Showing posts with label ялзрал. Show all posts
Showing posts with label ялзрал. Show all posts

10.15.2009

Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа

Монголчууд бид үнэхээр хүн муулах дуртай хүмүүс үү? Аль ч оронд ийм "хоббитой" хүмүүс байдаг л байх. Гэхдээ манай нийгэмд арай л ихдээд байгаа юм биш үү? Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэж нэг үг байдагсан. Саяхан Токиод ажилладаг нэгэн доктор ахаас нэг томоохон вэбсайтны доор бичсэн сэтгэгдлийг устгуулах шаардлагатай болсон тухайгаа, мөн тэр вэбсайтад байтугай цахим ертөнцөд материалаа хэвлүүлэх ямар ч хүсэлгүй болсноор тогтохгүй ерөөс хэвлүүлэхээ больсон тухайгаа дурдсан цахидал (цахим шуудан) ирэхэд нь түүний өмнөөс сэтгэл гонсойж билээ. Тэр хүн бол хэд хэдэн ном гаргаж, дэлхийн томоохон институтэд судалгаа хийдэг, Монголын орчин цагийн шилдэг эрдэмтдийн нэг. Ийм жишээ олныг дурдаж болно. Ямар сайндаа нэг вэбсайтын редактор хийдэг танил маань оюунлаг, шударга шүүмж бүхий сэтгэгдэл бичих компанит ажил хийх юмсан гэж ярьж яваx билээ. Муулуулдаггүй, үгийн муухайгаар доромжлуулдаггүй нийтлэлч гэж манай Монголд лав үгүй биз ээ. Уг нь МУУЛУУЛДАГ биш ШҮҮМЖЛҮҮЛДЭГ байвал зорилгоо онохсон? Хамгийн гол нь манай монголчууд бид тухайн нийтлэлчийн бичиж буй сэдвээс тэс ондоо зүйлээр "сэтгэгдлээ илэрхийлж", аль болох нөгөө хүнээ өөлөх, өөлөх юм олдохгүй бол санаанаасaa зохиож муулах, аль болохоор түүнийг доош хийж "өөртөө сэтгэлийн таашаал авах" зорилгоор бичих хоббитой ажээ. Та бүхэн News.mn, Olloo.mn гээд монголын хамгийн их уншигчтай вэбүүдийн сэтгэгдлийг харсан л биз. Гэтэл washingtonpost.com, nytimes.com дээр барууныхан ямар сайхан сэтгэгдэл бичиж, буруушаасан ч тухайн сэдэвтэй холбоотойгоор ул суурьтай, шударгаар мэтгэлцэж, бичигч этгээдийг зориудаар гутаан доромжлохгүйгээр соёлтойгоор үзэл бодлоо илэрхийлж, тэр нийтлэлчийг гэхээсээ өөрсдийгөө хүндэтгэж чадаж байна аа. News.mn дээр Баабар гуайн бичсэн олон сонирхолтой нийтлэлийн доор бичсэн сэтгэгдлийн 30 хувь нь түүнийг магтан дуулсан байхад үлдсэн хэсэг нь энд иш татахын аргагүй муухай үгсээр гүтгэн доромжилогсод байх бөгөөд үүнээс ойролцоогоор 5 орчим хувь нь тухайн сэдэвтэй жаахан холбогдолтой, гэхдээ ихэд гүехэн сэтгэгдэл үлдээсэн байх нь элбэг. Бусдыг дандаа доромжилж, гутаахыг оролддог, гүтгэн гоочилж сэтгэлээ зогоон амьдарч, ингэснээр өөрсдөө feel better болдог, нэрээ нуугч хүмүүст хандаж юм хийж бүтээхийн төлөө тэмцдэг, ядаж л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахыг зорьж бичиж нийтэлж, нийтлэгдэж ирсэн, хэнээс ч дутахгүй боловсорсон найз нарынхаа (эдний дунд атаархагчидтай харьцуулшгүй чадвартай, дэлхийн томоохон компани, эрдэм шинжилгээний институтэд ажилладаг, дэлхийд алдартай их дээд сургууль төгсөгчид, урлаг спортын өндөр амжилт гаргасан олон хүмүүс бий) өмнөөс хоёр л үг хэлмээр санагддаг: 1. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа! 2. Хүн муулахаасаа өмнө өөрийгөө толинд нэг сайн хараарай. (Тэгээд үнэхээр энэ хүнээс илүү юу үгүй юу гэдгээ сайтар тунгаан бодоорой. Хэрэв таны амнаас ийм л бузар үг гарахаас өөр гэгээлэг, шударга шүүмж гарахгүй нь тодорхой бол, нэг зүйлийг сайн ойлгох хэрэг гарна: Түүний чигчий хуруунд ч хүрэхгүй, өрөвдмөөр амьтан болохуйгаа) Чухамдаа ийм өөрсдийгөө хүндэтгэдэггүй тамын тогооны үлгэрийн баатруудыг нийтлэлч Баабар гуай нэг онож хэлж билээ: "Жорлон, корридорын хананд юм сийчдэг байсан хүмүүс одоо web comments бичиж байгаа нь тэр" гэж. Технологи талаасаа дэвшил мэт авч, сэтгэхүй талаасаа бол доройтол хэвээр байгаа нь энэ бөлгөө. Шүүмжилмээр байгаа бол бүү муулагтун, харин зүгээр л шударгаар шүүмжил! Хүний биеийн гоо сайхныг шүүмжлэх хэмжээний бурхнаас заяасан сайхан эрэгтэй, эмэгтэй мөн гэж өөрийгөө бодож байгаа бол хамаатнуудаа нэг бодоод үзээрэй. Тэр дунд чинь намхан, бүдүүн хүн заавал нэг олдох вий! Бид чинь 21 зуунд амьдарч байна шүү дээ монголчууд аа! Ядаж л битгий гүтгэ. Бид өөрсдийгөө ингэж доош чирээд байвал... нэг л өдөр муулах хүнгүй болж ирнэ шүү.

Блогч Гампын бичсэн нэг ёгтлол их таалагдсан. Үүнийг уншихад инээдтэй ч бас л эмгэнэлтэй санагдaх вий:

Бүх хүн надаас муу

Би хүн муулах дуртай. Хүн муулахаар л хамаг биений хөлс асгараад явчдаг гэж худлаа яриад ч яахав. Халуунд л хөлс гардаг бусад үед гардагүй хөдөөний хөөн би. Тэхдээ л хүн муулкуу бол хамаг хор шар хөдлөөд - энэ надаас илүү гараад байхдаа яадын! - гээд дотор бачимдаад байдын. Тэгээл таньдаг таньдагүй, мэддэг мэддэгүй хэн ч байсан нэг нь хүн магтуул л хажуунаас нь ороод муулаад явчдаг болсон. Сүүлдээ бүүр мэргэших ч шинжтэй болж иржээнэ. Бүүр үүнгүйгээр амьдарч ч чадахаа больж ам нээвэл л муулаад унадаг болж.

Ингэжээнэ - зурагтаар нэг хүн гараад ирэнгүүт хүмүүс "Энэ яасан сайхан ярьдаг хүүв" гэжээнэ. Би наанаас нь "Аа худлаа худлаа, наад чинь сонин явдын байлээ" гэх жишээний. "Тэр их хөөрхөн хүүхэн шүү" гэнгүүт "Аа тэр чинь унгадаг л байж таараа", "Энэ их мундаг толгойтой хүн шүү" гэнгүүт "Тэхдээ наад чинь майгшд", "Энэ залуу шиг бакь болхийсон" гэнгүүт "Наадах чинь тэхдээ толгой муутай" энээ тэрээ гээл баахан шалтаг хайгаал үзээд байна. За миний унгадаг, бакь биш, ухаантай биш нь хэнд ч хамаагүй гол ингээл муулчууд хүмүүс намайг тийм юм шиг хүлээж аваад байгаам шиг надаа нэг л гоё мэдрэмж төрөөд байдын. Төгс төгөлдөр хүн байхгүй болхоор ямар нэг но олдож л таараа гээд үзээд байна шүү дээ. Олдкууу бол гүрдэж л орхино. Заавал ухаантай хүнийг ухаан муутай, сайхан хүнийг муухай гээд байх хэрэггүй зүгээр л магтаж байгаа зүйлээс нь шаал өөр зүйлээр муулаад байхад таараад таараад явчина шүү дээ.

Тэгээд үнэхээр хобби хөдлөөд унуул заавал бусдын магтахыг хүлээгээд байдаг залхуу зангаа больж иржээнэ цаад чинь. Шууд өөр хүмүүс гайгүй харагдаад ирүүл л гудамжанд ойролцоо явжаагаа хаа хамаагүй хүнд ч гэсэн муулаал унажээнэ. Энэ бас амжилт шүү. Танькуу хүмүүс хүртэл намайг мундаг гэж харж эхэлжаагаам шиг санагдаад иржээнэ. Шинэ мэдрэмж.

Хүн муулхад заавал ухаан, мэдлэг хэрэггүй харин ч жоохон маанагдууу байвал сүртэй болж ирдийн байна. Өөртөө баярлах ч шиг. За тэгээд мэргэшээд ирхээр хүн муулахаар жижигдээд ирж байна. Арай том зүйл барьж авмаар санагдаад байгууллагыг, бодлогыг, салбарыг, улс орныг, бүүр дэлхийг ч муулж болно. Энэ кампаан юмаа үнэгүй зарчихгүй хорголоо тоолсон, манай улс орны хар хайрцагны бодлого муу байгаан, зарим улс арай дэндүү ядуу шүү, дэлхий цаг агаар муу байшүү - энээ тэрээ гээл муулаад явхад болдог л юм билээ. Зарим нэг сэргэлэн гарууд өөдөөс тандаж асууна. “Санхүүгийн хямралын талаар дэлхийн банкны байр суурийг юу гэж боджээнэ вэ" - гэж мэгэж асуунаа. Би оогт сандралгүй "Аа би тэднүүсийг зөв хийвэл эрт хямралаас гарах боломжтой гэж боддог" гээл хэлж орхино. Хүмүүс өөрснөө мэдэдгүй хүн болкуун тулд дахиж асуухгүй дээ.

За тэгээд хүн муулдаг хамгийн шилдэг аргаа хэлий. Яах аргагүй надаас ухаантай, хөөрхөн, бакь, сайхан сэтгэлтэй, төгс төгөлдөрдүү хүн байлаа гэж бодийл доо яахав. Ямар ч хүнийг "аа энэ муу хужаагийн эрлийз, хужаа санаатай, хацар нүүр нь хужаа шиг, нэр нь хужаа шиг" гэж мэгээл хэлж л орхино. Энийг хэлхэд үгүй гэж өмөөрөх хүн олдкуу дээ. Үгүй гээл өмөөрвөл монгол хүн бүр өөрөө хужаа, хужаагын талын урвагч болчих гээд байдаг тул бүгд дуугүй л өнгөрдийн.

10.05.2008

Өврийн сайхан хангай ба Арвайхээр - 2

Түрүүчийн тэмдэглэлд санал сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Нэг зочин маань нэлээд ундууцсан сэтгэгдэл үлдээжээ. Таны санал шүүмжид маш их баярлалаа. Таны хэлсэнчлэн би энд хэн нэгнийг муулах санаа өвөрлөсөнгүй, Арвайхээрт очоод үзэж харснаа тэмдэглэсэн нь энэ байлаа. Харин энгийн ард иргэдийг зандарч, сүрдүүлдэг, шаардлагагүй үед биед нь гар хүрдэг цагдаа нарын ёс суртахууныг муулсан, бас өөрчлөгдөх ёстой нийгмийн ухамсарын түвшинг хэдэн талаас авч үзсэн билээ. Энүүхэндээ гэхэд бид өөрсдөд буй дутагдлыг олж харахгүй бол яахин засаж чадах билээ? "Би эх орондоо хайртай учраас хамгийн их шүүмжилдэг" гэж нэг ухаантан хэлсэн байдаг даа... Мэдээж бидэнд гарц хэрэгтэй. За ингээд хамтран орчуулж байсан номоо дуусгаж санаа амарсан тул блогоо үргэлжлүүлсү.

