Showing posts with label Brain Gain. Show all posts
Showing posts with label Brain Gain. Show all posts

6.25.2011

INVITATION: Tsahim Urtuu Job Fair Korea 2011 in Seoul & Busan

БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд аа!

Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг Цахим өртөөний хамт олон, Монголын топ аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн албадаас хүргэж байна.

1999 онд байгуулагдсан Гадаадад суугаа монголчуудын Цахим өртөө сүлжээ, түүний вэб хуудаснаа олон мянган монголчуудын дунд Гадаадад хэрхэн суралцах вэ, Гадаадад хэрхэн ажиллах вэ, Хэрхэн ногоон карт авах вэ сэдвээр мэдээ мэдээлэл түгдэг байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр хэлэлцүүлгийн сэдвийн чиглэл нь өөр болох шаардлагатай цаг үетэй бид нүүр тулжээ.

Чухамдаа тухайн үед мөн л элэг нэгт та бүхний нэгэн адил гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байсан Цахим өртөөчид эхнээсээ эх орондоо эргэн ирж, нийгмийн бүхий л салбарт өөр өөрсдийн замналаар ажиллаж, амьдарч, Монгол дахь нийгэм, эдийн засгийн БОДИТ БАЙДАЛ-тай нүүр тулж байна. Басхүү өөрсдийн сурч мэдсэн туршлагаа ажлын байр, амьдрах орчиндоо түгээж, эх орны хөгжлийн хөдөлгүүрт багахан ч атугай хувь нэмэр болж байгаа нь ирж буй цагийн өнгө гэлтэй.

Тийм ээ, Цахим Өртөөчид өнөөдөр хэрхэн гадаадад гарах тухай бус, харин хэрхэн, яаж, хэзээ Монголдоо ирэх тухай мэдээлэл түгээхээр зориглолоо.

Хөдөө -> аймгийн төв -> нийслэл -> гадаадын улс орнууд гэсэн миграци буюу нийгмийн гоц үзэгдэл Монголд түгээмэл болоод 20 жил боллоо. Саяхан болсон хүн амын тооллогоор 107 мянган (албан бус тоогоор 160 мянга орчим) Монголчууд гадны улс орнуудад ажиллаж байгаа нь нэг талаас brain drain / human capital flight буюу оюунлаг, мэргэжлийн өндөр чадавхитай, мэргэшсэн ажиллах хүчний гадагшаа чиглэсэн миграцийн урсгал хүчтэй илэрч, улмаар нийгэмд чадварлаг мэргэжилтэн, мэргэшсэн ажилчдын хомсдолыг бий болсныг нотолж байна. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ойрын хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарт нийт 70 мянган шинэ ажлын байр бий болох гэж байгаа ч мэргэжилтэй ажилчдын тоо 30 мянга хүрэхгүй байна.

Өнөөдөр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л компани, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай боловсон хүчин болон мэргэшсэн ажилчдын хэрэгцээ асар их өслөө. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас тухайлбал БНСУ-аас дутахааргүй, зарим тохиолдолд хэд дахин илүү байна.

Учир иймд бид энэ удаа БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй элэг нэгт Монголчууд Та бүхэндээ Монголын эдийн засгийн өнөөгийн чиг хандлага, хүний нөөцийн зах зээл, нээлттэй ажлын байрны мэдээллийг түгээх зорилгоор дотоодын олон ажил олгогч компаниудын хамт "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост - 2011" үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Цахим өртөө Холбоо ТББ-аас 2009 онд санаачилсан "BRAIN GAIN: Гадаадад суугаа монгол мэргэжилтнүүдийн оюуны урсгал, миграцийн чиглэлийг өөрчлөх нь" төслийн хүрээнд бид АНУ-ын Вашингтон, Сан-Франциско хотуудад БСШУЯ болон, төр, олон нийт, хувийн хэвшил, ажил олгогч байгууллагуудын хамт АНУ дахь Монголчуудад зориулсан "Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг - 2010" үйл ажиллагааг 2010 оны 2 дугаар сард анх удаагаа амжилттай зохион байгуулсан нь уг үйл ажиллагааг цаашид тогтмол явуулах бодит шаардлага байгаа талаар бид гүн итгэл үнэмшил олж авсан юм.

Эх орноос ирж буй САЙН МЭДЭЭГ та бүхэн ирж сонсоорой. Өртөөлөн ирж буй Монголынхоо ажил олгогч компаний төлөөлөгч нартай Та заавал нүүр тулан уулзаарай. Та өнөөдөр эх орондоо ажиллаж амьдарч, аав ээж, гэр бүлтэйгээ ойр амьдрах цаг ирсэн байж болно. Цаг нь ирээгүй ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч Та заавал уг арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.

Тун удахгүй бүгдээрээ Сөүл, Бүсан хотуудад уулзалцгаая.

Мэндчилсэн,

Туульч-Өөлд Д.Сайнбаяр
Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга
www.tsahimurtuu.mn

5.30.2011

Цахим Өртөөчид Солонгост Job Fair зохион байгуулна

Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онуудад Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.

Тэгвэл мөн
олон улс орон төрийн бодлогынхоо хүрээнд энэхүү миграцийг эсрэг зүгт чиглүүлэн буцааж, гадаадад мэргэшсэн мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн татах бодит алхмууд хийж иржээ. Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг алдаад байгаа Монгол улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна.Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь нэг талаас brain drain / human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгох аюул үүсгэж байгаа билээ.

Цахим Өртөө Холбоо ТББ нь эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол
мэргэжилтнүүдийн оюуны урсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн эхлэл болгож Цахим Өртөө Холбоо ТББ нь АНУ-ын Вашингтон, Сан Франциско хотуудад БСШУЯ, МонАме, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг, Б
эй Ариагийн Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монголчуудын Холбоо, Вашингтон хот орчмын Монгол Сургуультай хамтарч 2010.01.26 - 2010.02.03-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг АНУ-д арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Юнител ХХК, Жи Мобайл ХХК, Хөтөлийн цемент шохой ХХК, Хас Банк, Капитал групп-ын хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд оролцож, Вашингтон хотод 200 орчим, Сан Франциско хотод 100 орчим монгол мэргэжилтэн залуустай нүүр тулан уулзаж, ажлын ярилцлага хийсэн. АНУ-д зохиогдсон хамгийн анхны өдөрлөгийн үр дүнд 20 монгол мэргэжилтэн эх нутагтаа буцан ирж дээрхи компаниудад ажиллах гэрээ хийсэн явдал билээ.

Төслийн үргэлжлэл болох Монгол дахь ажлын байрны нээл
ттэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг М-Си-Эс Групп, Моннис групп, Ньюком Групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, Юнайтед Фүүдс Корпораци, Кью Жи Экс, Макс Групп, Мобиком Корпораци, АПУ ХК зэрэг 15 компаниудын ивээн тэтгэлэг, Монгол улсын Гадаад Хэргийн Яам, Хилийн Чанадад Амьдарч буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл, Солонгосын Аж Үйлдвэр, Хүний Нөөцийн Хөгжлийн Хэрэг Эрхлэх Газар, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, НДЕГ зэрэг байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулах гэж байна.

Уг өдөрлөгийн онлайн мэдээллийн ивээн тэтгэгчээр biznetwork.mn, now.mn, gogo.mn вэб сайтууд ажиллаж байна.

Цахим Өртөө Холбоо ТББ
Хаяг
: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс:
+976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл:
tsahimurtuuholboo@yahoo.com
, holboo@tsahimurtuu.mn
Вэб:
www.tsahimurtuu.mn

1.24.2010

Job Fair 2010 for Mongolian professionals in the USA

Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё. Отгонбаярын АНУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Монголын компани, аж ахуйн нэгжүүд оролцсон Ажлын Байрны үзэсгэлэн яармаг (Job Fair) явагдах гэж байна.

Үзэсгэлэн яармаг Америкийн зүүн эргийн Вашингтон ДиСи хотноо, баруун эрэгт Оакланд хотноо дараах хувиарийн дагуу тус тус явагдана.

2010 оны 1 сарын 26-ний Мягмар гаригт 20 цагт Virginia мужийн Арлингтон дахь Монгол сургуулийн зааланд, Хаяг: Монгол сургууль, 1601 Wilson Blvd, Arlington, VA 22209 (Вашингтон хотноо зохиогдохоор өмнө зарлагдсан өдөр, цаг өөрчлөгдсөн болохыг анхаарна уу!)

2010 оны 1 сарын 30-ний Бямба гарагт 17 цагт California мужийн Оакланд хотын
Ажаа гэгээний төв болон БАМХ-ны байранд, Хаяг: 610 16th Street, Suite # 225, # 216, Oakland, CA 94612

Америкт их дээд сургууль, коллeжид сурч байгаа оюутнууд болон америкт ажиллаж амьдарч байгаа нийт монголчуудаа хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.
Оюутан залуус ирэхдээ CV-гээ авч ирнэ үү. Мөн mongolianjobfair@gmail.com руу имэйлээр илгээж болно.

Америкт анх удаагаа зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэн яармагт Монголоос Петровис ХХК, Оюуны Ундраа ХХК, MCS, Unitel ХХК, G Mobile ХХК, Капитал Групп, Моннис ХХК, Хас Банк, Хөтөлийн цемент шохой ХХК зэрэг байгууллагууд оролцох юм.

Хөтөлбөр

- Нээлтийн үг БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр үг хэлнэ (5 минут)
- Видео танилцуулга (5 минут)
- Монголд буй хүний нөөцийн тулгамдсан асуудал, боломж, Job Fair-ын зорилго, бүтэц - Цахим Өртөө Холбооны - УЗ-ийн дарга Д.Сайнбаяр (5 минут)
- Компаний танилцуулга, ажлын байруудын танилцуулга (тус бүр 5 минут)
  • Петровис ХХК
  • Оюуны Ундраа ХХК
  • MCS Unitel ХХК
  • G Mobile ХХК
  • Хөтөлийн цемент шохой ХХК
  • Моннис ХХК
  • Хас Банк
  • Капитал групп
Хэлэлцүүлэг, асуулт хариулт (20 минут)
Job interview (оролцогчид CV-гээ авчирсан байна)
Танилцах үдэшлэг

Нийт 2-3 цаг

Дэлгэрэнгүй мэдээллийг Д.Дашдорж 925-548-4112, Ч. Наранцогт 530-848-4206,
Ч. Балжинням 202-262-5542 нараас авна уу.


Хамтран зохион байгуулагчид
Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам,
http://www.mecs.gov.mn/
Цахим Өртөө Холбоо ТББ
http://www.tsahimurtuu.mn/
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам,
http://www.mongolianembassy.us/
МонАме Шинжлэх Ухаан Судалгааны Төв,
http://www.monamescience.org/
Америк дахь Монгол Залуу Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг,
http://www.ymapusa.org/
Бай Ар
иагийн Монголчуудын Холбоо
http://bamca.us
Washington хот орчм
ын Монголчуудын Холбоо
http://www.wamca.org/
Washington хот орчм
ын Монгол Сургууль
http://www.mongolianschool.com/