Showing posts with label obama. Show all posts
Showing posts with label obama. Show all posts

12.14.2008

Oбама Маккэйн хоёрын халз тулаан

Обама Эллений шоун дээр бүжиглэдэг ч яахав. Харин энэ бол... хаха, awesome stuff!

11.12.2008

Намрын шаргал өдрүүд

Улаанбаатар хотод минь намрын шаргал өдрүүд хөвөрч байна. Ойрд хүйтний эрч чангарч байна даа. Өнгөрсөн 7 хоногт Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялж дэлхий даяар тэмдэглэлээ. Ийм олон хүн баярласан ерөнхийлөгчийн сонгууль байдаг болов уу? Миний мэдэхийн лав үгүй байх. Аугаа Мартин Лютер Кингийн, олон зуун сая өнгөт арьстнуудын, ерөөс хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ оллоо. Өөр нэмж хэлээд байх ч зүйл алга, зүгээр л браво! УБ дахь АНУ-ын элчингийнхэн болоод монголд буй америкчууд стар хотхонд цуглаж ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээ хамтаар хүлээж, хамт тэмдэглэцгээж байх юм. Энэ их сайхан уламжлал бололтой.

Ойрд яагаад ч юм ажилдаа нэлээд дарагдсан хэдий ч дотроос нь өнгийх урам хайрласан үйл явдлууд их болов. Өнгөрсөн хагас сайнд дуучин Наран 5 ширхэг шинэ цомогийнхоо нээлтийг Хаан театрт хийлээ. Таван хэлээр жааз хэв загвараар дуулжээ. Үнэхээр чадалтай хоолойтой, ховор авъяастай хүн юм аа. Дараа түүний цомгоос заавал авна аа. Тэр өдөр мөн УДБЭТ-т Кармен дуурь бас дараа өдөр нь Хунт нуур балетын улирлын нээлт болов. Аль алинд нь ажил давхцаад очиж чадаагүйдээ харамсав.

Өнөөдөр буюу 11/12 -ны бэлгэт сайн өдөр яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг эгчийн АНУ-д байх зуураа орчуулсан 6 цуврал ном буюу дэлхийн шилдэг зохиолын "Хөх дэвтрүүд" цуврал номын нээлтэнд хүрэлцэн очлоо. Олон жил, нойр хоолоо хасан байж эдгээр номуудыг орчуулсныг нь сайн мэднэ. Авъяас билэгтэй дээр үнэхээр хөдөлмөрч, шулуун шударга зантай Оюунчимэг эгч олон жил шургуу ажиллаж өнөөдөр зорилгоо биелүүлээд номын баяраа хийж байхыг харахуйяа сэтгэл хөдөлж, урам зориг авахгүй байхын аргагүй байлаа. Тийм ээ, дэлхийн сонгодгуудын охиос эх хэлнээ хөрвүүлсэн Оюунчимэг эгчийн цаашдын үйлст өндөр амжилт хүсмү. Чадал дорой миний биеийг тоож гайхамшигт Шоша романыг редакторлах үүрэг хүлээлгэсэн танд бас баярлалаа. Үнэндээ ганц нэг үсгийн алдаанаас өөр юу ч өөрчлөөгүй нь үнэн билээ. Номонд дуртай та бүгд доорх номуудыг Интерном болон бусад дэлгүүрүүдээс заавал авч уншаарай:

Нэг: Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн "ШОША" роман
Хоёр: Луйс Борхесийн "ЗҮҮДНИЙ НОМ" сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
Гурав: Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын "ТОГЛООМ ДУУСЛАА" шилмэл өгүүллийн түүвэр
Дөрөв: Венедикт Ерофеевийн "МОСКВА-ПЕТУШКИ" роман
Тав: Милорад Павичийн "САЛХИНЫ ДОТООД ТАЛ" гүн ухааны роман
Зургаа: Ричард Бахын "ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД" роман Дэлгэрэнгүй

Үүний дараа ээжийнхээ хамт Фредерик Шопений 200 жилийн ойн арга хэмжээний нээлтийн концерт, төгөлдөр хуурын тоглолтыг УДБЭТ-д үзэв. Польшийн ЭСЯ, МУЗ зохион байгуулсан уг тоглолтод Агата Лукашевич гэж Польшийн маш алдартай залуу төгөлдөр хуурч морилж Шопений урын сангаас уран чадварлаг тоглож, эрдэнэт хүмүний нэгэн гайхамшигт ур чадварыг харууллаа. Театрын захирал хатагтай УДБЭТ энэ жил 2 ширхэг Ямаха фирмийн тус бүр 50 сая төгрөгийн хаан хууртай болсныг энэ үеэр танилцуулсан нь бас нэн сайхан санагдлаа. За ямартаа ч өнөөдөр ажлаа сайн амжуулж чадсаны дээр номын хуртай, дууны хөгтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Маргааш ч бас эрч хүчээр дүүрэн, бурхан ивээсэн сайхан өдөр болох нь үнэн буй заа. Амьдрал өөрөө алдаа оноо, жаргал зовлон, гуниг баяслаар арвин, чухамдаа л сонин сайхан явдлаар дүүрэн эд юм даа. Үүнийг уншиж буй танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!

10.26.2008

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд

нэртэй комментарийг одоогоос яг 4 жилийн өмнө Америкийн монголчуудын Даяар Монгол сонинд хэвлүүлж байснаа өнөөдөр PC-гээ ухаж оллоо. Тэр үед БНН-ын үндэсний чуулганыг Fox channel-аар үзээд бичиж байсан санагдана. Харин нөгөө талд алдарт Обама АН-ын үндэсний чуулганаар "үнэхээр бут авсан" илтгэл тавьж байлаа. Хэн ч үл мэдэх Обамагийн 2004 oнд Жон Керриг дэмжиж тавьсан илтгэлийг сонссон хүн болгон түүнийг дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ЁСТОЙ хүн юм байна гэж бодсон юм шүү. Би ч тэгж бодсон. Бурхны тааллаар болдог юм болдогоороо болж Обама ч энэ жил нэр дэвшиж, маш амжилттай явааг харахад сэтгэл тэнэгэр байна. 2004 онд чухамдаа хаанаас хэн гараад ирэв гэмээр гайхамшигтай илтгэл тавьж, улстөрийн жинхэнэ од болсон Барак Обамаг Jay Leno-гийн Late night show-гаар уригдан ороход тэр ингэж ярьсан нь санаанд тод үлджээ: 2000 онд мөнгөгүй ажилгүй байсан Обамаг найз нар нь чи юутай ч болсон Los Angeles явж АН-ын National Convention-руу оч, хүн хартай уулз гэж зөвлөжээ. Ингээд LАX-ын онгоц буудалд буугаад түрээсийн машин авах гэтэл бүх зээлийн картын нь лимит дууссан буюу 0 заасан байжээ. (LA-д бол машин унахгүй л бол бүх газар нь тийм хол газар л даа. Такси болохоор хэт үнэтэйдсэн биз.) Аргаа барсан мань хүн банк руу утасдаж зээлийн картынхаа мөнгөний лимитийг өсгөв. Ингээд жаахан мөнгөтэй болсон мань хүн машин түрээслээд 2000 оны АН-ын үндэсний чуулганыг Лос Анжелесын Staples center (нөгөө LA Laker's ийн дэвжээ) -т үзэхээр очжээ. Гэтэл мандат ч байхгүй байсан түүнийг хамгаалагчид үл нэвтрүүлсэн тул Staples center-ийн эрчүүдийн 0-ын өрөөн дахь телевизээр АН-ын үндэсний чуулганыг анх үзсэн гэдэг. Сонин юм шүү, тэр үед 0-ын өрөөнд зогсохдоо мань хүн чухамдаа дараагийн үндэсний чуулганаар тэр өндөр индэрээс улс орныг доргиосон илтгэл тавьж итгэл найдварын од болохоо мэдэж байсан болов уу? Мөн 8 жилийн дараа болох үндэсний чуулганаар өөрөө АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд явах юм чинээ санасан болов уу?

Обама бол миний мэдэх хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Ерөнхийлөгч болно байх аа гэж би дотроо залбирч байна. Ингэхэд Обама ерөнхийлөгч болох эсэх нь дэлхийн нөгөө бөөрөнд суугаа бидэнд хамаатай гэж үү? Well, дэлхийн шинэ удирдагч хэн болох нь бидэнд хамаатай. Обамагийн санал болгож буй дипломат бодлого Монгол улсын эдийн засагт ч хамаатай. Тэр тусмаа залуу хүмүүст Audacity of hope -ыг энэ хүн бэлгэддэг билээ.

Ажлын минь нэг анд АНУ-ын сонгууль яаж явагддаг тухай асуусанд хариу болгох үүднээс амбасан үеийн нэг бичвэрээ энд орууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ямар маягаар явдаг гэдгийг сонирхож буй бол нийтлэлийн доор буй Сонгуулийн коллегийн тухай хэсгээс уншаарай. Ажлын шинэ долоо хоногт тань амжилт хүсье!


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд
Д. Сайнбаяр /Чикаго/ 2004-9-5 - Даяар Монгол сонин

Өнгөрсөн долоо хоногт дөрөв хоног Нью-Йoрк хотын Мадисон Скүар Гарденд үргэлжилсэн АНУ–ын ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганыг эсэргүүцэж тус хотод ойролцоогоор 500 мянган иргэд жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулж Нью-Йoркын 36000 цагдаа нар өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэжээ. Мөн Жорж Бушийн засгийн газрын гадаад, дотоод бодлогыг эсэргүүцэж өөр өөрийн гэсэн өвөрмөц маягтай эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж 1800 орчим хүн баривчлагдав. Зарим нь энх тайвныг бэлэгдэн гэрэл асааж, дайныг эсэргүүцэн дайнд алуулсан мэт гудамжинд хэвтэж, зарим нь Жорж Бушийг эсэргүүцэн шог ая дуу зохион дуулцгааж, усны хувцастай бүсгүйчүүд дотоожин дээрээ эсэргүүцлийн үгс бичицгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуульд өрсөлдөгч намууд намынхаа үндэсний чуулганыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай. Уг чуулганы үеэр намууд намынхаа чиг шугам, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь намынхаа нийт дэмжигчдийн сонголтыг хүлээн авснаа албан ёсоор нийтэд зарлах ёстой боловч үнэн хэрэгтээ сонгуулийн маш их шуугиан дэгдээсэн компанит ажил болон хувирч, олон нэртэй улс төрчид чөлөөт индэр дээр сонин гайхалтай илтгэл тавьж, эсрэг намынхаа нэр хүндийг унагах том чуулган болдог. Мэдээж хуучны адил АН, БНН-ын чуулган маш шуугиантай болж өнгөрөв. Зарим телевизийн сурвалжлагчид аль нам нь олон шаар хөөргөсөн бэ гээд маргах нь хөгтэй.

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний аюулгүй байдал, террoризмийн эсрэг тэмцэл, Иракийн дайн, гадаадынханд алдаж буй дотоодын ажлын байр болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, татварын бодлого, даатгалын систем, боловсрол гэх мэт асуудлууд компанит ажлын гол цөм болсон чухал сэдвүүдийн тоонд орж байна. Харин бусад улсын ерөнхийлөгчийн сонгуулиас ялгарах нэг зүйл ажиглагдсан нь АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь улс орны дотоодын асуудал гэхээс гадна дэлхийн энх тайван, эрх чөлөө гэж дэлхий нийтийн эрх ашгийн өмнөөс үг хэлж зогсох нь аргагүй л том орны том удирдагч юм даа гэж бодогдмоор.

***

Таван долоо хоногийн өмнө болсон Ардчилсан Намын үндэсний чуулганы дараа олон агентлаг, хэвлэл мэдээллийн албанаас сонгуульд АН-ын Жон Керригийн төлөө санал өгөх сонгогчидын тоо нэмэгдсэн эсэхийг тооцох санал асуулга явуулахад онцын өөрчлөлт гараагүй буюу Жон Керри нэгээс хоёр хувиар тэргүүлсэн хэвээр байв. Харин БНН-ын чуулганы дараа Тайм сэтгүүлийн явуулсан санал асуулгад оролцогчдын 52% нь Жорж Бушд, 41% нь Жон Керригийн төлөө саналаа өгнө гэж гарлаа. Энэ нь өнгөрсөн хавраас хойш эхэлсэн хоёр намын сонгуулийн компанит ажлын дүнд хамгийн хол зөрүүтэй гарсан санал асуулгын дүн болж байгаа юм.

БНН-ын чуулганд Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварценнегер, сенатoр Жон Маккэйн, Нью-Йорк хотын амбан захирагч асан Рюди Жулиани, дэд ерөнхийлөгч Дик Чени, ерөнхийлөгч Жорж Буш нарын илтгэл олон хүнийг байлдан дагууллаа. Гэтэл Жоржиа мужийн амбан захирагч асан, АН-аас сонгогдсон сенатoр Зэлл Миллер өөрийн намаас нэр дэвшигдсэн Жон Керригийн эсрэг БНН-ын чуулганд ирж илтгэл тавьсан нь энэ чуулганы гол сенсаци боллоо. Тэрээр илтгэл тавих тавихдаа бүр маш их эрч хүчтэй, уран илтгэл тавьж, илтгэлдээ Жон Керригийн хамаг муу муухайг илчлэх зорилго өвөрлөж, Жон Керригийн улс төрийн нэр хүндийг унагаах маш хатуу ширүүн үгсийг Америкийн өмнөд мужийн аялгаар хэлж, шүд зуусан уур омгоор хайр найргүй довтолж байлаа. Тэгээд ч тэр санасандаа хүрсэн нь олон хэвлэл мэдээллийн агентлагаас гаргасан судалгаанаас харагдаж байна. Зэлл Миллер хэлсэн үгэндээ “…Жон Керри бол ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй ямар ч туйлбаргүй этгээд… АНУ -ын үндэсний аюулгүй байдлыг НҮБ бус АНУ, Парис бус Вашингтон шийдэх ёстой…” гэж ярьлаа. Ямартаа ч Жорж Буш, Дик Чени нар илтгэлээ тавихаас өмнө АН-ын нэр хүндтэй сенатoраар өөрийнх нь намаас нэр дэвшиж буй Жон Керрийг сайн муулуулж, Жон Керригийн нэр хүндийг унагаах гол зорилгоо гүйцэлдүүлж “замаа засаад” авсан нь маш ухаалаг алхам болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

***

БНН–ын үзэл баримтлал нь чөлөөт зах зээлт капитализм, үндэсний үзэл, шашинлаг сэтгэлгээ, консерватив, милитарист үзлээр томъёологддог. Билл Клинтоны засгийн газар төсвийн арвин нөөцтэй, эдийн засгийн тогтвортой улс орныг Жорж Бушд хүлээлгэн өгсөн авч Жорж Буш одоогийн байдлаар олон тэрбум долларын төсвийн алдагдалтай ажиллаж байгаа билээ. Хэдийгээр сүүлийн нэг жилд шинээр 1.7 сая хүн ажилд орсон авч, Буш засгийн эрхэнд гарснаас хойш 1 сая орчим хүн ажлаа алдсан хэвээр байна. 9 сарын 11-ний явдлаас хойш Америкийн эдийн засаг уналтанд орж, Иракийн дайнд асар олон тэрбум доллар зарцуулсан, дээр нь иргэдийн орлогын татварыг багасгаснаас төсвийн алдагдалд орж байна гэж шинжээчид үздэг. Гэтэл Жорж Бушийн эдийн засгийн бодлого бол том, дунд оврын бизнесийн орлогын татварыг багасгаж, Америкийн том корпорациуд, баячуудын татварыг хөнгөлснөөр олон хүний ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал юм. Харин АН-ын Жон Керри энэ бодлогыг эрс буруушааж, гадаад бодлого, дотоодын эдийн засгийн бодлогыг өөрчлөх зорилттой байгаа юм. Жон Керригийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүн амын хамгийн баян чинээлэг 2% буюу жилийн 200,000 доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг Бушын засгийн эрхээс өмнө байсан тэр хэмжээнд буцаан нэмэгдүүлж ядуу, дундаж орлоготой иргэдийн татварыг хөнгөлөх бодлого баримталж байгаа билээ.

Жон Керригийн нэр хүндэд том цохилт болж байгаа сэдэв бол түүний Сенатад байх хугацаандаа үндэсний аюлгүй байдлын асуудалтай холбогдсон хууль, тогтоомжинд өгсөн олон саналын тайлан юм. Хэдийгээр түүнийг Патриот актыг (Patriot Act) гаргахад дэмжиж санал өгсөн боловч одоо Иракийн дайныг буруушааж байна гэж БНН-ын улс төрчид гуйвуулга хийж “хоёр нүүртэй улс төрч” гэж цоллон олон түмний бодлыг өөрчлөх тактик хэрэглэж байгаа. Харин Жон Кeрри бол “Жорж Буш ард түмнийг хуурч Иракын дайнд оруулсан. Иракийн дайнд олон улсын дэмжлэгийг хүлээн аваагүй учраас олон улсад АНУ-ын нэр хүнд асар ихээр унасан” гэж БНН-ын дипломат бодлогыг шүүмжилж байгаа юм. Анхлан Жорж Буш Иракын дайнд 1 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдсэн авч, одоогийн байдлаар 200 орчим тэрбум доллар зарлагадаад байгаа юм. Иракын дайнаас хойш дэлхийн олон улсын ард түмний дунд явуулсан судалгаанаас үзэхэд Жорж Бушийн нэр хүнд маш муудаж, АНУ-ын түүхэн дэх олон улсад хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болж тодроод байгаа нь АН-ын сонгуулийн компанит ажилд их хэрэг болох баримт болжээ.

АН-ынхан Жон Керригийн санал буурсан үзүүлэлтийг түр зуурийн үзэгдэл гэж үзэж байна. Хэдийгээр Жон Керри олон нийтийн саналаар үзүүлэлт доогуур байгаа боловч сонгуулийн коллегийн дүнгээр бол Жорж Бушаас илүү үзүүлэлттэй байгаа. Харин БНН-ынхан дараагийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэж зарим телевизийн сувгаар маргаж, өөрснийгөө ялсан мэт ард түмний сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байна. Ямар ч байсан 9 сарын 30-нд Флорида мужид эхлэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд олонд нээлттэйгээр гурван удаа явагдах халз мэтгэлцээний дараа олон зүйл тодорхой болох биз ээ.

* Сонгуулийн коллегийн тухайд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг цорын ганц сонгууль авч шууд бус сонгууль гэдгээрээ олон орны ерөнхийлөгчийн сонгуулийн системээс онцлог ялгаатай юм. АНУ-ын Конгресс дахь Сенатын танхимд нийт 100 гишүүд буюу муж бүрээс 2 сенатoр, харин Төлөөлөгчдийн танхимд 435 гишүүн буюу муж бүрийн хүн амын тооноос шууд хамаарсан төлөөлөлтэй байдаг. Сонгуулийн коллегийн (Electoral college) гишүүдийн тоо муж тус бүрээс сонгогдсон сенатoрын тоо, Төлөөлөгчдийн танхимын (House of Representatiүes) гишүүдийн тоо, мөн Колумбын дүүргийн одоогийн 3 гишүүд буюу хамгийн цөөхөн төлөөлөгчтэй мужаас илүүгүй тооны гишүүдээс бүрдэнэ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 538 сонгуулийн коллегийн гишүүд оролцох юм. Сонгууль мажоритар системээр явагддаг тул сонгуулийн коллегийн гишүүдийн хамгийн олон санал буюу 270-аас дээш санал авсан нь ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм. Сонгуулийн Коллегийн гишүүдийг муж бүр янз бүрээр сонгодог. Улс төрийн намууд муж тус бүрдээ намын хурал, чуулганаар Конгрессын гишүүн бус хүнийг коллегийн гишүүнээр нэр дэвшүүлдэг. Намын дарга эсвэл ерөнийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй улс төрийн болоод хувийн харьцаатай хүн ч Сонгуулийн Kоллeгийн гишүүнээр сонгогдож болдог. Зөвхөн Майн, Небраска мужаас бусад бүх мужуудад олонхийн санал авсан нам нь сонгуулийн коллегийн нийт саналыг авна. Гэвч үндэсний нийт сонгогчдоос олонхийн санал авсан боловч Сонгуулийн коллегийн дүнгээр цөөн санал авч ялагдсан хэд хэдэн тохиолдол байдаг. 2000 оны сонгуулиар Алберт Гор, Жорж Бушаас 540 мянга гаран сонгогчийн саналаар ( 0.5 гаруй хувийн зөрөөтэй) илүү санал авсан боловч Сонгуулийн Коллегийн саналаар 271-266 гэсэн харьцаагаар ялагдсан. Флорида мужын хамгийн чухал дүүргийн 500 гаруйхан хүний санал тэр жилийн сонгуулийн дүнг өөрчилсөн сонин түүх бий.



6.03.2008

Гэрэл тасраад, ирсэн нь буюу sleepless in UB

Сүүлийн үед байнга гадуур ажилтай, орой нь партидсаар гэртээ олигтой амарсангүй. Харин өчигдөр өдрийн турш гэртээ ганцаар амарч, ном уншиж, бас жаал Интернэтээр зугаалж, цахим худалдаагаа хянаж, имэйлийн Инбоксоо цэвэрлэж өнжив. (би gmail хэрэглэдэг. ер нь үнэхээр тасархай л даа. Хэдэн ч имэйлийг форвард (даялуулах) хийж, бас филтер (шүүлтүүр) хийж, хэзээ ч устгахгүйгээр ангилж болдог, бас google talk нэмэгдсэн нь яахууг тас цохих гол шалтгааны нэг болсон. Ижил харилцагч, ижил subject -тай имэйлүүд нь conversation болж хураагддаг нь үнэхээр мундаг шийдэл шүү. Жимэйлийн монгол орчуулгад хааяа оролцдог байсан боловч одоо тэгэх цаг хомс болж дээ. Хэн бүхнийг жимэйл хэрэглэхийг уриалсу. Гүүгл яахууг олон талаараа цохиж байгаагийн илрэл нь most user-friendly interface буюу human-computer interaction-ы сонгодог шийдэл болох нүд үл эрээлжлэх, энгийн бөгөөд функц сайтай бүтэц нь.) Бас хувцасаа угааж, тоосоо соруулж, гэрийнхээ шалыг угаалаа. Хэхэ, ер нь үе үе аяга угаах хоббитой л доо. Харин шал угаалгүй хэдэн жил болсоныг бүү мэд... Тэгж байтал тог (ток?) тасарлаа... Гэрт лаа алга. Хав харанхуй гэрт хүн юу хийж бүтээх вэ? Унтах. Гэтэл миний нойр хүрэхгүй байна. 30 минут дээшээ харж хэвтэж, элдвийг бодлоо. Цаг үдшийн 9-г цохилоо. Ийм байдлаар хэдэн хором ч цааш байж сууж үл чадан сниккерсээ өмсөөд лаа авахаар дэлгүүр гарав. Тог тасарсан тухай ээж байнга ундууцан ярьдаг авч намайг байхад тог тасарсныг санахгүйг бодвол би гэртээ сүүлийн хэдэн сар өглөө гараад л шөнө ирдэг байсантай холбоотой биз. Гадаа тас харанхуй. Харин мэдсэн юм шиг монголд зарагддаг тамхины асаагуурууд бүгдээрээ ардаа гар чийдэнтэй нь гайхалтай. 2 ч мухлагаар ортол "лаа зарагдаад дууссан" хэмээн таньдаг худалдагч эгч нар эелдэгээр хэлэв. Би хоцорсон бололтой...

Ядаж лаа байсансан бол уншиж байсан номоо дуусгахсан, гэвч 8 давхарын харанхуй гэртээ лаагүй орвол юу ч хийх бололцоогүй болохоо ойлгов. Энэ хооронд хэдэн арван хүүхэд хичээлээ хийж чадахгүй, хэдэн арван хүн ажлаа алдаж байгаа бол гэж бодлоо. Нэгдүгээр хорооллын оросуудын барьсан 9 давхаруудын нэг орцонд 36 айл байдгийг тооцвол зөвхөн манай байранд гэхэд 10 орц * 36 айл * 4 хүн (дундаж ам бүл) = 1440 хүн. Миний эргэн тойрон лав 10 орон сууц гэрэлгүй байхыг бодолцвол нийт 14400 хүн. Дунджаар 3 цаг тог тасарчээ гэж үзвэл манай энэ хавийн хөршүүд 43200 цагийг үр ашиггүй өнгөрөөхнээ. Бурхан минь гэж. Эрдэнэт хүмүний бүтэн 1 цаг ямар их үнэ цэнэтэй билээ. Гэхдээ яая гэхэв, нэг л өдөр Монголд тог тасарахаа болино буй заа. Ер нь хараад байхнээ хотын төвөөр тог тасарах нь арай л бага мэт, бодвол улсын нийслэл хотын төв, downtown юм чинь арга байж уу дээ... гэх мэтийг бодсоор нэг л мэдэхэд таксинд суужээ. Хэхэ, 3-р хороололд байгаа буурай аавындаа эсвэл энүүхэнд ойр байдаг нагац ахындаа очиж арай үр бүтээлтэй цагийг өнгөрөөх нь зөв гэж бодлоо. Миний хувьд тоггүйгээр хэдэн цаг болно гэдэг нь яг л ''I cannot afford it" гэдэгтэй адил, надад хэтэрхий үнэтэйднэ. Ядаж л тэнд Интернэт байгаа, эсвэл телевизээр Барак Обамагийн сонгуульд хэлж байгаа үгсийг манай УИХ-д нэр дэвшиж буй мундаг мундаг хүмүүсийнхтэй харьцуулж үзэж болно. Хэхэ. Ахындаа ирлээ. Таксинд 500 төг өглөө. Not too bad! Уг нь ойрхон л доо, гэхдээ алхвал замд ''аюултай'' хүмүүстэй таарчих вий гэж битүүхэн санаа зовсоных. Ер нь 500 төгрөгөөр авах юм Улаанбаатарт ховор болсон. Таксигаар 1.2 км явах эрх, бохь, ширхэгийн тамхи, маш муу чанарын ундаа, эсвэл нэг ширхэг бууз авч болох байх. Бас хуучны Атар талх, бодвол автобусанд 1 удаа суух эрх авч болно. Энүүхэндээ гэхэд кока колагийн бүтээгдэхүүн монголд америкаас илүү үнэтэй. Үхрийн маx ч гэсэн! 40 сая малтай байж шүү! Айл болгон импортоор ирсэн Моnmilk уухыг нь яана! Бааранд, ресторанд байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь дэлхийн статустай гэгдэх Чикагогийнхтай ойролцоо байдаг нь үнэхээр гайхалтай. За үл хөдлөх хөрөнгийн тухайд бол ярихын хэрэггүй. Монгол бол үнэхээр дэлхийн статустай хот болоход маш ойрхон, ер нь юмны үнээрээ бол бараг оччихсон байна шүү. Энэ хөгжлийн индикатор мөн үү?

