БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд аа!
Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг Цахим өртөөний хамт олон, Монголын топ аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн албадаас хүргэж байна.
1999 онд байгуулагдсан Гадаадад суугаа монголчуудын Цахим өртөө сүлжээ, түүний вэб хуудаснаа олон мянган монголчуудын дунд Гадаадад хэрхэн суралцах вэ, Гадаадад хэрхэн ажиллах вэ, Хэрхэн ногоон карт авах вэ сэдвээр мэдээ мэдээлэл түгдэг байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр хэлэлцүүлгийн сэдвийн чиглэл нь өөр болох шаардлагатай цаг үетэй бид нүүр тулжээ.
Чухамдаа тухайн үед мөн л элэг нэгт та бүхний нэгэн адил гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байсан Цахим өртөөчид эхнээсээ эх орондоо эргэн ирж, нийгмийн бүхий л салбарт өөр өөрсдийн замналаар ажиллаж, амьдарч, Монгол дахь нийгэм, эдийн засгийн БОДИТ БАЙДАЛ-тай нүүр тулж байна. Басхүү өөрсдийн сурч мэдсэн туршлагаа ажлын байр, амьдрах орчиндоо түгээж, эх орны хөгжлийн хөдөлгүүрт багахан ч атугай хувь нэмэр болж байгаа нь ирж буй цагийн өнгө гэлтэй.
Тийм ээ, Цахим Өртөөчид өнөөдөр хэрхэн гадаадад гарах тухай бус, харин хэрхэн, яаж, хэзээ Монголдоо ирэх тухай мэдээлэл түгээхээр зориглолоо.
Хөдөө -> аймгийн төв -> нийслэл -> гадаадын улс орнууд гэсэн миграци буюу нийгмийн гоц үзэгдэл Монголд түгээмэл болоод 20 жил боллоо. Саяхан болсон хүн амын тооллогоор 107 мянган (албан бус тоогоор 160 мянга орчим) Монголчууд гадны улс орнуудад ажиллаж байгаа нь нэг талаас brain drain / human capital flight буюу оюунлаг, мэргэжлийн өндөр чадавхитай, мэргэшсэн ажиллах хүчний гадагшаа чиглэсэн миграцийн урсгал хүчтэй илэрч, улмаар нийгэмд чадварлаг мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдын хомсдолыг бий болсныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ойрын хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарт нийт 70 мянган шинэ ажлын байр бий болох гэж байгаа ч мэргэжилтэй ажилчдын тоо 30 мянга хүрэхгүй байна.
Өнөөдөр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л компани, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай боловсон хүчин болон мэргэшсэн ажилчдын хэрэгцээ асар их өслөө. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас тухайлбал БНСУ-аас дутахааргүй, зарим тохиолдолд хэд дахин илүү байна.
Учир иймд бид энэ удаа БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд Та бүхэндээ Монголын эдийн засгийн өнөөгийн чиг хандлага, хүний нөөцийн зах зээл, нээлттэй ажлын байрны мэдээллийг түгээх зорилгоор дотоодын олон ажил олгогч компаниудын хамт "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост - 2011" үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Цахим өртөө Холбоо ТББ-аас 2009 онд санаачилсан "BRAIN GAIN: Гадаадад суугаа монгол мэргэжилтнүүдийн оюуны урсгал, миграцийн чиглэлийг өөрчлөх нь" төслийн хүрээнд бид АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотуудад БСШУЯ болон, төр, олон нийт, хувийн хэвшил, ажил олгогч байгууллагуудын хамт АНУ дахь Монголчуудад зориулсан "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - 2010" үйл ажиллагааг 2010 оны 2 дугаар сард анх удаагаа амжилттай зохион байгуулсан нь уг үйл ажиллагааг цаашид тогтмол явуулах бодит шаардлага байгаа талаар бид гүн итгэл үнэмшил олж авсан юм.
Эх орноос ирж буй САЙН МЭДЭЭГ та бүхэн ирж сонсоорой. Өртөөлөн ирж буй Монголынхоо ажил олгогч компаний төлөөлөгч нартай Та заавал нүүр тулан уулзаарай. Та өнөөдөр эх орондоо ажиллаж амьдарч, аав ээж, гэр бүлтэйгээ ойр амьдрах цаг ирсэн байж болно. Цаг нь ирээгүй ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч Та заавал уг арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.
Тун удахгүй бүгдээрээ Сөүл, Бүсан хотуудад уулзалцгаая.
Мэндчилсэн,
Туульч-Өөлд Д.Сайнбаяр
Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга
www.tsahimurtuu.mn
6.25.2011
INVITATION: Tsahim Urtuu Job Fair Korea 2011 in Seoul & Busan
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment