11.08.2011

УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэх ил захидал

Гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгох эрхийг хуульчлан баталгаажуулъя!

Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын дор хаяж 10%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ. Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон төр улсынхаа хэргийг зөвшилцөн хэлэх онцгой эрх болох сонгуулийн эрхээ эдэлж чадаж байгаа билүү?

1999 онд дэлхийн олон оронд суугаа Монголчуудын үүсгэн байгуулсан Цахим Өртөө Сүлжээ болон Цахим өртөө Холбоо ТББ нь 2002 оноос хойш гадаад улсуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн хууль зүйн баталгааг хангуулах, хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн төлөө, ардчилсан чөлөөт сонгуулийн Үндсэн хуулиар баталгаажсан суурь зарчмуудын нэг болсон “сонгуулийн бүх нийтийн” байх зарчмыг хангуулахын төлөө тууштай тэмцэж, УИХ болон түүний гишүүд, Засгийн газар, Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж, санал бодлоо илэрхийлж, шахан шаардаж ирсэн билээ.

Багагүй хүчин чармайлтын дүнд 2005 онд МУ-ын Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, Үндсэн хуулиар олгогдсон гадаадад суугаа Монголчуудын сонгох, сонгогдох эрхийг Сонгуулийн хуульд тусгасан боловч 2007 оны 12 сард УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тухайн үеийн УИХ зарим нэг үл бүтэх төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Үндсэн хуулийн дээр дурдагдсан суурь зарчмыг зөрчин, хасаж шийдвэрлэсэнд бид тун их харамсдаг.

Эдүгээ УИХ-аар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан бид гадаад улсуудад оршин суугаа 150,000 орчим буюу нийт сонгогчдын 10 орчим хувийг бүрдүүлж буй Монгол улсын иргэдийн сонгох эрхийг хуульчлан баталгаажуулж өгөхийг дахин хүсэмжилж, энэхүү ил захидлыг илгээж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэн дэмжигдсэн саналуудыг тусган боловсруулж, эцсийн хэлэлцүүлэгт оруулж буй төслийн 6-р зүйлийн 6.7. дахь заалтад “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэсэн агуулгатайгаар оруулсан байгааг бид талархан дэмжиж байна.

Учир нь бид уг заалт нь энэ агуулгаараа батлагдвал хууль зүйн хувьд нэгд, гадаад улсуудад оршин суугаа монгол улсын иргэдийг эх орондоо байгаа сонгогчдын адилаар УИХ-ын сонгуульд оролцон, саналаа өгөх эрхийг баталгаажуулж байгаа явдал, хоёрт, Сонгуулийн ерөнхий хороо болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд үүрэг болгосон заалт учраас 2008 оны үйл явц шиг элдэв арга, шалтагаар саад хийх, хэрэгжүүлэхээс татгалзах боломжгүйгээр хийгдсэн зохицуулалт болох юм байна хэмээн ойлгож байна.

“Цахим Өртөө Холбоо”-той гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжин, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, З.Энхболд нарт болон бусад бүх дэмжигч гишүүдэд гүн талархал илэрхийлье.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Бид та бүхнийг Үндсэн хуулиар тунхагласан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго, чөлөөт ардчилсан сонгуулийн бүх нийтийн байх суурь зарчимд үнэнч гэдэгд тань итгэж, гадаад улсуудад оршин суугаа сонгогчдынхоо сонгох эрхийг хуульчлан баталгаажуулж, 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт гүнээ найдаж байна.

Бид энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн бөгөөд эдүгээ хэлэлцэгдэж буй УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга бидний хүссэнчлэн, Үндсэн хуулийн агуулгад нийцсэн байдлаар батлагдвал хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтнуудтай ч нягт хамтран ажиллаж, чадах хэрээрээ дэмжихээ илэрхийлж байна.

Эрх чөлөөт, ардчилсан Монгол эх орон минь мандан бадрах болтугай!


Цахим Өртөө Холбоо ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
И-мэйл: tsahimurtuuholboo@yahoo.com, holboo@tsahimurtuu.mn
Вэб: www.tsahimurtuu.mn

2 comments:

Anonymous said...

ITGEL gej neg yum bainaa!

Anonymous said...

Uund gants shaltag bii gadaadad baigaa 200 000 garui irgediig songuulid oroltsuulval diilenh n MAH-iin esreg sanalaa ogno tiimees l MAH-iinhan albaar irgediin erhiig booj Mongol dahi hunii erhiig 20 jil zorchij baigaa yum.