3.29.2009

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэг

Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс 2009-2014 оны эрдмийн жилд зориулан Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна. Хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад байнга оршин суугч, Монгол угсаа гаралтай хазара үндэстэн, ахлах сургууль төгсөгч хоёр шилдэг сурагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгох юм. Хоёр сурагчид олгох тэтгэлэг нь монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт 5 жил үргэлжилнэ.

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлэгийн сан нь тус бүр 17000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэнэ. Оюутны тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, сургалтын бусад зардал орно. (Тэтгэлгийн санд тухайн оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх замын зардал багтаж болно.) Хичээлийн жилийн төгсгөлд тэтгэлэгт оюутан нь тухайн жилд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийг авснаар ямар үр дүнд хүрсэн тухай тайлан бичих болзол хүлээнэ.

Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлж байна:
  • Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;
  • Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна. Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь авьяаслаг, бие даасан, сонирхлын цар хүрээ өргөнтэй байх бөгөөд суралцах ахуйдаа мэдлэг боловсролын болоод хувь хүний хувьд төлөвших бололцоогоор хангагдана.

Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?

Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь 17-21 настай байна. Хэрэв та Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын ахлах сургуулийн 12 дугаар ангид сурдаг, хазара үндэстэн, хувийн болоод сур¬лагын өндөр амжилттай, Монгол Улсын Их Сургуулиас санал болгож буй мэргэжлийн ангиуд нь таны боловсролын ашиг сонирхлыг хангах бол уг тэтгэлэгт хамрагдах өргөдлийг гаргах эрхтэй. Өргөдөл гаргагч нь 3.33-aaс багагүй (4.0 -ийн системээр) голч дүнтэй ба нийт төгсөгчдийн сурлагын жагсаалтад эхний 20%-д багтсан байна.

Тэтгэлэгт хамрагдсан оюутан суралцах хугацаандаа 3.0 голч дүнг хадгалж, хичээлийн нэг улиралд доод тал нь 12 кредит цагийн хичээлд суусан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн авах эрхийг эдэлнэ.

Сургалтын хөтөлбөр

Tэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ын салбар сургуулиудад дараахь сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой:

Монгол Хэл Соёлын Сургууль
Хэл шинжлэл, Нүүдлийн соёл иргэншил судлал, Монгол хэл, Эх бичиг-Алтай судлал, Түрэг судлал, Ардын урлаг судлал, Гадаад хэл соёл

Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Улс төр, Социологи, Сэтгэл судлал, Антропологи, Түүх, Философи, Сэтгүүлзүй, Угсаатан судлал, Шашин судлал

Мэдээллийн Технологийн Сургууль
Электроник, Програм хангамж, Сүлжээний инженер, Компьютерийн инженер

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Өргөдлийн бүх материал англи хэл дээр байх ба дараахь баримтыг хавсаргана:

  • Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг хүсэгчийн маягт
  • Хувийн эссэ
  • Ахлах сургуулийн дүнгийн албан ёсны хуулбар
  • Хоёр багшийн бичсэн итгэмжит захидал
  • Эцэг/эх, гэр бүлийн гишүүдийн аль нэгний бичсэн итгэмжит захидал
  • Пасспорт, үнэмлэхний хуулбар
  • Сүүлд татуулсан 2 хувь пасспортын цээж зураг

Өргөдөл гаргахад үнэ төлбөргүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг
www.tsahimurtuu.mn/scholarship.htm хаягаас татаж авна уу.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2009 оны 5 сарын 1-ний өдөр. Өргөдлийг хянах, шалгар¬уулалт хийх үйл ажиллагааг хурдавчлах үүднээс тэтгэлгийн өргөдлийн бүх бүрдүүлэх баримт holboo@tsahimurtuu.mn имэйл хаягаар явуулахыг санал болгож байна. Үүнээс гадна дээрх материалууд нь Цахим Өртөө холбооны шуудангийн хаягаар 2009 оны 5 сарын 1 ний өдрөөс өмнө ирсэн байх ёстой болохыг анхаарна уу. Өргөдлийн бүх бичиг баримтыг дараахь хаягаар илгээнэ үү:

Tsahim Urtuu Holboo NGO
IT Park 424
Baga Toiruu-49
Ulaanbaatar
MONGOLIA

Хэрэв өргөдлийн материал нь хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол Оюутны тэтгэлгийн комиссоос хоцорсон өргөдлийг хүлээн авах шийдвэр гаргаж болно.

Шалгаруулалтанд нөлөөлөх хүчин зүйлс

Оюутны тэтгэлгийн комисс нь тухайн сурагчийн Монгол Улсын Их Сургуульд суралцах гал халуун хүсэл эрмэлзэл, сурлагын өндөр амжилтыг илтгэх нотолгоо, нийгмийн тусч хөдөлмөр, хувийн сахилга батыг үндэслэн шийдвэр гаргана. Оюутны тэтгэлгийн комисс нь их сургуульд суралцах төлөвлөгөөний логик, Монгол улсад суралцах шалтгаанаа сайтар тайлбарлаж нотолсон сурагчидыг ялагчаар сонгох болно.

Оюутны тэтгэлгийн комиссын шийдвэр

2009 оны 5 сарын 1-нээс өмнө өргөдлөө явуулсан сурагчдын өргөдлийг хүлээн авсан тухай мэдэгдлийг тухайн сурагчын имэйлээр хариу мэдэгдэнэ. 8 хүртэлх тооны сурагчид нь шигшигдэж, дахин шалгаруулалт хийх зорилго дор англи хэлээр хийх телефон утасны ярилцлаганд уригдана. Оюутны тэтгэлэгт уралдаанд ялагчдыг нэрсийг 2009 оны 5 сарын 31 буюу Цахим Өртөө Сүлжээний 10 жилийн ойн баярын өдөр Оюутны тэтгэлгийн комиссоос зарлана. Мэдэгдэл нь Цахим Өртөө Сүлжээний www.tsahimurtuu.mn вэбсайтад 2009 оны 5 сарын 31-нд Улаанбаатарын цагаар 12 цаг гэхэд нийтлэгдэнэ. Оюутны тэтгэлгийн комисс нь бүх сурагчдын өргөдөлд хянуур хичээнгүй хандах бөгөөд шийдвэр нь эцсийн байна.

Оюутны тэтгэлгийн комисс
Цахим Өртөө Холбоо ТББ
2009 оны 3 сарын 26


Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
Холбоотой мэдээллүүд
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэг
- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад
”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс

5 comments:

XChuluun said...

wow saixan zuil bainashdee. ovoo ch mongo avaxiin bainashde xo. Aztai neg n avna biz. English deer gargachixaach xo

D.Sainbayar said...

Ug ni Related Links in English geed oruulsan baigaa daa. http://www.tsahimurtuu.mn/main/200903291532.htm deer bii.

Javkhlan said...

Afkand baigaa ali neg baiguulgatai hamtarch ajilaj baigaa yum uu? zovhon neteer olno gevel hetsuu baihaa.

Anonymous said...

Sain baina uu> ? Tanii email hayagiig avch boloh uu?

peakfinder said...

Sain saihan uils ehluulj baigaad talarhav.