Өнөөдөр ажил тараад V богд Ноён хутагтын "Үлэмжийн чанар" цадиг түүхийн дуулалт жүжгийг Драмын театрт үзэв. Зохиолыг А.Шартолгой гуай бичиж, найруулагч Н.Болд маш чадварлаг найруулсан байна. Хутагтын дүрд Ардын жүжигчин Цэрэндагва гуай тоглосон. Цэрэндагва гуай мэргэжлийн дуучин хүн биш гэхэд үнэхээр гайхамшигтай дуулж байна лээ. Сүүлд л гэхэд Чингис хаан: Үхэж болохгүй кинон дээр Жамухын дүрийг, Софоклын Эдип хаан жүжгийн сохор мэргэний дүрийг мөн гайхалтай гаргасан байдаг. Ярихдаа хүртэл гоё хоолойтой хүн дуулахдаа чадамгай байдаг бололтой. Үнэхээр алтан үеийнхэн гэж ярьдаг, өнөө цагийн алтан үеийн гол төлөөлөгч хүн юм даа. Жүжгийн өрнөл хэсэг дахь монгол ноёдын увайгүй найр, хүүрнэл яриа, дэмбээдэлт, хутагтын аав болон бурхан болсон ээжтэйгээ ярьдаг хэсэг, таван хандмаа (Чулуунцэцэг, Сийлэгмаа гээд мундагчуул) нарын оргил хэсэгт дуулсан "Үлэмжийн чанар" дуу болон энэ үеэр 5 өнгийн гоёмсог хувцас өмссөн бүжигчин охид гайхалтай уран бүжиглэдэг хэсэг нь сэтгэлд хоногшмоор үзэгдлүүд байв. Дээр нь энгийн боловч ухаалаг тайз засал, хувцасны загвар нь гайхалтай сайн болжээ. Choreagraphy-ийг хэн хийсэн юм бол доо хэмээн шагшираад тоглолтын эцэст С.Сүхбаатар гуайн дэглэсэн болохыг мэдээд гайхаж цөхсөнгүй.Сосорбарам гуайн тоглосон Данзанравжаа гуайн тухай киног нэг олж үзэх юмсан. Жүжгийн үеэр Цэрэндагва гуайн уншсан мөртүүдийг Интернэтээс хайгаад олсонгүй., Майкл Коны бичсэн Lama of the Gobi гэж гоё номыг дахин унших хүсэл төрөв. Үе үе блог дээрээ хутагтын бичсэн гайхамшигт мөртүүдээс тавьж байна аа. Авьяаслаг дуучин Номинжины Үлэмжийн чанарыг дуулахдаа хийсэн гоё клипийг дор оруулав.
Ингэхэд сүүлийн үед дуурь, жүжиг, баллет үзээд, эсвэл сонгодог хөгжим сонсоод урьд урьдынхаас илүү их таашаал авдаг болсон нь одоо ажлын стресс, машины бөглөрөлөөс болоод байна уу, эсвэл холливудын кино үзээд залхсаных уу? Бага байхад жишээ нь Үлэмжийн чанарыг сонсоод таашаал нэг их авдаггүй байв, утга уянгыг нь ч ойлгох сэхээ үгүй байж дээ. Гэтэл одоо болохоор нэг их уярч хайлсан амьтан. Хөгширч байгаа нь энэ юм байх даа гэж бодогдов, хэхэ. (Гэхдээ би зохиолын дуунд тийм ч дуртай биш ээ. Тэр Банзрагч гэж залуу ёстой мундаг юм билээ харин :) Бодвол сонгодог урлагийг ойлгож таашаахын тулд сонсогч, үзэгч маань тэр хэмжээнд боловсорсон, тэр хэмжээний мэдрэмжийг үнэлэх хэмжээнд хүрсэн байх ёстой байдаг биз. Сайндаа ч биш нас яваад юм юм үзээд ирэхээр үүнийг таашаах хэмжээнд дөхөж буй нь тэр биз. Яагаав ҮНЭН буй болоход 2 хүн хэрэгтэй гэж. ҮНЭН-ийг хэлдэг нэг нь байхад түүнийг сонсоод, тэр хэмжээнд ойлгоод, хүлээн зөвшөөрөх нэгэн бас хэрэгтэй гэж...
Их хутагтын өлмий дор сөгдөн мөргөмү!
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Зарим эх сурвалж:
Dreaming Of Danzan Ravjaa
The Heritage of the "Terrible Noble Saint of the Gobi"
Дэлхийн энергийн төв
Зохиолч А.Шартолгой: "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг маань олон түмэнд таалагдах байх
