3.06.2010

TIME Asia: Азийн баатар 2003. "Бүхэл үндэстнийхээ урам зоригийг өргөх хүч тэнхээг нэгэн биедээ цогцлоосон нь буюу Долгорсүрэнгийн Дагвадорж"

Тийм ээ, ТIME сэтгүүл 22-хон настай нэгэн монгол хөвгүүнийг Азийн баатар хэмээн өргөмжилж дараахь нийтлэлийг хэвлэж байлаа. Сумогийн тавцанд Асашорюү гарч ирснээр Цахим өртөөгөөр дүүрэн сенсааци болж Солонгосын Билгээ маань сумогийн тайлбарыг нүдэнд харагдтал тайлбарлаж, дэлхий даяар тархан суусан бид нүдээр үзсэн мэт баярлаж суудаг, дараа нь banzuke.com -оор сумогийн барилдаан үзэж монгол бөхчүүдийн ид хаваар бахархдаг байв. Чухамдаа ёкозүна Дагвадорж зодог тайлах тухай мэдээг сонсоод энэ талаар хэлэлцэж буй хүмүүсийн яриаг сонирхон сонссон билээ. Цахим өртөөгөөр ч энэ талаар нэлээдгүй шуугиан болж амжив. Бид Дагвадорж аваргадаа баярлах ёстой. Түүгээр үеийн үед бахархах болно. Монгол хүнээс, ерөөс нэг хүнээс гарч болох хамгийн дээд амжилтыг үзүүлж, ёстой л "Бүхэл үндэстнийхээ урам зоригийг өргөх хүч тэнхээг нэгэн биедээ цогцлоож" чадсан билээ. Дагвадорж аваргадаа талархаж, хүндэтгэл үзүүлэх үүднээс 7 жилийн өмнө Цахим өртөөнд нийтэлж байсан нэгэн орчуулгыг энд толилуулсу. Д.Сайнбаяр 2010.03.06



By Jim Frederick

Английн Beowulf баатрын туулиас эхлээд Японы Момотарогийн домог хүртэл энэ ертөнцийн бүх л улс үндэстэн алс холд зорьж хатуу бэрхийг даван туулж, баатарлагаар тулалдаж, ялгуусан гавьяа байгуулагч их баатраа магтан дуулдаг билээ. Харин дэлхийн шилдэг сумочдын нэг болох Монгол улсын иргэн Долгорсүрэнгийн Дагвадорж гэж
22 настай залуу эх орондоо Их хаадынхаа нэр алдартай зэрэгцэх хэмжээнд хүртлээ алдаршсанд гайхахын аргагүй. Түүний амьдралыг эртний их дайчны аян дайны орчин цагийн биелэл хэмээн зүйрлэж болмоор.

Yе залгамжилсан бөхийн удамт гэр бүлд (түүний эцэг, ах, дүү нар нь Монголын өндөр цолтой бөхчүүд) төрж өссөн Дагвадорж анх 16 настайдаа Япон оронд ирж өөрийн амьдралийн замналыг эхэлжээ. Тэр сумо бөхийн дэвжээн дэх хэцүү бэрх, чанга дэглэмийн ертөнцөд ирээд, өсөж буй мэргэжлийн сумочдын нэгэн адил заншил дагаж Асашорю (Єглөөний хөх луу) гэж шинэ нэртэй болсон байна. Аварга том биетэй, мундаг хүчтэй бөхчүүдээр зонхилсон энэ спортод харьцангуй хөнгөн жинтэй Асашорю авхаалж самбаа гаргаж, хүнд хэцүү мэхийг эв дүй үзүүлэн хийж өөрийн гэсэн барилдааны өвөрмөц арга барилыг олж чаджээ. Тэр 1999 онд анх сумогийн дэвжээн дээр гарснаасаа хойш 24 хэн тэмцээнд ороод, өнгөрсөн 11 сард түрүүлж үндэсний аварга болсон нь орчин үеийн сумогийн түүхэнд хамгийн хурдан өссөн бөхийн амжилтын рекордыг давтсан байна. Нэгдүгээр сард болсон Мэргэжлийн сумогийн шинэ оны барилдаанд түрүүлснээр Асашорю сумогийн хамгийн дээд цол болох Ёкозуна (үгчилбэл "Их аварга") цол хүртсэн бөгөөд энэ нь анхны Япон болон Америк бус хүний Ёкозуна болсон тохиолдол юм.

Монгол үндэсний бахархалд Асашорюгийн оруулсан хувь нэмрийг хэтрүүлж хэлэхийн аргагүй. "Асашорю Монголын ард түмэнд итгэл найдвар, хүсэл тэмүүлэл хайрладаг" гэж Улаанбаатар хотын агаарын зам зохицуулагч Ганбаатарын Батхүү өгүүлэв. Асашорю бол ард түмнийхээ итгэл найдварыг даах гэж хатуу эрмэлздэг нэгэн. Цол ахисныхаа дөрөв хоногийн дараа Time сэтгүүлд тэрээр "Хүмүүсийн итгэл найдвараар бол Ёкозуна байнга ялж байх ёстой. Ёкозуна ялагдах эрхгүй" гэж ярьсан байна.

Тун харамсалтай нь түүнийг дараагийн тэмцээнд ороход нь бүх зүйл түүний хэлсний яг эсрэгээр болж 3 сард болсон Мэргэжлийн сумогийн хаврын тэмцээнийг тэр сэтгэл гонсойлгосон 10-5 ийн үзүүлэлттэйгээр дуусгаж хоёрдугаар байр эзэлсэн байна. Ийм хүндтэй цолыг хүртэх ёстой байсан уу хэмээн аль хэдийнээ ам булаалдаж эхэлсэн хүмүүсийн яриаг няцаах шаардлага бий болж, Асашорюг шүүн хэлэлцэх нь нэлээд сунжрах төлөвтэй болов. Гэхдээ энэ дайчны аян зөвхөн эхэлж байна.

Сурвалжилж мэдээлсэн: Ч.Чинзориг (Улаанбаатар), Мичико Тояама (Токио)

Орчуулсан Д.Сайнбаяр (Чикаго, АНУ)

Эх сурвалж: "Dolgorsuren Dagvadorj - Possessing the strength to lift an entire nation" - TIME Asia magazine April 28, 2003 / Vol. 161 No. 16

1 comment:

Mend-Orshikh Amartaivan said...

Гоё нийтлэл байлаа. Мөн Таны хэлж зөвлөж буй санаанууд Монголчууд бидэнд үнэхээр дутагддаг мэт санагддаг. Алдаа дутагдлаа ойлгох, хариуцлага, дүрэм журамыг ухамсарлах гэдэг төлөвшил яахын аргагүй бидэнд хэрэгтэй. Баярлалаа.