12.08.2011

Д.Сайнбаяр: Монгол бол "ДОГОЛОН" aрдчилалтай орон

Зууны Мэдээ сонин - 2011.12.08 Пүрэв -No 290 (3980)

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар ид хэлэлцэж байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй 150-200 мянган монголчуудынхаа эрхийг эдлүүлж сонгуульд саналаа өгдөг болгох тухай хэд хэдэн парламент дамнан ярьж буй боловч өнөөг хүртэл үр дүн гарсангүй. Удахгүй батлах гэж буй Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад ч энэ тухай ямар нэг өгүүлбэр тавихгүй нь тодорхой болсон юм. Гадаад дахь монголчуудын тухай, тэдний санал өгөх эрхийн талаар гадаадад суугаа монголчуудын “Цахим Өртөө Xолбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрхийн талаар гурван ч парламент дамнан хэлэлцэхийг хүссэн боловч үр дүн гарсангүй. Та энэ сэдвээр нэлээд олон удаа дуугарсан. Энэ удаад ч бас ахиц гарахгүй нь дээ?

- Манай холбооныхон сүүлийн хоёр, гурван парламент дамнан энэ тухай ярьж бичиж, нийтлэж, уриалж ирлээ. Эхэн үедээ гадаадад байсан ч сонгууль өгөх эрхтэйгээ манайхан мэддэггүй, ач холбогдолыг нь ойлгодоггүй байв. Харин сүүлийн хоёр, гурван жил нийгэм нийтээрээ энэ чинь юу билээ гээд анхаарал тавьж эхэлсэн. 2000 оноос хойш Монголчуудын гадаад руу чиглэсэн миграци маш эрчтэй өрнөсөн. Тэгэхээр тэдний сонгуулийн эрхийн асуудал нь амьдралаас урган гарсан бодит шаардлага гэж хэлж болно. Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг АНУ-д, Ерөнхий сайд асан С.Баярыг Европод аялах үед тус тус биечлэн уулзаж, за тэгээд УИХ-ын бүх гишүүдэд олон удаа албан бичиг, уриалга явуулж ирсэн. Ардчилсан Нам, ИЗНН-тaй хамтын ажиллагааны санамж бичиг ч зурсан. Харин өнгөрсөн парламентаас Сонгуулийн ерөнхий хороонд энэ асуудлыг зохицуул гэсэн заалтыг хуульд оруулж өгсөн боловч буцаагаад авчихсан юм. Сонгуулийн ерөнхий хорооныхон бүртгэл, хөрөнгө мөнгөнөөс болоод эрх зүйн хувьд боломжгүй гэсээр ирсэн. Энэ удаад мажоритараас пропорциональ агуулга бүхий тогтолцоо руу шилжиж байгаа учраас сонгуулийн тогтолцооны хувьд гадаадад байгаа монголчууд санал өгөх боломж бүрдсэн гэсэн үг.

-Гэвч гадаад дахь монголчууд санал өгөх тухай заалт шинээр батлагдах гэж буй Сонгуулийн хуулийн төсөлд алга байна лээ?
- УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат нартай яг танийг орж ирэхээс өмнө твиттерээр холбогдож энэ талаар ярилцаж байлаа. З.Энхболд гишүүн энэ удаагийн хуульд тусгагдсангүй гээд байгаа, харин Д.Энхбат гишүүн болчихсон, зөвхөн намын жагсаалтаар өгч болно гээд байгаа. Ядаж нам дугуйлах эрхтэй сонгуулийг нь ч гэсэн өгмөөр байгаа юм. Хоёр, гурван хувилбар ярьж байгаа ч яг алинаар нь шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Манай хууль боловсруулах үйл явц нээлттэй биш байгаа нь харагдаж буй хэрэг. Харин бид твиттерээр лоббигоо үргэлжлүүлж л байна. Дашрамд хэлэхэд Монголд ЛОББИ гэдэг үг маш буруу ойлголтоор нутагшсан. АНУ-д лоббигийн тухай хуультай байдаг. Монголд байхгүй. Иргэний нийгмийн төлөөлөл болсон Цахим өртөө жишээ нь уг асуудлаар 10-аад жил лобби хийж байна шүү дээ. Лобби бол эрүүл, цэгцтэйгээр төрийн бодлогод нөлөөлөх гэсэн иргэд, сонирхлын бүлгийн эрх ашгийн ийн дуу хоолой. Гол нь нээлттэй байх ёстой юм. 10 -аад жилийн лоббины дараа одоо л үр дүн гарах эсэх нь харагдаж байна. Тэгэхээр лобби гэдэг бол муу зүйл биш.

-Монголдоо байхгүй хэдийнхээ саналыг авахад гол саад нь юу байдаг юм бол?

-Гурван зүйл байсан юм. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, иргэдийнхээ бүртгэлийг хийх, эцэст нь мөнгө. Дээрх асуудлууд бүгдээрээ шийдэгдсэн. Бүртгэлээ хийчихсэн. 106 мянган монголчууд бүртгүүлсэн шүү дээ. Цаана нь бүртгэлгүй 40, 50 мянган иргэн бий гэсэн судалгаа байдаг. 150 мянган монголчууд гэдэг нийт сонгогчдын 10 хувь. Гэтэл энэ хоёр намын нэр дэвшигч нөхдүүдийн ялалт, ялагдал нь хэдхэн зуун хүний л саналын зөрөөн дээр байдаг. Тэгэхээр нарийн ярих юм бол аль нам нь олонхи байх вэ гэдгийг шийдвэрлэх хэсэг нь гадаадад байна гэсэн үг. Сонгуулийн тогтолцооны хувьд боломжтой болсон. Үлдсэн асуудал нь мөнгө. Уучлаарай, одоо мөнгө асуудал биш. Хэдэн жилийн өмнөх төсөв өнөөдрийн Монгол Улсын төсөв хоёр огт өөр. Монголын төр хамаагүй баян болсон. Тэгэхээр ямар ч саад, шалтаг байхгүй гэсэн үг.

-Гадаадад гарсан нутаг нэгтнүүд маань саналаа өгөхийн ач холбогдлыг та юу гэж тайлбарлах вэ?

-Тэд сонгуульд санал өгч эхэлснээр Монголын улс төр эрүүлжих процесст том ахиц гарна, нээлттэй ил тод болно. Төрийг хянах иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Тэдний саналыг авахын тулд нэр дэвшигчид бүх мэдээллээ ил болгож, интернэтэд тавина. Худал амлаад, худлаа бураад, 10 000 төгрөг тараагаад байж чадахаа болино шүү дээ. Энэ хүмүүс чинь тухайн байгаа орныхоо хөгжил дэвшилийг үзчихсэн, ядаж л нэр дэвшигчдийн хэн нь юу яриад байгааг ялгана. Шууд хэлэхэд ходоодоороо бус оюунаараа сонголт хийх улсууд гадаадад бий. Манай дундаж ба үүнээс дээш давхрагынхан гадаадад гарчихсан сурч, ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байх сонирхол хоёр намд байгаа юу гэдэг асуудал ургана. Нэлээд улстөржүүлж харвал МАН-д бол байхыг үгүйсгэхгүй. Гадагшаа гарсан хүмүүсийн олонхи нь ардчилсан, либераль үзэлтнүүд байх магадлал маш өндөр. Юу гэвэл 150 000 гэдэг чинь АН эсвэл МАН намын нийт гишүүд, эсвэл Монголын бүх оюутнуудтайтaй дүйцэх тоо. Монголын бүх оюутнуудыг сонгуульд оролцуулахгүй гэвэл ямар юм болох вэ? Тиймээс МАН-ынхан энэ хүмүүсийг үл ойшоох улс төрийн агуулга бий гэж ойлгож болно. Саяхан хойд хөршид болсон төрийн ДУМ-ын сонгуульд дэлхийн 145 оронд байгаа оросууд саналаа өгснийг хэвлэлээр дамжуулж байна. Гэтэл манайхан таг чиг. Нэг үндэстний 10 хувь нь гадаадад амьдардаг Монголоос өөр орон дэлхийд тун цөөн. Орос орон асар уудам нутагтай, асар олон сая хүн амтай мөртөө иргэн бүрийнхээ оролцоог хүндэтгэн үзэж байна. Гэтэл монгол орон маш цөөн хүн амтай. Цөөн хүн амтай дээрээ иргэдийнхээ 10%-ын саналыг огт тооцохгүй явж ирлээ. Угтаа нэг орос хүний саналаас, нэг монгол хүний төрд оролцох жин, өөрчлөлт авчрах боломж нь илүү юм. Энэ онцлогоо харсан ч бид сонгуулийн хуульд энэ хүмүүсийн оролцоог оруулах, нэмэлт өөрчлөлтийг өөр аргагүй байгаа юм. Би хувьдаа хэд хэдэн гишүүдэд талархал илэрхийлмээр байдаг. УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, С.Оюун, Н.Энхболд нар энэ асуудлыг эртнээс дэмжиж ирсэн. Ямар хүмүүс энэ асуудлыг дэмжиж байгаа нь харагдаж байгаа биз. Эрүүлээр сэтгэдэг хэсэг нь бий. Бусад нь чихээ бөглөөд сууж байна.

-Технологийн дэвшил, бололцооны хувьд гадаадаас санал авахад боломжтой болсон гэж үзэж болох уу?

-Болно. Асуудалгүй байна шүү дээ. Хурууны хээгээр баталгаажсан бүртгэлээрээ интернэтээр саналаа өгч болж байна. Үүнийг одоогоор боломжгүй гэхэд шуудангаар болон Элчин сайдын яамд Консулын газраар дамжуулан сонгууль өгөх бүрэн боломжтой. АНУ-ын Вашингтон хотод гэхэд л 5000 монгол хүн байна. Энэ бол манай нэг багахан сумын хүн амаас хамаагүй илүү олон хүн гэсэн үг. Нийт монголчууд 150 мянга гэж үзвэл манай хүн ам дундаж 3-4 аймагтай дүйнэ. Энэ хүмүүс эх орон, гэр бүлээсээ хол жаргах гэж явсан юм биш. Мянганы сорилын сангаас илүүтэй манай эдийн засагт жилд 200-300 сая ам.долларын бэлэн мөнгийг тэд л шилжүүлж байна. Улаанбаатарт баригдаж байгаа орон сууцуудыг хэн авч байгаа юм, ах дүү нартаа хэн машин авч өгч байгаа вэ. Хөгжлийн ийм эгзэгтэй үед монгол улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахгүй, эрхийг нь зөрчөөд байж болохгүй. Гадаадад байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Ерөнхийдөө ямар ч улс орон сонгуулиа шударга хийж чадвал нийгмийнх нь ардчилсан, эрүүл байдлын итгэлцүүр болж байдаг. Сонгуулийн үйл явцаас улс орны үнэт зүйлс, ардчиллын баталгаа нь харагддаг. Тиймээс манай ардчилал бодитой юу, үгүй юу гэдэг Монгол Улсын хувьд маш том анхаарлын тэмдэгтэй байна. Манай гишүүд улс төрийн эр зориг гаргаж, универсал шийдвэр гаргаач, нийгэм, залуучуудынхаа хурдаас битгий хоцрооч л гэж хэлмээр байна.

-Элчин сайдын яамдаар дамжуулан сонгууль явууллаа гэхэд Солонгос, АНУ-д байгаа монголчуудын тоо л 60 мянгад дөхөх юм биш үү?

-АНУ-д 20 гаруй, Солонгост 30 гаруй мянга байна. Америкт F1, J1 визтэй оюутнууд 7000 бий. МУИС-д сурч байгаа оюутны тооноос бараг илүү байгаа биз. Энэ бол маш сайхан мэдээ. Энэ олон залуучууд гадаадад дэлхийн төвшний мэдлэг эзэмшиж байна гэсэн үг. Ийм байхад гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг манай төр засгийнхан орхисоор өнөөг хүрч байна. Сайн дурын хэдэн холбоод л юм хийж байгаа харагддаг. Миний бодлоор тэдний саналыг авна гэдэг эргээд тэднийг эрх оронд нь авчрах хар хайрцагны бодлого байх ёстой. Энэ төр миний саналыг авдаг юм гэж боддог хүн өөр байна шүү дээ. Тэгэхгүй бол монголчууд олноороо цагаачилж байна, олон хүүхэд эрлийзжлээ. АНУ-д л гэхэд 1000 монгол хүүхэд төрсөн байдаг. Тэд монгол хэл, соёлоо мартаж байна. Mөн л бусад шиг АНУ-д 10-аад жил амьдрахдаа Монголчуудынхаа туулж буй зовлон бэрхшээл, бодит амьдралыг би сайн мэднэ. Харин Монголдоо байгаа хүмүүс тэдний зовлонг бас сайн ойлгодоггүй тал ажиглагддаг. Одоо АНУ-д байгаа монголчууд нэгдсэн холбоотой. Европ дахь Монголчуудын холбоо хэд хоногийн өмнө байгуулагдлаа. Тэд Цагаан сар, Наадмаа тэмдэглээд, эрдэм шинжилгээний хурал хийж, Монгол хэл соёлоо авч үлдэх зүйлсийг иргэдийн сайн дурын оролцоогоор чадах чинээгээрээ хийж байна. Энэ хүмүүсийн саналыг огоорч боломгүй байгаа юм.

-Гадныхнаас саналыг нь авах зардлыг яг хэд гэж тооцдог юм бэ?

-Гадаадад байгаа монголчуудаас санал авахад хоёр сая ам.доллар хэрэг болно гэж СЕХ 4 жилийн өмнө хэлж байсан. Ийм мөнгө бидэнд байхгүй гэж ярьж байсан. Одоо өссөн байж болно. Гэхдээ л мөнгөний хувьд юу ч биш. 20 ширхэг Ланд Круйзер. Төсөвт тусгасан олон их наяд төгрөгөөс энэ ардчилсан нийгмийн суурь болсон ЧӨЛӨӨТ СОНГУУЛЬ-д 10 тэрбум төгрөг зарахад ардчиллын үзэл санааг дэвшүүлсэн грекийн гүн ухаантнууд лав баярлах байх. Улаанбаатараас 50 хүн л хуваагдаад 10 газар руу ниснэ биз. Энэ асуудал биш. Намууд өөрсдөө мөнгөө гаргана шүү дээ.

-Гадаадад байгаа монголчуудыг нэг тойрог болгож УИХ-д төлөөлөлтэй байлгах хувилбарыг зарим хүмүүс ярьдаг юм билээ?

-Нэг биш нэлээд хэдэн тойрог болох боломжтой. Манай хамгийн цөөн хүн амтай аймгийг хэд нугалахаар хүн гадаадад байна. Гишүүд хоорондоо хэдхэн зуун хүний зөрөөгөөр ялж, ялагддаг. Ийм байтал гадаадад байгаа монголчууд жинхэнэ санал хуваагч, сонгуулийн дүнг өөрчлөх хүмүүс л дээ. Тэгэхээр Ази, Европ, АНУ-ыг харьяалсан гурван тойрог ч байж болно. Гадаадад байгаа сонгогчдын төлөөлөл нь их сонирхолтой бүтэцтэй. Ерөнхийдөө дундаас дээш төвшний хүмүүс тэнд байгаа. Гэтэл эх орондоо байгаа сонгогчид дунд өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс олон бий. Тэдэнд 1,5 сая төгрөгийн амлалт сайхан сонсогдоод байна. Гэтэл гадаадад байгаа хүмүүсийн хувьд энэ мөнгөө цуглуулаад нэг ч гэсэн эмнэлэг баримаар байна гэж ярьдаг. Ийм их ялгаа байна. Улаанбаатарт иргэд цэцэрлэгт хүүхдээ өгөхөд хүртэл авлига өгдөг гэж гадуур яриад байна шүү дээ. Иргэдээ хүртэл авлигачин болгодог ийм нийгэм, төр байна. Дахин хэлэхэд УИХ-ын бүх намын дарга нар, гишүүд нарт уриалмаар байна. Гадаадад суугаа иргэд тань үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж чадалгүй 20 жил боллоо. Тэднийхээ сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж өгнө үү. Хэрэв үгүй бол бид “доголон” ардчилалтай орон хэвээр үлдэх болж байна.

-Гадаадад байгаа монголчуудад зориулж Засгийн газар “Зөгийн үүр” гэдэг хөтөлбөр гаргасан шүү дээ. Үүнийг та юу гэж үзэж байна. Өгөөжөө өгөх болов уу?

-Санаа нь бол зөв. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл гэж байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл. Уг байгууллагын суурийг тавьсан С.Баяр ерөнхий сайдад харин талархах ёстой. Гэхдээ уг төслийн үйл ажиллагаа нь байгаа олохгүй байгаа юм болов уу. Яаж тэднийг татах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Гадаадад төгсөөд ирсэн хүнийг өндөр цалинтай ажилд авч байгаа хувийн хэвшлийг татвараар дэмждэг, орон байраар дэмждэг байх гэх мэт томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай. Гэхдээ энэ чиг рүү ажил хийгдэх байх аа. Cайн мэдээ гэвэл гадаадаас Монгол руугаа буцан ирэгсэдийн тоо жилээс жилд өсч байна. Сайн боловсон хүчний хувь нэмэр Монголын нийгмийн бүх салбарт дутагдаж байгааг тэд нөхөх болно шүү дээ.

Ярилцсан сэтгүүлч Ө.Батхүү

No comments: