5.22.2009
VIDEO: Гадаадад суугаа Монголчууд уриалж байна! - Presidential Election 2009, Mongolia
Тийм ээ, гадаадад суугаа анд найзууд маань энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дуу хоолойгоо ингэж хүргэсэн юм. Ардчилсан нам мөнгө санхүү бага хэдий ч аль болох олон удаагаар бүх телевизээр цацахыг хичээж буй. Харин гадаадад суугаа монголчуудын дуу хоолойг NTV телевиз үнэгүй цацаж байгаа юм. Вашингон, Токио, Лондон, Сан-Франциско хотуудад хийгдсэн уг уриалгыг сонирхогчийн камераар хийсэн, жинхэнэ иргэдийн төлөөллийн дуу хоолой болсноороо онцлог. Рекламд оролцогчдыг танилцуулъя:
Байршил: Golden gate bridge, San Francisco, CA, USA
Баруун Эргийн Монголчуудын Соёлын төвийн тэргүүн, Цахим Өртөө сүлжээний үүсгэн байгуулагчдын нэг доктор Ш.Баатар, Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж болон уг хотод оршин суугаа С. Төмөрбаатар, Ц. Батсоёмбо нар.
Байршил: Shibuya district, Tokyo, JAPAN
Японд сурч, мэргэжлээрээ ажиллаж буй залуучууд: ЭМОС-ын Эрин М.Тулгат, программист А.Отгонбаяр, Ц.Нандинбаатар, Х.Зоригт, У.Өлзийням, Ц.Анар, Б.Дэмчигсүрэн, С.Баярхүү, Бат-Эрдэнэ, Хүрэлтогоо нар.
Байршил: Big Ben, London, United Kingdom
Цахим Өртөө сүлжээний үүсгэн байгуулагч, Их Британий Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат, зураач Т.Отгонбаяр, Э.Мөнхтуяа
Байршил: Iwo Jima Memorial Statue, Washington D.C, USA
Вашингтон хотын Монголчуудын холбооны төлөөлөл Г.Галбадрах, Г.Ганзориг, оrloo.com-ын Б.Тайван нар
Mongolians abroad who live, work and study in Washington DC, London, Tokyo and San Francisco have their say on the Mongolian Presidential Election 2009. Elbegdorj for President! We can change!
Продюсер: Д.Сайнбаяр
5.18.2009
Гадаадад суугаа Монголчууд бид эх орон нэгтнүүддээ уриалах нь
Эрхэм андууд аа! Дараах уриалгыг блогтоо тавьж биднийг дэмжээрэй! Энэхүү уриалгад нэгдэх хувь хүн, блог, вэбүүд коммент үлдээж вэб хаягаа үлдээгээрэй., http://www.elbegdorj.mn/static/840.shtml - хуудаснаас баннераа сонгож вэбдээ тавиарай! Дэмжигчдийн жагсаалт: http://www.elbegdorj.mn/static/841.shtmlЭлэг нэгт Монгол ахан дүүсээ! Гадаадад суугаа Монголчууд бидний өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, анд найз нар аа! 20 жилийн тэртээх Цагаан морин жил Сүхбаатарын талбайд Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл тэргүүтэй монголын түүчээ болсон залуус Ардчиллын далбааг намируулж, С.Цогтсайхан агсан Хонхны дуугаа эгшиглүүлсэн билээ! Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын 10-15%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ.
Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон төр улсынхаа хэргийг зөвшилцөн хэлэх онцгой эрх болох сонгуулийн эрхээ эдэлж чадаж байгаа билүү? Үгүй ээ.
Сайн мэдээ гэвэл Ардчилсан намын удирдлага гадаадад суугаа монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс гаргасан идэвхи санаачлагыг дэмжиж Монголын нийт сонгогчдын 10-15% болсон нийгмийн идэвхитэй, оюунлаг, сэхээтний давхаргын жинтэй төлөөлөл болсон гадаадад суугаа Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгууль өгөх эрхийг баталгаажуулах үүднээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сонгууль өгүүлэх оновчтой процедур, аргачлалыг амьдралд хэрэгжүүлж, 2012 он гэхэд гадаадад суугаа Монголчууд гадаадын улс орноос сонгуульд шууд оролцох боломжыг бүрдүүлэхийн төлөө идэвхи санаачлагатай ажиллах тухай хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж батламжилжээ. Ийнхүү анх удаагаа Монголын нам эвслийн зүгээс гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг сонсож, бидний төлөө, бидний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллахаа илэрхийлж, дэмжсэнд бид бүхэн баяртай байна.
Бид аль нэг нам эвслийн гишүүн бус, Монгол эх орноо хэмээсэн сэтгэлийн дуудлагад хөтлөгдөн ажиллаж амьдрагсад билээ. Харамсалтай нь Монголдоо эргэж ирсэн бидний зарим нөхдийн эх орондоо ажиллаж амьдарч байх үедээ маш тодорхой ойлгож харж, дүгнэж буй зүйл бол Монголд шударга юм гэж үгүй болжээ.
Авилгал хэнээгээ алдаж, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт эрээ цээрээ барж, шударга шүүх засаглал устаж, цөөн олигархи бүгдэд ноёрхлоо тогтоож, олон зуун мянган иргэдээ золигт гаргасан ийм л орон болсныг бид цаг мөч тутамд мэдэрч тэр орчинд амьдарч байна. Энэ бүх гаж тогтолцоо Н.Энхбаярын засаг төрийн эрхийг барих он жилүүдэд бүрэлдэн тогтжээ. Бүгдэд Н.Энхбаяр ганцаараа буруугүй нь тодорхой ч энэ бүхнийг бий болгоход манлайлан оролцогсдын нэг болох нь хамгийн сүүлд болж өнгөрсөн 7 сарын 1-ний эмгэнэлт явдал гэрчилнэ. Иймд Н.Энхбаяр нь Монгол улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ёс зүйн шалгуурыг давсан ерөнхийлөгч биш гэж бид үзэж байна.
Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол ямар нэгэн үзвэр биш, харин та бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй. Тийм ээ, гадаадад буй Монголчууд бид энэ удаа дуугүй сууж төвдсөнгүй ээ. Бид хэдий энэ удаад сонгууль өгч чадахгүй ч хагас сайн өдрүүдэд оршин суугаа хот суурингууддаа цуглацгааж, дуу хоолойгоо нэгтгэж, бидний өмнөөс сонголт хийх эрхэм үүрэг хүлээсэн Та бүхэндээ хандаж гарын үсэг, мөнгөн хандив цуглуулж, ярьж, бичиж, хэлэлцэж, видео бичлэг хийн илгээж байна.
Иргэний ардчилсан нийгэмд бие даасан, тэгш эрхт иргэд нь засаг, төрөө сонгох үйл явцад сайн дурын үндсэн дээр өргөнөөр, ухамсартайгаар оролцож баймааж ардчиллын үнэт зүйлсийг амьд байлгаж, жинхэнэ ардчилсан нийгмийг төгөлдөр утгаар нь бүтээн байгуулахад хувь нэмэр оруулдаг билээ. Иймд элэг нэгт Монголчууд Та бүхнийг гадаадад суугаа биднийхээ дуу хоолойг цэгнэн үзэж, сонгуульд идэвхитэй, хариуцлагатайгаар оролцохыг уриалж байна!
Вашингтон, Сан-Франциско, Чикаго, Токио, Лондон, Сидней, Берлин, Торонто, Прага, Будапештэд суугаа бид, гадаадад суугаа бид, Allstate, Softbank, Sony, Yahoo корпораци болон дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний институудэд ажиллагч, их дээд сургуульд суралцагч бид, бид: Монгол улсын шинэ ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Цахиагийн Элбэгдоржийг дэмжиж байна. Бид өөрчлөлтийг хүсч байна. Бид шударга ёсыг хүсч байна. Бид жинхэнэ ардчилсан нийгмийг хүсч байна. Бид шударга сонгууль явуулдаг төрийг хүсч байна. Бид шударга шүүхийг хүсч байна!
Монгол эх орондоо суугаа өвөө эмээ, аав ээж, ах эгч, эрхэм дүү, найз нөхөд, эх орон нэгтнүүд ээ! Та бүхнийг хувь заяаны эрхээр эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр харь нутагт яваа бид, Монгол улсын ерөнхийлөгчид ардчиллын бамбарыг анхнаас нь асаасан Цахиагийн Элбэгдоржийн төлөө саналаа өгөхийг уриалж байна! 2012 онд бид хаана амьдран суугаагаасаа үл хамааран сонгуулийн эрхээ эдлэх болно гэдэгт итгэж байна.
Даваабатын Сайнбаяр
Дэмжигч сайтууд:
Дэлхийн Монголчууд
tsahimurtuu.mn (Mонгол туургатны Цахим Өртөө Сүлжээ)
АНУ
orloo.info (Дэлхийгээр тархан суугаа Монголчуудын зар мэдээ мэдээллийн нэгдсэн төв - Washington D.C)
zamdaan.com (Aмерикийн Монголчуудын сэтгүүл - San Francisco, CA)
news.tsahim.tv (Online TV & Radio Broadcasting - Ohio)
nomundalai.mn (Online bookstore - Chicago, London, Tokyo, Seoul, Sydney, Ulaanbaatar)
dayarmongol.com (Америкийн Монголчуудын онлайн сонин - Washington D.C, Bloomington, Indiana)
mongolmedee.net (Денверийн Монгол Мэдээ сэтгүүл - Denver, CO)
medeelel.com - Чикагогийн Монголчуудын вэб портал, Чикаго, АНУ
imoshi.net - Монголын хамгийн анхны Apple суурьт программ бичигчдийн вэб
www.mongoltolbo.com - Денверт амьдардаг фото зурагчин залуугийн фотоблог
www.colo-mongols.org - Колорадо мужийн монголчуудын холбоо
Австрали
mglaus.com (Mongolian Community in Australia - Sydney)
Их Британи
mongolchuud.co.uk (Их Британийн Монголчуудын холбооны вэб - London)
Канад
mongoltoronto.com (Ontario дахь Монголчуудын холбооны вэб - Тоronto)
Унгар
origo.mn (Мэдээ мэдээллийн нэгдсэн портал - Budapest)
Чех
mglcz.com (Чехийн Монголчуудын вэб портал)
Япон
vimomn.net (VIMO - Виртуал Монгол - Монголын анхны SNS сайт - Tokyo)
10.26.2008
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд

Обама бол миний мэдэх хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Ерөнхийлөгч болно байх аа гэж би дотроо залбирч байна. Ингэхэд Обама ерөнхийлөгч болох эсэх нь дэлхийн нөгөө бөөрөнд суугаа бидэнд хамаатай гэж үү? Well, дэлхийн шинэ удирдагч хэн болох нь бидэнд хамаатай. Обамагийн санал болгож буй дипломат бодлого Монгол улсын эдийн засагт ч хамаатай. Тэр тусмаа залуу хүмүүст Audacity of hope -ыг энэ хүн бэлгэддэг билээ.
Ажлын минь нэг анд АНУ-ын сонгууль яаж явагддаг тухай асуусанд хариу болгох үүднээс амбасан үеийн нэг бичвэрээ энд орууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ямар маягаар явдаг гэдгийг сонирхож буй бол нийтлэлийн доор буй Сонгуулийн коллегийн тухай хэсгээс уншаарай. Ажлын шинэ долоо хоногт тань амжилт хүсье!
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд
Д. Сайнбаяр /Чикаго/ 2004-9-5 - Даяар Монгол сонин
Өнгөрсөн долоо хоногт дөрөв хоног Нью-Йoрк хотын Мадисон Скүар Гарденд үргэлжилсэн АНУ–ын ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганыг эсэргүүцэж тус хотод ойролцоогоор 500 мянган иргэд жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулж Нью-Йoркын 36000 цагдаа нар өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэжээ. Мөн Жорж Бушийн засгийн газрын гадаад, дотоод бодлогыг эсэргүүцэж өөр өөрийн гэсэн өвөрмөц маягтай эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж 1800 орчим хүн баривчлагдав. Зарим нь энх тайвныг бэлэгдэн гэрэл асааж, дайныг эсэргүүцэн дайнд алуулсан мэт гудамжинд хэвтэж, зарим нь Жорж Бушийг эсэргүүцэн шог ая дуу зохион дуулцгааж, усны хувцастай бүсгүйчүүд дотоожин дээрээ эсэргүүцлийн үгс бичицгээжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуульд өрсөлдөгч намууд намынхаа үндэсний чуулганыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай. Уг чуулганы үеэр намууд намынхаа чиг шугам, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь намынхаа нийт дэмжигчдийн сонголтыг хүлээн авснаа албан ёсоор нийтэд зарлах ёстой боловч үнэн хэрэгтээ сонгуулийн маш их шуугиан дэгдээсэн компанит ажил болон хувирч, олон нэртэй улс төрчид чөлөөт индэр дээр сонин гайхалтай илтгэл тавьж, эсрэг намынхаа нэр хүндийг унагах том чуулган болдог. Мэдээж хуучны адил АН, БНН-ын чуулган маш шуугиантай болж өнгөрөв. Зарим телевизийн сурвалжлагчид аль нам нь олон шаар хөөргөсөн бэ гээд маргах нь хөгтэй.
Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний аюулгүй байдал, террoризмийн эсрэг тэмцэл, Иракийн дайн, гадаадынханд алдаж буй дотоодын ажлын байр болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, татварын бодлого, даатгалын систем, боловсрол гэх мэт асуудлууд компанит ажлын гол цөм болсон чухал сэдвүүдийн тоонд орж байна. Харин бусад улсын ерөнхийлөгчийн сонгуулиас ялгарах нэг зүйл ажиглагдсан нь АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь улс орны дотоодын асуудал гэхээс гадна дэлхийн энх тайван, эрх чөлөө гэж дэлхий нийтийн эрх ашгийн өмнөөс үг хэлж зогсох нь аргагүй л том орны том удирдагч юм даа гэж бодогдмоор.
***
Таван долоо хоногийн өмнө болсон Ардчилсан Намын үндэсний чуулганы дараа олон агентлаг, хэвлэл мэдээллийн албанаас сонгуульд АН-ын Жон Керригийн төлөө санал өгөх сонгогчидын тоо нэмэгдсэн эсэхийг тооцох санал асуулга явуулахад онцын өөрчлөлт гараагүй буюу Жон Керри нэгээс хоёр хувиар тэргүүлсэн хэвээр байв. Харин БНН-ын чуулганы дараа Тайм сэтгүүлийн явуулсан санал асуулгад оролцогчдын 52% нь Жорж Бушд, 41% нь Жон Керригийн төлөө саналаа өгнө гэж гарлаа. Энэ нь өнгөрсөн хавраас хойш эхэлсэн хоёр намын сонгуулийн компанит ажлын дүнд хамгийн хол зөрүүтэй гарсан санал асуулгын дүн болж байгаа юм.
БНН-ын чуулганд Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварценнегер, сенатoр Жон Маккэйн, Нью-Йорк хотын амбан захирагч асан Рюди Жулиани, дэд ерөнхийлөгч Дик Чени, ерөнхийлөгч Жорж Буш нарын илтгэл олон хүнийг байлдан дагууллаа. Гэтэл Жоржиа мужийн амбан захирагч асан, АН-аас сонгогдсон сенатoр Зэлл Миллер өөрийн намаас нэр дэвшигдсэн Жон Керригийн эсрэг БНН-ын чуулганд ирж илтгэл тавьсан нь энэ чуулганы гол сенсаци боллоо. Тэрээр илтгэл тавих тавихдаа бүр маш их эрч хүчтэй, уран илтгэл тавьж, илтгэлдээ Жон Керригийн хамаг муу муухайг илчлэх зорилго өвөрлөж, Жон Керригийн улс төрийн нэр хүндийг унагаах маш хатуу ширүүн үгсийг Америкийн өмнөд мужийн аялгаар хэлж, шүд зуусан уур омгоор хайр найргүй довтолж байлаа. Тэгээд ч тэр санасандаа хүрсэн нь олон хэвлэл мэдээллийн агентлагаас гаргасан судалгаанаас харагдаж байна. Зэлл Миллер хэлсэн үгэндээ “…Жон Керри бол ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй ямар ч туйлбаргүй этгээд… АНУ -ын үндэсний аюулгүй байдлыг НҮБ бус АНУ, Парис бус Вашингтон шийдэх ёстой…” гэж ярьлаа. Ямартаа ч Жорж Буш, Дик Чени нар илтгэлээ тавихаас өмнө АН-ын нэр хүндтэй сенатoраар өөрийнх нь намаас нэр дэвшиж буй Жон Керрийг сайн муулуулж, Жон Керригийн нэр хүндийг унагаах гол зорилгоо гүйцэлдүүлж “замаа засаад” авсан нь маш ухаалаг алхам болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
***
БНН–ын үзэл баримтлал нь чөлөөт зах зээлт капитализм, үндэсний үзэл, шашинлаг сэтгэлгээ, консерватив, милитарист үзлээр томъёологддог. Билл Клинтоны засгийн газар төсвийн арвин нөөцтэй, эдийн засгийн тогтвортой улс орныг Жорж Бушд хүлээлгэн өгсөн авч Жорж Буш одоогийн байдлаар олон тэрбум долларын төсвийн алдагдалтай ажиллаж байгаа билээ. Хэдийгээр сүүлийн нэг жилд шинээр 1.7 сая хүн ажилд орсон авч, Буш засгийн эрхэнд гарснаас хойш 1 сая орчим хүн ажлаа алдсан хэвээр байна. 9 сарын 11-ний явдлаас хойш Америкийн эдийн засаг уналтанд орж, Иракийн дайнд асар олон тэрбум доллар зарцуулсан, дээр нь иргэдийн орлогын татварыг багасгаснаас төсвийн алдагдалд орж байна гэж шинжээчид үздэг. Гэтэл Жорж Бушийн эдийн засгийн бодлого бол том, дунд оврын бизнесийн орлогын татварыг багасгаж, Америкийн том корпорациуд, баячуудын татварыг хөнгөлснөөр олон хүний ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал юм. Харин АН-ын Жон Керри энэ бодлогыг эрс буруушааж, гадаад бодлого, дотоодын эдийн засгийн бодлогыг өөрчлөх зорилттой байгаа юм. Жон Керригийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүн амын хамгийн баян чинээлэг 2% буюу жилийн 200,000 доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг Бушын засгийн эрхээс өмнө байсан тэр хэмжээнд буцаан нэмэгдүүлж ядуу, дундаж орлоготой иргэдийн татварыг хөнгөлөх бодлого баримталж байгаа билээ.
Жон Керригийн нэр хүндэд том цохилт болж байгаа сэдэв бол түүний Сенатад байх хугацаандаа үндэсний аюлгүй байдлын асуудалтай холбогдсон хууль, тогтоомжинд өгсөн олон саналын тайлан юм. Хэдийгээр түүнийг Патриот актыг (Patriot Act) гаргахад дэмжиж санал өгсөн боловч одоо Иракийн дайныг буруушааж байна гэж БНН-ын улс төрчид гуйвуулга хийж “хоёр нүүртэй улс төрч” гэж цоллон олон түмний бодлыг өөрчлөх тактик хэрэглэж байгаа. Харин Жон Кeрри бол “Жорж Буш ард түмнийг хуурч Иракын дайнд оруулсан. Иракийн дайнд олон улсын дэмжлэгийг хүлээн аваагүй учраас олон улсад АНУ-ын нэр хүнд асар ихээр унасан” гэж БНН-ын дипломат бодлогыг шүүмжилж байгаа юм. Анхлан Жорж Буш Иракын дайнд 1 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдсэн авч, одоогийн байдлаар 200 орчим тэрбум доллар зарлагадаад байгаа юм. Иракын дайнаас хойш дэлхийн олон улсын ард түмний дунд явуулсан судалгаанаас үзэхэд Жорж Бушийн нэр хүнд маш муудаж, АНУ-ын түүхэн дэх олон улсад хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болж тодроод байгаа нь АН-ын сонгуулийн компанит ажилд их хэрэг болох баримт болжээ.
АН-ынхан Жон Керригийн санал буурсан үзүүлэлтийг түр зуурийн үзэгдэл гэж үзэж байна. Хэдийгээр Жон Керри олон нийтийн саналаар үзүүлэлт доогуур байгаа боловч сонгуулийн коллегийн дүнгээр бол Жорж Бушаас илүү үзүүлэлттэй байгаа. Харин БНН-ынхан дараагийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэж зарим телевизийн сувгаар маргаж, өөрснийгөө ялсан мэт ард түмний сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байна. Ямар ч байсан 9 сарын 30-нд Флорида мужид эхлэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд олонд нээлттэйгээр гурван удаа явагдах халз мэтгэлцээний дараа олон зүйл тодорхой болох биз ээ.
* Сонгуулийн коллегийн тухайд
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг цорын ганц сонгууль авч шууд бус сонгууль гэдгээрээ олон орны ерөнхийлөгчийн сонгуулийн системээс онцлог ялгаатай юм. АНУ-ын Конгресс дахь Сенатын танхимд нийт 100 гишүүд буюу муж бүрээс 2 сенатoр, харин Төлөөлөгчдийн танхимд 435 гишүүн буюу муж бүрийн хүн амын тооноос шууд хамаарсан төлөөлөлтэй байдаг. Сонгуулийн коллегийн (Electoral college) гишүүдийн тоо муж тус бүрээс сонгогдсон сенатoрын тоо, Төлөөлөгчдийн танхимын (House of Representatiүes) гишүүдийн тоо, мөн Колумбын дүүргийн одоогийн 3 гишүүд буюу хамгийн цөөхөн төлөөлөгчтэй мужаас илүүгүй тооны гишүүдээс бүрдэнэ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 538 сонгуулийн коллегийн гишүүд оролцох юм. Сонгууль мажоритар системээр явагддаг тул сонгуулийн коллегийн гишүүдийн хамгийн олон санал буюу 270-аас дээш санал авсан нь ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм. Сонгуулийн Коллегийн гишүүдийг муж бүр янз бүрээр сонгодог. Улс төрийн намууд муж тус бүрдээ намын хурал, чуулганаар Конгрессын гишүүн бус хүнийг коллегийн гишүүнээр нэр дэвшүүлдэг. Намын дарга эсвэл ерөнийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй улс төрийн болоод хувийн харьцаатай хүн ч Сонгуулийн Kоллeгийн гишүүнээр сонгогдож болдог. Зөвхөн Майн, Небраска мужаас бусад бүх мужуудад олонхийн санал авсан нам нь сонгуулийн коллегийн нийт саналыг авна. Гэвч үндэсний нийт сонгогчдоос олонхийн санал авсан боловч Сонгуулийн коллегийн дүнгээр цөөн санал авч ялагдсан хэд хэдэн тохиолдол байдаг. 2000 оны сонгуулиар Алберт Гор, Жорж Бушаас 540 мянга гаран сонгогчийн саналаар ( 0.5 гаруй хувийн зөрөөтэй) илүү санал авсан боловч Сонгуулийн Коллегийн саналаар 271-266 гэсэн харьцаагаар ялагдсан. Флорида мужын хамгийн чухал дүүргийн 500 гаруйхан хүний санал тэр жилийн сонгуулийн дүнг өөрчилсөн сонин түүх бий.
4.03.2008
Хоёр дахь JFK

Никсон: Энэ нөхдүүдийн урдаа гаргасан энэ залуу бол...аан юу билээ дээ..гoл төлөөлөгч... жинхэнэ од болсон... Керри гэгч юмаа даа.
Халдэман: Керри юу. Тиймээ, тэр ... маш чадварлагаар...
Никсон: Тэр маш их үр дүнтэй ажиллагаа явуулж чадсан шvv.
Халдэман: ... Кеннеди маягийн нөхөр. Тэр Жон Кеннедитэй адилхан ч төрхтэй юм, дээр нь яг Кеннеди шиг ярьдаг юм билээ...
Тиймээ, Вьетнамын дайны ахмадуудын дайны эсрэг хөдөлгөөний тэргүүн эгнээнд явсан Жон Форбэс Керри гэгч 27 настай залуу ерөнхийлөгч Ричард Никсоний толгойг нэлээд өвтгөж, 70-аад оны Вьетнамын дайны үеийн залуучуудын улс төрийн хөдөлгөөнийг удирдалцаж, сонин хэвлэлийн гол сэдэв болж байсан нь одоо нэгэнт түүх болон үлджээ. Нэрийн товчлол нь хүртэл JFK болж Америкчууд домогт Жон Ф. Кеннедийгээ нэршиж заншсантай адил байж таарсан нь Америкчуудад дараагийн Жон Кеннеди болно гэж цуурах шалтагт бас нэг түлхэц болж байх шиг. Эдвард Кеннедийн сенатын сонгуулийн компанит ажилд сайн дураараа оролцож явсан мань хүн 60-аад онд Жон Кеннедийн эхнэр Жаклин Кеннедийн дүү бүсгүйтэй үерхэж явсныг бодвол анхнаасаа л Жон Кеннедитэй эн тэнцүү "үзэлцэх" сонирхолтой байсан товариш юм гэж хошигнож болмоор. Жон Кеннедитэй анх уулзахдаа "Би удахгүй Йэлийн их сургуульд орно" гэж хэлэхэд ерөнхийлөгч нэгэнт өөрөө Харвард төгссөн тул сайхь хархүүг Харвардын хамгийн гол өрсөлдөгч болох Йэлийн их сургуульд орох гэж буйг сонсоод жаахан мушилзашийгээд, удалгүй чанга хөхөрч "Санаа зоволтгүй, би ч гэсэн Йэлийн хүн болсон шүү дээ" гэж хэлсэн нь хэдхэн сарын өмнө Йэлийн их сургуулиас түүнд хүндэт доктор цол олгосныг хэлсэн нь тэр байжээ.
Жон Форбэс Керри бол удам угсаагаараа бол жинхэнэ сурвалжит гаралтай, оюун санааны болон эд хөрөнгөний өв баялагаар бол хэд хэдэн ном бичүүлэх түүхтэй, товчдоо бол маш сонирхолтой хүн юм. Тэр 1943 онд Колорадо мужын Аврора хотод торжээ. Түүний өвөг эцэг, эмэг эх нь германаар ярьдаг жүүд хүмүүс байсан бөгөөд анх 1905 онд Австриас (одоогийн Чех улс) АНУ-д цагаачлан иржээ. Цагаачилж ирээд гарал угсаагаа нууцалж өөрсдийн жинхэнэ овог Коныг Керри болгож үр хүүхдүүдээ Каталок сүмийн сургаалиар хүмүүжүүлж нэлээд Америкжсан байна. Харин эмэг эх нь 17 зууны үеийн алдарт талмудич, философич, хамба лам Жюда Лоэвын ахын шууд угсааны хүн байсан гэдэг баримт бий. Євөг эцэг нь Бостоны нэгэн зочид буудалд амиа хорлон үхсэн байна. Жон Керрийн эцэг Ричард Керри бол Йэлийн их сургууль болон Харвардын Хууль зүйн дээд сургуулийг төгссөн, Дэлхийн хоёрдугаар дайнд Америкын нисэх хүчинд орж байлдаж, насаараа Гадаад харилцааны алба, Төрийн департментад ажилласан зэгсэн өндөр боловсролтой өмгөөлөгч хүн байв. Тэгээд 1941 онд угсаа язгуурт Форбэсын гэр бүлийн гишүүн Роузмэри Форбэстай гэрлэжээ. Роузмэри сувилагч мэргэжилтэй бөгөөд насаараа Охидын скаутын лидэрээр ажиллаж, Улаан загалмайн шугамаар Дэлхийн хоёрдугаар дайнд гар бие оролцож явсан асар хөдөлмөрч, Америкын түүх сударт нэрээ үлдээсэн хүн байжээ. Тэр Форбэсын гэр бүлээс болон өөрийн төрсөн эцгээс 20-40 сая долларын хөрөнгө өв залгамжилж авсан гэдэг.
Харин нагац өвөө Жэймс Форбэс нь Шанхайд төрсөн, Хятадтай худалдаа арилжаа хийж, опиумын (нэгэн төрлийн мансууруулах бодис) наймаанаас тун их хөрөнгө олсон улс дамжсан бизнэссмэн хүн байв. Нагац эмээ Маргарэт Винтроп нь бас өндөр угсаатай нэгэн байжээ. Түүний өвөг эцэг нь л гэхэд 1800-аад онд Конгрэссын гишүүн, АНУ-н Төлөөлөгчдийн танхимын спикэр байсан бөгөөд мөн Маин мужын амбан захирагч Жэймс Баудойн, Массачусэттсийн сав газрын колоны амбан захирагч Жон Виндропын удмын хүн байв. Жон Керригийн овог дээдэст Франклин Рузвэлт, Кэлвин Кулидж, Жэйн Адамсын нэрс бас дурдагдах бөгөөд тун хачирхалтайгаар аав, хүү Жорж Буштай ургийн холбоо бий гэсэн нотолгоо байдаг.
Жон Керригийн гэр бүлийн эзэмшил болох Лэс Эссарц хэмээх эдлэн газарт Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистуудын удирдах газар байрлаж байгаад, 1944 оны 8 сард Америкчуудыг Францын Сэйнт-Бриак хотыг чөлөөлөхөд, холбоотноос зугтахдаа уг эдлэнг бөмбөгдөж үгүй хийжээ. Жон Керри гурван настай байхдаа зовж шаналсан ээжийнхээ хамт үнс болсон гэрийнхээ туурин дээр алхаж явснаа одоо ч гэсэн дурсан санадаг байна. Жон Керрийг бага байхад эцгийн нь ажлаас шалтгаалж гэр бүлээрээ олон газар нүүдэллэдэг байсан тул жаалхүү олон сургууль дамжжээ. Швэйцарт дотуур байртай сонгодог дунд сургуульд (boarding school) сурч Массачуссэтс, Нью Хэмпширт дунд сургуульд сурчээ. Франц, Норвеги, Герман орнуудад бага насаа өнгөрөөх үедээ франц хэлийг төгс эзэмшиж, мөн өөрийн үеэл Брайс хүүтэй дотно танилцсан нь 1981 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ногоон Намын дарга Брайс Лалондэ байв. Дунд сургуульд байх үеэсээ улс төр сонирхож, уран илтэлийн арга ухаанд гойд сайн суралцаж, чөлөөт цагаараа хокей, хөл бөмбөг тоглодог байв. Тэр байтугай дунд сургуулийнхаа Электрас хэмээх рок хамтлагт цахилгаан гитар тоглож, дууны албом ч гаргаж үзжээ.
1962 онд Керри Йэлийн их сургуульд элсэж 1966 онд улс төрийн ухаанаар бакалавр зэрэг хамгаалжээ. Коллэжид байхдаа бусад коллэжийн оюутнуудтай олон удаа халз мэтгэлцээний тэмцээнд оролцож түрүүлж байв. Тэр 1966 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт орж, хойтон жил нь өөрийнхөө хүсэлтээр Вьетнамын дайнд гар бие оролцжээ. Олон одон медалиар шагнуулж, байлдааны талбарт гурван удаа шархадсан тул тэр Вьетнамын дайны талбараас хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх эрх олсон байна. 1969 оны 1 сард тэр ахмад цолоор шагнуулж тун удалгүй цэргээс халагдав. 1971 оны 4 сарын 23 нд Жон Керри болон бусад Вьетнамын дайныг эсэргүүцэгч цэргийн ахмадууд нийслэл Вашингтон хотод Капитолын ордонгийн өмнө засгийн газрын гадаад бодлого, Вьетнамын дайныг буруушааж асар их шуугиан тарьсан том цуглаан зохион байгуулжээ. Цуглааны үеэр нөхдийн хамт дайнд яваад шагнуулсан одон медалиа Капитолын хашааг давуулж шидсэн нь Керригийн улс төрийн амьдралд огцом эргэлт хийсэн эгзэгтэй мөч болжээ. Урьд өмнө хэн ч биш байсан энэ залуу олон нийтийн анхаарлын төвд бууж, телевизийн халз ярианд дуудагдаж нэг ёсондоо залуучуудын дунд баатар болсон байна. Нэгэнт олны танил болж амжсан мөн бага наснаасаа улс төрийн амбицтай байсан мань залуу 1972 онд Массачуссэтс мужаас Конгресст нэр дэвшжээ. Гэвч энэ удаад амжилт олсонгүй. Том шоконд орсон мань хүн дараа жил нь Бостон коллэжийн хуулийн сургуульд элсжээ. 1976 онд сургуулиа төгсөөд Массачуссэтс мужын дүүргийн шүүхэд яллагчаар ажиллахдаа зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг тэмцэж, мужын хамгийн том мафиозуудын нэгийг ялласан байна. 1982 онд Массачуссэтс мужын Амбан захирагчын үүрэг гүйцэтгэгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж 1984 он хүртэл Амбан захирагчын үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.1986 онд Жон Керри Массачуссэтс мужаас Сенатын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулжээ. Түүнээс хойш дахин сонгуулиар гурван удаа Сенатад улиран сонгогдож, хэрэв энэ ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй бол 2009 он хүртэл одоо байгаа сенатoрын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших юм.
Жон Керригийн анхны эхнэр Жулиа Стимсон Торн бол мөн л толгой эргэм дээд гарвал угсаатай, маш их хөрөнгө өвөлсөн бүсгүй байжээ. Улс төрийн амьдралаас уйдсан эхнэр Жулиа нь Жон Керрийг амбан захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн сонгуульд оролцох үед нь салсан гэдэг. Жон Керри 1995 онд Пэннсилвани мужын Сенатөр Жон Хаинц (Heinz) ийн бэлэвсэн эхнэр Тереса Хаинцтай гэрлэжээ. Тереса Хаинц бол Мозамбик улсад төрсөн Португал эцэг, эхтэй Португал бүсгүй ажээ. Гадаадын таван хэлээр цэвэр ярьдаг, хэдий 60 гарсан авч 50 шүргэж яваа мэт залуу харагдах энэ хатагтай Нэгдсэн Yндэстний байгууллагад олон жил орчуулагчаар ажилласан өндөр боловсролтой нэгэн. Уншигч та Heinz кетчупыг сайн мэдэх байх. Сенатoр Хаинцаас асар их хөрөнгө өв залгамжилсан Тереса Хаинц болон Жон Керри нарын одоогийн хөрөнгө нийлээд нэг тэрбум долларт хүрдэг бөгөөд Жон Керри энэ үзүүлэлэлтээрээ одоогоор хамгийн баян сенатoр гэж тооцогддог байна.
Зарим улс төр судлаач, шүүмчдийн шүүмжлэлийг эс тооцвол Жон Керри 20 орчим жил Сенатад байх хугацаандаа Иран-Кoнтрагийн хэргийг нээн илрүүлэх хэрэгт идэвхи санаачлагатай оролцож, Вьетнамын дайны үеэр олзлогдон амьд үлдсэн байж болох Америк цэргүүдийн талаар Вьетнамын засгийн газартай хамтарсан ажиллагааг удирдаж, удаан хугацаанд эдийн засаг, улс төрийн харилцаагүй байсан Вьетнам улстай нөхөрсөг сайн харилцааг сэргээн тогтооход жинтэй хувь нэмэр оруулж, улс төрийн үйл хэрэгтээ боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, гадаад бодлогын салбарт түлхүү анхаарч ажилласан жинхэнэ либерал улс төрч билээ. Ардчилсан намын чуулганд Билл Клинтоны хэлдэгчлэн Жон Керри бол одоогийн ерөнхийлөгч Жорж Буш, дэд ерөнхийлөгч Дик Чени нартай адил Вьетнамын дайны үед дайнд явалгүй сугарч хоцороогүй харин "Би дайнд явья" гэж хэлээд Вьетнамын дайнд гар бие оролцсоноороо эх оронч Америк гэдгээ яруу тод нотолсон хүн.
Жон Керри ерөнхийлөгч болвол Америкын хамгийн анхны жүүд гаралтай ерөнхийлөгч болох нь тодорхой. Эрдэнэ шишээр нэрсэн бурбон дарс таашааж, амралтаараа Техас маягаар хувцасладаг, протестант шашин шүтдэгээрээ нийтлэг төрхтэй Америкын ерөнхийлөгч нараас ялгарах зүйл түүнд их бий. Сонгуулийн дүн ч үүнээс их хамаарах болов уу. Улаан дарсыг бурбоноос илүүд үзэж, Католик шашин шүтдэгээрээ тэр хэрэв сонгогдож чадвал АНУ-н ерөнхийлөгчдийн түүхэнд ганцаараа католик шашинтан болж тэмдэглэгдсэн мөн Массачуссэтс мужаас гарсан, Ардчилсан намын гишүүн Жон Кеннедигийн залгамжлагч болно. Yгvй ядаж Мозамбикт төрсөн Португал цагаач энэ улсын тэргүүн хатагтай болчихвол уншигч бид Арнолд Шварценнегэр Калифорни мужын амбан захирагч болсонд дахин гайхах огт хэрэггүй болно.
Тиймээ Америк бол Португал далайчин Кристофэр Колумбусын нээсэн арал, эрин зууны туршид дэлхийн гүн ухаантан, суутнуудын бодож олсон эрх чөлөө, хүмүүнлэг иргэний нийгмийн "орчин цагийн төгс хэлбэр", ардчилсан тунхаглалын эх орон билээ…
Даваабатын Сайнбаяр /Чикаго/ - Даяар Монгол сонин
http://www.tsahimurtuu.mn/main/20040805320.htm