам (PAP) –ын үндсийг тавьж, эрх тэгш, шударга нийгмийн төлөөх урт удаан тэмцлээ эхлүүлсэн юм. 1958 онд энэ л танхимд “Сингапур мандтугай” (Majulah Singapura) сүлд дуу анх эгшиглэсэн. Тусгаар тогтносныхоо дараа бид Үндэсний баярын өдрийн анхны баярын жагсаалыг зэргэлдээ орших Паданг талбайд хийж, нэг үндэстний ёсоор “Сингапур мандтугай”-г хоолой нийлүүлэн дуулж байлаа.

16. 50 жилийн дараа, Алтан ойн их баяраа (Golden Jubilee) тэмдэглэх гэж Падангийн талбайд бид дахин цугларна. Бид хамтдаа “Сингапур мандтугай” дуугаа бахархалтайгаар дуулж, Үндэсний тангарагаа уншицгаана. Өнгөрсөн 50 жилийн ололт амжилтаараа бахархан цэнгэж, улс үндэстнээрээ зол жаргал, мандан бадрал, хөгжил дэвшлийн манлайд хүрэхийн төлөө үндэс язгуур, хэл, шашнаас үл хамааран эв нийлсэн нэгэн цул үндэстэн байж, Сингапур улсаа мандуулахын төлөө ахиад цоо шинэ эрч хүчээр хамтдаа зүтгэцгээе.

17. Та бүхэндээ Үндэсний баярын 50 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!

Орчуулсан Даваабатын Сайнбаяр @dsainbayar
/Сингапурын Үндэсний Их Сургуулийн Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын дээд сургуулийн магистрант/

Эх сурвалж: http://www.pmo.gov.sg/mediacentre/prime-minister-lee-hsien-loongs-national-day-message-2015-english


9.06.2013

Азийн зуунд тавтай морил

Залхуурахаараа гэрийн хажуугийн ази зоогойноос carry-out захиалдаг билээ. Тогооч нь миний захиалдаг curry-ны сүмсийг хэнээс ч илүү сайн тааруулж хийдэг хятад тогооч. Хэд хоногийн өмнө ортол ууттай хоолон дээр минь бурам нэмжээ. Юу билээ гээд гайхан хартал 60 жилийн ойд зориулсан хүлээн авалтынхаа ширээг бурмаар чимсэн гээд даруухнаар инээмсэглэлээ. Хариад зурагт асаатал BBC-гээр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан сүр дуулиантай жагсаалыг харуулж байна. 1949 оны 10 сарын 1-нд албан ёсоор БНХАУ хэмээн тунхаглагдаж, дэлхийн 5 хүн тутмын 1-ийг дээвэртээ багтаасан энэ их гүрний нэн шинэ түүхийг Мао Зэдун, Дэн Сяопиний үе гэж 2 л хуваадаг байсан бол одоо 3 дахь үе нь яах аргагүй иржээ. Таван жилийн өмнө Fortune сэтгүүлд алдарт Jeffrey D. Sachs гуай Welcome to the Asian Century гэж маш сонирхолтой нийтлэл бичсэнийг тухайн үед Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлд орчуулан хэвлүүлж билээ. Хожим монголын хэд хэдэн сонин, сэтгүүлд олон дахин хэвлэгдсэнийг (гүүглдэж үзтэл бас олон вэб блогуудад тавьсан бна) бодоход цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдаагүй онцгой сэдэв гэлтэй.

Ш.Баатар ах энэ сэдэвтэй холбогдуулж Хятад улc байгуулагдсаны 60 жилийн ойн эргэн тойронд төрсөн бодол гэж сонирхолтой нийтлэл бичсэн байна лээ. Орж сонирхоорой. Өнгөрсөн хугацаанд монголчууд бидний "урилгаар" маш олон хятадууд хууль бусаар ажиллаж байгааг бид сайн мэднэ. Хятадуудад хандах монголчуудын "хандлага" өөрчлөгдөхөөс бид байнга сэргийлж төрийн хар хайрцагны бодлого улам чанд, амьдралд илүү сайн хэрэгжиж байх хэрэгтэй. Гол нь "хандлага" өөрчлөгдөөд байна. Их эзэн хаан маань "Өмнө зүгт Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай" гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх аа. Мянга мянган жил хоорондоо дайсагналцаж ирсэн Хятад, Монгол хоёр! Сансраас дэлхий дээр харагддаг цорын ганц бүтээн байгуулалт болох хэдэн мянган бээр үргэлжлэх Цагаан хэрмийг хятадууд биднээс айж босгосон гэж бодохоор л хоёр орны харилцаа ямар байсан нь ойлгомжтой. Гэхдээ Ричард Никсоны амыг Баабар гүүш мөн сайн барьсан байдаг даа!

Нийтлэлийг зав гаргаж уншаарай, уг нь яг Fortune сэтгүүл дээр байдаг нийтлэлийн хажууд байдаг зураг нь бол аймаар. Ямартаа ч энэ зуун Азийн, тэртусмаа Хятадын зуун болно гэсэн Жэффри Сакс гуайн үг үнэний ортой болох нь өдөр өнгөрөх тусам нотлогдсоор байна. Хятад тогооч нар хоол хийхдээ гаргууд, одоо хоол хийх байтугай дэлхийн хамгийн шилдэг машин, компьютер, сансрын пуужинг хийгээд эхэллээ... Гэхдээ хамгийн том хил хязгаараар нийлсэн хойд хөршийн нь хувьд
өндөр хурдтай эдийн засгийн өсөлтөөс бид юуг нь зулгааж авч үлдэх вэ? Мөн юунаас нь болгоомжлох вэ? Зүгээр л нэг импортлогч нь байсаар байх уу?
-------------

Азийн зуунд тавтай морил

Хятад улс, магадгүй Энэтхэг улс 2050 он гэхэд АНУ-ын улсын эдийн засгийг гүйцэж түрүүлнэ.

Жэффри Д. Сакс - Колумбын Их Сургууль

АНУ түншдээ ч, дайсандаа ч дэлхийн хамгийн хүчирхэг орон. Францууд АНУ-ыг хэт хүчирхэг орон гэж ярьдаг. Неоконсервативчууд Америкийг шинэ цагийн Ром ч гэдэг. Гэтэл аль аль нь АНУ-ын ноёрхол, удаан хугацаагаар тэргүүлэх чадварыг хэтрүүлж хэлсэн хэрэг юм. Америкийн хүч чадал технoлoгийн өндөр хөгжилд тулгуурладаг боловч энэ нь дэлхийн аль ч улс оронд мөн адил хөгжсөөр л байгаа салбар. Хятад, Энэтхэгийн эдийн засаг АНУ-ынхаас харьцангуй жижиг ч цар хэмжээгээрээ энэ зууны хагас гэхэд Хятад Америкаас түрүүлж, Энэтхэг Америктaй тэнцэж ирж тун магадгүй байна. Дэлхийн эдийн засгийн төвлөрөх хүч Азид шилжих үед АНУ-ын эдийн засгийн давамгайлал буурах нь эргэлзээгүй үнэн юм.

Худалдан авах чадвараар харьцуулж үзвэл одоогоор АНУ-ын эдийн засаг 10.7 триллион ам. доллараар Хятадаас (6.3 триллион ам. доллар) бараг хоёр дахин, Энэтхэгээс (3.6 триллион ам. доллар) гурав дахин хүчтэй байна. Нэг хүнд ногдох орлогоороо (per capita income) АНУ Хятадаас 8 дахин, Энэтхэгээс 11 дахин их байгаа нь Азийн энэ хоёр улсын хэт олон хүн амын тооноос тодорхой хэмжээгээр хамаарч байгаа хэрэг. Хятад, Энэтхэгийн нэг хүнд оногдох орлогын хэмжээ АНУ-ынхаас илүү хурдан өсөх хандлагатай байгаа нь амьжиргааны түвшингийн зөрүүг багасгаж, улмаар энэ хоёр улс АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлэх бололцоог нээж байна.

Хятад, Энэтхэг мэтийн ядуу эдийн засагтай орнууд улс төр, эдийн засгаа сайн удирдан жолоодож чадвал бусад баян улс орнуудаас илүү хурдан хөгжих хандлагатай байдаг. Ядуу орнуудын хөгжлийн хоцронгуй байдал нь эргээд тэргүүлэх эдийн засагтай орнуудаас know-how (ямарваа зүйлийг хийж бүтээх мэдлэг туршлага. Орч.) импортлох давуу талыг бий болгодог. Энэ нь капиталын импорт, ар араасаа цувсан гадаадын хөрөнгө оруулалт, эрдэмтэд, инжинeрүүдийн мэргэжил дээшлүүлэлт, сургалтаар бий болдог. Дэлхийн 2-р дайны дараах технологийн хөгжил нь Баруун Европ, АНУ хоёрын орлогын зөрүүг багасгаж, арай ядуу өмнөд Европыг (Грeк, Итали, Португали, Испани улсууд) эдийн засгийн орлогоор нь Хойд Европын баян хөршүүдтэй нь ойртуулж өгч байсан.

Хэрэв хоцрогдож буй орон нь улс төрийн хувьд тогтворгүй, эдийн засгийн буруу удирдлаганд байвал технологийн хөгжилд их саадтай. Энэ бол коммунизмд нэрвэгдсэн Зүүн Европын гол бэрхшээл байлаа. Yүнтэй адил Хятад, Энэтхэг хоёр Дэлхийн 2-р дайны дараах эхний хэдэн арван жилүүдэд Маогийн коммунизм, Нeругийн социализмаас болж эдийн засгаар хурдацтай хөгжих бололцоогоо алдсан. Харин энэ хоёр орны эдийн засгийн хурдацтай хөгжлийн гол түлхүүр нь Хятадад Дэн Сиаопиний 1978 оны эхээр хэрэгжүүлсэн эдийн засгийн либeралчлал, Энэтхэгт Сангийн яамны сайд Мамохан Сингхийн 1991 оноос явуулсан лицeнзний дүрэмд (license raj) хийсэн рeфoрмooс эхтэй билээ.

Одоо энэ хоёр орны эдийн засаг маш сайжирч байна. Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүний (YНБ) дүн 1970-аад оны сүүлчээс хойш жил тутам 10%-аар, Энэтхэг улсынх 1991 оноос хойш жил тутам 6%-аар өссөн байхад АНУ-ын жил тутмын эдийн засгийн өсөлт ойролцоогоор 3.5%-тай байна. Гэхдээ Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурдац АНУ-ын орлогын түвшинтэй ойртох тутам буурах юм. Энэ хоёр орон АНУ болон бусад баян орнуудтай технологийн хөгжлийн түвшингээр ойртох тутам технологийн know how-ийг импортлох боломж нь багасна. Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь алгуур боловч энэ хоёр орон болон бусад адил нөхцөлтэй улс орнуудын эдийн засаг дараагийн олон арван он жилүүдэд АНУ-ын эдийн засгийн өсөлтөөс илүү хурдацтайгаар өснө.

Экoнoметриксийн нотолгоогоор бол Хятад, АНУ-ын орлогын зөрүү 50%-aaр багасах үед Хятадын эдийн засгийн өсөлтийн давуу байдал нь жил тутамд 1.4%-аар буурна гэж гарч байна. Хятад улсын нэг хүнд ногдох орлого одоогоор АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 13%-тай тэнцэх бөгөөд, Хятадын нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний (YНБ) өсөлт АНУ-ынхаас ойролцоогоор 4.6%-аар илүү хурдтай өсч байна. Харин Хятадын нэг хүнд ногдох орлого АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 26%-тай тэнцэх үед, жил тутмын эдийн засгийн өсөлтийн давуу тал 3.2% хүртэл буурна. Мөн цаашдаа ч Хятадын нэг хүнд ногдох орлого АНУ-ын 50%-тай тэнцэж ирэх үед Хятадын жил тутмын эдийн засгийн өсөлтийн давуу тал 1.8% байх төлөвтэй.

Дээрх тоо баримтад түшиглэн урьдчилан тооцоолвол 2050 он гэхэд Хятад улс АНУ-ын нэг хүнд ногдох орлогын хэмжээнд хүрч, 1.4 тэрбум хүн ам нь АНУ-ын тухайн цаг үед хүрэх 400 сая хүн амаас 3.4 дахин их болж таарч байна. Тэр цагт Хятадын YНБ АНУ-ынхаас 75%-иар их байх болно. Мөн дурьдсан тооцоогоор Энэтхэгийн нэг хүнд ногдох орлогын өсөлт АНУ-ынхаас 4%-аар илүү гэж үзвэл, 2050 он гэхэд АНУ-ын нэг хүнд ногдох орлогын түвшингийн 25%-аас бага зэрэг давж, бараг дөрөв дахин их хүн амтай энэ орны эдийн засгийн хэмжээ АНУ-ынхтай тэнцэж ирэх юм.

