“Цахим Өртөө Холбоо” ТББ, “Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ хамтран Монгол орны байгалийн болон хүний гараар бүтээсэн тус бүр Долоон Гайхамшигийг бүх ард түмний санал асуулгаар тодруулах гэж байна. Тус төслийн утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, оюутан залуусын дунд зарлаж байна.
Төслийн гол зорилго нь Монгол орны өвөрмөц гайхам байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт БАЙГАЛИЙН ДОЛООН гайхамшигт газар нутаг, Монгол дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх соёлын гайхамшигт ХҮНИЙ БҮТЭЭСЭН ДОЛООН барилга байгууламж, гар урлалын бүтээлүүдийг тус тус шалгаруулан, дэлхий нийтэд албан ёсоор зарлан тунхаглах, тэдний үүх түүхийг судлан олон нийтэд таниулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалах зорилготой.
Уралдаанд ирэх бүтээлүүдэд тавигдах шаардлага:
- Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын програм дээр хийгдсэн байна.
- Лого нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ имэйлээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. Имэйлээр илгээх тохиолдолд хамгийн том нь 300 kb байх бөгөөд зөвхөн gif, jpeg форматтай бүтээлүүдийг хүлээн авна.
- Лого нь Монголын Долоон Гайхамшиг хэмээн заавал бичигдсэн байх ёстой бөгөөд Seven Wonders of Mongolia хэмээн англиар бичигдсэн хувилбар байна. Мөн монгол бичгийн эвхсэн, таталгасан зэрэг хэлбэрүүдийг оролцуулж болно. Лого нь дээрх текстээс гадна зураг, график оролцуулж болно.
- Логоны дизайн нь хар, цагаан, улаан дээр болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдох бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно. Лого нь Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
- Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад логоноос хуулсан, санаа авсан бүтээлүүдийг хүлээн авахгүй.
- Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагуудын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь дээрх хоёр байгууллагын өмч болж, оюуны өмчийн патентаар хамгаалагдана.
- Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайнаар оролцох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.
- Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2008 оны 6 дугаар сарын 28 хүртэл хүлээн авах бөгөөд нэг бүтээлийг шалгаруулан 500 ам. долларын урамшуулал олгоно.
- Бүтээлээ logo@7wondersofmongolia.com гэсэн хаягаар явуулах буюу Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын 427 тоотод ажлын цагуудаар биеэр авчирч өгч болно.
Монголын Долоон Гайхамшиг зохион байгуулах зөвлөл
“Цахим Өртөө Холбоо” ТББ
“Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ
“МОНГОЛЫН ДОЛООН ГАЙХАМШИГ” ТӨСӨЛ
2008 оны 5 дугаар сарын 28–ны өдөр Дугаар... Улаанбаатар хот
Төслийн гол зорилго нь Монгол орны өвөрмөц гайхам байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт БАЙГАЛИЙН ДОЛООН гайхамшигт газар нутаг, Монгол дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх соёлын гайхамшигт ХҮНИЙ БҮТЭЭСЭН ДОЛООН барилга байгууламж, гар урлалын бүтээлүүдийг тус тус шалгаруулан, дэлхий нийтэд албан ёсоор зарлан тунхаглах, тэдний үүх түүхийг судлан олон нийтэд таниулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалахад оршино.
Төсөл гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд www.7wondersofmongolia.com; www.7wondersofmongolia.mn; www.7wonders.mn гэсэн вэб сайтуудаар дээрх хоёр категороор олон нийтээс нэр дэвшүүлэх юм. Ирсэн саналуудыг нэгтгэн түүхч, археологич, аялал жуулчлалын эксперт, шашны зүтгэлтэн зэрэг эрдэмтэн мэргэдээс бүрдсэн тусгай комисс газар усны нэр болон бүтээлүүдээс тус бүр 21-ийг сонгож авна. Эцсийн шатанд онлайн, мэдээллийн хэрэгслүүд болон гар утас, саналын хуудас зэрэг санал цуглуулах бүх хэрэгслүүдээр бүх нийтийн санал асуулга явуулна. Ингээд хамгийн их санал авсан тус бүр долоон газар ус, бүтээлийг орон даяар болон дэлхий нийтэд зарлан тунхаглах болно.
Энэхүү төсөл нь зөвхөн эдгээр гайхам сонин байгал газар нутаг, хосгүй нандин бүтээлүүдийг нэрлээд зогсохгүй, хайрлан хамгаалж, сэргээн засварлах, дэлхийн улс орнуудад эх орноо сурталчлах, Монголын шинэ үед эх орон, түүх дурсгал, өв соёлоо хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.Энэхүү төсөлд хамтран ажиллах байгууллага, хамт олныг урьж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн зөвлөлүүд, байгаль орчныг хамгаалах төсөл, төрийн бус байгууллагууд болон аялал жуулчлалын байгууллагууд, компаниуд энэ төслийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Төслийн үргэлжлэх хугацаа, хоёрдугаар шатны комиссын гишүүд болон эцсийн долоон гайхамшигуудыг нэрлэх хугацааг жич зарлах болно. Мөн Монголын Долоон Гайхамшиг төслийн утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх логоны уралдааныг зарлаж байгаа бөгөөд түрүүлсэн бүтээлд 500 ам.долларын мөнгөн шагнал олгоно.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЛҮҮДЦахим Өртөө Холбооны товч танилцуулга
Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм.Эрхэм зорилго: Монголын иргэд төрөлх эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг хамгийн зөв, оновчтой хувилбараар бүрдүүлэхэд тал бүрийн боломжоо ашиглан манлайлан оролцоход оршино.
Холбооны үйл ажиллагаа Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээг түшиглэн явагддаг бөгөөд өөрийн дүрмийн дагуу Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Холбооны Гүйцэтгэх Алба, тив улс орнууд дахь монголчуудын төлөөлөл, мэргэжлийн хэсгүүд гэсэн бүтэцтэйгээр ажилладаг.Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу-49,
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Утас/Факс: 976-11-312920
Вэб хаяг: www.tsahimurtuu.mn
И-мэйл хаяг: holboo@tsahimurtuu.mn
Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллагын товч танилцуулга
Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага (ҮАЖБ) нь Монгол улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр сурталчлах, зорих газрын менежмент хийх, жуулчдыг уриалан дуудсан эерэг имиж бүрдүүлэх зорилгоор 2007 оны 6-р сарын 26-нд байгуулагдсан.
ҮАЖБ нь зах зээлийн голлох орнууд болох Япон, АНУ, ХБНГУ, Франц болон Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант улсад илүү анхааран ажиллахаар төлөвлөж байна. Аялал жуулчлалын салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог түлхүү болгох нь ҮАЖБ-ын үйл ажиллагааны үндсэн зорилгуудын нэг билээ.
ҮАЖБ-ын үүсгэн байгуулагчид нь 11 төрийн бус байгууллага, 7 хувийн компани болон 3 иргэдээс бүрдэж байна. Өнөөгийн байдлаар ҮАЖБ нь 30 гаруй гишүүнтэй болсон.
Шуудангийн хаяг: ш/х- 331, Улаанбаатар – 46а, Монгол
Утас/Факс: 976-11-350441
Вэб хаяг: www.mnto.org
И-мэйл хаяг: info@mnto.org
2 comments:
Энэ төсөл чинь харин сайхан санаа байх чинь.. Монголыг маань дэлхий дахинд өөр өнцгөөс харах боломж олгож байгаа хэрэг гэж ойлголж байна.
Гэхдээ бүтээлийн хувьд хамгийн түрүүнд бидний бахархал болсон 9н хөлт цагаан тугаа 7 гайхамшигтаа оруулбал зүгээр юм болов уу гэж бодлоо. Одоо баригдаж байгаа байшин барилгаас илүү юм болов уу л гэж
Их зүгээр сайхан төсөл санаачилсанд талархаж байна. Улмаар цаашид шалгарсан 7 гайхамшигаа дэлхий нийтэд зарлана гэдэг чинь дэлхий дахинд эх орноо сурталчлах бас монголд ирэх жуулчдын ч тоог нэмэгдүүлэхэд дөхөм болох юм шиг санагдлаа. Одоо сүйтгэгдэж дуусч байгаа сайхан сайхан байгалиа аварч үлдэхийн тулд гайхамшигтаа оуулбал зүгээр ч юмуу.
Post a Comment