12.06.2016

Ирж яваа цагийн дуун



Ардчилсан Намын залуустаа хүргэх үг


Хүн өөрийн амьдралынхаа мөч бүрт СОНГОЛТ хийдэг. Гэхдээ амьдралын турш маш цөөн чухал сонголт, САЛАА ЗАМЫН өмнө ирдэг билээ. Их сургуульд суралцах, мэргэжлээ сонгох, анхны ажил, гэр бүл г.м Гэхдээ энэ чухал сонголтуудыг хийх боломж дандаа давтагдаад байдаггүй. Улстөрийг сонгох зам бол тэртусмаа хамгийн хэцүү гэхдээ хамгийн нь гэгээлэг нь.

Өнөөдөр Монголын нийгэмд хүн бүр л бүгдийг шүүмжилдэг болжээ. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болтугай лаа асаа гэж нэг ухаантны хэлсэн үг бий. Тун харамсалтай нь болохгүй, бүтэхгүй байна хэмээн шүүмжлэгчдийн тоо түүнийг өөрчлөхийн төлөө үйлдэл хийж буй хүмүүсээсээ олон байна. Шийдлийг олж нээх, хэрэгжүүлэхэд ҮЙЛДЭЛ, ОРОЛЦОО чухал. Тэртусмаа ЗАЛУУСЫН ОРОЛЦОО чухал юм.

Сүүлийн үед УЛСТӨР гэдэг үгээс Монголчууд бид бүгд залхжээ. Бүх нийтээрээ улстөрч хүнийг адгийн амьтан гэж боддог болсон байна. Тэр улстөрд орж байгаа гэнэ гээд нэг нь нөгөөгөө ад үзэж, сайн муугаар хэлдэг болжээ. Энэ бол өөрөө яагаад залуус улстөрд дуу хоолой, үйлдлээрээ оролцох ёстой вэ гэдгийн маш том шалтгаан болж байна. Яагаад манай нийгэм УЛСТӨР гэдэг үгээс ингэж их цэрвэнэ вэ?

Яагаад гэвэл Монголын улстөр БОХИР байна. Яагаад гэвэл Монголын улстөр ШУДАРГА БУС байна. Монголын улстөрчид ХУДАЛ АМЛАЛТ хэлж байна. Монголын УЛСТӨР баялаг бүтээгчдэд СААД болж байна. Монголын улстөр нийгмийн сэтгэлгээний түвшнээс хоцорсон байна. МОНГОЛЫН УЛСТӨР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.

Монголын ард түмэн ЦОО ШИНЭ ҮЕИЙН, ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ, ОРЧИН ҮЕИЙН мэдлэг боловсролтой, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ, ХИЙСНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛДЭГ, ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ҮНЭНЧ, ШИНЭ МАНЛАЙЛАГЧДЫГ хүсч байна.

Ардчилсан Намын шинэчлэлийн хөдөлгөөнд оролцогчдыг сайн муу хэлж, өөлж, үл итгэж, урьдчилан дүгнэж буй хүмүүс олон байгааг нийгмийн сүлжээгээр харлаа. Улстөрд, Ардчилсан Намд шинэчлэлийн салхи авчрахаар зориглон оролцож буй энэ залуусыг битгий ад үз, залуу үеийн хийж бүтээх, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛ ЗОРИГИЙГ бүү МОХОО гэж би тэдэнд хэлмээр байна. Даргын хүүхэд эсвэл гагцхүү олон жил намын ажил хийсэн хүн манлайлагч болдог байх шаардлагагүй. Эрдэм мэдлэг, авьяас чадлаа ард түмнийхээ өмнө шалгуулая, уралдуулая гээд зориглож буй эдгээр залуусыг дэмжтүгэй гэж Ардчилсан Намын өнөөгийн удирдлагад хэлмээр байна!

Шинэчлэлийн хөдөлгөөнд эвлэлдэн нэгдсэн эдгээр залуус бол Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөл, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг эрхэмлэдэг, Монгол улсын нэр төртэй иргэн, дэлхийн энх тайванч, байгаль орчноо хамгаалагч, шударга ёсыг сахигч, өндөр ёс суртахуунтай, Монгол орны хөгжлийн хөтөч болсон ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН мөн гэдэгт би итгэж байна.
Өнөөдөр эдгээр залуус дундаас улс орныхоо иргэдэд ҮЙЛЧЛЭХ (public servant), нийгэмд тулгарсан асуудлуудын ШИЙДЛИЙГ ОЛОХ бодлого тодорхойлогчид, Соёлт нийгэм, Шударга ёс, Xүний эрх, Ардчилсан нийгмийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН төлөө тэмцэх МАНЛАЙЛАГЧИД төрнө гэж ард түмэн итгэж, найдаж, хүлээж байна.

Монголын түүхийн үе бүрт нүдэндээ цогтой залуу манлайлагчид төрж, ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ ачаа хүссэн хүсээгүй бидний үед шилжин ирж буй. Энэ бол ирж яваа цаг. Манай үеийнхэн их өвөг дээдсийн ариун голомтыг бадрааж, хөгжлийн бамбарыг улам өндөрт өргөх болно.

21 зууны Монгол залуучууд үүнийг хийж чадна. Та бүхэн чадна.

ТА БҮХНИЙГ ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА!

Даваабатын САЙНБАЯР

Нээлттэй Ардчилсан Нам – Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөний үүсгэн байгуулагч, зохицуулагч
2016.12.06

No comments: