10.10.2014

МОНГОЛЫН УЛСТӨР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн нээлтэнд хэлсэн үг

2014.10.10 Төслийн нээлтийн үйл ажиллагаа – Соёлын Төв Өргөө – Д.Сайнбаяр 

Сайн байцгаана уу 21-р зууны Монгол залуус аа! Юуны өмнө хэн нэгэнд биш, харин та бүгд өөрсөддөө зориулаад алга ташаарай. Яагаад гэвэл өнөөдөр энд цугласан та бүгд бие биедээ баяр хүргэх маш том шалтгаан байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Хүн өөрийн амьдралынхаа мөч бүрт СОНГОЛТ хийдэг. Гэхдээ амьдралын турш маш цөөн чухал сонголт, САЛАА ЗАМЫН өмнө ирдэг билээ. Их сургуульд суралцах, мэргэжлээ сонгох, анхны ажил, гэр бүл г.м Гэхдээ энэ чухал сонголтуудыг хийх боломж дандаа давтагдаад байдаггүй.

Одоогоос долоон жилийн өмнө би есөн жил харь нутагт ном сурч, ажил хийж, нэг ёсондоо "бадарчилж" яваад төрж өссөн Монголдоо буцаж ирсэн. 26 настай, АНУ-ын Чикаго хотод програмистаар ажилладаг, үсээ босгож самнасан тийм л нэг энгийн залуу. Эрч хүч дүүрэн. Яг тэр үед би бас л нэг чухал сонголтын өмнө ирсэн. Эх орондоо хийж бүтээж, өөрийгөө бизнесийн салбарт сорих уу, эсвэл Америкт өндөр цалинтай ажлаа хийгээд, тэнд эхэлсэн амьдралаа өрнүүлэх үү гэж. Удаан бодсоны эцэст Монголдоо үлдэж, Global CEO нэвтрүүлэгт оролцох сонголтыг хийж байсан. Энэ бол тийм амар сонголт байгаагүй ч амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг байсан гэж одоо ч надад бодогддог.

Дэлхийн цалинг Монголдоо уриатай тус нэвтрүүлэгт шигшигдэн оролцсон 15 залуусын ихэнхи нь өнөөдөр Монголын топ групп компаниудад, зарим нь өөр өөрийн сонгосон салбарт манлайлагч болж ажиллаж, дэлхийн цалинг Монголдоо авч байна. Ард түмний өмнө мэдлэг боловсрол, авьяас чадвараа нээлттэйгээр уралдуулж, ӨӨРСДИЙГӨӨ СОРЬЖ, ӨӨРСДИЙГӨӨ НЭЭСЭН нь бидний хувьд хамгийн том шагнал болсон юм. Тэдний хэн нь ч “арын хаалгаар” ажилд орж, “арын хаалгаар” амьдралаа төвхнүүлээгүй ээ.

Өнөөдөр Монголын нийгэмд хүн бүр л бүгдийг шүүмжилдэг болжээ. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болтугай лаа асаа гэж нэг ухаантны хэлсэн үг бий. Тун харамсалтай нь болохгүй, бүтэхгүй байна хэмээн шүүмжлэгчдийн тоо түүнийг өөрчлөхийн төлөө үйлдэл хийж буй хүмүүсээсээ олон байна. Шийдлийг олж нээх, хэрэгжүүлэхэд ҮЙЛДЭЛ, ОРОЛЦОО чухал. Тэртусмаа ЗАЛУУСЫН ОРОЛЦОО чухал.

Үүнийг та бүхэн хийж чадна.

УЛСТӨР гэдэг үгээс Монголчууд бид залхжээ. Бүх нийтээрээ улстөрч хүнийг адгийн амьтан гэж боддог болсон байна. Тэр улстөрд орж байгаа гэнэ гээд бие биеэ ад үзэх, сайн муугаар хэлдэг болжээ. Энэ бол өөрөө яагаад залуус улстөрд дуу хоолой, үйлдлээрээ оролцох ёстой вэ гэдгийн маш том шалтгаан болж байна. Яагаад манай нийгэм УЛСТӨР гэдэг үгээс ингэж их цэрвэнэ вэ?

Яагаад гэвэл МОНГОЛЫН УЛСТӨР БОХИР БАЙНА. Яагаад гэвэл МОНГОЛЫН УЛСТӨР ШУДАРГА БУС БАЙНА. МОНГОЛЫН УЛСТӨРЧИД ХУДАЛ АМЛАЛТ ХЭЛЖ БАЙНА. Монголын УЛСТӨР баялаг бүтээгчдэд СААД болж байна. Монголын улстөр нийгмийн сэтгэлгээний түвшнээс хоцорсон байна. МОНГОЛЫН УЛСТӨР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.

Монголын ард түмэн ЦОО ШИНЭ ҮЕИЙН, ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ, ОРЧИН ҮЕИЙН мэдлэг боловсролтой, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ, ХИЙСНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛДЭГ, ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ҮНЭНЧ, ШИНЭ МАНЛАЙЛАГЧДЫГ хүсч байна.

Үүнийг та бүхэн хийж чадна.

Тус төсөлд оролцогчдыг сайн муу хэлж, өөлж, үл итгэж, урьдчилан дүгнэж буй хүмүүс олон байгааг нийгмийн сүлжээгээр харлаа. Улстөрд шинэ манлайлагч болохоор зориглон оролцож буй энэ залуусыг битгий ад үз, залуу үеийн хийж бүтээх, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛ ЗОРИГИЙГ бүү МОХОО гэж би тэдэнд хэлмээр байна. Даргын хүүхэд эсвэл заавал олон жил намын ажил хийсэн хүн манлайлагч болдог байх шаардлагагүй. Эрдэм мэдлэг, авьяас чадлаа ард түмнийхээ өмнө шалгуулая, уралдуулая гээд зориглож буй эдгээр 90 залуусыг дэмжтүгэй гэж тэдэнд хэлмээр байна!

Уудам Монголын өнцөг булан бүрээс шигшигдэн шалгарсан та бүхэн бол Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөл, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг эрхэмлэдэг, Монгол улсын нэр төртэй иргэн, дэлхийн энх тайванч, байгаль орчноо хамгаалагч, шударга ёсыг сахигч, өндөр ёс суртахуунтай, Монгол орны хөгжлийн хөтөч болсон ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН мөн гэдэгт бид итгэж байна.

Өнөөдөр та бүгдийн дундаас улс орныхоо иргэдэд ҮЙЛЧЛЭХ (public servant), нийгэмд тулгарсан асуудлуудын ШИЙДЛИЙГ ОЛОХ бодлого тодорхойлогчид, Соёлт нийгэм, Шударга ёс, Xүний эрх, Ардчилсан нийгмийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН төлөө тэмцэх МАНЛАЙЛАГЧИД төрнө гэдэгт ард түмэн тань итгэн хүлээж байна.

Монголын түүхийн үе бүрт нүдэндээ цогтой залуу манлайлагч нар төрж, ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ ачаа хүссэн хүсээгүй бидний үед шилжин ирж буй. Энэ бол ирж яваа цаг. Манай үеийнхэн их өвөг дээдсийн ариун голомтыг бадрааж, хөгжлийн бамбарыг улам өндөрт өргөх болно.

21 зууны Монгол залуучууд үүнийг хийж чадна. Та бүхэн чадна. 

ТА БҮХНИЙГ ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА!

Баярлалаа.

Даваабатын Сайнбаяр
Моннис группын дэд ерөнхийлөгч
Олуулаа клубын ерөнхий зохицуулагч

No comments: