
Харин өдөр тутамдаа эх орны эдийн засгийг тодорхойлох Оюу толгойгоос бусад асуудлаар сонин уншилгүй маш уджээ. Удах ч гэж дээ, Монголд хамгийн сайн гэж боддог ч харамсалтай нь хэвлэгдэхээ больж буй "Цаг төр" (Newsweek-г жишиг болгодог юм шиг санагддаг) , цөөн хувь зарагддаг "Үндэстний тойм" (TIme-сэтгүүлийг жишиг болгодог?) -г л голчлон уншдаг. Өөр олигтой сэтгүүл ховор шүү, энэ жанрт бол. Өдрийн сонин, Өнөөдөр сонинг байнга цүнхэлж явдаг ч хүн хүлээх бас өөр нэг үеэс бусад үед бараг уншиж амждаггүй. Бусдыг нь нэтээс эсвэл ажлын шугамаар захиалдаг Time, Forbes, Business week (гайгүй үнээр дистрибюшн хийдэг Монголын нэг компани бий, хаяг нь хэрэгтэй бол хэлээрэй), болон имэйлээр уншдаг Google alerts, news.mn, dayarmongol.com-г хааяа хэсч Цахим өртөө сүлжээний анд нараасаа үлдсэн мэдээллээ авдаг. Гэхдээ нэг мэдээний гарчиг залхуу-сонин-уншигч намайг мэдээг бүтнээр нь уншихад хүргээд болсонгүй. Энэ бол Монголын томоохон утасны оператор 3 компаниуд нийлж, бараг дэлхийн утсан харилцааны бизнест огт гарч байгаагүй business ethics - бизнесийн ёс зүйгүй үйлдлийг их л бахархангуй хийсэн тухай мэдээ!
Toвчдоо news.mn дээр сурвалжлагч Ж.Нямсүрэн ингэж бичжээ:
"Үүрэн телефоны үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн хэрэглэгчид наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн хэрэглэгчид рүү яриа хийх боломжгүй болжээ. Ямар ч тайлбар мэдээлэл өгөлгүйгээр ийнхүү шийдвэр гаргасан нь олон мянган хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. “Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг үүрэн телефоны оператор компаниуд “Жи-Мобайл” компанийг Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоог нэгтгэн хоорондоо 0 төгрөгөөр ярих боломж олгосныг эсэргүүцэж, ийнхүү тус компанийн хэрэглэгчдийг өөрсдийн сүлжээнд хамрагдах утсанд холбогдож, ярих эрхийг хаасан бололтой."Тийм ээ. Жи-Мобайл аливаа гэрээ контрактыг үл хайхран буруу алхам хийсэн байх эсэхийг би мэдэхгүй, бас үгүйсгэхгүй. Ямартаа ч хөндлөнгөөс дүгнэхэд тэд зах зээлийн хуулиар "энэ нь бололцоотой зүйл" хэмээн үзэж утасны төлбөрт барууны иргэдээс илүү өндөр төлбөр төлдөг Монгол хэрэглэгчидэд competitive-өрсөлдөхүйц сайн, хямд үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь өрсөлдөгч 3 операторын гэдэнг хөдөлгөжээ. Гэдэн хөдөлсөн 3 маань олон нийтэд ямар ч анхааруулга хийлгүйгээр (нууцаар гэсэн үг) 2 сая хэрэглэгчийн эрхэнд ичгүүр сонжуургүй шууд л халдлаа. Тэд өчигдөр Өнөөдөр сонинд хэвлүүлсэн мэдэгдлээ 7 хоногийн өмнө сонинд тавихгүй яав аа? Тасалсан хойноо мэдэгдэл хийж хэрэглэгчдийг доромжилж байгаа нь одоо "сонгодог aлхам" юм уу? Жи-Мобайлын хэд хоногийн бизнес, нэр хүндэд халдахын тулд Жи-Мобайлын 200,000 хэрэглэгчийг тоодоггүй юм аа гэхэд Мобиком хэрэглэдэг, гэхдээ Жи-Мобайлын утас хэрэглэдэг найз, ах дүү, бизнес харилцагчтайгаа харьцах гэсэн миний, таны эрхийг хаадаг нь ямар учиртай вэ? Өөр арга замаар шийдэх бололцоогүй байсан гэж үү? Энэ хооронд гадаадаас Монгол руу business call хийж байсан мянга мянган харилцагч нар ямар байдалд орох вэ? Монголын ард иргэдийн ахуй амьдрал, эдийн засагт tangible болон intangible loss, хэр их хөнөөл учруулж буйгаа ухамсарлахгүй байна гэж үү? Эх орны зах зээлийн эргэлт, үйлчилгээний соёл, техникийн дэвшлийг тэргүүлж яваа үүрэн телефоны операторууд наад захын бизнес ёс зүйгүй, ийм бүдүүлэг алхам хийснээрээ өөрсдийнхөө бизнесийн нэр хүндийг уландаа гишгэж чадлаа.
Утасны төлбөрийг багасгах түмэн бололцоо байдаг ч Харилцаа холбооны зохицуулах хорооноос болоод бид үнээ буулгаж чаддаггүй маягийн юм ярьдаг утасны операторын компаний нөхдүүд нэгнийгээ үнээ буулгахад нийлж байгаад boycott хийж байгаа нь үнэхээр инээдэмтэй санагдаж байна. Миний үе үе сэжиглэн боддогоор Жи-Мобайл нь Америкийн Sprint-ийг дууриадаг л даа (маркетинг, брэндинг тал дээр). Sprint-ийг олон жил хэрэглэсэн миний бие тэдний үйлчилгээг сайн мэднэ. Sprint -ийн хэрэглэгчид хоорондоо үнэгүй ярьдаг. Ажлын өдрүүдэд орой 7-оос өглөөний 7 хүртэл мөн хагас бүтэн сайнд хаашаа ч хамаагүй үнэгүй ярьдаг. За Александр Грэхэм Беллийг төрүүлсэн (well, Scotland -аас ирсэн цагаач мөн ч тэр бол Америкийн бүтээгдэхүүн, яг л олон зуун ухаантнуудын адил тэрбээр чухам тэнд л нээлтээ хийх бололцоог олсон юм) Америкийн үүрэн утасны компаниуд хоорондоо өрсөлдсөөр байгаад ийм ийм үйлчилгээтэй болсон нь ойлгомжтой. Гэтэл энэ чигийн алхамыг түрүүлж, зориглож хийсэн нь Жи-Мобайл. Тэд гол нь "утасны үнэ маш хямд байж болно" гэдгийг тунхагласан нь том ололт. Гэтэл хэрэглэгчид биднийг Мобиком, Скайтел, Юнител нар арай л их дээрэлхэж байна.
Бодвол энэ компаниудад зориулсан тоглоомын дүрэм буюу тэр баталсан журам гээч нь байдаг л биз. Гэхдээ л тоглоомын дүрэм их ойлгомжгүй (G-Mobile ойлгохгүй байх хэмжээний), эсвэл үнэхээр "хөгийн" учраас G-Mobile ийм алхам хийжээ. G-Mobile-ийг буруутгахдаа тэд сүлжээний ачааллыг хэт нэмэгдүүлж, доголдол учруулна гэсэн бүр маш тэнэг гэмээр тайлбар хийсэн нь асуудлыг бүр хөгжилтэй болгож байгаа юм. Тэд бусдын (Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоо) даацад санаа зовох хэн бэ? Үйлчилгээний даацыг шаардлага гарвал нэмэгдүүлдэг, эрэлт-нийлүүлэлтийн зарчмаар.
Гэтэл энэ 3 операторыг буруутгаад гайхаш бараад сууж байтал G-Mobile зөрүүлээд бас л их харалган гэмээр мэдэгдэл хийжээ. Тэд "гадны хөрөнгө оруулалттай" гэх мэтээр нөгөө 3-аа "муулж" байх юм. Аливаа улсын хууль тогтоомжын дагуу ү/а эрхэлж буй бол гадны дотны гэж алагчилахгүй байх нь наад захын бизнесийн ёс зүй. Тэр дотоодын үйлдвэрлэл г.м асуудал нь төрийн хар хайрцагны бодлогод байдаг л юм байгаа биз, гэхдээ үүнийг аливаа институт олон нийтэд ингэж ярьж хэлэх нь олон улсын хэмжээнд Монгол улсын нэр төрийг гутаасан, ирээдүйн гадны хөрөнгө оруулагчдын бөөлжисийг төрүүлмээр үг болжээ. Энэ үгийг хэрэглэгчид, масс хэлсэн бол өөр хэрэг, харин бизнесийн байгууллага шууд "aрьс өнгөөр ялгаварлан гадуурхах" үзлээр хандаж эхэлж байгаа нь үнэхээр ичмээр хэрэг боллоо. Ер нь монголчууд бид хамгийн их racist хүмүүс байх шүү.
За үнэндээ, Монголын бизнесийн салбарт олон сайхан мэргэжилтнүүдийг бэлтгэж, бизнесийн салбарт ч татвар төлөлтийг ч тэргүүлж буй, зарчимчаараа дэлхийд гайхагдсан Япон школаар хөгжсөн Мобикомын (татвар төлөлтөөр ГОК-ийн дараа Монголд 2-т ордог, гэхдээ хувьцааны 40% нь Монголын, үлдсэн нь Японы 3 компанид.) удирдлага ийм алсын хараагүй алхам хийж байгаад маш их гайхахын зэрэгцээ урам хугарлаа. Уучлаарай, анд найзууд минь, бид болоогүй юм байна! Бид бизнесийн зах зухаас л суралцаж буй хүмүүс юм гэдгийг Мобиком, Скайтел, Юнителийн үйлдэл шууд нотолж өглөө. Нотолж, энэ фактыг дахин ойлгуулж өгсөнд баярлалаа! Ер нь тэр Баабар гуайн "үе өөрчлөгдөж байж...." гэдэг онол үнэн болох нь алхам тутамд батлагдаад байна. Бизнесийн ёс зүй гэснээс MCS Coca Cola-ийн ундаан дотор хүн үхсэн тухай мэдээ цацсан явдал, энэ мэтийн мессежийг уухайн тас цааш нь тараагаад байгаа энгийн хүмүүс, TV chat гэж гэмт хэргийн уул уурхай (ТВ-ийг танилцья булан, хүн захиалгаар хороолгох зарын талбар болгож байгаадаа зарим ТВ-үүд та нар ичээч! Ердөө мессеж тутмын 120 төгрөгийн ашгийн төлөө та нар Монгол хүний амийг солихдоо санаа зовохгүй байна гэж үү? Аль хэдийнэ сольчихлоо шүү дээ.), мессенжерээр бие биеэ хорлох гэсэн компаний ажилтнууд аа! Бизнес этик гэж юм мэддэггүй юм бол ядаж хүн чанар гэж зүйлийг мэдмээрсэн? Сүүлд дэлгэрээд буй spam message, ер нь cyber-etiquette-ийн талаар дараа тусад нь бичимз. Бизнес этикт суралцацгаая, элэг нэгтнүүд ээ...
....Монголын хөгжил жамаараа л явж байгаа. Монгол хүний хөгжил, бизнесийн хөгжил ч гэсэн. Гэхдээ бид өөрсдөөс шалтгаалах зүйлс дээр алдаа хийж баймааргүй байна. Өөрчлөлтөд хугацаа ордог юм байна гэдгийг ойлгосон, гэхдээ хичээвэл түргэтгэж бас болдог...