9.12.2009

Хазара ахан дүүс Монголд ирлээ

Өчигдөр хазара нутгаас ирсэн Гулам, Захра, Мэгдад нар маань Кабул-Дели-Бээжин-Улаанбаатар чиглэлд 7 хоног аялсны дүнд 21:25-д Буянт Ухаад буулаа. "Welcome to Mongolia, the land of Chingis Khaan! - Эзэн Чингисийн нутаг Монгол оронд тавтай морил!" гээд л Цахим Өртөөний бид буюу Лутаа ах, Байка, Анулан, Сансараа нараас гадна МУИС-ийн гадаад оюутан хариуцсан Мэндбаяр эгч, NTV телевизийн Дэлхийн Монгол айл баримтат киноны баг, МyClub-ын 4 оюутан хамт угтлаа. (MyClub гэснээс Цахим өртөөний Сэрдарам андын ТИС-ийн ажилсаг хичээнгүй оюутнуудаас бүрдсэн MyClub-ийнхан эдгээр хазара оюутнуудад байнга тусалж дэмжихээр болсон бөгөөд тэд цөлжилтийн эсрэг аянд идэвхитэй ажиллаж, чөлөөт цагаараа хөдөө орон нутагт олон мянган мод тарьж, усалж арчилж байдаг ёстой бахархмаар сайхан залуучууд!)

Сэтгэлдээ нар гийлгэж, гартаа цэцэг барин догдлон хүлээсэн биднийг хараад хазарачууд маань хөл газар хүрэхгүй баярлаж, "Үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байна. Та нарыг ийм сайхан угтана гэж төсөөлсөнгүй. Өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьж байгаадаа баяртай байна. Бид Монгол оронд хөл тавьсан бараг хамгийн анхны хазарачууд байх" гэж англиар хэвлүүхэн сайн ярьж байлаа. Яг анхны нь бол биш юм. 9 сарын 11-ны дараа золигийн Осама Бин Ладинг нухчин дарах зорилго өвөрлөсөн Жорж Буш Афганистаны төрийн эрхэнд байсан Талибанчуудыг хөөн явуулсны дараа (дандаа муулуулдаг хөөрхий Жорж Бушд харин энэ удаа талархууштай!), Америкчууд Афганистан дахь стратегийн түншээрээ хазарачуудыг сонгосны дүнд энэ бүс нутагт үеийн үед дарлагдаж байсан хазарачууд сургуульд сурч боловсрол эзэмших, аятайхан ажил хийх гэх мэт иргэний үндсэн эрхээ бүрэн эдлэх болсон төдийгүй, анх удаа төр барилцах дээд түвшинд очих боломжтой болсон билээ. Афганистаны шилжилтийн засгийн газрын үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж асан, хазара эмэгтэй улстөрч Др. Сима Самартай Кабулд уулзаж ярилцлага авах завшаан гарахад тэрээр 90-ээд онд Монголд нэг хуралд оролцож байсан тухайгаа хуучилж байсан.

Ер нь хазара оюутнууд маань Монголд ирэх болсон шалтгаан нь 2008 оны 10 сараас хойш хэрэгжиж буй NTV телевизийн "Дэлхийн Монгол айл" баримтат киноны төсөлтэй маш их холбоотой. Нилээд их хөрөнгө хүч зарж анх удаа 13 дугаар зууны Монголын байлдан дагууллаас улбаалж дэлхий даяар тархсан Монголчуудыг эрэн сурвалжилж, БНХАУ-ын Хөх нуур муж, Хөлөнбуйр, Уйгур Шинжаан, Юннань муж, ОХУ-ын Буриад, Халимаг, Тайвань, Афганистаны Бамиан, Энэтхэгийн Баруун Бенгал, АНУ-ын Нью Жерсид зураг авалт хийгдэж, дэлхийн 10 өөр газарт өдгөө аж төрж буй 10 Монгол айлын тухай өгүүлэх энэ цуврал баримтат киноны аян замын тэмдэглэл "Moнголоо хайсан Монгол" нэвтрүүлгийн эхний дугааруудыг NTV телевизээр үзэгчид маань үзсэн биз ээ. Баримтат киноны зураг авалт 2010 онд дуусах бөгөөд тэр үед та бүхэн бүрэн хувилбараар үзэж сонирхоорой. Хамгийн сүүлийн анги нь Хэнтий аймагт өрнөх юм.

Өнгөрсөн 2009 оны 1 сард миний бие орчуулагч, гүйцэтгэх продюсерийн хувиар Афганистан, Энэтхэг улсуудад тус баримтат киноны багтай хамт аялахдаа Афганистаны Бамианд амьдарч буй хазара зон ардын хүнд хэцүү аж амьдралыг хараад, "Монголын байлдан дагуулагчдын үлдэгдэл", "Биднийг хүйс тэмтэгчдийн үр удам", "Чингисийн шээс" буюу түүнээс долоон дороор доромжлуулан дуудуулж бусад пуштунүүд болон бүс нутгийн бусад олонхи үндэстнүүдэд олон зууны турш хядуулж, хүчирхийлүүлж, зовж зүдэрсэн хазарачуудыг хараад монгол хүний хувьд өөрийн эрхгүй нулимс унагаж, сэтгэл өвдсөн билээ. Хазарачууд бол өвөр монголчууд, буриадуудаас ч илүү хүнд хувь заяа туулсан ард түмэн. Ингээд хэл, соёл, нүүр царай гээд олон зүйлс нь яах аргагүй монголчууд бидэнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой нь зайлшгүй болох хазарачуудын нэгэн дунд сургуульд зочлох үед ганц ч болов хазарыг Монголдоо авчирч сургах юмсан, тэгээд ч Цахим Өртөөнийхний удаан ярилцсан тэтгэлгийн хөтөлбөрт хамгийн анх хамрагдах хүмүүс нь хазарачууд байж болох юм гэх мэт бодлууд санаанд бууж байв. Тэгэхээр бид бүхэн NTV телевизийн хамт олонд талархах нь зүй. NTV-ээс ийм төсөл хэрэгжүүлээгүй бол энэ хүүхдүүд маань энд ирээ ч үү, үгүй ч үү. Mөн гурван хазара оюутны маань онгоцны тийзийг зохицуулж өгч, хөнгөлөлттэй үнээр үйлчилж, цаашид дэмжиж ажиллахаар болсон Air Ticket компаний хамт олонд гүн талархал илэрхийлье. (Баримтат киноны төслийн санаачлагч, сэтгүүлч М.Буянбадрахын нийтлэлүүдийг эндээс уншаарай. "Монголоо хайсан Монгол" аян замын цуврал нэвтрүүлгийн promo trailer -үүдийг эндээс үзэж болно.)

Нэгэнт орой болсон бас онгоцонд хоол идсэн гэж тэд хэлсэн тул төлөвлөсөн ёсоор тэднийг хоолонд оруулалгуй шууд МУИС-ын гадаад оюутны байранд нь хүргэж, байртай нь танилцуулж өрөөнүүдэд нь орууллаа. Тэдний бууж буй байр миний харсан Багшийн дээдийн дотоодын оюутны байр (Яагаад клубын зарим гишүүд нэг өрөөг нь засвар хийж, тохижуулж өгч байгаа юм)-ны дэргэд хамаагүй дээр юм байна. Дотроо 0-той, төмөр ортой. 1 өрөөнд нь 2 хөвгүүн нь, нөгөө өрөөнд нь Захра байхаар болов. Дээшээ 3 давхарт гарвал гал зуух, нийтийн шүршүүр байдаг юм байна. За нэг их мундаг биш ч боломжийн сайхан байр байна. Дайныг нүдээр үзэж, олон зуунаар дарлагдсан гэсэн шиг харц нь дөлгөөн, цаанаа л насандаа ахадсан гэмээр хэрсүү авч бүгдээрээ их элгэмсүү, дөлгөөн зантай юм аа. Ер нь сэтгэгдэл маш өндөр байгаа нь илт. (Энэ дашрамд эдгээр оюутнуудыг уриалгахан хүлээн авч, маш их тусалж дэмжсэн МУИС-ын удирдлагад халуун талархал илэрхийлье. Тэд гадаад оюутнаа машинтай ирж тосч авдаг юм билээ.)

Өглөө 8.30-д Цахим өртөөний гүйцэтгэх албанаас Анулан, Сансар хоёр хазара оюутнууд дээр очиж өглөөний унд уулгаад 9 цагт Мэндбаяр эгч дээр аваачиж хичээлд нь бүртгүүлж, анхны хичээлд нь суулгажээ. Ойролцоогоор 15 орчим гадаад оюутан монгол хэлний бэлтгэл ангид сууж байгаа гэнэ. Нэг мексик, буриад, өвөр монголчууд байдаг гэнэ. Бас өөр орны хүмүүс ч мэр сэр бий гэнэ.

Үдийн цайны цагаар Цахим өртөөнийхөн цуглаж 11:50 -д анхны монгол хэлний хичээлээсээ тарсан Гулам, Захра, Мэгдад нартай Хасбанкны дэргэдэх Modern Nomads зоогойд хооллов. "Яасан тансаг зоогой вэ" гэж тэднийг хэлэхэд нээрээ л Улаанбаатарт дундаж зоогойд тооцогддог Modern Nomads маань сайхан тохижилттой болсныг анзаарав. Хазарачууд мах сайн иддэг, бас манайтай адил өрөмтэй талх, сүү, тараг зооглодог. Ингээд зочиддоо монгол хоол сонирхуулах үүднээс банштай цай, бууз, хуушуур, яаж дан мах идүүлэхэв гээд цэвэр ногооны салат захиалав. Их амттай байна гээд л идээд байв. "За тэгээд өвөл их хүйтэн тул Монголчууд бид махыг бол ёстой цохиж өгдөг хүмүүс шүү дээ, битгий гайхаарай" гэж сануулав. Зоог барьсны дараа бүгдээрээ Сүхбаатарын талбай руу алхацгаав. Өдөр маш сайхан цаг агаартай байсан тул тэдний ч сэтгэл их хөөрч, өдрийн гэрэлд Улаанбаатар хот ч сайхан харагдаж байлаа. Ардчилсан намынхан тухайн үед их л муулаад байсан болов ч манай их жанжны талбай сайхан болсон санагддаг юм. Төрийн ордон маань ч гэсэн. Монгол архитектурын хэв шинж агуулсан, хөлөг баатруудаараа мануулсан Төрийн ордон сүрлэг гэж жигтэйхэн. "Энэ юун барилгууд вэ?" хэмээн Гулам асуув. Их жанжны талбайн зүүн талд Соёлын төв өргөө, Дуурийн театр, Монголын хамгийн том групп MCS -ийн Central Plaza-г заан тайлбарлаж, Хотын захиргаа, ҮЭ-ийн ордон, Хөрөнгийн бирж, Голомт банк болон Чоно групп, Моннис Интернэйшнлийн бариулж буй өндөр барилгуудыг зааж тайлбарлав. Мөн ойрдоо зам засвартай тул замын бөглөөс ихтэй, гэхдээ сайхан замтай болж байгаадаа баяртай байгаагаа ч хэлэв. Тийм ээ, сул дорой, болж бүтэхгүй байгаа зүйлс их ч монгол маань алхам алхамаар хөгжөөд л байгаа хэмээн удаан уулзаагүй хамаатандаа сонин хуучилж буй аятай ярив. Хамгийн гол нь 370 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаанбаатар хот маань дөрвөн уулынхаа дунд оршдог, хуучин Хан уул нэртэй байсан боловч харин хожим Монголын хамгийн сүүлчийн эзэн хааны нэрээр нэрлэгдсэн Богд хан уулыг заан үзүүлж, энэ уул Улаанбаатарчууд биднийг байнга түшиж, бид ч шүтэж амьдардаг тухай өгүүлэв. Мөн эрт үед Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй хуультай байсан тухай дурдаад Улаанбаатарт төөрөх л юм бол урд зүгт байрлах Богд уулаараа баримжаа авч болохыг сануулав. Энэ үест Кабул хотын урд хэсгээр сунаж байрласан xазараги (хазара хэл)-гаар Кориах гэж нэрлэдэг өндөр уул харсан маань санаанд орж тэднээс лавлаж асуухад ямар ч байсан хазара үг, харин ямар утгатайг мэдэхгүй гэж хариулав. Бараг л монголоор "xорих", "хориг" уул гэж байгаа ч юм шиг. (Кабул хотын ойролцоо Бабур хааны шарил байдаг боловч зургийн баг давчуу хуваариас болж очиж чадаагүй юм. Харин Кабулаас хазарачуудын хуучин нийслэл, одоо ч олон мянгаараа амьдардаг Бамиан муж хүрэх замд Хиндикушийн уулсаар явдаг бөгөөд Урбан дарьяа гол даган урсах энэ л алдарт нурууны нэгэн хавцал руу зааж Багдадыг эзэлж Илхааны улсыг үндэслэн байгуулсан, Чингисийн ач, домогт Хүлэгү хаан дайтаж яваад өнгөрсөн хэмээн газарчилж явсан хазара найз маань тайлбарлаж байсан нь санаанд орно.)

Уг нь Цахим өртөөний нэрэмжит тэтгэлгээр хоёр л хазара оюутан шалгаруулах байсан авч бид Гуламыг нэмж гурав болгосон билээ. Сонгон шалгаруулалтын үеэр Гулам бол их дээд сургууль төгсөөгүй ч бичгийн өндөр чадвартай, хазараги, англи, перс зэрэг хэд хэдэн хэл мэддэг, хорьхон настай, түүх сонирхдог, маш ухаалаг залуу болох нь тодорхой байв. Дундад зууны үеийн монголын түүхийн ихэнхи сурвалж бичиг нь перс хэл дээр байдаг боловч манай түүхчид перс хэлгүй тул энэ хэл дээрх сурвалж бичгийг судалж чадалгүй өдий хүрсэн нь харамсалтай. Тэртусмаа хазарачууд хэн болох, Монголчууд бидэнтэй ямар холбоотой болохыг түүхч, хэл шинжлэлийнхэн маань сайн судлах шаардлагатай бөгөөд наанадаж Афганистанд Монголоос хэл шинжлэл, түүх судлалын дадлагын оюутан, шинжилгээний баг илгээх шаардлагатай байгаа юм. Одоогоор перс хэл судалдаг хоёрхон хүн олж тогтоосон нь Цахим өртөө холбооны гишүүн, Оксфордын их сургуульд түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан Д.Баярсайхан эгч, ЭМОС клубын гишүүн, түүхийн ухаанаар Киотогийн их сургуульд суралцаж буй Л.Мандухай анд нар юм. Ингээд урд орой нь нисэх буудлаас хот руу явахдаа Гуламд өөрийн зүгээс нэгэн даалгавар өгсөн нь хазара ард түмэн болоод монголчуудын түүхэн харилцаа холбоо, эх сурвалжын тухай судалгаа хийж 5 жилийн дараа монгол хэлээ сайн сурч, түүхийн судалгаанд гаршсан үедээ түүхийн ном бичих явдал. Тэрээр ч энэ номыг дуртайяа бичих болно гэж амалсан билээ. Ямартаа ч Монголын үр сад хэмээн цоллуулж - цовдлуулж ирсэн тэд маань энэ л зовлонт тавилангийн учир монголчууд бидний ахан дүү болох нь үнэн. Гэхдээ хазарачууд үнэхээр монгол угсаатай юу үгүй юу, монголчууд бидэнтэй чухам ямар хамааралтай вэ гэдгийг бид шинжлэх ухааны үндэстэйгээр олж мэдэж, монголын түүхийн судлагдаагүй нэгэн цоорхойг нөхөх ёстой нь зүйн хэрэг.

Сүхбаатарын талбайн хойморт суух Их хааныхаа хөшөөний өмнө хазара дүү нар маань нүүрэндээ үл мэдэг гэнэн инээд тодруулаад зураг татуулж байлаа. Төрийн ордныхоо өмнө биднийг ивгээн харж, хаан хүний ёсоор ихэмсэг заларсан Эзэн богд Чингис хааны хөшөөг харах бүрийд өөрийн эрхгүй бахархан хайрлаж, олон зууныг дамжсан цуу алдарыг нь шүтэн бишэрч, тэр дороо эрч хүч авах мэт болдог боловч, харин өнөөдөр их Чингис хаан Таны олон зуун дамжсан их үйл хэргээс болж ямар олон монгол үндэстэн ястан, ямар олон хазарачууд, ямар олон буриадууд, ямар олон халимагууд зовж шаналсан бол хэмээн бодогдоход цээж давчдаж, өөрийн эрхгүй гүн гуниг төрүүлмүй.

(PS: Оюутны тэтгэлгийн санд одоо хэр нь та бүхний туслалцаа хэрэгтэй байгаа тул та бүхэн бололцоогоороо бидний энэ үйлсийг дэмжиж хандив өргөөрэй)

Related links in English

- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- The Tsahim Urtuu Scholarship Winners
- Donation Drive
Холбоотой мэдээллүүд

- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол
- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)
- Хандивлагчдын нэрс
- Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо
- Ё.Отгонбаяр сайдад баярлалаа
- Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!

17 comments:

Byambakhuu Darinchuluun said...

hazara oyutanudiig mongold ochison boluu geed l medeelel haij baisan chini, medee unshaad boon bayar.

Оогий said...

өглөө заншсан ёсоороо мэйлээ шалгаад хамгийн эхний мэйл нь блогспотоор ирсэн Хазарачуудын мэдээ байлаа. Уншаад их баяртай байлаа шүү. Хазара оюутнууд Монголд ирсэн нь үнэхээр сайхан ажил байнааа. Баяр хүргэе

XChuluun said...

Баяр хүргэе. сайхан санагдаж байнаа. Угсаа нэгт ахан дүүс маань эх нутагтаа ирсэн нь

Galzuudleo said...

маш их сэтгэл хөдөллөө сайхан ажил зохион байшуулж их зүйлийг амжуулжээ байр хүргье тэдэнд бас амжилт хүсье

Cаарал said...

за тэгээд монголынхоо саарыг нь бас сайн хэлж ойлгуулж байхгүй бол хармаа цүнхээ суйлуулаад хамаг үнэ цэнэтэй эдээ хулгайд алдах бий, хүн амьтанд дээрэлхүүлээд, зодуулж цохиулах вий, эн тал дээр сайн анхаараарай!

serdaram said...

Sainaa chi sain ajillasan shyy! Yamarch baisan manaihan avaad irlee. Afgandaa iim baisan, tiim baisan gesen utgaar yl oishooj handalgyi Gertee irsen zochinoo saihan setgegdelteigeer ni ydej gargaj ogdog shig Sain zaluuchuud bolgood butsaah heregtei! Bygdeeree ene pioneruudaa tal talaas ni demjih baihaa

Chimgee Mongol said...

enethegt saatsan gej unshaad sanaa joohon zovj baisan ch odoo Mongold ochood, hicheeldee yavaad ehelsniig sonsood setgel ongoiloo. Kite Runner nomoor n hiisen jujig unuudur manai surguuli deer tavisan, jujgiig n uzehees omno nomiig n unshiya geed ene 2 honog Kite Runner-eer amisgallaa. undes negt ahan duus maani yamar aimar muuhai doromjlogdoj hun bish met deerelhuulj amidardag yum be gedgiig ene nomnoos oilgoloo. yamartaa ch tanii bolood busdiin ehluulsen ene ariun uils ulam hureegee telj, at last Hazarachuud zarts shig bish hun shig amidrah bolomj joohon ch gesen neegdeh biz gej naidnam, Inshallah.

Byambatsogt said...

Congratulations !!!

A.Амарсайхан said...

Сайхан ажил хийж байгаа шүү. Баяр хүргэе

Anonymous said...

Сайхан ажил бүтээжээ. Сайнаадаа баяр хүргэе. Ирсэн гуравтаа ч баяр хүргэе. Ард түмэндээ хэрэгтэй хүмүүс болцгоогоорой, ихийг бүтээгээрэй.

m said...

Ter gurvan oyutnuudiin umnuus mash ih dogdloj, bayarlaj bna. Minii bodloor mash TOM uiliin ehlel ene bolloo. Bayar hurgii.

Д.Энхболд said...

Эрхэм мэргэн дүүгийн түмэн амгаланг эрж мэндэлмүү. Ирээдүй хойчийг бодсон гэгээн мөртэй ажил үйлс тань бүтэмжтэй байгаад сэтгэлийн гүнээс баярлан талархлаа. Бидэнд бусдыг гэсэн халуун сэтгэл хэнээс ч дутахгүй байгааг харуулсан сайхан үйлс боллоо. Чухлаас чухал нь эрдмийн мөр хойшлох тусмаа үнэ цэн нь нэмэгдэж халуун илч нь зузаарч хурах бөлгөө. Аливаа хүнд эрдмийг хүртээх нь атга чимх будаа гурил өгөхтэй хэрхэн дүйх билээ. Энэ утгаараа гүн зузаан буян хураах үйл бүтээжээ. Нөгөөтэйгүүр манайхаас баруун зүгт байх ард түмнүүд бидэнтэй холбоо харилцаа тасраад удсан бөгөөд өнөөгийн хүн зон нь монголчууд гэж нэг л их буйд мангар улс байдаг гэсэн ойлголт түгээмэл болсон нь нууц биш. Энэ ойлголтыг эвдэж дөрвөлжөөр нь өөдрөг үзлийн их гал өрдөн түгээж байгаа нь чухам манай өнөөгийн залуусын боловсрол, холч харааг илтгэн харуулсан туг адил үйл хэрэг боллоо. Ах нь эндээс чин сэтгэлээс баяр хүргэж байгааг хүлээн авна уу.

Эрхэм мэргэн дүү Д.Сайнбаяр лугаа хүндэтгэн ёсолсон Д.Энхболд үнэн.

Byambakhuu Darinchuluun said...

sainbayart,

youtube deer Hazara oyutanuudiin mongolchuudad handaj helsen mendchilgeeg olloo.

bi facebook deeree share hiisen .
Chi blogtoo update hiivel yamar ve ?
http://www.youtube.com/watch?v=biTlovfK348&feature=related

Bas asuuh asuult baina ?
Delkhiin mongol ail tsuvral, hezee dvd bolj zaragdah be , iluu delgerengui medeelel avah gesen yum.

Л. Мандхай said...

Юуны өмнө Сайнбаяр ах болон Цахим Өртөөний хамт олонд Хазара 3 оюутанг Монгол нутагт газардуулах түүхэн арга хэмжээг сэдэн санаачилж, олон бэрхшээл саадыг даван туулан зоригтойгоор хэрэгжүүлж байгаа явдалд баяр хүргэж, өөрийн зүгээс үнэхээр баярлаж байгаагаа илэрхийлэхийг хүснэм. Мөн NTV-ийн нэвтрүүлгийг хэдийгээр үзэж амжаагүй ч (бичлэг нь хэн нэгэнд байгаа гэдэгт итгэж байна) Дэлхийн Монголчуудыг дэлгэцнээ дахин амилуулж, Монгол угсаа болон үндэстэн гэдэг ойлголтыг өнөөгийн Монгол Улсын хилийн заагаар хязгаарлах ёсгүйг дахин мэдрүүлж өгсөн гэдэгт найдаж байна.

Уг цуврал нэвтрүүлэг болон энэ удаагийн оюутны тэтгэлэгт сургалт маань бидний өвөг дээдсийн түүх, тэр дундаа 1206 оноос улбаалах Их Монгол Улсын түүхийг зөвхөн өнгөрсөн бөгөөд тэр утгаараа алдагдсан цаг хугацааны хэлхээс гэсэн хийсвэр бөгөөд домогийн шинжтэй ойлголтоос чөлөөлж, өнгөрсөн түүхийг өнөөдөрт амилуулсан тэмдэглэлт үйл явдал хэмээн ойлгож байна. Хэдийгээр өнөөдөр бид Чингисийн Монгол гэж тодотгол зүүж, идээний дээдээс иргэний тээврийн буудал хүртэл уг тодотголыг онцолж байгаа ч, үнэндээ эртний “Чингис” ба өнөөгийн “Монгол”ын хооронд цаг хугацаа ба орон зайн хувьд асар их ялгаа бий билээ. Чингисийн Монгол бол Дэлхийн Монгол байсан бөгөөд уг тодотгол зөвхөн бидэнд ноогдох тусгай эрх биш гэдэг ойлгомжтой буй заа. Мөн хэдийгээр найман зууныг ардаа илээсэн ч өнөөдрийн Монголчууд бидэнд, дахин дэлхийд харцаа чиглүүлсэн Монгол улсыг бүтээлцэх эрх чөлөө ба боломж нээлттэй болсон билээ. Иймээс ч уг арга хэмжээ маань зөвхөн аялал амралтын зорилгоор бус оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж байгаа хэмээн ойлгож байна. Мөн түүнээс гадна уг арга хэмжээг олон нийтэд сурталчилаж таниулснаар, “Монголын эрин” хэмээн түүхэн судалгаанд нэрлэгддэг 13, 14-р зууны түүхийг судалж мэдэх, гүнзгий нэвтрэх хүсэл эрмэлзлийг төрүүлж, мөн түүний ач холбогдлыг ч таниулж буй хэмээн догдолж байна.

Мөн уг сэдвээр суралцаж буйн хувьд бяцхан санал оруулах нь гэвэл, 13, 14-р зууны Их Монгол Улсын түүхийг судална гэдэг маань хамрах газар зүйн хүрээний хувьд евроазийг тэр чигээр нь багтаадаг тул тулгуур түүхэн материал маань Перс, Араб, Хятад, Монгол, Латин, дундад зууны Түрк хэл болон бусад хэлийг ашигласан байдаг бөгөөд, энэ дундаас хамгийн чухал нь Монгол хэлнээс гадна Перс болон Хятад хэл билээ. Хэдийгээр Хазарчууд маань тухайн газар нутгийн аялгаар Перс хэлийг ярьдаг ч (угаас Афганистан болон Ираны аялга ондоо), уг завшааныг ашиглан Перс хэлийг МУИС-н Түүхийн анги болон холбогдох тэнхимд заалгуулаасай гэж бодлоо. Перс хэл дээр бичигдсэн хамгийн чухал түүхэн бичлэг болох Рашид-ад-Дин-ий “Судрын Чуулган” 2002 онд 3 ботиор Орос хэлнээс Монгол хэлнээ орчуулагдан гарсан ч (орч. Ц. Сүрэнхорлоо), 1310/11 оны үед бичигдэж дууссан гэгдэх Монголчуудын гарал угсаа, газар зүйн байрлал, улс төрийн түүх болон нийгмийн хэв шинж төдийгүй Лалын эзэнт улсууд болон Энэтхэгчүүд, Жүүдүүд, Франкчууд, Хятад, Түрэгүүдийн түүхийг хамарсан дэлхийн анхны нэгдсэн түүхийн бичлэг болсон уг сударыг Перс хэлнээс Монгол хэлнээ хөврүүлэх зайлшгүй шаардлагатай билээ. Мөн сонирхуулж хэлэхэд уг сурвалжийн хуулбар одоогийн Истанбул, Тэхран, Парис, Лондон, Санкт-Петербург, Виенна, Ташкент-д хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийн хуулбарыг Монголд мөн цуглуулах ажил ч нэн чухал нь ойлгомжтой буйзаа.

Ингээд Гулам, Захра, Мэгдад гуравтаа амжилт хүсээд уртдуухан захиагаа өндөрлөж байна.

Хүндэтгэсэн,
Л. Мандхай
Kyoto University, Faculty of Letters
Department of History of Eastern Asia

Anonymous said...

We thank all members of Tsahim Urtuu Holboo NGO for taking the initiative to start building a greater understanding and connection between the Hazara Mongols and the Mongols of Mongolia. This is the start of a blessed unity which will demolish centuries of seperation that kept a people apart.

Long Live Mongol!

Baatur Hazara

mongolyum said...

goy bichleg bna.amjilt husie

Ц.Дөлгөөн said...

Welcome to Mongolia! Yamar saihan uil yavdal boloo ve.
Hazara zaluus maan manai surguulid irsen yum bn.
Uulzaj, yadaj mongol hel surahad n ch bolov tuslah yumsan