"ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ
МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТАЛААРХ
ТАНИЛЦУУЛГА
2010.07.21
Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-өөс санаачилсан "Эх орны хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа боловсрол, мэргэжлээрээ манлайлагч монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.
Уг чуулга уулзалтыг “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл” ба “Цахим Өртөө Холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд АНУ-ын “Азийн сан” дэмжигч байгууллагаар оролцов.
Чуулга уулзалтад нийт 385 иргэд онлайн бүртгүүлж оролцсоноос 202 нь дэлхийн 26 улс оронд ажиллаж, сурч амьдарч байгаа Монгол Улсын иргэд, монголчуудын холбоодын гишүүд, 183 нь гадаадад боловсрол эзэмшиж, эх нутагтаа эргэн ирэгсэд бөгөөд гадаадад төгсөгчдийн холбоонд бүртгэлтэй залуучууд байв. Мөн түүнчлэн УИХ, Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөл 70 шахам зочид гээд нийт 450 зочид төлөөлөгчидчуулга уулзалтанд хүрэлцэн ирлээ.
1. Үдээс өмнөх хуралдаан:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-ийн дарга Ч.Хүрэлбаатар тус чуулга уулзалтыг нээж үг хэлэв. Чуулга уулзалтанд оролцогчдод хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл нар илгээлт ирүүлж, мэндчилгээ дэвшүүлсэнийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нар уншиж сонордуулав.
Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй төр засгийн бодлого, чиглэл, арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, “Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл”-ийн дарга Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд дарга Н.Батаа, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Х.Хашчулуун нар дэлгэрэнгүй илтгэл тавилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы оролцогчдод алс хол, хилийн чанадаас эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, цаг харамгүй, халуун дотно яриа өрнүүллээ. Тус чуулга уулзалтыг зохион байгуулагчдийн зүгээс гадаадад улс орныхоо нэрийг өндөрт өргөж, монгол хүний чадавхи, үнэлэмжийг өсгөж яваа залуу эрдэмтэн Финляндын “Аабу” академын багш доктор И.Цэрэн-Онолтыг "Онцлох хүн-2010"-аар, төр иргэний гүүр болон амжилттай ажиллаж буй "Шилдэг монголчуудын холбоо-2010"-аар Британий Монголчуудын Холбоог, хүний нутагт эх орон нэгтэндээ байнга тусалдаг "Түшигтэй хүн-2010"–аар ИБУИНВУ-д амьдарч буй, “Цахим Өртөө” сүлжээг үүсгэн байгуулагч Д.Цэрэнбатыг тус тус шалгаруулсаныг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболд өөрийн гарын үсэг бүхий хүндэт өргөмжлөл гардуулж, мөн чуулганд оролцогсодтой дурсгалын зураг татуулав.
"Цахим Өртөө Холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяр “Хилийн чанадад байгаа монголчууд: Өнөөгийн дүр зураг, бидний оролцоо”, “Цахим Өртөө Холбоо" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхжаргал “Гадаадад суралцагчид, төгсөгчдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох ХАШ төсөл: Хилийн чанадад суралцагч, төгсөгчдийн боломж чадавхийг ашиглая", “Монгол-Германы Гүүр” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн А.Баярцэцэг "Өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх оронд нь эргэн ирж ажиллахад дэмжлэг үзүүлэх гадаад орны туршлагаас" сэдвээр тус тус илтгэл тавив.
Түүнчлэн үдээс өмнөх хуралдааны хүрээнд “Хэл соёлоо хадгалья” салбар хуралдаан зохион байгуулагдаж, АНУ дахь "Монгол Соёлын Төв"-ийн тэргүүн доктор М.Саруул-Эрдэнэ "Гадаадад амьдарч буй Монголчууд: Хэл соёл, өв уламжлалаа хадгалах нь" сэдвээр илтгэл тавилаа.
2. Салбар хуралдаан:
Үдээс хойш 4 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулагдав.
Салбар хуралдааны чиглэл: Эдийн засаг, санхүү
Илтгэлийн сэдэв болон илтгэгч:
1. Хөрөнгө оруулалт, санхүүгийн орчин
Б.Болд, “Ньюком” ХХК, Гүйцэтгэх захирал
2. Хөдөлмөрийн зах зээл
Доктор Д.Лхагвасүрэн, Канадын Монтреаль хотын Конкордиагийн Их Сургууль,
3. Диоспора хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих тухай
Э.Жагдагдорж, Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүн
Чиглүүлэгч: Ц.Отгочулуу, Өрсөлдөх чадвар төвийн тэргүүн
Оролцогчдын тоо: 67
|
Салбар хуралдааны чиглэл: Улс орны өрсөлдөх чадвар, Мэдээлэл технологийн боловсрол
Илтгэлийн сэдэв болон илтгэгч:
1.Мобайл ертөнц болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн Монгол клауд
Ц.Нандинбаатар, CTO, LSAB&ITPO, Sweden
2.IT Outsorsing in Mongolia
Л.Бат-Өлзий, Microsoft компанийн C++ Хэлтсийн дарга
3. Мэдээлэлжсэн нийгэм, Мэдлэгийн эдийн засаг “Финланд загвар”
И.Цэрэн-Онолт, Researcher, Department of the Information Technology, Abo Academi University
Чиглүүлэгч: Ц.Буянцогтоо, USI програм хангамжийн компанийн ерөнхийлөгч
Оролцогчдын тоо: 52
|
Салбар хуралдааны чиглэл: Хүн байгаль, экологийн асуудал. Олон улсын “сайн" туршлага нэвтрүүлэх нь
Илтгэлийн сэдэв болон илтгэгч:
1. Хүн байгалийн цогц системийн тэнцвэр
Б.Батхишиг1, Б. Энхтуяа2, Д.Сэрдарам2 (1Колорадо мужийн их сургууль, АНУ, 2Цахим Өртөө Холбоо ТББ)
2. Байгальд ээлтэй биотехнологийг нөхөн сэргээлтэнд ашиглах нь
Б.Энхтуяа1, Л.Сарангэрэл2 (1Цахим Өртөө Холбоо ТББ, 2Байгалийг нөхөн сэргээх нийгэмлэг)
3. Ус түүний хэрэглээ, хамгаалалтыг сайжруулах шинэлэг технологи
Д. Төмөрхүү Усны инжинер
Чиглүүлэгч: Б. Энхтуяа
Оролцогчдын тоо: 35
|
Салбар хуралдааны чиглэл: Эрүүл мэнд ба анагаах ухааны ололт амжилт
Илтгэлийн сэдэв болон илтгэгч:
1.Эрүүл мэндийн салбарын шинэчлэл
У. Анар, Мастер, Лийдсийн Их Сургууль, АХБ, УБ
2. Монгол дахь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн өнөөгийн байдал
П. Энхтуяа, АУ-ны доктор, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, дэд захирал
3.Халдварт бус өвчний эрсдэл хүчин зүйлсийг бууруулах гадаадын зарим туршлагаас
Ц.Базаррагчаа, АУ-ны доктор, MCI-д ЭША, Лондон; Б.Энхжин, менежер, Глобал Сан, Женев, Швецарь; Б.Сувд, докторант, ЭМШУИС НЭМХ, Улаанбаатар
Чиглүүлэгч: Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны ТНБД, зохион байгуулагч: Ц.Базаррагчаа, Б.Энхжин
Оролцогчдын тоо: 48
|
Тус чуулга уулзалтаас болон салбар хуралдаануудаас гарсан зөвлөмж:
Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан гадаадад боловсрол эзэмшсэн, туршлага хуримтлуулсан Монгол Улсын иргэдийн "Эх орны хөгжилд-Бидний оролцоо" сэдэвт анхдугаар чуулга уулзалтанд дэлхийн 26 орноос болон дотоодоос хүрэлцэн ирж оролцсон зочид нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө, Монгол Улсад үндэсний инновацийн тогтолцоог 2008-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр, Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлан гаргасантай холбогдон гадаадад сурч, ажиллаж. амьдарч байгаа иргэдийн хүч бололцоо, эзэмшсэн мэдлэг, боловсрол, туршлагын үр шимийг хүртэх бололцоо өргөнөөр нээгдэж буйг онцлон тэмдэглэж, эдгээр боломжийг цаг алдалгүй ашиглахын ач холбогдлыг дурдахын ялдамд дараахь зөвлөмжийг төр засаг, эрдэм шинжилгээ, олон нийт, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдэд сонордуулж байна. Үүнд:
1. Эдийн засгийн салбар хуралдаанаас гарсан зөвлөмж
Хөрөнгийн зах зээлийн хөгжил
1. Хөрөнгийн бирж дээр мэргэжлийн болон institutional хөрөнгө оруулагч олноор нь бий болгох, тухайлбал тэтгэвэрийн сан, хөрөнгө оруулалтын сан гэх зэрэг дагнасан ААН-ийг байгуулах эрхзүйн орчинг бүрдүүлэх,
2. Банк, санхүүгийн чиглэлээр барууны орнуудад сурах, туршлага хуримтлуулах явдлыг төрөөс хөхүүлэн дэмжих, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн орчинд банк санхүүгийн байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулж буй залуусаа дэмжих, тоог өсгөх
3. Хөдөлмөрийн зах зээлийн бодлогод түлхүү анхаарал өгч байх,
4. Хөдөлмөрийн зах зээл дээрхи ажилд авах болон халах нөхцлийг илүү уян хатан болгох,
5. Залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөрийн зах зээлийг илүү уян хатан болгох, эрэгтэй, эмэгтэй хүмүүст ялгавартай цалин тогтоож, тэгш бус байдлыг өөгшүүлж байгааг арилгах зэрэг зах зээлийн зарчимд шилжүүлэх,
6. Гадаад зах зээлийн сөрөг шокоос хамгаалалт сайтай Үйлчилгээний салбарыг хөгжүүлэх,
7. Гадаадад боловсрол эзэмшсэн болон гадаадад судалгаа хийж буй мэргэжилтнүүдтэй мэдээлэл солилцох, дотоодын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулахад татан оролцуулах,
Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил
1. Хүн хэмээх капиталыг хөгжүүлье гэвэл 6-11 насанд нь хөрөнгө оруулалт хийх. Иймийн тулд өнөөдрийн залуу гэр бүлийн хөгжлийг ойлгож улмаар ирээдүйд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлдэх нөхцлийг түлхүү бүрдүүлэх,
2. Хүн хэмээх капиталыг хөгжүүлэхийн үндэс болгож бага насны хүүхдийн боловсролын хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж шинэчлэх, ирээдүйд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлдэх, оюунжуулах, чадваржуулах нөхцлийг түлхүү бүрдүүлэх,
3. Гадаадад суралцагчдад зориулан олгож буй тэтгэлэгийн төрлийг өргөжүүлж, тоог нь олшруулах,
4. Хөдөлмөрийн зах зээлийг уян хатан болгох буюу богино хугацаагаар гадны мэргэжилтэнг авчирж байх тогтолцоог бүрдүүлэх,
5. Сургалтын төрийн сангийн шугамаар гадаадад суралцаад эргэн ирэгсдэд ажлын байрыг баталгаатай байлгах,
Гадаадад буй монголчуудын оролцоо, хамтын ажиллагаа
1. Гадаадад буй Монголчууд, Монголчуудын холбоодын бизнес эрхлэх, хөрөнгө оруулах санал санаачлагыг дэмжих, тэднээр дамжуулан бүтээгдэхүүн экспортлох чадавхи бүхий дэвшилтэт технологид суурилсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, дотоодын бараа бүтээгдэхүүнийг гадаадад сурталчилах, борлуулах суваг болгон хамтран ажиллах, тогтмол холбоо тогтоох,
2. Гадаадад их дээд сургууль төгсөгч нарыг дадлагажуулах болон эдийн засгийн хувьд чадавхижуулах, зах зээлийг судлуулах зорилгоор гадаадад үйл ажиллагаагаа явуулж буй Монголын жижиг бизнес эрхлэгчидтэй холбох, түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудад мэргэжлээрээ ажиллахад нь холбох гүүр бий болгох,
3. Гадаадад буй монголчууд, холбоод, аж ахуй эрхлэгчдийг төрийн бодлого боловсруулагчтай холбох, төрийн байгууллага болон дотоодын аж ахуйн нэгжийн гадаадад хийх айлчлал, танилцах аялал зэргээр зохион байгуулалттайгаар холбож өгөх,
4. Төгсөгч нарыг тэнд нь 1-2 жил ажиллахад нь дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх, тэнд буй Монголын жижиг ААН-тэй холбох,
5. Тус хуралдааны салбар хуралдааныг Вашингтон ДС гэх мэт Монголчуудын төвлөрөл ихтэй хотуудад зохион байгуулж байх,
6. Гадаадад байгаа Монголчуудын талаар судалгааны мэдээлийн сан бүрдүүлэх,
7. Энэ чуулганд оролцож байгаа хүмүүсийг хооронд нь холбосон сүлжээ, холбоо үүсгэх,
8. Монголд мэргэжлээрээ ажиллаж буй Монгол иргэдийг гадаад дахь ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй гадаадын судлаачидтай холбодог тогтолцоог бий болгох,
9. Гаднаас эргэн ирэгсдэд зориулсан бизнесийн бойжуулах төвүүдийг байгуулах, бизнесээ эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, татвар гаалийн хөнгөлөлт эдлүүлэх болон санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх,
10. Гадаадад буй монголчуудын холбоодыг дэмжих, төсвийн 1%-тай тэнцэх хэмжээний санг бүрдүүлж гадаадад буй Монголчуудын холбоодод санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх, Монголын элчин сайдын яамдын чиг үүргийг тодорхой болгох,
11. Гадаадад буй Монголчуудын бүртгэлийг сайжруулах замаар газар эзэмших эрхийг нь сайжруулах,
12. Засгийн газрын түвшинд шийдэгдэж буй бодлогын асуудал бүрээр гадаадад суугаа монгол эрдэмтдийн баг бүрдүүлж, санал сонсож байх механизм бүрдүүлэх
2. “Өрсөлдөх чадвар: мэдээллийн технологи, боловсролын салбарын хөгжил” салбар хуралдаанаас гаргасан зөвлөмж
Хилийн чанад дахь Монголчуудын анхдугаар чуулганд орoлцогчид БИД:
· Хүн төрөлхтний хөгжил, дэвшилд мэдлэг, боловсрол, технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол 21 дүгээр зуунд шийдвэрлэх үүрэгтэйг ухаарч,
· Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, мэдээллийн болон өндөр технологийн шинэ санаачилгыг улс орны тогтвортой хөгжлийг хангах тулгуур хүчин зүйл болгон хөгжүүлэх төрийн бодлогыг амьдралд хэрэгжүүлэх зорилгыг эрхэмлэн,
· зөвхөн урагшаа харж ирээдүйгээ тодорхойлж, өөрсдийн болон хойч үедээ буян хийх мэдлэгийн эрин зууныг Монгол орондоо бүтээн босгох их хувь тавилантай залуус гэдгээ ойлгож,
· ийм боломж бас ийм их тэмүүлэл бидэнд өнөөдөр анх удаагаа учирч байгаа гэдгийг мэдэрч
төр, засгийн болон хувийн хэвшлийн байгууллага, эрдэмтэн судлаачдад хандан дараахь зөвлөмжийг гаргаж байна.
НЭГ. Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратеги боловсруулж хөгжүүлэх талаар:
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын индексээр манай улс сүүлийн жилүүдэд тасралтгүй хойгуур байр эзэлж буйн гол шалтгаан нь (1) сул хөгжсөн дэд бүтэц, (2) хангалтгүй институцийн тогтолцоо, (3) эдийн засгийн үр ашиг муутай шинжлэх ухаан, технологийн салбар, (4) доогуур хөгжилтэй аж үйлдвэрийн инноваци гэсэн 4 чиглэлийн асуудалд оршиж байна. Иймд эдгээр асуудлыг юуны өмнө шийдвэрлэх, “хүрэн” эдийн засгаас мэдээлэлжсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавихад чиглэсэн, богино хугацаанд өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэх стратеги боловсруулан амжилтад хүрч чадсан Финлянд, Норвеги, Сингапур, Чили зэрэг улсын тэргүүний туршлагыг анхааран судалж Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд:
1. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд түүнд тохирсон бүтцийн өөрчлөлтийг хийх
2. Үндэсний инновацийн тогтолцоог даруй бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын болон санхүүгийн тогтолцоог бий болгох. Вэнчур капитал буюу эрсдэлтэй хэдий ч өндөр ашиг өгөх магадлал бүхий бизнест хөрөнгө оруулдаг сектор бий болгох, мөн эрсдэлээ өөрөө үүрэн шинээр бизнес босгож буй бизнес эрхлэгчдийг дэмждэг тогтолцоог үүсгэх
3. Стратегийг манайлан хэрэгжүүлэх улс төрийн болон хувийн салбарын манлайлагчдыг гаргаж ирэх хүний нөөцийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх
4. Их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжсэн тогтолцоо буюу хөтөлбөрүүд дэвшүүлж, төслүүдийг санхүүжүүлэх механизм бүрдүүлэх. Аж ахуйн нэгжээс технологийн шинэ санаачилгын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжтай тэнцэх хөрөнгийг тухайн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх талаар хууль гаргах.
5. Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага өөрсдийн бий болгосон технологи, патентийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох талаар эрх зүйн орчинг шинээр бий болгох. /АНУ-ын Бэй-Доле-ийн хуультай ижил/.
6. Мэдээллийн технологи тэргүүлсэн өндөр технологийн паркууд байгуулах. Технологийн парк, шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчинг бүрдүүлж, нэмүү өртөг шингэсэн МХТ-ийн болон бусад технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлохийг дэмжин хөхүүлсэн урамшуулалт нөхцлийг бий болгох (өндөр технологийн салбарт амжилт гаргасан компаниудад үзүүлдэг татварын болон нийгмийн даатгалын хөнгөлөлт, орлогын хэмжээнээс хамааруулан эдлүүлэх татварын хөнгөлөлтүүд гэх мэт).
7. Нийгмийн бүхий л түвшинд буюу төр засаг, нийгмийн институциуд, ард иргэдийн дунд мэдээлэлжсэн нийгэм байгуулах зөвшилцлийн механизмыг бүрдүүлэх. Тухайлбал, нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог мэдээлэлжсэн нийгэмд шилжих явцтай уялдуулах.
8. Төрийн ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн инновацын орчинг бий болгоход төрийн байгууллагууд гадаадад байгаа иргэдтэй хамтран ажиллах.
ХОЁР. Мэдээлэл, холбооны технологийн салбарын хөгжлийн ололтыг шуурхай нэвтрүүлэн ашиглах талаар:
1. Төрөөс ард нийтэд үзүүлж буй үйлчилгээнд /гааль, татвар, иргэний бүртгэл, мэргэжлийн хяналт зэрэг/ мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд Засгийн газар үндэсний компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авагчаар оролцох шаардлагатай. Ингэхдээ эдгээр салбарт хэрэгжүүлэх МХХТ-ийн төслүүдийг захиалах, хөрөнгө оруулах, зээлийн баталгаа гаргах, Public Private Partnership буюу төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмыг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа орно.
2. Нийгэм дэх програм хангамж болон бусад мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээгээ өөрсдийн хүчээр бүрэн хангадаг байхаар хуульчлах.
3. Мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт бүхий үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулан хэрэгжүүлэх, түүний санхүүжилт хөрөнгө оруулалтын тогтолцоог байгуулах.
4. Мэдээллийн технологийг нийгмийн бүхий л үйлчилгээний хүрээнд өргөнөөр нэвтрүүлэх. Дотоод, гадаадын монголчууд болон монгол компаниудын хүчээр нийгмийг мэдээлэлжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
5. Засгийн Газраас зарлаад буй Цахиурт Хөндий төслийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч өөрийн орны онцлогт тохирсон Силикон Ваалий загварыг бүрэн утгаар нь цогц хэлбэрээр томъёолон хэрэгжүүлэх
6. Клауд үйлчилгээ, Мобайль платформ дээр суурилсан мэдээллийн системийг хөгжүүлэх
7. Мобайль платформ дээр суурилсан амьдралын шинэ хэв маягийг бий болгохыг дэмжих. : монгол програм хангамж худалдах онлайн дэлгүүр байгуулах
8. Мэдээллийн технологийн аутсорсингийн үйлчилгээ нийлүүлэгч компанийг бойжуулах
9. Мэдээллийн технологи дээр суурилсан үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дотоод гадаад зах зээлийн аль алинд ач холбогдол өгч, тухайлсан стратегийг боловсруулан боловсруулан хэрэгжүүлэх нь чухал ч юуны түрүүнд дотоод зах зээлдээ анхаарлаа төвлөрүүлэх. Дотоод зах зээлийн хөгжил нь нийт салбарын чадавхийг дээшлүүлэх бөгөөд энэ нь улмаар гадаад зах зээл дээр тоглолт хийх чадавхийг тухайн салбарт бий болгоно.
ГУРАВ. Боловсролын салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх талаар:
1. Их сургууль төвтэй шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх стратегийг даруй боловсруулж хэрэгжүүлж эхлэх, Ингэхдээ их сургуулийг орчин үеийн их сургуулийн хөгжлийн хандлага болсон судалгааны болон бизнес санаачлагыг дэмждэг их сургууль байдлаар хөгжүүлэх үзэл баримтлалд тулгуурласан стратеги боловсруулах.
2. Тэргүүлэх салбарт нарийн мэргэжил эзэмшихээр их сургуульд суралцаж буй оюутанд “бүтэн” тэтгэлэг /сургалтын төлбөр, байр, хоол, унаа, эрүүл мэндийн даатгал зэргийг хамруулсан/ олгох тогтолцоог яаралтай бүрдүүлэх. Ингэхдээ бусад оронд хэрэглэгддэг Sea-ground, Land-ground-той ижил загварыг боловсруулж нэвтрүүлэх
3. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс ач холбогдол багатай хичээлүүдийг цөөлж шинжлэх ухааны боловсролыг түлхүү нэвтрүүлэх. Мөн математик, физик, хими, биологи, тооцоолон бодох зэрэг хичээлээр олон улсын олимпиадаас медал авсан, байр эзэлсэн сурагч, багш нарыг алдаршуулан сурталчлах, шагнаж урамшуулдаг тогтолцоог бий болгох
4. Боловсролын тогтолцоонд эрс шинэчлэлтийг яаралтай хэрэгжүүлэх нь чухал. Ялангуяа бүрэн дунд боловсролын тогтолцоог технологийн боломжийг ашиглан шинэчилж, хүртээмжтэй, сурагчдын чадварт түшиглэсэн уян хатан байх олон улсын стандартыг хангасан төвшинд хүргэх.
5. Мэргэжлийн болон болон дээд боловсролын тогтолцоог илүү прагматик зорилготой болгон өөрчлөх
6. Их дээд сургуулийг шинэ аж үйлдвэрийн салбарыг бий болгон хөгжүүлэх гол цөм болгох. Үүний тулд дээр дурдсан инновацийн тогтолцоог бий болгох
7. Төрийн мэдлийн их дээд сургуульд гадаадад өндөр боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан доктор, мастер цол бүхий иргэдийг тодорхой шалгуурын дагуу багшлах орон тоонд шууд авах нөхцөл бүрдүүлэх
3. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт
1. Эмнэлэг, судалгаа, сургалт, дадлагыг цогцоор нь хийх орчин бүрдүүлэх туршлагыг нэвтрүүлэх,
2. Эрүүл мэндийн судалгааны төв, лавлагааны лабораторийг нөөц боломжоо ашиглан байгуулж нэгдсэн мэдээллийн сантай болох,
3. Эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж; ойрын 2 жилд улсын төсвийн 1 хувьд хүргэх,
4. Эмчилгээ болон оношлогооны тоног төхөөрөмжийг сайжруулан орчин үеийн, шинэ технологийн багаж төхөөрөмжийг хөдөө орон нутагт хангахад гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн хүч бололцоогоо ашиглан олон улсын байгууллагууд, хандивлагчдыг татан оролцуулах ба хандивын тоног төхөөрөмжийг Монгол Улсад оруулахад гардаг төрийн байгууллагын хүнд суртал, шат дамжлагыг багасгах,
5. Эд, эс, омог өсгөврийн сан байгуулж үйл ажиллагааг тогтворжуулах,
Эрүүл зан үйл бий болгох
1. Хуулинд заасан “тамхигүй орчин” гэсэн заалтыг төр, төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэг, ард иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх
a. Тамхины эсрэг хуулийг ард иргэд, хууль сахиулагчдад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах;
b. Тамхины эсрэг хуулийн хэрэгжилтийг олон нийтийн байгууллагуудын оролцоотой хянах;
c. Тамхигүй татахыг хориглосон санамж, тэмдэглэгээг хэвлэж байрлуулах;
d. Тамхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийлүүлэгч компаниудад хориглох, хэрэгжүүлэх;
e. Архи, тамхины татварыг нэмэгдүүлэх
2. Архи, согтууруулах ундааны ил болон далд сурталчилгааг хориглох, ял шийтгэлийг тухайн компаний нийт орлоготой пропорциональ байдлаар оногдуулах, илрүүлсэн аж ахуйн нэгж, хувь хүнийг урамшуулах;
3. Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн архи, тамхи хэрэглэхийг хориглосон сурталчилгааг эрчимжүүлэх
4. Жимс ногооны хэрэглээг дэмжих талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
a. Монголын онцлогт тохирсон жимс (чацаргана, тарвас г.м), ногооны төрлийг селекцийн аргаар олшруулахад онцгой анхаарч төсвөөс зохих санхүүжилтийг гаргах;
b. Канад зэрэг байгалийн ижил төстэй уур амьсгал бүхий орнуудаас идэвхитэй суралцах;
c. Үүнд тухайн улс орнуудад буй Монгол улсын иргэдийг татан оролцуулж, Атарын аяны аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай уялдуулах;
d. Хүнсний ногоо, жимс ногооны баталгаат байдал, импортлогчдын тоог хязгаарлах, ганзгаар орж ирэхийг хориглох
e. Жимс, ногооны нэр төрөл, гарал үүсэл, чанарын стандарт боловсруулах
5. Хөдөлгөөний хомсдлыг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны орчин бүрдүүлэх:
a. Хот дотор, цэцэрлэгт хүрээлэнгүүд болон хотын төвд дугуйгаар зорчих зам, албан байгууллагууд үүдэндээ дугуйны зогсоолтой болгох;
b. Хотын бүх гудамжин дахь явган хүний замыг эмх замбараатай, аюулгүй, цэвэр цэмцгэр болгох;
c. Бүх хүүхдийг биеийн тамир, спортод хамруулахад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх;
d. Олон нийтийг хамарсан компанит ажлуудыг (дугуй унах, гүйх, алхах г.м өдөрлөгүүд) хотын болон дүүргийн дарга нар манлайлан тогтмол зохион байгуулах;
Эрүүл мэндийн салбарын шинэчлэл
1. Үйлчилгээ үзүүлэгч төвтэй үйлчилгээнээс үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээнд шилжих;
2. Эмнэлэг шүтсэн хандлагаас эрүүл мэндийн анхан шатны тусламж хүргэх хандлага руу шилжих;
3. Чинээлэг болон хотын хүмүүст илүү чиглэсэн тогтолцооноос ядуус, хөдөөгийн хүн амд үйлчилдэг тогтолцоо руу шилжих;
4. Эмч, эмнэлгийн байгууллагаас хамааралтай байдлаас татгалзаж, амьдралын эрүүл хэв маягийг сонгон хамт олон, хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх;
5. Дан ганц улсаас санхүүждэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцооноос төр, хувийн хэвшлийн холимог түншлэл рүү шилжих, чингэхдээ тэгш хуваарилалтын зарчмаас ухрахгүй байх;
6. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрсөн удирдлагаас төвлөрлийг сааруулсан удирдлагад шилжих;
7. Үндэсний хөтөлбөрийн босоо тогтолцооноос нийт салбарыг хамарсан нэгдмэл удирдлагын тогтолцоонд шилжих;
8. Эрүүл мэндийн байгууллагыг төвлөрсөн удирдлагаас бие даасан удирдлагад шилжүүлэх
9. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх;
10. Эрүүл мэндийн даатгалыг сайн цуглуулах тал дээр ажиллах;
Эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй хүмүүсийг Монголд татах
1. Гадаад оронд сурч, ажиллаж буй монголчуудын эрүүл мэндийн байдлыг сайжруулах арга хэмжээг авах;
2. Хэн ямар ажил хийх тодорхойлолтыг гаргах, боловсон хүчнийг бэлтгэхдээ бодлогоор гадагшаа явуулах;
3. Хөдөлмөрийн хуваарилалт;
4. Гадаадад болон дотоодод мэргэжил эзэмшсэн мэргэжилтнийг үнэлэх (цалин, ажил мэргэжил) стандартыг гаргах;
5. Гадаад хэлнээс монгол хэл рүү ном, сурах бичгийг орчуулахад туслах;
4. “Хүн байгаль-Уур амьсгал” салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмж
Нийгэм төдийгүй Байгальд өрнөж буй олон хэлбэрийн харилцаа, нөлөөллийг бодлогын түвшинд зөв уяалдуулан зохицуулж чиглүүлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг өнгөрсөн туршлага бидэнд харуулж байна. Хүн–Нийгэм–Байгалийн харилцан хамаарал, тэнцвэрт байдлыг уламжлан авч цааш хөгжүүлэхэд бүх түвшинд системтэй, нэгдсэн бодлогыг боловсруулах хэрэгтэй болжээ. Эдгээрийн харилцан хамаарлыг доорхи бүдүүвчүүдээс тодорхой харж болно.
