Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж буй энэ л мөчүүдэд Цахим Өртөө Xолбооны анд Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлэхийг хүслээ.
Өнгөрсөн 11 жилийн турш Та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, Та бүхнээсээ байнга суралцаж, өртөөлөн асаалцсан ТҮҮДЭГ ГАЛ-д цучил өргөлцөж, гэртээ, ажилдаа, дотоод сэтгэл рүүгээ харихдаа нэгэн гэрэлт дэнлүүг тээн харьсaн өдөр болгоны төлөө маш их талархаж байна.
Өнгөрсөн жил бол манай Xолбооны хувьд хуучин, шинэ гишүүдээр хүрээгээ өргөжүүлсэн ТЭЛЭЛТИЙН, НЭГ БАГ БОЛЖ БҮРДЭЛДЭХ, БИЕ БИЕСЭЭ УЛАМ САЙН ТАНЬЖ МЭДЭЖ, ХАМТДАА АЛХСАН жил байлаа.
Сайн сайхны үзэл санаа, сайн үйлсийн төлөө хурдтай гүйсэн ч, удаахан сажилсан ч зөвхөн ХАМТДАА НЭГЭН ЗҮГТ АЛХАЖ ЯВНА гэдэг нь өөрөө АМЖИЛТ, өөрөө ЗӨВ ҮЙЛ ХЭРЭГ мөн билээ.
Өнгөрөгч онд дотоод ажлын хүрээнд бид хамтдаа Цахим Өртөө Холбооны алсын харааг шинэчлэн найруулж, Холбооны дүрмийг шинэчлэн баталснаас гадна шинэ Удирдах Зөвлөлийн сонгууль явуулж, шинэ гүйцэтгэх алба томилсон байна.
Гадаадад суугаа Монголчууддаа үйлчлэх зорилго дор БСШУЯ-тай хамтарч "Job Fair 2010 for Mongolian professionals in the USA - АНУ-д суугаа Монголчуудын Анхдугаар хөдөлмөрийн бирж"-г АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотод зохион байгуулж, Хилийн чанадад буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлтэй хамтран Ерөнхий сайдын ивээл дор “Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо: Хилийн чанадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулга уулзалт"-г зохион байгуулсан байна. Энэ чуулганы дараахан Цахим өртөө сүлжээгээр дэлхий даяар тархан суусан монголчуудын олон жил санал бодлоо солилцож, төрөөс авах арга хэмжээнд тэдний хүсэл зорилгыг тусгасан "Зөгийн үүр хөтөлбөр"-ийг Засгийн газраас баталсан нь гадаадад суугаа монголчууд, Цахим өртөөчдийн хувьд баярт мэдээ байлаа.
Цахим Өртөө Холбооны зүгээс Монгол туургатнаа дэмжих үүднээс өдгөө 3500 гаран гишүүнтэй Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ-г сэргээж, шинэ SNS вэбсайтын ажлыг эхлүүлжээ. Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт гурван хазара оюутан маань монгол хэлний бэлтгэл ангиа дүүргэж МУИС-ын нэгдүгээр ангид элсссэн байна. Мөн могулчуудын тухай өгүүлсэн Үмэсао Тадао гуайн бичсэн "Могул үндэстнийг сурвалжилсан нь" номыг хэвлэлтэд шилжүүлсэн нь Монгол туургатны түүх соёлыг олон нийтэд таниулах алхам болжээ.
Айсуй 2011 онд шинэ шинэ үйл хэргийн эхийг зөв тавьж, үйл хэргээ амжилттай мaнлайлан чиглүүлж, амжилт дүүрэн дуусгавар болгох эрч хүчээр бялхсан жил байгаасай хэмээн хүсч байна.
Ингээд өнгөрөгч онд Холбооны зүгээс хийж ирсэн их бага хамтын үйл хэрэгт мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, хоёргүй сэтгэлээ зориулж, дэм дэмэндээ МӨР ЗЭРЭГЦЭН АЛХАЛСАН ӨРТӨӨНИЙ АНД танд чин сэтгэлээс талархал илэрхийлье!
Шинэ ондоо ЦАХИМ ӨРТӨӨЧИД бид жанжин шугамаа хадгалсан хэвээр байж, нийгмийн өмнө хүлээхээр шийдэж, зорилгоо болгосон үйл хэрэгтээ хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
2011 он Таны хувьд ажил амьдралын бүх талбарт амжилт бүтээлээр баялаг, ТУУЛАЙ жил шиг хурдтай, гялалзсан, авхаалжтай жил байх болтугай!
Танд болон Таны гэр бүлд угтан золгож буй ШИНЭ ЦАГИЙН халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Та бүхнийг хүндэтгэсэн
Цахим Өртөө Хoлбооны Удирдах зөвлөлийн дарга
Д.Сайнбаяр
Showing posts with label nouvelle année. Show all posts
Showing posts with label nouvelle année. Show all posts
12.30.2010
Thank you & Happy New Year!
1.01.2010
Он солигдох мөчид...
Он солигдох энэ мөчид сэтгэл өндөр, бүр маш өндөр байна. Зурагтаар Ерөнхийлөгч маань үг хэлэх гэж байна. Өнгөрсөн жил миний амьдралд олон сайхан зүйл тохиолдсон гоё жил байлаа. Шинэ жил болгоноор л тэгж санагддаг. Гэхдээ бүр гоц гойд юм бол байсангүй. Ажил дээр тодорхой дэвшил гарч, хамт олон маань ч амжилт бүтээлээ тэмдэглэж, олон улсын наадмаас болон бусад хэд хэдэн газраас шагнал хүртлээ. Мэдээж бид шагнал хүртэхийн төлөө ажиллаагүй ч шагнал гээч өөрөө ирдэг нь гайхамшигтай. Гэтэл алдаж, хазгай гишгэх ч үе байлаа. Жишээ нь олон хоногийн хөдөлмөрөө зарсан хагас сая гаран долларын өртөгтэй тендерийн материалыг 5 минут хоцроож, тендерт оролцолгүйгээр өөрөө өөртөө ялагдсан гутамшигт зүйл ч гарсан. Энэ үест хоолойгоор хоол давахад мөн хэцүү байсансан. Ямартаа ч хамтарч орчуулсан Ажаа гэгээний намтар: Цагийг бэлгэдэгч наран чөлөө ном хэвлэгдэж, Британника нэвтэрхий толийн өөрийн хариуцсан ICT хэсгийг 90% орчуулж дууссанд баяртай байна. Цахим өртөөнийхөө найзуудтай хамт 3 хазара оюутныг монгол улст авчирч, ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гадаадад суугаа (Лондон, Токио, Вашингтон, Сан Франциско) монголчуудын дуу хоолойг илэрхийлсэн анхны гэж болох сонгуулийн сурталчилгаа видео, уриалга хийх ажлыг иргэний идэвхиэр санаачлан, продюссераар ажилласнаар хилийн чанадад ч сонгогчид байдаг юм шүү гэдгийг дахин сануулж чадсандаа баяртай байна. Шинэ жилээр надад ирсэн олон бэлгээс онцолмоор хэдэн том бэлэг бий. Үүний нэг нь Интерном дэлгүүрийн хамт олноос бэлэглэсэн БНСУ-ын ерөнхийлөгч И Мёнбагийн Ажлаар амьсгалсан он жилүүд ном. Үнэхээр ойрд эдлээгүй таашаал эдлүүлсэн энэ номыг өчигдөр нэгэн зоогойд оройн хоолоо ганцаар идэхдээ уншиж (олон тохиолдолд зөвхөн ганцаараа сэтгүүл, ном шагайн хооллохдоо би их дуртай) эхлээд гэртээ харьсан ч гараас тавилгүй уншсаар үүрийн 6 цаг гэхэд уншиж дуусгасан. Гайхалтай сайн орчуулсан (төгс гэмээр найруулгатай) МУИС-ын проф. Ж.Баттөр танд баярлалаа. Харин үг үсгийн алдаа их байлаа. Хорин нас хүртэл нь түүний амьдралыг "хясаа мэт бүрхсэн" ядуу тарчиг байдал, гайхамшигт уужим бөгөөд хүнлэг сэтгэл, нугаршгүй ноён нуруу, мятрашгүй хүсэл зорилго, нөр их хөдөлмөр, улс эх орныхоо төлөө нэг хором ч хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, хог түүгч хүү хожим Hyundai корпорацийн хамгийн залуу захирал болж БНСУ-ын дэлхий дамнасан компаниудын эхийг тавьж, улс эх орноо хямралын үед авран гарч, гайхмаар сонин шийдлүүд хийж байнга ялалтыг авчирсан түүхийг уншаад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн билээ. Ямартаа ч 2009 оны сүүлчийн шөнийг (12/30) түүний амьдралаас суралцан өнгөрөөсөндөө би их баярлаж хэдэн арваар нь аваад бүх найз нартаа бэлэглэмээр санагдав. (та заавал уншаарай)
Өнөөдөр урд шөнө нь ном уншаад нойргүй хоносон ч эрч хүч дүүрэн, 12/31 тул хагас өдөр ажиллаж тараад үеэл дүү нартаа бэлэг, бялуу авч, орой бүх ах дүү нарын хамт буурай аав ээж хоёр дээрээ зочилж хамт тэмдэглээд, дараа нь тусгайлан урьсан үеэл ахындаа авга ах, ажаа нарын хамт очиж төрөл бүрийн хоолоор бас дайлуулав. Үеэл ах маань надад зориулж авсан юм гээд алтадмал Бугын баримал бэлэглэхэд нь үнэхээр их баярлалаа. Чухам яагаад буга бэлэглэснийг нь дараа тухтай асууна аа :) Харин одоо энэ мөчид өдөр цайлах үед Эйтэл гэж францын кино найруулагч найзын маань Канн хотоос авчирч бэлэглэсэн оргилуун дарсыг буудахаар зэхэж байна... Би их бэлэгшээлээ. Яагаад гэвэл champagne бол францын Champagne гэдэг газрын усан үзэмнээс нэрдэг байснаас ийм нэртэй болсон ундаа... Ерөнхийлөгч маань сайхан үг хэллээ... Тэрээр дунд нь англиар Happy new year! гэж хэлсэнд яагаад тэгж гадаадаар хэлсэн юм бол, эсвэл сурсан зангаар хэлэв үү гэсэн бяцхан гайхашрал төрүүллээ. Блогоо бичиж суутал он ч гарчих шиг боллоо. (аавдаа зул өргөж, өргөлийн тавганд болон өөртөө бялуу зүсэв) Түрүү жил би Шинэ оны мэнд ба Мөнхгалт ордны тоосго бид гэж бичиж байснаа саналаа. Тийм ээ би, туйпуу хэвээрээ байгаа шүү. Шинэ ондоо улам чанарлаг туйпуу байхыг хичээх болно. Шинэ онд таныг болоод намайг маш олон сонин, тааварлашгүй, төсөөлөөгүй учрал, тохиолоор баялаг, сайн сайхны үрийг тарьсан өдрүүд угтана гэдэгт итгэл төгс байна. Яагаад гэвэл амьдралын хамгийн сонирхолтой хэсэг нь тэр л төлөвлөөгүй, таагаагүй тохиолдлууд, үйл хэргүүд, шинэ сонин танилууд. Хэрэв хүн өөрийнхөө амьдралыг урьдчилан таагаад мэдчихдэг бол.... амьдрах ямар шаардлага байх вэ дээ, тийм ээ? Тэмцэлгүй, ялалтгүй, ялагдалгүй, зорилгогүй амьдрал юутай гаслан вэ. Тэгэхээр та биднийг маш олон тэмцэл, challenge угтаж буй нь маргашгүй туйлын үнэн. Мөн надад олон АЗ таарах болно. Хамгийн гол нь би түүнд бэлэн үү? Бэлтгэгдсэн оюун ухааныг азын тэнгэр ч ивээн хардаг ажгуу. Тэгэхээр ирээдүйд ирэх АЗ, БОЛОЛЦООНЫ төлөө өөрийгөө бэлтгэж, улам их уншиж, сонсож, суралцахыг хүснэм. Ихэнхи хүмүүн өөрт олдсон боломжийг ашигладаггүй, түүнд бэлэн бус, эс бөгөөс огт анзааралгүй өнгөрөөдөг юм шиг санагддаг. (Ингэхэд шинэ он солигдох мөчийг ганцаараа угтаж байсан удаа байхгүй юм байна. Одоо гарч найз нартайгаа тэмдэглэнэ дээ.) Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе! PhiloMongolia!