Junior Chamber International-ын Манлайллын академийн сургалтанд суусан бүх хүмүүстэй сайн найз нөхөд болж одоо ч заримтай нь холбоотой байдаг болсон. Нэг удаагийн сургалтад тус бүр 60 сонсогчтой 2 анги болж хуваагдаж тус бүр 2 өдрийн сургалтанд хамрагдсан билээ. Тэд 8 8 аараа баг болж, багтаа нэр өгч, зорилго тавьж, уриа зохиож, team building, leadership, time management, fish philosophy гээд голцуу манлайлал, менежментийн чиглэлтэй интерактив сургалтанд хамрагдав. Баг болж хуваагдсан залуус эцсийн өдөр томоохон төсөл санаачилж түүгээрээ тайлан, presentation хийж хоорондоо өрсөлдсөн юм. Сонирхолтой төслүүд олныг сэдсэн байлаа. Жишээлбэл Өвөрхангай аймагт улсын төсвөөс жилд 50 сая орчим төгрөгийг эмнэлгийн ор дэрний даавуу, хэрэгсэл, эмч сувилагчийн хувцасанд зарцуулдагийг нэг баг тогтоожээ. Харин "өртөг хямд" гэсэн шалтгаанаар Эрээнээс даавуу авч тэр даавуугаараа Эрээнд эмчийн хувцас, нөмрөгийг оюулдаг ажээ. Гэтэл Өвөрхангай аймагт ажил хайж буй 600 оёдолчин бий гэсэн тоо баримтыг ч тэд олсон байна. Өвөрхангайд тулгарч буй олон асуудлыг багууд сөхөн гаргаж түүний шийдлүүдийг олж байлаа. Сургалтын эцэст анх удаа 120-уулаа нэгдсэн энэ залуус нэгдэж чадсан энэ ололтоо үргэлжлүүлж, Өвөрхангайн Манлайлагч залуусын нийгэмлэгийг байгуулж ажиллахаар зориг шулуудсан гэнэ. Бидний зүгээс тэднийг цаашид дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. Одоо тэдний хувьд зорьсноо хэрэгжүүлэх нь чухал билээ.

Залуусын итгэл зоригт урам орсон миний бие эдгээр залууст зориулж хэдэн ном УБ-аас замын унаанд захиж авчруулахаар шийдэв. Энэ дунд өөрийн хамтран орчуулсан "Дэлхий бөөрөнхий биш", хамтарч бичсэн "Интэрнэт хэрэглэгчийн гарын авлага"-aaс гадна ЭМОС клубын гаргасан "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Өөрийгөө хөгжүүлэх нь" гэх мэт 10 аад төрлийн номууд байлаа. Сургалтанд суусан нэг андын ажилтай танилцах зуур түүнтэй хамтарч ажиллах нь зүйтэй юм байна гэж ойлгосон юм. Энэ залуугийн ажилладаг компани гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа 20 орчим сумд хүргэж өгдөг юм байна. Тийм ээ, алс хол сумуудад танзуур боов хүргэх зуураа бас хэдэн ном хүргээд тэндээ зарвал аштай юу даа. Энэ залуу ч хувиа авна, соёлын үр ч тэр хэрээр тархана шүү дээ. Ингээд Номун Далай дэлгүүрийн орон нутаг дахь анхны салбарыг байгуулах санаа төрөв. Дэлгүүрийн нээлтэд Өвөрхангайн залуус, сургалтад суусан анд найз нар маань өргөнөөр ирсэнээр барахгүй хямдралтай үнээр борлуулсан номын гүйлгээний дүн 500 орчим мянган төгрөгт хүрч намайг гайхашруулав. Тийм ээ, залуус номоор цангасан байлаа. 1, 2 дугаар арван жилийн дунд сургуулийн номын санд зориулж хэд хэдэн ном хандивлав.

Сургалт хийгээд УБ буцах байсан миний бие орон нутгийн сонгуультай танилцах үүднээс Арвайхээрт үлдэхээр шийдэв. Тун удалгүй сонгуулийн компанит ажил ч ид дундаа орж, Арвайхээр хот эгэл өдрүүдээс маш өөр уур амьсгалтай, ямар нэгэн үндэсний баяр болж байгаа ч юм шиг, баярын гэмээр ностарин дүүрэн. Харин ч сонгуулийн үеэр хамтлаг дуучдыг цуглуулж, яруу найраг унших гэх мэт олныг цуглуулсан урлаг спортын арга хэмжээ зохиож болохгүй гэсэн СЕX-ноос гаргасан дүрэм, журмын дагуу урд урд жилүүдээс маш тайван байгаа нь энэ гэнэ.

Монгол улсад ажилгүйдлийн хэмжээ сонгуулийн компанит ажлын үед л их буурдаг гэлтэй. Өвөрхангайчууд, ер нь хөдөө орон нутаг, аймгийн төвийнхөн сонгуулийн үеэр хийх ажилтай болж, гэр бүлийн орлого тодорхой хувиар нэмэгдэнэ. Өдрийн 5-15,000 төгрөгийн цалин авч сонгуулийн компанит ажилд ажиллах хөгшид, багш нар, эмч нар, төрийн албан хаагчид, мөн оюутнууд их. Оюутнууд болоод хөгшидийн ярианаас сонсвол энгийн үед ажил олддоггүй, харин тухайн намыг дэмжсэн дэмжээгүй гол нь цалинг нь бодож сонгуулийн компанит ажилд оролцож буй тухайгаа хуучилна. Тийм ээ, сонгуулийн үеэр л энэ хүмүүс ганц хоёр долоо хоног ажилтай болж байгааг нь бодоход харамсал төрмүй.

Арвайхээрийн зочид буудлууд бүгд битүү захиалгатай тул зочид буудлын өрөө олоход тун бэрх ажээ. Хаа сайгүй үнэтэй үнэтэй жийпүүд давхилдана. (Америкийн дундаж сэхээтнүүд ч бэлэн мөнгөөр авч үл дийлдэг энэ хүлгүүд Монголд маш их) Ихэнхи зочид буудал нь аль нэг намтай гэрээтэй, эсвэл тухайн нэр дэвшигчийн эзэмшилд байдаг бололтой. Тухайн нэр дэвшигчийн ажилдаг/ажиллуулдаг байгууллага, компаний ажилчид сонгуулийн компанит ажилд дайчлагдана. Аймгийн гал команд ч сонгуулийн үеэр их завгүй байсан болов уу. Юу гэвэл хотын өнгөтэй өөдтэй гэсэн самбарууд дээр бүх нэр дэвшигчдийн анонс хэмээх самбарыг өлгөх ажил тэднийг хэрэндээ завгүй байлгана.

Сонгуулийн компанит ажлын үеэр нэр дэвшигчдийн эсрэг сурталчилгаа мэр сэр нэлээд гарна. Хэн хэвлэсэн нь үл мэдэгдэх сонин сэтгүүл хэвлэгдэж, шөнийн цагаар айлын хашаан дээгүүр шидэгдэх бөгөөд өглөө нь хот даяар шуугиан тарина. Мөн АН болоод МАXН-ын сонгуулийн компанид ажиллаж буй хүмүүстэй ярилцах ахуйд хэн хэнийгээ нэлээд сайн муулах нь тодорхой. Жишээ нь эсрэг талын сурталчилгаанд явж буй машины дугуйн боолтыг сулруулсан тохиолдол нэлээд гарчээ. Үүнээс болж машин онхолдох асуудал ч ганц хоёр удаа болсныг нүдээр харсан гэрч ярьж байлаа. Үнэхээр харамсалтай! Үүнээс долоон дор юмс зөндөө болсныг үгүйсгэхгүй, яагаад гэвэл тэр зэргийн мэдээлэл надад олдохгүй шүү дээ.

Мөрийн хөтөлбөрийн хувьд АН-ын мөрийн хөтөлбөр надад илүүтэй санагдаж байлаа. Ядаж л тэд ард түмний санал бодлыг хүлээн авч мөрийн хөтөлбөрөө босгох ухаалаг сонголт хийсэн, зөв зүйтэй олон зүйлсийг тусгасан байв. PR, маркетингийн хувьд маш зөв зөв шийдлүүдийг хийж, МАXН-ын дэргэд илүү их хөдөлмөрлөж, бодож сэтгэсэн нь илт байв. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт ард иргэдэд уул уурхайн баялгаас олсон ашгаас 1 сая төгрөг өгнө гэсэн тэнэгдүү гэмээр амлалтыг анх сонсоод гайхал, цөхрөл төрсөн билээ. Дараа нь мөрийн хөтөлбөрөөс хуулахдаа гарамгай МАXН илүү мөнгө амлаж бүр тэнэгтэв. ЯАГААД эд ингэнэ вэ? гэсэн өөрийнхөө асуултад энд байх хугацаандаа хангалттай хариу олсон юм...

8.03.2008

Өврийн сайхан хангай ба Арвайхээр

Өнгөрсөн 6 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод JCI Mongolia-гийн Манлайллын Академийн сургалтыг зохион байгуулах ажлаар яваад тэндээ үлдэж Ардчилсан Намын сонгуулийн ажилд тусалж, хажуугаар нь орон нутагтай танилцах, мөн будлиантай явагддаг гэх сонгуулийн үйл ажиллагаатай танилцах сайхан завшаан гарав. Тийм ээ, Өвөрхангайн залуус шинэ мэдээлэл, урам зориг, эв нэгдэл, итгэл зоригоор "цангасан" байсан нь сургалт зохион байгуулах үед анзаарагдаж байлаа. 2 удаа явагдсан сургалтын эхний сургалтад 120 гаран хүн сууж, харин 2 дахь сургалтын бүртгэл явагдах үед 200 гаран хүн хандаж, нэгэнт суудлын тоо, заах багш, байр савын бололцооноос хамаарч 120 хүн л авах болсонд маш олон хүн сэтгэл гонсгор үлдэж байгааг харахад харамсалтай байлаа. Аймгийн төвийн шинэлэг, зориг тэмүүлэл дүүрэн, голцуу эмч, багш, хуүльч, төрийн байгууллагуудад ажилладаг энэ залуучуудын зарим нь сургалтад суух гэж сум хөдөөнөөс олон км явж ирсэн байхад 120 хүний тоонд багтаагүй зарим эмэгтэй нь энэ сургалтанд суух үнэхээр их хүсэлтэй байна гээд нулимсаа арчин зогсоход өрөвдөх сэтгэл төрж байлаа.

Багадаа хэдэн удаа зуны амралтаар аав, ээжийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн хангай нутагт эрүүл агаарт хөдөө амрах гэж машинаар явж үзсэн. Ээжийн хийж өгсөн хөх даалимбан тэрлэгийг өмсөөд, аавынхаа шляпан малгайг духдуулж, том гэгчийн шар дурдан бүс зүүгээд, Эрхүүгээс авчирсан гэх шинэ бакалан гутал өмсөнө. Миний мал маллах гэж юу байхав дээ, охид голцуу үеэлүүдтэйгээ хамт өглөө сүү саалийн үеэр тугал татаж, ууланд гарч гишүү түүнэ, заримдаа өдөржин үхэр тууна, орой нь айраг бүлнэ. Айлын эрх хүүхдийг мориноос чиргүүлдүүлээд юүхэв гээд намайг морь унуулдаггүй байлаа. Хааяа гуйж гуйж нэг унадагсан. Харин 4-р анги төгссөн зун голдуу үхэр тууж өнжсөн, үеэлийнхээ хамт зунжин үхэр туухдаа англи хэл үзэж, өдөрт 10 үг, заримдаа 20 үг цээжилсээр 500 ширхэг англи үгтэй УБ буцсан нь тэр зун хамгийн том богц байжээ. Ингээд 5 дугаар анги төгссөн жилээсээ хойш 15 жилийн дараа анх хөдөө явж байгаа нь энэ.

Өвөрхангай үнэхээр сайхан байгальтай юм аа. Тийшээ очих замыг давгүй сайхан тавьсан ч энд тэндээ нүх ихтэй тул өөрийн эрхгүй болгоомжлол төрнө. Элсэн тасархай, Онгийн гол өнгөрөөд уул хад, ногоон зүлгээр чимсэн үзэсгэлэн төгс нутгийг харахуйяа сэтгэлд нэг л онцгой. Нийт 6 цаг давхиад Арвайхээр хотод ирлээ. Хүүхэд байхдаа харж байсан жижиг хот хэмжээний хувьд бараг хэвээрээ, харин зочид буудал, банкны салбарууд, дэлгүүрүүд нэмэгджээ. Ер нь хуучны социалист нийгмийн үе
ийн аймгийн төвийн өнгө төрх, үнэр хэвээрээ.

Нутгийн зөвлөлийн ордны том талбайн өмнө машинаа паркаллаа. Талбайн дунд нэгэн гэрэлт хөшөө байхуйг очиж сонжвол Монголын хамгийн анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн, мөн ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн гуайн гэгээн дурсгалд зориулж, нэрсийг нь Монгол бичгээр шивсэн чулуун хөшөө байлаа. Их хүмүүсийн чулуун дээр сийлүүлсэн төрхийг харан зогсохуйд цээжинд хүндэтгэл хайрын гал асах сацуу П.Гэндэн гуайн шударга бус хэлмэгдүүлэлт, ЗХУ-д хэрцгийгээр цаазлуулсан явдал санаанд орж зүрхний угт гуниг төрүүлнэ.

Ингээд сургалт явуулах байр сав олж, бүртгэлийг орон нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хийлгэхээр болж, нутгийн ФМ радио, телевизээр зар явуулав. 3 хоногт хийх ажил үндсэндээ эхний өдөр дуусчихав. Учир нь Арвайхээрт ажил амжуулахад их амар юм. Өдөрт 10 байгууллагаар орох ёстой байсан ч ажил амжина, яагаад гэвэл бүгдээрээ л хэд алхамын зайтай, голдуу дээр дурдсан талбайг тойрч байрлана. Харин УБ-т бол маш их цаг авах ажил болох нь тодорхой.

Нутгийн зөвлөл буюу хуучнаар Аймгийн захиргааны өмнөх талбайг тойроод сонгуульд оролцож буй хүмүүс, нам эвслийн уриа лозунг, хотынхны ярьж хэвшснээр бол анонс гэх самбарууд хаа сайгүй. Ер нь хамгийн олон, хамгийн том анонс өлгөсөн нам, эсвэл нэр дэвшигч ялчих гэж байгаа юм шиг л. Нууцгүй хэлэхэд үе үе энэ нь эргээд Мао Зэдунг, Ким Ир Сен, Цэдэнбалыг санагдуулна. (Бидний үеийнхэн азтай гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл бид коммунизмын шувтарга үед буюу 70 аад оны сүүл, эсвэл 80 аад онд төрсөн, сүүлчийн Могикан гэдэг шиг хамгийн сүүлчийн пионер болж үзсэн, бас Хонхны дууг амьдаар нь сонсож, картны бараанд оочерлож, Кока колаг одоо төрж буй хүүхдүүдээс арай өөр мэдрэмжээр ууж таньсан, приставка, холливүүд, МТV, Интернэт гэгч зүйлстэй анх танилцаж, ардчилалын үр шимээр баруунд гарч боловсрол эзэмших бололцоо олдсон цаг үед өсч торнисон гэдэг утгаараа бидний үе их азтай, бас хариуцлагатай...)

Арвайхээрт мэдээж олон ресторан, клуб байхгүй. "Isabelle's" гэдэг сонин нэртэй зоогой (бүр сүши мэнютэй шүү :), бас "Aлтан холбоо" гэж зоогой (ресторан) бий. Xоол нь бол УБ-ынхаас хамаагүй хямдхан, гэхдээ гоц сайн биш нь тодорхой. Ганцхан том шөнийн клуб бий бөгөөд үүнийгээ "New Leader" гэж нэрлэжээ. Ер нь бол их сонирхолтой нэр сонгодог хүмүүс юм гэж бодогдохоор :)

Ерөнхийдөө дунд сургуулийн удирдлагаас авахуулаад театрын дарга, цаашилбал бүх удирдах албан тушаалыг МАXН-ын гишүүд эзэлдэг гэнэ / юм байна. Хүмүүсийн байгаа байдал, харьцаанаас хуучны соц орны үнэр ханхална. Хамгийн хачирхалтай нь орой 8 цагт бүх дэлгүүр хаана. Бүх ресторан (нөгөө хөгжилтэй нэртэй 3 газар, бас бусад жижиг пабууд) 11 ээс хаана. За архи, шар айргийг 8 аас хойш заруулахгүй гэдэг хуультай дүрэмтэй бол ойлгож болж байна. Гэтэл бусад хүнсний барааг энэ хотод 8 цагаас хойш авах боломжгүй байна гэдэг бол ёстой ойлгож болмооргүй зүйл санагдлаа. Хүн 8 цагаас хойш гэртээ хүнс цуглуулж яагаад болохгүй гэж, эмэгтэй хүний сарын тэмдэг ирвэл яах вэ?

Нэг удаа Алтан холбоонд сонин уншаад, тухтай нь аргагүй өдрийн ундаа идээд сууж байлаа. Ер нь хотын соёлтой, боломжын ажил эрхэлдэг, мөнгөтэй хүмүүс энд хооллодог гэж нутгийнхан ярих. Гэтэл рестораны корридороос орилох чимээ гарахад нь гүйж очвол нэг 30 гаран насны залуу 50 гаран насны эрийг юу юугүй зодож нүдэж байхыг харлаа. Аль алинаас нь архи үнэртэнэ. Тэнд байгаа хүмүүсийн хэн нь ч тэр хүнийг салгах янз алга. Би очиж "aхмад хүнийг битгий ингэж зод", "одоо боль, бид тайван хоолоо идмээр байна" гэж гуйлаа. Зодож буй залуу намайг "чи хэн юм?" гэсэн шинжтэй эргэж нэг том харснаа зогтусч, арай зөөлрөв. Гэхдээ л түүний уур хилэн дотроо багтаж ядаж буйг, харах царайны мунхаг хүн болохыг хараад энэ хүнтэй юу яриад ч хэрэггүйг ойлголоо. Ресторанд ажилладаг охид, менежерийг харж байхад ийм зүйлд хэдий нь дасал болсон шинж нүдэнд илт. Цагдаа дуудахыг олон удаа тэдэнд сануулсан боловч хэн нь ч дуудсангүй. (УБ хотод ч мөн ялгаагүй, ийм явдал их) Ингээд хэдэн ширээ дамжиж гүйж байж арайхийж цагдаагийн газрын дугаарыг олж авч цагдаа дуудлаа. Энд тэндгүй байнга холхилдох цагдаа нар бодсоноос нэлээд удаж ирэв. Зодож ханасан залуу VIP өрөөндөө ороод хэсэг хүмүүстэй тухтай нь аргагүй хоолоо идэж суух. Ингээд би цагдаа нарт энэ хүнийг торгох, бас эрүүлжүүлэхэд хийж, зодуулсан хүний хохирлыг барагдуулах ёстой тухай ярьж гарлаа. Ер нь хүн зоддог танхай этгээд, бас цагдаа нар намайг танихгүй хэлээр ярьж байгаатай адил хачирхсан байдлаар л харах. Ингээд аргагүйн эрхэнд энэ хүнийг аваад явсан боловч хүмүүсийн ярихнээ энэ хүн тэнд нэг их удахгүй суллагдана гэнэ. Яагаад гэвэл хот маш жижиг тул хүмүүс бие биеэ сайн таньдаг, нэг таньдаг хүндээ хэлээд зүгээр суллагдаад явах нь тодорхой гэнэ. Зодсон нөхөр нь ч ийм зүйл байнга хийдэг танхай нэгэн гэнэ.

Тэгэхээр дээрх үндсэн ажлаа хийдэггүй цагдаа нар ямар ажилдаа сайн гээч? Тэд ресторан, клуб хаагдахаас өмнө наад зах нь 10 минутын өмнө 5-
ааc 10 -уулаа ирж хотын захирагчийн гаргасан үүрэг нэрээр тэнд байгаа хүмүүсийг хөөж тууж, хаалгыг нь бариулах ажилдаа үнэхээр гарамгай! Нэг удаа 22:50 ын үед ирээд бүх хүмүүсийг тонилохыг шаардав. Цаг 23 цаг бус 22:50 болж буй тухай би тэдэнтэй маргав. 23 цагаас хаалга барих ёстой болохоос та нар хоолоо идэж буй хүмүүсийг хөөх эрхгүй талаар олон удаа хэлээд ойлгох царай алга. Хүний эрх, ардчилалын үнэт зүйлийн тухай ярихад тэд дэмий л зогтусч гайхан харна. Олон зүйлд амаа хамхиулж эгдүү нь хүрсэн, надад уурласан цагдаа нар 2 хоногийн дараа уг рестораны лицензийг хурааж санаагаа амраажээ. Мэдээж энэ рестораны эзэн гайгүй танилтай нэгэн тул лицензээ өдөрт нь бас буцааж авсан байна, мөн бусад рестораныг хаасны дараа эднийхийг ирж хааж байх тухай "гэрээ" хийсэн тухай үйлчлэгч охиноос дууллаа. Хэхэ. Ер нь цагдаа нар орж ирж зандарахад эд нартай юм яриад нэмэргүй гэсэн янзтай хүмүүс гүйхээгээрээ гарч буйг, ард иргэд нь бүр номхон дөлгөөн гэж жигтэйхэн, мөн цагдаа нар тэдний биед дуртай үедээ хүрч түлхэж, зүгээр байхад нь эрүүдэж, дээрэлхэж байхыг харахад хачирхахаас илүүтэй огиудас хүрмээр!

Дээрх байдлыг харахад Арвайхээрт бяцхан хэмжээний коммунизм нүүрлэсэн нийгэм мэт санагдаж билээ. Залуусын эрх чөлөө боомилогдсон мэт санагдсан. "Арвайхээрт мөнгө үрэгддэгүй юм, нэг бодлын амар газар" гэж Арвайхээрт танилцсан нэг найз маань ярив. Би түүнд хэлэв, "Угаасаа очих, хийх зүйл байхгүй газар юундаа ч мөнгө үрэх билээ. Уг нь мөнгө үрэгдэж болдог газар байвал энэ хотын хөгжилд хэрэгтэй юм даа."

Үргэлжлэл бий...

7.25.2008

Цахим Өртөө Холбоо ТББ-аас төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан УРИАЛГА



Дэлхийн өнцөг булан бүрээр тархсан Монгол туургатны
Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас
төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан
УРИАЛГА


2008 оны 07 сарын 01-ний өдөр болсон иргэд, сонгогчдын тайван жагсаал цуглаан нь сүүлдээ хүчирхийлэл халдлагын үйл ажиллагаа болж хувирсныг Цахим Өртөө Холбооны бүх гишүүд бид эрс буруушааж байна. Үүний уршгаар энгийн иргэдийн амь нас хохирч, тэдний эд хөрөнгө, Монголчуудын урлаг, түүх соёлын үнэт зүйлс устан үгүй болсонд Цахим Өртөө Холбоо ТББ гүн харамслаа илэрхийлье.

Болж өнгөрсөн энэ бүх үйл явдалд зүгээр нэг харамсаад өнгөрч хэрхэвч болохгүй юм. Бид зөв дүгнэлт хийж, гарцаа зөв олох ёстой. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгэмд шударга бус, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байдал хавтгайрсан нь энгийн иргэдийн дотор бий болсон улам бүр ихэсч буй бухимдлыг хүнлэг бус зэрлэг авираар тэсэрч гарахад хүргэлээ.

Ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэн нэгэн төрийн дээд албан тушаалд санаархагчид зөрчин, сонгуулийн дүнг будлиантуулснаар шударга сонгууль, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ. Улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах явдал хирээс хэтэрчээ. Бүх нийтийг хамарсан намчирхлын эрүүл бус үзэгдэл, төрийн эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, байгалийн баялаг, газар нутгаа лиценз нэрээр замбараагүй тараасан, байгаль орчныг сүйтгэсэн, хордуулсан зэрэг явдлуудын улмаас хуримтлагдсан нийгмийн бухимдал дээр энэхүү сонгуулийн булхай галд тос нэмсэн хэрэг болов.

Сонгуулийн будлиантай холбоотойгоор дэгдсэн дээрх үйл явдлын эцсийн үр дүнд энгийн ард иргэд хохирон үлдэж байгаа нь нэн харамсалтай байна.

Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмжээнд гүнзгийрсэн системийн энэ хямралын үед харьяалагддаг нам бүлгийнхээ, тэр тусмаа хувийн цаг зуурын явцуу эрх ашгаа урьдал болгох биш, улс үндэстнийхээ хувь заяа, язгуур эрх ашгийн үүднээс асуудалд өргөн хараатай, уужуу хандаж үүссэн бүх гажуудал, согогуудыг үндэс ёроолоос нь засан эрүүлжүүлэх дорвитой, зөв арга хэмжээ авч ажиллахыг УИХ, ЗГ болон улс төрийн нам, эвслүүдэд уриалъя.

Эх орныхоо хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж, тэмцэж буй иргэд, залуусыг аливаа намын харьяалал, улс төрийн үзэл бодлын ялгаанаас үл хамааран Цахим Өртөө ТББ дэмжиж ажилладаг билээ. Эдгээр залуусын дунд манай байгууллагын гишүүд ч олон бий. Иргэний Хөдөлгөөний Намын дарга Ж. Батзандан ч тэдний нэг. Ж. Батзандан болон түүний хамтран зүтгэгч О. Магнай нарыг баривчлан хорьсоор байгаа нь тэдний эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж байгаад манай байгууллагын гишүүд санаа зовниж байна. Нөгөө талаар өмч хөрөнгө галдан шатаасан, устгасан үйл ажиллагаанд тэд оролцсонгүй. Иймд тэднийг шалгах шаардлага байгаа бол намын нөхдийнх нь батлан даалтад гаргаж, цагдан хорихгүй байхыг холбогдох байгууллагуудад уриалж байна. Асуудлыг ард түмний эрх ашиг, шударга ёсонд нийцүүлж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллагын гишүүд итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Цахим Өртөө Холбоо ТББ
2008-07-17
Улаанбаатар хот

2.04.2008

Nomad's Land - Les Bidonvilles du Froid

Үе үе орж унших дуртай Байкагийн блог дээрх байсан нэг бичлэг, бичлэг ч гэж дээ Nomad's Land - Les Bidonvilles du Froid буюу Нүүдэлчдийн орон - Тэсгим хүйтэн ядуусын хот (франц толиос харвал ингэж бууж байх шиг, зөв болов уу?) гэж француудын хийсэн киноны сурталчилгааг харлаа. Тэсэж чадалгүй Youtube-г нь энд бас тавьж олон хүн үзээсэй гэж бодов. Mаш сайн синематогрофи. Бяцхан хүүгээ өргөөд траншэйнаас гарч буй монгол хүмүн, траншэйнаас гарангуутаа "ажлаа эхэлж буй" бяцхан хүүг лааз түүгээд өндийхөд "хүүеэ яагаад та нар зургаа авахуулаад байгаам" гэж загнаж буй хотын эмэгтэй (энэ хэлж буйг францууд ойлголгүй өнгөрсөн байх), замд зөрж буй залуухан охин, бас сигнал орилуулан дайрах шахан өнгөрч буй жийп (чөтгөр ав гэж, манайхан яагаад дандаа ингэж сигналдаж, мөргөх шахам дайрч байдаг байна аа. Бие биедээ нэгхэн ч удаа найр үл тавина энэ хүмүүс. УБ-т ирсээр 3 ч удаа хүн дайруулж, нэг удаад нь хүүхдийн дээгүүр гарч явахыг харсан, ёстой ой гутмаар, ёстой эгэл биш зүйлс УБ-т байнга тохиолдоно!) энэ тэрийг сайтар анзаараарай. Байка буюу мангарманы блогоор бас зочилж байгаарай, тэр нэгийг өгүүлдэг.



Дээрх видеог оруулсан даруй Байкатай энэ сэдвээр чааталсан юм. Чааталж байх хоорондоо иргэний сэтгүүл зүй маягаар доорх чаатыг энэ постэд нэмж оруулахаар шийдэв.

s (2/3/2008 5:21:16 PM): hey
s (2/3/2008 5:21:24 PM): french trailer iig uzlee
s (2/3/2008 5:21:27 PM): f it man
s (2/3/2008 5:21:37 PM): ene talaar bi bas blog deeree bichlee
s (2/3/2008 5:21:42 PM): chamaig bas surtalchlav
Baika Puntsag (2/3/2008 5:21:44 PM): i know
Baika Puntsag (2/3/2008 5:21:45 PM): tegeerei
s (2/3/2008 5:21:46 PM): good job man
s (2/3/2008 5:21:50 PM): i am proud of you
s (2/3/2008 5:21:54 PM): bichchihsen
s (2/3/2008 5:21:56 PM): orood uz
Baika Puntsag (2/3/2008 5:22:03 PM): ok, i am orj bna
Baika Puntsag (2/3/2008 5:23:03 PM): funny thing is that i was their translator
s (2/3/2008 5:23:14 PM): i thought so
Baika Puntsag (2/3/2008 5:23:18 PM): after this shot, i was sick and i just walked away
Baika Puntsag (2/3/2008 5:23:23 PM): they were so shocked
s (2/3/2008 5:23:23 PM): damn
s (2/3/2008 5:23:26 PM): ih sonin
s (2/3/2008 5:23:34 PM): enehen hoorond mash olon yum haragdaj bui
s (2/3/2008 5:23:40 PM): ter jeep iig chi anzaarsan biz?
s (2/3/2008 5:23:44 PM): ter huurhun ohin
Baika Puntsag (2/3/2008 5:23:46 PM): yeah
s (2/3/2008 5:23:48 PM): bas ug helj bui egch
s (2/3/2008 5:23:51 PM): damn man
Baika Puntsag (2/3/2008 5:23:57 PM): humuus barij ideh gej bgaa yum chini
s (2/3/2008 5:23:59 PM): bogino hugatsaand mash olon yum bolj bui
s (2/3/2008 5:24:04 PM): i see
Baika Puntsag (2/3/2008 5:24:07 PM): ed nar mash sain avsan
s (2/3/2008 5:24:14 PM): ted mergejliin yum baina
Baika Puntsag (2/3/2008 5:24:35 PM): ter muu yadarsan huniig, za huuhdee orgoorei ene ter geed l dahin dahin gargaad baihaar ni uur hureed hayad yavsan
Baika Puntsag (2/3/2008 5:24:47 PM): hajuugaar ni humuus chi mongol hun yum bgaa biz dee, boliulaach geed
s (2/3/2008 5:24:49 PM): aahn
Baika Puntsag (2/3/2008 5:25:01 PM): tegeheer ni yahav dee nuuree hamgaalaad "ta nar ed nar tusalj bgaa yum uu" geed l
s (2/3/2008 5:25:09 PM): tiim
s (2/3/2008 5:25:23 PM): chini ch, frantsuudiin ch buruu bish
Baika Puntsag (2/3/2008 5:25:32 PM): i know man
Baika Puntsag (2/3/2008 5:25:35 PM): ter humuusiin ch buruu bish
Baika Puntsag (2/3/2008 5:25:41 PM): hajuugaar orilj bgaa
s (2/3/2008 5:25:45 PM): tiim
s (2/3/2008 5:25:46 PM): gehdee
s (2/3/2008 5:25:50 PM): unen dur zurag iim l baina
s (2/3/2008 5:25:55 PM): end hetruulsen yum yu ch alga
Baika Puntsag (2/3/2008 5:26:02 PM): yeah
Baika Puntsag (2/3/2008 5:26:16 PM): eniig uzmeer bgaa, niitdee 40 minutiin yum boloh yostoi
s (2/3/2008 5:26:20 PM): i see
s (2/3/2008 5:26:30 PM): baika
Baika Puntsag (2/3/2008 5:26:40 PM): bid nar chini huuhduudtei hamt transheind orood ogson chocolate-iig ni bariad l idej blaa
s (2/3/2008 5:26:59 PM): irgenii setguul zui bolgood yag ene chatnii textiig bi blog deer tavilaa
s (2/3/2008 5:27:03 PM): what do you think?
s (2/3/2008 5:27:05 PM): stupid?
Baika Puntsag (2/3/2008 5:27:15 PM): why not
s (2/3/2008 5:27:17 PM): ok
s (2/3/2008 5:27:22 PM): here we go now
Baika Puntsag (2/3/2008 5:27:30 PM): hehehe

10.23.2007

Гадаадад гарвал та Монгол улсын иргэн биш болох нь ээ

УЗ-н хуралдаан - Цахим Өртөө Холбоо2007 оны 10-р сарын 16-нд болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны үеэр гадаадад амьдарч байгаа сонгогчдын судалгаа, бүртгэлийг гаргах дүрэм, журмыг хэлэлцэх ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэж сонгогчдод үнэмлэх олгох, сонгуулийн аль нэг тойрогт харъяалуулах боломжгүй, саналын хуудас, сонгогчийн үнэмлэх хэвлүүлж, хүргүүлэх, сонгуулийн тойргуудад хуваах асуудал хүндрэлтэй байгаа гэх мэт үндэслэлд суурилж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналд хүрсэн аж. Улмаар уг саналаа УИХ-д уламжлахаар тогтсон тухай Үнэн сонинд мэдээлжээ.

Гадаадад суугаа 220,000 гаран Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг Сонгуулийн хуулиар баталгаажуулж, сонгуульд оролцох эрхийг нь хангахын төлөө тууштай тэмцэж ирсэн Цахим Өртөө холбооны ажлын хэсэг уг шийдвэртэй холбоотой санал бодол солилцох үүднээс 10 сарын 18 нд МТҮП-д хуралдлаа. Уг уулзалтад хуульч Г.Ганзориг (Вашингтон), хуульч Э.Батбаяр, сэтгүүл зүй, мэдээллийн технологийн ажлын хэсгийн Л.Лханаран, Б.Лутаа, Д.Сайнбаяр (Чикаго), Ж.Саруултуяа, Б.Жамц, Д.Анулан нарын ЦӨХ-ний УЗ-н гишүүд болон тусгай зочин, хуульч Joe Spurlock (Вашингтон) нар оролцсоноос гадна С.Чулуунбаатар (Нью-Иорк), Ц.Гантөмөр (Берлин) нарын гишүүд цахим сүлжээгээр дамжуулан санал бодлоо илэрхийлсэн юм.

СЕХ хэмээх сонгуулийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллага УИХ аас үүрэг хүлээн 2 жил орчим хугацаанд төсвийн хөрөнгөөр гадаадын улс орнуудад судалгаа хийж, төсөл хэрэгжүүлж ирсний дүнд чухам ийм дүгнэлтэд хүрч, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэснээр барахгүй "Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах" буюу "Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчих" санал тавьж aрдчилсан нийгэмд байж боломгүй үйлдлийг хийж байгаад хуралдаанд оролцогсод туйлын харамсаж байгаагаа илэрхийлцгээсэн юм.

СЕХ-ны удирдлага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг асуудлыг нааштай шийдвэрлэх талаар удаа дараа амлалт гаргаж байсан нь саяхан билээ. 2008 оны УИХ-ын сонгууль ойртсон өнөө үед ийм санал, дүгнэлт гаргаж байгаа нь үүрэгт ажлаа биелүүлэхээс зайлсхийж, үүрэг хариуцлагаасаа мултрах гарц хайж байгаа ядуухан үйлдэл болж байна.

Өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хүнийхээ боломж, нөөц бололцоог нэмэхийн төлөө, үр хүүхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгүй хүний газар аз мэдэн "нүүдэллэж" яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард түмний өмнө ТӨР-ийн хүлээсэн үүрэг нь билээ. Гадаадын олон арван улс оронд олон жил хэрэгжиж ирсэн туршлага, ардчилсан үзэл баримтлалын тогтсон хэвшлийг үл харгалзан, асуудлыг удаашруулж, 2 жил ажилласаныхаа дараа зорилгоосоо ухарсан шийдвэр гаргаж, гадаадад суугаа Монголчуудын тэмцлийн дүнд бий болсон сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг "хүчингүй" болгох саналыг УИХ-д оруулахаар завдаж байгаа нь эдгээр олон зуун мянган монголчуудыг Монгол улсын иргэний тооноос хасаж байгаатай адил үйл хэрэг болно.

Дэлхийд таран суугаа Цахим Өртөө сүлжээний гишүүд, Монгол улсын иргэн та бүгд хүний эрхийн түгээмэл тунхаглал, МУ-ын үндсэн хууль, ардчилалын зарчимаар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ талаар өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо цахим сүлжээгээр дамжуулж чөлөөтэй илэрхийлнэ үү.

Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, харин дуу хоолойгоо нэгтгэж, жүжигт оролцож, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг үзвэр биш, харин бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй билээ.

Д.Сайнбаяр
http://www.tsahimurtuu.mn/main/200710211304.htm

Сэдэвтэй холбоотой нийтлэлүүд (Цахим Өртөөний архиваас)

Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий
http://www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm

Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу?
http://www.tsahimurtuu.mn/main/20051125453.htm

Хуульч Г.Ганзориг: Нутгаас ирсэний дараахан нь (ярилцлага)
http://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm

СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна…
http://www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm


Мэдээний эх сурвалж

ҮНЭН сонин - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь
http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=50&sid=8470

Оллоо.мн - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=72526&catid=10