Энэхүү блог нийтлэлд блог, твиттерээр (хамгийн сүүлд @Oyuniierel) болон хувийн цахим шуудангаар залуус ямар ном унших вэ гэсэн асуулт-хүсэлт өнгөрсөн хугацаанд цөөнгүй ирсний хариу болгож, Монгол залуусаа уншаасай гэж бодсон зарим уран зохиолч, тэдний зарим бүтээлийг жагсаалаа. Мөн Цахим Өртөө Дээд Сургуулийн либерал артс хөтөлбөрийн агуулгад нэмэр болоосой хэмээн хүснэм.
Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм. (заваараа). Бас Монголын түүх, Монгол номуудыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтуудыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.
Хэт олон ном, зохиолч жагсаахыг зорьсонгүй. Мэдээж хүн хүн өөрийн ертөнцөөр янз бүрийн жагсаалт гаргах боловч доорх жагсаалтыг ахлах сургуулийн 12-р анги, коллеж, их сургуульд Америкийн чөлөөт боловсролын системийн хүрээнд (Аmerican liberal education system) заадаг, танилцуулдаг, бас өөрийн сонирхлын үндсэн дээр сонгож уншсан, залууст илүү сонирхолтой, нүсэр бус номуудаас сонгов.
Hом их уншдаг хүмүүсийн дэргэд, тэртусмаа ном уншиж, бичиж хоолоо олж иддэг хүмүүсийн хажууд миний уншсан зүйлс бол маш өчүүхэн, ичмээр юм. Зөвхөн хүмүүс асуусан болохоор өөрийн хэмжээнд жагсааж, бас уран зохиолын тухай ойлголтоо хуваалцаж буйг болгооно уу.
Доорх суутнууд бол орчин цагийн нийгэмд асар их таашаагддаг зохиолч, суут ухаантнууд бөгөөд тэдний бүтээлүүд цагийн уртад классик болсон учир бас зориудаар өөр өөр цаг үе, нийгмийн төлөөлөл болгож оруулсан. Зүгээр жагсаахаас гадна та бүхний сонирхлыг өдөөх үүднээс тухайн ном, зохиолчийн талаар хачир нэмлээ. Ингэвэл надад ч сонирхолтой байх болно.
Бүгдийг нь Америкт байхдаа унших аядсан (зохиогчийн хэлэх гэсэн тэр олон санааг бүгдийг хэн нэг хүн, тэртусмаа би ойлгосон гэдэгт итгэхгүй байна. Дахин дахин унших хэрэгтэй байх иймд) тул тэр нийгмийн нөлөөн дор нэлээд америкжуу жагсаалт гарсан байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо Герман, Японд төгссөн, тэнд амьдарсан хүн арай өөр жагсаалт гаргах байх. Энэ бол эргээд улс орон бүр өөрийн гэсэн үндэсний онцлог бүхий боловсролын системтэй байдагтай холбоотой.
Харин Монголын мэдлэгийн нийгэм бол уран зохиолын талбарт ч тун хоцрогдолтой байсан гэж би үздэг. Хэн нэгний буруу гэхээсээ илүүтэй бид Зөвлөлтийн дагуул орон байсантай холбоотой. 1988-1998 оны буюу 90-ээд оны ЕБС-ын сурагч байсан бидний үеийнхэнд уран зохиолын хичээлд Зохиолч нарын намтар, заримын нь бүтээлийн ТУХАЙ их ярьдаг байсан болохоос ЭХ ЗОХИОЛ-ыг нь уншуулах тал дээр маш дутмаг байсан санагддаг. Харин манай дээдэх үеийнхэн бол уран зохиолыг биднээс илүү уншиж өссөн, энэ талаараа хавьгүй илүү боловсорсон хүмүүс юм байна гэж бодогддог. Багадаа Монтэ Кристо Гүн, Жэймс Хэдли Чэйз, Шерлок Xолмсын цувралыг унших тун дуртай, хамгийн анх Өнчин ботго гэдэг домгийг 3 дугаар ангийн уран зохиолын хичээлээр уншаад өнчин ботгыг өрөвдөж уйлж билээ. Уран зохиолтой анх тэгж л танилцсан. Дунд ангид байхад манай хөрш зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар ах манайд хайрцагтай номоо хадгалуулж, тэндээс Эдип хаан, Гамлет зэрэг монгол орчуулгуудыг унших завшаан гарч байсан. Хожим Эдип хаан бол Oedipus the King зохиол байсныг сүүлд анзаарсан. Гүрбазар ах номоо манайд түр хадгалуулсанд нь одоо ч баярладаг.
(Ялдамд өгүүлэхэд Монголын бага сургууль, дунд сургуульд үзэх хүүхдийн уран зохиолын жагсаалтыг Хөх Дэвтэр хэвлэлийн газар мэдлэгийн салбарт тэргүүлдэг орнуудын боловсролын системд суурилж, тун давгүй жагсаалт гаргасан байдгийг Боловсролын Яам анхааралдаа аваасай хэмээн хүснэ.)
Доорхи зохиолууд одоо л аль XXI зуун гарсан хойно Монгол хэлнээ хөрвүүлэгдэж буй нь өөрөө манай нийгмийн хөгжлийн нэг итгэлцүүр болж байна. Нэг ёсондоо манай зохиолч, дуун хөрвүүлэгч, олон нийтэд унших, бичих, туурвих ажил нэн их байна гэсэн үг.
Дараах жагсаалт бол ямар нэгэн урьтамж (priority), зорилтот дараалал байхгүй, өөрийн санаанд бууж байгаагаар л бичлээ.
Albert Camus - The Stranger - (Монголоор орчуулагдаагүй байх. Гэхдээ Харь хүн гэж би орчуулах дуртай, манайхан нэрийг нь энэ тэнд дурдахдаа алдаж орчуулсан харагдсан. Миний хамгийн дуртай ном. Камю бол эксистенциализмийн нэртэй төлөөлөгч, бүтээлүүдээрээ Нобелийн шагнал хүртсэн ч шагналаасаа татгалзсан. Камюг уншвал хүссэн хүсээгүй Сартр руу орно)
Jean Paul Sartre - Nausea - (Oгиудас нэрээр орчуулагдсан гэж дуулсан, энэ бол дэвшил. Бас л алдартай философич, эксистенциалист. 2000-аад он хүртэл Камю, Ницшэ, Кафка, Фройд ч юм уу одоо яригдаж буй нэрс Монголд дуулддаггүй байсан. Харин Сартрын жүжгүүд монголд 90-ээд онд Найдандорж найруулагч нарын зүтгэлээр тавигдаж байсан санагддаг. Сартр анх Симон де Бовуартай Парисын их сургуульд элсэх шалгалт дээр оочерлож зогсч байгаад танилцаад, хоюулаа тэр жилээ сургуульдаа тэнцээгүй ч дараа жил нь эхний 1, 2 дугаар байраар жагсч тэнцсэн сонин түүх бий. Бүх насны дурлалт хосууд хэзээ ч гэрлээгүй ч миний мэдэх хамгийн романтик хосууд. Симон бол феминизмын гол төлөөлөгч. Манай орчин цагийн бүсгүйчүүд сайн танина. Тэдний өмнөх нь бол танихгүй. Хоёр дахь хүйс номыг нь уншихыг төлөвлөж байгаа)
Franz Kafka - The Trial, The Castle (Эхнийх нь Шүүх Ажиллагаа нэрээр Маш нууц сонины Ононгийн Чинбаяр ах сайхан орчуулж гаргасан байна лээ. Ер нь манайхан оросоос монгол руу их сайн орчуулдаг. 2000-аад он хүртэл Англи Монгол орчуулга ховор байсан санагддаг. Хуучин үед бол франц, герман, хятад, японоос бол сайн орчуулгууд хийгдсэн уламжлалтай юм шиг. Одоо бол өөр хэлүүдээс их сайн орчуулж байна. Бас л дэвшил. Кафкагийн The Metamorphosis, А hunger artist-ийг заавал уншаарай. Би лав уран зохиолын фантазыг эндээс л анх уншиж, гайхаж, балмагдаж, цочролд орж байсан. Франц Кафка болон Milan Kundera нар Чехээс төрсөн, Америкийн орчин үеийн залууст байнга л популярны/түгээмэл, моодонд орсон зохиолчид.
J.D.Salinger - The catcher in the rye - (Aмерикийн өсвөр насныхан бүгд энэ номыг уншдаг. Монгол залуус ч уншаасай. Түүний богино өгүүллэгүүдэд би бас их дуртай. Дээр нэрлэсэн зохиол Америкийн сургуулиудад нэг хэсэг хориотой байсан, олон рок хамтлагийн дуунд, бас Жон Ленноныг алсан нөхрийн халаасанд олдож байсан зэргээрээ нэлээд дуулиантай. Монголоор энэ хүний бүтээлүүд гараагүй байгаа. Дашрамд өгүүлэхэд НОМ дандаа нийгмийн хөгжил, үе үеийн түрлэгээр орж бас гардаг. Тэгэхээр одоо баруунд Сэлинжерийн номыг уншиж буй олон залуус Монголдоо ирэх тэр үед Монголд хэвлэгдэнэ гэсэн үг. Нийгмийн захиалгаар. Нэг ёсондоо тун удахгүй. Зөрүүлээд Монгол номууд гадны хэлээр гарч эхлэнэ. 10 жилийн дараа монголын уран зохиол дэлхийн тавцанд гарах байх гэж найддаг. Одоо бол бүгд Англиас Монгол руу орчуулж англи хэлээ бүх нийтээрээ үзэж байна. Харин удахгүй Монгол номуудыг Англи, герман болон буса хэл рүү орчуулах түрлэг ихсэнэ. Энэ нь нийгмийн, ард нийтийн, сэхээтнүүдийн боловсролтой л шууд уялдана. Яг одоо Англи хэлтэй уран зохиолч монголд тун ховор (бараг байхгүйтэй адил) байгаа, харин Орос хэлтэй мундагууд олон байгаатай яг адил. )
Paolo Coelho - Тhe Alchemist - (Үнэхээр гоё ном байсан тул эхний хэдэн нүүрийг нь оюутан байхдаа орчуулж байгаад орхиж байсан. Алхимич гэж оросоор болон олон бусад хэлээр хэлдэг энэ үгийг орчуулах гэж их эрэл хайгуул болж билээ. Харин Г.Аким гуай 100 жилийн ганцаардал-ын орчуулгадаа рилүүч бил үү нэг сонин үгээр орчуулсан байсан. Дараа уулзахаараа заавал асууна. Орчин цагийн хамгийн алдартай амьд зохиолчдын нэг. Вероника үхэхээр шийдсэн нь, 11 минут зэрэг зохиолууд нь уншихад их амар, сонирхолтой байдаг)
Feodor Dostoevsky - бүтээлүүд (Дорд үзэгдэгсэдийг нь би унших их дуртай. Г.Амар гуай үнэхээр уран яруу орчуулсан санагддаг. Гэхдээ гол бүтээлүүд нь одоо ч Монголоор гараагүй. Ах дүү Карамазов, Гэм зэмийг нь Нэпко гаргасан. Гомбосүрэн гуай бол Монголын хамгийн мундаг орчуулагч нарын нэг. Достоевскийгийн намтар өөрөө их сонин. Хаант оросын үед шоронд олон жил хоригдож, цаазлуулахын даваан дээр азаар амьд үлдсэн хүн тул маш философилог бичдэг. Баруунд Оросын уран зохиолын далбааг өргөдөг хүн. Оросоос Достоевский, Лев Толстой - (Дайн ба энхээрээ), Набоков (Лолитагаараа), Чехов (богино өгүүллэг, туужуудаараа) алдартай. Харин Пушкиныг бол жишээ нь сэхээтнүүд нь л мэддэг юм билээ)
Oscar Wilde - The picture of Dorian Gray (Mөнхийн залуу насын тухай бичсэн энэ бүтээл бас их сонин. Дориан Грэйн хөрөг нэрээр монголд хэвлэгдсэн байна лээ. Энэ бол классикуудын тэргүүн эгнээнд бичигддэг бүтээл. Эрхэм Жэрри Гриэр надад 99 оны шинэ жилээр бэлэглэсэн)
Scott Fitzgerald - The Great Gatsby (Монголоор гараагүй байх. Энэ номын хамгийн эхний хэсэг надад хамгийн их таалагддаг: "Хэзээ ч чи бусдыг бүү дорд үзээрэй. Яагаад гэвэл хүн болгонд чамд олдсон шиг боломж бололцоо олдоогүй байж болох шүү дээ гэж аав минь хэлдэгсэн" Киног нь үзэхэд бас их гоё. Америкын хувцас загвар, тухайн үеийн соёл, үнэлэмжийг маш тод үзүүлснээрээ их онцлог. Их сургуулийн найз Поол надад ЗОРИУД уншаарай гэж бэлэглэсэн.
John Steinbeck - Of Mice and Men, The pearl (Жоны номууд, бичлэгийн хэв надад их таалагддаг. Америкийн эгэл жирийн амьдралыг тэр их сайн өгүүлдэг. Чарлитай аялсан нь гээд Америкаар хөндлөн гулд аялсан зохиол нь их гоё. Мэдээж Чарльз Диккенс, Виллиам Фолкнэр бол агуу гэж Америкууд үздэг. Би заримаас нь л уншсан)
Ги Де Мопассан, Эдгар Алан По, Антон Чехов, Х.П.Ловкрафт нарын богино өгүүллэгүүд - Уг жагсаалтыг Роман ч юм уу Жэймс Жойсын Үллис, Лев Толстойн Анна Каренинаг бичих үү гэж бодож байгаад богино өгүүллэгийн мастеруудаар дуусгамаар санагдлаа. Эдгар Алан Погийн үнэнч фэн Эдогаво Рампо гэж Японы мастер бий. Тэр лав Эдгар Алан Погоос дутахгүй бичдэг. Хүн сандал нь монголоор орчуулагдсан байх шиг байсан. Том романаас заримдаа маш чанартай богино өгүүллэг унших сайхан. Богино өгүүллэгийн үг бүр романыхаас илүү үнэ цэнэтэй, оновчтой байдаг санагддаг. Ги Де Мопассаны La Parure буюу миний орчуулснаар бол Хүзүүний зүүлт богино өгүүллэгийн орчуулгыг эндээс уншаарай. Коллежийн 1-р курст байхдаа эхлүүлээд 2 курсдээ орчуулж дуусгасан.
Гадаадын уран зохиолыг цаашаа манайхны сайн мэддэг Эрнст Хэмингвэй, Майн Рид, Александр Дюма, , Антон Чехов, Шолохов эсвэл Агата Кристи гээд бусдаар нь баяжуулаад уншаарай. Тэд аль хэднийнэ манай зах зээл, Монголын XX зууны уламжлалт боловсролд алдаршиж, байр сууриа олсон тул энд жагсаах нь илүүц.
Миний жагсаасан бүтээлүүд бол уран зохиолын их далайн дусал нь мэт санагдаж байна. Том том залгилах юмсан.
УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ХЭДЭН ҮГ
Ер нь энд гэж хэлэхэд уран зохиолыг залуу үедээ, романтик үедээ сайн уншиж ХҮН болох процессдоо ашиглах хэрэгтэй. ХҮН болоход аав ээж, эмээ өвөө, сургууль, найз нөхөд, телевиз үзэх, ЕБС г.м нь нөлөөлдөг ч, УРАН ЗОХИОЛООР л ёс зүй, зөв суртахуун, морал, гоозүй, хайр сэтгэл, сайн сайханы тухай ойлголттой болж төлөвшдөг. Уран зохиолоор хүний сайн мууг заавал биеэр туулахгүйгээр ойлгож, биеэ амьдралд бэлдэж бас болдог. Нэг ёсондоо уран зохиол сайн уншсан хүн амьдралдаа алдаа бага гаргах магадлалтай.
Уран зохиол бол цаг хугацааны машин. Тэр л зохиолчтой, протоганист, антоганисттай чи харилцан ярьж, зугаалах, амьдрах, тэмцэх боломж олддог. Хэдэн арван жилээс хэдэн зууны өмнөх амьдрал руу.
Уран зохиол унших нь тухайн уншиж буй хэлээ дээшлүүлэхэд тун нэмэртэй. Тэр тусмаа төрөлх хэл, монгол хэлээ төгс эзэмших үйл явцад маш чухал. ҮГ, ҮГ БҮТЭХ ЁС, ӨГҮҮЛБЭР, ӨГҮҮЛБЭР БҮТЭХ ЁС-ыг эзэмшсэн хүний МЭДЛЭГ, УХААН, СЭТГЭЛГЭЭ нь цэгцтэй болдог. ЦЭГЦТЭЙ ХЭЛТЭЙ хүн цэгцтэй ШҮҮН ТУНГААЖ, ЦЭГЦТЭЙ ЯРЬЖ, ЦЭГЦТЭЙ БИЧДЭГ. Цэгцтэй боддог хүн бизнес хийсэн ч амжилттай байж чаддаг гэж би хувьдаа боддог. Илтгэх чадвар ч үүнээс эхэлнэ. Харилцааны соёл бол ажилд орох, бизнест амжилт гаргахад гол нөлөө үзүүлдэг. Хичнээн сайн инженер, ямар ч ажилд хичнээн сайн байгаад ХАРИЛЦААНЫ СОЁЛ-д суралцаагүй хүн Америкт лав ажилд ч орж чаддагүй. Гэтэл цэгцтэй, соёлтойгоор уг асуудлын сэдэвээ ч дискус хийж, олон талаас хэлэлцэж чаддаггүй байдал Монгол хүмүүст, нийгэмлэг, дугуйлан, хамтлагуудад нийтлэг анзаарагддаг. Сэдвээсээ хазайх, бултах, буруу онилох төдийгүй эсрэг тал хүчтэй, зохих ёсны, батлагдсан аргумент үүсгэх үед уурлалаа, битгий хурц ааш гарга, бүү марга (маргах гэдэг бол шал өмнөө өөр асуудал шүү дээ) эсвэл ялагдаж буйгаа өөрөө анзаарч эхлэх үедээ (ялагдаж байна гэдгээ анзаарах ухаан ч байхгүй, байлаа гэхэд түүнээ хүлээн зөвшөөрөхөөс ч түдгэлздэг) хувь хүн рүү, эсвэл би энэ юмд дуртай, дургүй, тэр таалагддаг, таалагддагүй, эсвэл урд чи тэгсэн, үгүй бол би чамаас илүү мундаг гэсэн зүйл рүү хальтарч нөгөөх хэлэлцэх ёстой сэдвээ умартаж, өөрийгөө ухаантан гэж боддог.
Яагаад энэ зүйл рүү уран зохиол ярьж байгаад хальтирсан бэ гэхээр энэ бол Монголчууд дунд тун ужиг угшилтай, байгууллага, хамтлагийн байтугай улс орны хөгжилд чөдөр болж байдаг үзэгдэл, процесс учраас. Иймд уран зохиол логиктой байхад ч нэмэртэй. Маргаанд хүртэл шударга ёс байнга үйлчлэх ёстой.
Уран зохиол, бүтээлийг нь уншихаас гадна хэрэв цаг зав гарвал уран зохиолчидын амьдралыг бид судлах ёстой. Тэдний амьдарч асан нийгэм, хувьсгал, сэтгэлзүй, өнцөг, зорилго, баяр гунигийг нь ойлгох ёстой. Ингэвэл түүний бүтээлийг, тэр өгүүлэмжийг нь илүү ойлгоно.
Уран зохиолчид бол нийгмийн хөгжлийн тэргүүн эгнээд явдаг ухаантнууд юм. Тэд бол агуу философич, үнэнг дээдлэгч, шударга ёсыг хамгаалагч, цаг хугацааны машинд суугч, түүх өгүүлэгч нар байдаг. Нэг ёсондоо уран зохиолч байна гэдэг бол ёсзүй, морал, хүн чанарын хувьд дээд зэргийн байхыг шаарддаг.
Уншсанаар Таны сэтгэлгээ, харах хүрээ өргөн, өндөрлөг болдог. ӨРГӨН талыг, ӨНДӨР-өөс, АЛСУЙН ЗАЙД саравчилан харж чадаж буй тэр залуу хүмүүнд энэхэн хүний нийгэмд амжилтгүй байх магадлал тун бага. Энэ үед эд агуурс, мөнгө хөрөнгө бол ямар өчүүхэн, хүн гээч амьтны нэг л хэрэглээ нь болохоос амьдралын утга учир биш гэдгийг ойлгох болно. Нэгэнт чи ухаан цэлмэг байх юм бол найз нөхөд ч чамайг хүрээлдэг, нийгэм дахь үнэлүүлэмж тань өснө, нөгөө хүсдэг мөнгө төгрөг, нэр алдар ч тань руу өөрөө гүйж ирнэ. За дээрхи биш юм аа гэвэл үгүй ядаж сайхан дурласан бүсгүйгээ өөртөө татахад ч хүртэл амархан болно шүү дээ (Энэ тохиолдолд зөвхөн хөвгүүдэд зориулж хошигнов. Аль нэг хүйсийг огт илүү гэж санаархаагүй болно)
Бас унших юмыг нас насандаа л унших хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээ нь би Дөлгөөн Дон-ыг 5 дугаар ангидаа уншиж байхад аав ээж мэдээд хориглосон тул 2 дугаар ботийг нь уншаагүй. Аксинья гэж гоё эгч, Григорий гэж айхтар залуу юм даа, оросууд ямар их хараал хэлдэг хүмүүс вэ, дэлхийн дайн гэж сонин юм аа гэж л тухайн үед ойлгосноос гүн нарийн ширийн зүйл нь миний насанд тохирсон эд байгаагүй. Мэдээж яг дээрхийг бол биш, гэхдээ дээрхийн зиндааны номуудыг бол 17-25 насандаа уншаад дуусгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Үгүй бол хоцрогдоод байна уу даа гэж өөртөө бага сага санаа зовох эрх оюу(Н)тан залуу/бүсгүй танд бий. Өөрсдийгөө хөгжингүй орны үе тэнгийн залуустай байнга харьцуулж бодож байх хэрэгтэй.
Ном уншихад цаг гаргах тухайд: Ер нь сурагч, оюутан ахуйдаа ном сайн уншиж авбал тун зүгээр. Тэгээд гэрлэх үед, хүүхэдтэй болох үед хоногийн 24 цаг улам цөөдөж эхлэнэ гэж аав маань захьдаг байсан нь тун үнэн санагдсан. Тэртусмаа өнөөдөр Улаанбаатарт бид шал утгагүй дэмий бухимдалд булуулж, замын бөглөрөлд өдөр бүр 2-3 цагаа алдаж байгаа нь тун тоогүй. Иймд аль болох сонсдог ном (машинд, автобусанд) унших хэрэгтэй. Би бол метронд хамаг номоо уншдаг байсан. Харин дотоодод сурч буй залууст гадаадад сурч буй залуусаас том давуу тал бий. Та бүхэн Монголдоо байгаа тул аав ээжийн халамжинд, ажил хийхгүй, зөвхөн СУРЧ байгаа. Гэтэл гадаадад сурдаг залууст амьдралын өртөг өндөр, сургалтын төлбөр их тул сургуулийн хажуугаар заавал ажил хийх шаардлага гардаг.
Дахин хэлэхэд номыг аль болох залуу үедээ уншвал сайн (мэдээж насаараа уншина, хөгширөхөөрөө бүр их унших завтай болох байх). Капиталист нийгэмд бүх юм үнэтэй байдаг. Яг феодализмын үетэй адил баячуулд ном унших, өөрсдийгөө гэгээрүүлэх цаг зав илүү гардаг тал бий. Гэхдээ өнөөдөр Улаанбаатарын иргэдийн 15% нь оюутнууд. Энэ 15% бол нийгмийг дараагийн шатанд авчрах гол масс бөгөөд, бүгд их оюунлаг, хөдөлмөрч, алсын хараатай байвал л бид хүсч буй ирээдүйдээ ойртоно.
Бидний туйлын мөрөөдөл бол тун хангалуун амьдралтай болсон үедээ европууд шиг цөөн цаг, өндөр бүтээлтэй ажиллаж, илүү их цагийг унших, газар орноор аялахад, амьдралын утга учрыг нээж, мөч бүрийг таашаахад зориулах.