Мэдээж дайн дажин, халдварт өвчин, улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн буруу бодлого, эсвэл хүн амын өсөлтийн өөрчлөлт энэхүү таамаглалыг маань зөрчиж болохыг үгүйсгэхгүй. Гэвч АНУ-ын дэлхийд эзлэх эдийн засгийн байр суурь, эрх нөлөө буурч, Хятад улс, мөн магадгүй Энэтхэг улсад байр сууриа алдах чиг хандлага хүчтэй илэрч байна. Хятад, Энэтхэг болон бусад Азийн хурдтай хөгжиж буй эдийн засагтай орнууд технологийн хөгжлөөр гүйцэж түрүүлэхийн тулд R&D-д (Research and Development - Судалгаа шинжилгээ ба Yйлдвэрлэл. Орч.) үндэсний эдийн засгийнхаа нэлээд хувийг зарцуулж байгаа тодорхой баримтан дээр тулгуурлаж энэ таамаглалыг дэвшүүлж байна.

Мөн түүнчлэн АНУ нь зөвхөн Хятад, Энэтхэг улсаас гадна, өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн Хойд Азийг холбосон Азийн нэгдмэл эдийн засагтай нүүр тулж байна. Азийн олон орон худалдаа, санхүү, технологийн төвлөрсөн хангамжийг бий болгохын тулд өнгөрсөн үед хийсэн стратегийн алдаагаа нөхөхийг хичээж байна. Одоогийн чиг хандлага, барагцаалсан тооцоогоор бол дэлхийн хүн амын 60%-ийг эзэлсэн хүн амтай Азийн энэ нэгдмэл эдийн засаг дэлхийн YНБ-ний тал хувийг эзлэх төлөвтэй. (Одоогоор дэлхийн YНБ-ний гуравны нэгийг эзэлдэг) Гэтэл АНУ-ын дэлхийд эзлэх хүн амын тоо 5% хэвээр үлдэж, худалдан авах чадвараар дэлхийн YНБ-ний тавны нэгээс илүү хувийг эзэлдэг эдийн засаг нь 2050 он гэхэд түүнээс хоёр дахин бага хувь эзлэх төлөвтэй байна.

Эдийн засгийн үүднээс авч үзвэл АНУ нь Дэлхийн 2-р дайны дараах Баруун Еврoпын эдийн засгийн нөхөн сэргэлтээс ашиг олсны нэгэн адил энэхүү үйл явцаас ашиг олох магадлалтай. АНУ-ын хэрэглэгчидэд Азид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гайхалтай өргөн сонголт, хямд өртөг үр өгөөжөө өгнө. Азиас түгэх шинжлэх ухаан, технoлoгийн дэвшилийн хурдацаас дэлхий нийтээрээ л ашиг хүртэх юм. Сүүлийн жилүүдэд гарсан нэг сонирхолтой жишээ дурдья. Хятадын эрдэмтэд уламжлалт анагаах ухааны аргаар Африк, Зүүн өмнөд Азийн сая сая хүний амийг аврах хумхаа өвчний эсрэг эмийг ургамалаас гаргаж авч чаджээ. Хэрвээ АНУ-д эс нөхөн төлжүүлэх болон бусад биотехнoлoгийн судалгааны хөгжилд шашин, үзэл сурталын байр суурь саад болвол Азийн чаргуу эрдэмтэд энэ салбарт маш түргэн хугацаанд тэргүүлж дөнгөх юм.

Улс төрийн байр сууринаас авч үзвэл шинэ цагийн Ром гэгдэгч АНУ-ын биеэ тоосон тэр дүр төрх замхарч үгүй болно. Энэ намар Ерөнхийлөгч Буш Ази-Номхон Далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцохоор Азид айлчлахад, олон улсын тавцанд АНУ-ын байр суурь алдагдаж байгааг бид хальт мэдэрсэн билээ. АНУ Хятадын валютын ханшны бодлогыг шүүмжлэх гээд Азиас хамтрах түнш эрсэн боловч Азийн бусад улс орнууд бүгд Хятадын талд байсан тул амжилт олоогүй. Азийн хөрш орнууд Хятад улсыг тэдгээр улс орнуудын хөгжлийн гол хөдөлгүүр нь гэж сайн ойлгосон тул Хятадын эдийн засгийн дипломат бодлого АНУ-ыг ийнхүү маданд оруулжээ.

Азийн хөгжиж буй орнууд хөгжил цэцэглэлтийнхээ төлөөх замд бүдэрч ч болохыг үгүйсгэхгүй бөгөөд AНУ-ын зарим шинжээчид Азийн энэ давшингуй хөгжил ямар нэгэн байдлаар тогооноосоо халихгүй байх гэж горьддог билээ. Хэдий тийм ч бид бүгдээрээ нэг завин дээр яваа тул ямарваа нэгэн Азийн хямрал болвол тэр нь бүхэл бүтэн дэлхийг хамарч, АНУ-ыг ч гэсэн хүнд байдалд оруулж дөнгөх юм. Энэ зууны дунд үед 400 сая хүрэх Америкийн хүн ам Азийн таван тэрбум хүн амыг залбиралдаа багтааж ч дийлэхгүй. Азийн эдийн засгийн амжилтыг энэ хэвээр үргэлжилнэ гэж бодвол, 21 дүгээр зуун урьд өмнө байгаагүй их хөгжил дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн зуун болох бөгөөд харин АНУ энэ удаа дэлхийн дийлдэшгүй, тэргүүлэх гүрэн бус харин дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүдийн нэг болж сурах тийм эрин ирж байна.

Жэффри Д. Сакс бол Колумбын Их Сургуулийн Earth Institute-ийн захирал, Тогтвортой хөгжлийн Куэтэлэт Профeссoр юм.

Source: FORTUNE magazine Vol.149, No. 1 January 12, 2004
Welcome To The Asian Century: By 2050, China and maybe India will overtake the U.S. economy in size
By Jeffrey D. Sachs


Хөрвүүлсэн Д. Сайнбаяр (Чикаго)
Замдаан сэтгүүл 2004 он

3.06.2010

TIME Asia: Азийн баатар 2003. "Бүхэл үндэстнийхээ урам зоригийг өргөх хүч тэнхээг нэгэн биедээ цогцлоосон нь буюу Долгорсүрэнгийн Дагвадорж"

Тийм ээ, ТIME сэтгүүл 22-хон настай нэгэн монгол хөвгүүнийг Азийн баатар хэмээн өргөмжилж дараахь нийтлэлийг хэвлэж байлаа. Сумогийн тавцанд Асашорюү гарч ирснээр Цахим өртөөгөөр дүүрэн сенсааци болж Солонгосын Билгээ маань сумогийн тайлбарыг нүдэнд харагдтал тайлбарлаж, дэлхий даяар тархан суусан бид нүдээр үзсэн мэт баярлаж суудаг, дараа нь banzuke.com -оор сумогийн барилдаан үзэж монгол бөхчүүдийн ид хаваар бахархдаг байв. Чухамдаа ёкозүна Дагвадорж зодог тайлах тухай мэдээг сонсоод энэ талаар хэлэлцэж буй хүмүүсийн яриаг сонирхон сонссон билээ. Цахим өртөөгөөр ч энэ талаар нэлээдгүй шуугиан болж амжив. Бид Дагвадорж аваргадаа баярлах ёстой. Түүгээр үеийн үед бахархах болно. Монгол хүнээс, ерөөс нэг хүнээс гарч болох хамгийн дээд амжилтыг үзүүлж, ёстой л "Бүхэл үндэстнийхээ урам зоригийг өргөх хүч тэнхээг нэгэн биедээ цогцлоож" чадсан билээ. Дагвадорж аваргадаа талархаж, хүндэтгэл үзүүлэх үүднээс 7 жилийн өмнө Цахим өртөөнд нийтэлж байсан нэгэн орчуулгыг энд толилуулсу. Д.Сайнбаяр 2010.03.06



By Jim Frederick

Английн Beowulf баатрын туулиас эхлээд Японы Момотарогийн домог хүртэл энэ ертөнцийн бүх л улс үндэстэн алс холд зорьж хатуу бэрхийг даван туулж, баатарлагаар тулалдаж, ялгуусан гавьяа байгуулагч их баатраа магтан дуулдаг билээ. Харин дэлхийн шилдэг сумочдын нэг болох Монгол улсын иргэн Долгорсүрэнгийн Дагвадорж гэж
22 настай залуу эх орондоо Их хаадынхаа нэр алдартай зэрэгцэх хэмжээнд хүртлээ алдаршсанд гайхахын аргагүй. Түүний амьдралыг эртний их дайчны аян дайны орчин цагийн биелэл хэмээн зүйрлэж болмоор.

