11.12.2008

Намрын шаргал өдрүүд

Улаанбаатар хотод минь намрын шаргал өдрүүд хөвөрч байна. Ойрд хүйтний эрч чангарч байна даа. Өнгөрсөн 7 хоногт Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялж дэлхий даяар тэмдэглэлээ. Ийм олон хүн баярласан ерөнхийлөгчийн сонгууль байдаг болов уу? Миний мэдэхийн лав үгүй байх. Аугаа Мартин Лютер Кингийн, олон зуун сая өнгөт арьстнуудын, ерөөс хүн төрөлхтний мөрөөдөл биеллээ оллоо. Өөр нэмж хэлээд байх ч зүйл алга, зүгээр л браво! УБ дахь АНУ-ын элчингийнхэн болоод монголд буй америкчууд стар хотхонд цуглаж ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээ хамтаар хүлээж, хамт тэмдэглэцгээж байх юм. Энэ их сайхан уламжлал бололтой.

Ойрд яагаад ч юм ажилдаа нэлээд дарагдсан хэдий ч дотроос нь өнгийх урам хайрласан үйл явдлууд их болов. Өнгөрсөн хагас сайнд дуучин Наран 5 ширхэг шинэ цомогийнхоо нээлтийг Хаан театрт хийлээ. Таван хэлээр жааз хэв загвараар дуулжээ. Үнэхээр чадалтай хоолойтой, ховор авъяастай хүн юм аа. Дараа түүний цомгоос заавал авна аа. Тэр өдөр мөн УДБЭТ-т Кармен дуурь бас дараа өдөр нь Хунт нуур балетын улирлын нээлт болов. Аль алинд нь ажил давхцаад очиж чадаагүйдээ харамсав.

Өнөөдөр буюу 11/12 -ны бэлгэт сайн өдөр яруу найрагч, орчуулагч Дашийн Оюунчимэг эгчийн АНУ-д байх зуураа орчуулсан 6 цуврал ном буюу дэлхийн шилдэг зохиолын "Хөх дэвтрүүд" цуврал номын нээлтэнд хүрэлцэн очлоо. Олон жил, нойр хоолоо хасан байж эдгээр номуудыг орчуулсныг нь сайн мэднэ. Авъяас билэгтэй дээр үнэхээр хөдөлмөрч, шулуун шударга зантай Оюунчимэг эгч олон жил шургуу ажиллаж өнөөдөр зорилгоо биелүүлээд номын баяраа хийж байхыг харахуйяа сэтгэл хөдөлж, урам зориг авахгүй байхын аргагүй байлаа. Тийм ээ, дэлхийн сонгодгуудын охиос эх хэлнээ хөрвүүлсэн Оюунчимэг эгчийн цаашдын үйлст өндөр амжилт хүсмү. Чадал дорой миний биеийг тоож гайхамшигт Шоша романыг редакторлах үүрэг хүлээлгэсэн танд бас баярлалаа. Үнэндээ ганц нэг үсгийн алдаанаас өөр юу ч өөрчлөөгүй нь үнэн билээ. Номонд дуртай та бүгд доорх номуудыг Интерном болон бусад дэлгүүрүүдээс заавал авч уншаарай:

Нэг: Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн "ШОША" роман
Хоёр: Луйс Борхесийн "ЗҮҮДНИЙ НОМ" сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
Гурав: Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын "ТОГЛООМ ДУУСЛАА" шилмэл өгүүллийн түүвэр
Дөрөв: Венедикт Ерофеевийн "МОСКВА-ПЕТУШКИ" роман
Тав: Милорад Павичийн "САЛХИНЫ ДОТООД ТАЛ" гүн ухааны роман
Зургаа: Ричард Бахын "ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД" роман Дэлгэрэнгүй