Аnyways, нагац ахынхантайгаа жаал буу халж суулаа. Нөгөө өрөөнд одоогоор ажилгүй, сургуульгүй суугаа үеэл дүүгийн маань талаар ярьж байна. Сингапур, Бээжин руу 2 ч удаа суралцах гэж яваад дундаасаа хаяад ирсэн нөхөр. Хэд хэд уулзахдаа ахын зүгээс зөвлөж, хатуухан үг хэлээд авсан юмсан. Удахгүй Япон явах гэж байгааг нь сонсоод өмнөөс нь тун ч их баярлав. Тийм ээ, ядаж Токиод гүйхээгээрээ завгүй байдгаараа алдартай япончуудаас цагийн мэдрэмж, цагийн менежмент, зарчимч, зорилготой амьдрах арга ухааныг суралцаж, 1 цагийн үнэ цэнийг мэдрээд авбал... Ер нь Монголд завгүй, хийж бүтээж буй хүмүүс их ч цагийн мэдрэмжгүй, хийж бүтээх нөөц бололцоо хумигдмал хүмүүс маш олон бор хоногийг ''тоггүй мэт'' өнгөрөөж байгаа нь харамсалтай... Ямар олон зуун мянга, сая цагийг Монголчууд бидний зарим хэсэг үр бүтээлгүй өнгөрөөж байна вэ??? Үнэхээр том хяслан, үнэхээр том гашуудал шүү... Хоноод яв, хоноод яв гэх эгчийнхээ үгээс үл гаран том өрөөнд нь ор засуулаад жаал телевиз үзэж хэвтэв. С1-ээр 2006 оны ДАШТ-ний Солонгос-Францын хөл бөмбөгийн шигшээ тоглолтыг дахин үзлээ. Айхтар ''улаан чөтгөрүүд'' Зиданы эсрэг нэг гоол хийчихсэн шүү тэр жил! Xарин миний төрсөн өдрөөр давхцсан Итали - Францын аваргын төлөөх тоглолтод Зидан их том алдаа хийж билээ. Энэ жилийн Аваргуудын лигийг Тринити хэмээх нэгэн бааранд цугласан 200 гаран Монгол залуустай хамт хоолой сөөтөл орилж үзээд өөрийн дэмждэг Манчестер Юнайтедийг ялахад баярласандаа нулимс унагаж, хоорондоо тэврэлдэн үсчсэн бид үүрээр баарнаас гараад алхахдаа хэчнээн урамтай байв. Домогт Роналдо... за тэр ч яахав... Fox News Channell -aaр Барак Обама ялахад цөөхөн цаг үлдэж буй, түүнд тус мужын хүн амын 6 гаран хувь нь уугуул Индиан овогтнуудтай, хүн амын 70% нь сонгууль өгдөг идэвхитэй Монтана муж, бас Соуф Дакота мужынхан маш их итгэл хүлээлгэж буй тухай, early polls-оор тэр Хиллари Клинтоныг ялж буй тухай сайхан мэдээ сонсож, Карл Рөүвийн комментарийг сонслоо. Хилари Клинтон дэд ерөнхийлөгч болж Барак Обамаг дэмжих бололцоотой г.м мэдээг сонсов. Браво, урагшаа Обама! Ялна гэж найдаж байлаа шүү!... Ингээд Америкийн түүхэнд анх удаа хар хүн ерөнхийлөгчийн суудалд намаа төлөөлөн өрсөлдөх нь бараг л тодорхой болж байна... Хиллари ч анхны эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдэх байсан авч тэрээр хэрэв дэд ерөнхийлөгч болвол анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болох юм. Энэ 2 мөн гайхамшигтай баг болно доо! Бүгд найрамдах нам бус харин Ардчилсан Нам өөрчлөлт авчирч чадна гэдэгт би итгэж байна!... Шөнөжин зурагт үзээд нойр эс хүрэв. УБ-т наран ургаж үүр цайлаа. Хувцасаа өмсөөд гэрийн зүг алхахаар шийдлээ. Гадаа гайхамшигтай сайхан байв. Шувууд жиргээд л, анир чимээгүй, ганц 2 машин гараашаасаа гарч буй харагдана. Өсөж бойжсон 1 дүгээр хорооллынхоо дундуур би ингэж алхалгүй 9 жилийг ардаа үджээ. Сэтгэл маш их хөдөлж, өглөөний агаараар дүүрэн амьсгаа аван гэрийн зүг тайван алхав. Сурагч байхдаа ингээд л алхдагсан... Цэцэрлэгийн хашаануудыг дундуур нь хуваагаад заримд нь машины зогсоол, заримд нь байшин барихаар зэхэж буй бололтой. Нэг тааруухан тагзан дээр ''МАXН-н тэддүгээр ҮҮР'' гээд хаяг хаджээ. Жаахан алхаж байтал 19 дүгээр байрны нэг орцны дээвэр дээр ''АН-ын тэддүгээр ҮҮР'' гээд бас хаяг тавжээ. Хэхэ, сонгууль эхэлж дээ, эхэлж. Энэ зун сонин хачин юм их үзэх байх даа. Хөөрхий багадаа алхаж өссөн гудамжууд барилгын шороогоор булагдаж, ихэнхи хэсэгтээ маш их хагарчээ. Намайг 6 настай байхад буюу 87 онд ашиглалтад орж байсан энэ хороолол ямар сайхан хороолол байлаа даа. Одоо ч байшингуудын өнгө нь утаанд хөө болоод бас нэлээд ганджээ. Хаа хааяа мод үзэгдэнэ, бас орцнуудын хажууд шинэхэн тарьсан моднууд харагдах нь сайхан. Бас сайн зүйл гэвэл орцууд нь хуучнаа бодвол овоо цэвэрхэн болжээ. Бодвол хүүхдүүд орцонд цуглахын оронд Интернэт кафед суух гэх зэрэг хуучин бидний үед байдаггүй олон зүйлс шинээр нэмэгдсэнтэй холбоотой байх. Анх бэлтгэл ангид орж байсан 82 дугаар сургууль, гоц авъяастны 93 аас шилжиж ирээд суралцсан орос 83, бас сүүлд гүнзгий ангиудыг нэгтгэхэд шилжсэн 86 буюу Ирээдүй цогцолборын 1 дүгээр байр гээд бүгд замд дайралдав. Бүрэн дунд сургууль төгсөх гэж яасан ч олон сургууль дамжаа вэ дээ? Хожим Айдахо мужид суралцсантай нийлүүлвэл нийт 5
дунд сургууль дамжжээ, хэхэ. Бүгд л өөрийн гэсэн онцлогтой байсан даа. Сургуулиудаа сайн ажиюу гэвч янз бүрийн байшин их баригдаад заримдаа нүдэнд саад болно. Глобал СИО-гийн сүүлчийн дугаарын дундуур анх крилл А үсэг заасан Сайнбаяр багш маань (надтай ижил нэртэй, эмэгтэй хүн) залгахад сэтгэл хөдлөсөн гэж жигтэйхэн. Тийм ээ, би 82 дугаар сургууль дээрээ очиж, багштайгаа, бас тэнд одоо сурч буй сурагчидтай уулзах ёстой...

