1.19.2005

Цэцэн мэргэнд дурлахуй буюу "Агуйн тухай сургааль"

98-99 онд Аидахо мужын нэгэн дунд сургуульд солилцооны сурагч байхдаа Mонголын дунд сургуульд заадаггүй хичээлүүдээс сонгож, тэр дундаа Humanities хичээлд их дуртай суудаг байсансан. Мс.Андерсoний энэ хичээл ертөнцийн соёл урлаг, хүмүүнлэгийн ухаан, арвистай танилцахад их тус болж, олон зүйлд нүдийг минь нээсэн. Нэг өдөр Платоны Allegory of the Cave хэмээх энэ домгийг ярихад нь ихэд олзуурхав. Хэдэн жилийн дараа коллежид сурч байхдаа Film 101 буюу Кино урлагтай танилцах хичээлд сууваа. Art Institute of Chicago-гоос уригдсан багш семестерийн дунд үест энэ домгийг дахин ярихад нь эх хэлдээ буулгая байз хэмээн зориглосон билээ.

Монголд Платоны эх бүтээл хэр их орчуулагдсан байдгийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ Allegory of the Cave - ийг үгчилэн орчуулбал "Агуйн тухай ёгтлол" болох учиртай. Гэтэл багадаа уншиж өссөн Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн 3-р ботид Платоны бүтээлүүдээс дурдахдаа "Агуйн тухай сургааль" гэж нэг дурссан байдаг шиг санагдаад "Агуйн тухай сургааль" хэмээж гарчгийг нь орчуулсан. Мэдээж олон жилийн өмнө тэр нэвтэрхий тольд энэ нэршлийг уншсан тул зөв санасан эсэхдээ одоо болтол эргэлзэж байна.

2500 гаран жил болохдоо хуучираагүй зохиол юм чинь гээд 2004 онд Цахим өртөөний андууддаа шинэ жилээр зориулж бичсэн удиртгалтай нь хамт оруулчихая. Болгоон соёрхоно уу.

=================================================================

Хүн төрөлхтний соён гэгээрлийн ертөнцийн орон зайг суутнуудаар дутаахгүй гэсэндээ он цагийн гурван үеийг дамжуулж их гүн ухаантан Сократ, Платон, Аристотлийг Грекийн ард түмэн бидэнд бэлэглэжээ. “ХҮНИЙ МЭДЛЭГ бол цаасан дээр байх амьгүй эд бус харин агаарт хэлэгдэж тэр тусмаа хөгжиж дэвжиж байх ёстой АМЬД зүйл юм” хэмээж өөрийнхөө суут үгсийг цаасанд бичиж үлдээлгүй зөвхөн мэтгэлцээн, ном хаялцах, илтгэх аргаар шавь нартаа сургаж ирсэн их багш Сократыг шударгуу бус шүүхийн шийдлээр зуурдаар нас нөгчихөд шавь Платон ихэд гашуудсан гэдэг. Багшийнхаа ер бусийн үхэлд харууссан бас алдааг нь ухаарсан үнэнч шавь Платон нь өөрийнхөө алдарт бүтээлүүдийг диалоги маягаар бичиж, яриа мэтгэлцээндээ Сократ багшийгаа байнга оруулж ирсэн байна. Харин Баруун Европын хөгжлийн философийн тулгуурыг тавьсан Платоны өв бүтээлүүдийг уншсан хүн зохиол бүтээл дундаас аль нь Сократын үг, үзэл санаа болоод аль нь Платоны өөрийн үг вэ гэдгийг ялгаж салгаж үл чадсаар өдий хүрчээ.

Монгол туургатан гэж нэг овогтой, нэг сэтгэл зоригтой Цахим өртөөний андууддаа, мэдлэг гэгээрлийн оргил өөд зүтгэдэг залуу хүн бүрт Шинэ оны баярын мэнд хүргэх ялдамд МЭӨ 514-520 оны үест бичигдсэн Платоны хамгийн алдарт ёгтлолуудын нэг болох “Агуйн тухай сургааль”- г чадан ядан хөрвүүлснээ дэлгэн толилуулсу.

Д.Сайнбаяр 2004 оны 12 сарын 31

Агуйн тухай сургааль

(Сократ Глауконтой ярилцаж байна.)

[Сократ] – За одоо, хүмүүн бид хэр их боловсорч гэгээрсэн, хэр харанхуй бүдүүлэг болохуйг миний бие ёгтлон харуулсу. Та одоо хэсэг хүмүүс газар доорхи агуйд аж төрж, уг агуйн амаар гэрэл тусч байна хэмээн төсөөлөгтүн. Энэ агуйд тэр хүмүүс бага балчир наснаасаа хойш байсан бөгөөд хүзүү, гараа гинжлүүлсэн тул хөдлөх боломжгүй. Бас толгойг нь эргэж харах боломжгүйгээр гинжилсэн тул тэд зөвхөн урагш харах бололцоотой юм. Тэдний ар дээхнэ талд алсын зайд нэгэн гал дүрэлзэх ба хоригдлууд болон энэ галын дунд дээш өгссөн зам байна. Замыг дагуулж барьсан намхан хана байх нь хүүхэлдэйн театрын жүжигчид урьдаа тавиад дээгүүр нь хүүхэлдэйгээ гозолзуулж байдаг халхавчтай адил гэмээр.

[Глаукон] – За ойлголоо.

[Сократ] – Мөн тэр ханыг дагаад олон хүн гартаа мод, чулуу, олон янзын эдээр хийсэн хүн амьтны дүрс, хөшөө баримал тээж явах нь ханан дээгүүр харагдана. Тэр хүмүүсийн зарим нь ярьж хэлэлцэнэ, зарим нь чимээгүй байна.

[Глаукон] – Та надад маш этгээд сонин зүйл дүрслэн хэлэв. Тэр хоригдлууд ч мөн гайхмаар хачин юм аа.

[Сократ] – Яг л та бидний нэгэн адил тэд нэг биеийнхээ, эсвэл бие биеийнхээ сүүдрийг агуйн ханан дээрх галын тусгалд олж хардаг байна.

[Глаукон] – Yнэн шүү, хэрэв тэд толгойгоо хөдөлгөх боломжгүй бол сүүдрээс өөр юу олж харах билээ.

[Сократ] – Мөн бусад хүмүүсийн тээж буй зүйлсийн сүүдрийг л тэд олж харах бус уу?

[Глаукон] – Тийм ээ.

[Сократ] – Хэрэв тэд өөр хоорондоо ярилцах боломжтойг энд бодолцвоос тэд өөрсдийн нь урд үзэгдэж буй зүйлсийг нэрлэхдээ зөвхөн ТААМАГЛАЖ байдаг нь арга буюу?

[Глаукон] – Тийм ээ, тэр үнэн.

[Сократ] – Тэгээд цааш нь энэ шоронд дуу чимээ гарахуйд нэг ханаас нөгөөд ЦУУРАЙТДАГ хэмээн төсөөлвөөс хэн нэгэн ачаа тээш зөөгчийн хэлсэн зүйлийг хоригдлууд сонсохдоо өнгөрч яваа сүүдрээс гарч байна хэмээн төсөөлөх нь аргагүй бус уу?

[Глаукон] – Мэтгэлцэх аргагүй үнэн хэллээ.

[Сократ] – Тэдний хувьд YНЭН гэдэг бол юмс үзэгдлийн зөвхөн СҮҮДЭР л байхаас өөр юу ч биш юм.

[Глаукон] – Тэр бол тодорхой байна.

[Сократ] – За тэгээд цааш нь сонордсугай. Хэрэв хоригдлуудыг суллаж, алдаа төөрөгдлөөс нь ангижруулвал ямар үр дагавар гарахыг бодогтун. Эхлээд хоригдлуудын хэн нэгнийг чөлөөлж, хүчээр албадан хөл дээр нь босгоод, толгойг нь эргүүлэн гэрлийн зүг харуулж, гэрлийн зүг алхуулах болвол түүний нүд нь чилээж хурц гэрлийн гялбаанд туйлдаад урьд өмнө сүүдрийг нь үздэг байсан бодит зүйлсийн үнэн дүр төрхийг харах чадал мөхөсдөнө. Тэгээд хэн нэгэн хүн түүнд түүний урьд харж байсан зүйлс бол хоосон хуурмаг харин одоо тэр үнэн бодит амьдрал гэж юу болохыг ойртон үзэж, өөрийн нүдээр ЖИНХЭНЭ ҮНЭНИЙ ОРШЛЫГ харах тусам түүний хараа саруул болно гэж хэлвэл - тэр хүн хариуд нь юу хэмээхсэн бол? Мөн түүнд зааварлагч нь замд дайралдах зүйлс рүү гар зангаж тэднийг нэрлэхийг шаардвал тэр хүн будилж самуурахгүй гэж үү? Одоо түүнд үзүүлж буй юмс үзэгдлээс түүний урьд харж дассан сүүдрүүд илүү үнэн бодитой мэт түүнд санагдах бус уу?

[Глаукон] – Хавьгүй үнэн санагдана.

[Сократ] – Хэрэв түүнийг гэрлийн өөд эгцлэн харуулваас түүний нүд өвдөж, өвдсөндөө болоод өөрийнхөө харж чаддаг зүйлс буюу одоо түүнд үзүүлж буй зүйлсээс илүү өөрт үнэн бодитой санагдах сүүдрийн зүг харах нь зүй бус уу?

[Глаукон] – Тэр үнэн.

[Сократ] – Мөн цааш нь бодоод үз. Түүнийг хүчээр эгц босоо өндөрлөгт чирж авчраад хурц гэрлээр шарах наран авхайн өмнө барьж зогсоовол тэр хүн өвдөн шаналж, хилэгнэн уурсахгүй гэж үү? Гэрэл рүү ойртох тусам түүний нүд нь гялбаж одоо бодит үнэн гэж буй юмс үзэгдлийн алийг ч харж үл чадна.

[Глаукон] – Бүгдийг нэг агшинд, тэр дор нь харж чадахгүй биз ээ.

[Сократ] - Тэрбээр гадаад ертөнцийн юмс үзэгдэлд дасан зохицож сурах хэрэгтэй болно. Эхлээд тэр сүүдрийг хамгийн сайн харах бөгөөд дараа нь хүн болоод бусад зүйлсийн тусгалыг усанд харж, дараа нь юмс үзэгдлийг жинхэнэ бодитоор нь харна. Удаалж тэр саран, одод, гялалзах тэнгэрийн гэгээг үзнэ. Төдөлгүй тэр шөнийн цагт одод тэнгэрийг өдрийн гэрэлд нар, нарны гэрлийг харахаас илүү сайн харах болно.

[Глаукон] – Эргэлзэх зүйлгүй.

[Сократ] - Хамгийн эцэст тэр НАРЫГ харж чадна. Нарны тусгалыг усанд биш, өөр хаана ч биш харин ЗОХИХ ГАЗАРТ нь харж, нарыг байгаа байгаагаар нь ажиглах болно.

[Глаукон] – Эргэлзээгүй үнэн.

[Сократ] - Дараа нь тэр НАР л улирал болоод он цагийг зохицуулж, ертөнцийн үзэгдэж харагдах бүхий л зүйлсийг тэтгэн ивээгч бөгөөд нэг талаасаа түүний болон түүний нөхдийн харж дассан зүйлсийг бий болгогч, үндэс шалтгаан нь мөн болохыг таньж, учирлан бясалгах болно.

[Глаукон] – Илэрхий байна. Тэр эхлээд нарыг харж дараа нь түүний тухай бодож бясалгана.

[Сократ] - Тэгээд тэр хуучин ахуй амьдрал, агуй болоод хоригдлуудын шинж байдлыг эргэн санахдаа өөрөө ийнхүү гэгээрч боловсорсонд баярлан хөөрч, бусдыгаа өрөвдөнө хэмээн та бодохгүй байна уу?

[Глаукон] – Эргэлзэх зүйлгүй ээ, тэр баярлах л ёстой.

[Сократ] - Тэгвэл хоригдлууд өнгөрч яваа сүүдрүүдийг ажаад аль нь түрүүлж явсан, аль нь хойно нь явсан, аль нь хамтдаа явсныг бусдаасаа хамгийн түргэн анзааран харж, улмаар ирээдүйд юу болохыг ЗӨГНӨЖ чаддагаараа өрсөлдөн, түрүүлсэн нэгнээ хүндэтгэн үздэг заншилтай байв хэмээн сэтгэвэл тэр гэгээрсэн хүн уралдаанд ялсан хүмүүст атаархаж, тэдний НЭР ХҮНД болоод бусдын БАХДАЛ САЙШААЛЫГ тоон үзнэ гэж та бодож байна уу? Тэдний арга ухаанаар амьдарч, тэдэн шиг бодож сэтгэхээс бусдыг тэвчин өнгөрөөж, Гомэрийн сургаснаар “Ядуу эзний ядуу боол байсан нь дээр” гэж тэр гэгээрсэн хүмүүн бодох бус уу?

[Глаукон] – Тийм ээ, ийм харалган явдлыг хүлээн зөвшөөрч, ийм өрөвдмөөр арга ухаанаар амьдарснаас өөрөөр яаж ч зовж шаналахыг тэр илүүд үзнэ хэмээн би мунхагланам.

[Сократ] - Та цааш нь төсөөлж бодно уу. Хэрэв тэр нарны гэрлээс өөрийнхөө хуучин нөхцөлд буцаж ирвэл түүний нүд даруй харанхуйгаар бүрхүүлэх бус уу.

[Глаукон] – Тиймээ, тэгэх нь гарцаагүй.

[Сократ] - Хэрвээ тэр агуйнаас гарч үзээгүй бусад хоригдлуудтай хамт өнөөх СҮҮДЭР ХЭМЖИЖ УРАЛДАХ ТЭМЦЭЭНД өрсөлдвөл хараа нь сул дорой хэвээр, нүд нь харанхуйд дасаж амжааагүй (ийм нөхцөлд нүд нь дасч, харж чаддаг болтол чамгүй их хугацаа хэрэгтэй) учир олны өмнө хөгөө тарих бус уу? Хүмүүс түүнийг ДЭЭШ яваад агуйд буцаж ирэхдээ НҮДГҮЙ ирсэн тул дээш гарахын тухай бодсоны ч хэрэггүй гэж бодоцгооно. Цаашилбал дахиж хүн суллаж, оргил өөд дагуулан явахыг завдвал, хэрэгтнийг баривчилж ЦААЗААР АВНА.

[Глаукон] – Асуух зүйл огтхон ч үгүй.

[Сократ] - Эрхэм Глаукон минь, энэ ёгтлолыг та бүхэлд нь өмнөх мэтгэлцээнд хамаатуулж болно. ШОРОНГИЙН ҮҮР бол нүдэнд үзэгдэх ертөнц, галын гэрэл бол нар юм. Хэрэв оргилд хүрэх замыг СОЁН ГЭГЭЭРЛИЙН ЕРТӨНЦ рүү тэмүүлэх хүмүүний ОЮУН САНАА гэж миний мунхаглан бодсоныг ухан ойлговол та намайг буруугаар ойлгохгүй байх. Харин миний ингэж сэтгэсэн нь зөв эсэхүйг бурхан мэдтүгэй. Гэвч үнэн ч бай худал ч бай миний бодлоор бол САЙН САЙХНЫ ТУХАЙ ҮЗЭЛ САНАА мэдлэг гэгээрлийн ертөнцөд хамгийн эцэст илэрч, ЗӨВХӨН тодорхой хичээл зүтгэлийн дүнд үзэгддэг бөгөөд, үзэгдэхдээ гоо сайхан, зөв шударга бүхний ертөнцийг бүтээгчийн амьд жишээ болж, гэрэл гэгээний эцэг, бодит ертөнцийг гийх гэрлийн хаан, соёлт хүн төрөлхтний ҮНЭН болоод учир шалтгааны УГ ҮНДЭС, ЯЗГУУР нь болж байдаг байна. Тэгээд энэ нь хүний зүй зохистойгоор ХӨДЛӨХ ХҮЧ, нийгмийн болон хувийн амьдралдаа баримтлах ЛУУЖИН нь болдог ажээ.

[Глаукон] – Өөрийг тань ойлгож буй хэмжээндээ би тантай санал нэг байна.

[Сократ] - Хэрэв бидний энэ ёгтлол зөв гэж үзвэл энэ гайхамшигт мэлмийг олсон хүний оюун санаа дээд ертөнцөд байх үүрдийн хүсэл тэмүүлэлтэй учир мунхаг хүмүүсийн явдалд хутгалдах дургүй байх болно. Yүнд гайхах хэрэггүй. Яагаад гэвэл энэ хүсэл эрмэлзэл бол байгалийн жам ёсоор бий болжээ.

[Глаукон] – Тиймээ, байгалийн жам юм даа.

[Сократ] - Тэнгэрлэг бодол бясалгалын орноос хүний муу ертөнцөд ирээд, нүд нь цавчилж, харанхуй орчинд дасахаасаа өмнө үзэгдэж харагдах юмс зүйлс, эсвэл хууль цаазын сүүдрийн тухай шүүх болон бусад газар заргалдан мэтгэлцэхийг хүчээр тулгуулж, жинхэнэ үнэн мөний цаазыг олж үзээгүй ташаа үзэлтний эсрэг маргаж мэтгэлц гэхэд олны доог болон самгардаж байгаа тэр гэгээрсэн хүнийг хараад гайхах сэтгэл төрөх юу байх билээ?

[Глаукон] – Гайхахаас бусад нь л бодогдож байна.

[Сократ] - Энгийн мэдрэмжтэй ямар ч хүн нүдний харааны ЦОЧРОЛ нь хоёр янз болоод хоёр үндэс шалтгаантай гэдгийг бид мэднэ. Харааны цочрол нь нэг бол ГЭРЭЛТЭЙГЭЭС ХАРАНХУЙД ирэхэд, эс бөгөөс ХАРАНХУЙГААС ГЭРЭЛД гарахад үүсэх бөгөөд энэхүү цочрол нь бие махбодийн НҮДЭНД ч, оюун санааны МЭЛМИЙД ч адил үйлчилнэ. Энэ учир шалтгааныг мэдэх ямар ч хүн хараа нь муудаж, будилсан нэгнийг хараад шоолж инээхийг урьтал болгохгүй. Харин нүд нь цочирсон тэр хүнээс оюун санаа нь хурц гэрэлтэй орчноос ирээд харанхуй орчинд дасаагүй учир харж чадахгүй байна уу, эсвэл харанхуйгаас гэрэлд гараад өдрийн гэрлийн хурцад гялбаж байна уу хэмээн асууна. Тэгээд тэр хүн өөрийн орчил ертөнцөд АДИЛ ТҮВШИНД ирсэн нэгнийг азтай гэж тооцож харин нөгөөг нь бол өрөвдөх буюу. ДООД ертөнцөөс ГЭРЭЛТ ертөнцөд хүрсэн ОЮУН САНААГ хараад хөгжин инээх хүний сэтгэлд гэрлээс бууж агуйд ирсэн оюун санааг хараад угтан инээгчээс илүү их учир шалтгаан орших буюу...


Платоны “Republic” (Төр улс) номын VII-р бүлэг.
Бэнжамин Жовэттийн англи орчуулгаас Даваабатын Сайнбаяр монгол хэлэнд хөрвүүлэв.
2002 оны 1 сар – Чикаго хот, Нуурын гудамж

5 comments:

Unknown said...

Ёстой их таалагдлаа. Уншиж байгаагүй юм байна. Баярлалаа.

mgljin said...

,,,uuriig tani oilgoj byi hemjeendee tanitai sanal 1 bna,,, gehgvi uy.

Anonymous said...

sonind hevlej boloh uu?

Anonymous said...

sn bnuu tanias neg yum asuuh gesen yum.bi odoo 1r kurs.muis-d surdag yum. tegeed filosofiin hicheel dr bie daaltaa platonii tuhai hiij ogoh gj bgaa yum l daa.urid n heze ch bilee tanii ene blogiig unshij bgaad ih taalagdsan tgd l barag platoniig songoson yum.gehdee end bol er n surah bichig dr aguin tuhai egtloliig sokratiih gj bichsen bdg l daa teheer bi bagshdaa vgvi ee bi medeg hvnees n asuusan yumaa gd tanii eniig vzvvleh gd bgaa yum ta nadad hariu ogj tus bolno uu???toogoo_89@yahoo.com hariu hvleej baiya bayrlalaa

Badka said...

Xerev Socrate iin uyed torson bol bi ch bas filosofi bolox bsan bolov uu