11.24.2012

Mэтгэлцээний стратеги буюу С.Ганбаатар vs. С.Баярцогт

Оюу толгойн гэрээ тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын хийсэн халз мэтгэлцээн "тун сонирхолтой" болж өнгөрлөө. Иймэрхүү олон нийтийн сонирхлыг татсан мэтгэлцээн Монголд голцуу ерөнхийлөгчийн сонгуулиудын үеэр П.Очирбат vs. Л.Түдэв, Ц.Элбэгдорж vs Н.Энхбаяр, харин УИХ-ын сонгуульд Ц.Элбэгдорж vs С.Баяр нарын хооронд л өрнөж байсан болов уу.

Миний бие энэхүү блог-нийтлэлээр Оюу толгойн гэрээний сайн муу, ашигтай ашиггүй талаарх хувийн байр суурийг илэрхийлэхийг зорихгүй, харин уг xалз мэтгэлцээнийг зохион байгуулж, үндэсний хэмжээнд шууд дамжуулсан МҮОНРТ, оролцогч талууд болох эрхэм С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээний үеэр хийсэн алдаа оноог зөвхөн мэтгэлцээний стратеги, хэлбэр талаас нь энгийн үзэгчийн үүднээс дүгнэж, телевизийн сэтгүүлзүйн асуудалд санал бодлоо илэрхийлэхийг зорьлоо. Цаашид манай мэргэжлийн сэтгүүлч, судлаач нөхөд иймэрхүү анализ, дүгнэлт ихээр нийтлэж, судалгааны байгууллагууд үзэгчдийн дунд мэргэжлийн түвшинд санал асуулга явуулж (public opinion poll) хэвшээсэй хэмээн чин сэтгэлээс хүснэм.

1. Монгол телевизийн хоцрогдол ба модераторын буруу сонголт

Аливаа телевизийн шууд мэтгэлцээний үед оролцогч талуудын байр суурийг гол гол асуудалд гуйвалтгүй хандуулах, тэдний үзэл бодлын ялгааг гаргах, санаагаа илэрхийлэх бололцоог олгох, асуултаас бултах боломжуудыг хаах, бүдэг хариулсан асуултыг нь дахин асууж хариултыг нь үзэгч олонд харуулах, оролцогч талуудад тэгш боломж олгох, цаг баримтлах зэрэгт модераторын үүрэг роль тун чухал байдаг. Xарамсалтай нь олон жил парламентын сэтгүүлчээр ажилласан сэтгүүлч Ж.Алтангэрэл модераторын үүргийг тун хангалтгүй биелүүллээ. Модератор нь асуудлыг өдөөгч, нээлттэй, цаг баримтлагч чухамдаа хөл бөмбөгийн талбайн шүүгчтэй адил мэтгэлцээнд авторитар давуу эрхтэй оролцох ёстой болохоос оролцогч талуудын дүрмээр тоглодоггүй. Энэ алдааг Барак Обама, Митт Ромни нарын эхний мэтгэлцээнд Жим Лэрэр гаргаж, нас хөгширч буйгаа олонд таниулсан.

Модераторт маш эмзэг, чухал асуултуудыг тавих, лавшруулан асуух маш том боломж байсан ч үүнийг ноён Ж.Алтангэрэл ашигласангүй өнгөрөөлөө. Нөгөөтэйгүүр үзэгчдийн суудалд сууж байсан судлаач С.Авирмэд, УИХГ Ц.Даваасүрэн нарт ядаж 30 секундын боломж олгож санаа оноог нь асуух ёстой байлаа.

Чухамдаа энэхүү мэтгэлцээнийг ярилцлагын нэвтрүүлэг төрөлд Монголд хамгийн өндөр реитингтэй яваа De Facto нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайхан эсвэл түүнтэй дүйцэхүйц эдийн засагч-сэтгүүлчээр хөтлүүлэх ёстой байжээ. Ийм эдийн засагч-сэтгүүлчдийг боловсон хүчний бодлогоор бэлдэх цаг ч иржээ. Ж.Алтангэрэл сэтгүүлчийн оронд Монгол телевизийн Б.Оюунчимэг, Ийгл ТВ-ийн Б.Жаргалмаа нар тун давгүй хөтлөх байсан болов уу. ТV5-ын Э.Дагиймаа, ТV9-ын Б.Отгон нар сайн хөтлөх авьяастай ч өөрсдөө асар их улстөржиж, хэт нэг талыг барьж ажилладаг тул аль нэг талд орох ёсгүй ийм мэтгэлцээний дундыг oлж moderate байж чадах эсэх нь тун эргэлзээтэй.

Модераторын зохимжгүй сонголтоос гадна мөн л бахь байдгаараа тайз засал, дэлгэцийн гоо зүй тал дээр тун ядмаг байлаа. МҮОНРТ-ын оронд шинэ Монгол ТV-HD, эсвэл EagleTV -үүдийн студиэс шууд дамжуулсан бол тайз засал, гэрэлтүүлэг, график, зураг авалт тал дээр хавьгүй орчин үеийн түвшинд гүйцэтгэх байсан гэдэгтэй үзэгч олон санал нийлэх биз ээ.

Сонирхолтой нь Монголын бүх өрхөөс татвар авч, төрөөс хэдэн тэрбумаар санхүүждэг, хамгийн баян төсөвтэй "үндэсний" телевиз маань хувийн хэвшлийнхний ард хоцрогдсоор байна. Мэтгэлцээнд зориулсан фэйсбүүк, жиргээний хаягийг титр болгож тавьсан нь овоо доо гэмээр ч түүнийгээ бичсэн хэв маяг нь үнэхээр болхи, бас хаягаа алдаатай шивсэн нь ичгүүртэй. Тус телевизийн менежерүүд үнэхээр мэдлэг, сэтгэл дутмаг болохоо "гайхуулж", телевиз, хэвлэл мэдээллийн салбарынхан үзэгч, уншигчидаа ер нь байнга доромжилж ирсэн уламжлалыг маш сайхан үргэлжлүүлэв.

Жиргээгээр явагдаж буй жиргээчдийн сэтгэгдлийг ядаж сая шинээр цацагдаж эхэлсэн ШонхорТВ шиг титрээр харуулж, мэтгэлцээнийг илүү сонирхолтой, амьд, иргэдийн оролцоог харуулсан (inclusive participation) байдлаар шийдэх бололцоо, технологи уг нь бий дээ. Дахиад л хожуу үеийнхний аливаа ажилд сэтгэлээ бүрэн дайчилдаггүй, ямар ч зүйлийг төгс бүтээхийн төлөө бус ажилладаг хөдөлмөрийн соёл, хандлага нэвт үнэртэж байна.

2. Бэлтгэл хангаагүй "довтлогч" С.Ганбаатар байгаа оносонгүй

Фэнгшүй Ганбаатар. Гудамжны тэмцэгч асан Ганбаатар. Үйлдвэрчний эвлэлийн Ганбаатар. Дарханд бие даан нэр дэвшиж УИX-д бор зүрхээрээ сонгогдож чадсан С.Ганбаатар. Тэрээр Оюу толгойн гэрээний асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг анх санаачилж, С.Баярцогтыг өөрийн нь хэлснээр "duel"-д дуудсан нь Монголын улстөрийн соёлд өөрөө их шинэлэг, сонирхолтой алхам байлаа. Харин тэрээр өнөөдөр "duel"-д дуудсан шигээ зоримог, чадварлаг, стратегитэй оролцогч байж чадсангүй. Мэтгэлцээнд чухал хэдэн үзүүлэлтээр оролцогч талуудыг дүгнэхийг оролдсу.

Мэтгэлцэгч С.Ганбаатар мэтгэлцээнээ нээж хэлсэн эхний өгүүлбэрээсээ эхлээд Монгол хэлний дүрэмгүй, алдаатай өгүүлбэр урсгаж эхэлсэн нь бага зэрэг тэвдсэн юм болов уу гэх сэтгэгдлийг төрүүлсэн ч удаахь өгүүлбэрүүдээрээ өмнөх алдаагаа зассан. Гэхдээ олон нийтэд санаагаа илтгэх, үзэгчдийг байлдан дагуулах тал дээр томоохон алдаанууд хийснийг дурдвал:

1. А.Ганбаатар бэлтгэл маш муу байлаа гэдэг дээр дийлэнхи жиргээчид санал нэгджээ. (https://twitter.com/search?q=%23OTdebate&src=hash). Хамгийн наад зах нь өөрийн дэвшүүлж буй асуудлуудаа PowerPoint слайд маягаар бэлдэж ирээд, студид бэлээхэн бэлдчихсэн байсан том дэлгэцэнд өрсөлдөгч С.Баярцогтын адил цахим танилцуулгаа танилцуулсан бол түүний дэвшүүлэх бүх санаа үзэгчдэд илүү ойлгомжтой, системтэй, тодорхой болж өөрт нь мэтгэлцээний явцад дэвшүүлсэн санаагаа хүчитгэх хэрэглүүр болох байв. Нэг ёсондоо шүүмжлээд буй гэрээний заалтуудаа цаас харж уншаад суух биш танилцуулгандаа жагсаагаад, олон нийтэд ойлгомжтой график, баримтжуулалт, жишээ татсан байдлаар илэрхийлэх ёстой байсан ч энэ бололцоог огт ашигласангүй. Англи хэлээр олдсон гэх материалаа ядаж Монгол руу хөрвүүлэх бололцоо байгаагүй гэж үү? Ийм том гэрээг олон жил шүүмжилж буй хүнд санаагаа тайлбарласан, аргумент дэвшүүлсэн PowerPoint ч байсангүй. Нэг ёсондоо тэр бэлтгэлээ базаасангүй. Дуэлд дуудагч маань том оноо алдлаа.

2. Голцуу Иран, Ирак, Вэнэсуэлийн удирдагч нар зангиа зүүдэггүй. Түүнтэй адил С.Ганбаатар хэзээ ч зангиа зүүдэггүй нь түүний ардын баатар, тэмцэгч имижийг тодотгодог. Тэр энэ удаа зангиа зүүгээгүй нь бас ч санаандгүй зүйл биш болов уу. Харамсалтай нь хувцаслалтандаа анхаарсан ч биеийн хөдөлгөөндөө анхаарсангүй. Тэрбээр мэтгэлцээний турш индэрийн ард ихэнхи цагийг өнгөрөөв. Энэ нь биеийн хэл, зангаа (body language), рэторикийн хувьд асар том алдаа байсныг өөрөө ч дараа нь хүлээн зөвшөөрөх болов уу. Индэрийн ард байнга зогсох нь өөртөө итгэлгүй, нээлттэй бус, мэтгэлцээнд бэлэн бус байдлыг илэрхийлж улмаар олон нийтэд биеийн хэлээрээ "хүрч" чадахгүйд хүргэдэг. Биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал буюу биеийн хэл нь тухайн харилцааны 93%-ыг бүрдүүлдэг гэж онол бий. С.Ганбаатар довтлох байр суурьтайгаар (анх санаачилсан) энэхүү мэтгэлцээнд орсон ч харин биеийн хөдөлгөөн нь довтолгоо бус, харин индэрийн ард нуугдсан, хамгаалагчийн дүрд түүнийг оруулж байлаа.

3. Үзэгчдэд "xүчтэй-сэтгэгдэл-төрүүлэх-ёстой-байсан" зарим асуудлыг тэрээр дэвшүүлсэн болов ч үүнийгээ дээрх хоёр алдаанаас үүдэж хүмүүст хангалттай хэмжээнд "хүргэж чадсангүй". Дэвшүүлсэн асуудал бүр нь өрсөлдөгч талын хүчтэй сөрөг аргумент, баримт сэлтээр даруулж байсан нь түүний ялагдлын оноог нэмсээр байв. Товчхон дүгнэвэл тэрээр туршлагатай улстөрч, мэтгэлцэгч нарын адил аргументаа бэлдээгүй, мэтгэлцээний тактик, стратегийн хувьд ямар ч бэлтгэлгүй байсан нь илт.

3. "Хамгаалагч" С.Баярцогтын сөрөг довтолгооны тактик 

Монголын түүхэнд хамгийн залуугаараа УИХ гишүүн болж, Герман, Орос (Москвагийн Улсын ИС), Монгол (МУИС), Америкийн (Колумбын ИС) шилдэг их сургуулиудад боловсрол эзэмшсэн Баярцогт. Өнөөдрийн Монголын их улстөрийн хамгийн том хэрүүлийн алим болсон Оюу толгойн түүхэн гэрээг үзэглэж, Сангийн сайдаар ажилласан Баярцогт. Хийсэн ажлаа хамгаалах ёстой Баярцогтод гэхээсээ уг нь түүн рүү довтолж буй Ганбаатарт давуу тал байлаа. Угаасаа мэтгэлцээн дандаа л ийм байдаг. Хамгаалагч талд сул тал, довтлогч талд давуу тал олгогддог. Барак Обама, Митт Ромни нарын анхны мэтгэлцээн ч яг ийм уур амьсгалд өнгөрсөн.
Мэдээллийг хүргэх тал дээр (delivery) түүний гаргасан алдаа онооноос дурдвал:

1. Мэтгэлцээний эхэнд өрсөлдөгч С.Ганбаатарт "мэтгэлцээн хийх боломж олгосонд талархсан" нь зөв эхлэл байлаа. Найрсаг байдлын илэрхийлэл мэт боловч яг үнэндээ өөртөө итгэлтэй, бас энэхүү мэтгэлцээнд "бэлэн" байгаагаа илэрхийлсэн чухал алхам байв. Юу гэвэл уг мэтгэлцээн удаа дараа хойшлогдсонд С.Баярцогт ямар нэгэн байдлаар буруутай, асуудлаас зугтаж байгаа мэт сэтгэгдэл олон нийтэд төрж эхлээд байссны эсрэг цохилт болов. Харин дараахь өгүүлбэрээсээ л тэр довтлох тактикт шилжсэн нь хамгаалагч бус довтлогчийн дүрд орсон стратегийн оновчтой сонголт байлаа.

2. Ганбаатараас ялгаатай нь Баярцогт энэ мэтгэлцээнд маш сайн бэлдэж, чамбай гэгчийн цахим танилцуулга - слайд бэлдэж ирсэн нь өөрт нь маш том давуу тал авчирав. Хэрэв тоон баримт, хуулийн заалт, график багтаасан слайдууд байгаагүй бол энэ мэтгэлцээнд тэрбээр үзэгчдийг байлдан дагуулж чадах байсан эсэх нь эргэлзээтэй юм. Хэрэв тэгсэн бол энэ мэтгэлцээний үеэр ард нийт ямар ч мэдээлэл авч чадалгүй, хоёр уйтгартай улстөрч чуулган дээр маргаж байгаатай адил харагдах байлаа. Хүн чихээрээ сонсч бус нүдээрээ харж итгэдэг. Тоо баримт, үзүүлэх материал байнга давуу тал авчирдаг.

3. Мэтгэлцээний эхнээс л тэрээр индэрийн араас гарч тайзан дээр чөлөөтэй алхаж байсан нь маш зөв шийдэл (body language) байлаа. Ийнхүү биеэ чөлөөтэй авч явах нь өөртөө итгэлтэй, үзэгчдэд илүү нээлттэй байгааг илэрхийлдэг бөгөөд улмаар үзэгчдэд илүү гүн итгэл үнэмшил төрүүлдэг. Хувцасны сонголтыг ч тэр зөв хийсэн байлаа. Тансаг хээтэй торгон зангиа зүүсэнгүй, Монголчуудын дуртай хөх өнгийн, хээ хуаргүй, шулуун шударга зангиа. зүүж, мөн цулгай бараан хослол өмсчээ. Иймэрхүү зиндааны мэтгэлцээнд хувцаслалт чухал биш бус, харин маш чухал юм. Харин үе үе халаасандаа гараа хийж "бардамнах", үгээр байтугай үйл хөдлөл, нүүрний хувирлаар өрсөлдөгч талаа үл тоосон, дорд үзсэн хандлага илт харагдаж байсан нь олны дургүйцлийг төрүүлсэн цэвэр алдаа байсан. Гэхдээ зориудын тактик байсан байж болохыг үгүйсгэх аргагүй.

4. С.Ганбаатарын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудын дунд хэлсэн тоо баримтын зөрүүтэй байдлыг сиймхий ашиглан дэлгэцэнд харуулсан нь түүнд олз болж, өрсөлдөгч талд үзэгч олон үл итгэх сэтгэгдлийг түгээсэн маш айхтар, эртнээс төлөвлөсөн тактик байлаа.

5. Mэтгэлцээний турш маш том гэмээр "алдаа" хийсэн нь С.Ганбаатарыг маш олон удаа "мэдлэггүй, бэлтгэлгүй" гэж үгээр малтаж, доромжилсонд оршино. Энэ үгээ маш олон удаа хэлсэн нь бараг дийлэнхи үзэгчийн ундууцлыг төрүүлсэн биз. Монголчууд бид дээрэнгүй, онгиргон занд таатай ханддаггүй уламжлалт сэтгэлгээтэй. Тэрээр өөрийн санаагаа С.Ганбаатарыг "бэлтгэлгүй, мэдээлэлгүй байна" хэмээн даруухaн, эелдэг үг сонгож хэлж болох байсан бол харин өрсөлдөгч талаа бизнес, хөрөнгө оруулалтын гэрээ, эсвэл эдийн засгийн загварчлалын "мэдлэггүй, туршлагагүй" гэж бүр маш олон удаа хэлсэн нь олон нийтэд таатай сонсогдсонгүй. Гэхдээ энэ бол эргээд С.Баярцогтын мэтгэлцээнд ялах стратеги байсан байхыг үгүйсгэхгүй. Юу гэвэл С.Баярцогт энэхүү гэрээний бүх шатны хэлэлцээрт оролцож, анхнаас нь бүх түүхийг мэддэг, энэ талаарх өргөн мэдээлэлтэй байсан нь түүний давуу тал байлаа. Дээр нь дэлхийн шилдэг эдийн засагчдийн хичээл заадаг Колумбийн их сургуулийг эдийн засагчаар төгссөн, Cангийн сайдаар олон жил ажилласан хувь хүн. Харин С.Ганбаатар бол эдийн засагч бус, бас ний нуугүй хэлэхэд олон нийт (бүгд биш) заримдаа түүнд "хоосон ярьдаг этгээд" гэсэн пайз зүүдэг. Нэг ёсондоо С.Баярцогт С.Ганбаатарын паблик имижийн олон сайн, муу талуудаас хамгийн эмзэг байж болох цэг дээр маш олон удаа дарж, өөрийн давуу талыг дөвийлгөж "энэ хүн мэдээлэлгүй, мэдлэггүйгээр ингэж яриад байна" гэдэг гол мэссэжээ хүргэх тактик хэрэглэсэн байх магадлал өндөр юм. Би хувьдаа тэр зориуд ингэсэн болов уу хэмээн тааж байна.

Оюу толгойн гэрээ сайн эсэхийг хувь хүмүүс дүгнэнэ биз ээ. Харин мэтгэлцээний дүнд ард нийт энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон нь хамгийн том олз бөгөөд энэ мэдээллийг С.Ганбаатар биш харин С.Баярцогт хүргэж, эфирийн цаг хоёр талд тэнцүү олгогдсон ч бараг С.Баярцогтод илүү оногдсон мэт ашиглаж чадлаа. Win the crowd гэж онч үг бий дээ. Эхлэл хэсэгт тэр оноо авсан шигээ хаалтын хэсэгт ч мөн л бэлдсэн слайдаа харуулж байгаад өөрийн гол гол санааг давтан уншиж байгаа нь эгээ л их сургуулийн илтгэх урлагийн хичээлд гайгүй анхааралтай суусан оюутан болохоо нотлов. С.Ганбаатар харин хаалтын үгэндээ энэхүү мэтгэлцээнийг дахин хийж болох юм гэж санаа цухалзуулсан нь магад өөрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрсөнтэй адил сонсогдож байв (сэтгэл зүйн хувьд тэгж уншиж болно). Харин ажлын хэсэг байгуулах тодорхой санал дэвшүүлсэн нь түүнд нэмэх оноо авчирсан болов уу. Аливаа мэтгэлцээнд эхлэл, өрнөл, хаалтын үг их чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ээ, коллежийн 1-р курст заадаг даа. Байнга үзүүлэх материал, санаагаа хамгаалах зэвсэгтэй байж, хамгийн гол нь тулаанд ямагт бэлтгэлтэй ирэх ёстойг!

Зурагт үзэгч, дугаар хорооны иргэн, жиргээч Д.Сайнбаяр http://www.twitter.com/dsainbayar

(Энэхүү нийтлэлийг бусад вэбүүдэд тавих эрх нээлттэй. Харин эх сурвалжийг дурдана уу.)


Эх сурвалж:  http://sainbayar.blogspot.com
2012.11.24-10:33 AM

Жич: С.Баярцогтыг танихгүй ч С.Ганбаатар гишүүнийг би хувь хүний хувьд сайн таних билээ. С.Ганбаатарын үзэл бодол, тэмцлийг би хүндэтгэн үзэж буй ч мэтгэлцээний үед гаргасан алдааны тухай шүүмжлэлийг бүтээлчээр хүлээн авна хэмээн найдаж байна. Энэхүү шүүмжийг (critique) тэрлэхэд UNIVISION кабелийн ухраадаг үйлдэл тун нэмэртэй байсныг дурдахдаа баяртай байна.

22 comments:

Ninjka said...

Сайн шүүмж болсон байна...

Badka said...

МҮОНРТ үнэхээр хоцрогдсон гэдэг нь харагдлаа. Анхны ууган телевиз гэдэг утгаараа бидэнд хэн юу хэлэхэв гэсэн хандлагаар яасан ч яахав гэх маягын мэдээ нэвтрүүлгүүдийг их бэлдэх юм. Жишээ нь спортын нэвтрүүлэг байна. Байгууллагын дотоод уралдаан тэмцээнүүдийг хүртэл мэргэжлийн уралдаан тэмцээн мэтээр гаргах нь энгийн үзэгдэл болсон.
Хүмүүс энэ мэтгэлцээнээр буруушаасан мэтгэлцэгчээс нь бус тайлбарласан мэтгэлцэгчээс илүү мэдээлэл авч чадсан боловуу. Баярцогт анхнаасаа энэ гэрээнд оролцоод бүх явдлыг нь мэддэг байсан тул их итгэлтэй харагдаж байна. Харин тэр хувь хүний зан характер бол тусдаа асуудал байхаа.

M. Odgerel said...

Odgerel

Ali ni ch UIH-iin gishuun bish. Rio- giin manager Bayartsogt, Jiriin mongol zaluu Ganbaatar nar metgeltsev. Ganbaatariin sanaag demjuushtei bayartsogtiin Rio-g tseejeeree hamgaalahiig jigshuushtei .

D.Sainbayar said...

Bayarlalaa. Deer bichsen 2 huniii sanaliig huleen avch bna. Gehdee biyeiin hel geed bichiheer jishee ni 50- s deesh nasnii humuus oilgoh bolov uu? B.Rinchen guai ch bas gadaad ugiig niitleluudiinhee door zuij, tailbarlaj bichdeg bsn.

Ariunzaya said...

Баярлалаа. Гэхдээ англи тайлбарыг 50иас дээш насныхан илүү сайн ойлгоно гэж үү? Ер нь бол биеийн хэл гэж хэллэг монгол хэлэнд байхгүй байхаа. Англи үгний үгчилсэн орчуулга шиг харагдаж байна. Монгол хэлэнд дүйцэх үг байх ёстой. Харамсалтай нь би мэдэхгүй байна. Олж мэдээд таньтай хуваалцнаа.

D.Sainbayar said...

Odoo yaagd ter ugiig haaltand todruulga bolgon bichseniig oilgoj bui biz ee. Unshigch ta bolon bi ali ali ni body language iig herhen onovchtoigoor ilerhilehiig medehgui bna. Minii bodloor biyeiin hel gej yarih ni bolomjiin gej sanagdaj bna. Yag ene udaad orchuulga ni ugchilsen met haragdaj bui ch, tsaashid iim baidlaar nutagshij boloh oilgolt. Social networkiig anh niigmiin suljee gej orchuulahad humuus yag iim ug helj bsn bol odoo buh niiteer oilgodog, heregledeg bolson baih jisheetei. Hel uuruu bainga hugjij bdg. Harin buruu orchuulga baih ahul hel uuruu uuniig archih darhlaatai bdg.

Amindural said...

Мэтгэлцээн болсон нь таатай хэрэг боллоо.., сайхан зүйлс бичсэн байна :D., Body language= үйлдлээр илэрхийлэх гэж болох юм ?.., үйл хөдлөл л гэж орчуулагдах байх ;)..,

RT:Эргэлзсэн, төөрсөн Ганбаатар бол Монголын байр суурь шүү. Дээрлэхсэн, даапаалсан Баярцогт бол Rio Tinto-н байр суурь юм биш үү
@gbaterdene

Bayaraa said...

sain shuumj boljee. Sanal neg bn. Angli ug hereglesen ni nadad bol harin ch oilgomjtoi bn. Zarim ugiig mongoloor orchuulj utgig ni gargah hetsuu bdg.

В.Буянмөнх said...

Мэтгэлцээнд Баярцогт мэдээлэл, бэлтгэл сайтай байсан бол Ганбаатар эсрэгээр гэдэгтэй бүрэн дүүрэн санал нийлж байна.
Мэтгэлцээнээс энэ гэрээг хэрхэн сайжруулах талаар Баярцогт гишүүнээс сонсохыг маш их хүссэн. Гэвч Хамгаалагч маань дүрдээ хэт итгээд "Туйлийн гайхамшигтай" гэрээ гээд тас гүрийгээд байгаа нь хүмүүст өөрийгөө "Гадны хүн" гэсэн ойлголтыг өгчихлөө. Өөрийнх нь хэлсэн "Гэрээ байгуулах үед Монголын нийт иргэд ялчихсан" гэсэнтэй адилаар "Мэтгэлцээний үр дүнд ч Монголын нийт иргэд дахин ялах" боломжийг өөрийгөө өмөөрч, дөвийлгөсөөр байгаад үгүй хийчихлээ. Харамсалтай....

Maral said...

Body language gedgiig bieiin uil hudlul, bieiin hudulguunii helber, biee avch yavah baidal geh met orchuulj boloh yum. dajgui shuumj boljee.

Unknown said...

энд коммет бичсэн хүмүүс бичсэнээ хадгалаад аваарай. 2,7 сая монголчууд 10-15 жилийн дараа үнэхээр ашигтай гэрээ, үр дүнгээ бидэнд өгөх үү эсвэл ард түмэн хохирох уу гэдгийг үзэх л үлдлээ. ТЭР ҮЕД ХАРЦГААЯ.
Өөр ямар ч аргагүй гэрээ бололтой. Ашигтай байвал Ганбаатарыг ТЭНЭГ гэж дуудъя, ашиггүй байвал Баярцогтыг буудъя. Гэхдээ буудах ч багадах байхдаа.

Mugi Munkhtsetseg said...

Sanal niilj bn.

Mugi Munkhtsetseg said...

10-15 jiliin daraa ene gereeg ashigtai baisan esehiig yugaar hemjih ve? Gereenii daguu tolboroo tolood yavbal ashigtai baijee gej uzehuu? Delhiin ediin zasag, zesiin une zereg olon zuilees shaltgaalaad odoo tootsoolj buigaas ih yumuu baga ashig olvol yag ve?

Unknown said...

"Body language" -iig neg ugeer ilerhiileh yamar arga bn?! "Zangaanyi hel" gevel yamar ve?! Bi "Hel bichgiin" mergejiltei negen bish l dee, gehdee l ingej l buuj baigaam?!

магнай said...

Сайнхан нийлэл болж. Зөв өнцгөөс харж бичсэн байна. Энд шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд энэ чинь зөв бичгийн дүрмийн шалгалт эсвэл албан бичгийн орчуулга биш шүү дээ. Блог гэдэг чинь маш чөлөөтэй ойлголт: өөрийн гэсэн өвөрмөц хэлтэй, бичвэртэй, соёлтой зүйл. Энэ хүмүүс ер нь өөрсдөө хэзээ ч блог бичиж үзээгүй байх. Дээр нь Body Language-ыг Биеийн хэл гэж орчуулах болж байна уу? Одоо хүртэл энэ үгийг ойлгомжтой тайлбарласан монгол үг байдаггүй юм. Монголчилсон ч үүнийг ойлгох хүн хэр их байгаа бол? Мэн тэр Ариунзаяа өөрөө “Know your audience” гэж хэрэглэсэн л байна шүү дээ. Тийм л сайн юм бол үүнийгээ монголоор тайлбарлахгүй яасан юм. Хүн шүүмжлэх амархан харин ойлгох л хэцүү байдаг юм даа. Эцэс нь Сайнбаярт амжилт хүсэе! Keep moving forward.

D.Sainbayar said...

Блогоор зочилж сэтгэгдлээ үлдээсэн хүмүүст баярлалаа. Миний бие Ганбаатар, Баярцогт ОТ гэрээнээ асуудлаар хийсэн мэтгэлцээний талаар хийсэн бяцхан анализийг анх блогтоо зориулж бичсэн билээ.

Харин жиргээгээр түгсэн энэ нийтлэл нь Монголын томоохон сайтуудад тархаж, одоогоор news.mn, сонин.мн г.м сайтуудын хамгийн их уншигчтай, хамгийн их сэтгэгдэлтэй нийтлэл болсон байна. Тime.mn энэ нийтлэлийг зөвшөөрөлтэй авч нийтэлсэн ч дараа нь устгасан. http://politics.news.mn/content/126519.shtml

ДАХИН хэлэхэхэд энэхүү блог-нийтлэлээр Оюу толгойн гэрээний сайн муу, ашигтай ашиггүй талаарх хувийн байр суурийг илэрхийлэхийг зориогүй. Үүнийгээ ч нийтлэлийн эхэнд дурдсан. Энэ утгаараа мэтгэлцээний АГУУЛГЫГ ОГТ ХӨНДӨӨГҮЙ. Агуулгыг хөндөх нь асар их шүүмжинд өртөх, маш эрсдэлтэй алхам болохыг маш сайн ойлгож байсан.

Харин уг xалз мэтгэлцээнийг зохион байгуулж, үндэсний хэмжээнд шууд дамжуулсан МҮОНРТ, оролцогч талууд болох эрхэм С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээний үеэр хийсэн АЛДАА оноог ЗӨВХӨН МЭТГЭЛЦЭЭНИЙ СТРАТЕГИ, ХЭЛБЭР талаас нь энгийн үзэгчийн үүднээс анализ хийж, телевизийн сэтгүүлзүйн асуудалд санал бодлоо илэрхийлэхийг зорьсон.

Mэтгэлцээнд оролцогчийн ХЭН НЬ САЙН ХҮН, ХЭН НЬ ЗӨВ, эсвэл хэн ХЭНИЙГ ДЭМЖИХ ЭСЭХ, ОТ гэрээ САЙН МУУ эсэх нь үзэгч бүрийн хувийн хэрэг. Үүнийг дүгнэх нь уг нийтлэлийн зорилго ОГТ БАЙГААГҮЙ.

Харин мэтгэлцээний СТРАТЕГИ, ТАКТИК нь ямар байв гэдэг нь цэвэр тусдаа сэдэв юм! Би тэр тухай л дүгнэхийг оролдсон болохоос хэн нэгний талд ерөөс давуу тал өгөхийг бодоогүй. Тэрт усмаа Баярцогтыг хамгаалах шаардлага надад огт байхгүй, харин ч түүний алдаануудыг дурдсан.

Мэдээж уншигчид уг чухал сэдвээр сэтгэлийн хөөрлөөр хандаж, асуудлыг миний санал болгосон 3 дахь ч өнцөгөөс харахыг хүсэхгүй байгаа зэргээс хамаарч уг нийтлэлийг хэт нэг талыг барьсан гэж харах хандлага байна.

Ийм дүн шинжилгээ барууны орнуудад их дэлгэрсэн байдаг боловч Монголд огт хөгжөөгүй, хүмүүс телевизийн мэтгэлцээн гэж юу болох талаар маш бүрхэг ойлголттой байгаа нь ч харагдаж байна.

Болорхон said...

Зөв зөв... яг л миний олж харсан, хэлмээр байсан алдаануудыг олж харж зөв шүүмжилжээ.

Мика /美香/ said...

Uneheer sain shuumj bnaa Sainaa. bid ch gesen chinii niitlelees olon zuiliig tungaaj bodloo. Naizdaa amjilt husye. Iimerhuu huchtei niitleliig bnga huleej bdag shuu

@munkherdene_g said...

Manaihan harin oorsdiigoo ch sain medejgui bj! Hiij, helj bui negenee dandaa doosh hiidegiin! Tiim lag ym bol neg ch angli ug ashiglalgui iluu lag shuumj bicheedeheech!!!!
Metgeltseen talaasaa Bayartsogt yalsan!
Ganbaatar hudlaa salbaganaad l odoo metgeltsii ged bsn ym bj sain beldhed yaadagiin!!
Odoo gudamjind bish UIH gishuun bolchood joohon barimt ene tsugluulj, too barimt, gereenii zaaltaar Bayartsogt-g duugui bolgoj boloh bsn shde!

Unknown said...

"Body language"-iig "dohio zangaa" gedeg yum aa!

Мика /美香/ said...

Сайнаа, дахиад гоё юм бичээрэй. Чамайг уншихаар сайхан байдаг юм.

Unknown said...

Hediigeer ner tom'yoo n' neg ug, (holboos ug...geh met) baij boloh ch yuu gej oilgogdoh n' tuhain nuhtsluusuu shaltgaalah.

Olon utga ilerhiildeg ug, helts...gej baidag biz dee!?