12.30.2012

Д.Сайнбаяр: Ихэнхи иргэд газрын зөвшөөрөлгүй байна

Тойм Сэтгүүл 2012.12.30

Иргэнд орон сууц өгөх юмуу газрыг нь зах зээлийн үнээр үнэлж авах, эсвэл зөрүүг нь тохирч авах эсэх нь чөлөөтэй. Хамгийн гол нь аль аль тал нь хохиролгүй, зөрчилгүй шийдэж чадаж байвал гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогын үр дүн гарах байх. Иргэн, компани хэрхэн зохицож байгаа талаар төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэг Моннис группын дэд ерөнхийлөгч Д.Сайнбаяраас асууж тодрууллаа.

-Иргэдийн газрыг чөлөөлж, барилга барих төслийн ажил хэр явагдаж байгаа вэ?

-Моннис группын охин компани Monnis Urban Development-ийн гүйцэтгэх захирлын хувьд энэ төслийг удирдаж ажиллаж байгаа. Хот төлөвлөлтийг шинэчлэх Засгийн Газрын бодлогын хүрээнд 50 компаниас нээлттэй шалгаруулж 30-ыг нь сонгосон. Сонгогдсон компаниуд хувиарлагдсан хэсэг дээр очиж оршин суугчийн дийлэнх нь оролцон тодорхой санал авсан тохиолдолд барилга эхлүүлэх эрхтэй. Яг л санал хураах зарчмаар, сонгууль явуулж байгаатай адил. Огт таньж мэдэхгүй нэг нөхөр ирээд учир зүггүй барилга барих гэсэн асуудал биш. Харин энэ баг хамт олноор өөрийн амьдралын орчныг өөрчлүүлэхийг зөвшөөрч байна уу, компанийн ёсзүй нь таалагдаж байна уу гэх маягаар санал бодлыг нь сонсох ёстой. Манайх 70-80 ирцтэйгээр 98 хувийн санал авсан. Би өөрөө долоо хоног явж танилцуулга хийсэн л дээ. Ийм өнцгөөс нь хийлгүүлж байгаа энэ Засгийн газрын бодлогыг би хувьдаа дэмжиж байгаа.


- Иргэдийн ерөнхий хандлага ямар байна?


-Бэрхшээл гэвэл маш олон. Ихэнх хүн газраа өмчилж аваагүй байна. Гэрчилгээ байхгүй. Гэхдээ бүгд биш л дээ. Дэд станц болон инженерийн шугам дээр зөвшөөрөлгүй буусан байна. Тэр хүмүүс гэрчилгээ авъя гэхээр угаасаа хуулиараа зөвшөөрөхгүй. Амь насанд аюултай газар буусан хүнийг газар өмчлөх гэрчилгээ гаргаад өгчихвөл үхэл рүү нь түлхсэн хэрэг болно биз дээ. Ам бүл олонтой айлыг шууд нүү, яв гэх хэцүү. Манай компани мөнгийг нь шууд өгөөд, тохиролцож байгаа ч гэсэн яг нарийн ярих юм бол өмчлөгч биш хүний газрыг худалдаж авч байна шүү дээ. Өөр нэг чухал асуудал сүүлийн үеийн үнийн хөөрөгдлөөөс болоод m2 талбайн стандарт үнэ хэд нугарч байна. Хэн дуртай нь аманд орсон тоогоо хэлнэ. Хэсэг нь зөвшөөрөөд харилцан тохиролцсон байхад тэр дунд огт зарахгүй гээд хэдэн хүн гэдийчих жишээтэй. Энд тэнд алаг цоог чөлөөлсөн талбайд барилга барих боломжгүй. Ингэлээ гээд Үндсэн хуулиар заасан өмчлөх эрхтэй иргэн рүү халдаж, хүчээр авч болохгүй. Ер нь хэт өндөр үнэ хэлж, бие биенийгээ шантаажлах хандлагатай болчихож.

-Тэгвэл тэдэнд яаж хандах ёстой вэ?

Хойч ирээдүйгээ бодооч гэж уриалмаар байна. Монгол Улс агаарын бохирдлоор дэлхийн 180 орноос хоёрт бичигддэг. Ард иргэдийн сайн мэдэхгүй байгаа зүйл гэвэл хөрсний бохирдол. Нэг айлын хашаанд гэхэд 4-5 булсан жорлон байх жишээтэй. Энэ нь даамжраад Улаанбаатарчуудын ундны ус руу нэвтрэх хэмжээний аюултай болсон гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Би хувьдаа үүнийг үндэсний аюулгүй байдлын хэмжээд хүрсэн л гэж үздэг. Тэгэхээр хүмүүс жаахан эх оронч байдлаар хандаасай. Компаниуд өндөр ашгийг хоёрдугаарт тавьж, илүү эх оронч, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажилд оролцож байгаа юм.

-Үнэрхэх шалтгаан нь яг юу юм бол?

- Хүн юу юунаас илүү орон байртай болохыг хүсдэг. Гэтэл яг тулаад ирэхээр 0.7 га газрыг гурван өрөө байраар солих сонирхолгүй байх юм. Энэ бол галзуурал. Гэтэл бүх айл 0.7 га газартай биш, ердөө 10 хувь нь байх жишээтэй. Тэгсэн мөртөө гэрчилгээгүй, зөрчилтэй. Барьж дууссаны дараа гээгүй байраа шууд өгье гэж байхад өөдөөс үнэ хэлээд хөдлөхгүй суучихдаг. Манайхан давруу байна. Америкт зарим газар дунджаар 150-250 мянган ам.доллараар 0.7 га талбайд усан бассентэй, гурван давхар хаус худалдаж авдаг. Гэтэл манайд хоосон хашааг зарим нь бүр 0.7 га хүрэхгүй хоёр давхар хаусгүй мөртөө Америк шиг байр хүсээд байгаатай ялгаагүй. Тэдний эдийн засгийн түвшин ямар билээ?! Арав, хорин айлын хашаа чөлөөлөөд, газар нь дээр нь барилга барьчихна гэж хүмүүс санадаг. Наад зах нь зогсоолын талбай хэрэгтэй. Явган хүний зам, тоглоомын талбайгаас өгсүүлээд дэд бүтэц татах талбай гэхчлэн ашигласаар байтал нийт хэмжээний ердөө маш бага хувь нь орон сууц болдог. Дулаан цахилгааны шугам татах ажил бүхнийг компаниуд өөрсдийн хөрөнгөөр шийддэг. Эндээс ашиг олно гэж байхгүй ш дээ. Ингэхээр энэ төсөлд орох дуртай компани үнэндээ олон биш. Манай компани нийгэмдээ аятайхан ажил хийе гэсэн сэтгэлээр хандаж байгаа болохоос биш өндөр ашиг хайсан юм алга.Үүнийг ард иргэд сайн ойлгох хэрэгтэй. Битгий ингээд сая доллар яриад байгаач. Ямар Манхеттен, Нью-Йорк биш дээ.Үнийн хөөсрөлөө жаахан дараад, эх оронч сэтгэлээр жаахан хандаад үз. Хамгийн хохиролтой нь 100 айлын 20, 30 хувь нь зөвшөөрөхгүй бол нэг хэсэгтээ л тэр газар барилга баригдахгүй.Эцэст нь хэн хожиж байгаа юм? Энэ бол зөвхөн иргэн Дорж түүний гэр бүлийн асуудал биш, нийтийн эрх ашиг.


-Нааштай хандлага гарах янз байна уу?

-Асуудлыг зөвөөр ойлгож, нааштай хандаж байгаа гайгүй бодол санаатай хүн бий. Би 150 айлаар орсон. Бүүр хэл амаа ололцохгүй байгаа ч юм биш. Баярлаад нулимстай угтаж байна. Ер нь бол нааштай хандаж байна. Тэнгэрт тултал үнэрхээд байхад нь тэгэн барин хийх шаардлага компаниудад байхгүй. Өөр газар арай хямд үнээр аваад барилга барьж болж байна. Хотоос жаахан зайдуу газар бий ш дээ. Монгол газар нутгийн хэмжээгээр дэлхийд 12-т ордог. Тэгсэн мөртөө ингэж “алалцаад” байх юм.


Эх сурвалж:
http://toimsetguul.mn/archive-1079/

No comments: