Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий
Мягмар, 10/26/2004 - Даваабатын Сайнбаяр, Чикаго
Монголын хүн ам 2004 оны эхний байдлаар 2 сая 504 мянга болсон. Эдний 40% нь 18 аас доош насны хүүхэд залуучууд. Харин насанд хүрсэн иргэдийн 7-8% нь гадаадад суурьшиж байна. Энэ бүлэг хүмүүс Монголын шинжлэх ухаан, боловсрол, эдийн засаг гээд олон чухал салбарт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдагийг монгол хүн бүр хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж байдаг гадаадад суугаа бидний монголчууд Монгол улсын улс төрийн сонгуульд оролцох эрхтэй юу?
Мэдээжийн хэрэг. Энэ бол үндсэн хуулиар олгогдсон хамгийн том улс төрийн, иргэний эрх маань. Харин энэ эрхийг манай улс төрийн тогтолцоо, сонгуулийн тухай хууль хангасан уу гэвэл үгүй. Сонин хэвлэлээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр ч төсөл хэлэлцэгдэж буй тухай сүүлийн үед мэдээлсэн боловч улс төрийн хүчнүүд гадаадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн тухай ярьж, мэтгэлцэж буй тухай нэг үг ч сонсогдохгүй байна. Цаг хугацаа элэн улирахад хэрэгцээ дагаж нийлүүлэлт өсдөг зах зээлийн хууль билээ. Түүнтэй уялдаад энэ асуудлыг одооноос төлөвлөж шийдэх нь сонгогч бидний зайлшгүй шаардлага мөн гэдэгтэй та санал нийлэх vv?
Тэд бол ухаалаг сонгогчид
Гадаадад суурьшсан Монголчууд хөрөнгө мөнгө, амжиргааны хувьд Монголын дийлэнх хүн амаас илүү нь нууц биш. Явсан газар, үзсэн нийгмээ бас халаасны хэмжээгээ дагаж нүд ч нээгддэг биз. Байгаа улс орныхоо соёл, нийгмийн ололтыг илүү соргоор тусгаж байгаа, олон хувь нь их, дээд сургуульд суралцдаг, ихэнхи нь дунд болоод дээд боловсролтой, цаашилбал нарийн мэргэжил эзэмшиж, мастер докторын зэрэг хамгаалсан, монголын сэхээтний давхаргын төлөөлөгч олон хүн тэдэн дунд бий. Товчхондоо бол улс төрийн зөв сонголт хийж чадах боловсролтой, үндэстний хар массаас арай ангид давхаргийнхан гэж хэлж болно. Тэд бол үндэстний багагүй хувь, үндэстний баялаг, тэр утгаараа төрийн дээд эрх мэдлийг барьдаг парламэнтийн сонгуульд тэдний төлөөлөл байх нь чухал болов уу.
Гадаадад байгаа сонгогчдын саналын тоог багцаалах нь
Гадаадад байгаа нийт сонгогчдын тоог гаргах хэцүү, энэ талаар албан ёсоор гаргасан судалгаа баримт байхгүй байна. Ерөнхийлөгч Н.Багабанди өнгөрсөн 7 сард Сан Франциско хотод айлчилах үедээ АНУ-д багтаалсан тоогоор 9,500 монголчууд бий гэж хэлсэн. (Замдаан сэтгүүл Nо.20) Солонгост бол 30,000 орчим, Их Британид 6000, Германд 3000, Австралид тэд, Голландад тэд гээд сонин хэвлэл янз бүрээр л мэдээлдэг. Харин албан бус тоогоор 100,000 монгол иргэд гадаадад гарсан гэх баримт бий. Тэдний дийлэнхи нь 18 наснаас дээш буюу сонгуульд санал өгөх эрхтэй хүмүүс. Гадаадад буй энэ олон сонгогчийн тоо УИХ-ын сонгуульд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг гаргахын тулд өнгөрсөн сонгуулийн хэдэн тоо баримтыг түшье.