Бүдүүвчүүдийг: Drylands D.M. Stafford Smith et al. F.S. Chapin (eds.) Principles of Ecosystems Stewardship. 2009
Нийгэм–Байгалийн энэ хамаарал, түүний зохицуулалт алдагдвал байгалийн тэнцвэрт байдал алга болж хүний оршин тогтнох аюулгүй байдал нь хүнээс үл шалтгаалсан давагдашгүй, аюултай хүчин зүйл болох нь улам тодорхой болж байна. Иймээс Хүн–Байгалийн тэнцвэр алдагдахаас урьдчилан сэргийлж, байгалийн зүй тогтолыг зөв голидролд оруулахын тулд экологитой холбоотой ямарваа нэг үйл ажиллагааг хянан зохицуулах шинжлэх ухааны гүн үндэслэлтэй эргэн хянах системыг бий болгох, түүнд өндөр ач холбогдол өгөх нь зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудал гэж үзэж байна. Энэ саналыг ажил хэрэг болгохын тулд төрөөс зохих дэмжлэгээ үзүүлээд хамтараад өгвөл манай салбар хуралдаанд оролцогсодоос юуны түрүүнд дараахь асуудлууд дээр өөрсдийн боломжоор дэмжин туслаж хамтран ажиллах санал оруулж байна. Үүнд:
1. Хүний нөөц ба Мэдлэгийн менежмент - мэргэжлийн баг\клуб\ байгуулах
· Өндөр технологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэхэд гадаадад боловсрол, туршлага эзэмшсэн иргэдийг татан оролцуулах зорилгоор нэгдсэн мэдээллийн санг хүний нөөц, шинэ дэвшилтэд технологи, судалгаа гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн хүрээнд байгуулж ажиллах
· Мэрэгжлийн клуб байгуулах болон чадвартай боловсон хүчний нөөцийг төрийн зүгээс бүрэн дүүрэн ашиглаж, хамтран ажиллахыг төрөөс дэмжин уг клуб нь бодлого боловсруулагчид болон хяналтын байгууллагынхантай хамтран ажиллаж зөвлөлдөж байх эрх зүйн орчныг төрөөс бий болгох
· Экологийн боловсролыг дэмжих:
o Монгол хүүхдийн нас ба сэтгэхүйн хөгжлийн онцлогт тохирсон Хүн, Байгалийн танин мэдэхүйн ном товхимолын мэдээллийн санг бий болгон нийтийн хүртээл болгох
o Байгаль орчинтой харьцах Монголын дэвшилтэт уламжлал, ёс заншил, арга туршлагыг Экологийн боловсролд түлхүү оруулж, сургалт сурталчилгаа явуулах.
2. Эргэн хянах систем - эргэн хянах мониторингийн системийн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах
· Байгаль орчин ба Нийгмийн нөлөөллийн судалгааг явуулах шалгуур стандартыг оновчтой тогтоох
· Нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө болон санхүүгийн тодорхой хэмжээний эх үүсвэрийг банканд барьцаа хэлбэрээр байрлуулаагүй тохиолдолд олборлолтын ямарч үйл ажиллагааг эхлүүлэхгүй байхыг хатуу мөрдөх
3. Экологид ээлтэй Технологи, судалгаа шинжилгээнд суурилсан технологийг дэмжих сурталчлах
· Байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологиийг сурталчлан нэвтрүүлэх
· Технологийг нутагшуулах ажилд дотоодын түүхий эд, нөөц бололцоог ашиглах боломжийг судлах
· Биологийн төрөл зүйл, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хориглож технологийн түвшний үнэлгээ хийдэг зарчмыг бий болгон хэрэгжүүлэх Байгалийн баялгаас олсон ашиг, хөрөнгийг шинжлэх ухаан, технологид зарцуулах замаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих
· Малын тоо толгойн хяналтыг сайжруулан зохицуулах, экспортоор гарч буй мод, модон эдлэлийн хяналтыг чангатгах
· Иргэдийн байгаль орчноо хамгаалж байгаа сайн дурын үйл ажиллагаа, туршлага, шинэ санал санаачлагыг сурталчлан дэмжиж үйлсэд орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчдийг татан оролцуулж, ялангуяа иргэдээс санаачлан хийж буй ногооруулах үйлсийг бүх талаар хөхүйлэн дэмжиж нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийн хэмжээ болон төрөөс тавих анхаарал хяналтыг нэмэгдүүлэх
зэрэг боломжууд бидэнд байгаа бөгөөд төрийн зүрээс бүрэн дэмжин хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
“Хүн байгаль” салбар хуралдаанд нийт оролцогсод болон зохион байгуулах хэсэг.
Улаанбаатар хот, 2010 оны 7 дугаар сарын 19.
5. Бусад
1. Шинжлэх ухааны парк, технологийн инкубатор, технологи дамжуулах төвүүдийг байгуулж, үндэсний үйлдвэрлэлийн технологийн түвшинг дээшлүүлэх ажиллагааг тууштай дэмжиж ажиллахад олон улсын туршлагыг нэвтрүүлэх боломж бололцоонд түшиглэх буюу гадаадад байгаа иргэдийн мэдлэг, боловсрол, мэдээллийг цаг алдалгүй нэвтрүүлэх,
2. Судалгаа шинжилгээний зориулалттай тоног төхөөрөмж, хандивийн багаж хэрэгслийг татвараас бүрэн чөлөөлөх,
3. Гадаадын их дээр сургуулиудад сурч, мэргэжил эзэмшсэн эсвэл эрдмийн зэрэг хүртсэн гэх хүмүүсийг төрийн албанд ороход нь сургуулиудаас нь (эсвэл удирдсан багш нараас нь) баталгаа (рэфэрэнсэ) авдаг систэмийг бий болох. Энэ ажлыг тухайн улсад төгсөгчдийн холбоод ч хийж болох талтай
4. Гадаадад байгаа монголчуудын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах, нарийвчилсан судалгааг хийхдээ гадаадад байгаа монголчуудын холбоо болон бусад байгууллагуудыг татан оролцуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
5. Хилийн чанадад монголчуудын өөрсдийн санаачлагаар зохион байгуулж буй уулзалт, чуулга, соёлын арга хэмжээнд төр засгаас дэмжлэг үзүүлж төлөөлөгч ирүүлж, тэдний санал бодлыг байнга сонсож байх,
6. Шинээр үүсэж байгаа мэргэжлийн байгууллагуудыг бусад төрийн бус байгууллагуудаас ангид үзэж төрөөс бодлогоор дэмжих, шаардлагатай бол санхүүгийн туслалцаа үзүүлдэг болох.
7. Чуулга уулзалтаас гарч буй зөвлөмж, бүтээлч санал санаачлагыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллах
8. Нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн төв байгуулах,
9. Туршлагатай орны, тухайлбал Энэтхэгийн сайн боловсон хүчнийг авчирч сургалт явуулах,
10. Дотооддоо нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийг хөгжүүлэх,
11. Аутсорсингоор нягтлан бодох бүртгэлийн ажил гүйцэтгэж буй гэрээт нягтлан бодогчдыг хуулинд тодотгож тусгаж өгөх,
12. ЗГ-ын бүтцэд Гадаадад суугаа иргэдтэй хамтран ажиллах Зөвлөл бий болсон нь ҮР ДҮН гарах гол тогтолцоо бүрджээ гэж үзэж гадаадад суугаа Монгол иргэд байгууллагынхаа боломжийг ашиглан Төрийн зүгээс анхааран шийдвэрлэхийг хүсэн хамтран ажиллахыг санал болгож буй зүйлс:
· Сонгуулийн эрхийг баталгаажуулах – Хууль эргэн хэлэлцэгдэж буй
· Давхар иргэншлийн асуудлыг шийдвэрлэх – Хуулийн төсөл яригдаж буй
· Гадаадад суугаа Монгол гэр бүлийн асудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх – Увш багшийн саяхан хийсэн судалгаа энд чухал үүрэгтэй байж болно
· Гадаадад өндөр мэргэжил эзэмшигчдийг зохих ажлын байраар шуурхай хангах
· Гадаадад ажиллаж суурьшиж буй Монголчуудын хэл соёлоо хадгалан үлдэхэд нь туслан дэмжих хамтран ажиллах – Соёлын арга хэмжээ зохион байгуулдаг гадаад дахь бүх холбоод энэ талаар хүсэлт гаргажээ.
· Гадаадад суугаа Монголчуудын эрүүл мэндийн асуудлыг анхаарах
· Нийгмийн даатгал, тэтгэврийн асуудлыг нь шийдвэрлэх – Засгийн газруудын хооронд яригдаж эхэлсэн
· Гадаадад буй Монголчууддаа бизнесийн эрх зүйн мэдээллээр үйлчилэх
Түүнчлэн хилийн чанадад амьдарч буй өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж ажиллах болон хилийн чанадаас мэдлэг, туршлага, боломжоо ашиглан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөгжилд хувь нэмэр болох, цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангах, төрийн алба, хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулах, шинэ мэдлэг, дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулах гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо татах зорилготой "Зөгийн үүр" хөтөлбөрийг боловсруулсанд гадаадад амьдарч байгаа боловсрол, туршлага эзэмшсэн иргэд сайшаан дэмжсэн болно.
ХИЛИЙН ЧАНАДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
ЦАХИМ ӨРТӨӨ ХОЛБОО ТББ
No comments:
Post a Comment