Сингапурын амжилтын нууц буюу MPH зарчим
Kишорэ Махбубани Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын дээд сургуулийн захирал
Сингапур улс 2015 оны 8 сарын 9-ний өдөр 50 нас хүрлээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай нийгмийг Сингапур улс цогцлоож чадсан уу? Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронтой харьцуулвал Сингапур улс нийт иргэдийнхээ амьжиргааг бүх талаар өв тэгш, хамгийн богино хугацаанд дээшлүүлж амжив уу?
Сингапур улс 2015 оны 8 сарын 9-ний өдөр 50 нас хүрлээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн амжилттай нийгмийг Сингапур улс цогцлоож чадсан уу? Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронтой харьцуулвал Сингапур улс нийт иргэдийнхээ амьжиргааг бүх талаар өв тэгш, хамгийн богино хугацаанд дээшлүүлж амжив уу?
Дээрх асуултанд хариулах цорын ганц арга бол бодит тоо баримтанд түшиглэх явдал. Хүний хамгийн анхдагч хэрэгцээ бол хүнс, орон байр, эрүүл мэнд, боловсрол, ажлын байр. Эдгээр анхдагч хэрэгцээг Сингапурчууд бусад улс орнуудаас илүү богино хугацаанд хангаж чадсан уу?
Сингапур 1965 онд Малайзын бүрэлдэхүүнээс хөөгдөж, өөрсдийн хүсээгүй тусгаар тогтнолыг олох үед ердөө л гуравдагч ертөнцийн буурай орон байлаа. Нэг хүнд ногдох орлого нь 500 ам.доллар байсан нь тухай үеийн Гана улсынхтай зэрэгцэж байв. Бүр яадгаа алдсан ядуу байгаагүй ч тэжээлийн дутагдал нийтлэг байжээ. Юу гэвэл бага сургуулийн нэгдүгээр ангид ороход намайг хүнс тэжээлийн тусгай хөтөлбөрт хамруулж байв. Бусад хүүхдүүдтэй хамт сүүний хувингаас утгалцаж суусны хувьд би энэ бүхнийг өөрийн биеэр гэрчилж чадна.
Өнөөдрийн байдлаар Сингапурын нэг хүнд ногдох орлого 500 ам.доллараас 55000 ам.долларт хүрч огцом цойлсон нь шинээр тусгаар тогтносон бусад аль ч орны хүрээгүй том амжилт юм. Сингапурын эдийн засгийн энэ онцгой амжилтын түүх бол ердөө л гайхамшиг гэлтэй. Гэвч намайг 1980-аад онд НҮБ дахь Сингапурын элчин сайдаар ажиллаж байх үед НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүнээр ажиллаж байсан америк эр Жэймс Грант дээрх зүйлийг сонсох бүртээ ундууцдаг байлаа.
Хүснэгт 2: Дурдсан оноос 2014 он хүртэл өссөн ДНБ-ын өсөлтийн хувь /бодит үнээр/
*2005 оны ам.долларын тогтмол ханшаар
*2005 оны ам.долларын тогтмол ханшаар
Чухамдаа өөр нэг салбарт үзүүлсэн Сингапурын амжилтыг илүү онцгойлж үзэх ёстой гэж тэр надад хэлдэг байв. 1965 онд нялхсын эндэгдэл 1000 төрөлт тутамд 35 байсныг 1985 он гэхэд 10.9 болгож бууруулсан нь бүх улс орнуудыг ардаа орхисон үзүүлэлт байлаа. Жэймс Грантын зөв байжээ. Аль ч нийгэмд хүн амын хамгийн эмзэг, гадны нөлөөнд автамтгай бүлэгт нялхас багтдаг. Нялхасын эндэгдэл багасч энх тунх байх нь эргээд нийгмийн экосистем хэр сайжирч байгаагийн шууд тусгал болдог аж.
Амьд мэнд төрж өссөн Сингапурын нялхас дэлхийн хамгийн сайн боловсролын тогтолцоогоор дамжих ерөөлтэй байв. Тун саяхан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (ОECD) явуулсан математик, шинжлэх ухааны Бүх нийтийн суурь эрдмийн (Universal Basic Skills) түвшин тогтоолтоор Сингапурын 15 настнууд дэлхийд чансаагаараа тэргүүн байрт орсон байна. 2012 оны “OECD PISA шийдэл олох шалгалт”-нд Сингапур хүүхдүүд мөн л тэргүүллээ.
Нийгмийн бусад олон шалгуур үзүүлэлтээр Сингапур улс дэлхийд тэргүүлж байна. Миний төрж өссөн ядуусын хорооллоос гараагаа эхэлсэн Сингапур улсын иргэдийн 90% нь өнөөдөр өөрсдийн өмчилдөг орон сууцанд амьдарч байна. Энэ үзүүлэлтээрээ мөн л дэлхийд тэргүүлж байна. Цаашилбал орлогоороо нийгмийн доод 20% -д багтдаг айл өрхүүдийн 80% нь өөрийн орон сууцанд амьдарч байна. Нийгмийн Халамжийн Төв Сангийн (Central Provident Fund) тусламжтайгаар хурдацтай өссөн цалин хөлс, заавал төлөх ёстой нийгмийн даатгалын хадгаламжаа ашиглаж байр авах боломжоор хангасан чанд тогтолцооны дүнд өөрийн байртай айл өрхийн тоо ер бусын өндөр хэмжээнд хүрчээ.