Өнөөдөр урд шөнө нь ном уншаад нойргүй хоносон ч эрч хүч дүүрэн, 12/31 тул хагас өдөр ажиллаж тараад үеэл дүү нартаа бэлэг, бялуу авч, орой бүх ах дүү нарын хамт буурай аав ээж хоёр дээрээ зочилж хамт тэмдэглээд, дараа нь тусгайлан урьсан үеэл ахындаа авга ах, ажаа нарын хамт очиж төрөл бүрийн хоолоор бас дайлуулав. Үеэл ах маань надад зориулж авсан юм гээд алтадмал Бугын баримал бэлэглэхэд нь үнэхээр их баярлалаа. Чухам яагаад буга бэлэглэснийг нь дараа тухтай асууна аа :) Харин одоо энэ мөчид өдөр цайлах үед Эйтэл гэж францын кино найруулагч найзын маань Канн хотоос авчирч бэлэглэсэн оргилуун дарсыг буудахаар зэхэж байна... Би их бэлэгшээлээ. Яагаад гэвэл champagne бол францын Champagne гэдэг газрын усан үзэмнээс нэрдэг байснаас ийм нэртэй болсон ундаа... Ерөнхийлөгч маань сайхан үг хэллээ... Тэрээр дунд нь англиар Happy new year! гэж хэлсэнд яагаад тэгж гадаадаар хэлсэн юм бол, эсвэл сурсан зангаар хэлэв үү гэсэн бяцхан гайхашрал төрүүллээ. Блогоо бичиж суутал он ч гарчих шиг боллоо. (аавдаа зул өргөж, өргөлийн тавганд болон өөртөө бялуу зүсэв) Түрүү жил би Шинэ оны мэнд ба Мөнхгалт ордны тоосго бид гэж бичиж байснаа саналаа. Тийм ээ би, туйпуу хэвээрээ байгаа шүү. Шинэ ондоо улам чанарлаг туйпуу байхыг хичээх болно. Шинэ онд таныг болоод намайг маш олон сонин, тааварлашгүй, төсөөлөөгүй учрал, тохиолоор баялаг, сайн сайхны үрийг тарьсан өдрүүд угтана гэдэгт итгэл төгс байна. Яагаад гэвэл амьдралын хамгийн сонирхолтой хэсэг нь тэр л төлөвлөөгүй, таагаагүй тохиолдлууд, үйл хэргүүд, шинэ сонин танилууд. Хэрэв хүн өөрийнхөө амьдралыг урьдчилан таагаад мэдчихдэг бол.... амьдрах ямар шаардлага байх вэ дээ, тийм ээ? Тэмцэлгүй, ялалтгүй, ялагдалгүй, зорилгогүй амьдрал юутай гаслан вэ. Тэгэхээр та биднийг маш олон тэмцэл, challenge угтаж буй нь маргашгүй туйлын үнэн. Мөн надад олон АЗ таарах болно. Хамгийн гол нь би түүнд бэлэн үү? Бэлтгэгдсэн оюун ухааныг азын тэнгэр ч ивээн хардаг ажгуу. Тэгэхээр ирээдүйд ирэх АЗ, БОЛОЛЦООНЫ төлөө өөрийгөө бэлтгэж, улам их уншиж, сонсож, суралцахыг хүснэм. Ихэнхи хүмүүн өөрт олдсон боломжийг ашигладаггүй, түүнд бэлэн бус, эс бөгөөс огт анзааралгүй өнгөрөөдөг юм шиг санагддаг. (Ингэхэд шинэ он солигдох мөчийг ганцаараа угтаж байсан удаа байхгүй юм байна. Одоо гарч найз нартайгаа тэмдэглэнэ дээ.) Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе! PhiloMongolia!
2.25.2009
Шинийн нэгэн

Өнөөдөр би болоод монгол түмэн бүгдээр аз жаргалтай байна. Ард нийтээрээ аз жаргалтай, нүгэл хийдэггүй, хувцасны болоод сэтгэлийн хиргүй байдаг баяр нь Цагаан сар. Тийм ээ, Монгол үндэсний Цагаан сар үнэхээр сайхан болж байна. Улаанбаатарчууд сүүлийн үед үндэсний дээл хувцасаараа гангарах нь бүр их болсон байна. Torgo Fashion, Шилмэл загвар г.м урчуудын газар үнэхээр ганган ганган загвар урладаг болсон байна лээ. Үндэсний хувцасаа өмссөн монголчууд үнэхээр гоё харагдаж байлаа. Үндэсний хувцасаа үндэснийхээ баяраар өмсөнө гэдэг бол их сайхан заншил юм даа уг нь. Дараа жил нэг дээлтэй болж авья гэж өөртөө хэллээ :)
Өглөө хайрт Аавдаа зул өргөөд Бурхан болоод удаж буй аавын аав, ээж хоёртоо сэтгэлийн залбирал үйлдэж, xувцасны сайнаас өмсөж, монгол ёсоор гадаа гарч зүг чигээ гаргав. Ингээд мэдээж хамгийн түрүүнд буурай аав ээжийндээ очиж золголоо. Аавын талынхан 7-уулаа, ээжийн талынхан нийт 10-уулаа учир би гэж хүн үнэхээр олон үеэлтэй, ах дүү, амраг садангаар баян хүн гэж өөрийгөө тооцохоос өөр аргагүй. Харин ээж талын буурай аав ээжийнд энэ жил анх удаа 10 хүүхдээс 9 нь Монголд байж таараад бүгдээрээ гэр бүл, үр хүүхэд, ач гучаа дагуулж ирсэн. Сонирхолтой нь бид бүгдээр маш дотно өссөн билээ.
Ер нь жил жил л буурай аавынд цагаан сарын шинийн нэгний өглөө бүгд цуглаж маш том золголт болдог уламжлалтай. Энэ жил 9 хүүхэд, ач, гуч нийлсэн 50 гаран ах дүүс цуглаж өргөн том золголт болов. Манайхан бүх гэр бүлүүд цугласан хойно нэг мөсөн золголтоо хийдэг уламжлалтай. Бүх л нагац, хүргэн ах нартаа нанчид барьж золгох (надаас тэд "харах" тул:) учир би гэж хүн хайрцаг дүүрэн Соёмбо, Болор, Чингис архи тэвэрч орсон билээ :) Нэгэнт золголт эхлэxэд бүх ах дүү нар насны эрэмбээр буурай аав ээжтэй золгоно. Буурай аавдаа Энэтхэгт 30 аад онд Өвөр Монголын Шилийн гол нутгаас дүрвэн гарч, Гималайн уулын нэгэн оргилд (Калимпонг хот) суугаад 88 хүрсэн Лам Жамбаа гуайн хүзүүнд зүүж өгсөн шар хадаг, эр хүний хүндэтгэл, цагаан сэтгэлийн илэрхийлэл болгож Соёмбо сархад барив. Ээждээ харин Лам Жамбаа гуайн өгсөн цагаан хадагийг барин золгоход, хайрт ээж минь баярлахдаа нулимс унагасан билээ. Буурай аав ээжтэй золгосны дараа бүх ах дүү нар хоорондоо тойрч золголцсон нь бараг бүтэн цагийн ажил болов. Хүн өөрийгөө л үнсдэггүй тул 50 * (50-1) = гэвэл 2450 удаа, гэхдээ хоёр хацрыг нь үнсэж, үнсүүлсэн гэж тооцвол, энэ тоог 2 оор үрхих хэрэг гарна, аймаар өндөр тоо гарах тул тооцоог ингээд зогсооё, хэхэ. Овоо сайн үнсэлцсэн байгаа биз? Гэхдээ энэ бол манай гэр бүлийн, монгол айлын хамгийн том баяр юм даа.
Ах нар монгол ёсоор цаг агаар, мал тэвээргэ, эрүүл энх, эрдэм номын мэнд ус мэдэлцэж, халтар манан хөөргүүд зөрүүлэлцэнэ. Би гэж хүн аавын өгсөн хөөргийг гэртээ мартаад гарсан байв. Дүү нар сүүтэй цай барьж, цагаалга тойруулав. Ингээд ухаант буурал аав минь мөнгөн аяганд сархад дүүргээд үгээ айлдав. 18-тайдаа бичиг үсэгт сайн байсан тул сум нэгдлийн нарийн бичгийн дарга болж насаараа аймгийн шүүх, хянан шалгах хороонд ажиллаж ирсэн буурал аав минь үг хэлэхдээ гаргууд, үнэхээр бахархаад ханахгүй хүн. 1-2 насны зөрүүтэй 10 хүүхэд төрүүлж өсгөхөд хүнд хэцүү үе их байсан ч шударга хөдөлмөрлөж, жинхэнэ ёсоор амьдарахад их юм хэрэггүй байсан тухай, мөн бүгдийг юугаар ч дутаалгүй эрүүл энх өсгөж, олуулаа өссөн тул бүгд бие биеэ гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч, хариуцлагатай, хүмүүжил сайтай болж өссөнд бахархдаг тухай, мөн бүгд л боловсролтой болж, сургууль соёл дамжиж, нийгмийн ухамсартай, сайхан сэтгэлтэй иргэд болгож чадсанд, насны эцэст халуун ам бүлээрээ өнөр өтгөн, ийм сайхан байгаад сэтгэлийн жаргал эдэлж байгаадаа баяртай явдагаа хэлэв. Буурай аав, ээж хоёр тоонот гэрт толгой холбоод 59 жилийн нүүр үзэж буй нь энэ буюу! Буурай аавын бие хулгана жилийн эхээр бага зэрэг чилээрхсэн боловч хувьтай хүн хулгана жил үзнэ гэдгийн дээр өнгөрсөн жил 3 ач нь 3 "хулгана" төрүүлж, өвөөгийн бие одоо бүр маш сайн тэнхэрсэнд баярлаж, өвөөгөө эдгээж нас нэмсэн 3 ач, 3 гучдаа баярлаж буйгаа хэлэхэд хүн бүрийн сэтгэл хөдөлсөн билээ. Тийм ээ, ийм л өвөө, эмээгийн ач нь болж төрсөндөө бахархахаас өөр аргагүй. Буянт буурай аав ээж хоёрынхоо өлмийд мөргөж, үр ачдаа буянаа хайрласанд баярлаад барахгүй билээ л. "Буурай ээж ээ, та тэгээд 10 жил жирэмсэн, 10 жил том гэдэстэй явсан юм уу" гээд л бага байхад явуулдагсан. Ухаан санаа саруул, нүүрэндээ буянтай буурай ээжийн маань хөл л их муудсан даа.
Үндсэндээ гадны хүнд тайлбарлавал цагаан сарын зоогийн аppetizer-т тараг, цагаан будаа, хайлмаг, ууцны нимгэн огтолсон өөхтэй мах барив. Үнэхээр тансаг зоог. Дараа нь мэдээж бууз, хуушуур, төрөл бүрийн салат. Хоол идэх зуур мэдээж ингэний хоормог, гүүний айраг ууж тансаглана. Dessert? Чихэртэй ааруул, цагаан өнгөтэй зефир, янз бүрийн жимсний компот, буурай ээжийн хийсэн аньсны шүүс. Дундуур нь монгол архи, япон сакэ, шотланд виски, бүсгүйчүүдийн төрөл бүрийн сүүтэй коктеилууд, за тэгээд шар хар айргууд нь сүүлийн үеийн нэмэлт on the menu. Мэдээж хоолны амт бол тасархай. Буурай ээж минь насаараа гэртээ 10 хүүхдүүдээ өсгөсөн ч хэд хэдэн мэргэжлийг төгс эзэмшсэн юм. 10 хүүхэд өсгөхийн тулд насаараа хоол хийж мэргэжлийн chef, олон зуун дээл хувцас оёсноороо бол Торго фашион-ын designer-ыг хол хаях, тааруу эмчээс мянга илүү, олон арван ач гучыг асарснаараа гайхамшигтай асрагч, сурган хүмүүжүүлэгч болсон хүн билээ. Тийм ээ, миний буурай ээжийн хоолны өмнүүр гишгэх хүн байхгүй л дээ. Одоо бол буурай ээж хэмээх ахлах тогоочын тушаалаар нагац эгч, үеэл дүү нарын хийсэн 7 курс хоол бол New York-ын хамгийн сайн итали ресторанаас илүү тансаг байх нь тодорхой.
Телевизээр монгол сувгууд гоё гоё нэвтрүүлэг, уртын дуу эгшиглүүлнэ. Бүр альтернатив Отгоо маань монгол цамц өмсөөд нөгөө хөөрхөн alternative rock дуунуудаа дуулж байв. Мэдээж бэлэг авах ээлж ирэв. Эмээ толгой эргэхгүйн тулд 10 хүүхдийнхээ насны дарааллаар тус бүрийн гэр бүл, тэдний хүүхдүүд, бас ач, гуч нарыг дуудна. Бүгдэд нь дандаа л тэдний хүссэн, захиалгаар авсан бэлгийг нь өгч байх шиг. Энэ жил надад Hugo Boss - Pure үнэртэй ус авчруулж бэлэглэсэн нь надад маш их таалагдлаа. Ингээд манай гэр бүл аавынхаа хамгийн ууган ах Га авгындаа эртхэн очиж золгох ёстой гэж хэлэлцсээр буурай аавынхаас гарч явна. Га ах маань цагаан сараар "Эрхэм дүүгийн Эрдэнэт бие эрүүл, Эрдэм номын хишиг буян арвин уу?" хэмээн мэндчилээд Монгол түмний уламлалт ёс болоод ертөнцийн хамгийн сайн сайхныг хүүрнэн ярьж, үдэх үедээ ерөөл айлдаад эдийн дээд ном бэлэглэдэг ажгуу...
1.01.2009
Шинэ оны мэнд ба Мөнхгалт ордны тоосго бид
Энэ өдрүүдэд хүмүүс илүү эелдэг ааштай (таксины жолоочын үг), согтуу жолооч ховортой (сайн хуулийн үр дүн, бүтэн жил ажиглав), баярын ширээ их (бүх ресторон/зоогойнуудын захиалга дууссан), улс даяар шагнал урамшуулал хавтгайрсан (шагнал аваагүй хүнтэй ховор таарав), за нэг үгээр хэлвэл сайхан л шинэ жил болж байна :) Мэдээж дэлхийн эдийн засгийн хямрал биднийг тойрсонгүй, дээр нь олон "гадаад" бас "дотоод" шалтгаануудаар АНОД банк хэцүүдсэн/дампуурсан/дампууруулсан гэх зэрэг үйл явдлууд баярын насториныг жаахан саармагжуулсан тал анзаарагдаж байлаа.
Өнгөрсөн онд олимпын алт мөнгө чимсэн, сонгуулийн бантан илүү бантанлаг, оргилуун дарс... бас галт зэвсэг буудсан ёстой л эмээгийн хэлдэгээр "хольж хутгадаг хорвоо" юм хойно сайн муу юм тэнцүүхэн сүлэлдсэн жил болж өнгөрлөө. Ардчилсан улсын ерөнхийлөгчийн амнаас унамааргүй үгийг Энхбаяр гуай он солигдсон мөчид улс орон даяар хэлснийг (эчнээ бичье!) эс тооцвол гарт байсан оргилуун дарсны бөглөө хуучин оны эцсийн мөч, шинэ оны эхний мөчийн эхлэлд бүр яг зэрэг буудсан нь гайхалтай. Гээд Монгол хүн цагаан сараар муу юм ярьдаггүй тул ингэсгээд зогсоё.
2008 онд хамтарч бичсэн, хамтарч орчуулсан 2 ном маань Интерномын бестселлер жагсаалтад (ангилалдаа) дэд тэргүүн байр эзэлсэн, бас нэг нь Гранд бүүк 2008 гээч шагнал авсан нь урам нэмсэн хэрэг боллоо. Аа гэхдээ (нөгөө Дашзэвэг гуйан транс дууны үг шиг үү :), Монгол ном хэдэн зуун хувь борлогдоод бестселлер болох бус харин хэдэн мянган хувь борлогдоод бестселлерийн жагсаалтад ордог тэр өдрийн төлөө өөрийн бүх нөөц бололцоог дайчилж ажиллах болно гэж өөртөө шивнэлээ. Та ч энэ зорилгын төлөө яваа гэдэгт огтхон ч үл эргэлзнэм. Бяцхан дүү нарынхаа гацуур модонд MOSHUBA бэлгийн Visa карт тавьж баярлуулав. (энэ картын борлуулалт маш сайн байгаад баяртай байна)
Телевизүүдийн "Алтан шонхор"-наадамд Ийглийн мэдээ оны шилдэг мэдээллийн хөтөлбөрөөр шалгарч, журамт андад маань Н.Энхбаяр шагнал гардуулсан нь хамгийн сайхан баяр. Бодвол 7 сарын 1 -ныг сайн сурвалжилсан гэж өгсөн болов уу! Харин энэ шагналыг С.Баяр өгсөн бол, хаха, ёстой тасархай юм болохгүй юу!
Энивэй, шинэ он маань өнгөрсөн жил шиг, урьд урьдын гайхалтай он жилүүд шиг сайхан байна гэдэгт би итгэлтэй байна. "Амьдрал баялаг шүү!" гэж аав минь хэлдэгсэн. Тийм ээ, ямар ч хүнд хэцүү үед амьдралын хамгийн сайн сайхныг олж харж чаддаг тэр хүн аз жаргалтай гэдэгт би итгэдэг. Тиймээс, биднийг маш сайхан он жилүүд хүлээж байгаа нь тодорхой.
Улс орныг уран барилгаар төсөөлвөөс бид бүгдээрээ тоосгонууд юм. 2.6 сая тоосго (туйпуу) нь нийлээд гайхалтай уран хийцтэй ОРД ХАРШ болж сүндэрлэдэг гэж үзэх аваас монгол хэлтэн 10 сая тоосго бол бидний хэрэм болмуй. Харин харш маань гайхалтай, бүр бахархмаар сайхан фундамент, барилгын суурьтайг мартаж үл болно! (их өвөг дээдсийн олон зууны тэмцлийн дүнд өв соёл, эх хэл, газар нутгаа өвлөж авсан бидний суурь сайн байхаас өөр аргагүй) Харин харшийг улам өндөр, улам гэгээлэг, илүү сүр жавхлантай, цонх нь цэлмэг (алсыг харах мэлмий), дотроо гэрэлтэй, уран тансаг болгох нь бидэнд бурхан тэнгэрээс өгсөн үүрэг тул TУЙПУУ нь болсон бид бүхэн өөрсдийгөө сайн давтаж, улам бат бөх, чанарлаг болoх учиртай. МОНГОЛ хэмээх ОРД ХАРШ-ийн нэгэн тоосго нь болж төрж өссөндөө та бид өөрсдөөрөө бахархму! Орд харшаараа бахархму! Орд харш маань улам сайхан болж байна. Монгол тоосгоны үнэ ч дэлхийн тоосгоны үнэд ойртож байна!
Цахим ертөнцийн зөрлөг замын уулзварт зөрж өнгөрөлгүй гар барилцсан эрхэм анд Танд Шинэ оны халуун мэнд дэвшүүлье!
Шинэ онд мөрөөдлийн хүлэг тань дураараа дүүлэн нисч, гэгээрлийн манлайд хүрэх болтугай!
Мэхүйн ёсолсон,
нэг туйпуу
Photo credit to Robert
labels /aнгилал:
homeland,
nouvelle année,
мөнхгалт ордон
Subscribe to:
Posts (Atom)