Showing posts with label улстөр. Show all posts
Showing posts with label улстөр. Show all posts

8.24.2016

Xүчирхэг үндэстнийг хамтдаа бүтээх (nation building) эрхэм үүрэг БИДНИЙ ҮЕ-д бий

Эрхэм анд нөхөд, хамтран зүтгэгчид, Ардчилсан нам болон Монголын нийгмийн шинэчлэлийг дэмжигчид, шинэ үеийн залуус болон ах, эгч, дүү нар аа. Миний бие эх орныхоо нийгэм, улстөр, эдийн засаг, үндэстний хүсэл эрмэлзэл, хөгжлийн асуудлаар өөрийн үзэл бодол, үзэл санаа, үнэт зүйлсийг хуваалцаж байх зорилгоор Facebook Page (https://www.facebook.com/sainbayar.davaabat) нээж буйг болгооно уу. Та бүхэн LIKE дарж, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байхыг хичээнгүйлэн хүсье!

Хөгжлийн эрчийг бидний үе улам эрчимжүүлж, урагшлуулах ёстой. Өвөг дээдсийн өвлүүлсэн үнэт зүйлсийг умартаж, шударга ёсыг гээж, ёс зүйгүй байдал илт давамгайлсан энэ нийгмээ бид дор бүрнээ аль чадахаар засч, залруулах ёстой. Шинэ зууны цоо шинэ, хүчирхэг үндэстнийг хамтдаа бүтээх (nation building) эрхэм үүрэг БИДНИЙ ҮЕ-д бий. 

САЙН ШИЙДЭЛ, ЗӨВ ГАРЦ-ыг олж нээх, хэрэгжүүлэхэд хүн бүрийн ҮЙЛДЭЛ, ОРОЛЦОО чухал. Тэртусмаа ЗАЛУУСЫН ОРОЛЦОО чухал.

Уудам Монголын (бас дэлхийн) өнцөг булан бүрт Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөл, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг эрхэмлэдэг, Монгол улсын нэр төртэй иргэн, шударга ёсыг сахигч, өндөр ёс зүйтэй ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН олон мянгаараа бий гэдэгт би итгэдэг. Өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийг хийх хүсэл зорилго бидэнд бий. 
Бид хамтдаа хийж чадна. Манай үеийнхэн их өвөг дээдсийн ариун голомтыг бадрааж, хөгжлийн бамбарыг улам өндөрт өргөх болно.

Даваабатын Сайнбаяр 2016.08.24
(Энэ бичвэрийг түгээж тус болно уу. Баярлалаа)

10.29.2009

Louis Vuitton in UB and PM S.Bayar's last speech

Наддаа л Унасан газар, Угаасан ус болох hometown YouBe city-гийн маань 370th birthday өнөөдөр болж байна :) Морин тэргэн дээр нүүж явснаа бодвол бид өнөөдөр суурин иргэншил, хотын соёлын талаар ярьдаг болоод удаж байгаа нь гайхалтай хэрэг шүү! Бас өндөр өндөр цамхагууд ар араасаа баригдаж байгаа нь нэн сайшаалтай. Яг үнэндээ MCS-ийн Оджаргал захирал хэдхэн жилийн өмнө Бээжинд болж байсан нэгэн бизнес хүлээн авалт дээр Shangri-La гийн CEO дээр шууд очоод, "Би Улаанбаатар хотын төвд Шангри-Лаг босгомоор байна" гэж хэлээд гайхалтай ice-breaking хийснээр барахгүй, хэдэн сарын дараа YES гэсэн хариу сонссон гэдэг. I mean the man has some guts! Тухайн үедээ нэлээд их эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өнөөдөр энэ бүтээн байгуулалт (миний бодлоор) олон хүнд хийж бүтээх эрмэлзлийг түгээж, бас Монгол хүн өндөр цамхаг барьж болдог гэсэн ӨӨДРӨГ СЭТГЭЛГЭЭГ тарьж өгснөөрөө Олимпын алттай эн тэнцэхүйц МЕДАЛ болсон гэж бодогддог. Энэ цамхагийн нэг давхарт өнөөдөр 300 долларын зангиа, 90 саяын чемодан (замдаан) зардаг Louis Vuitton монголд 60-н хэд дахь салбараа нээж, нээлтээ хийх үед дэлхийн томоохон хэвлэлийн (esquire, elle, vogue, E!, f channel and so on) камер барьсан ихэмсэг гарууд тусдаа онгоц хөлөглөн ирж байгаа нь...., well, юу гэмээр ч юм бэ дээ, монголчууд бид капитализм руу эргэлт буцалтгүй орж, consumer society болж байгаагийн нэгэн том илрэл, бас нэг талаас том амжилт гэж бодож байна. Нөгөө алдарт New York Маgazine - дээр байгаа товч мэдээний доор нэг хүн бичсэн нь:
is this for real?!?!? what will their next location be? Antartica? or better yet, put it in Mars or something closer maybe the moon!
гэж бичжээ. Хэхэ, бараг бүх дэлхийд тэгж санагдаж байгаа тул энэ хүнийг буруутгах аргагүй. Буруутгах хэн нэгэн бий бол тэд нь БИД ӨӨРСДӨӨ шүү дээ. Харин Мандхай гэж охин подхийсэн хариу бичсэн харагдана. За тэр ч яахав. Нэг л өдөр YouBe маань downtown Hong-Kong, Manhattan болох биз дээ. Гэхдээ бид тэр үед айргаа ч ууна, боодог оо ч иднэ, бөхөө ч үзнэ, бас цэлгэр талаараа морио унаад давхина гэж бодохоор үнэн тасархай :)

Эцэг өвгөд маань гэнэт хот барьж суухаар шийдсэний 370 жилийн ойгоос (Хубилай хаан уг нь Даду/Бээжин рүү нийслэлээ нүүлгээгүй байсан бол... хоёр дахин олон жилийн ой байх байж дээ тийм ээ?) гадна энэ билэгт өдөр Сү. Батболд гэж зэгсэн сайн боловсролтой, мундаг бизнесмен, за ер нь бол аль ч талаараа харсан unchallenged record-той мундаг хүн МУ-ын 27 дахь ерөнхий сайд боллоо. Тэрээр орос 14, МГУ болон алдарт London Business School дүүргэсэн байх юм. Сайн анзаарвал Оюутолгойн гэрээн дээр голлож ажилласан Баярцогт сайд Columbia University, Сайханбилэг George Washington University төгссөн бол шинэхэн сонгогдсон УИХ-ын гишүүн, сайд Зоригт бас л Японы топ сургуулиудын нэг болох Kyushu University төгссөн. Эд бол яах аргагүй энх цагийн (монгол түмэн одоо цагийг энх цаг, ирээдүй цагийг мөнх цаг, өнгөрсөн цагийг анх цаг гэж ярьдаг ажгуу) Монголын лидерүүд. Бид энэ жил Harvard төгссөн ерөнхийлөгч (John F.Kennedy School of Government-ийг үнэхээр төгссөн юм шүү. Төгсөгчдийн нэрс дунд яах аргагүй Ц.Элбэгдорж гэж бий) -тэй боллоо. 76 гишүүн дунд өдий төдий мундаг хүмүүс бий. Мэдээж мөнгө тарааж гарч ирсэн хүмүүс ч бий. Ерөөсөө цагаандаа гарсан юм билээ. Саяны сонгуулиар хоёр тал хоюулаа мөнгө тараасан юм билээ. Алтай, Энхбат гишүүд үүнийг УИХ-ын хуралдаанаар шууд олон нийтэд хэлэхэд Нямдорж гишүүн няцааж, зөрүүлээд байж боломгүй үгээр Энхбат гишүүнийг "загнаж", нэг ёсондоо үнэн шог байв. Гэхдээ Чжлсрн шиг улаандаа гарсан хүмүүс бага багаар цэвэрлэгдэх нь ертөнцийн жам. Яагаад вэ гэвэл өнгөрсөн хэдэн зууны түүх, Тусгаар тогтнолын тунхаг хоёр John Locke, Jean Paul Rousseau нарын зөв болохыг нотолсон (хэдий хоорондоо зөрүүтэй ч ХҮН бол төрөлхөөс ЧӨЛӨӨТ, бас САЙН мөн чанартай гэдгээрээ санал нэг) хэвээр байгаа тул бидний арчаагүй дорой байдал ч удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Сайн сайхан үеийн үед ялж ирсэн.

За тэр Шангри-Ла, Луй-Виттон, Нямдорж нар яахав. Үнэндээ ерөнхий сайд С.Баярын суудлаасаа буух үедээ хэлсэн үгийг ньюс.мн ээс уншаад түүнээр улам их бахархах сэтгэл төрж яагаад ч юм блогтоо юм бичмээр санагдав. Миний бодлоор 7 сарын 1 нийг яаж handle хийснийг эс тооцвол мань хүн ажлаа маш сайн хийсэн гэж ойлгодог. Магадгүй бидэнд 7 сарын 1 -ны гунигт явдлыг туулж байж ухаарах ёстой зүйлс байсан байж магад. (энэ бол тусдаа асуудал) Тэрбээр маш цэгцтэй, ончтой үг сонгож, нээлттэй ярьдаг, сайн orator болохоо дахин нотолж "Ард түмнийхээ төлөө бишгүй зүтгэх учиртай алд биеэ эрүүл аваад явчих арга ухаан дутаасандаа өөрийгөө би хатуу зэмлэж байна" хэмээж итгэл хүлээлгэсэн сонгогч, хамтрагчдаасаа уучлал хүсээд, 5 төгөлдөршил хэмээн нэрлэсэн мөрийн хөтөлбөрийнхөө 3 төгөлдөршлийн суурийг тавьснаа дурдаад "Хийх ёстой ажил уул овоо шиг овоорсон байхад түүнийгээ хийж чадахгүй байдалд хүрч эмнэлгийн орон дээр хий шаналж хэвтэнэ гэдэг бол биеийн гэхээсээ сэтгэлийн аймшигтай там юм байна. Аливаа ажлыг, тэгэх тусмаа Ерөнхий сайдын ажлыг хийвэл хийсэн шиг хий, чадахгүй бол ажлаа өг гэсэн зарчим үйлчлэх ёстой. Энэ зарчим шударга ёсонд бүрэн нийцнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж чадна гэж үзээд энэ ажлаа чадлынхаа хирээр гүйцээхийн төлөө өнөөг хүртэл би зүтгэлээ. Одоо чадал тэнхээ минь зохих хэмжээнд хүрэхгүй болсны учир үнэнээ хэлээд албаа шилжүүлэх нь зүйд нийцнэ гэж бодож байна." гээд цаашид эвтэй байхыг уриалж, зарим нэг ЗГ-ыг унагах гэсэн нөхдүүдэд "Хүний маргаашийг сайн муугаар төлөглөх нь хувь хүний дур зориг биз ээ. Харин улс үндэстэн, засаг төрийнхөө маргаашийг “буруутгах тусам нь хожих, бужигнах зуур нь завших” санаархлаар харах нь увайгүй болоод бүтэлгүй санаа гэдгийг мартаж болохгүй. Эргэж уулзах нүүр, дахиж учрах даваатай хорвоо шүү дээ." гэж айхтар хатуу үг хэлжээ. Яриагаа тэр ийн төгсгөжээ: "Монгол төрийн заяа өндөр, монгол хүний тавилан дэлгэр гэдэгт би огтхон ч эргэлздэггүй Монгол улсын иргэн." Мань хүний зарим үйлдлүүд нь bad boy Николас Саркозиг санагдуулах нь бий :) Гэхдээ яагаад үгүй гэж? Бас Танайд хоноё нэвтрүүлгээр номын сандаа хадгалсан poker-ын ном харуулаад, "Покер улстөр хоёр бол ижилхэн" гэж хэлсэн нь сонирхолтой, бас их үнэний хувьтай санагдсан. Ямартаа ч Сү.Батболд хэр сайн statesman болохыг угтах өдрүүд харуулах биз ээ. Монголд сайн statesman хэрэгтэй. Үеийн үед аль ч улс орныг нуруу нь үл нугарах statesman/төрийн хар хүн - үүд үүрч ирсэн. Хэдийгээр би Ардчилсан Намыг байнга дэмжиж ирсэн ч нэг үг хэлмээр байна. С.Баяр танаа монгол түмэн бид эрүүл энхийг ерөөж байна. Thank you for your service, sir!

12.14.2008

Oбама Маккэйн хоёрын халз тулаан

Обама Эллений шоун дээр бүжиглэдэг ч яахав. Харин энэ бол... хаха, awesome stuff!

12.01.2008

"СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон

Улаанбаатарын бүх телевизийн сувгаар орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгаа үргэлжилсээр. Сонгуулийн хуулийн ядмагхан агуулгатай заалт, түүний "орчуулга", бас бус удирдлага менежментийн толгой эргэм гажиг тогтолцооноос болж улс орон даяар энэ "сонгo"+" уйл" гээчид ямар ч их шаардлагагүй цаг, хөрөнгө, энерги, нервээ барав даа. Сонгууль тойрсон асуудал, нэр дэвшигчдийн оройгүй их амлалт, телевизийн сурталчилгаанд ямар ч эрүүл ухаантай хүний тархи самуурч, мансуурч унамаар. Энх тайвны гүүрийн ойролцоохь том самбар дээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн хэсэг нөхөд "Өрх бүрт 30 сая төгрөг өгнө" гэсэн үгсийг их л бахархангуй аястай томоор бичээд, өөрсдийнхөө инээд алдсан том зургуудыг хамт өлгөсөн харагдсан. Ямар ч баян төсөвтэй дүүрэг вэ, тийм ээ? Дээр нь 1.5 саяыг ард түмэн мартаж амжаагүй байхад шүү. Тийм ээ, биднийг доромжилж ханахгүй байгаа нь гайхамшигтай.

Хэд хоногийн өмнө гэрийн хаягаар ирсэн Нийслэлийн сонгуулийн хорооны ажилтан ээжид минь сонгуулийн үнэмлэх гардуулахдаа хамт амьдардаг миний сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөхөө "мартжээ". “Миний хүүгийн сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөөрэй” хэмээн учирлан сануулсан ээжид минь "Санаа зовох зүйлгүй" гэж хэлээд л тэмдэглэл хийж аваад явсан байна. Тэр хүн хэзээ ч эргэж холбогдоогүй бөгөөд бид ч "Энэ олон хүнд гэрийн хаягаар нь үнэмлэх тараах гэж хэрэндээ их зүдэрч байгаа байх даа" гээд онцын юм бодсонгүй. Ингээд уржигдар буюу сонгуулийн өдөр иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлэхээр сонгуулийн хэсэг дээр явж очлоо. Гэтэл нэр маань сонгогчдын нэрсийн жагсаалтад байтугай оршин суугчдын жагсаалтад ч алга байна. Уг нь иргэний үнэмлэх дээр тавигдсан нэр, оршин суугаа хаяг нь бүртгэлтэй таарах аваас газар дээрээ сонгогчийн үнэмлэхээ аваад сонгууль өгөх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг дарга нар онцолж байхыг олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон билээ.

Одоогоос яг нэг жилийн өмнө оршин суудаг хороо хориндоо албан ёсоор дахин бүртгүүлж, овгоо сонгож, нэлээдгүй чирэгдэл болж олон цагаар дугаарлаж зогссоны эцэст Монгол улсын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХҮЙ-тэй болсон санагдана. "Нөхөр ... нь СХД-ийн 17-р хороо, ... байр ....тоотод амьдардаг нь үнэн болно" гэсэн oршин суугчийн тодорхойлолтыг саяхан нэг нотариатын бичиг бүрдүүлэхдээ төвөггүй авч болсон.

Хамгийн сонирхолтой нь миний бие одоогоос сар гаруйн өмнө орон нутгийн сонгуулийн үнэмлэхийг гэрийнхээ хаягаар хүлээн авч яг л энэ зааланд амьдралдаа анх удаа сонгууль өгч үзсэн билээ. Гэтэл ирц бүрдээгүй гээд сар гаран хугацаанд хаа сайгүй хэрүүл болж болж дахин сонгууль явуулахдаа иргэн миний нэр хаягийг хааш нь хийчихдэг байна аа. "Би саяхан сонгууль өгөхөд зүгээр л байсан юмсан?" хэмээн асуухад "Танай хорооноос явуулсан бүртгэлийг л дагнасан" хэмээн нэг залуу учирлангуй аястай тайлбар хэлэв.

Сүүлийн хэдэн жил Цахим Өртөө Xолбоо гадаадад суугаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн асуудлыг дэвшүүлж 2005 онд батлагдсан "Сонгуулийн тухай хууль"-д "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж чадсан ч "хууль зүйн орчин бүрдээгүй байна" гэсэн СЕХ-ны ажлын хэсгийн 2 хоногт хийж болох дүгнэлт 2 жилийн дараа 2008 оны сонгуулийн өмнө гарч, улмаар Сонгуулийн хуулийн уг заалт хүчингүй болоход хүрсэн нь саяхан. Нийт сонгогчдын 15-20% ийг, түүнээс дутуугүй их ДНБ-ийг бүрдүүлэгч, "ходоодоороо бус оюунаараа" сонголт хийх бололцоотой энэ иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн асуудал зарим намуудын мөрийн хөтөлбөрт туссан хэдий ч сонгох эрх нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.

Яагаад ч юм арван найм хүрээд арваад жил болж байгаа ч энэ хугацаанд харь оронд сургууль ном хөөж явахдаа дээрхи монголчуудтай адил сонгох эрхээ эдлэх завшаан дутсан надад анх удаа сонгууль өгөх боломж олдсон нь сарын өмнө боловч сонгуулийн ирц бүрдээгүй тул жинхэнэ утгаар сонгох эрхээ эдлэхээр дахин ирсэн нь энэ байв. "Таны нэр сонгогчдын нэрс дунд олдсонгүй" гэдэг үгийг сонсоод үг дуугүйхэн дунд сургуулийнхаа Урлагийн заалнаас гарч явах мөчид яагаад ч юм цээжинд минь удаан нуугдсан хөнгөн гуниг дахин төрөхийг мэдэрсэн билээ. Яг л бага ангийн найз маань тэр жил "Чи солгой хоолойтой тул хооронд зогсох ёсгүй" гэж хэлүүлээд Урлагийн заалны тайзнаас доголон нулимстай буусантай адил...

Цахим өртөө холбооны УЗ-ийн гишүүн,
дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр
- Өдрийн сонин

11.12.2008

Намрын шаргал өдрүүд

Улаанбаатар хотод минь намрын шаргал өдрүүд хөвөрч байна. Ойрд хүйтний эрч чангарч байна даа. Өнгөрсөн 7 хоногт Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялж дэлхий даяар тэмдэглэлээ. Ийм олон хүн баярласан ерөнхийлөгчийн сонгууль байдаг болов уу? Миний мэдэхийн лав үгүй байх. Аугаа Мартин Лютер Кингийн, олон зуун сая өнгөт арьстнуудын, ерөөс хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ оллоо. Өөр нэмж хэлээд байх ч зүйл алга, зүгээр л браво! УБ дахь АНУ-ын элчингийнхэн болоод монголд буй америкчууд стар хотхонд цуглаж ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээ хамтаар хүлээж, хамт тэмдэглэцгээж байх юм. Энэ их сайхан уламжлал бололтой.

Ойрд яагаад ч юм ажилдаа нэлээд дарагдсан хэдий ч дотроос нь өнгийх урам хайрласан үйл явдлууд их болов. Өнгөрсөн хагас сайнд дуучин Наран 5 ширхэг шинэ цомогийнхоо нээлтийг Хаан театрт хийлээ. Таван хэлээр жааз хэв загвараар дуулжээ. Үнэхээр чадалтай хоолойтой, ховор авъяастай хүн юм аа. Дараа түүний цомгоос заавал авна аа. Тэр өдөр мөн УДБЭТ-т Кармен дуурь бас дараа өдөр нь Хунт нуур балетын улирлын нээлт болов. Аль алинд нь ажил давхцаад очиж чадаагүйдээ харамсав.

Өнөөдөр буюу 11/12 -ны бэлгэт сайн өдөр яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг эгчийн АНУ-д байх зуураа орчуулсан 6 цуврал ном буюу дэлхийн шилдэг зохиолын "Хөх дэвтрүүд" цуврал номын нээлтэнд хүрэлцэн очлоо. Олон жил, нойр хоолоо хасан байж эдгээр номуудыг орчуулсныг нь сайн мэднэ. Авъяас билэгтэй дээр үнэхээр хөдөлмөрч, шулуун шударга зантай Оюунчимэг эгч олон жил шургуу ажиллаж өнөөдөр зорилгоо биелүүлээд номын баяраа хийж байхыг харахуйяа сэтгэл хөдөлж, урам зориг авахгүй байхын аргагүй байлаа. Тийм ээ, дэлхийн сонгодгуудын охиос эх хэлнээ хөрвүүлсэн Оюунчимэг эгчийн цаашдын үйлст өндөр амжилт хүсмү. Чадал дорой миний биеийг тоож гайхамшигт Шоша романыг редакторлах үүрэг хүлээлгэсэн танд бас баярлалаа. Үнэндээ ганц нэг үсгийн алдаанаас өөр юу ч өөрчлөөгүй нь үнэн билээ. Номонд дуртай та бүгд доорх номуудыг Интерном болон бусад дэлгүүрүүдээс заавал авч уншаарай:

Нэг: Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн "ШОША" роман
Хоёр: Луйс Борхесийн "ЗҮҮДНИЙ НОМ" сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
Гурав: Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын "ТОГЛООМ ДУУСЛАА" шилмэл өгүүллийн түүвэр
Дөрөв: Венедикт Ерофеевийн "МОСКВА-ПЕТУШКИ" роман
Тав: Милорад Павичийн "САЛХИНЫ ДОТООД ТАЛ" гүн ухааны роман
Зургаа: Ричард Бахын "ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД" роман Дэлгэрэнгүй

Үүний дараа ээжийнхээ хамт Фредерик Шопений 200 жилийн ойн арга хэмжээний нээлтийн концерт, төгөлдөр хуурын тоглолтыг УДБЭТ-д үзэв. Польшийн ЭСЯ, МУЗ зохион байгуулсан уг тоглолтод Агата Лукашевич гэж Польшийн маш алдартай залуу төгөлдөр хуурч морилж Шопений урын сангаас уран чадварлаг тоглож, эрдэнэт хүмүний нэгэн гайхамшигт ур чадварыг харууллаа. Театрын захирал хатагтай УДБЭТ энэ жил 2 ширхэг Ямаха фирмийн тус бүр 50 сая төгрөгийн хаан хууртай болсныг энэ үеэр танилцуулсан нь бас нэн сайхан санагдлаа. За ямартаа ч өнөөдөр ажлаа сайн амжуулж чадсаны дээр номын хуртай, дууны хөгтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Маргааш ч бас эрч хүчээр дүүрэн, бурхан ивээсэн сайхан өдөр болох нь үнэн буй заа. Амьдрал өөрөө алдаа оноо, жаргал зовлон, гуниг баяслаар арвин, чухамдаа л сонин сайхан явдлаар дүүрэн эд юм даа. Үүнийг уншиж буй танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!

10.26.2008

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд

нэртэй комментарийг одоогоос яг 4 жилийн өмнө Америкийн монголчуудын Даяар Монгол сонинд хэвлүүлж байснаа өнөөдөр PC-гээ ухаж оллоо. Тэр үед БНН-ын үндэсний чуулганыг Fox channel-аар үзээд бичиж байсан санагдана. Харин нөгөө талд алдарт Обама АН-ын үндэсний чуулганаар "үнэхээр бут авсан" илтгэл тавьж байлаа. Хэн ч үл мэдэх Обамагийн 2004 oнд Жон Керриг дэмжиж тавьсан илтгэлийг сонссон хүн болгон түүнийг дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ЁСТОЙ хүн юм байна гэж бодсон юм шүү. Би ч тэгж бодсон. Бурхны тааллаар болдог юм болдогоороо болж Обама ч энэ жил нэр дэвшиж, маш амжилттай явааг харахад сэтгэл тэнэгэр байна. 2004 онд чухамдаа хаанаас хэн гараад ирэв гэмээр гайхамшигтай илтгэл тавьж, улстөрийн жинхэнэ од болсон Барак Обамаг Jay Leno-гийн Late night show-гаар уригдан ороход тэр ингэж ярьсан нь санаанд тод үлджээ: 2000 онд мөнгөгүй ажилгүй байсан Обамаг найз нар нь чи юутай ч болсон Los Angeles явж АН-ын National Convention-руу оч, хүн хартай уулз гэж зөвлөжээ. Ингээд LАX-ын онгоц буудалд буугаад түрээсийн машин авах гэтэл бүх зээлийн картын нь лимит дууссан буюу 0 заасан байжээ. (LA-д бол машин унахгүй л бол бүх газар нь тийм хол газар л даа. Такси болохоор хэт үнэтэйдсэн биз.) Аргаа барсан мань хүн банк руу утасдаж зээлийн картынхаа мөнгөний лимитийг өсгөв. Ингээд жаахан мөнгөтэй болсон мань хүн машин түрээслээд 2000 оны АН-ын үндэсний чуулганыг Лос Анжелесын Staples center (нөгөө LA Laker's ийн дэвжээ) -т үзэхээр очжээ. Гэтэл мандат ч байхгүй байсан түүнийг хамгаалагчид үл нэвтрүүлсэн тул Staples center-ийн эрчүүдийн 0-ын өрөөн дахь телевизээр АН-ын үндэсний чуулганыг анх үзсэн гэдэг. Сонин юм шүү, тэр үед 0-ын өрөөнд зогсохдоо мань хүн чухамдаа дараагийн үндэсний чуулганаар тэр өндөр индэрээс улс орныг доргиосон илтгэл тавьж итгэл найдварын од болохоо мэдэж байсан болов уу? Мөн 8 жилийн дараа болох үндэсний чуулганаар өөрөө АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд явах юм чинээ санасан болов уу?

Обама бол миний мэдэх хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Ерөнхийлөгч болно байх аа гэж би дотроо залбирч байна. Ингэхэд Обама ерөнхийлөгч болох эсэх нь дэлхийн нөгөө бөөрөнд суугаа бидэнд хамаатай гэж үү? Well, дэлхийн шинэ удирдагч хэн болох нь бидэнд хамаатай. Обамагийн санал болгож буй дипломат бодлого Монгол улсын эдийн засагт ч хамаатай. Тэр тусмаа залуу хүмүүст Audacity of hope -ыг энэ хүн бэлгэддэг билээ.

Ажлын минь нэг анд АНУ-ын сонгууль яаж явагддаг тухай асуусанд хариу болгох үүднээс амбасан үеийн нэг бичвэрээ энд орууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ямар маягаар явдаг гэдгийг сонирхож буй бол нийтлэлийн доор буй Сонгуулийн коллегийн тухай хэсгээс уншаарай. Ажлын шинэ долоо хоногт тань амжилт хүсье!


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд
Д. Сайнбаяр /Чикаго/ 2004-9-5 - Даяар Монгол сонин

Өнгөрсөн долоо хоногт дөрөв хоног Нью-Йoрк хотын Мадисон Скүар Гарденд үргэлжилсэн АНУ–ын ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганыг эсэргүүцэж тус хотод ойролцоогоор 500 мянган иргэд жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулж Нью-Йoркын 36000 цагдаа нар өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэжээ. Мөн Жорж Бушийн засгийн газрын гадаад, дотоод бодлогыг эсэргүүцэж өөр өөрийн гэсэн өвөрмөц маягтай эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж 1800 орчим хүн баривчлагдав. Зарим нь энх тайвныг бэлэгдэн гэрэл асааж, дайныг эсэргүүцэн дайнд алуулсан мэт гудамжинд хэвтэж, зарим нь Жорж Бушийг эсэргүүцэн шог ая дуу зохион дуулцгааж, усны хувцастай бүсгүйчүүд дотоожин дээрээ эсэргүүцлийн үгс бичицгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуульд өрсөлдөгч намууд намынхаа үндэсний чуулганыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай. Уг чуулганы үеэр намууд намынхаа чиг шугам, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь намынхаа нийт дэмжигчдийн сонголтыг хүлээн авснаа албан ёсоор нийтэд зарлах ёстой боловч үнэн хэрэгтээ сонгуулийн маш их шуугиан дэгдээсэн компанит ажил болон хувирч, олон нэртэй улс төрчид чөлөөт индэр дээр сонин гайхалтай илтгэл тавьж, эсрэг намынхаа нэр хүндийг унагах том чуулган болдог. Мэдээж хуучны адил АН, БНН-ын чуулган маш шуугиантай болж өнгөрөв. Зарим телевизийн сурвалжлагчид аль нам нь олон шаар хөөргөсөн бэ гээд маргах нь хөгтэй.

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний аюулгүй байдал, террoризмийн эсрэг тэмцэл, Иракийн дайн, гадаадынханд алдаж буй дотоодын ажлын байр болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, татварын бодлого, даатгалын систем, боловсрол гэх мэт асуудлууд компанит ажлын гол цөм болсон чухал сэдвүүдийн тоонд орж байна. Харин бусад улсын ерөнхийлөгчийн сонгуулиас ялгарах нэг зүйл ажиглагдсан нь АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь улс орны дотоодын асуудал гэхээс гадна дэлхийн энх тайван, эрх чөлөө гэж дэлхий нийтийн эрх ашгийн өмнөөс үг хэлж зогсох нь аргагүй л том орны том удирдагч юм даа гэж бодогдмоор.

***

Таван долоо хоногийн өмнө болсон Ардчилсан Намын үндэсний чуулганы дараа олон агентлаг, хэвлэл мэдээллийн албанаас сонгуульд АН-ын Жон Керригийн төлөө санал өгөх сонгогчидын тоо нэмэгдсэн эсэхийг тооцох санал асуулга явуулахад онцын өөрчлөлт гараагүй буюу Жон Керри нэгээс хоёр хувиар тэргүүлсэн хэвээр байв. Харин БНН-ын чуулганы дараа Тайм сэтгүүлийн явуулсан санал асуулгад оролцогчдын 52% нь Жорж Бушд, 41% нь Жон Керригийн төлөө саналаа өгнө гэж гарлаа. Энэ нь өнгөрсөн хавраас хойш эхэлсэн хоёр намын сонгуулийн компанит ажлын дүнд хамгийн хол зөрүүтэй гарсан санал асуулгын дүн болж байгаа юм.

БНН-ын чуулганд Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварценнегер, сенатoр Жон Маккэйн, Нью-Йорк хотын амбан захирагч асан Рюди Жулиани, дэд ерөнхийлөгч Дик Чени, ерөнхийлөгч Жорж Буш нарын илтгэл олон хүнийг байлдан дагууллаа. Гэтэл Жоржиа мужийн амбан захирагч асан, АН-аас сонгогдсон сенатoр Зэлл Миллер өөрийн намаас нэр дэвшигдсэн Жон Керригийн эсрэг БНН-ын чуулганд ирж илтгэл тавьсан нь энэ чуулганы гол сенсаци боллоо. Тэрээр илтгэл тавих тавихдаа бүр маш их эрч хүчтэй, уран илтгэл тавьж, илтгэлдээ Жон Керригийн хамаг муу муухайг илчлэх зорилго өвөрлөж, Жон Керригийн улс төрийн нэр хүндийг унагаах маш хатуу ширүүн үгсийг Америкийн өмнөд мужийн аялгаар хэлж, шүд зуусан уур омгоор хайр найргүй довтолж байлаа. Тэгээд ч тэр санасандаа хүрсэн нь олон хэвлэл мэдээллийн агентлагаас гаргасан судалгаанаас харагдаж байна. Зэлл Миллер хэлсэн үгэндээ “…Жон Керри бол ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй ямар ч туйлбаргүй этгээд… АНУ -ын үндэсний аюулгүй байдлыг НҮБ бус АНУ, Парис бус Вашингтон шийдэх ёстой…” гэж ярьлаа. Ямартаа ч Жорж Буш, Дик Чени нар илтгэлээ тавихаас өмнө АН-ын нэр хүндтэй сенатoраар өөрийнх нь намаас нэр дэвшиж буй Жон Керрийг сайн муулуулж, Жон Керригийн нэр хүндийг унагаах гол зорилгоо гүйцэлдүүлж “замаа засаад” авсан нь маш ухаалаг алхам болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

***

БНН–ын үзэл баримтлал нь чөлөөт зах зээлт капитализм, үндэсний үзэл, шашинлаг сэтгэлгээ, консерватив, милитарист үзлээр томъёологддог. Билл Клинтоны засгийн газар төсвийн арвин нөөцтэй, эдийн засгийн тогтвортой улс орныг Жорж Бушд хүлээлгэн өгсөн авч Жорж Буш одоогийн байдлаар олон тэрбум долларын төсвийн алдагдалтай ажиллаж байгаа билээ. Хэдийгээр сүүлийн нэг жилд шинээр 1.7 сая хүн ажилд орсон авч, Буш засгийн эрхэнд гарснаас хойш 1 сая орчим хүн ажлаа алдсан хэвээр байна. 9 сарын 11-ний явдлаас хойш Америкийн эдийн засаг уналтанд орж, Иракийн дайнд асар олон тэрбум доллар зарцуулсан, дээр нь иргэдийн орлогын татварыг багасгаснаас төсвийн алдагдалд орж байна гэж шинжээчид үздэг. Гэтэл Жорж Бушийн эдийн засгийн бодлого бол том, дунд оврын бизнесийн орлогын татварыг багасгаж, Америкийн том корпорациуд, баячуудын татварыг хөнгөлснөөр олон хүний ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал юм. Харин АН-ын Жон Керри энэ бодлогыг эрс буруушааж, гадаад бодлого, дотоодын эдийн засгийн бодлогыг өөрчлөх зорилттой байгаа юм. Жон Керригийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүн амын хамгийн баян чинээлэг 2% буюу жилийн 200,000 доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг Бушын засгийн эрхээс өмнө байсан тэр хэмжээнд буцаан нэмэгдүүлж ядуу, дундаж орлоготой иргэдийн татварыг хөнгөлөх бодлого баримталж байгаа билээ.

Жон Керригийн нэр хүндэд том цохилт болж байгаа сэдэв бол түүний Сенатад байх хугацаандаа үндэсний аюлгүй байдлын асуудалтай холбогдсон хууль, тогтоомжинд өгсөн олон саналын тайлан юм. Хэдийгээр түүнийг Патриот актыг (Patriot Act) гаргахад дэмжиж санал өгсөн боловч одоо Иракийн дайныг буруушааж байна гэж БНН-ын улс төрчид гуйвуулга хийж “хоёр нүүртэй улс төрч” гэж цоллон олон түмний бодлыг өөрчлөх тактик хэрэглэж байгаа. Харин Жон Кeрри бол “Жорж Буш ард түмнийг хуурч Иракын дайнд оруулсан. Иракийн дайнд олон улсын дэмжлэгийг хүлээн аваагүй учраас олон улсад АНУ-ын нэр хүнд асар ихээр унасан” гэж БНН-ын дипломат бодлогыг шүүмжилж байгаа юм. Анхлан Жорж Буш Иракын дайнд 1 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдсэн авч, одоогийн байдлаар 200 орчим тэрбум доллар зарлагадаад байгаа юм. Иракын дайнаас хойш дэлхийн олон улсын ард түмний дунд явуулсан судалгаанаас үзэхэд Жорж Бушийн нэр хүнд маш муудаж, АНУ-ын түүхэн дэх олон улсад хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болж тодроод байгаа нь АН-ын сонгуулийн компанит ажилд их хэрэг болох баримт болжээ.

АН-ынхан Жон Керригийн санал буурсан үзүүлэлтийг түр зуурийн үзэгдэл гэж үзэж байна. Хэдийгээр Жон Керри олон нийтийн саналаар үзүүлэлт доогуур байгаа боловч сонгуулийн коллегийн дүнгээр бол Жорж Бушаас илүү үзүүлэлттэй байгаа. Харин БНН-ынхан дараагийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэж зарим телевизийн сувгаар маргаж, өөрснийгөө ялсан мэт ард түмний сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байна. Ямар ч байсан 9 сарын 30-нд Флорида мужид эхлэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд олонд нээлттэйгээр гурван удаа явагдах халз мэтгэлцээний дараа олон зүйл тодорхой болох биз ээ.

* Сонгуулийн коллегийн тухайд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг цорын ганц сонгууль авч шууд бус сонгууль гэдгээрээ олон орны ерөнхийлөгчийн сонгуулийн системээс онцлог ялгаатай юм. АНУ-ын Конгресс дахь Сенатын танхимд нийт 100 гишүүд буюу муж бүрээс 2 сенатoр, харин Төлөөлөгчдийн танхимд 435 гишүүн буюу муж бүрийн хүн амын тооноос шууд хамаарсан төлөөлөлтэй байдаг. Сонгуулийн коллегийн (Electoral college) гишүүдийн тоо муж тус бүрээс сонгогдсон сенатoрын тоо, Төлөөлөгчдийн танхимын (House of Representatiүes) гишүүдийн тоо, мөн Колумбын дүүргийн одоогийн 3 гишүүд буюу хамгийн цөөхөн төлөөлөгчтэй мужаас илүүгүй тооны гишүүдээс бүрдэнэ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 538 сонгуулийн коллегийн гишүүд оролцох юм. Сонгууль мажоритар системээр явагддаг тул сонгуулийн коллегийн гишүүдийн хамгийн олон санал буюу 270-аас дээш санал авсан нь ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм. Сонгуулийн Коллегийн гишүүдийг муж бүр янз бүрээр сонгодог. Улс төрийн намууд муж тус бүрдээ намын хурал, чуулганаар Конгрессын гишүүн бус хүнийг коллегийн гишүүнээр нэр дэвшүүлдэг. Намын дарга эсвэл ерөнийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй улс төрийн болоод хувийн харьцаатай хүн ч Сонгуулийн Kоллeгийн гишүүнээр сонгогдож болдог. Зөвхөн Майн, Небраска мужаас бусад бүх мужуудад олонхийн санал авсан нам нь сонгуулийн коллегийн нийт саналыг авна. Гэвч үндэсний нийт сонгогчдоос олонхийн санал авсан боловч Сонгуулийн коллегийн дүнгээр цөөн санал авч ялагдсан хэд хэдэн тохиолдол байдаг. 2000 оны сонгуулиар Алберт Гор, Жорж Бушаас 540 мянга гаран сонгогчийн саналаар ( 0.5 гаруй хувийн зөрөөтэй) илүү санал авсан боловч Сонгуулийн Коллегийн саналаар 271-266 гэсэн харьцаагаар ялагдсан. Флорида мужын хамгийн чухал дүүргийн 500 гаруйхан хүний санал тэр жилийн сонгуулийн дүнг өөрчилсөн сонин түүх бий.



6.03.2008

Гэрэл тасраад, ирсэн нь буюу sleepless in UB

Сүүлийн үед байнга гадуур ажилтай, орой нь партидсаар гэртээ олигтой амарсангүй. Харин өчигдөр өдрийн турш гэртээ ганцаар амарч, ном уншиж, бас жаал Интернэтээр зугаалж, цахим худалдаагаа хянаж, имэйлийн Инбоксоо цэвэрлэж өнжив. (би gmail хэрэглэдэг. ер нь үнэхээр тасархай л даа. Хэдэн ч имэйлийг форвард (даялуулах) хийж, бас филтер (шүүлтүүр) хийж, хэзээ ч устгахгүйгээр ангилж болдог, бас google talk нэмэгдсэн нь яахууг тас цохих гол шалтгааны нэг болсон. Ижил харилцагч, ижил subject -тай имэйлүүд нь conversation болж хураагддаг нь үнэхээр мундаг шийдэл шүү. Жимэйлийн монгол орчуулгад хааяа оролцдог байсан боловч одоо тэгэх цаг хомс болж дээ. Хэн бүхнийг жимэйл хэрэглэхийг уриалсу. Гүүгл яахууг олон талаараа цохиж байгаагийн илрэл нь most user-friendly interface буюу human-computer interaction-ы сонгодог шийдэл болох нүд үл эрээлжлэх, энгийн бөгөөд функц сайтай бүтэц нь.) Бас хувцасаа угааж, тоосоо соруулж, гэрийнхээ шалыг угаалаа. Хэхэ, ер нь үе үе аяга угаах хоббитой л доо. Харин шал угаалгүй хэдэн жил болсоныг бүү мэд... Тэгж байтал тог (ток?) тасарлаа... Гэрт лаа алга. Хав харанхуй гэрт хүн юу хийж бүтээх вэ? Унтах. Гэтэл миний нойр хүрэхгүй байна. 30 минут дээшээ харж хэвтэж, элдвийг бодлоо. Цаг үдшийн 9-г цохилоо. Ийм байдлаар хэдэн хором ч цааш байж сууж үл чадан сниккерсээ өмсөөд лаа авахаар дэлгүүр гарав. Тог тасарсан тухай ээж байнга ундууцан ярьдаг авч намайг байхад тог тасарсныг санахгүйг бодвол би гэртээ сүүлийн хэдэн сар өглөө гараад л шөнө ирдэг байсантай холбоотой биз. Гадаа тас харанхуй. Харин мэдсэн юм шиг монголд зарагддаг тамхины асаагуурууд бүгдээрээ ардаа гар чийдэнтэй нь гайхалтай. 2 ч мухлагаар ортол "лаа зарагдаад дууссан" хэмээн таньдаг худалдагч эгч нар эелдэгээр хэлэв. Би хоцорсон бололтой...

Ядаж лаа байсансан бол уншиж байсан номоо дуусгахсан, гэвч 8 давхарын харанхуй гэртээ лаагүй орвол юу ч хийх бололцоогүй болохоо ойлгов. Энэ хооронд хэдэн арван хүүхэд хичээлээ хийж чадахгүй, хэдэн арван хүн ажлаа алдаж байгаа бол гэж бодлоо. Нэгдүгээр хорооллын оросуудын барьсан 9 давхаруудын нэг орцонд 36 айл байдгийг тооцвол зөвхөн манай байранд гэхэд 10 орц * 36 айл * 4 хүн (дундаж ам бүл) = 1440 хүн. Миний эргэн тойрон лав 10 орон сууц гэрэлгүй байхыг бодолцвол нийт 14400 хүн. Дунджаар 3 цаг тог тасарчээ гэж үзвэл манай энэ хавийн хөршүүд 43200 цагийг үр ашиггүй өнгөрөөхнээ. Бурхан минь гэж. Эрдэнэт хүмүний бүтэн 1 цаг ямар их үнэ цэнэтэй билээ. Гэхдээ яая гэхэв, нэг л өдөр Монголд тог тасарахаа болино буй заа. Ер нь хараад байхнээ хотын төвөөр тог тасарах нь арай л бага мэт, бодвол улсын нийслэл хотын төв, downtown юм чинь арга байж уу дээ... гэх мэтийг бодсоор нэг л мэдэхэд таксинд суужээ. Хэхэ, 3-р хороололд байгаа буурай аавындаа эсвэл энүүхэнд ойр байдаг нагац ахындаа очиж арай үр бүтээлтэй цагийг өнгөрөөх нь зөв гэж бодлоо. Миний хувьд тоггүйгээр хэдэн цаг болно гэдэг нь яг л ''I cannot afford it" гэдэгтэй адил, надад хэтэрхий үнэтэйднэ. Ядаж л тэнд Интернэт байгаа, эсвэл телевизээр Барак Обамагийн сонгуульд хэлж байгаа үгсийг манай УИХ-д нэр дэвшиж буй мундаг мундаг хүмүүсийнхтэй харьцуулж үзэж болно. Хэхэ. Ахындаа ирлээ. Таксинд 500 төг өглөө. Not too bad! Уг нь ойрхон л доо, гэхдээ алхвал замд ''аюултай'' хүмүүстэй таарчих вий гэж битүүхэн санаа зовсоных. Ер нь 500 төгрөгөөр авах юм Улаанбаатарт ховор болсон. Таксигаар 1.2 км явах эрх, бохь, ширхэгийн тамхи, маш муу чанарын ундаа, эсвэл нэг ширхэг бууз авч болох байх. Бас хуучны Атар талх, бодвол автобусанд 1 удаа суух эрх авч болно. Энүүхэндээ гэхэд кока колагийн бүтээгдэхүүн монголд америкаас илүү үнэтэй. Үхрийн маx ч гэсэн! 40 сая малтай байж шүү! Айл болгон импортоор ирсэн Моnmilk уухыг нь яана! Бааранд, ресторанд байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь дэлхийн статустай гэгдэх Чикагогийнхтай ойролцоо байдаг нь үнэхээр гайхалтай. За үл хөдлөх хөрөнгийн тухайд бол ярихын хэрэггүй. Монгол бол үнэхээр дэлхийн статустай хот болоход маш ойрхон, ер нь юмны үнээрээ бол бараг оччихсон байна шүү. Энэ хөгжлийн индикатор мөн үү?

Аnyways, нагац ахынхантайгаа жаал буу халж суулаа. Нөгөө өрөөнд одоогоор ажилгүй, сургуульгүй суугаа үеэл дүүгийн маань талаар ярьж байна. Сингапур, Бээжин руу 2 ч удаа суралцах гэж яваад дундаасаа хаяад ирсэн нөхөр. Хэд хэд уулзахдаа ахын зүгээс зөвлөж, хатуухан үг хэлээд авсан юмсан. Удахгүй Япон явах гэж байгааг нь сонсоод өмнөөс нь тун ч их баярлав. Тийм ээ, ядаж Токиод гүйхээгээрээ завгүй байдгаараа алдартай япончуудаас цагийн мэдрэмж, цагийн менежмент, зарчимч, зорилготой амьдрах арга ухааныг суралцаж, 1 цагийн үнэ цэнийг мэдрээд авбал... Ер нь Монголд завгүй, хийж бүтээж буй хүмүүс их ч цагийн мэдрэмжгүй, хийж бүтээх нөөц бололцоо хумигдмал хүмүүс маш олон бор хоногийг ''тоггүй мэт'' өнгөрөөж байгаа нь харамсалтай... Ямар олон зуун мянга, сая цагийг Монголчууд бидний зарим хэсэг үр бүтээлгүй өнгөрөөж байна вэ??? Үнэхээр том хяслан, үнэхээр том гашуудал шүү... Хоноод яв, хоноод яв гэх эгчийнхээ үгээс үл гаран том өрөөнд нь ор засуулаад жаал телевиз үзэж хэвтэв. С1-ээр 2006 оны ДАШТ-ний Солонгос-Францын хөл бөмбөгийн шигшээ тоглолтыг дахин үзлээ. Айхтар ''улаан чөтгөрүүд'' Зиданы эсрэг нэг гоол хийчихсэн шүү тэр жил! Xарин миний төрсөн өдрөөр давхцсан Итали - Францын аваргын төлөөх тоглолтод Зидан их том алдаа хийж билээ. Энэ жилийн Аваргуудын лигийг Тринити хэмээх нэгэн бааранд цугласан 200 гаран Монгол залуустай хамт хоолой сөөтөл орилж үзээд өөрийн дэмждэг Манчестер Юнайтедийг ялахад баярласандаа нулимс унагаж, хоорондоо тэврэлдэн үсчсэн бид үүрээр баарнаас гараад алхахдаа хэчнээн урамтай байв. Домогт Роналдо... за тэр ч яахав... Fox News Channell -aaр Барак Обама ялахад цөөхөн цаг үлдэж буй, түүнд тус мужын хүн амын 6 гаран хувь нь уугуул Индиан овогтнуудтай, хүн амын 70% нь сонгууль өгдөг идэвхитэй Монтана муж, бас Соуф Дакота мужынхан маш их итгэл хүлээлгэж буй тухай, early polls-оор тэр Хиллари Клинтоныг ялж буй тухай сайхан мэдээ сонсож, Карл Рөүвийн комментарийг сонслоо. Хилари Клинтон дэд ерөнхийлөгч болж Барак Обамаг дэмжих бололцоотой г.м мэдээг сонсов. Браво, урагшаа Обама! Ялна гэж найдаж байлаа шүү!... Ингээд Америкийн түүхэнд анх удаа хар хүн ерөнхийлөгчийн суудалд намаа төлөөлөн өрсөлдөх нь бараг л тодорхой болж байна... Хиллари ч анхны эмэгтэй гэдгээрээ түүхэнд үлдэх байсан авч тэрээр хэрэв дэд ерөнхийлөгч болвол анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болох юм. Энэ 2 мөн гайхамшигтай баг болно доо! Бүгд найрамдах нам бус харин Ардчилсан Нам өөрчлөлт авчирч чадна гэдэгт би итгэж байна!... Шөнөжин зурагт үзээд нойр эс хүрэв. УБ-т наран ургаж үүр цайлаа. Хувцасаа өмсөөд гэрийн зүг алхахаар шийдлээ. Гадаа гайхамшигтай сайхан байв. Шувууд жиргээд л, анир чимээгүй, ганц 2 машин гараашаасаа гарч буй харагдана. Өсөж бойжсон 1 дүгээр хорооллынхоо дундуур би ингэж алхалгүй 9 жилийг ардаа үджээ. Сэтгэл маш их хөдөлж, өглөөний агаараар дүүрэн амьсгаа аван гэрийн зүг тайван алхав. Сурагч байхдаа ингээд л алхдагсан... Цэцэрлэгийн хашаануудыг дундуур нь хуваагаад заримд нь машины зогсоол, заримд нь байшин барихаар зэхэж буй бололтой. Нэг тааруухан тагзан дээр ''МАXН-н тэддүгээр ҮҮР'' гээд хаяг хаджээ. Жаахан алхаж байтал 19 дүгээр байрны нэг орцны дээвэр дээр ''АН-ын тэддүгээр ҮҮР'' гээд бас хаяг тавжээ. Хэхэ, сонгууль эхэлж дээ, эхэлж. Энэ зун сонин хачин юм их үзэх байх даа. Хөөрхий багадаа алхаж өссөн гудамжууд барилгын шороогоор булагдаж, ихэнхи хэсэгтээ маш их хагарчээ. Намайг 6 настай байхад буюу 87 онд ашиглалтад орж байсан энэ хороолол ямар сайхан хороолол байлаа даа. Одоо ч байшингуудын өнгө нь утаанд хөө болоод бас нэлээд ганджээ. Хаа хааяа мод үзэгдэнэ, бас орцнуудын хажууд шинэхэн тарьсан моднууд харагдах нь сайхан. Бас сайн зүйл гэвэл орцууд нь хуучнаа бодвол овоо цэвэрхэн болжээ. Бодвол хүүхдүүд орцонд цуглахын оронд Интернэт кафед суух гэх зэрэг хуучин бидний үед байдаггүй олон зүйлс шинээр нэмэгдсэнтэй холбоотой байх. Анх бэлтгэл ангид орж байсан 82 дугаар сургууль, гоц авъяастны 93 аас шилжиж ирээд суралцсан орос 83, бас сүүлд гүнзгий ангиудыг нэгтгэхэд шилжсэн 86 буюу Ирээдүй цогцолборын 1 дүгээр байр гээд бүгд замд дайралдав. Бүрэн дунд сургууль төгсөх гэж яасан ч олон сургууль дамжаа вэ дээ? Хожим Айдахо мужид суралцсантай нийлүүлвэл нийт 5
дунд сургууль дамжжээ, хэхэ. Бүгд л өөрийн гэсэн онцлогтой байсан даа. Сургуулиудаа сайн ажиюу гэвч янз бүрийн байшин их баригдаад заримдаа нүдэнд саад болно. Глобал СИО-гийн сүүлчийн дугаарын дундуур анх крилл А үсэг заасан Сайнбаяр багш маань (надтай ижил нэртэй, эмэгтэй хүн) залгахад сэтгэл хөдлөсөн гэж жигтэйхэн. Тийм ээ, би 82 дугаар сургууль дээрээ очиж, багштайгаа, бас тэнд одоо сурч буй сурагчидтай уулзах ёстой...

…Маргааш эхлэх шинэ ажил, хамт олноо төсөөлж, яагаад ч юм Монголдоо анх удаа ажиллахаар болж байгаагаа бодохоор сэтгэл догдолж, сэтгэлд нэг юм тээглэнэ… 6 дугаар ангиасаа 10 дугаар анги төгстлөө чөлөө заваараа аавынхаа барилгын компанид засварын ажил хийж, обойны цавуу найруулж, цонх будаж, ханын цаасыг бол мэргэжлийн түвшинд нааж хааяа ''халтуур'' хийдэг байсансан. Ажил хийвэл ам тосдоно гэхчээр тэрүүхэндээ л ганган хувцаслачихдаг, халаасандаа мөнгөтэй явдаг сурагч байж дээ. Хожим энэ ажлын туршлага маань харьд ажиллаж, сурч, амьдрахад, Чикагогийн тэнгэр баганадсан барилгуудын оргил өөд мацахад минь хамгийн том суурь эрдэм болсонд холч ухаант аавдаа баярладаг. Тийм ээ, өнөөдөр чамайг сайхан өглөө угтаж байна. Шинээр баригдаж, будаг ханхалсан оффистоо очоод, aжил дээрээ хэрэгжүүлмээр хэд хэдэн санаа олсондоо баярлаж тархиндаа тэмдэглэж авлаа...

Ингээд би гэрийнхээ гадаа ирлээ... Цаг өглөөний 6 AM дөхжээ. Орцны цэвэрлэгч Удвал эгчтэй урдын адил гадаа хог шүүрдэж байгаатай таарлаа. Үнэхээр ажилсаг хүн шүү! Манай орцны үүдийг сахиж хамгаалахаас гадна 9 давхар орцны давхар болгоны шалыг угааж, тоймгүй олон шат цэвэрлэж, бас гадаа хогийг байнга шүүрддэг! Тийм ээ, өнөөдөр би ч гэсэн шинэ ажлын өдрийг угтахдаа урам зориг дүүрэн байна, яг л тань шиг урдах ажлаа сайн хийхийг хичээх болно! “Сайн уу, ээж ээ, хүү нь гэрт тог байхгүй болохоор жаал дэмий тэнэж байгаад ирлээ. Обама ялчихжээ! Гэрт бас тог ирчихсэн байна гээч! :)“

Өглөөний мэнд, миний Улаанбаатар!

Sleepless in UB,
6/3/08-8:53 АМ

5.02.2008

Энх тайвныг сахиулагч Роналд Рэйганы дурсгалд

Яагаад ч юм саяхан нэгэн сайн найзтайгаа өөрийн очих дуртай Веранда зоогойд үдшийн зоог барьж, улаан дарсны амтыг тамшаалах зуур ертөнцийн түмэн зүйлсийг хамж, таатайяа буу халж суухдаа Берлиний хана хэрхэн нурсан тухай дурсан ярилцсан билээ. Үүнийхээ дараа сэтгэл хөөрсөн бид Зайсан толгой дээр гарч шөнийн Улаанбаатарын үзэсгэлэн, тэнгэрт орчих оддыг харж баясав.

Тийм ээ, 9 настайдаа анх харь нутагт хөл тавих завшаан гарч 1990 онд гэр бүлээрээ Орос, Польш, Баруун зүүн Германд аялж билээ. Харин түүхэнд ховор тохиох Берлиний ханыг нурааж, 2 герман нэгдэх (1990 оны 10 сарын 3) түүхэн үед тэнд очиж, гэрч болсондоо хайрт аав ээж хоёртоо хязгааргүй их баярлаж явдаг. Энэ л аялал, энэ л түүхэн үйл явдал миний амьдрал, ертөнцийг харах нүдийг минь тэрчигээр нь өөрчилсөн. Яагаад ч юм Москва хүрэх 5 хоногийн галт тэргэний аялал дунд уншина гэж аваад гарсан Монголын Нууц Товчоо (тэр жил Нууц товчооны 750 жилийн ой болж, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарын нэгтгэсэн МНТ хэвлэгдэж шуугиан тарьж байв) -г уншиж дуусгана гэж зөрүүдлэсээр, уг номыг дунд нь оруулаад, уран тансаг үгсийг нь юутай хийтэй нь дутуу ойлгосон ч аав ээждээ өхөөрдүүлсэн нь бяцхан Бороо байв. (гэрийнхэн маань намайг одоо ч Бороо гэж дууддаг)... Чухамдаа миний уншсан хамгийн анхны ном маань МНТ болов уу. Гэхдээ нэг их юм ойлгоогүй, харин 3 дугаар ангийн унших дасгалаа сайтар хийж авсан байх :) Байгаль далай, Оросын нутгийн шивэр (сибирь) ой, Москвагийн метро, Варшавын Палаз Култур, Берлиний цэвэрхэн гудмууд, 3 давхар вагон, Потсдамын хааны ордон... Яг л үлгэрийн юм шиг 14 хоногийн аялал... Аяа, өнөөг хүртэл энэ дэлхийн хаа ч таараагүй "нэвтэрхий толь" шиг агуу их мэдлэгтэй, үүрдийн эх оронч, их түүхээ дээдлэгч, хамгийн шударгуу зантай АБУ таниараа бяцхан хүү тань бахархнам. Хүү нь танийхаа өлмий дор өвдөг сөхрөн мөргөж адис ивгээлийг тань хүртюү!

Хүйтэн дайныг дуусгахад онцгой гавъяа байгуулсан сартваахи Роналд Рейганыг би хүндэтгэн хайрладаг билээ. Түүнийг 4 жилийн өмнө тэнгэрт халихад гашуудахдаа тэрлэсэн нэгэн өгүүллээ Цахим Өртөөний архиваас уудлаж, Улаанбаатарын Ханыг буулгасанд талархаж, сэтгэлийн зул асаамуй.

----
Энх тайвныг сахиулагч Роналд Рэйганы дурсгалд

Даваабатын Сайнбаяр /Чикаго, Иллинoй/

Єнгөрсөн Бямба гаригт АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч ноён Роналд Вилсон Рэйган 93 насандаа Америкийн хамгийн урт насалсан ерөнхийлөгч болсноор хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Шатахуун түгээх цэгээс авахуулаад, айл гэрийн гадаа хаалганд элбэг үзэгддэг, ядуу нэг нь өөрийн амьдардаг чиргүүлийнхээ гадаа ч зоож орхидог АНУ-ын далбаа Америкийн иргэн бүрийн сэтгэлд намирч байна. ЗХУ-ын Сайд Нарын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михайл Горбачевийн хамгийн анхны Америк анд болсон, хорвоог орхихдоо хүртэл бас нэг рекорд тогтоосон энэ хүн харин хэн байв?

Тэрээр 1911 онд Иллинoйс мужын Тампико хотод айлын хоёр хүүгийн бага нь болж мэндэлжээ. Түүний эцэг Жак дунд сургүүлийн ч боловсролгүй, насаараа гуталчин хийсэн, архичин хүн байв. Рэйган 1932 онд орон нутгийн Эврика коллэжыг дүүргээд Айова мужид 5 жилийн турш хэд хэдэн радио станцад спортын нэврүүлэгчээр ажиллаж, 1937 онд "Дурлал энд байна" кинонд анх тоглосноор Холливүдийн жүжигчин болох гараагаа эхэлжээ. Жүжигчин байх үедээ нийт 52 кинонд тоглосон бөгөөд ард түмэнд хамгийн танил, өөрийнх нь дуртай дүр нь "Knute Rockne: All-American" киноны Гиппэр хэмээгч Америк хөл бөмбөгийн тамирчны дүр байлаа. Рэйган 1942 оноос 1945 онуудад агаарын хүчний сургалтын сэдэвтэй кинонуудаас хийлцэж Дэлхийн хоёрдугаар дайнд өөрийн хувь нэмрээ оруулжээ. 1947 онд Дэлгэцийн Жүжигчдийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн амьдрал нь эхэлсэн байна. Уг нь Франклин Рүзвэлтийг шүтэж, Ардчилсан намын гишүүн болж байсан авч Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Двайт Эйзэнхауэр, Ричард Никсон нарын сонгуулийн ажилд оролцож, 1962 онд албан ёсоор Бүгд Найрамдах намын гишүүн болсон байна. 1966-1975 онуудад хоёр дахин Калифорни мужын амбан захирагчаар сонгогдож нэлээд консэрватив бодлого явуулж байв. Тухайн үед Вьетнамын дайн болон Ричард Никсоныг огцороход хүргэсэн алдарт Вотэргэйтийн хэргийн шуугиан намжаагүй, Америкын нийгмийн сэтгэл зүй их хүнд байдалд байлаа. Харин тэр л үед 69 настай Роналд Рэйган АНУ–ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Роналд Рэйган татварыг багасгаж, засгийн газрын зардлыг багасгаж, батлан хамгаалахын төсвийг нэмнэ гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь олонхийн саналыг авч 1980 онд Ерөнхийлөгч асан Жимми Картерийг ялж АНУ ын 40 дэх Ерөнхийлөгч болжээ. Ерөнхийлөгч болчихоод Цагаан ордонд анх морилохдоо тэр сүрдсэндээ бие нь зарсхийж байснаа хожим дурссан байдаг.

Түүний татварын бодлого, батлан хамгаалахад зориулсан зардал нь засгийн газрийг эхэндээ маш их төсвийн алдагдалд оруулжээ. Хэдий тийм ч түүний энэ эдийн засгийн бодлого дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аажим аажмаар ажилгүйдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Роналд Рэйган анхнаасаа коммунизмын эсрэг тууштай тэмцэж байв. 1983 онд цөмийн бөмбөгийн довтолгоог агаараас хамгаалах Оддын дайны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ЗХУ-ын цэрэг дайны заналхийллийн эсрэг бат зогсон улмаар ЗХУ-ыг буулгаж авах стратегийн зөв алхам болж, хаалттай байсан хоёр ертөнцийг нэгтгэхэд түлхэц болсон гэж олон шинжээчид үздэг. 1984 онд дэд Ерөнхийлөгч асан Волтэр Мондалийг Роналд Рэйган хэт давуу байдлаар ялж, дахин Ерөнхийлөгчээр сонгогдсон байна. Дэд Ерөнхийлөгч Жорж Буш 1988 онд Ерөнхийлөгч болсон нь 1836 оноос хойш анх удаагаа дэд Ерөнхийлөгч нь олон нийтийн сонгуулиар шууд Ерөнхийлөгчийнхөө суудлыг залгуулан авсан явдал болсон бөгөөд ингэснээрээ Америкийн ард түмэн Жорж Бушд Роналд Рэйганы үйл хэргийг үргэлжлүүлээрэй гэж хэлсэнтэй адил байлаа.

Аль ч Ерөнхийлөгчийн засаглал алдаа эндэгдлийг тойрдоггүй. Роналд Рэйганыг Иран-Кoнтрагийн хэрэгт холбогдож, 1983 онд Гренадын арлыг эзэлсэн, 1986 онд Берлинд болсон террoрист халдлагаас улбаалж Ливийн нийслэл Триполи болон Бэнгазийг агаараас довтолж олон гэмгүй хүний аминд хүрсэн, 80-аад оны эхээр гарсан ДОХ өвчнийг тархахаас сэргийлж чадаагүй гээд түүхчид, судлаачдын одоо хүртэл маргаж, бичдэг сэдвүүд бий.

***

Роналд Рэйган "Би драм, улс төр, спорт гуравт дуртай" гэж хэлсэн нь бий. Төрөлхийн илтгэх авьяас, хүмүүсйиг өөртөө татах чадвар, сэргэлэн овжин зан нь түүнийг гайхалтай сайн дипломатч, энэ зууны тэргүүний улс төрчийн нэг болгожээ. Түүнээс гадна хувь хүний хувьд гайхалтай нөхөрсөг энгийн харьцаатай, шогийн мэдрэмжээр бол бүр гойд хүн байж. 1986 онд буудуулчихаад байхдаа эмч нараас "Та нар Бүгд Найрамдах намынх биз?" гэж хошигнож явсан хүн бол Рэйган. 1984 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ороод сонгуулийн халз ярианд орсон үед нь аль хэдийнэ 73 нас хүрсэн мань улс төрчийг хүмүүс хөгшин байна, ерөнхийлөгчийн албыг дахиж барьвал Франклин Рүзвэлт шиг бие нь дийлэхгүй гэж шүүмжилж байхад тэр "Нас бол энд чухал биш. Би харин наснаасаа болж нас залуу, бүр туршлага муутай хүнд суудлаа авьж өгнө гэж ярихгүй шүү" гэж хошигноход өрсөлдөгч нь хүртэл инээдээ бариж чадаагүй гэдэг. Саяхан телевизээр түүний аппаратанд ажиллаж байсан бүсгүй Роналд Рэйганы тухай дурсамжаа яриж байхыг сонссон юм. 1988 онд Цагаан ордныг орхихоосоо өмнө Рэйган бүх албан хаагчдаа биеэр хүлээн авч уулзжээ. Түүнийг өөрийн хувийн цуглуулга, хайртай морьдынхоо тухай яриж байхад мань бүсгүй Роналд Рэйганыг үнэхээр бишрэн шүтэж явдагийн дээр анх удаагаа биеэр уулзсандаа сандарч "Яанаа, би ухаан алдах нь байна шүү" гэж хэлэхэд Роналд Рэйган, "Зүгээрээ, би чамайг тосоод авчихна" гэж хэнэггүйхэн хэлэхэд өрөөнд байсан бүх хүмүүс нирхийтэл инээлдсэн байна. Харин түүний энэ сахилгагүй гэмээр алиа зан буруудах үе ч байлаа. Нэгэн удаа радиогоор ярилцлага өгөхийнхөө өмнө "Америкийн ард түмэнд хандаж таатайгаар мэдэгдэх зүйл байна. Би саяхан ЗХУ-ыг ертөнцөөс арчих мэдэгдэлд гарын үсгээ зурлаа. Тэднийг таван минутын дараа бөмбөгдөж эхэлнэ" гэж хэлсэн нь хэдийгээр радиогоор цацагдаагүй ч олон нийтэд ил тод болж, ЗХУ-ын удирдагчдын сонорт хүрч, тэднийг ихээхэн чилээсэн байдаг.

***

"Роналд Рэйган хүйтэн дайнд ялсан уу?" гэж сурвалжлагчийг асуухад Горбачев "Хүйтэн дайнд АНУ, ЗХУ хоюулаа тус бүр 10 триллион доллар алдсан. Харин хүйтэн дайн дуусах үед бид аль аль нь ялагч болсон доо" гэж хариулсан байдаг.

Олон арван жилийн турш дэлхийн нийгэм, улс төрийг хоёр хуваасан Берлиний хананы өмнө 1988 онд Роналд Рэйганы тавьсан алдарт илтгэл олон орны ард түмэнд ардчилал, эрх чөлөөний үүд хаалгийг нээж, энэ дэлхий нийтэд энх тайван, шударга ёс, эрх чөлөөтэй амьдралийг тунхагласан билээ. "Ноён Горбачеваа, энэ ханыг нээе! Ноён Горбачеваа, энэ ханыг нураая!" гэж түүний зоримог, шулуун хэлсэн алдарт үгсийг хүн төрөлхтөн мартахгүй ээ. Тухайн үедээ АНУ-ын Yндэсний Аюлгүйн Зөвлөл, бусад олон улс төрчдөөс шүүмжлэл, дургүйцлийг хүлээсэн энэ үгс ямар чухал үед эгзэгээ олсныг цаг хугацаа батлан харуулсан. Берлиний хана нурснаар Монголд ардчилал, эрх чөлөөний хонхыг дэлдэж, Монголын тусгаар тогтнолыг бататгаж, Монголын ард түмэн, бидний шинэ үеийнхний гэрэлт ирээдүйг нээсэн билээ. 1987 оны 1 сарын 27нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Америкын Нэгдсэн Улстай анх дипломат харилцаа тогтоосон нь Жамбын Батмөнх, Роналд Рэйган нарын гар бие оролцож Америк- Монгол харилцааны түүхэнд цоо шинэ бүлэг нээсэн чухал түүхэн үйл явдал байсныг энд онцлох нь зүйд нийцэх болов уу.

.***

Хүн төрөлхтний түүх урт удаан ч ухаант, сод хүмүн ховор төрдөг. Хорвоогийн олон бор хоногийг сайн эрийн амьдралаар амьдарч, ухамсарт хүний эрч хүч, нөөц бололцоог дахин нэг нотолж чадсан тэр хүмүн энэ дэлхийд энх тайвныг сахиулагч Роналд Рэйган гэж дурсагдах болно. Хүнд өвчинд баригдаж хэвтэрт орсон Роналд Рэйган олон хоног нүдээ огт нээгээгүй атал үхэхээсээ хэдхэн хормийн өмнө нүдээ нээгээд, сахиж суусан эхнэр Нансигийнхаа өөдөөс тод томруун, гайхалтай тунгалаг харцаар харжээ. Энэ эгшинд сэтгэл хөдөлсөн эхнэр нь "Би чамд хайртай" гэж хэлэхэд тэр хайр шингээсэн нүдээ аниад энэ ертөнцөөс үүрд салан оджээ.

4.03.2008

Хоёр дахь JFK

AНУ-д ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдаж байна... Барак Обамаг анхнаас нь л дэмжиж ирсэн миний бие 2004 оны сонгуулиар Жон Керриг дэмжиж байсан авч Жорж Бушын хүү Жорж Буш дахин сонгогдсон доо. Гэтэл өнгөрсөн 4 жилд энэ хүн юу хийв ээ? Гадаадын улс орнуудад АНУ-ын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр их унаж, Иракийн дайн одоо ч "амжилт" авчирсангүй хэвээр... Жорж Дaубл-Юу Буш маань АНУ-ын ерөнхийлөгчид дунд хамгийн муу нэр хүндтэй болж үлдэв ээ хөөрхий. Тэр жил ямаршуухан сонгууль болж өнгөрсөн талаар тэр үед бичиж мэдээлсэн зүйлээ (архиваас олвол) дараагийн бичлэгт оруулах болно. Ямартаа ч 4 жилийн өмнө Цахим Өртөө болоод Америкийн Монголчуудын Даяар Монгол сонинд зориулж Жон Керригийн тухай бичиж байсан нэгэн нийтлэлээ энд орууллаа. Жон Керри маань хоёр дахь Жон Кеннеди болж чадаагүй дээ. Түүнд тийм найдлага байсан. Харин Барак Обама хоёр дахь JFK болж чадах уу? Тэр Америкийн хүсэн хүлээсэн тэр хүн мөн үү? Сонирхолтой л асуудал...

Хоёр дахь JFK
Пүрэв, 08/05/2004 - 19:25
1971 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон, түүний Yндэсний аюyлгvй байдлын зөвлөх Хэнри Киссинжэр, Тамгын газрын дарга Боб Халдэман нарын дунд ийм нэг яриа өрнөжээ.

Никсон: Энэ нөхдүүдийн урдаа гаргасан энэ залуу бол...аан юу билээ дээ..гoл төлөөлөгч... жинхэнэ од болсон... Керри гэгч юмаа даа.

Халдэман: Керри юу. Тиймээ, тэр ... маш чадварлагаар...

Никсон: Тэр маш их үр дүнтэй ажиллагаа явуулж чадсан шvv.

Халдэман: ... Кеннеди маягийн нөхөр. Тэр Жон Кеннедитэй адилхан ч төрхтэй юм, дээр нь яг Кеннеди шиг ярьдаг юм билээ...

Тиймээ, Вьетнамын дайны ахмадуудын дайны эсрэг хөдөлгөөний тэргүүн эгнээнд явсан Жон Форбэс Керри гэгч 27 настай залуу ерөнхийлөгч Ричард Никсоний толгойг нэлээд өвтгөж, 70-аад оны Вьетнамын дайны үеийн залуучуудын улс төрийн хөдөлгөөнийг удирдалцаж, сонин хэвлэлийн гол сэдэв болж байсан нь одоо нэгэнт түүх болон үлджээ. Нэрийн товчлол нь хүртэл JFK болж Америкчууд домогт Жон Ф. Кеннедийгээ нэршиж заншсантай адил байж таарсан нь Америкчуудад дараагийн Жон Кеннеди болно гэж цуурах шалтагт бас нэг түлхэц болж байх шиг. Эдвард Кеннедийн сенатын сонгуулийн компанит ажилд сайн дураараа оролцож явсан мань хүн 60-аад онд Жон Кеннедийн эхнэр Жаклин Кеннедийн дүү бүсгүйтэй үерхэж явсныг бодвол анхнаасаа л Жон Кеннедитэй эн тэнцүү "үзэлцэх" сонирхолтой байсан товариш юм гэж хошигнож болмоор. Жон Кеннедитэй анх уулзахдаа "Би удахгүй Йэлийн их сургуульд орно" гэж хэлэхэд ерөнхийлөгч нэгэнт өөрөө Харвард төгссөн тул сайхь хархүүг Харвардын хамгийн гол өрсөлдөгч болох Йэлийн их сургуульд орох гэж буйг сонсоод жаахан мушилзашийгээд, удалгүй чанга хөхөрч "Санаа зоволтгүй, би ч гэсэн Йэлийн хүн болсон шүү дээ" гэж хэлсэн нь хэдхэн сарын өмнө Йэлийн их сургуулиас түүнд хүндэт доктор цол олгосныг хэлсэн нь тэр байжээ.

Жон Форбэс Керри бол удам угсаагаараа бол жинхэнэ сурвалжит гаралтай, оюун санааны болон эд хөрөнгөний өв баялагаар бол хэд хэдэн ном бичүүлэх түүхтэй, товчдоо бол маш сонирхолтой хүн юм. Тэр 1943 онд Колорадо мужын Аврора хотод торжээ. Түүний өвөг эцэг, эмэг эх нь германаар ярьдаг жүүд хүмүүс байсан бөгөөд анх 1905 онд Австриас (одоогийн Чех улс) АНУ-д цагаачлан иржээ. Цагаачилж ирээд гарал угсаагаа нууцалж өөрсдийн жинхэнэ овог Коныг Керри болгож үр хүүхдүүдээ Каталок сүмийн сургаалиар хүмүүжүүлж нэлээд Америкжсан байна. Харин эмэг эх нь 17 зууны үеийн алдарт талмудич, философич, хамба лам Жюда Лоэвын ахын шууд угсааны хүн байсан гэдэг баримт бий. Євөг эцэг нь Бостоны нэгэн зочид буудалд амиа хорлон үхсэн байна. Жон Керрийн эцэг Ричард Керри бол Йэлийн их сургууль болон Харвардын Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, Дэлхийн хоёрдугаар дайнд Америкын нисэх хүчинд орж байлдаж, насаараа Гадаад харилцааны алба, Төрийн департментад ажилласан зэгсэн өндөр боловсролтой өмгөөлөгч хүн байв. Тэгээд 1941 онд угсаа язгуурт Форбэсын гэр бүлийн гишүүн Роузмэри Форбэстай гэрлэжээ. Роузмэри сувилагч мэргэжилтэй бөгөөд насаараа Охидын скаутын лидэрээр ажиллаж, Улаан загалмайн шугамаар Дэлхийн хоёрдугаар дайнд гар бие оролцож явсан асар хөдөлмөрч, Америкын түүх сударт нэрээ үлдээсэн хүн байжээ. Тэр Форбэсын гэр бүлээс болон өөрийн төрсөн эцгээс 20-40 сая долларын хөрөнгө өв залгамжилж авсан гэдэг.

Харин нагац өвөө Жэймс Форбэс нь Шанхайд төрсөн, Хятадтай худалдаа арилжаа хийж, опиумын (нэгэн төрлийн мансууруулах бодис) наймаанаас тун их хөрөнгө олсон улс дамжсан бизнэссмэн хүн байв. Нагац эмээ Маргарэт Винтроп нь бас өндөр угсаатай нэгэн байжээ. Түүний өвөг эцэг нь л гэхэд 1800-аад онд Конгрэссын гишүүн, АНУ-н Төлөөлөгчдийн танхимын спикэр байсан бөгөөд мөн Маин мужын амбан захирагч Жэймс Баудойн, Массачусэттсийн сав газрын колоны амбан захирагч Жон Виндропын удмын хүн байв. Жон Керригийн овог дээдэст Франклин Рузвэлт, Кэлвин Кулидж, Жэйн Адамсын нэрс бас дурдагдах бөгөөд тун хачирхалтайгаар аав, хүү Жорж Буштай ургийн холбоо бий гэсэн нотолгоо байдаг.

Жон Керригийн гэр бүлийн эзэмшил болох Лэс Эссарц хэмээх эдлэн газарт Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын удирдах газар байрлаж байгаад, 1944 оны 8 сард Америкчуудыг Францын Сэйнт-Бриак хотыг чөлөөлөхөд, холбоотноос зугтахдаа уг эдлэнг бөмбөгдөж үгүй хийжээ. Жон Керри гурван настай байхдаа зовж шаналсан ээжийнхээ хамт үнс болсон гэрийнхээ туурин дээр алхаж явснаа одоо ч гэсэн дурсан санадаг байна. Жон Керрийг бага байхад эцгийн нь ажлаас шалтгаалж гэр бүлээрээ олон газар нүүдэллэдэг байсан тул жаалхүү олон сургууль дамжжээ. Швэйцарт дотуур байртай сонгодог дунд сургуульд (boarding school) сурч Массачуссэтс, Нью Хэмпширт дунд сургуульд сурчээ. Франц, Норвеги, Герман орнуудад бага насаа өнгөрөөх үедээ франц хэлийг төгс эзэмшиж, мөн өөрийн үеэл Брайс хүүтэй дотно танилцсан нь 1981 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ногоон Намын дарга Брайс Лалондэ байв. Дунд сургуульд байх үеэсээ улс төр сонирхож, уран илтэлийн арга ухаанд гойд сайн суралцаж, чөлөөт цагаараа хокей, хөл бөмбөг тоглодог байв. Тэр байтугай дунд сургуулийнхаа Электрас хэмээх рок хамтлагт цахилгаан гитар тоглож, дууны албом ч гаргаж үзжээ.

1962 онд Керри Йэлийн их сургуульд элсэж 1966 онд улс төрийн ухаанаар бакалавр зэрэг хамгаалжээ. Коллэжид байхдаа бусад коллэжийн оюутнуудтай олон удаа халз мэтгэлцээний тэмцээнд оролцож түрүүлж байв. Тэр 1966 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт орж, хойтон жил нь өөрийнхөө хүсэлтээр Вьетнамын дайнд гар бие оролцжээ. Олон одон медалиар шагнуулж, байлдааны талбарт гурван удаа шархадсан тул тэр Вьетнамын дайны талбараас хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх эрх олсон байна. 1969 оны 1 сард тэр ахмад цолоор шагнуулж тун удалгүй цэргээс халагдав. 1971 оны 4 сарын 23 нд Жон Керри болон бусад Вьетнамын дайныг эсэргүүцэгч цэргийн ахмадууд нийслэл Вашингтон хотод Капитолын ордонгийн өмнө засгийн газрын гадаад бодлого, Вьетнамын дайныг буруушааж асар их шуугиан тарьсан том цуглаан зохион байгуулжээ. Цуглааны үеэр нөхдийн хамт дайнд яваад шагнуулсан одон медалиа Капитолын хашааг давуулж шидсэн нь Керригийн улс төрийн амьдралд огцом эргэлт хийсэн эгзэгтэй мөч болжээ. Урьд өмнө хэн ч биш байсан энэ залуу олон нийтийн анхаарлын төвд бууж, телевизийн халз ярианд дуудагдаж нэг ёсондоо залуучуудын дунд баатар болсон байна. Нэгэнт олны танил болж амжсан мөн бага наснаасаа улс төрийн амбицтай байсан мань залуу 1972 онд Массачуссэтс мужаас Конгресст нэр дэвшжээ. Гэвч энэ удаад амжилт олсонгүй. Том шоконд орсон мань хүн дараа жил нь Бостон коллэжийн хуулийн сургуульд элсжээ. 1976 онд сургуулиа төгсөөд Массачуссэтс мужын дүүргийн шүүхэд яллагчаар ажиллахдаа зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэж, мужын хамгийн том мафиозуудын нэгийг ялласан байна. 1982 онд Массачуссэтс мужын Амбан захирагчын үүрэг гүйцэтгэгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж 1984 он хүртэл Амбан захирагчын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.1986 онд Жон Керри Массачуссэтс мужаас Сенатын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулжээ. Түүнээс хойш дахин сонгуулиар гурван удаа Сенатад улиран сонгогдож, хэрэв энэ ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй бол 2009 он хүртэл одоо байгаа сенатoрын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших юм.

Жон Керригийн анхны эхнэр Жулиа Стимсон Торн бол мөн л толгой эргэм дээд гарвал угсаатай, маш их хөрөнгө өвөлсөн бүсгүй байжээ. Улс төрийн амьдралаас уйдсан эхнэр Жулиа нь Жон Керрийг амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн сонгуульд оролцох үед нь салсан гэдэг. Жон Керри 1995 онд Пэннсилвани мужын Сенатөр Жон Хаинц (Heinz) ийн бэлэвсэн эхнэр Тереса Хаинцтай гэрлэжээ. Тереса Хаинц бол Мозамбик улсад төрсөн Португал эцэг, эхтэй Португал бүсгүй ажээ. Гадаадын таван хэлээр цэвэр ярьдаг, хэдий 60 гарсан авч 50 шүргэж яваа мэт залуу харагдах энэ хатагтай Нэгдсэн Yндэстний байгууллагад олон жил орчуулагчаар ажилласан өндөр боловсролтой нэгэн. Уншигч та Heinz кетчупыг сайн мэдэх байх. Сенатoр Хаинцаас асар их хөрөнгө өв залгамжилсан Тереса Хаинц болон Жон Керри нарын одоогийн хөрөнгө нийлээд нэг тэрбум долларт хүрдэг бөгөөд Жон Керри энэ үзүүлэлэлтээрээ одоогоор хамгийн баян сенатoр гэж тооцогддог байна.

Зарим улс төр судлаач, шүүмчдийн шүүмжлэлийг эс тооцвол Жон Керри 20 орчим жил Сенатад байх хугацаандаа Иран-Кoнтрагийн хэргийг нээн илрүүлэх хэрэгт идэвхи санаачлагатай оролцож, Вьетнамын дайны үеэр олзлогдон амьд үлдсэн байж болох Америк цэргүүдийн талаар Вьетнамын засгийн газартай хамтарсан ажиллагааг удирдаж, удаан хугацаанд эдийн засаг, улс төрийн харилцаагүй байсан Вьетнам улстай нөхөрсөг сайн харилцааг сэргээн тогтооход жинтэй хувь нэмэр оруулж, улс төрийн үйл хэрэгтээ боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гадаад бодлогын салбарт түлхүү анхаарч ажилласан жинхэнэ либерал улс төрч билээ. Ардчилсан намын чуулганд Билл Клинтоны хэлдэгчлэн Жон Керри бол одоогийн ерөнхийлөгч Жорж Буш, дэд ерөнхийлөгч Дик Чени нартай адил Вьетнамын дайны үед дайнд явалгүй сугарч хоцороогүй харин "Би дайнд явья" гэж хэлээд Вьетнамын дайнд гар бие оролцсоноороо эх оронч Америк гэдгээ яруу тод нотолсон хүн.

Жон Керри ерөнхийлөгч болвол Америкын хамгийн анхны жүүд гаралтай ерөнхийлөгч болох нь тодорхой. Эрдэнэ шишээр нэрсэн бурбон дарс таашааж, амралтаараа Техас маягаар хувцасладаг, протестант шашин шүтдэгээрээ нийтлэг төрхтэй Америкын ерөнхийлөгч нараас ялгарах зүйл түүнд их бий. Сонгуулийн дүн ч үүнээс их хамаарах болов уу. Улаан дарсыг бурбоноос илүүд үзэж, Католик шашин шүтдэгээрээ тэр хэрэв сонгогдож чадвал АНУ-н ерөнхийлөгчдийн түүхэнд ганцаараа католик шашинтан болж тэмдэглэгдсэн мөн Массачуссэтс мужаас гарсан, Ардчилсан намын гишүүн Жон Кеннедигийн залгамжлагч болно. Yгvй ядаж Мозамбикт төрсөн Португал цагаач энэ улсын тэргүүн хатагтай болчихвол уншигч бид Арнолд Шварценнегэр Калифорни мужын амбан захирагч болсонд дахин гайхах огт хэрэггүй болно.

Тиймээ Америк бол Португал далайчин Кристофэр Колумбусын нээсэн арал, эрин зууны туршид дэлхийн гүн ухаантан, суутнуудын бодож олсон эрх чөлөө, хүмүүнлэг иргэний нийгмийн "орчин цагийн төгс хэлбэр", ардчилсан тунхаглалын эх орон билээ…

Даваабатын Сайнбаяр /Чикаго/ - Даяар Монгол сонин
http://www.tsahimurtuu.mn/main/20040805320.htm

11.19.2007

Н.Багабанди: Гадаадад буй Монголчуудын сонгуульд оролцох асуудлыг хуульчлах хэрэгтэй

Гадаадад суугаа Монголчуудын сонгох эрхийн сэдвээр цуврал болгон нийтэлж буй блогтоо Н.Багабанди гуайтай хийсэн нэг ярилцлагыг тавьж байна. Тэр жил Багабанди гуай Индианагийн Их Сургуулийн хүндэт докторын зэрэг хүртэх болж, миний бие энэхүү ёслолд уригдсан билээ. Хайрт аавтайгаа, бас өөрийн нэг найзын хамт Чикагогоос Индианаполис хүртэл 5 цаг давхиснаа санахад сайхан. Цаг агаар таатай, замд цас бараг байхгүй тийм урин дулаан өвөл байв. Багабанди гуайтай анх удаа ийн уулзаад түүний талаарх урдын төсөөлөл маань нэлээд өөрчлөгдсөн юмдаг.

Чухамдаа 8 жил дараалан Ерөнхийлөгчөөр ажиллаж байх ахуйдаа хэлээгүй үнэн үгсээ суудлаасаа буухынхаа өмнө хэлсэнд нь харамсдаг. Улс төрийн эрүүл бус тогтолцоо, авилгалын талаар, мөн МАХН-ын удирдлагын хуудууг уудалж УИХ-ын чуулганы нээлт дээр хэлсэн түүний үгс хэн бүхний хүсэн хүлээсэн тэр л үгс байжээ. Гэхдээ Better late than never гэж үг бий дээ. Миний хувьд сургуулиа төгсөөд шинэ ажилдаа ороод удаагүй байв. Сонингийн маань эрхлэгч Номинчимэд ах түүнтэй өөрөө ярилцлага хийх төлөвлөгөөтэй байсан авч намайг орондоо яв гэж хэлсэн нь бодвол залуу хүн юм үзэж нүд тайлаг гэж бодсоных байх гээд түүнд дотроо их баярлаж билээ. Анх удаагаа төрийн ийм том түшээтэй уулзаж ярилцлага авах болсондоо багагүй сэтгэл догдолж, өөрийн эрхгүй сүрдэх, хүндэтгэх сэтгэл төрсөн.

Линколн зочид буудлын тансаг сайхан өрөөний тавилгын хийц, тохижилт нь яах аргагүй royal, уран зургууд нь цаанаа нэг эртний шинжтэй, жаазны хээ, хийц нь хүртэл гоё ганган ажээ. Зурагтаар бараг огт инээж харагддаггүй ноён ерөнхийлөгч маань биеэр уулзах үед анзаарснаар бол зурагтанд гардагаас олон, дээр нь их сайхан инээдэг хүн байв. Нам тайван дуугаар, хэлэх үгээ маш их тунгааж, нэгээхэн сул үггүйгээр, оновчтой, тодорхой ярьж суухуйг нь хараад бахархах сацуу Монгол улсын маань Ерөнхийлөгч хүн юм чинь ингэж ч ярихаас яахав, мөн сайхан аа гэх бодол төрж, бусад ярианаас нь түүх, өв уламжлалын талаар гүн мэдлэгтэй хүн болохыг нь мэдэж авсан. Нэлээд сүүлд маш туршлагатай дуун хөрвүүлэгч, дипломатч Баасан гуайтай ярьж ахуйд манай улстөрчдийн дундаас Багабанди гуай хамгийн их оновчтой, тодорхой ярьдаг учраас төрийн айлчлалын нь үеэр орчуулга хийхэд хамгийн амар, таашаалтай байдгийг дурдсан. Харин Очирбат ерөнхийлөгч, Гончигдорж нарын яриаг орчуулахад их төвөгтэй байдаг гэнэ. Anyways, баахан буу халсан байна нэг мэдсэн чинь :)

Н.Багабанди: Гадаадад буй Монголчуудын сонгуульд оролцох асуудлыг хуульчлах хэрэгтэй

Америкийн Монголчуудын “Даяар Монгол” сонины №79
12/17/2005 - Saturday
______________________________________________________________

Д.Сайнбаяр: Гадаадад суугаа Монголчуудын эрх ашгийг хөндсөн гурван асуудлаар таны үзэл бодлыг сонсмоор байна. Сүүлийн арван жилд гадаадад 120,000 иргэд буюу УИХ-н сүүлийн сонгуулийн дүнтэй харьцуулбал нийт сонгогчдын 10 орчим хувь нь гадаадад гарчээ. Энэ миграц энэ эрчээрээ явбал хэдэн жилийн дараа сонгогчдын 20-30% нь гадаадад сууж байх магадлалтай. Та улс төрч хүний хувьд, МУ-иргэн хүний хувьд гадаадад суугаа Монголчуудын сонгуульд оролцох эрхийн асуудалд ямар үзэл бодолтой явдаг вэ?

Н.Багабанди: Сонгуулийн хууль шинэчлэгдэх ажил УИХ аар - ид яригдаж байна. Ямар сонгуулийн системтэй болох вэ, ямар хуулиар сонгуулиа явуулах вэ гэдэг л маргааны хүрээнд байна. Уг нь энэ хэлэлцэгдэж буй хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдчихвэл зүгээр юм. Ноднин намайг АНУ-д айлчлах үед тавьсан гурав дөрвөн гол асуудлын нэг нь энэ байлаа. Энэ асуудлыг судлаж үзэхийг УИХ, холбогдох байгууллага, хүмүүст тавьсан. Техникийн хувьд боломжгүй зүйл байхгүй. Бусад улс орнууд ч гадаадад суугаа иргэдээ сонгуульд оролцуулаад, саналыг аваад нэгтгээд явдаг туршага бий. Манайд урьд нь ийм уламжлал байгаагүй, гадаадад суугаа монголчууд их цөөхөн байсан. Энэ асуудлыг цаашид нь судалж үзээд шийдэж болох асуудал л гэж бодож байгаа. Бас шийдээсэй гэж хүсч байна. АНУ болон бусад оронд байгаа монголчууд маань тодорхой төвлөрүүлэлтэд бөөгнөрч, зохион байгуулалтад орж байна. Гадаадын аль ч улс орны цагаачдын зам мөр тэгж л явдаг жамтай. Энэ л замаараа бид явж байна. Явцын дунд шийдэгдэх байх. Санал авна гэдэг ойлголт маань цаг үеэ дагаад их өөрчлөгдсөн байна. Yүнийг хуульчлах л хэрэгтэй.

Саяхан АНУ-дах Монгол иргэдийн төлөөлөл UBS TҮ-гээр энэ асуудлыг хөндсөн шууд нэвтрүүлэгт оролцсон. Монгол талаас оролцсон СЕХ-ны Сүхбаатар гуайн ярьж байгаагаас харахад энэ талаар хийсэн системтэй судалгаа, бэлтгэл ажил хангалтгүй байгаа санагдсан. Хууль батлагч УИХ-н гишүүд маань энэ асуудлаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?

Тэрнийг би сайн нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол техникийн л асуудал бий. Байнгын ЭСЯ сууж буй газруудаар дамжуулж үүнийг хэрэгжүүлэхэд нэг их хөрөнгө мөнгө ороод байх асуудал гайгүй байх. Ер нь боломжтой юу гэвэл боломжтой. Хийх асуудлын л нэг. Гадаадад суугаа Монголчууд үндэсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэх эрхтэй.

Олон монгол үр сад харийн оронд төрж өсч байна. Өндөр боловсролтой, мэргэжилтнүүд амьдралын шалтгаанаар харийн иргэн болох нь ихэсчээ. Давхар иргэншлийн асуудалд та яаж ханддаг вэ?

Харьяатын хууль батлагдаж байхад ийм олон хүн гадагшаа гарчхаагүй байсан. Энд ирсэн гэр бүлээс хүүхэд төрөөд тэр нь хаана харьяалагдах вэ гэдэг тийм зовлон бэрхшээл бол байсангүй. Амьдрал үргэлжилж буй учраас амьдралд цоо шинээр олон том асуудал урган гарч ирж байна. Тэр олон асуудлыг тухайн үед нь шийдэж явахгүй бол хуримтлагдаад дараа нь шийдэхэд их бэрхшээл учруулдаг. Түүний нэг нь энэ асуудал.

Би ноднин жил АНУ-д айлчилсны дараагаар Гадаад хэргийн яам, иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, МУ-ын Yндэсний Аюлгүй Байдлын Зөвлөлийн ажлын албанд хандаж Монгол улсын эрх ашгийн үүднээс энэ асуудлыг яаж шийдвэл зохихийг судлан үзэж, YАБЗ-д оруулахыг үүрэг болгосон. Энэ асуудал тодорхой хэмжээнд судлагдсан. Тодорхой хэмжээнд ЗГ, УАБЗ-н түвшинд хэлэлцэгдэж, яавал зүйтэй вэ гэдгийг бодлогын хэмжээнд боловсруулж, тодорхой шийдэлд хүрэх байх. Энэ бол үндэсний аюулгүй байдлыг хамарсан их ярвигтай асуудал л даа. Хожмын өдөр дааж давшгүй сөрөг үр дагавар гарах байдалд хүргэхээргүй байх тийм хувилбарыг сонгож, эцсийн шийдэлд хүрэх нь чухал. Буруу жишиг тогтоовол засахад их хэцүү болно.

Та хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа Монголын дээд боловсролын системийг сайжруулах тал дээр их анхаарч ажиллаж ирсэн. Гадаадад сураад төгсч буй оюутан залуусын мэдлэг, нөөц бололцоог Монгол улсын хөгжилд ашиглах бодлогын хүрээнд харилцан мэдээлэл солилцох үндэслэлд түшиглэж оюутнуудын хаана, ямар мэргэжилээр сурч байгааг бүртгэдэг мэдээллийн сан ер нь бий юу?

Энэ тал дээр сүрхий доголдож байна гэж би боддог. Гадаадад их өндөр өртгөөр, төрийн тэтгэлэгээр сурч буй оюутнууд, мастерын сургалтанд суралцаж буй оюутнууд, эрдэм шинжилгээний ажил хийж буй хүмүүс Монголын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэнд нийцсэн мэргэжлээр суралцаж мэргэшвэл их хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ЗГ, Боловсролын Яам захиалагч болоод, хэдэн жилийн дараа манайд ийм ийм мэргэжилтнүүд хэрэгтэй болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллавал сайн. Хүн болгон монголд эдийн засагч хуульч гэх мэт түгээмэл болсон мэргэжлээр их сурч байна. Тийм мэрэгжилтэнүүдийг бэлддэг хангалттай тооны их дээд сургуулиуд Монголд байна. Уг нь гадаадад сурч буй оюутнууд маань Монголд байдаггүй, дотоодын их дээд сургуулийн хөтөлбөрөөс давсан, үйлдвэрлэл, технoлoгийн нарийн мэргэжлээр суралцвал манайд хэрэгтэй байна. Хэн хаана ямар мэргэжлээр сурч байна гэдэг мэдээлэл ЭСЯ, Боловсролын яамдад тодорхой түвшинд байгаа. Харин хувиараа суралцаж буй оюутнууд тэр бүртгэлд хамраагүй байгаа гэж бодож байна. Боловсролын тогтолцооны хүрээнд нэгдсэн мэдээллийн сантай болоод, мэргэжилтнийхээ захиалгыг өгөөд, ингээд сургах юм бол их үр өгөөжтэй. Хуучин системийн бүх юм буруу биш шүү дээ. Энэ ирэх таван жилд ийм мэргэжилээр тэдэн хүн Оросод, тийм мэргэжилээр тэдэн хүн Чехэд гээд сургана, таван жилийн дараа тийм үйлдвэр ашиглалтад орно, төдий тооны инженэр хэрэгтэй гэдгээ сайн мэдэж төлөвлөдөг байж. Одоогийн системд маань тийм бодлого бий байх, гэхдээ бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ асуудалд бол шүүмжлэлтэй хандахаас өөр аргагүй. Та бүгд энэ асуудал дээр шүүмжлэлтэй хандаж надаас асууж байгаа байх. Yүн дээр бол надад санал зөрөх юм алга.

Даяар Монгол сонин болон Цахим Өртөө сүлжээний уншигч оюутан залууст хандаж та үг хэлнэ үү.

Мoнгoлд мэргэжилтэн их үнэтэй болж байна. Монголд өндөр боловсролтой, нарийн мэргэжил эзэмшсэн, хэл ус сайтай, хамгийн гол нь ажлын чадвартай хүмүүс маш их эрэлт хэрэгцээтэй байна. Ямар ч мэргэжил эзэмшсэн бай, тухайн мэргэжилээ төгс эзэмшсэн, хэнээс ч дутахгүй ажиллах чадвартай, ажлын ёс суртахуун, ёс зүйтэй, сэтгэл гарган ажиллах тийм хүмүүжлийг олж чадсан хүнд бол мэргэжлээс үл хамааран манайд зах зээл бол нээлттэй байна. Хөдөлмөрийн зах зээлд ийм чадвартай залуус дутагдалтай байна. Ер нь нийгмийн бүх салбарт дутагдалтай байна. Сайн, чадвартай хүн их ховордсон байна шүү дээ. Тийм чадварлаг мэргэжилтэн хаана ч гүйлгээ сайтай байна. Хамгийн гол нь сайн суралцах хэрэгтэй. Тодорхой зорилготой байгаасай. Зөвхөн диплом авах гэж төгсөж буй бус, төгсөөд би юу хийх вэ гэсэн хэтийн зорилго, алсын хараатай сурч чадвал л сайн. Тэртусмаа дипломийн ажил, эрдмийн зэрэг цол горилсон сэдвийн сонголт нь эргээд ирээдүйд ажиллах ажилтай нь сүрхий сайн уялдсан байвал их хэрэгтэй болно.

Танд гялайлаа.

11.04.2007

СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна…

Одоогоос 2 жилийн өмнө дээрх нэрээр Даяар Монгол, Цахим Өртөө сүлжээ болон бусад медиад хэвлэгдсэн уг нийтлэлийн нэр болоод зарим хэсгийн байрлалыг жаахан өөрчилж тавьсан Оллоо.мн-ий хувилбарыг тавьж байна. Үүнд Гадаадад суугаа Монголчуудын сонгуульд оролцох эрхийн талаар Америкт суугаа Монголчуудын төлөөлөл болоод СЕХ-ны хооронд болсон Телемост шууд нэвтрүүлэгийн тоймыг бичих зуур өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн билээ. СЕХ энэ үед ярьж байсан зорилгоосоо няцсан нь харамсалтай...

Нийтлэлд дурдагдаж буй 120,000 хүн маань өнөөдөр албан бус тоогоор 220,000 болсныг дурдууштай. 10 жилийн дараа энэ тоо хэд хүрэх вэ блогчид оо? Энэ хүмүүсийн хэдэн хувь нь нутаг буцах вэ?


УИХ, ЗГ авилгалд идэгдсэнээ хүлээвэл "нүүдэлчин" Монголчуудын тал нь нутаг буцна

Лхагва, 11/30/2005 - 20:27

Нэгэн зүйл. 2004 оны УИХ-н сонгуульд 1 сая 280 мянга орчим хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад орсноос 1 сая 52 мянган хүн буюу 82.2% нь сонгуульд оролцсон байна. Гэтэл барагцаалсан тоогоор 120 мянган иргэд харь оронд ажил хийж амьдралаа дээшлүүлэх, боловсрол олох, бас ядуурлаас гадна улс төр, нийгмийн эрүүл бус тогтолцоо, авилгал, худал хуурмагаас дайжиж харь оронд бядан явааг та бид сайн мэднэ.

Нийгмийн дээд дундаж давхарга, сэхээтнүүдийн жинтэй төлөөлөл болсон энэ 120,000 иргэд нийт сонгогчдын 10% -д дөхөж байна. Гадаадын ямар ч зээл тусламжийн нийт дүнгээс илүү их хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг, Монголын олон өрх гэрийн санхүүгийн гол хөшүүрэг болсон, бас хамгийн шударгаар цэвэр мөнгө хийдэг масс болсон энэ хүмүүсийг төр мартвал, нөгөө Баабарын үг биеллээ олно байх даа.

Нэгэн зүйл. Гадаадад гарсан Монголчуудын дийлэнхи нь илүү либерал үзэлтэй байдаг нь Интэрнэт дээр хийгдсэн судалгаа, санал асуулга, практикт ажиглагдаж байдаг. Энэ нь Ардчилсан хувьсгалын үр нөлөөнд чөлөөтэй зорчих боломж олдсоныг сайшаан талархаж явдагийнх, мөн илүү радикал бодлогыг дэмждэгийнх байх. Иймд УИХ-д дийлэнхи болсон МАХН–ын дараагийн сонгуулийн амжилтанд энэ бүлэг хүмүүс сөрөг үр дүн авчирах магадлалтайг тооцож, гадаадад суугаа Монголчуудын тухай сонгуулийн хуульд хамруулахгүй байх ашиг сонирхол бас буйг дурдууштай.

Нэгэн зүйл. Хэрэв АНУ-д цагаачдыг дэмжсэн хууль батлагдвал, 12,000 Монголчууд бүгд л ногоон картаа авахаар зүтгэнэ. Тун удалгүй АНУ-ын иргэн болоод бүгд Монгол улсын иргэншилээсээ татгалзах болвол яах вэ? Сүүлийн 10 жилд 120,000 хүн буюу сонгогчдын 10% нь гадаадад гарсан энэ миграцийн эрч хэвээр байвал 2010 он гэхэд 20%, 30% нь гадаадад гарсан байх болно. Сонирхолтой л дүр зураг. Сонгуулийн хуульд гадаадад байгаа энэ 10% -ийнхаа эрх ашгийг харгалзсан нэмэлт өөрчлөлт оруулбаас энэ нь эргээд өрхийн тэргүүлэгч нар нь "хүүхдүүдээ" хаана яаж явааг тоймлон харж - үндэсний томоохон цогц мэдээллийн сантай болох, үүнээсээ уламжилаад төрийн бодлогоо зөв зүйтэй явуулах давхар ач холбогдол оршиж буй. Мөн эдгээр хүмүүсээ эх оронд нь чөдөрлөх, аргамжаатай байлгах нэгэн тулхтай төрийн бодлогын эх үүсвэр болох бус уу?

Нэгэн зүйл. Угтаа АНУ-ын болоод бусад өндөр хөгжилтэй орнуудын визний бодлого хатуу байгаа нь Монголын төрд маш хэрэгтэй болж хувирч байна. Хэрэв АНУ-ын элчин визээ чөлөөтэй дардаг болчихвол Монголд үлдэх хүмүүс: Баячууд, Хятадууд, чааваас гэж нөгөө траншэйнийхан үлдэж; дээрэлхүүлдэг, ажил хийдэг "ард түмэн" байхгүй болох байх даа.

Дахиад нэгэн зүйл

Барууны их сургууль төгсөөд бакалавр эсвэл мастерын шинэхэн дипломоо өвөртөлсөн Монгол залууд 2 үндсэн сонголт бий. Завгүй гудамжаар өдрийн гэгээг таашаан, тамхи татан алхаж явахдаа тэр ингэж бодно:

А) Би эндхийн компанид (яахав орж чадвал) олон арван мянган долларын цалинтай, хэдэн арван сая долларын эргэлттэй компанид хүчээ өгч түрүүвчээ зузаалж, жинхэнэ ажлын дадлага туршлага эзэмших үү?

Б) Эсвэл би Монголд авилгал, танил талын ачаар эсвэл яахав авъяасаараа засгийн газарт ч юм уу, нэгэн төрийн байгууллагад очиж зангиа зүүж, улсын тэрэг хөлөглөсөн хурган дарга болчихоод цалин бага тул яалт ч үгүй "ИГРА" -нд татагдаж, тусламж, төслийн мөнгөнөөс "хамтарч цохих" уу? Ийнхүү эх орондоо "ноён" болж амьдрах нь үнэн бат тансаг биш үү? Уурхай, түүхий эдийн наймаа, хууль бус хятадуудыг ажиллуулах, гааль дээр "ажиллаж", хятад хүнд монгол паспорт зарах бас ашигтай сонсогдож байна шүү!

Уншигч та надтай маргаж болно л доо. Энэ бол 100% төгс төгөлдөр дүрслэл биш. А - хувилбарыг сонгосон нөхөр нэгд барууны сайн компанид мэргэжилээрээ ажилд орж чадахгүй юм аа гэхэд боловсролтой тул арай боловсронгуй "хар" ажил хийх алтернатив бий. Бас тэгээд байгаа орныхоо цагаачлалын хууль, дотоодын ажилгүйдлийг бууруулж, гадныхныг ажилд авахгүй байя гэсэн мэдээжийн хууль тогтоомжыг нь чадлаараа, бор зүрхээрээ гатлан байж гайгүй ажилд орж чадвал их юм, хөөрхий. Мундаг ажил нь ч байна уу, гал тогоонд аяга угааж – DJ хийдэг ч байна уу Монголд ажилласнаас хэд дахин их цалин авах нь бол тодорхой.

Б-г сонгосон нөхөр Монголд цэвэр бизнэс хийж амжилттай явахыг, эсвэл шударга Доржийн хувийн компанид боломжийн цалингаар ажиллах боломжтойг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх зүйл тийм ч амар биш! Ядаж л даруухан байж, муувтар хувцас өмсөхгүй бол траншэйнд "өсөж хүмүүжсэн" захын банди нараар орцонд турибадуулна. Хамаагүй үнэнийг ярьж явбал нөгөө "барьдаггүй, баригддаггүй дамшигууд" нийлж байгаад түүнийг Зориг агсаны араас диваажин руу bye bye болгоно.

Тэгээд яадаг ч бай А-г сонгох нь дийлэнхи нь л дээ. Нэгд. Баттөр залуу хүн тул мөнгө хийж, илүү ихийг үзэж, дэлхийн статустай хотын таван одтой буудлын 69 давхарын баарнаас үнэтэй шарз захиалж шөнийн хотыг ажин суух, шударга олсон мөнгөөрөө Prada-гаас 200 долларын сороочик авах - тэгж заншихийг илүүд үзнэ. Хоёрд. Баттөр бол Монголын нийгмийн гажууд тогтолцооноос зугтаж, "Монгол сайхан болохыг" хүлээж байгаа "улс төрийн орогнол" –оор гадаадад суугаа ид залуу - монгол залуу.

Хятад хэзээ ч Монголыг цэргийн хүчээр эзлэхгүй. Энэ нь Иракийн дайн болоогүй бол Буш Монголд хэзээ ч 4 цагаар айлчилахгүй байсантай адил үнэн юм. Тийм үе, менталити бол түүх болсон, өнгөрсөн зуунд болсон. Харин бид өөрснөө боловсорч, нийгмээ эрүүлжүүлж, Н.Энхбаяраас өгсүүлээд бүгд ядаж л таргалахгүй байхаар хоолны дэглэм барьж мэддэг, наад зах нь америкийн нүүр царай болсон Буш шиг өглөө бүр гүйдэг идэвхитэй амьдралын хэв маягтай болсон цагт монгол "хятадад эзлэгдэхгүй". Тэр цагт Ерөнхийлөгчийн айлчилалын үеэр Монголын нийслэлийг CNN-ээр 1 минутын дотор Ulan-Bator, Ulaanbaatar гэж хоёр янзаар дэлгэцний буланд бичихгүй, тэр цагт Буш Хятадад хаалга андуурч будилахад барууны телевизүүд "Монголоос мэдээлэв" гэж доош хийхгүй… Монголын УИХ, ЗГ коррупцид идэгдсэнээ хүлээж энэ Даваа гаригт огцордог Канадын засгийн газар шиг байж чадвал өнөө гайхал 120,000 "нүүдэлчин" Монголчуудын тал нь маргааш шууд нутаг буцна....

ГАДААДАД АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛЧУУД СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭХ ЁСТОЙ

Хэлэлцүүлэг үргэлжилж байна…

Сан Франциско хотын Pacific Marketing компани, Монгол дахь Хулан Системс компанитай хамтран сансрын холболтын өндөр технологийг ашиглан Улаанбаатар TҮ (UBS) - ээр дамжуулдаг Америк Монголыг холбосон шууд нэвтрүүлгийн ээлжит дугаар амжилттай явагдлаа. УБ-н цагаар Ням гарагийн 14 цагт цацагдсан энэ удаагийн шууд нэвтрүүлэг нь АНУ төдийгүй бусад оронд суугаа Монголчуудын иргэний, улс төрийн эрхийн асуудлийг хөндсөнөөрөө чухаг байв. "Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчууд Yндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэхийн төлөө" сэдвийн дор явагдсан тус нэвтрүүлэгт Улаанбаатараас УИХ–н гишүүн асан Б.Долгор, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ж. Сүхбаатар, Сан Франциско хотоос Бэй Ареа-гийн Монголчуудын холбооны ерөнхийлөгч, Техникийн ухааний доктор Ш.Баатар, Армстронг компаний ажилтан, дипломатч Д.Лувсанжамбаа, Оаклонд дахь "5 Ten" хип хоп хамтлагийн дуучин 18 настай залуу сонгогч Э.Чинбат, Pacific Marketing компаний захирал, хууль зүйн ухаанын мастер, хуульч М.Батжаргал, эдийн засагч Б.Хэрлэнчимэг нар, Чикаго хотоос Цахим Өртөө ТББ-г төлөөлж программист Д.Сайнбаяр оролцлоо. Харамсалтай нь оролцох ёстой байсан УИХ–н эрхэм гишүүд бүгд ажил гараад ирж чадахгүй болсноо нэвтрүүлэг эхлэхээс хэдхэн минутын өмнө мэдэгдсэн байна. UBS TҮ-н найруулагчийн хэлснээр ерөөсөө Жорж Бушийн айлчилалтай холбогдож энэ нэвтрүүлэгт оролцох ёстой төрийн байгууллагын албаны хүмүүс дээр дооргүй бүгд "их завгүй" байснаас уг нэвтрүүлэг олон хоногоор хойшлогдсон гэнэ.

Нэвтрүүлэгт оролцсон бүх оролцогчид гадаадад байгаа Монголчууд сонгуульд оролцох боломжоор хангагдах нь цаг үеийн зайлшгүй шаардлага гэдэгтэй санал нэгтэй байлаа. Харин сонгуульд өгөх саналыг хэрхэн хураах вэ, практикт хэрхэн хэрэгжүүлэх вэ, булхай будлианаас хэрхэн сэргийлэх вэ, гадны ямар туршлага байна вэ, аль нь хамгийн үр ашигтай вэ гэсэн асуудлууд мэтгэлцээний гол бай болов. Сонгуулийн саналыг хураах үндсэн гурван арга байгаа нь

1. шуудан

2. ЭСЯ, консулын газар биеэр очиж өгөх

3. цахим технологи ашиглах буюу энэ гурван аргыг ухаалгаар хослуулах явдал юм. Мөн сонгуулийн тойрог, сонгогчийн оршин суугаа харьяаллын талаар санал бодлоо солилцлоо. Нэвтрүүлэг товлосон цагаасаа 15 минутаар илүү үргэлжилж, нэвтрүүлгийн дараа зурагт үзэгчдээс маш олон санал хүсэлт хүлээн авсныг UBS TV мэдээлжээ. Энэхүү нэвтрүүлэгт гадаадад суугаа жирийн иргэдээс нас, хүйс, мэргэшилийн ялгааг үл харгалзан оролцуулж, тэдний дуу хоолойг сонсгох, монгол дахь зурагт үзэгчидэд гадаадад суугаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн тухай ухуулан сурталчилахийг Pacific Marketing компаниас нэвтрүүлгийн бодлого болгон баримталсаныг энд онцлон тэмдэглэе.

Шинэ сонгуулийн хуулийн төсөлд энэ бүх асуудал хамрагдаад УИХ-аар батлагдах эсэх нь одоогоор тодорхой бус байна. Харин УИХ-н гишүүд, СЕХ энэ сэдвээр хийсэн мэргэжилийн судалгаа, хуримтлуулсан туршлага, мэдээллээр хомс, гадны мэргэжилтнүүд, агентлагтай туршлага солилцоогүй байгаа нь нэвтрүүлгийн явцад анзаарагдлаа. Нэвтрүүлгийг хааж М.Батжаргалын хэлсний адил "энэ хэлэлцүүлэг үргэлжилэх болно". Бороо орсны дараа цув нөмрөх бус, ирж яваа давалгааг харж, сөрж хөдөлж чадах нь аль ч засгийн чансааг илтгэх хэмжүүр байдаг. Даяаршилын эринд бидэнд тийм л засгийн бодлого хэрэгтэй байна.

Мэтгэлцээн үргэлжилнэ. Цуврал нэвтрүүлгийн дараагийн дугаар: Америкт төрсөн John Dorj ba Jessica Dorj нарын хувь заяаны тухай буюу "Давхар Иргэншилийн асуудал"...

Цахим Өртөө Холбоо ТББ-н УЗ-ийн гишүүн Д.Сайнбаяр

Америкын Монголчуудын "Даяар Монгол" сонин

10.23.2007

Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ

УЗ-н хуралдаан - Цахим Өртөө Холбоо2007 оны 10-р сарын 16-нд болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны үеэр гадаадад амьдарч байгаа сонгогчдын судалгаа, бүртгэлийг гаргах дүрэм, журмыг хэлэлцэх ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэж сонгогчдод үнэмлэх олгох, сонгуулийн аль нэг тойрогт харъяалуулах боломжгүй, саналын хуудас, сонгогчийн үнэмлэх хэвлүүлж, хүргүүлэх, сонгуулийн тойргуудад хуваах асуудал хүндрэлтэй байгаа гэх мэт үндэслэлд суурилж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналд хүрсэн аж. Улмаар уг саналаа УИХ-д уламжлахаар тогтсон тухай Үнэн сонинд мэдээлжээ.

Гадаадад суугаа 220,000 гаран Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг Сонгуулийн хуулиар баталгаажуулж, сонгуульд оролцох эрхийг нь хангахын төлөө тууштай тэмцэж ирсэн Цахим Өртөө холбооны ажлын хэсэг уг шийдвэртэй холбоотой санал бодол солилцох үүднээс 10 сарын 18 нд МТҮП-д хуралдлаа. Уг уулзалтад хуульч Г.Ганзориг (Вашингтон), хуульч Э.Батбаяр, сэтгүүл зүй, мэдээллийн технологийн ажлын хэсгийн Л.Лханаран, Б.Лутаа, Д.Сайнбаяр (Чикаго), Ж.Саруултуяа, Б.Жамц, Д.Анулан нарын ЦӨХ-ний УЗ-н гишүүд болон тусгай зочин, хуульч Joe Spurlock (Вашингтон) нар оролцсоноос гадна С.Чулуунбаатар (Нью-Иорк), Ц.Гантөмөр (Берлин) нарын гишүүд цахим сүлжээгээр дамжуулан санал бодлоо илэрхийлсэн юм.

СЕХ хэмээх сонгуулийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллага УИХ аас үүрэг хүлээн 2 жил орчим хугацаанд төсвийн хөрөнгөөр гадаадын улс орнуудад судалгаа хийж, төсөл хэрэгжүүлж ирсний дүнд чухам ийм дүгнэлтэд хүрч, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэснээр барахгүй "Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах" буюу "Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчих" санал тавьж aрдчилсан нийгэмд байж боломгүй үйлдлийг хийж байгаад хуралдаанд оролцогсод туйлын харамсаж байгаагаа илэрхийлцгээсэн юм.

СЕХ-ны удирдлага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг асуудлыг нааштай шийдвэрлэх талаар удаа дараа амлалт гаргаж байсан нь саяхан билээ. 2008 оны УИХ-ын сонгууль ойртсон өнөө үед ийм санал, дүгнэлт гаргаж байгаа нь үүрэгт ажлаа биелүүлэхээс зайлсхийж, үүрэг хариуцлагаасаа мултрах гарц хайж байгаа ядуухан үйлдэл болж байна.

Өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хүнийхээ боломж, нөөц бололцоог нэмэхийн төлөө, үр хүүхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгүй хүний газар аз мэдэн "нүүдэллэж" яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард түмний өмнө ТӨР-ийн хүлээсэн үүрэг нь билээ. Гадаадын олон арван улс оронд олон жил хэрэгжиж ирсэн туршлага, ардчилсан үзэл баримтлалын тогтсон хэвшлийг үл харгалзан, асуудлыг удаашруулж, 2 жил ажилласаныхаа дараа зорилгоосоо ухарсан шийдвэр гаргаж, гадаадад суугаа Монголчуудын тэмцлийн дүнд бий болсон сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг "хүчингүй" болгох саналыг УИХ-д оруулахаар завдаж байгаа нь эдгээр олон зуун мянган монголчуудыг Монгол улсын иргэний тооноос хасаж байгаатай адил үйл хэрэг болно.

Дэлхийд таран суугаа Цахим Өртөө сүлжээний гишүүд, Монгол улсын иргэн та бүгд хүний эрхийн түгээмэл тунхаглал, МУ-ын үндсэн хууль, ардчилалын зарчимаар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ талаар өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо цахим сүлжээгээр дамжуулж чөлөөтэй илэрхийлнэ үү.

Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, харин дуу хоолойгоо нэгтгэж, жүжигт оролцож, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг үзвэр биш, харин бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй билээ.

Д.Сайнбаяр
http://www.tsahimurtuu.mn/main/200710211304.htm

Сэдэвтэй холбоотой нийтлэлүүд (Цахим Өртөөний архиваас)

Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий
http://www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm

Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?
http://www.tsahimurtuu.mn/main/20051125453.htm

Хуульч Г.Ганзориг: Нутгаас ирсэний дараахан нь (ярилцлага)
http://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm

СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна…
http://www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm


Мэдээний эх сурвалж

ҮНЭН сонин - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь
http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=50&sid=8470

Оллоо.мн - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=72526&catid=10