Тэгэхээр Сингапур хэрхэн яаж ийм өв тэгш хөгжилд хүрч чадав? Хамгийн энгийн хариулт бол ер бусын сайн манлайлал. Сингапурын үндсийг тавигч ерөнхий сайд ноён Ли Куан Юүгийн тухай дэлхий даяар олон хүн мэднэ. Тэрээр өнгөрөгч оны 3-р сард таалал төгссөн билээ. Харин Сингапурын эдийн засгийн гайхамшгийг урлан цогцлоосон доктор Го Кен Сви, Сингапурын хөгжлийн суурь философийг томъёолсон ноён С. Ражаратнам нарын тухай арай л цөөн хүн дуулсан болов уу.
Тэд хамтдаа гайхалтай баг болж чадсан.
Энэ хүчирхэг баг ер бусын гэмээр гурамсан бодлогыг хамтдаа хэрэгжүүлсэн нь: Мeritocracy (хамгийн чадварлаг нь удирдах албан тушаалд томилогддог төрийн тогтолцоо), Pragmatism, Honesty (шударга журам) гурав юм. Чухамдаа “MPH” нэртэй энэ “нууц” жорыг би Ли Куан Юүгийн нэрэмжит төрийн бодлогын дээд сургуулийн бүх гадаад оюутнуудад харамгүй хуваалцаж, хэрэв тэд энэ жорыг эх орондоо нэвтрүүлж чадах аваас улс орноо Сингапур шиг хөгжүүлж чадна гэж ямагт сургаж ирсэн.
Меритокраси бол ноёлогч ангийн хамсаатнууд бус харин хамгийн чадварлаг иргэд нь шилэгдэж улс орноо удирддаг тогтолцоо юм. Прагматизм гэж дугуйг шинээр бүтээх гэж оролдоод байдаггүй, шаардлагагүй зүйлд цагаа бараад байдаггүй улс орны үзэл баримтлалыг хэлнэ. Доктор Го Кен Сви ямагт “Кишорэ минь, Сингапурын өмнө ямар ч асуудал тулгарсан бай яг ижил асуудлыг хэн нэг нь хаа нэгтээ шийдсэн л байж таараа. Иймд тэр шийдлийг олж хуулаад Сингапурт нутагшуулъя” гэж хэлдэг байв. Шилэгдмэл сайн туршлагыг хуулна гэдэг бол аль ч улс орны хийж чадах зүйл. Харин ”шударга журам”-аар засаглана гэдэг бол хамгийн хэцүү нь. Авлига бол гуравдагч ертөнцийн орнуудын ихэнхи нь яагаад өөдөлдөггүйн цорын бөгөөд хамгийн том шалтгаан мөн. Сингапурын үндсийг тавьсан эрхмүүдийн хамгийн агуу бяр тэнхээ бол тэдний “өршөөлгүйгээр шударга ёсыг баримталдаг” чанар юм. Дээр нь бүгдээрээ сүйхээтэй, овжин байж чаддаг байсан нь бодлогоо хэрэгжүүлэхэд нэмэр болсныг дурдах ёстой.
“Сингапурын амжилтын үндэс бол MPH: Meritocracy, Pragmatism, Honesty (шударга журам) юм.”
Гэхдээ Сингапурыг гүжир гүтгэлэг тойроогүй. Таван жил тутам чөлөөт сонгууль явагдаж ирсэн ч Сингапурын улс төрийн тогтолцоог “соёлтой дарангуйлал” гэх нь нийтлэг. Хэвлэл мэдээлэл нь төрийн хяналтанд байдаг гэсэн түгээмэл ойлголт ч бий. Хил Хязгааргүй Сурвалжлагчид (Reporters Without Borders) байгууллагын 2015 онд гаргасан Хэвлэлийн Эрх Чөлөөний Индексээр тус улс 180 орноос 153 дугаар байрт жагсчээ. Энэ үзүүлэлт хүний эрхийн байгууллагуудын шүүмжийн бай болж ирсэн. Эрх чөлөөний ордон (Freedom house) ч Сингапурыг “хагас эрх чөлөөтэй” гэж дүгнэдэг.
Мэдээж эдгээр шүүмжийн заримд нь эргэлзэшгүй үндэслэл бий. Гэвч Сингапурын ард түмэн бол дэлхийн хамгийн өндөр боловсролтой ард иргэдийн нэгд тооцогддогийг санах хэрэгтэй. Тиймдээ ч тэд дэлхийн хаана ч гологдохооргүй юм. Хэрэв Сингапурын ард түмэн “чөлөөт бус” нийгэмд боомилогдож байгаа бол өөрсдийн итгэл үнэмшилд бат зогсч сонгуулиар засгаа өөрчлөх эрх нь бий. Дийлэнхи нь эх орноо орхиогүй. Яг үүнтэй ижил нэг үнэн зүйл бол америк, европ гэх мэт дэлхийн хамгийн чадварлаг хүмүүс Сингапурын иргэн болж өөрсдийн уугуул иргэншлээс татгалзаж байгаа явдал. Магадгүй барууны хэвлэл мэдээллийнхний анзаарч түвдээгүй нэг зүйлийг энэ хүмүүс анзаарч чадсан байх: Сингапур бол төрж өсч, амьдрахад хамгийн таатай улс орнуудын нэг. 1965 онд сүйрэх тавилантай байсан энэ улс дэлхийн хамгийн өндөр хөгжсөн орны нэг болж чадсан явдал нь өөрөө ер бусын түүх билээ.
Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр орчуулсан Д.Сайнбаяр –Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын дээд сургуулийн магистрант (@dsainbayar)
Forbes Mongolia сэтгүүл (11 сар)
Эх сурвалж: http://www.huffingtonpost.com/kishore-mahbubani/singapore-world-successful-society_b_7934988.html
Эх сурвалж: http://www.huffingtonpost.com/kishore-mahbubani/singapore-world-successful-society_b_7934988.html
No comments:
Post a Comment