…Маргааш эхлэх шинэ ажил, хамт олноо төсөөлж, яагаад ч юм Монголдоо анх удаа ажиллахаар болж байгаагаа бодохоор сэтгэл догдолж, сэтгэлд нэг юм тээглэнэ… 6 дугаар ангиасаа 10 дугаар анги төгстлөө чөлөө заваараа аавынхаа барилгын компанид засварын ажил хийж, обойны цавуу найруулж, цонх будаж, ханын цаасыг бол мэргэжлийн түвшинд нааж хааяа ''халтуур'' хийдэг байсансан. Ажил хийвэл ам тосдоно гэхчээр тэрүүхэндээ л ганган хувцаслачихдаг, халаасандаа мөнгөтэй явдаг сурагч байж дээ. Хожим энэ ажлын туршлага маань харьд ажиллаж, сурч, амьдрахад, Чикагогийн тэнгэр баганадсан барилгуудын оргил өөд мацахад минь хамгийн том суурь эрдэм болсонд холч ухаант аавдаа баярладаг. Тийм ээ, өнөөдөр чамайг сайхан өглөө угтаж байна. Шинээр баригдаж, будаг ханхалсан оффистоо очоод, aжил дээрээ хэрэгжүүлмээр хэд хэдэн санаа олсондоо баярлаж тархиндаа тэмдэглэж авлаа...

Ингээд би гэрийнхээ гадаа ирлээ... Цаг өглөөний 6 AM дөхжээ. Орцны цэвэрлэгч Удвал эгчтэй урдын адил гадаа хог шүүрдэж байгаатай таарлаа. Үнэхээр ажилсаг хүн шүү! Манай орцны үүдийг сахиж хамгаалахаас гадна 9 давхар орцны давхар болгоны шалыг угааж, тоймгүй олон шат цэвэрлэж, бас гадаа хогийг байнга шүүрддэг! Тийм ээ, өнөөдөр би ч гэсэн шинэ ажлын өдрийг угтахдаа урам зориг дүүрэн байна, яг л тань шиг урдах ажлаа сайн хийхийг хичээх болно! “Сайн уу, ээж ээ, хүү нь гэрт тог байхгүй болохоор жаал дэмий тэнэж байгаад ирлээ. Обама ялчихжээ! Гэрт бас тог ирчихсэн байна гээч! :)“

Өглөөний мэнд, миний Улаанбаатар!

Sleepless in UB,
6/3/08-8:53 АМ

2.24.2007

Обама, Осама болон Матай

Өнөөдөр оройн зоог идсэний дараа ажил, ажил гэж гүйсээр ойрд зурагт, TV гээч юм байдгийг бүр ор тас мартсанаа дурсангаа хорвоо ертөнцөөр сонин хачин юу болж байна даа хэмээн өөртөө хэлээд зурагтын удирдлага руу гар сарвайв. NBC-гээр миний зүгээс их л найдвар тавьж буй Барак Обама бас нөгөө Хиллари Клинтон хоёрын сонгуулийн өрсөлдөөний тухай ярьж байх юм. Шинжээчдийн үзэж байгаагаар Ардчилсан намын Primary -гаас өрсөлдөн гарах ёстой энэ 2 өрсөлдөгчдөд "сонин сонин" сул ба давуу талууд их байгаа юм байна. Жишээ нь хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болох шаанстай Хиллари эмэгтэйчүүдээс наад зах нь 60 хувийн санал авах, харин эрчүүдээс бол 50 аас доош хувийн санал авах магадлалтай юм гэнэ. Гэтэл манай Барак Обама Исламын шашныг эсэргүүцдэг сонгогчдын дунд нэр хүнд тун муу байгаа юм байх. Гэхдээ ironic буюу егөөдөлтэй хэсэг нь мань Барак Обама бол Мусулман буюу "лалын шашинтан" биш юм. Хэдий тийм ч түүний мусулман нэр түүнд том садаа болох нь одооноос анзаарагдаж байна.