Харин тун харамсалтай нь манай нийгмийн хөгжил, хөгжлийн хурдац нь залуус биднийг улам завгүй, бусад орны ижил үе тэнгийнхнээс илүү хөдөлмөрлөхийг шаардаж буй. Энэ нь маш энгийнээр бол Монголын нийгэмд хийж бүтээж, сайжруулах зүйлс тун их, бас өөрийгөө хөгжүүлэх шаардлага улам ихсэж буйтай холбоотой (бид урд үеийн эцэг, эх, өвөө, эмээ нарын үеэс илүү ӨРСӨЛДӨӨНТ, ХАВТГАЙ НИЙГЭМД амьдарч буй)-гоор оюутан залуус та бүхнийг оюутан ахуй цагтаа ОЮУНТАН болж авахдаа анхаараарай хэмээн чин сэтгэлээ нээлээ.
Яагаад гэвэл чиний үе, чи бидний энэ үе МӨНХГАЛ гэдэг ОРДОНЫ гол гол баганыг босгож, тоосгыг өрөх ёстой үе юм. Бидний өвөг дээдэс бидэнд эх нутаг, газар, соёл, тусгаар тогтнол, эрх чөлөө, сайн сайхны үнэт зүйлсийг бэлэглэж, энэ ордоны суурь фундаамыг тавьж өгсөн. Одоо дээр нь ямар ОРДОН барих нь та бидний хэрэг. Энэ үүргээ ухамсарлаж, унших мэдэх, хийх бүтээхээ одооноос сайн төлөвлөж хичээгээрэй. Компьютер тоглоом, хямдхан пиво, бүдүүлэг үг, үл хүндэтгэсэн харьцаанд хамаг цагаа бүү үрээрэй. Цаг л гарвал унших, мэдэх, бас сайн үйлс элдэв төрлийн дугуйланд оролцохыг хичээ. Тэгж чадвал чи Дэлхийн иргэний түвшинд хүрнэ. Эс бөгөөс бид утаатай хотдоо насаа барна.
Үргэлжлэл бий.
Д.Сайнбаяр - 2011.09.30 Өмнөговь
9.30.2011
Унших номын нэрс ба уран зохиолын тухай хэдэн үг
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
Санамсаргүй явж байгаад блогоор чинь орсондоо ихэд олзуурхаж байна. Өөрийг тань ихэд хүндэлж бас бахархаж байгаагаа нуух юун. Зав гарах бүртээ зочилж бичлэгүүдийг чинь уншиж байна аа. Танд болон таны гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Сайнаа андын зөвлөмжийг уншлаа. Ер нь бол идэр залуу дүү нарт зориулан, өөрийн өндөрлөгөөс ийм зөвлөгөө өгч байх нь туйлаас зөв бөгөөд Баабарын "Дорь идэр дүүдээ хандах нь" зөвлөмжөөс нэг их дутахааргүй өргөн сэдэв хүрээг хамарсан бахархууштай сайхан нийтлэл болжээ. Ялангуяа зөвхөн унших номын нэрс тоочоод зогсоогүй, ном уншихын гайхамшиг хийгээд эх оронч үзэл төлөвшилтэй холбоотой бодрол оруулснаараа Баабарыг ч даван гарсан байх гэж би бодном.
Нөгөө нэг "тэгш бич, тэгш бич" гэдэг онигоо шиг зүгээр цэвэр өөрийн мэдрэмжид суурилаад бодлоо хэлэхэд, Сайнаа андын өөрөө урьдчилан анхааруулснаар энд жагсаасан 10 ном нь жаахан нэг тийш хэлбийсэн (магадгүй нэлээн regional маягтай), уран зохиолын боловч их гүн ухаанлаг зохиолууд жагссан байх шиг. Миний хувьд ширээний ном болох "Монте Кристо гүн" маань яриан дунд дурдагдсан боловч жагсаалтад ороогүй байгаа нь хүний хүмүүжил, ухамсар төлөвлшилд нөлөөтэй боловч философилог шинж чанараар шаардлага хангаагүй юм болвуу гэж тааж байна. Ер нь Дюмагийн "акулуудаас" аль нэг нь багтчихмаар санагдана. Толстойн "Анна Каренина" бол амьдралын сургамж, философи хоёрыг их сайн баланслуулсан агуу зохиол гэж би боддог, сайн ярьвал "Дон Кихот" ч гэсэн тэнэгдүү хэрнээ өгөөжөөрөө ч тэр, өдий олон жил амьдарч байгаагаараа ч тэр лагуудын эгнээнд шууд багтана. Товчхондоо бол, Сайнаагийн зөвлөсөн зохиолч нарын гарал үүслийг сайн мэдэхгүй ч нэг муу хар ухаандаа "хэт Америкжсэн" лист юм уу даа гээд л тааж орхилоо.
За тэгээд энэ жагсаалтаа гадаадынх гээд ялгачихсан байсан билүү, түүнээс биш авах гээхийг хослуулсан монголын агуу агуу романуудыг дүү нар заавал унших хэрэгтэй. Монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол ухаан ямар байдгийг, бусдаас юугаараа ялгаатайг заавал мэдэж авах ёстой юм.
Эрхэм андын бичсэнийг буруутгая гэсэнгүй, бодлоо л ярьж байгаа хэрэг шүү. Өөрөө биччихээгүй байж бичсэн нэгийгээ шүүх гээд байгаа мэт харагдах вий дээ. Энэ төрлийн бичиглэлийг эхлүүлсэн Сайнаа анддаа баярлалаа.
Sain baina uu? Bichsen zuilees tani tes uur zuild sanaa huvaaltsah geed. UB-iin ene mashinii bugluruliig arilgah neg zam baigaa metee. Yagaad bi Chicago-iin Down Town shig gudamjuudiig neg neg ursgaltai bolgoj bolohgui gej, tiim bizdee.
жиргээгээр явж байгаад бичлэгийг чинь унших аз тохиолоо. уншсандаа их баяртай байна. Яагаад ч юм гэртээ очоод маш их уншихыг хүсч байна.
их сайхан нийтлэл байна. мэдээж дээрх номууд сайн бүтээлүүд л дээ. гэхдээ би Амартай санал нийлж байна. энд Дюма, Вольтер (зарим хүн Вольтейр гээд байдаг) зэрэг хэрхэн яаж ХҮН болохов гэдгээ мэдэж авмаар мундагууд орвол зүгээр юмаа.
Tuya said...
Nom unshihiig urialan duudsan saihan bichleg bna. Gehdee mongold olj unshih nuhtsul baidal neleen hyazgaarlagdmal bdag gej boddog. Gehdee eh ornoosoo garaad neleen udaj bga uchir buruu oilgolttoi bj bas magadgui. Nadad neg iim bodol baih yumaa. Neg saihan nomiin san neegeed gadaadad surch bga oyutnuud bolon surguuli soyoloo togsood ajillaj bga humuusees nom tataj avbal neleen tom ajil bolno doo. Ug ni yavuulah shipping- iin asuuldiig ni shiided ogdog bol delhiin ontsog bulan burees chingeleg chingelgeer nom ireh bh. Nadad gehed Toefl, GMAT uguh gej nuhaj bsan nomnoos ehleed mergejliin sxan sxan nomnuud bj l bh yum. Heregtei hundee heregtei l bh. End amazon-or heden nogoon bolgoj boloh ch hervee neg ch gesen Mongol oyutand hereg bolno gevel shuud yavuulahad belen bna.
Яасан гоё сэдэв бэ? Таны блогийг унших их дуртай гэдгээ эхлээд хэлмээр санагдлаа. Нэлээн хэдэн жилийн өмнө таны блогоос Агуйн тухай сургаалийг олж авч байсан, одоо хүртэл байн байн уншдаг юм...
Сэдвийн хүрээнд, Камю-гийн The Stranger орчуулагдсан байдаг. "Хөндлөнгийн хүн" нэрээр.
Сартре-ийн тухайд, Аюурзана-ын ачаар гэхүү бас хэд хэдэн зохиол нь орчуулагдсан байна лээ. Таны уншихийг хүсч буй The Second sex "Дайвар хүйстэн" нэрээр орчуулагдсан. Гэхдээ би одоогоор олж уншиж амжаагүй л байна.
Алхимич чинь Алхимич-ээрээ л орчуулагдсан байсан даа хэхэхэ. Миний санахаар Зуун жилийн ганцаардал дээр Рилүү бүтээгч гэж байсан санаад байна.
The catcher in the rye уншчихаад, бүх өсвөр насныхан ийм замаар явж ирдэг байх даа? насанд хүрэхээрээ тэр бүхэн нь дэмий байж гэдгийг ойлгоод дүү нартаа ч юмуу сургах гэхээр бас л "оройтсон" байдаг шиг байна даа гэсэншүү юм бодоод инээд хүрч байж билээ :P
Dostoevsky - 5-р ангид байхдаа Дөлгөөн Дон уншаад утгыг нь ухаж ойлгоогүй гэсэн байсанчлан Дорд үзэгдэгсдийг 6-р ангидаа анх уншаад юу ч ойлгоогүй хэхэ. Сүүлд гэм зэм, цагаан шөнө зэргийг ахиж унших явцдаа л хүний дотоодод бий тэдгээр зүйлийг их гоёоор гаргасан байгаа нь сайхан санагдаж билээ. Шуналтаад Notes from the Underground, The Dream of a Ridiculous Man зэргийг унших гэсэн боловч энгийн хэлний мэдлэг маань гологдоод түр хойшлуулчихсан.
Харамсмаар нь Ницщегийн Thus Spoke Zarathustra-г бас л дээрхи шалтгаанаар хойшлуулчихсан.
Ингээд бодонгуут залуучууд маань мэдэхгүй шүү дээ гээд хэл сурахгүй суугаад л байхаар их зүйлээс, их мэдээллээс мэдлэгээс хоцорч байна даа гэж харамсдаг л юм.
Гэхдээ ямартай ч нэг үеээ бодвол залуус ном их уншдаг болж, бас дэлхийн сонгодог зохиолууд ч олноор хэвлэгдэж гардаг болж байгаа нь сайшаалтай шүү.
Albert Camus - the stranger orchuulagdsan bgaa, ih goy nom shuu. Jijighen, havtsas n shar ongotei sandalnii zuragtai....
Оюун санааны дархлааны талаар хөөрөлдөхүй
Оюун санааны тусгаар тогтнол ба галбадрахыг хараан зүхэхүй нийтлэлтэй холбогдуулан оюун санааны дархлааны талаар өөрийн санаа бодлоо уг нийтлэл дор санал, сэтгэгдэл хэлбэрээр илэрхийлснээ энд хуучиллаа.
Нэг үеэ бодоход монголчууд аливааг эргэцүүлэн боддог болсон нь сайшаалтай. Энэ бол гарцаагүй том дэвшил. Гэхдээ хэт өнгөц, нэг талыг барьж туйлширсан хандлагаа гээхгүй байгаа нь илт анзаарагдаж байна. Магадгүй энэ нь монголд мэргэжлийн шүүмж бичигчид ховор байгаатай холбоотой биз.
Хэдийгээр би мэргэжлийн шүүмжлэгч биш боловч олон нийтлэл уншаад монголд нөхөрсөг шүүмжлэл хэрэгтэй юм байна гэх мэдрэмж төрөх болсон билээ. Олон нийтлэл уншаад төрсөн сэтгэгдлээ базаад нэг нийтлэл дор оруулсан болохоо мэдэгдэх нь зүйтэй болов уу.
Жишээ болгон хоёр нийтлэл авлаа. Уншиж үзээд миний бичсэн шүүмжээр баяжуулан өөрсдийн санаа бодлоо илэрхийлнэ үү.
http://sfy.co/K6z
Сайнаагийн бичсэн юмыг уншихад гоё байлаа. Урт хэдий ч уншууртай тул залхуу хүрэхгүй дуусгачихаж болж байна. Олон ч гоё санаанууд хэлж.
Гэхдээ ганцхан санааны нь талаар төрсөн бодлоо хэлье.
"Бидний туйлын мөрөөдөл бол тун хангалуун амьдралтай болсон үедээ европууд шиг цөөн цаг, өндөр бүтээлтэй ажиллаж, илүү их цагийг унших, газар орноор аялахад, амьдралын утга учрыг нээж, мөч бүрийг таашаахад зориулах.
Харин тун харамсалтай нь манай нийгмийн хөгжил, хөгжлийн хурдац нь залуус биднийг улам завгүй, бусад орны ижил үе тэнгийнхнээс илүү хөдөлмөрлөхийг шаардаж буй. "
Гэсэн байна. Эхний өгүүлбэр нь манай холбооны эрхэм зорилготой яв цав нийцэж байна. Тэнд "чинээлэг хангалуун, сэтгэл тэнүүн амьдрах нөхцлийг хурдан бүрдүүлэхэд дөхөм үзүүлэх" гэсэн гол санаа бий. Чухамхүү ийм нөхцөл бүрдсэн үед л манай залуус, иргэд өдөрт цөөхөөн цаг ажиллахад л амьдралынх нь бүх хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх орлого олж чадах бөгөөд үлдсэн цагаа юу санасан есөн хүслээ биелүүлэхэд зориулах боломжтой болох юм.
Сүүлийн өгүүлбэр нь бид европын бага орнуудаас хөгжлийн төвшингөөр 10 дахин доогуур байгаагаас үүдэлтэй шаардлагын, тэгээд тэднийг гүйцэхийн тулд илүү хөдөлмөрлөх шаардлагатай байгаагийн тусгал болж харагдлаа.
Бид хөгжлийн, амьдралын төвшний энэ их зөрүүг гэтлэхийн тулд их л өндөр ашигт үйлийн коэффициенттэй замаар явах ёстой болж байгаа юм даа. Тэр экстенсивный арга, тухайлбал, 7 хоногт 5 биш, 6 ажлын өдөртэй болох энэ тэр бол асуудал огт шийдэхгүй. Ажлын цагаа хорин хувиар л уртгасан төдий. Гэтэл бидэнд 10 дахин өсөх хэрэгтэй байгаа. Энэ бол ажлын цагийг 20 хувь уртасгах биш, бүтээмжийг, үр ашгийг 10 дахин дээшлүүлэх аргыг олох зорилт тавих ёстойг л хэлээд байгаа. Үүнийг хэрэгжүүлэх чадварыг олж авахын тулд Сайнаагийн хэлээд байгаагаар оюунтан болцгоох хэрэгтэй болох нь ээ :)
Saikhan bichver setgedluud bainaa.
Unshikhsan olokhson gesen khusel asar ikh. Tuunii khajuugaar ene saikhan nomiig zaluustaa khurgekhsne gej khusch baina. Bi zakhiin khoroolold suurishaad udaagui baina. Khuukhed zaluusiig tsagaa zov ongoruulekhed ni tuslakh, daalgavraa khiideg, yariltsdag clubtai bolgokhson gej ikh boddog. Minii , manai nokhriin moroodol khashaandaa saikhan tom nomiin santai odor onjuuldeg gazartai bolokh., gekh met ger khoroollin khuukhed zaluusiin toloo khiikh ajil ikh bainaa. Gekhdee bi ner devshigch bishee, anduurav,,kk, engiin negen ekh ornii zurkh..
Post a Comment