Showing posts with label Хэлсэн үг. Show all posts
Showing posts with label Хэлсэн үг. Show all posts

1.12.2015

Дээд боловсролын шинэчлэл - Либерал артс хөтөлбөр

2015/01/13-ны өдрийн 15:00 цагт ШУТИС дээр ОЛУУЛАА Клубын Ерөнхий зохицуулагч Д.Сайнбаяр "Дээд боловсролын шинэчлэл - Либерал артс хөтөлбөр" сэдвээр лекц уншина. - Зохион байгуулагч ШУТИС, OIL Open Innovation Lab

10.10.2014

МОНГОЛЫН УЛСТӨР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн нээлтэнд хэлсэн үг

2014.10.10 Төслийн нээлтийн үйл ажиллагаа – Соёлын Төв Өргөө – Д.Сайнбаяр 

Сайн байцгаана уу 21-р зууны Монгол залуус аа! Юуны өмнө хэн нэгэнд биш, харин та бүгд өөрсөддөө зориулаад алга ташаарай. Яагаад гэвэл өнөөдөр энд цугласан та бүгд бие биедээ баяр хүргэх маш том шалтгаан байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Хүн өөрийн амьдралынхаа мөч бүрт СОНГОЛТ хийдэг. Гэхдээ амьдралын турш маш цөөн чухал сонголт, САЛАА ЗАМЫН өмнө ирдэг билээ. Их сургуульд суралцах, мэргэжлээ сонгох, анхны ажил, гэр бүл г.м Гэхдээ энэ чухал сонголтуудыг хийх боломж дандаа давтагдаад байдаггүй.

Одоогоос долоон жилийн өмнө би есөн жил харь нутагт ном сурч, ажил хийж, нэг ёсондоо "бадарчилж" яваад төрж өссөн Монголдоо буцаж ирсэн. 26 настай, АНУ-ын Чикаго хотод програмистаар ажилладаг, үсээ босгож самнасан тийм л нэг энгийн залуу. Эрч хүч дүүрэн. Яг тэр үед би бас л нэг чухал сонголтын өмнө ирсэн. Эх орондоо хийж бүтээж, өөрийгөө бизнесийн салбарт сорих уу, эсвэл Америкт өндөр цалинтай ажлаа хийгээд, тэнд эхэлсэн амьдралаа өрнүүлэх үү гэж. Удаан бодсоны эцэст Монголдоо үлдэж, Global CEO нэвтрүүлэгт оролцох сонголтыг хийж байсан. Энэ бол тийм амар сонголт байгаагүй ч амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг байсан гэж одоо ч надад бодогддог.

Дэлхийн цалинг Монголдоо уриатай тус нэвтрүүлэгт шигшигдэн оролцсон 15 залуусын ихэнхи нь өнөөдөр Монголын топ групп компаниудад, зарим нь өөр өөрийн сонгосон салбарт манлайлагч болж ажиллаж, дэлхийн цалинг Монголдоо авч байна. Ард түмний өмнө мэдлэг боловсрол, авьяас чадвараа нээлттэйгээр уралдуулж, ӨӨРСДИЙГӨӨ СОРЬЖ, ӨӨРСДИЙГӨӨ НЭЭСЭН нь бидний хувьд хамгийн том шагнал болсон юм. Тэдний хэн нь ч “арын хаалгаар” ажилд орж, “арын хаалгаар” амьдралаа төвхнүүлээгүй ээ.

Өнөөдөр Монголын нийгэмд хүн бүр л бүгдийг шүүмжилдэг болжээ. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болтугай лаа асаа гэж нэг ухаантны хэлсэн үг бий. Тун харамсалтай нь болохгүй, бүтэхгүй байна хэмээн шүүмжлэгчдийн тоо түүнийг өөрчлөхийн төлөө үйлдэл хийж буй хүмүүсээсээ олон байна. Шийдлийг олж нээх, хэрэгжүүлэхэд ҮЙЛДЭЛ, ОРОЛЦОО чухал. Тэртусмаа ЗАЛУУСЫН ОРОЛЦОО чухал.

Үүнийг та бүхэн хийж чадна.

УЛСТӨР гэдэг үгээс Монголчууд бид залхжээ. Бүх нийтээрээ улстөрч хүнийг адгийн амьтан гэж боддог болсон байна. Тэр улстөрд орж байгаа гэнэ гээд бие биеэ ад үзэх, сайн муугаар хэлдэг болжээ. Энэ бол өөрөө яагаад залуус улстөрд дуу хоолой, үйлдлээрээ оролцох ёстой вэ гэдгийн маш том шалтгаан болж байна. Яагаад манай нийгэм УЛСТӨР гэдэг үгээс ингэж их цэрвэнэ вэ?

Яагаад гэвэл МОНГОЛЫН УЛСТӨР БОХИР БАЙНА. Яагаад гэвэл МОНГОЛЫН УЛСТӨР ШУДАРГА БУС БАЙНА. МОНГОЛЫН УЛСТӨРЧИД ХУДАЛ АМЛАЛТ ХЭЛЖ БАЙНА. Монголын УЛСТӨР баялаг бүтээгчдэд СААД болж байна. Монголын улстөр нийгмийн сэтгэлгээний түвшнээс хоцорсон байна. МОНГОЛЫН УЛСТӨР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.

Монголын ард түмэн ЦОО ШИНЭ ҮЕИЙН, ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ, ОРЧИН ҮЕИЙН мэдлэг боловсролтой, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ, ХИЙСНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛДЭГ, ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ҮНЭНЧ, ШИНЭ МАНЛАЙЛАГЧДЫГ хүсч байна.

Үүнийг та бүхэн хийж чадна.

Тус төсөлд оролцогчдыг сайн муу хэлж, өөлж, үл итгэж, урьдчилан дүгнэж буй хүмүүс олон байгааг нийгмийн сүлжээгээр харлаа. Улстөрд шинэ манлайлагч болохоор зориглон оролцож буй энэ залуусыг битгий ад үз, залуу үеийн хийж бүтээх, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛ ЗОРИГИЙГ бүү МОХОО гэж би тэдэнд хэлмээр байна. Даргын хүүхэд эсвэл заавал олон жил намын ажил хийсэн хүн манлайлагч болдог байх шаардлагагүй. Эрдэм мэдлэг, авьяас чадлаа ард түмнийхээ өмнө шалгуулая, уралдуулая гээд зориглож буй эдгээр 90 залуусыг дэмжтүгэй гэж тэдэнд хэлмээр байна!

Уудам Монголын өнцөг булан бүрээс шигшигдэн шалгарсан та бүхэн бол Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөл, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг эрхэмлэдэг, Монгол улсын нэр төртэй иргэн, дэлхийн энх тайванч, байгаль орчноо хамгаалагч, шударга ёсыг сахигч, өндөр ёс суртахуунтай, Монгол орны хөгжлийн хөтөч болсон ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН мөн гэдэгт бид итгэж байна.

Өнөөдөр та бүгдийн дундаас улс орныхоо иргэдэд ҮЙЛЧЛЭХ (public servant), нийгэмд тулгарсан асуудлуудын ШИЙДЛИЙГ ОЛОХ бодлого тодорхойлогчид, Соёлт нийгэм, Шударга ёс, Xүний эрх, Ардчилсан нийгмийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН төлөө тэмцэх МАНЛАЙЛАГЧИД төрнө гэдэгт ард түмэн тань итгэн хүлээж байна.

Монголын түүхийн үе бүрт нүдэндээ цогтой залуу манлайлагч нар төрж, ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ ачаа хүссэн хүсээгүй бидний үед шилжин ирж буй. Энэ бол ирж яваа цаг. Манай үеийнхэн их өвөг дээдсийн ариун голомтыг бадрааж, хөгжлийн бамбарыг улам өндөрт өргөх болно.

21 зууны Монгол залуучууд үүнийг хийж чадна. Та бүхэн чадна. 

ТА БҮХНИЙГ ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА!

Баярлалаа.

Даваабатын Сайнбаяр
Моннис группын дэд ерөнхийлөгч
Олуулаа клубын ерөнхий зохицуулагч

9.09.2014

Өглөөний уулзалт No.3 - Төслийн менежмент

Маргааш өглөө Хөгжлийн Танхим ТББ-ын залуусын зохион байгуулж буй Төслийн удирдлага сэдэвт миний лекцэнд 100 хүн 10 000 төгрөгийг тус байгууллагын дансанд урьдчилан төлж, өглөө эрт 7 цагт цуглахаар болсныг өнөөдөр мэдээд залуусаараа их бахархлаа. Манай залуус маш эртэч, бас ажил хэрэгч болжээ. Project management ба түүний гол арга барилууд, PDLC-н гол мөчлөгүүд, Resource Plan,  Financial Plan, Quality Plan, Сontract management, Procurement management, Time Management, Cost Management, Quality Management, Change Management, Risk Management, Acceptance Management, Communications Management гэх мэт аливаа төсөлд заавал байх ёстой, орхигдуулшгүй удирдлагын хэлбэр, арга барилуудын ач холбогдлыг дэд бүтцийн төслүүд болон олон улсын төслүүд дээр жишээлж ярихаар төлөвлөлөө. Мөн яагаад манай төрийн буюу төсвийн төслүүд нь төслийн удирдлагын дээр дурдсан наад захын аргачлал, төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй орхигдуулснаас болж амжилтгүй болдог тухай (жишээ нь яагаад Монголд маш муу зам баригддаг буюу "бариулдаг") тухай хувийн ажиглалтуудаас хуваалцана. Сүүлийн хэдэн жил хэд хэдэн томоохон төслүүдийг удирдаж ажилласан. Энэ туршлагаасаа аль болох ойлгомжтойгоор, Монголын өнөөгийн нөхцөл, практикт ойртуулж, анхаарах зүйлсийг онцгойлж ярихаар төлөвлөлөө. Мөн сайн төслийн удирдагчид тавигддаг шаардлага, энэ ажилд хэрхэн бэлдэх тухай зөвлөнө. Жил бүр залуустайгаа туршлагаа хуваалцаж далимд нь та бүхнээсээ бас сурч, асар их эрч хүч авдагтаа баяртай байдаг. Маргааш өглөө 7 цагт Blue Sky Tower-т уулзацгаая.

10.25.2012

Ирээдүйн Манлайлагч 2012 тэтгэлэгт хөтөлбөр

Моннис группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ирээдүйн Манлайлагч 2012 тэтгэлэгт хөтөлбөрийн оны шилдэг 20 оюутанд хандаж Тэтгэлэг гардуулах ёслол дээр хэлсэн үг.

Эрхэм хүндэт оюутнууд аа,

Өнөөдөр та бүхэнд баяр хүргэхээр энд зогсож байгаадаа Моннисчууд бид туйлын баяртай байна. Энэ жилийн Ирээдүйн Манлайлагч тэтгэлэгт хөтөлбөрт ялсан 20 оюутан та бүхэн сурлага хөдөлмөрийн амжилт, нийгмийн төлөө хийж бүтээснээрээ аль хэдийнээ үе тэнгийнхэн дундаа Манлайлагч болсон учраас энд уригдан иржээ.

Та бүхний амжилтаар аав ээж, ах дүү, найз нөхөд, багш нар тань бахархаж байгаатай адил Моннисын хамт олон бид ч маш их бахархаж байна.

Монгол орон хөгжлийнхөө алтан үетэйгээ золгосон гэдэгтэй та бүхэн санал нэгдэх болов уу. Чухамдаа Монголын эзэнт гүрнээс хойш үеийн түүхээ бид эргэн харвал Монголчууд бид хэзээ ч өнөөдөр шиг ийм хөгжлийн өндөрлөгт хүрч байсангүй.

Энэ бол маш онцгой ойлголт мөн бөгөөд тэр утгаараа ч өнөөгийн залуучууд бид маш их азтай хүмүүс юм. Гэхдээ үүнтэй хамт та бидэнд асар том хариуцлага ирж буй гэдгийг хаа хаанаа гүн ухамсарлах ёстой гэж бодном. Нэг ёсондоо ачааны хүндийг үүрэлцэх цаг айсуй.

Тэтгэлэгт хөтөлбөрийн цаана Моннис группын олон зуун ажилтнуудын сэтгэл, хөдөлмөр шингэсэн, тэдний хамтдаа бий болгосон баялаг, үнэт зүйл бий гэдгийг та бүхэн сайн санаж яваарай. Тэтгэлэг гэдэг нь зүгээр ч нэг шагнал бус харин маш олон хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, асар их хөдөлмөр шингэж, итгэл хүлээлгэсэн бамбар юм.

Ирээдүйн Манлайлагч хөтөлбөрт ялсанаар сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг хүлээн авахаас гадна та бүхэнд Моннис группын ах эгч нарынхаа дунд дипломын дадлага хийх, тэднээс суралцах, сургуулиа төгсөөд тус компанид ажиллах зэрэг боломжууд нээлттэй болж байна. Энэ боломжийг дээд зэргээр ашиглахыг хичээгээрэй.

Моннис группын уриа бол Creating value буюу Үнэ цэнэ, баялгийг бүтээх тухай юм. Иймд та бүхэн өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өөрийн сонгосон салбартаа байнга шинэ үнэ цэнэ, баялагийг бүтээж, улмаар эх орныхоо хөгжлийн их хөдөлгүүрийн үнэ цэнэтэй эд эс нь болно гэдэгт би эргэлзэxгүй байна.

Нөгөөтэйгүүр гэр бүл, найз нөхөд, ажлын байр, нийгмийн дунд ямагт МАНЛАЙЛАГЧ байж, өндөр ёс суртахуунтай, орчин үеийн Монгол улсын идэвхитэй, хариуцлагатай  иргэн болж төлөвших нь Монгол залуучууд бидний нийтлэг хүсэл эрмэлзэл мөн.

Үгийнхээ эцэст нэгэн агуу хүний хэлсэн үгийг давтаж залуус та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. Мэдээллийн технологийн салбарт дэлхийн хэмжээний Манлайлагч болж чадсан Стив Жобс "Stay hungry Stay foolish" буюу "Өлсгөлөн хэвээр бай, Мулгуу хэвээр бай" гэж хэлжээ. Нэг ёсондоо залуус та биднийг эрдэм мэдлэгийн оргил өөд цаг үргэлж мулгуу мэт чармайж, хийж бүтээхийн төлөө ямагт өлсгөлөн байхыг тэр сануулжээ.

Ингээд та бүхэнд халуун баяр хүргэхийн ялдамд эрдэм ном, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! Анхаарал тавьсанд баярлалаа.

Д.Сайнбаяр
Эрчим хүч хариуцсан дэд захирал
Бизнес хөгжлийн ерөнхий менежер
Моннис групп   - 2012.10.25 - Моннис цамхаг, 15 давхар

5.14.2012

Карьер хөгжүүлэлт ба өөртөө дүн шинжилгээ хийх нь

Цахим Өртөө дээд сургуулийн Career Center-ийн нээлтийн үеэр оюутнуудад зориулж хийсэн нэг лекцийг Career Center-ийн залуус цаасан дээр (transcript) буулгажээ. Зарим оюутнуудын хүсэлтээр блогтоо тавилаа.

Өөрөө өөрийгөө таньж мэдэх нь

Миний нэг сайн үеэл дүү бий. Одоо 26 настай. 18-тайдаа ШУТИС-ын инженерийн ангид орсон. Тухайн ангидаа 2 жил сурсаны дараагаар, “би маркетингаар сурна” гээд МУИС руу шилжээд, 2 жил сураад 22-тойдоо төгссөн. Тэгээд тэр эхнэр авлаа. 3 жил гэртээ хүүхдээ хараад суусан. Эхнэр нь болохоор ажлаа хийгээд байдаг. 26 нас хүрсэн ч нэг ч удаа албан байгууллагад дорвитой ажиллаж үзээгүй байгаа юм. “Яагаад ийм юм болов оо” гээд би бодлоо. Өөртэй нь ч ярилцаж үзлээ. Нөхөр бол ерөнхийдөө багын бүрэг хүүхэд байсан. Цагаан сараар хүнд босч үнсүүлэхээс өөрөөр үг хэлдэггүй, хэтэрхий даруухан хүүхэд байсан. Түүн шиг сайн хүүхэд манай ах дүү нарт байхгүй, хүний хий гэсэн болгоныг л хийдэг. Ингээд тэр яагаад мэргэжилээрээ ажиллахгүй байгааг бодвол нөхөр ерөөсөө мэргэжлээ буруу сонгосон явдал байв. Анхнаасаа инженерийн ангиа дуусгах ёстой байжээ. Түүгээрээ сураад төгсөхийн оронд санаагаа хувиргасан. Маркетингаар онц дүнтэй МУИС-ыг төгссөн. Харин ажилд орж чаддаггүй. Түүний хийсэн том алдаа юу вэ? Яагаад олон жилийг алдсан бэ гэхээр өөрөө өөрийгөө таньж мэдээгүйд юм. “Сайн уу” гэж хэлээд байгууллага руу ороод явж чадахгүй хүн нэгт, ажил хайж чаддаггүй. Хоёрт, очоод компанийн бүтээгдэхүүн сурталчлаад, сурталчилгааны маркетингийн үйл ажиллагаанд оролцоод явах ямар ч боломжгүй байсан. Тэгэхээр ийм алдааг та бүхэн битгий гаргаасай гэж хүснэ.

Өөрийнхөө чаддаг, дуртай бас өөрийн тань зан чанар, чадварт тохирсон мэргэжлээр сурах хэрэгтэй. Одоо энэ залуу маань эрчим хүчний салбарт ажиллаж байна. Анхны мэргэжил нь угаасаа цахилгааны инженер мэргэжил байжээ.

Чиний хувьд үнэ цэнэтэй зүйл юу вэ?

Эхлээд өөрийнхөө сонирхол, гал эрмэлзлийг тодорхойлох ёстой. Юу хиймээр байгаа юм бэ? Энэ богинохон амьдралд чи юу хийж бүтээмээр байгаагаа сайн мэдэх хэрэгтэй.

Чи юуг value болгодог вэ? Ямар зүйлийг үнэ цэнэтэй гэж үздэгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Тулгатын номон дээр “value” гэдэг үгийн талаар бичсэн гоё хэсэг байдаг.
Японы нэгэн радиогоос судалгаа хийжээ. Орчин үед залуу гэр бүлийн салалт асар их болж байгаа гэнэ. Жаахан байж байгаад л салчихдаг. “Яагаад гэр бүлүүд салаад байна вэ? Ямар гэр бүл хамгийн урт хугацаанд оршин тогтнодог вэ?” гэсэн санал асуулгаар ижил value буюу ижил үнэлэмжтэй, амьдралаас ижил үнэ цэнийг хайдаг улсууд хамтдаа үлддэг гэсэн судалгааны дүн гарчээ. Жишээ нь кинон дээр гардаг. Дээрэмчин эрэгтэй, эмэгтэй нийлээд гэмт хэрэг хийгээд яваад байдаг. Тэр хоёрын value нь дээрэм хийх, хулгай хийх болохоор нийлээд явахад болж байгаа юм.

Ажил дээр ч гэсэн ижилхэн дүрэм үйлчилнэ. Боловсролын салбарт юм хийж бүтээе гэсэн зорилготой эсвэл хүмүүст туслая гэсэн бодолтой хүмүүс хамтдаа байдаг. Амьдралын хэв маяг бас байна. Олон улсаар аялах дуртай ч юм уу, орон нутагт ажиллах сонирхолтой ч юм уу, магадгүй сумын төвд очоод ажиллах сонирхолтой хүн та бүхний дунд байхыг үгүйсгэхгүй. Хүн хүний зорилго, үнэ цэнэ өөр шүү дээ.

Харин ажлаа яаж хайх вэ? Карьераа яаж эхлэх вэ?

Хамгийн чухал нь орох гэж байгаа газрынхаа тухай судалгаа хийх юм. Манайхан ерөөсөө судалгаа хийдэггүй юм билээ. Ажилд орох гэж байгаа залуучуудыг манайд ирэхээр нь би “Чи урьд нь ажил хайсан уу? Ер нь хаагуур хайв аа?” гэж асуудаг. Тэгэхээр зарим нь “Хайгаагүй ээ, танайд л ирж байна” гэдэг. Тэгэхээр “За байз хө, манайхыг нэг их шигшиж сонгосон юм бол алга, ерөнхийдөө харж байгаад ороод үзчихдэг юм уу гээд ороод ирсэн энэ хүн бол нухацтай ажил хайсан хүн биш байна” гээд шууд оноо нь хасагддаг. Та бүхэн орох гэж байгаа компанийхаа судалгааг маш сайн хийгээрэй. Ядаж л хүн амьтнаас асууж, компаний вэбээр нь ороод үзэх нь наад захын алхам.

Америкт ажилд авахад цаад хүнээс хардаг 3 чадвар

Би АНУ-д ажиллаж амьдарч байсан. Тэнд харсан зүйл гэвэл ажил олгогч компаниуд ажил хүсээд ирсэн залуугаас 3 зүйлийн чадварыг эхэлж хайдаг.

Нэгдүгээрт нь, communication буюу хүнтэй харилцах чадвар. Харилцах чадвар гэдэг бол өөрийгөө илэрхийлэх чадвар, нөгөөтэйгүүр хүнийг сонсох чадвар байдаг.

Хоёрдугаарт, хүнд үйлчлэх чадвар. Өнөөгийн 21-р зууны барууны орнуудын компаниуд ихэнхдээ юм үйлдвэрлэхээсээ илүүтэй хүнд үйлчилдэг. Санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээ, бизнес төлөвлөгөө бичиж өгөх үйлчилгээ, машин засаж өгөх үйлчилгээ гэх мэт. Тэгэхээр хүнд үйлчлэх чадвар маш чухал байдаг. Үүнийг хаанаас олж авах вэ? Оюутнууд бол ресторанд ажиллаж энэ чадварыг олж авдаг. Эсвэл жишээ нь манай сургуулиар бол сургуулийн “Сareer center”- т та бүгд туслаад, орж ирж байгаа хүмүүст үйлчилж анкетыг нь авч өгдөг ч юм уу, сайн дурын ажил хийж хүнд үйлчилж сурдаг.

Монголчууд бид хүнд үйлчилж чаддаггүй. Аль ч ресторанд ороход хэд дуудуулж байж рестораны үйлчлүүлэгчид ирдэг, тиймээ? Өөр оронд очихоор маш сайн үйлчилдэг. Бид нар болохоор хааны удамтай гэдэг ч юм уу, өөрсдийгөө дээд зэргийн гээд бодчихсон байдаг. Бүгдээрээ бие биедээ үйлчлэх дургүй. Цалингаа авч байгаа хирнээ ирж үйлчлэхгүй. Ийм рестораны бизнес хол явахгүй. Яг ийм хандлагатай корпорацийн бизнес ч хол явахгүй. Тэгэхээр хүнд үйлчлэх гэдгийг маш сайн сурах хэрэгтэй.

Гуравдугаарт, мэдлэг чадвар. Мэдлэг чадвар бол гуравт нь ордог. Үнэхээр ажилдаа сайн инженер байгаад ч хүнтэй харьцаж чаддаггүй бол тэр хүн хэрэггүй. Xарилцагчдаа гомдоочихдог хүн бол үнэхээр хэрэггүй. Бас дээр нь хүнд үйлчилж чаддаггүй бол бүр хэрэг байхгүй. “Сайн инженер байна, гэхдээ уучлаарай та ажлаас халагдлаа” гэж хэлүүлнэ.

Resume гэж юу вэ? CV гэж юу вэ?

Ямарваа бүтээгдэхүүнд брошур, танилцуулга гэж байдаг шүү дээ. CV бол та бүгдийн брошур юм. Дорж гэдэг нийгмийн бүтээгдэхүүн юу хийж чаддаг юм бэ гэдгийг танилцуулсан брошур. Та бүхэнд хэнд нь ч гэсэн дахин давтагдашгүй чанарууд бий. Та нарын тэр давуу чанарууд чинь юу вэ? Сул тал чинь юу вэ гэдгийг өөрсдөө олж мэдчихээд тэгээд өөрийнхөө брошурийг хийнэ.

CV бол өөрийг тань зах зээлд гаргах гол маркетингийн багаж юм. Онолын түвшинд “3C” гэж их ярьдаг. CV -ны 3C бол товч (Conciseness), тодорхой (Clearness), өөрийн чинь ажилтай уялдсан (Correctness) байх ёстой. Хэдэн төрлийн ч CV байж болно. Хайж байгаа ажлаас чинь хамаараад заавал нэг форматтай байх албагүй. Дахиад хэлэхэд өөрийнхөө брэндийг бий болго. Пепси, Кока Кола гэх мэт янз бүрийн брэндүүд байдаг. Та Пепси нь юмуу Кола нь юмуу? Жүржийн талст нь юм уу?

Ярилцлага дээр анхаарах зүйл

Сурах бичгүүд олон зүйл бичсэн байдаг. Энэ удаад би дараахь 10 зүйлийг онцолмоор байна. Жишээ нь ажилд орох ярилцлагын үеэр:
Ø Худлаа ярьж хэрэггүй
Худлаа ярьж байгаа хүний нүднээс илт мэдэгддэг, баригддаг. Буруу ч бай, алдаатай ч бай, чадвар дутмаг ч бай чи үнэнч шударга байвал тэр нь өөрөө том үнэлэмж болдог.
Ø Өөрөө өөрөөрөө бай
Хэн нэгэн шиг болох гэж маяглах ч юмуу жүжиглэх шаардлагагүй, өөрөө өөрөөрөө байх хэрэгтэй.
Ø Бусдыг битгий муул
Бусдын сайн чанарыг олж хар. Тэр тусмаа урьд нь хамт ажиллаж байсан хүн таалагддаггүй байсан зэргээр ярих дэмий байдаг. Үнэхээр урьдах газар муу байсан байж болно. Гэвч бусдыг муулж байгаа хүн өөрөө асуудалтай харагддаг.
Ø Нүдээрээ сайн ярилцаж бай. Хүний нүд рүү эгц харж бай.
Ярилцлага хийж байхад хулганаад байгаа хүн нэг л биш байдаг. Чигээрээ харахгүй байгаа хүн ч гэсэн.
Ø Компанийн талаар маш зөв асуулт тавих хэрэгтэй.
Зарим залуучууд орж ирээд “Та яагаад манай компанийг сонгосон юм бэ? Ер нь манай компаний тухай та юу мэдэх вэ?” гэхээр “Нэг их мэдэхгүй ээ” гэдэг. Мэдэхгүй газраа яагаад орох гээд байдаг юм бэ? Манай компанид орохыг хүссэн бол, тухайн ажлыг сонирхсон юм бол тэр хүн вэбсайтаар ороод манай компанийн тухай ерөнхий мэдээллийг олж авсан байх ёстой гэж би хувьдаа үзнэ. Манай компанийг судлаагүй юм бол “Энэ нөхөр ч манайхыг нэг их сонирхоогүй юм байна” л гэж бодно. Би 10 компани судалсан. Танайхыг сонгосон гэж хэлсэн хүнд бол байдал тун өөрөөр эргэнэ.
Ø Ажил олгогчоо битгий их шах
“Би хэзээ ажилд орох вэ? Хэр ажиллаад цалин нэмэх вэ?” гээд анхны ярилцлага дээрээ шаардалт гаргаад байдаг хэцүү хүмүүс байдаг. Иймд энэ бүхнийг маш эвтэйхнээр шат дараалалтайгаар хэлэлцээр хийх ёстой.
Ø Мөн орж ирчихээд биеэ бариад, жижигрээд байх шаардлага байхгүй.
Ажил олгогч та 2 ижил төвшинд харилцах ёстой. Чи тэр хүнээс цалин аваад түүнд шаардлагатай юмыг нь хийж өгөх гэж байгаа. Тэр чиний дээр байгаа гэж ерөөсөө үзэж болохгүй. Би ажилд ороод захирлаас үүрэг авч байгаа бол тэр хүний үгийг дагана. Гэхдээ тодорхой зүйлүүд дээр бол, би өөрийгөө түүнтэй ижил түвшинд харьцах ёстой гэж үздэг. Компанийн захирал цэвэрлэгч хүмүүстэйгээ доошоо харж харьцах биш, тэр хүн яг тан шиг тодорхой цалин аваад ажил хийж байгаа. Та 2-ын хийж байгаа ажил л өөр болохоос биш цалин аваад л ажиллаж байгаа. Та бүхэн хүмүүстэй ижил төвшинд харьцах хэрэгтэй. Дээшээ ч бай, доошоо ч бай.
Ø Ярилцлаганд орж ирчихээд их уйтгартай хүмүүс байдаг. Сонирхо! Юм асуу!
Ø Гарахдаа бас анхаараарай
Орж ирэхэд чинь чиний тухай анхны сэтгэгдэл бий болдог. Мөн яаж гараад явсанаар чинь чиний тухай төсөөлөл үлдэнэ. Сайхан гар бариад “Цаг гаргасанд баярлалаа. Хариу хүлээж байя” гэдэг ч юмуу гарч явахдаа сайхан инээмсэглээд гарах хэрэгтэй. Ууртай гарч явж болохгүй тиймээ.

Карьер менежментийн тухай

Зөвхөн нэг ажилд орох тухай бид яриагүй.
Ø Personal management (marriage, kids, diary) буюу хувийн амьдралын менежмент
Ø Professional management (choosing, changing career) буюу мэргэжил, карьерийн менежмент
Ø Social management (choose your friends, clubs and social activities) буюу найз нөхөд нийгмийн харилцааны менежмент
Ø Financial management (plan ahead) буюу санхүүгийн менежмент

Бид хувийнхаа амьдралыг маш сайн удирдаж чаддаг байх ёстой. Карьер менежмент гэдэг бол амьдралаа яаж авч явах тухай бүх зүйлийг хамруулсан ойлголт байдаг. Мэдээж ажлын менежментийг сайн хийх хэрэгтэй: ажлаа сонгохдоо ч тэр, өөрчлөхдөө ч тэр.

Түүнчлэн Social management гэж бий. Нийгмийн эд эс учраас та бүхэн нийгмийн амьдралын хаана нь байх вэ? Найз нөхдөө сонгохдоо болгоомжтой сонгох ёстой. Хүн болгонтой танил байж болно. Харин oйрын найз нөхдөө маш сайн зөв сонго. Болж өгвөл өөрөөсөө илүү мундаг хүмүүстэй найзла. Тэр хүнээсээ энерги аваад тэр хүнээ дагаад өөрөө хөгждөг. Би Цахим Өртөөд байгаадаа маш баяртай байдаг. Надаас дандаа илүү мундаг чадвартай, илүү боловсролтой голдуу ах, эгч улсууд олон байдаг. Тэр хүмүүсийг би дагаад л яваад байдаг. Надад байнга л сайн энерги өгдөг. Тэгэхээр тийм сайхан клуб юмуу олон нийтийн байгууллагад та бүхэн элсэх хэрэгтэй. Гутарсан үед чиний сэтгэлийг өргөөд өгөх, тэр хүмүүсийг хараад чи эрч хүч авна. Тэр клубээ, өөрийн оролцох нийгмийн үйл ажиллагааг сайн сонго. Тэгээд мэдээж карьераа зөв хийх гэж байгаа бол санхүүгийн менежментээ маш зөв хийх хэрэгтэй.

Би (бид) гэж ер нь хэн юм бэ?

Өнөөдөр та энэ өрөөнд сууж байна. 2012 оны 3 сарын 19-ний өдөр. 50 жилийн өмнө ээж аав чинь юу бодож байсан юм болоо? 100 жилийн өмнө бид нар хаана байсан юм болоо? Бид нар бол нэг л ургаж байгаа мод шүү дээ. Та гэдэг хүн үхээд дараа нь таний хүүхэд чинь үргэлжлэл болоод явна. Та бүхэн ээж, аавынхаа үргэлжлэл, өвөг дээдсийнхээ үргэлжлэл гэдгийг сайн санаарай.

Монголчууд бид өнөөдөр хэн юм бэ гэдгээ олоод харчихад гэмгүй. Ялангуяа ажлаа сонгох гэж байгаа залуус.

“Өвөг дээдсээс бидэнд юу өвлөгдсөн юм бэ” гээд бодох ёстой. Бид нар өнөөдөр хаана ирчихээд байгаагаа, цаашаа хаашаа явж байгаа нийгэмд амьдарч байгаагаа бас бодоход гэмгүй. Энэ бол жаахан философийн шинжтэй санагдахыг үгүйсгэхгүй, гэхдээ бодит зүйл мөн.

Уг нь бид сармагчин байсан, дараа нь неандерталь болсон 320 мянган жилийн тэртээ. 6000 жилийн өмнө Сүмерүүд дугуй бүтээж байсан. Пирамидын соёл, Месопотамын соёл иргэншил МЭӨ 3000 жилийн өмнө байсан гэх мэт. МЭӨ 753 жилийн өмнө Ромын эзэнт гүрэн үүсч байсан байна. МЭӨ 700 анхны үндсэн хууль батлагдаж байсан. Буддизм МЭӨ 5 дугаар зуунд үүссэн. Македоны Александр, Юлий Цезарийг киноноос бид үзэж болно. “Яасан гоё кино вэ?” гэж бодохоос гадна, та нар өнөөгийн нийгмийг бий болгоход тэд яаж нөлөөлснийг харах олж харах нь чухал.

Түүхээс бид юуг сурах ёстой вэ? Хоол, усны асуудал юу билээ? IT-ийн асуудал юу билээ? Ногоон эдийн засаг гэж юу билээ?

Чи өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь эх орноо хөгжүүлж буй хэрэг. Монгол гэдэг нэр бол бид бүгдийнх нь овог нэр, family name юм шүү. Чиний угшлын нэр. Чиний сонгодог туйлын оршихуйн нэр гэж би бодож байна.

Өөрийн карьерийн тухай

Сургууль төгссөний дараа миний хувьд их гоё момент байсан л даа. Надад гоё гэрэлтэй ирээдүй байгаа. Ийшээ би яаж хөлөө тавих вэ? Юунаас хийж эхлэх вэ гээд л... Яг л сонголтоо хийж буй та бүхний адил.

Боловсролын салбарын тухайд бол би Aрканзас Их Сургуульд элсч суралцаад цаашаа Деврай Их сургууль, Депол Их Сургуульд сурсан. Цаашдаа Харвард ч юм уу, Жорж Вашингтоны ч юм уу, Сингапур Үндэсний Их Сургуульд дахиад сурах хэрэгтэй гэж боддог.

Карьерийн тухай бодлоо. Америкт сурч байхдаа Холливуудад байдаг Маккдональдс гэдэг хоолны газрын кассын ажилтнаар анх ажлын гараагаа эхэлж байсан. Дараа нь Вол Март дэлгүүрийн кассын ажилтан болсон. Шөнөд нь би шал угаадаг байсан. 3 сар би шалыг нь угаасан. Хоногийн 50 доллараар. Өдөр нь ажиллаад 50 доллар, шөнө нь ажиллаад 50 доллар. Өдрийн 100 долларын орлоготой гэсэн үг. Дараа нь ресторанд зөөгч, туслах менежер г.м-ээр тушаал ахисан. 2000 онд би бүтэн жил ажиллаад их сургуулийн 2 жилийнхээ сургалтын төлбөрийг нэлээд зовж байж хийж байсан. Та бүхэнд өнөөдөр сурахад чинь төр мөнгө өгч байна. Ах дүү нар чинь дэмжиж байна. Харихад төлбөртэй орон сууцанд биш, ээж аавтайгаа ч юмуу ах дүү нартайгаа амьдарч байна гэдэг маш том боломж шүү гэдгийг л би хэлэх гээд байна.

Америкт өнгөрөх цаг, энд өнгөрөх цаг ижилхэн. Тэр тусмаа өнөөдөр дэлхий хавтгай болсон. Америкт байгаа залуучуудын авч байгаа мэдээллийг та бүхэн интернетээс авчих бүрэн боломжтой. Харвардын Их сургуулийн мэдлэгийг уг нь олж авах амархан гэж байгаа. Харвардын Их Сургуулийн оюутнуудын үзэж байгаа номыг интернетээс худалдаад авч болно. Уншаад ижилхэн мэдээлэл авах бололцоотой. Харвард дахь семинар, хэлэлцүүлгийн төвшин өөр гэхээс биш эдийн засаг бол эдийн засаг хууль бол хууль. Хаана ч ижилхэн.

Тэгээд сургууль төгсөөд Оракл компани, Чикагогийн түүхий эдийн хөрөнгийн биржид IT программистаар тэнцэж орсон ч ажилын визний хүрэлцээнээс хамаарч гарч байсан. Энэ болгонд би сураад явсан. Тэгээд мэргэжилээрээ эрүүл мэндийн технологийн компанид жил гаран ажиллаад, дараа нь өөр нэг компанид 2 жил ажиллаад Монголдоо ирсэн. Ирээд NTV-д албаны дарга хийсэн. Дараа нь Моннис компанид газрын дарга хийгээд одоо дэд захиралын алба хашдаг. Энэ болгонд дараалал бийг та бүхэн анзаарч буй биз ээ.

Юмыг алгасаж болдоггүй

Тэгэхээр би та нарт юу хэлэх гээд байна вэ гэхээр, юманд шат дараалал гэж заавал байдаг. Алгасаж болдоггүй. Сургууль төгсөнгүүтээ жижиг компанийн захирал болсон улсууд байдаг л даа. Тэр бол зүгээр, гэмгүй. Антрепренёрууд тийм байдаг. Гэхдээ нэгэнт захирал болоод 2-3 жил компаний захирал хийчихээд дараа нь нэг компанид мэргэжилтнээр орох боломж маш бага байдаг. Эвгүй биздээ? Захирал байж байгаад нэг газар мэргэжилтнээр оръё гээд... Цалин чинь буурна, нэр хүнд чинь бууна. Иймд карьераа хаанаас эхлэхээ сайн бодож, төлөвлөх ёстой. Та нар ажлыг их бага гэж бүү голоорой. Би кассчин, рестораны үйлчлэгч, рестораны туслах менежер хийж байхдаа ҮЙЛЧИЛГЭЭ гэдэг зүйлийг, техникч хийж байхдаа, программист хийж байхдаа МЭРГЭЖИЛТЭН гэж юу болох тухай хамгийн их зүйлийг сурсан. Урд нь нэг газар лекц хийхэд оюутнууд Та эргэж яваад аль нэг ажлаа солих байсан уу гэж асуусан. Би үгүй, би бүх ажлыг нь дахиад л хийх болно гэж хэлсэн. Тэр ажлуудыг би хийж үзсэн учраас өнөөдөр би цэвэрлэгч хүний ажлыг мэднэ. Техникч хүний ажлыг мэднэ. Миний доор ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлыг би өөрөө маш сайн мэднэ.

Эдгээр ажлуудыг хийх хугацаанд бизнес процессыг маш сайн ойлгох боломжтой болдог. Энэ үед харилцах чадвар тань бий болдог. Олон янзын хүнтэй харилцах чадвар, хүнд үйлчлэх чадвар тань хөгждөг. Юманд шууд хүрч болохгүй, шатаар нь яваарай.

Миний бичгийн чадвараа хөгжүүлэхийн тулд хийж байсан хобби маягийн зүйл маань нэг мэдсэн чинь ном орчуулдаг болж сүүлдээ publisher болж эхэлсэн. Хоббигоо бизнес болгож бас болно. Энд төрөлх монгол хэлээ маш сайн эзэмших ёстой гэж хэлмээр байна. Би одоо болтол монгол хэлээ байнга хөгжүүлэх ном зохиол уншдаг. Ринчен гуайн зохиол гэх мэт. Гадаад хэлний чадвараа ч гэсэн байнга сайжруулахыг хичээдэг.

Манай Цахим өртөөнийхөн байна. Бид мод тарина. 10 жилийн ойгоо хийлээ. 10 жилийн өмнө эхэлж байсан үйл ажиллагаа өнөөдөр бид дээд сургууль хамтдаа байгуулах хүртэл өргөжиж байна. Бидний хэн нь ч нэг төгрөгний, нэг долларын ашиг хийе гэж бодоогүй. Ерөөсөө монголд байгаа залуучуудтайгаа хамтдаа хөгжөөд сурсан мэдсэн юмаа заая гэсэн эрмэлзлээр энэ өрөөнд зогсож байна. Тиймээс олон нийтийн ажилд сайн оролцоорой, манлайлаарай.

Өөр бас бус чухал зүйлс

Ø Онц сурдаг оюутан бай. Баахан дунд авсан бол “надад ажил олдсонгүй ээ” гэж хэлэх эрхгүй болно. Та өөрийнхөө үүргийг биелүүлээгүй байна шүү дээ. Өнөөдөр ажлын байр зах зээлд хэр их байна гэж боддог вэ? Бага байна гэж боддог уу? Ажил уг нь их байгаа шүү дээ. Та дундаас нэг хоёр нь бас маш өндөр цалинтай газар орно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Үе үед л тийм хүн байдаг.

Ø Нэг компанид минимум 1-2 жил ажиллах ёстой. Битгий түүнээс бага хугацаанд ажиллаарай. Хэдэн сар ажилчихаад солиод яваад байх маш муухай харагддаг. Юм сурдаггүй, компанидаа ч юмаа өгдөггүй.

Ø Ажил дээр өөрийгөө байнга нотолж байгаарай. Хамт ажиллагсаддаа, удирдагчиддаа, мөн өөрөө өөртөө өөрийгөө нотлоно гэдэг маш чухал.

Ø Алдаа битгий хий. Манайхан нэг албан бичиг хийсэн ч заавал алдаа хийдэг. Би тийм зүйлд дургүй. Юм чамбай байх ёстой. Яагаад гадаадынхны хийсэн хэвлэлийн ном, тэдний бичсэн албан бичиг тийм гоё байдаг юм бэ? Яагаад монголчууд бид албан бичгээ ч бичиж чадахгүй байна вэ? Энэ нь тэд нартай өрсөлдөх асуудал хол байна гэсэн үг биш үү? Миний доор байгаа улсууд албан бичгээ алдаатай бичээд ирэхэд нь би манай гадны томоохон харилцагчдаас ирж байгааг нь харуулдаг. “Та нар хариу болгож ийм захиа явуулж байна. Та нар компанийхаа нэр хүнд, өөрийнхөө нэр хүнд, цаашилбал эх орныхоо нэр төрийг бодох хэрэгтэй” гэж хэлдэг. Одоо бүгдээрээ гоё бичдэг болсон. Тэгэхээр тэр сэтгэлгээг бид нар өөрчлөх хэрэгтэй. Залуудаа юмыг төгс төгөлдөр хийж сур. Юм болгоныг гараас гарга.

Ø Сургууль, ажил гээд бүх зүйл цагтаа байх ёстой.

Амьдрал өөрөө deadline юм. Бүх зүйлд цаг бий. Сургуульд бид ганц зүйлийг маш сайн сурдаг гэж нэг найз минь хэлж билээ. Тэр юу гэвэл цаг барих! Ерөнхийдөө онц сурахад амархан санагддаг. Цагтаа даалгавраа өгөөд байхаар бараг 80, 90 хувийн сайн дүнгээ авчихдаг.

Ø Lead or follow. Бусдыг удирд! Бусдыг бас дагавал дагасан шиг сайн дагах хэрэгтэй. Баг хамт олноор ажиллана гэдэг нь зусардахын нэр биш. Багийн сайн гишүүн, сайн тоглогч байх нь Манлайлагч болохын үндэс. Багийн сайн гишүүн хүн сайн удирдагч болдог.

Цахим Өртөө дээд сургуулийн Career Center-ийн нээлт - 2012 оны 3 сарын 19

9.02.2011

Цахим Өртөө Дээд Сургуулийн нээлтэн дээр хэлсэн үг

2011 оны 9 сарын 1-ны өглөө 10.00 цагт

1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар их зохиолч Д.Нацагдоржийн Хуучин хүү өгүүллэгт гардагчлан Монгол орныг бүрхсэн хөмөрсөн тогоо сөхөгдөж, Монгол улс ЗХУ-ын дагуул орон байхаа болив. Харин энэ удаа "Хөх Монгол Улаан" болсон бус "Улаан Монгол эргээд Хөх Монгол" болсон билээ. Энэ үеэс Монголчууд бага багаар барууны ертөнцийн их дээд сургуульд суралцаж, эхнээсээ хуруу дарам цөөн хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй компани, институтуудэд ажиллах болов.

Бүгдээрээ түр хугацаанд 1999 он руу эргэн зочлоё. Алдарт Гүүгл төрөөгүй, Фэйсбүүк сураггүй, дэлхий даяар хүмүүс интернэтэд 56kbps -ийн утасны модемоор холбогддог, нэг сайн фото зураг ч багтаах боломжгүй 3.5 инчийн уян диск хэрэглэдэг байсныг та бүхэн сонсвол гайхах болов уу. Өнөөдөр Google-ээр МОНГОЛ гээд хайхад 330 000 000 материал олдож буй бол тэр үед Altavista хайлтын системээр МОНГОЛ гээд хайхад 30 хүрэхгүй илэрц гардаг байв.

Барууны орнуудад харьцангуй цөөн монголчууд байсан тэр үед интернэтийн МОНСТУДНЭТ чаат өрөөнд хоёр сайхан монгол залуус танилцжээ. Тэд бол тухайн үед Их Британы Кингстоны их сургуульд эконометрикс сэдвээр магистрантаар суралцаж асан Дашзэвэгийн Цэрэнбат, АНУ-ын Массачуссетсийн Технологийн дээд сургууль, Харвардын их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн мэдээллийн технологийн лабораторид постдокторант хийж асан Др. Ширчингийн Баатар нар юм.

1999 оны 5 сарын 31 нд тэд дэлхийн 7 оронд тархсан 27 гишүүнтэйгээр Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ имэйл сүлжээг байгуулжээ. Энэ сүлжээнд өнөөдрийг хүртэл дэлхийн 60 гаран оронд тархан суусан 4000 орчим монголчууд, монголч түмэн өөр хоорондоо техник технологи, улстөр, эдийн засаг, түүх, философи, урлаг, нийгмийн бусад олон сэдвээр үзэл бодлоо солилцож, өөр өөрийн очсон орны сонин хачин, соёлын шокоос хуваалцаж, эх орныхоо хөгжлийн талаар ам булаалцалддаг хэвээр. Өнгөрсөн 12 жилийн турш бидний солилцсон имэйлийн тоо 100 000 хол давсан байдаг бол орж гарсан гишүүдийн тоо 30 000 хүрдэг. Цахим өртөөний гишүүд бие биеэ анд, өртөөчин гэж дуудалцдаг.

Цахим өртөөчидийн үүсгэсэн Tsahimurtuu.mn вэбсайт Olloo.mn (2004), News.mn (2009) сайтуудаас даруй 5-10 жилийн өмнө үүсч, тухайн үедээ монголын интернэт дахь мэдээллийн гол вэбсайт болж байв. Бидний гаргасан Цахим Улаач сэтгүүл монголын хамгийн анхны онлайн сэтгүүл байсан төдийгүй, монголын иргэний сэтгүүлзүйн суурийг тавилцсан мэт.

Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүд зөвхөн имэйл солилцож суухын оронд тодорхой бодит алхамуудыг хийе хэмээн Цахим Өртөө Холбоог 2005 онд байгуулав. Байгуулагдсанаасаа хойш бид гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрх, давхар иргэншлийн асуудлаар төрийн удирдлагад дуу хоолойгоо өргөн тэмцэж, Вашингтон, Сан-Франциско, Сөүл зэрэг хотуудад гадаадад суугаа Монголчуудад зориулсан ажлын яармаг, цуврал лекц, ДОX-ын эсрэг аянг зохион байгуулж, интернэтийн хэрэглээ, Монгол угсаатны тухай ном товхимол хэвлүүлж, Монгол туургатнаа дэмжих хазара оюутны тэтгэлэг, Монголын 7 гайхамшиг зэрэг олон төслийг санаачилж ирсэн.

Та бүхний суралцах гэж буй Цахим Өртөө Дээд Сургуулийг үндэслэгч Цахим Өртөө холбоо ТББ нь өдгөө АНУ, Их Британи, Япон, Австри, Австрали, Герман, Нидерланд, Солонгос, Швед, Швейцари, Финлянд, Монгол зэрэг дэлхийн 12 оронд 108 гишүүнтэй. Гишүүдийн 95% нь өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд 38 доктор, 60 магиструудыг багтаасан монголын шинэ үеийн сэхээтнүүдийн олонлог болсон байгуулага юм.

Дээрх түүхийг өгүүлэгч миний бие 1999 онд яг л та бүхэнтэй адил 18 настай байлаа. 1999 оны хавар АНУ-д дунд сургууль төгсөөд хэд хэдэн гайгүй их сургуульд тэнцсэн боловч халаасандаа мөнгөгүй байсан тул Лос Анжелесийн 2 жилийн хямдхан коллежид элсэн оров. Гэвч багын найзаасаа зээлсэн 200 доллараас өөр мөнгөгүй байсан тул мөн л 2000 долларын сургалтын төлбөрөө төлж чадалгүй бүтэн 1 жил хар бор ажил хийх шаардлага гарсан билээ. Ингээд намар нь Цахим өртөө сүлжээнд хамгийн залуу гишүүн болж элссэнээр ажил, амьдралын томоохон их сургуульд суралцах замаа тавьсан. Өнгөрсөн хугацаанд миний бие Цахим өртөөний олон оронд тархан суусан, дэлхийн түвшний мэдлэг хуримтлуулсан ах эгч, анд найз нараасаа олон төрлийн сэдвээр маш их зүйлийг сурч, одоо ч тэднээсээ суралцсаар л явна. Цахим өртөөнд 12 дахь жилдээ Та бүхэнтэй ХАМТ суралцахаар болж буйдаа би туйлын баяртай байна.

Тийм ээ. Өнөөдөр Монголын ирээдүйг тодорхойлох залуус Та бүхэн Цахим өртөө “их сургуульд” элслээ.

Та бүхэн харин нэг л зүйлийг сайн санаж яваарай. Цахим өртөөний олон мянган гишүүд харь нутагт хүнд хүчир ажил хийж, түмэн зүйлийн бэрхшээлтэй тулж, мэдэхгүй хэлээ сурч, харийн соёлын цочролд өртөж, эх нутгаа санаж, аав ээж ах дүү нараасаа хол байсан. Өнөөдөр зарим нь Мicrosoft, Oracle, Google, Yahoo компанид ажиллаж, дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний институтүүдэд ажиллаж, томоохон их дээд сургуульд багшилж буй. Гэхдээ тэдний туулсан зам дардан байгаагүй юм шүү. Тэд зөвхөн чин зоригтой байж, асар их хөдөлмөр, тэвчээрийн дүнд одоо буй амжилтандаа хүрсэнийг та бүхэн сайн санаж, дор бүрнээ хичээгээрэй.

Түүнчлэн Цахим өртөөчид ямар ч хүнд хэцүү үед зөвхөн улс үндэстнийхээ төлөө, ухамсарт амьдралын гэгээлэг, зөв бүхний төлөө тэмцэж, эрдэм номыг эрхэмлэн өөр хоорондоо үзэл бодлоо уралдуулж, эв эеийг эрхэмлэж бие биеээсээ суралцаж ирсэн билээ.

Цахим өртөөчид өнгөрсөн 12 жилийн турш аливаа улстөрийн хүчнээс ангид, олон ургальч, нээлттэй байх зарчмуудыг баримталж, Соёлт нийгэм, Шударга ёс, Xүний зөвт-эрх, Ардчилсан нийгмийн үзэл үнэт зүйлийн төлөө хамтдаа алхсан юм.

Энэ бүхнийг бид Цахим Өртөөч Үзэл санаа, Цахим Өртөөний Үнэт зүйл гэж үздэг. Цахим өртөөний үнэт зүйлийг хүндэтгэж, МӨН ЧАНАРЫГ нь ойлгож чадсан хэн бүхэн улс орныхоо хүндтэй иргэн, дэлхийн энх тайванч, байгаль орчноо хамгаалагч, шударга ёсыг сахигч, өндөр ёс суртахуунтай, Монгол орны хөгжлийн хөтөч болсон дэлхийн хэмжээний мэргэжилтэн, их өвөг дээдсийнхээ гэрээсийг биелүүлэгч, ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН байна гэдэгт бид итгэдэг.

Цахим Өртөө Сүлжээний үе үеийн олон мянган гишүүд, элэг нэгт ах эгч нарын тань өмнөөс, уг сургуулийг үүсгэн байгуулагч Цахим Өртөө Xолбооны нэрийн өмнөөс, тус сургуульд гадаадын олон орноос багшлах Xолбооны эрхэм гишүүд, Цахим Өртөө Дээд Сургуулийн Улаанбаатар дахь хамт олон, багш нарын нэрийн өмнөөс Хөх Монголын цоглог залуус Та бүхний эрдэм номын ИХ ҮЙЛСТ амжилт хүсье! Цахим өртөөчин болсон та бүхэндээ халуун баяр хүргэе!

Монгол орон мандтугай!

Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга
Даваабатын Сайнбаяр

Цахим Өртөө Дээд Сургууль
Улаанбаатар хот, Монгол улс

3.31.2011

Social Science 101: Political Ideologies - Do we have one?

Aсуудлын гол нь бидэнд үзэл баримтлал, хөгжлийн бодлого, манай намуудад улстөрийн идеологи гээч зүйл байна уу? Эдгээр намуудын "үзэл баримтлалд" ялгарал бий юу?

Би улстөрч биш. Намын гишүүн бол бүр биш. Гэхдээ улстөрийн амьдралыг зав гарвал анхааралтай ажиглахыг хичээдэг. Яагаад гэвэл хөгжлийн эриний босгон дээр ирээд буй Монгол оронд маань намуудын үзэл баримтлал, чиг шугам, улстөрийн шийдлүүд маш чухал бөгөөд та бидний амьдралд шууд нөлөөлдөг тийм цаг үед амьдарч буй учраас. Хэрэв бид Шведэд амьдарч байсан бол өөр хэрэг л дээ.

"Мэдлэгийн эдийн засаг - номын клуб" - т голцуу Цахим өртөө ба ЭМОС клубын андууд цуглаж, Баасан гаригийн өглөө бүр урьдчилан сонгосон номын жагсаалтаас нэг нэгээр шилж уншсан номоосоо тойргийн журмаар товчлол бэлтгэн ирж танилцуулдаг бөгөөд түүний дараа бяцхан хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. YouBe city-д замын түгжрэл их, өдрийн цагаар хүмүүс их завгүйг харгалзан бид өглөө 7 цагаас уулздаг юм. Энэ бол өөр олон газар хэрэгжүүлүүштэй зөв туршлага мэт санагддаг. Өнгөрсөн хоёрдугаар сард би бараг 10 жилийн өмнө коллежийн Social science 101 хичээл дээр уншиж байсан нэг номоо дахин нэг эргүүлж Улстөрийн үзэл баримтлал гэж юу болох талаар бяцхан танилцуулга хийсэн юм. Та бүхэнтэйгээ хуваалцая хэмээн блогтоо тавьлаа. Санаа оноо байвал цучил нэмээрэй.