Стереотип гэж бидний амьдралаас холдохгүй эд юм даа. Хөөрхий Обамагийн нэрийг 9 сарын 11 нээс хойш Осама гэж "misspelling" хийж, санаатай санаагүйгээр Осама гэж хэлж ярих нь бүр ч олон тохиолдох болж. Хэдхэн сарын өмнө CNN-ий мэдээний үеэр дэлгэцийн доор "Where is Obama?" гэж бичиж байгаад Оcaма Бин Ладений тухай ярьж гарсан. Харин алдарт сэтгүүлч Wolf Blitzer хувиасаа уучлал гуйсан, бас CNN тэнд ажилладаг график департментийнхан алдаа хийжээ хэмээн том уучлалт гуйсан. Гэтэл энэ Rush Limbaugh гэж нөхөр зориудаар хэд хэдэн удаа радиогоороо Барак Осама гэж хэлсэн байх юм.

Дээр би зориуд Ислам, Мусулман гэж бичсэн билээ. Учир нь учир мэдэх хүнээс сонсохнээ Islam гэдгийг манайхан Лал буюу Лаларын шашин гэж зориудаар "доош хийж" нэрийдсэн гэдэг. Уг нь англиар лалын шашныг Islam, лалын шашинтныг Muslim гэдэг билээ. Ер нь шашин соёлын мөргөлдөөн нэлээд гүнзгийрч буй өнөө үед "culturally put-down" хийсэн үгээс зайлхийвэл дээрсэн. Гэтэл нэгэнт хэвшсэн үг хэллэгийг өөрчлөнө гэдэг санаснаас хэцүү нь ойлгомжтой.

За энэ шашин гээчийг сайн ойлгож судлаагүй би гэж хүн энэ жил Библи, Куран, бас Бурхан багшийн сургаалийг уншиж судалахаар шийдээд байгаа. Библи, Бурхан багшийн сургааль хоёрыг дунд сургуульд байхдаа уншиж байгаад дунд нь хаячихсан гэмтэй хүн. Харин номын тавиурт байгаа Quran судрыг 99 оны хавар Вашингтон Ди Си хотод аялах үед манай Айдахо мужийн багийнхны орж сонирхсон нэгэн Исламын сүмийн ламаас -Энэ ном тань үнэтэй юу? гэхэд -Үнэгүй ээ гэж мушилзан инээсээр хариулахад нь дурсгал болгон авсан боловч одоо хүртэл "салхи үзүүлээгүй", үе үе орондоо орохдоо авч орох боловч хол явалгүй өдий хүрчээ.

За тэгээд дээр хэлж байсан зорилгын дагуу бас нэгэн шалтгааны улмаас хэдэн минут ТВ үзсэний дараа Библийн Шинэ гэрээг авч эхнээс нь авахуулаад уншиж гарав. 1996 онд Монгол Библийн Орчуулгын Хорооноос гаргасан Монгол хувилбар юм байна. Chapter-ууд нь их богинохон юм. Харин Матайгийн 7 дугаар бүлэг дээр хаа нэгтээ тэмдэглэмээр (жишээ нь блогтоо) сайхан зүйл байх юм.

Шүүгдэхгүйн тулд бүү шүү. Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ, та нар ямар хэмжээгээр хэмжинэ, түүнчлэн хэмжигдэнэ гэжээ.

Бас "Ариун юмыг нохдод бүү өг. Өөрсдийн сувдыг гахайнуудын өмнө бүү хая. Тэд түүнийг хөл доороо гишгэчээд, эргэж чамайг хэдэн хэсэг болгон тасчин хаях вий. гэж бичжээ.

За ер нь аливаа шашинд сүсэглэдэггүй мань мэтэд ч хэрэгтэй үнэтэй зөвлөгөө мэт санагдсан тул энд бичлээ. Ер нь цаашид Библийг унших зуур тэмдэглүүштэй зүйлсийг блогтоо бичээд явъя гэж бодож байна. Хэрэгтэй хүндээ хэрэг болог, бас надад чухал тэмдэглэгээ болог. Харин шашин сурталчилж байна гэж бүү бодоорой. За тэгж бодох ч үндэс байхгүй биз ээ. Яагаад гэвэл Тeachings of Buddha, Quran 2 ooс мөн тэмдэглэгээ хийж явах тул.

Дээрх мөрүүдийг хэр сайн орчуулж вэ гэж бодоод хуучин, шинэ гэрээг хоюуланг нь багтаасан Holy Bible -ыг тавиураас авав. Тээр жил Даллас хотод зочилохдоо буусан Моtel-ooсoo "туусан" эд. хэхэ. Номын хулгай хулгай биш гэж ярьдаг ч, миний бодлоор номын хулгай бол нэг талаасаа маш том хулгай. Гэхдээ Америкт буурчын газраас Holy Bible аваад гарахад хэн ч дургүйцэхгүй биз ээ. Маtthew 6, 7 гэдгийг олж харлаа. Сонин байж магад энд шивчихье.

Judge not, that ye be not judged. 2. For with what judgment ye judge, ye shall be judged: and with what measure ye mete, it shall be measured to you again.

Give not that which is holy unto the dogs, neither cast ye your pearls before swine, lest they trample them under their feet, and turn again and rend you.

Давгүй сайхан Монголчилжээ. Тэртусмаа урт өгүүлбэрийг тасдаж болдогийг бодолцсон байна. Мөн ихэнхи тохиолдолд сунжирдаг монгол хэл дээр харин бүр нэлээд товч буулгажээ.

За үг олдож үхэр холдохнээ. Баахан замбараагүй хадуурчээ дээ. Барак Обамагийн талаар харин дараа тухтай бичнэ ээ. Тэр хүн яагаад Америкийн ерөнхийлөгч болвол дэлхийд хэрэгтэй вэ гэх мэт...