Yе залгамжилсан бөхийн удамт гэр бүлд (түүний эцэг, ах, дүү нар нь Монголын өндөр цолтой бөхчүүд) төрж өссөн Дагвадорж анх 16 настайдаа Япон оронд ирж өөрийн амьдралийн замналыг эхэлжээ. Тэр сумо бөхийн дэвжээн дэх хэцүү бэрх, чанга дэглэмийн ертөнцөд ирээд, өсөж буй мэргэжлийн сумочдын нэгэн адил заншил дагаж Асашорю (Єглөөний хөх луу) гэж шинэ нэртэй болсон байна. Аварга том биетэй, мундаг хүчтэй бөхчүүдээр зонхилсон энэ спортод харьцангуй хөнгөн жинтэй Асашорю авхаалж самбаа гаргаж, хүнд хэцүү мэхийг эв дүй үзүүлэн хийж өөрийн гэсэн барилдааны өвөрмөц арга барилыг олж чаджээ. Тэр 1999 онд анх сумогийн дэвжээн дээр гарснаасаа хойш 24 хэн тэмцээнд ороод, өнгөрсөн 11 сард түрүүлж үндэсний аварга болсон нь орчин үеийн сумогийн түүхэнд хамгийн хурдан өссөн бөхийн амжилтын рекордыг давтсан байна. Нэгдүгээр сард болсон Мэргэжлийн сумогийн шинэ оны барилдаанд түрүүлснээр Асашорю сумогийн хамгийн дээд цол болох Ёкозуна (үгчилбэл "Их аварга") цол хүртсэн бөгөөд энэ нь анхны Япон болон Америк бус хүний Ёкозуна болсон тохиолдол юм.

Монгол үндэсний бахархалд Асашорюгийн оруулсан хувь нэмрийг хэтрүүлж хэлэхийн аргагүй. "Асашорю Монголын ард түмэнд итгэл найдвар, хүсэл тэмүүлэл хайрладаг" гэж Улаанбаатар хотын агаарын зам зохицуулагч Ганбаатарын Батхүү өгүүлэв. Асашорю бол ард түмнийхээ итгэл найдварыг даах гэж хатуу эрмэлздэг нэгэн. Цол ахисныхаа дөрөв хоногийн дараа Time сэтгүүлд тэрээр "Хүмүүсийн итгэл найдвараар бол Ёкозуна байнга ялж байх ёстой. Ёкозуна ялагдах эрхгүй" гэж ярьсан байна.

Тун харамсалтай нь түүнийг дараагийн тэмцээнд ороход нь бүх зүйл түүний хэлсний яг эсрэгээр болж 3 сард болсон Мэргэжлийн сумогийн хаврын тэмцээнийг тэр сэтгэл гонсойлгосон 10-5 ийн үзүүлэлттэйгээр дуусгаж хоёрдугаар байр эзэлсэн байна. Ийм хүндтэй цолыг хүртэх ёстой байсан уу хэмээн аль хэдийнээ ам булаалдаж эхэлсэн хүмүүсийн яриаг няцаах шаардлага бий болж, Асашорюг шүүн хэлэлцэх нь нэлээд сунжрах төлөвтэй болов. Гэхдээ энэ дайчны аян зөвхөн эхэлж байна.

Сурвалжилж мэдээлсэн: Ч.Чинзориг (Улаанбаатар), Мичико Тояама (Токио)

Орчуулсан Д.Сайнбаяр (Чикаго, АНУ)

Эх сурвалж: "Dolgorsuren Dagvadorj - Possessing the strength to lift an entire nation" - TIME Asia magazine April 28, 2003 / Vol. 161 No. 16