Хэдэн сарын дараа гэртээ бүтэн нэг өдөр амрах боломж олдсон энэ Ням гаригийн мэндийг өөртөө хүргэе. Блогтоо юм бичилгүй бараг 3 сар болсон байна. Нэг ёсондоо би болоод миний амьдарч буй орчин цагийн нийгмийн гишүүд Blackberry, iPhone, iPad, Google-ийн Nexus One гэх мэт үүрэн тоногуудын тусламжтайгаар Тwitter гээч зүйлд 140 тэмдэгт буюу нэг нэг өгүүлбэрээр ЮМ бичих, өөрсдийн нь хэлдэгээр бол microblogging - хийхийг илүүд үзэх болсон бололтой.
Дээр нь ЯРИХ, БИЧИХ буюу илэрхийлэх завгүй, харин XИЙХ -ACTION-д илүү цагаа зарах цаг үеийн ШААРДЛАГА бидний амьдарч буй Монгол орны нийгэмд илүү их бий болсонтой холбоотой ч байж магад. Гэхдээ бичих, ярих гэдэг нь бас хийхийн маш чухал хэсэг гэдгийг тэмдэглэх ёстой. Би жишээ нь бичиж, тэмдэглэх маш дуртай. Блог л бичээгүй болохоос зав гарвал жиргэсээр л байлаа.
Билл Гэйтс, Ц.Элбэгдорж (жаахан хойрго байгаа гэхдээ), иргэний нийгмийн Д.Энхбат, хуульч Тэмүүжин хүртэл маш идэвхитэйгээр твиттерлэж / жиргэж байна. Өнөөдөр 200 сая орчим хүн жиргэж байгаа нь үнэхээр гайхамшигтай.
Миний жиргээг жишээ нь өнөөдрийн байдлаар 620 гаран хүн дагаж (тоож дагасанд баярладаг) байгаа бол би өөрийн сонирхсон сэдвээр, сонирхсон хүн, найз нөхөд г.м 29 хүн/байгууллагын жиргээг дагадаг юм байна. Жиргээ нь таалагддаг хүмүүсийнхээ жиргээний ачаар би НҮБ-ийн чуулган дээр манай ерөнхий сайд юу гэж хэлэв, Билл Гэйтс Бээжингийн аль аль лабораторид зочлов, МҮОНРТ-оор сонин юу байна, Кристина Аманпауэр хэнтэй юу гэж ярив, Өргөөд ямар кино гарч байна, Майкл Мoурын уур яаж хүрч байна, Станфордын их сургуульд ямар нээлт хийв, Обама нөхөр одоо юу гэж бодож байна г.м маш сонирхолтой мэдээллийг нэг хоромын дотор хүлээн авч байна. Нийтлэлч Баабар жиргэдэг болоосой гээд хүлээгээд байгаа, болсон ч байж магад, тэгвэл надад дуулгаарай.
Твиттерийн энэхүү өрнөл анх блог гээч зүйл гараад манай ЭМОС клубын тэргүүтэй залуус блог соёлыг монголд дэлгэрүүлж байсан 2004-5 он санаанд бууж байна. Би анх блогийг өдрийн тэмдэглэл маягаар ашигладаг байсан бол одоо твиттерийг хэрэгтэй мэдээллээ тэмдэглэн үлдээх, хийж буй зүйлээ бусадтай хуваалцах гэх мэт зорилгод ашигладаг бөгөөд эргээд харахад нэг л өдөр Толстойн өдрийн тэмдэглэл шиг наддаа хэрэгтэй товч, тодорхой санах ой болох юм. (Санах ой бол компьютерээс гадна улс нийгэм, пүүс компани, хувь хүнд ч маш чухал. Тун харамсалтай нь бид дээрх 3 түвшинд санах ойн асуудалд тун тааруу хандаж ирсэн улс. Жишээ нь компаний хийж бүтээж, алдаж оносон зүйлсийн жагсаалт гарга гэхэд бүрэн САНАХ ОЙ-той байгаа компани тун ховор. Яг л сонгууль хийх үедээ нөгөө их амлалт хийсэн нөхдүүдийн буян нүглийг санахаа байдагтай адил. Бусад оронтой харьцуулахад аугаа их түүхтэй ард түмэн атал бид түүх, соёлоо бичиж үлдээсэн нь хэр байдаг билээ.)
Мэдээллийн эрин зуун гэсэн улиг болсон тодотголтой манай хавтгай дэлхийд мэдээллийн хурд үнэхээр чухал болж байна. Харин мэдээллээс хэрэгтэйг нь сонгон авч, түүнээ зөв нутагшуулж, зөв боловсруулж, зөв хэрэглэж дадахгүй бол хүний тархи хэт их мэдээллээр нүдүүлээд нэлээд дүйнгэ болох магадлал их болох шинжтэй. Гэхдээ хүний оюун ухаанд хязгаар үгүй билээ. Надад лав жиргэх технологи маш таалагдаж байгаа. Тиймээс Happy tweeting everyone!
9.26.2010
Blogger-ийн уналт буюу Twitter-ийн сэргэн мандалт
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Сайхан нийтлэл болсон байна. Хувь хүн мэдээлэл авахаас гадна, байгууллагууд өөрсдийн харилцагч, үйлчлүүлэгч нартайгаа харилцдаг байх ёстой гэж бодож байна.
@baabar гээд байдаг байх шүү. Твиттерийн талаар санал нэг байна өөртэй чинь. Твиттер байгууллага болон хувь хүмүүст маш олон боломжийг олгож байгаа. Үүнийг нь зөвөөр ашиглаж чадвал маш ашигтай.
www.goy.mn
Post a Comment