СЕХ-ны мэдээлснээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд 1 сая 280 мянга орчим хүн сонгогчийн нэрсийн жагсаалтанд орсноос 1 сая 52 мянган хүн буюу 82.2 хувь нь сонгуульд оролцсон байна. УИХ-н сонгуульд ялж сонгогдсон 74 гишүүдийн сонгогчдоос авсан дундаж саналын тоо 7646 байна. Хамгийн олон сонгогчтой Хөвсгөл аймаг гэхэд сонгуулийн 4 тойрогтой, 69,5 мянган хүний нэрсийн жагсаалттай, түүнээс 56.8 мянган хүн санал өгчээ. Хамгийн цөөхөн сонгогчтой буюу 27.1 мянган сонголч бүртгүүлсэн Ємнөгoвь аймагт гэхэд сонгуулийн 2 тойрог ногддог. Төв аймгийн 36-р тойрогт гэхэд 4000 хүрэхгүй саналтай нэр дэвшигч УИХ-ийн гишүүн болсон байх жишээтэй. Тэгвэл монголд буй нийт сонгогчдын 8-10% тэнцэх сонгогчид буюу нэг Хөвсгөл, нэг Ємнөгөвь аймгийн нийт сонгогч иргэд харийн оронд сонгох эрхгүй сууж байна. Энэ хүмүүс дангаараа 6-аас доошгүй тооны УИХ-н гишүүн сонгох бололцоотой гэж хар ухаанаар тооцож болох бөгөөд Монгол дахь оршин суух харъяаллаараа бол түүнээс хавьгүй олон тойргийн сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөх чадвартай. Мэдээж гадаадад байгаа дийлэнх хүмүүс сонгуульд оролцох магадлал одоогоор бага гэж тааварлаж болох ч хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гадаад оронд сонгуульд оролцох бололцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал үр дүн маш эерэгээр гарах учиртай. Монгол улсын нийт сонгогчдын 80 гаран хувь сонгуульд оролцдогоороо дэлхийд дээгүүр ордогийг энд бас мартаж болохгүй. Нөгөөтэйгүүр өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хүнийхээ боломж, потэнциалыг нэмэхийн төлөө, үр хүүхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгүй хүний газар аз мэдэн нүүдэллэж яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард түмний өмнө төрийн хүлээсэн үүрэг нь билээ.
Гадны туршлага
Гадаадад буй иргэдийнхээ саналыг улс төрийн сонгуульд тооцдог энэ практик аль бур 1918 оноос хойш Их Британи, Герман, Финланд, Белгид, 1970 аад оноос хойш АНУ, Канад, Испани гээд бусад дэлхийн олон улс оронд хэрэгжиж эхэлсэн байна. 1990 ээд оноос хойш Швэд, Щвэйцарь, Итали, Норвэги болон бусад орнууд энэ сонгуулийн хувилбарыг сонгосон. Унгар, Словак гээд дэлхийн олон оронд энэ сонголтыг хийх шатандаа байна. АНУ-ын жишээг татая. Энэ оронд 1975 онд анх Гадаадад буй Иргэдийн Сонгуульд санал өгөх эрхийн тухай хууль батлагдсан байна. Єнөөдөр Иракт байлдаж буй Америк цэргүүд 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа шуудангаар явуулж байна. (Fedex бас хямдралтай үйлчилж буй) Монголд байгаа Америк иргэдийн ихэнхи нь шуудангаар, Калифорни мэтийн мужийн харьяат иргэдийн зарим нь факсаар саналаа явуулж байна. Дэлхийн 64 орноос үнэгүй ярьж сонгуулийн талаар мэдээлэл авч болох үнэгүй утасны дугаартай, муж тойрог болгон сонгуультай холбоотой мэдээ баримтыг вэб хуудсандаа тавьжээ. Санал тооллогод сонгогчийн гарийн үсэг, хаяг, нийгмийн хамгааллын дугаарыг шалгаж үнэн зөвийг тогтоосны дүнд саналын хуудсыг хүчинтэйд тооцно.
Санал хураалтыг яаж явуулах вэ?
Одоогийн сонгуулийн хуулийн нэгдүгээр бүлгийн хоёрт санал авах өдөр эх орондоо байгаа иргэн санал өгнө гэж заасан байгаа. Хэрэв сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орвол харь оронд байгаа ч байнгын хаяг харьяалал нь монголд хэвээрээ гадаадад суугаа монголчууд өөр өөрийн тойргийн нэр дэвшигчийн төлөө тухайн улсад байгаа манай Элчин сайдын яам, Консулын газарт биеэр болон шуудангаар саналаа илгээж болох хувилбар байна. Монгол улс 24 оронд ЭСЯ, 4 газар Консулын газартай. Тэгвэл Вашингтон, Лондон, Токио, Сөүл, Москва, Берлин, Оттава, Парис, Эрхүү гээд ЭСЯ, Консулын газар байрлаж буй том хотуудад төвлөрсөн олон мянган монголчууд биеэр ирж саналаа өгөх бололцоотой болно. Шуудангаар санал явуулах тохиолдолд сонгууль болохоос тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа өгөх хүмүүс Монгол дахь СЕХ-ноос тусгай анкет бөглөн саналын хуудас хүсэмжилж, өөрийн байгаа орны шуудангийн хаягаар саналын хуудсаа хүлээн авч улмаар Монголд болох сонгуулийн өдрөөс тодорхой хугацааны өмнө шуудангаар саналаа илгээж болно.
Сонгуулийн булхай
Сонгуулийн булхай Амэрикад ч гардаг Монголд ч гардаг нь тодорхой. Гэхдээ хөдөө сумаар сонгуулийн хайрцаг бариад санал хурааж яваа сонгуулийн хэсгийнхэнд найдаж болсон юм чинь төрийн сүлдний өмнө тангарагаа өргөөд гадаад оронд Монголоо төлөөлж буй Элчин сайд, Консулийн эрхэмүүдэд энэ ажлийг даалгаж, Ерөнхийлөгчийн оролцоотойгоор сонгуульд өрсөлдөж буй намын төлөөний хүмүүс сонгууль шударга явагдах нөхцөлийг харилцан хянаж, гадны ажиглагчийг байлцуулаад саналаа хураахад болохгүй зүйл байхгүй. Мөн сонгуулийн ажлыг шударга бусаар удирдан явуулсан, сонгогчид шан харамж амлаж, элдэв хууль бусаар нөлөөлөх явдалын явдлаас сэргийлж эрүүгийн чанга хууль дүрмийг боловсруулах нь зайлшгүй. Энэ дашрамд хэлэхэд, эдийн засгийн хувьд гадаадад байгаа гэхээсээ монголд байгаа сонгогчид мөнгө болон амлалтад хуурагдах магадлалтай.
Хувийн мэдээллийн нууцлал буюу "хараар" ажиллагсад
Мэдээж уншигч та хараар ажиллаж буй хүмүүс яах вэ гэж гайхан сэрдэж байж болох юм. Сонгогчийн визний хугацаа хэтэрсэн, тухайн улсын цагаачлалын хууль зөрчсөн г.м нөхцөл байдал бол Монгол улсын иргэний улс төрийн эрхийг хаана гэсэн үг биш. Хэрэв гадаадад буй сонгогчийн хувийн нууцлалыг хадгалах эрх зүйн орчинг сайн бүрдүүлж өгч чадвал энэ бол шийдэхэд хэцүү асуудал биш санагдана. Сонгогчийн визний статус, орон байршил, хувийн мэдээллийг засгийн газар, хувь хүн, байгууллага ашиглах, олонд нээлттэй болгохын эсрэг хууль тогтоомжийг батлан гаргаснаар энэ асуудал хуулиар зохицуулагдаж болно.
Төгсгөлийн vг
Та баян хүн байж болно. Та ядуурлын доод хэмжээнээс бага орлоготой дэлхийн нүдэнд "эмзэг" гэж харагдах Монголын хүн амын золгүй 40%-ийн нэг байж болно. Та Fortune 100–д жагсаагддаг пүүст ажилладаг байж болно. Та Итали гуанзанд аяга угаадаг байж болно. Та арлын орны их сумоч байж болно. Та төмрийн үйлдвэрт ган хайлуулдаг байж болно. Та Принстонд сурдаг ч байж болно. Бүр сая сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүн ч байж болно. Болохгүй, ялгахгүй байхын аргагүй. Тэгэхдээ бид иргэн хүнийхээ хувьд төрийн сүлдний өмнө ялгаагүй байх ёстой.
Тэр бол Танд сонгуульд өгөх нэг санал бий, Надад бас нэг санал бий …
Мягмар, 10/26/2004 - Даваабатын Сайнбаяр, Чикаго
Америкийн Монголчуудын Хамаг Монгол сонин
4 comments:
Элчин сайдын яамдад нэвт харагддаг тунгалаг пластмасс хайрцагт санал авч, харласан иргэдээ гадны шүүх хяналтын байгууллагад барьж өгөхгүй л бол гадаадад байгаа бүх монголчууд сонуугльд оролцож болно гэж бодож байна. болно
Elchin mongoliin huuli bus tsagaachdiig barivchlah talaar ajil yavuulmaar ium. Mongoliin irged US-d tur hugatsaagaar ochood butsah bolomj ulam l muu bolj baina.
harin tiimee, dayarmongoloos bas unshaad l baisan, ahiad ch neg unshchihlaa, hehe
odoo mgl-d baigaa yum chini burtgelees hotsrolgui ochood sanalaa ogoh yum baigaa biz dee. oodteihen ner devshigchid baina uu daa, tegeed
Post a Comment