2.25.2009

Шинийн нэгэн

Та бүхэндээ Шороон үхэр жилийн Шинийн нэгний мэнд хүргэе! Төрлөөрөө түмэн амгалан... гол нь өөдрөг, цогтой, эрүүл энх байхыг хүсэн ерөөе! (Монголчууд бид эдийн бэлэг бус харин амны бэлгэ үгээр бие биедээ урам хайрлаж, ерөөж, мэндчилж ирсэн гайхамшигтай ард түмэн билээ л.)

Өнөөдөр би болоод монгол түмэн бүгдээр аз жаргалтай байна. Ард нийтээрээ аз жаргалтай, нүгэл хийдэггүй, хувцасны болоод сэтгэлийн хиргүй байдаг баяр нь Цагаан сар. Тийм ээ, Монгол үндэсний Цагаан сар үнэхээр сайхан болж байна. Улаанбаатарчууд сүүлийн үед үндэсний дээл хувцасаараа гангарах нь бүр их болсон байна. Torgo Fashion, Шилмэл загвар г.м урчуудын газар үнэхээр ганган ганган загвар урладаг болсон байна лээ. Үндэсний хувцасаа өмссөн монголчууд үнэхээр гоё харагдаж байлаа. Үндэсний хувцасаа үндэснийхээ баяраар өмсөнө гэдэг бол их сайхан заншил юм даа уг нь. Дараа жил нэг дээлтэй болж авья гэж өөртөө хэллээ :)

Өглөө хайрт Аавдаа зул өргөөд Бурхан болоод удаж буй аавын аав, ээж хоёртоо сэтгэлийн залбирал үйлдэж, xувцасны сайнаас өмсөж, монгол ёсоор гадаа гарч зүг чигээ гаргав. Ингээд мэдээж хамгийн түрүүнд буурай аав ээжийндээ очиж золголоо. Аавын талынхан 7-уулаа, ээжийн талынхан нийт 10-уулаа учир би гэж хүн үнэхээр олон үеэлтэй, ах дүү, амраг садангаар баян хүн гэж өөрийгөө тооцохоос өөр аргагүй. Харин ээж талын буурай аав ээжийнд энэ жил анх удаа 10 хүүхдээс 9 нь Монголд байж таараад бүгдээрээ гэр бүл, үр хүүхэд, ач гучаа дагуулж ирсэн. Сонирхолтой нь бид бүгдээр маш дотно өссөн билээ.

Ер нь жил жил л буурай аавынд цагаан сарын шинийн нэгний өглөө бүгд цуглаж маш том золголт болдог уламжлалтай. Энэ жил 9 хүүхэд, ач, гуч нийлсэн 50 гаран ах дүүс цуглаж өргөн том золголт болов. Манайхан бүх гэр бүлүүд цугласан хойно нэг мөсөн золголтоо хийдэг уламжлалтай. Бүх л нагац, хүргэн ах нартаа нанчид барьж золгох (надаас тэд "харах" тул:) учир би гэж хүн хайрцаг дүүрэн Соёмбо, Болор, Чингис архи тэвэрч орсон билээ :) Нэгэнт золголт эхлэxэд бүх ах дүү нар насны эрэмбээр буурай аав ээжтэй золгоно. Буурай аавдаа Энэтхэгт 30 аад онд Өвөр Монголын Шилийн гол нутгаас дүрвэн гарч, Гималайн уулын нэгэн оргилд (Калимпонг хот) суугаад 88 хүрсэн Лам Жамбаа гуайн хүзүүнд зүүж өгсөн шар хадаг, эр хүний хүндэтгэл, цагаан сэтгэлийн илэрхийлэл болгож Соёмбо сархад барив. Ээждээ харин Лам Жамбаа гуайн өгсөн цагаан хадагийг барин золгоход, хайрт ээж минь баярлахдаа нулимс унагасан билээ. Буурай аав ээжтэй золгосны дараа бүх ах дүү нар хоорондоо тойрч золголцсон нь бараг бүтэн цагийн ажил болов. Хүн өөрийгөө л үнсдэггүй тул 50 * (50-1) = гэвэл 2450 удаа, гэхдээ хоёр хацрыг нь үнсэж, үнсүүлсэн гэж тооцвол, энэ тоог 2 оор үрхих хэрэг гарна, аймаар өндөр тоо гарах тул тооцоог ингээд зогсооё, хэхэ. Овоо сайн үнсэлцсэн байгаа биз? Гэхдээ энэ бол манай гэр бүлийн, монгол айлын хамгийн том баяр юм даа.

Ах нар монгол ёсоор цаг агаар, мал тэвээргэ, эрүүл энх, эрдэм номын мэнд ус мэдэлцэж, халтар манан хөөргүүд зөрүүлэлцэнэ. Би гэж хүн аавын өгсөн хөөргийг гэртээ мартаад гарсан байв. Дүү нар сүүтэй цай барьж, цагаалга тойруулав. Ингээд ухаант буурал аав минь мөнгөн аяганд сархад дүүргээд үг
ээ айлдав. 18-тайдаа бичиг үсэгт сайн байсан тул сум нэгдлийн нарийн бичгийн дарга болж насаараа аймгийн шүүх, хянан шалгах хороонд ажиллаж ирсэн буурал аав минь үг хэлэхдээ гаргууд, үнэхээр бахархаад ханахгүй хүн. 1-2 насны зөрүүтэй 10 хүүхэд төрүүлж өсгөхөд хүнд хэцүү үе их байсан ч шударга хөдөлмөрлөж, жинхэнэ ёсоор амьдарахад их юм хэрэггүй байсан тухай, мөн бүгдийг юугаар ч дутаалгүй эрүүл энх өсгөж, олуулаа өссөн тул бүгд бие биеэ гэсэн сэтгэлтэй, хөдөлмөрч, хариуцлагатай, хүмүүжил сайтай болж өссөнд бахархдаг тухай, мөн бүгд л боловсролтой болж, сургууль соёл дамжиж, нийгмийн ухамсартай, сайхан сэтгэлтэй иргэд болгож чадсанд, насны эцэст халуун ам бүлээрээ өнөр өтгөн, ийм сайхан байгаад сэтгэлийн жаргал эдэлж байгаадаа баяртай явдагаа хэлэв. Буурай аав, ээж хоёр тоонот гэрт толгой холбоод 59 жилийн нүүр үзэж буй нь энэ буюу! Буурай аавын бие хулгана жилийн эхээр бага зэрэг чилээрхсэн боловч хувьтай хүн хулгана жил үзнэ гэдгийн дээр өнгөрсөн жил 3 ач нь 3 "хулгана" төрүүлж, өвөөгийн бие одоо бүр маш сайн тэнхэрсэнд баярлаж, өвөөгөө эдгээж нас нэмсэн 3 ач, 3 гучдаа баярлаж буйгаа хэлэхэд хүн бүрийн сэтгэл хөдөлсөн билээ. Тийм ээ, ийм л өвөө, эмээгийн ач нь болж төрсөндөө бахархахаас өөр аргагүй. Буянт буурай аав ээж хоёрынхоо өлмийд мөргөж, үр ачдаа буянаа хайрласанд баярлаад барахгүй билээ л. "Буурай ээж ээ, та тэгээд 10 жил жирэмсэн, 10 жил том гэдэстэй явсан юм уу" гээд л бага байхад явуулдагсан. Ухаан санаа саруул, нүүрэндээ буянтай буурай ээжийн маань хөл л их муудсан даа.

Үндсэндээ гадны хүнд тайлбарлавал цагаан сарын зоогийн аppetizer-т тараг, цагаан будаа, хайлмаг, ууцны нимгэн огтолсон өөхтэй мах барив. Үнэхээр тансаг зоог. Дараа нь мэдээж бууз, хуушуур, төрөл бүрийн салат. Хоол идэх зуур мэдээж ингэний хоормог, гүүний айраг ууж тансаглана. Dessert? Чихэртэй ааруул, цагаан өнгөтэй зефир, янз бүрийн жимсний компот, буурай ээжийн хийсэн аньсны шүүс. Дундуур нь монгол архи, япон сакэ, шотланд виски, бүсгүйчүүдийн төрөл бүрийн сүүтэй коктеилууд, за тэгээд шар хар айргууд нь сүүлийн үеийн нэмэлт on the menu. Мэдээж хоолны амт бол тасархай. Буурай ээж минь насаараа гэртээ 10 хүүхдүүдээ өсгөсөн ч хэд хэдэн мэргэжлийг төгс эзэмшсэн юм. 10 хүүхэд өсгөхийн тулд насаараа хоол хийж мэргэжлийн chef, олон зуун дээл хувцас оёсноороо бол Торго фашион-ын designer-ыг хол хаях, тааруу эмчээс мянга илүү, олон арван ач гучыг асарснаараа гайхамшигтай асрагч, сурган хүмүүжүүлэгч болсон хүн билээ. Тийм ээ, миний буурай ээжийн хоолны өмнүүр гишгэх хүн байхгүй л дээ. Одоо бол буурай ээж хэмээх ахлах тогоочын тушаалаар нагац эгч, үеэл дүү нарын хийсэн 7 курс хоол бол New York-ын хамгийн сайн итали ресторанаас илүү тансаг байх нь тодорхой.

Телевизээр монгол сувгууд гоё гоё нэвтрүүлэг, уртын дуу эгшиглүүлнэ. Бүр альтернатив Отгоо маань монгол цамц өмсөөд нөгөө хөөрхөн alternative rock дуунуудаа дуулж байв. Мэдээж бэлэг авах ээлж ирэв. Эмээ толгой эргэхгүйн тулд 10 хүүхдийнхээ насны дарааллаар тус бүрийн гэр бүл, тэдний хүүхдүүд, бас ач, гуч нарыг дуудна. Бүгдэд нь дандаа л тэдний хүссэн, захиалгаар авсан бэлгийг нь өгч байх шиг. Энэ жил надад Hugo Boss - Pure үнэртэй ус авчруулж бэлэглэсэн нь надад маш их таалагдлаа. Ингээд манай гэр бүл аавынхаа хамгийн ууган ах Га авгындаа эртхэн очиж золгох ёстой гэж хэлэлцсээр буурай аавынхаас гарч явна. Га ах маань цагаан сараар "Эрхэм дүүгийн Эрдэнэт бие эрүүл, Эрдэм номын хишиг буян арвин уу?" хэмээн мэндчилээд Монгол түмний уламлалт ёс болоод ертөнцийн хамгийн сайн сайхныг хүүрнэн ярьж, үдэх үед
ээ ерөөл айлдаад эдийн дээд ном бэлэглэдэг ажгуу...

5 comments:

jagdag said...

Тарган тавтай сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?

Эрхэм дүүд жарны шороон үхэр жилийн сар шинийн нэгний өдрийн мэндийг хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье!

Шинийн нэгнийг нүдэнд харагдтал сайхан дүрсэлсэн байна. Сайхан бичлэг болж, баярлалаа.

Buya said...

Сайхан өнөр өтгөн гэр бүл байна.
Сайхан шинэлцгээгээрэй.

XChuluun said...

сайхан гэр бүл байна. Энэ сайхан жилдээ Үхэр шиг буянтай Үнээ шиг сүүтэй Бух шиг хүчтэй Бяруу шиг залуухан Хайнаг шиг чанартай Сарлаг шиг цоглог Тугал шиг хөөрхөн байгаарай. Дээрээ тэнгэрийн нартай Дэргэдээ ханийн нартай Өвөр дээрээ үрийн нартай Өөдлөн дэвжиж, өсөн дэвшиж яваарай

Anonymous said...

Saikhan havarjij bain uu?
Weather in CHI-town's been nice this winter. I did not have a chance to say that I am sorry for your loss. It is tough to lose your family members.
I wish you good luck this year and years to come!

Anonymous said...

Shoroon uher jildee eruul enh, az jargaltai baij, ajil uils chini amjilt buteeleer duuren baihiig husiye! saihan bichleg bn,unshaad goe sanagdlaa, mongoloo sanaj bn shu! Irelandaas