Үүний дараа ээжийнхээ хамт Фредерик Шопений 200 жилийн ойн арга хэмжээний нээлтийн концерт, төгөлдөр хуурын тоглолтыг УДБЭТ-д үзэв. Польшийн ЭСЯ, МУЗ зохион байгуулсан уг тоглолтод Агата Лукашевич гэж Польшийн маш алдартай залуу төгөлдөр хуурч морилж Шопений урын сангаас уран чадварлаг тоглож, эрдэнэт хүмүний нэгэн гайхамшигт ур чадварыг харууллаа. Театрын захирал хатагтай УДБЭТ энэ жил 2 ширхэг Ямаха фирмийн тус бүр 50 сая төгрөгийн хаан хууртай болсныг энэ үеэр танилцуулсан нь бас нэн сайхан санагдлаа. За ямартаа ч өнөөдөр ажлаа сайн амжуулж чадсаны дээр номын хуртай, дууны хөгтэй сайхан өдөр болж өнгөрлөө. Маргааш ч бас эрч хүчээр дүүрэн, бурхан ивээсэн сайхан өдөр болох нь үнэн буй заа. Амьдрал өөрөө алдаа оноо, жаргал зовлон, гуниг баяслаар арвин, чухамдаа л сонин сайхан явдлаар дүүрэн эд юм даа. Үүнийг уншиж буй танд энэ өдрийн халуун мэндийг хүргэе!

9 comments:

gegeen said...

saihan medee duulgasand thanks. mongoldoo baigaa ta nar mini l nud chih bolj iimerhuu medeelliig hurgej baina daa. bayarlalaa. hediig zahij avch unshinaa.

A.Амарсайхан said...

Ойрд дандаа бугшиж явсан юм. Сайнбаяр андын бичлэгийг уншсан чинь дотор онгойчихлоо. Явж драмд жүжиг бөөндөе.

Anonymous said...

setgel sergeesen saihan niitlel bna. thanks,

btw ter togloltuud bolon yanz buriin urlag uran saihanii arga hemjeenuudiigboloh gej baigaag haanaas olj medeed bna daa, MDBET-iin jiliin huviar ni baihgui biz

Badka said...

Шопенийн 200 жилийн ойн тоглолт үнэхээр сайхан тоглолт болсон

ganga said...

Сайхан мэдээ байна. Театр, ном, дуу гээд иймэрхүү мэдээлэл гадаадад байдаг хүмүүст эрч өгдөг шиг.

Ц.Дөлгөөн said...

Тэр сайхан номнуудыг бүгдийг нь авч уншина аа. Дүү нь шинэ блог нээж байгаа. Personal blog :) зочилж байгаарай.

Ц.Дөлгөөн said...

SE-д.
Дуурийн театр www.opera-ballet.mn гэсэн вэбсайттай болчихсон байна билээ.
Тэнд бүтэн жилийн үзвэрийн хуваарь нь байгаа, ороод үзээрэй.

XChuluun said...

Сайнуу Сайнбаяраа. Сайхан мэдээлэл оруулсан байна. Чи нэг ГлобалСЕО-н тухай сонирхолтой, хөгжилтэй сайхан бичлэг оруулаач

D.Sainbayar said...

Гэгээн: Харин тийм ээ, Авсрали явах хүн байвал хэлээрэй. Би зээлээр хэдийг аваад явуулж болно шүү. НД-гаар зарж болно шүү дээ.

Амарсайхан: Тантай нэг уулзах гээд амжихгүй яваа шүү.

Бадка: Үнэхээр тасархай болсон тээ? :)

Ганга: Харин тийм юм шиг байна.

Дөлгөөн: мэдээлэл өгсөнд баярлалаа.

SE: Дөлгөөний өгсөн хаяг их зүгээр, гэхдээ шинэ мэдээллээр баяжих нь тааруу. Харин agaar.mn гэж аятайхан сайт нээгдсэн байна лээ. Тэндээс энэ мэдээллийг авч болох байх. Миний хувьд зүгээр л энэ талаар байнга чих тавьж явдаг дээр нь урлагийнхантай ойр байдаг тул мэдээллээ тэднээс аваад байдаг юм. Уг нь жилээр нь суудал захиалж бас болдог.

XЧулуун: За яваандаа бичиж магадгүй ээ. Одоохондоо санаанд нэг их юм орохгүй байна. Олон л хөгжилтэй юм болсон.