Шинэ оноо угтаж, хуучин оноо үдэж буй энэ л мөчүүдэд Цахим Өртөө Xолбооны анд Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлэхийг хүслээ.
Өнгөрсөн 11 жилийн турш Та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, Та бүхнээсээ байнга суралцаж, өртөөлөн асаалцсан ТҮҮДЭГ ГАЛ-д цучил өргөлцөж, гэртээ, ажилдаа, дотоод сэтгэл рүүгээ харихдаа нэгэн гэрэлт дэнлүүг тээн харьсaн өдөр болгоны төлөө маш их талархаж байна.
Өнгөрсөн жил бол манай Xолбооны хувьд хуучин, шинэ гишүүдээр хүрээгээ өргөжүүлсэн ТЭЛЭЛТИЙН, НЭГ БАГ БОЛЖ БҮРДЭЛДЭХ, БИЕ БИЕСЭЭ УЛАМ САЙН ТАНЬЖ МЭДЭЖ, ХАМТДАА АЛХСАН жил байлаа.
Сайн сайхны үзэл санаа, сайн үйлсийн төлөө хурдтай гүйсэн ч, удаахан сажилсан ч зөвхөн ХАМТДАА НЭГЭН ЗҮГТ АЛХАЖ ЯВНА гэдэг нь өөрөө АМЖИЛТ, өөрөө ЗӨВ ҮЙЛ ХЭРЭГ мөн билээ.
Өнгөрөгч онд дотоод ажлын хүрээнд бид хамтдаа Цахим Өртөө Холбооны алсын харааг шинэчлэн найруулж, Холбооны дүрмийг шинэчлэн баталснаас гадна шинэ Удирдах Зөвлөлийн сонгууль явуулж, шинэ гүйцэтгэх алба томилсон байна.
Гадаадад суугаа Монголчууддаа үйлчлэх зорилго дор БСШУЯ-тай хамтарч "Job Fair 2010 for Mongolian professionals in the USA - АНУ-д суугаа Монголчуудын Анхдугаар хөдөлмөрийн бирж"-г АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотод зохион байгуулж, Хилийн чанадад буй Монгол улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлтэй хамтран Ерөнхий сайдын ивээл дор “Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо: Хилийн чанадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулга уулзалт"-г зохион байгуулсан байна. Энэ чуулганы дараахан Цахим өртөө сүлжээгээр дэлхий даяар тархан суусан монголчуудын олон жил санал бодлоо солилцож, төрөөс авах арга хэмжээнд тэдний хүсэл зорилгыг тусгасан "Зөгийн үүр хөтөлбөр"-ийг Засгийн газраас баталсан нь гадаадад суугаа монголчууд, Цахим өртөөчдийн хувьд баярт мэдээ байлаа.
Цахим Өртөө Холбооны зүгээс Монгол туургатнаа дэмжих үүднээс өдгөө 3500 гаран гишүүнтэй Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ-г сэргээж, шинэ SNS вэбсайтын ажлыг эхлүүлжээ. Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт гурван хазара оюутан маань монгол хэлний бэлтгэл ангиа дүүргэж МУИС-ын нэгдүгээр ангид элсссэн байна. Мөн могулчуудын тухай өгүүлсэн Үмэсао Тадао гуайн бичсэн "Могул үндэстнийг сурвалжилсан нь" номыг хэвлэлтэд шилжүүлсэн нь Монгол туургатны түүх соёлыг олон нийтэд таниулах алхам болжээ.
Айсуй 2011 онд шинэ шинэ үйл хэргийн эхийг зөв тавьж, үйл хэргээ амжилттай мaнлайлан чиглүүлж, амжилт дүүрэн дуусгавар болгох эрч хүчээр бялхсан жил байгаасай хэмээн хүсч байна.
Ингээд өнгөрөгч онд Холбооны зүгээс хийж ирсэн их бага хамтын үйл хэрэгт мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, хоёргүй сэтгэлээ зориулж, дэм дэмэндээ МӨР ЗЭРЭГЦЭН АЛХАЛСАН ӨРТӨӨНИЙ АНД танд чин сэтгэлээс талархал илэрхийлье!
Шинэ ондоо ЦАХИМ ӨРТӨӨЧИД бид жанжин шугамаа хадгалсан хэвээр байж, нийгмийн өмнө хүлээхээр шийдэж, зорилгоо болгосон үйл хэрэгтээ хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
2011 он Таны хувьд ажил амьдралын бүх талбарт амжилт бүтээлээр баялаг, ТУУЛАЙ жил шиг хурдтай, гялалзсан, авхаалжтай жил байх болтугай!
Танд болон Таны гэр бүлд угтан золгож буй ШИНЭ ЦАГИЙН халуун мэндийг өргөн дэвшүүлье!
Та бүхнийг хүндэтгэсэн
Цахим Өртөө Хoлбооны Удирдах зөвлөлийн дарга
Д.Сайнбаяр
12.30.2010
Thank you & Happy New Year!
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Эрхэм Сайнаа:
2010 оны ажлын сүүлийн өдөр тохиож байна. Чамтай хамтарч ажиллаж эхэлж буй энэ богинохон хугацаанд ямар их зүйл бидний дунд өрнөж, ажил хэргээ олоо вэ? Бахархууштай. Өөрөөс чинь суралцсан цаг хугацаа байлаа.
Ажил хэргийн түвшинд ажлаа танилцуулах, зөвшилцөх, хамтран шийдвэр гаргадаг ч амин хувийн ажлаар аль хэдийн анд найзууд бололцсон байна. Бидний хооронд орших итгэлийн нандин хэлхээг улам зузаарч байхыг ерөөе.
2011 он чиний хувьд өсөн дэвшсэн, өөдлөн дэлгэрсэн жил байг. Өнгөтэй яваарай. Аз түшиж гарт баригдсан амжилтаараа өөрийгөө, гэр бүлээ чимээрэй. Чамд болон танай гэр бүлд угтан золгож буй шинэ оны мэнд дэвшүүлж, аз жаргал, инээд хөөр бялхаж, амьдрал цэцэглэсэн жил болохын ерөөл дэвшүүлье!
Сайхан баярлаарай.
#mongol_hel Эх монгол хэлээ хайрлан зөв хэрэглэх санаачилга гаргасанд халуун талархал дэвшүүлье. Монгол хэлний журамлах хэл зүйн талаар хэлэлцэж саналаа хэлцгээе. Миний бодлоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ ажилд их сайн оролцмоор байна. Хэлээ эвдэх, этгээд үгээр дүүргэх ажлыг хэвлэл, мэдээлэл, хошин шогийнхон түлхүү хийж байгаа гэж би боддог. Танд маш их баярлалаа
Мэнд
Post a Comment