6.16.2023

The new Honorary Consul of the Republic of Lithuania in Mongolia has started its activities

On 14 June in Ulaanbaatar, the capital of Mongolia, the Ministry of Foreign Affairs handed over an Exequatur (the host country's permission for the head of a consular office or another official to start his duties) to the new Honorary Consul of the Republic of Lithuania in Mongolia Mr Sainbayar Davaabat. The procedure of appointing an Honorary Consul of our country in this Asian country was completed and Lithuania has its representative in Mongolia again. 

 Citizens of Lithuania who need urgent consular assistance, business advices or other information while in Mongolia, please contact the Honorary Consul at Ayud Tower, 12th floor, Olympic Street 5, Sukhbaatar district, Ulaanbaatar 14241, Mongolia, tel. +976 7000 9339, email sainbayar@sayancorp.com. 

Newly appointed Honorary Consul Sainbayar Davaabat is a serial entrepreneur and the founder of SAYAN Holdings with a diverse portfolio of businesses in real estate, media, transportation, and ICT. In addition to his successful career in the private sector, he has served as an Advisor to the President of Mongolia and a Member of the Economic Council under the Prime Minister's Office. He was honored with the Forbes 40 under 40 (Mongolia) in recognition of his entrepreneurial prowess and initiatives aimed at driving positive societal change.

Source: Ministry of Foreign Affairs of the Republic of Lithuania
https://mfa.lt/default/en/news/the-new-honorary-consul-of-the-republic-of-lithuania-in-mongolia-has-started-its-activities-

11.07.2019

ЗАЛУУС АА, ИРЭЭДҮЙГЭЭ ГАРТАА АВЦГААЯ!

#ӨВЧИН Монголын нийгмийн хамгийн ёс зүйгүй үйлдэл, хамгийн бохир хуйвалдаан, хамгийн том дээрэм, хамгийн шударга бус явдал, хамгийн том урвалт, хамгийн ичгүүргүй бэлгийн дарамт нь гэр хорооллын харанхуй гудамжинд биш харин Tөрийн ордон, эрх барьж ирсэн хоёр намын байранд, тус намуудын авилгалын пирамидыг дамжиж бэлтгэгдсэн, үеэ өнгөрөөсөн улстөрчид, УИХ-ын гишүүд, сайд дарга нараас ямагт гарч байдгийг та анзаарсан уу? Худалч, хулгайч, дээрэмчин ТҮШЭЭД, УЛСТӨРЧИД бол Монголын нийгмийг сульдуулж, хөгжлийг чангааж буй ӨВЧНИЙ голомт юм.

Телевиз асаахад л дээрх #ОНОШ үнэн болох нь нотлогдоно. Үдшийн эфир, сонингийн нүүрийг тэдний төлбөрт мэдээ, зальжин яриа, хуурамч төрхүүд бүрхэнэ. Нийгмийн бүх давхаргыг хамарсан уур бухимдлын гол эх сурвалж нь тэдний гаргасан шийдвэр, хамсаж хийсэн гэмт хэрэг, ёс зүйгүй авир, тавилтат жүжгүүд байдаг.

Хотын гудамжаар алхах бүрт тэдний шунаг сэтгэлээс үүдсэн гажуудал, хулгайлагдсан газар, үрэлгэн бүтээн байгуулалт, газрын наймааны золиос болсон нийтийн эзэмшлийн талбайнууд таарна. Сагс, хөлбөмбөг, тоглоомын талбайгаа алдсан сургууль, цэцэрлэг, орон сууцны хорооллууд, жил бүр “тендер”-дүүлж шинэчлэгддэг замын хайс, заавал хэдэн хавтан дутуу шахаж үлдээдэг явган хүний “шинэ” зам, хараагүй иргэдийг хорлохыг зорьсон мэт замд нь босгосон гэрлийн шон, авилгалын “цамхагууд” гээд үргэлжилнэ...

Хот төлөвлөлтгүйжүүлэлтийн газрын тарьсан гавьяа Улаанбаатарын өглөөг амны бузaр, стрессээр эхлүүлдэг юм. Ажилдаа яарсан иргэд энэхүү “хот төлөвлөлт”-д амжилттай бөглөрч, биесийнхээ урдуур дайрч, үгийн муухайгаар хараалцаж, шаардлага гарвал заамдалцаж, ажлын өглөөг уур бухимдлаар угтана. Үдшийн бүрийд гэрийн зүг бөглөрөнхөн гэлдрэхдээ энхрий хайрт төр засагтаа “баярласан” сэтгэлээ дахин дахин чагнаалдаж илэрхийлцгээнэ. Бидний сонгосон төр, бидний залсан түшээдийн “орк зураглал” дунд дуу дуугаа авалцан чагнаалцалдах нь ард нийтээрээ “чагнаал нижигнүүлэн” алга ташиж, төрдөө “талархаж” буй хэлбэр гэлтэй.

Багадаа тоглож өссөн “Хүүхдийн парк”-ыг гатлаад алхах явган зам иргэд бидэнд ногдсонгүй. Төр маань нэг л мэдэхэд нийтийн талбайг хашаад, нэг л мэдэхэд “зарчихсан” байдаг. Амлалт өгч гарсан “төр” өнөөдөр газрын эрэлд хатаж байна. Нөгөө мундаг мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг барина гэж амлажээ. Гэтэл цэцэрлэг барих сул газар төрд өөрт нь ч үлдээгүй аж. Авлигач төр өөрсдөө нийтийн эзэмшлийн талбайг дээр дооргүй зарж идээд, дуусгажээ.

“Зарагдсан ирээдүйтэй” хүүхдүүдийн дийлэнх нь цэцэрлэгт биш, цоожтой гэрт сууж байна. Дунджаас арай дээгүүр давхарга амьдардаг газрын наймааны голомт (Цэцэрлэгт хүрээлэнгийн ар хэсэг) буюу Баянзүрх дүүргийн 26-р хорооны 133-р сургуулийн хүүхдүүд өнөөдөр өөрийн байргүй тул хувийн сургуулийн нэг буланд 4 ээлжээр хичээллэж байна. Энэ удаа аль нэг намын захиалгаар биш, харин 1800 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл 2 ээлжтэй болгож өгөөч гээд талбайд жагсах аж. Тэдний жагсаалыг тоож байгаа ч хүн алга. Эхнээсээ эх хэлээрээ зөв ярьж, алдаагүй бичдэг арван жил байтугай, их дээд сургууль төгсөгч ховордсоныг хаа сайгүй шагшин гайхна. Цэцэрлэгт суугаагүй, дунд сургуульд 4 ээлжээр хичээллэж буй хүүхдүүдийн чадварыг буруутгах эрх бидэнд бий юу? Ер нь энэ бүхэнд хэн буруутай юм бэ?

#Тэд гэж хэн бэ? Тэд төрийг эзэгнэх гэж 60 тэрбумын схем зурдаг. Тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлж ядуурлыг өөгшүүлдэг. Тэд Монголдоо авчирсан нэрээр 49 хувийг нэг л мафид өгөхийг санаархдаг. (Гээд төрд 100% үлдсэн ч тэд нийлээд шахна, нийлээд тононо. Тэгж ч ирсэн) Угтаа хэн нь ч ялсан бай, иргэдэд ямар ч наалдац байхгүй. Нэг дээрэмчнээс нөгөөд л шилжинэ биз?

Тэдний шунал хэзээ ч ханадаггүй. Тэд ЖДҮ-г өөрсдөдөө авч энтрепренер залуусын өрнүүн мөрөөдлийг багалзуурддаг. Төрийн түшээгийн албан тоот дээр гарын үсгээ зурж, тендерийн комиссын шийдвэрт хууль бусаар нөлөөлж, өөрсдийн ах дүүд ЖДҮ авч өгснийгөө тэд буруу гэж огт үздэггүй, харин ч зөв гэж боддогоо телевизийн бүх сувгаар нүүр бардам илтгэнэ.

Тэд иргэдийн татвараас хулгайлсан мөнгөө банк бус, ломбардаар дамжуулан ЖДҮ авч чадаагүй иргэдэд өөрсдөд нь хүүлж, хэд нугалж суугаа. Хүү нь хэд гэж бодож байна? Ингэж ард түмний халааснаас суйлсан мөнгөө намдаа хандивлаж, нэр дэвших эрхээ баталгаажуулна. Үлдэгдлээс нь урьдын адил сонгогчдод тараана. Нэг ёсондоо өөрсдийн нь мөнгийг өөрсдөд нь хүүлж ашиг хийгээд, багахан хэсгийг өөрсдөд нь “хишиг хүртээх” маягаар өгч дахин гарч ирнэ. Тогтоод удаж буй л цикл. Андуурчиж... Сая шууд буцаагаад өгчихлөө... Эрдэнэт дүүгээ таниагүй явж... хэмээн даапаална. Даапаалсаар л...

Ердөө 5000-6000 санал аваад гарч ирсэн энэ нөхдүүд бол үнэтэй цаг, жийп мэтхэнээр биеэ чимдэг жинхэнэ оркууд бөгөөд дийлэнх нь гэмт хэрэгтнүүд юм. Тэд хууль тогтоох дээд байгууллагад очоогүй байхдаа л хуулиа зөрчөөд эхэлчихсэн байдаг. Эхлэл нь булингартай. Сүүл нь бүр их булингартай. Тэд бол хэдхэн мөчийн өмнө кнопдож босгосон хуулиа, чуулганы хаалга давуут эсрэг кнопдож унагадаг, хуруугаа ч залах толгойгүй, авлигач системийн эрэг шураг болсон хуванцар кнопнууд юм. Тэд бараг кноп дарах болгондоо ард түмний эсрэг үйлдэл хийж суудаг. Тэдэнд хувийн эсвэл намын эрх ашиг гэж байхаас эх орны эрх ашиг гэж огт байхгүй. Тэдэнд дахин сонгогдох нь чухал болохоос таны, бидний амьдрал огт хамаагүй.

Тэдний ихэнхи нь хоорондоо мөнгө, хам хэргээр гинжлэгдсэн бөгөөд өөрсдийн гагнасан гинжнээсээ салж чадахаасаа нэгэнт өнгөрсөн, нэг нь унавал дагаад унах даалуунууд төдий юм. Ёсзүйн дээд оргил нь байх ёстой Үндсэн Хуулийн Цэцийн дарга нь солонгос үйлчлэгчийн өгзөг базаад дэлхий даяар Монголыг “сурталчилж” явна. Бас л нахальны байгаа биз? Буруу онгоцонд буруу үндэстний өгзөг базсан тулдаа баригджээ. Олон хавар нэгэндээ. Дээр нь хөх тэнгэр байдаг гэх Цэц, тэдний даргын үйлдэл, түүнийг томилдог намын тогтолцоо, тогтолцоог бүрдүүлдэг дээрх улстөрчид бол Монгол төрийн ялзрал, илаарших ёстой өвчний голомт мөн.

Дээрх оношийг мөрөөрөө ажлаа хийгээд яваа дунд үеийнхэн, тэтгэвэрт гарсан ахмад үе, аж ахуй эрхлэгчид, Нарантуулын хөдөлмөрчид, Солонгосын визэнд оочирлож буй мянга мянган залуус, тэдний дунд ТОЛГОЙ ГУДАЙН зогсож буй хөөрхий эмч, багш нар, таксины жолооч ах нарын хэн нь ч оноод хэлж чадна. Гадаадад суугаа 170 000 монголчуудаас ч бас асуу. Тэд яагаад буцаж ирдэггүйгээ хангалттай тайлбарлаад өгнө. Өдөр бүр залуус гэр бүлээ аваад энэ орноос дайжсаар...

Бэртэгчин сэхээтнүүд маань хэдэн ухаантай харагдах үг жиргэж, хэдэн тал болж биесээ хэмлэж суухаас өөрөөр бол үйлдэл хийхгүй. Тэдэнд тийм зориг байхгүй. Яагаад гэвэл тэд алдах юмтай дундаж сэхээтнүүд. Нэг үнэн үг хэлчихвэл хэн нэгэн улстөрчийн уурыг хүргэнэ, хэн нэгэн фракцын эрх ашигт халдана. (Яг одоо энэ постыг бичсэний дараа зарим нь дэмжиж LIKE дарсан ч, хэсэг нь над руу бүлэглэн дайрна. Зүгээр ээ, над руу, нөхөд рүүгээ, үе рүүгээ чулуугаа шидэцгээ. Нэр хүндийг минь гутаацгаа. Дуртай шошгоо зүү. Хужаа гэж нотлох аянд мордоцгоо. Гэхдээ би үнэнийг хэлснийхээ төлөө хэнээс ч уучлал гуйхгүй!)

#ЭМЧИЛГЭЭ Одоо яах вэ? Дээр нь хөх тэнгэр л бий гэж хол андуурдаг энэ авлигачдыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Эд нар улс орныг удирдаж чадахгүй гэдгээ өдөр бүр ӨӨРСДӨӨ нотолж байна шүү дээ. Сая өөрсдийнхөө саналаар ашгүй огцрох дөхлөө. Систем ӨӨРИЙГӨӨ НУРААЖ эхэлж буй нь тэр юм. Иймд хоёр үг хэлээд төгсгөе.

Хоёр намын алдарт ах нар, хүнд гарууд аа!

Залуус бид та нарын 60 тэрбумын схем, 49 хувь, концесс, ЖДҮ, өөр олон ил далд хэргүүдийг чинь үнэхээр жигшиж байна. Та нар бүгд биш гэхэд ихэнх чинь гэмт хэрэгтнүүд болох нь тодорхой болчихлоо. Савангийн дуурь, тавилтат жүжгүүдээс чинь ард нийт залхаж байна. Эцэстээ та нар хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй боллоо. Одоо хангалттай биш үү? Үтэр түргэн зайлцгаа. Өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хамтдаа үүрээд явцгаа. Алдаа оноог тань түүх шүүг. Нэмж гай бас гавьяа тарихгүйгээр зүгээр л явцгаа. Онгоцондоо суугаад (өгзгөнд гар хүрэхгүйгээр), үр хойчоо бодоод чимээгүй алсран одоцгоо. Иргэд та нарыг сонгож ханалаа. Баярлалаа. Баяртай!

Залуус аа!

70, 80-аад оныхоон! 90, 2000-аад оныхоон! Ирээдүйгээ хэн нэгнээр зуруулах биш, харин бид өөрсдөө зурж, хойч үеийнхээ хувь тавиланг өөрсдийнхөө гарт атгах цаг иржээ! Одоо ах нар гэж, төрийн түшээд гэж, тэдний нэрийг дурсаж, тэднийг баясгахаа зогсооцгоо! Тэднийг гэж дээшээ бүү хар. Тэр дээр хэн ч байхгүй. Заавал харах ёстой бол тэднийг дээрээс нь харж зогс!

Сошиал медиагийн анд минь, намайг хүндэлдэг, бас над руу давшилдаг анд минь! Одоо чи дээшээ биш хажуу тийшээ харах цаг чинь болжээ. Мөр зэрэгцэн зогсож буй залуу үедээ итгэ. Өөр хэнд ч биш чи зөвхөн өөртөө, залуу үедээ итгэ! Ядаж л үзээд алд! Монголын залуус бид нам, шашин, үзэл бодол, хүйс, бусад олон ялгаагаа хойш тавиад мөр зэрэгцэн нэгдэж, өөрсдийн хүчинд итгэж чадвал:

Үндсэн хуулийн хүрээнд, 2020 оны сонгуулиар үеэ өнгөрөөсөн, авлигач улстөрчдийг алга эргүүлэхийн хооронд байх ёстой газар нь буулгах их хүч бидэнд л бий. Бид хамтдаа чадна! Сонгуульд оролцдоггүй 18-30 настнуудын 70% нь саналаа өгөхөд бүх зүйл өөрчлөгдөнө. Хамтдаа алхаад саналаа өгцгөө!

Яагаад та бүхэн саналаа өгөөгүйг би мэдэж байна. Яагаад гэвэл надад ч тийм сонголтгүй үе олон тохиолдсон. Хамгийн гол нь энэ удаа чамд сонгож болохуйц тэр хүн чинь олдоно. Тийм сонголттой байхын төлөө хамтдаа тэмцэцгээе. Ихэнхи тохиолдолд АН, МАН, МАХН намаас шигшиж, нэр дэвшүүлсэн гарууд нь сонголт хийхэд ямар ч ялгаагүй новшнууд байж таарсан юм. Тэд зөв хүмүүсээ системтэйгээр нухчин дарж, зөвхөн цөөн тооны залуусыг реклам болгож нэр дэвшүүлж ирсэн. Залууст сонгочихмоор хүнийг тэд санал болгодоггүй. Тийм ч учраас та нар саналаа өгдөггүй.

Монголын гэрэлт ирээдүйг залуу үе бид ХАМТДАА цогцлоож чадна! Түүхийн турш Монгол залуус тэгсээр ч ирсэн. Гэхдээ өмнөх үеийнхэн алдаа оноотой ч “ачаагаа үүрсэн” гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ. Гэгээлэг бүхэнд талархах сэтгэл бидэнд бий ч төрийн дээр гэмт хэргээр гинжлэгдсэн түшээдээс дахиад юу ч хүлээх хэрэггүй юм. Одоо тэдний тэнхээ барагджээ. Ирж яваа цагийн дууг тэд биш харин бид дуулж, ачааны хүндийг үүрэх цаг ирсэн.

Чи хүссэн намаасаа, эсвэл бие даан нэр дэвш! Аль нам олонхи болох нь бидэнд падгүй ээ. Угаасаа ялгаагүй юм билээ. Одоо хангалттай! Харин намын харьяалалтайгаас үл хамаарч ЗӨВ ЗАЛУУЧУУД ОЛОНХИ болох ёстой юм байна! Бүгдээрээ СОНГОЛТТОЙ БОЛЦГООЁ! ӨӨРСДӨӨ НЭР ДЭВШИЖ, ӨӨРСДӨӨ СОНГОЖ, улс орноо УУХАЙЛАН хөгжүүлцгээе! Өөртөө, өөрсдөдөө, үеийнхэндээ бид итгэх хэрэгтэй. Чи чадна! Бид чадна! Бид хамтдаа чадна!

Иргэн Даваабатын Сайнбаяр /2019.11.07/ @dsainbayar

11.15.2018

Д.Сайнбаяр: Эрх баригчид иргэдийн мөнгийг хулгайлаад, эргээд саналыг нь худалдаж авдаг нь ЖДҮ-гээр илэрлээ

Нээлттэй АН - Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Сайнбаяртай цөөн хором ярилцлаа. 

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, эсвэл  Ерөнхий сайдынхыг нэмэх үү. Таны бодлоор засаглалын аль хувилбар нь оновчтой юм бэ?   
-Ерөнхийлөгчийн  засаглал руу шилжих тухай зохион байгуулалттай улс төрийн шуугиан их үүсч байна. Гаднын захиалгатай байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бужигнаан, нийгэмд буй хардалтыг намжаах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа нээлттэй илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байна. Түүхээ эргэж харвал Монголчууд бид 13-р зуунаас хойш аливаа асуудлыг их хуралдайгаар шийдэж ирсэн. Хоёр хүчирхэг гүрний дунд оршдог, маш жижиг эдийн засагтай, цөөн хүн амтай орны хувьд бид нэг хүнээс хамааралтай тогтолцоонд огт шилжиж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын хувьд ч парламентын тогтолцоо сонгосон нь бидэнд ашиг тусаа өгч ирсэн байдгийг экспертүүд онцолдог. Бид харин цаашид парламентын засаглалыг улам төгөлдөршүүлээд явах нь чухал гэж харж байгаа. Жишээлбэл, парламентын гишүүдийн тоог нэмснээр цөөн хүний кнопоор хууль батлагддаг байдал арилж, аливаа эрх ашгийн бүлэглэлээс хараат байх эрсдэл багасна. Түүнчлэн төрийн тогтвортой, гэхдээ байнга шинэчлэх байдлыг тооцоод парламентыг гишүүнийг харин 6 жилээр сонгодог, парламентын 3/1 нь 2 жил тутам ротацид орж солигддог олон улсын туршлагаас ч бид хуулиндаа тусгах боломж бий. Харин Ерөнхий сайд нь кабинетээ өөрөө байгуулдаг, өөрөө огцруулдаг байх нь чухал. Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдээ хийгээд урагшаа алхах нь чухал ч одоо ил болж буй хэргүүд, улстөрийн нөхцөл байдлыг харвал энэ парламентийн үед  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь цаг үеийн хувьд оновчтой биш, гишүүд нь ч ёсзүйн чадамжгүй болох нь улам тод болж байна.       

Манай нийгэм хамтдаа нэг алхам урагшиллаа, одоо...
-Энэ өдрүүдэд ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарын хариуцлагын асуудал яригдаж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Сүүлийн үед нийгэм, улстөр цэвэрших процесс маш эрчтэй явагдаж байгаад маш баяртай байна. Улсын бүртгэлд байгаа хуулийн этгээдийн нээлттэй өгөгдлийн баазтай холбоотойгоор улстөрчдийн хамааралтай компаниудын зээлийн асуудал сөхөгдөж байна. Өмнө нь байсан, бугшсан булхианууд одоо технологийн дэвшлийн дүнд нээлттэй болж байгаа нь энэ. Сошиал медиа нээлттэй өгөгдөл хоёрын нэгдэл цаашид ч улс төрийг эрүүлжүүлэх, нийгмийг сэрээхэд маш том үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. Манай зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд нөлөөллөөс ангид, иргэдэд үнэн зөв мэдээллийг түгээж байгаа нь энэ салбарт гарч буй бас нэг том дэвшил болж байна. Иргэд нэгдэж дуу хоолойгоо хүргэж байна. Манай нийгэм хамтдаа нэг алхам урагшиллаа. Одоо ЖДҮ-д нэр холбогдсон УИХ-ын гишүүд хариуцлага хүлээх ёстой.

Шүгэл үлээвэл хорих биш харин урамшуулна гэж уриалах хэрэгтэй
-Хийсэн хэрэг нь тогтоогдоогүй болохоор хариуцлага хүлээлгэх боломжгүй байгаад байна.  Ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох ёстой юу? 

-Улс төрийн хариуцлага хүлээгээд огцрох хэмжээний ёс зүйтэй улстөрч алга байна. Магадлалын онолоор авч үзвэл маш цөөн тооны зээл гарсан байхад 76 гишүүний 20-иод нь холбогдож байна гэдэг яалтчгүй улстөрийн нөлөөлөл байгааг харуулж байгаа юм. Зөвхөн гишүүдийн хамаатан садан, гэр бүл л бизнес хийдэг болж таарч байна уу, эсвэл.
 Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зүгээс ЖДҮ-ийн аппаратад улстөрчдийн нөлөөнд автаж ажилласан албан хаагчдыг нийтэд үнэн хэлж, хэргийг илчилвэл, нэг ёсондоо шүгэл үлээвэл хорих биш харин урамшуулна гэж уриалах хэрэгтэй. Нэр холбогдсон гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй байх ёстой. Олон нийт, иргэний нийгэм энэ хүмүүсийн хар жагсаалтыг гаргаад, эрх барьж байгаа намуудад шахалт үзүүлж, энэ хүмүүсийг дахиж улс төрд оруулахгүй, нэр дэвшүүлэхгүй, улс төрийн албан тушаалд томилогдохгүй талаас намын бодлогод нь нөлөөлж, цэвэрлэх ёстой. Ийм тодорхой акц, алхам хийхгүй бол үр дүн гарахгүй.   

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй гэж танхимаас мэдэгдлээ. Энэ зөв үү?  

-Үнэхээр татвар төлмөөргүй санагдаж байна шүү дээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Ард түмнээс цуглуулсан татвараар зээлийн сан байгуулаад, тэрнээсээ хүүгүй шахам зээл аваад, эргүүлээд тэр ард түмний өөрсдийнх нь мөнгийг өөрт нь маш өндөр хүүгээр хүүлээд, дундаас нь ашиг олоод, олсон мөнгөөрөө эргүүлж ард түмний саналыг худалдаж авч төрийн эрхийг гартаа авч байна. Ард иргэд нь ч саналаа мөнгөөр худалдаж байна. Мөнгөний сонгуулийн циклүүд үргэлжилсээр л байна. Энэ бурангуй систем, энэ чөтгөрийн тойргоос бид гарах ёстой. Үүний гарц бол иргэд сонголтоо зөв хийх явдал. Улстөрийн намууд ч институтийн хувьд авилгажсан улстөрчдийг намаасаа цэвэрлэдэг, нэр дэвшүүлдэггүй байх тогтолцоог бүрдүүлэх ёстой.  

 

5.04.2017

Боловсролын Санаачилгууд: Boosting Negotiation Skills (June 2017, Ulaanbaatar)

#СайнМэдээ National University of Singapore - Lee Kuan Yew School of Public Policy төгсөгч О.Энхзул болон бусад нөхдийн хамт Боловсролын Санаачилгууд (Educated Initiatives) гэж ТББ байгуулснаа та бүхэнд дуулгахдаа таатай байна.

Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, эрдэм мэдлэгийг нийтэд түгээж, боломжгүй нэгэнд гүүр болж, Монголын хөгжилд боловсролын салбараар дамжуулж хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм үүрэг гэж үзсэн билээ. Иймээс ч бид Назарбаевын Их сургуульд бүтэн тэтгэлэгтэй магистр, докторын хөтөлбөрт суралцах боломж байгааг монгол залуустаа танилцуулж үйл ажиллагаагаа эхэлсэн.

Бидний дараагийн хийж буй ажил бол Lee Kuan Yew School of Public Policy-ийн багш Нюно Деликадо-г энэ 6-р сард Монголд урьж хичээл заалгах явдал.



2 хоногийн турш "Хэлэлцээ хийх ур чадвараа ахиулах" маш өгөөжтэй хөтөлбөрт төр, олон нийт, хувийн хэвшлийн мэргэжилтэн, удирдах албан тушаалтнууд өргөнөөр оролцоно гэж найдаж байна.

Бид өөрсдийн амьдралын цаг мөч бүрт хэлэлцээ хийж, шийдвэр гаргаж байдаг. Бизнесийн хамтрагч, харилцагч нартай эсвэл зүгээр л такси хөлслөхдөө, гэрийнхээ засварын ажлыг хийлгэхдээ ч бид байнга хэлэлцээ хийж, өөрт үр ашигтай, харилцан ашигтай тохиролцоонд хүрэх арга замуудыг эрэлхийлж байдаг.

Энэ сургалтанд сууснаар та ирээдүйд олон мянга, зарим тохиолдолд (ажлын хүрээнээс хамаарч) олон сая доллар хэмнэх, олох боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Negotiation strategy –ийн иймэрхүү төрлийн сургалт ерөнхийдөө их өндөр төлбөртэй байдаг. 5 жилийн өмнө Нью-Иорк дахь Колумбийн их сургуулийн Бизнесийн сургуульд яг ийм сургалтын төлбөрт 5000$, ирж очих зардал гээд 10 000 орчим долларын зардал гаргаж байснаа нуух юун. Гэхдээ энэ сургалтанд суугаад олж мэдсэн туршлагаараа өнгөрсөн хугацаанд олон бизнесийн хэлэлцээрт үр бүтээлтэй оролцож компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлж байв.

Дэлхийн жишгээс харьцангуй бага зардал буюу 1000$-р энэ сургалтанд эх орондоо сурахыг би хувьдаа маш сайн боломж гэж ойлгож байгаа. Ямартаа ч та бүхэн тус хөтөлбөртэй танилцаарай. Сургалт энэ удаа зөвхөн англи хэлээр явагдана. Mонголын томоохон компаниуд болон жижиг дунд ААН, зарим олон улсын байгууллагынхан, засгийг төлөөлж гэрээ хэлэлцээ хийдэг төрийн өмчит компанийхан суудлаа захиалаад эхэлснийг дуулгахад таатай байна.

Нуно багш дэлхийн топ бизнесийн сургууль гэгддэг INSEAD-ийг төгсчихөөд дэлхийд тэргүүлэх консалтингийн компаниуд болох Mckinsey & Co, Bain & Co компаниудад ажиллаж байсан ба Bain & Co фирмд ажилд орохдоо компаниас санал болгосон сарын цалинг 10 дахин өсгөх хэлэлцээг амжилттай хийж байжээ. Түүнээс суралцах зүйлс тун их буй нь эргэлзээгүй.


Professor Nuna Delicado-ийн тухай:
Би хэрхэн ажилладаг вэ? - Сингапурын Ли Куан Югийн Нэрэмжит Их Сургуулийн профессор Нуно Деликадо: http://www.unread.today/posts/post/991


Сургалттай холбоотой мэдээллийг эндээс татаж үзнэ үү:
http://educated.mn/files/Boosting_Negotiation_Skills.pdf


Энд дарж бүртгүүлнэ үү: Boosting Negotiation Skills (June 2017, Ulaanbaatar)

Хүндэтгэсэн:

Д.Сайнбаяр
Удирдах Зөвлөлийн Дарга
Боловсролын санаачилгууд ТББ
Ли Куан Югийн нэрэмжит төрийн бодлогын сургуулийн магистр
www.educated.mn
2017.05.04

4.22.2017

Назарбаевын Их сургуульд БҮТЭН тэтгэлгээр суралцах боломж

Та бүхэндээ нэгэн сайхан мэдээ дуулгахдаа таатай байна. Назарбаевын их сургуулийн Төрийн бодлогын дээд сургууль нь Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуультай стратегийн түншлэлтэй ажилладаг юм. Энэ ч утгаараа хэд хоногийн өмнө Назарбаевын их сургуулийн удирдлагаас бидэнтэй холбогдож Монголоос чадварлаг залуусыг тус сургуульд элсүүлэхэд туслах, Назарбаевын их сургуулийн хөтөлбөрийг Монголд сурталчилж өгөхийг хүссэн юм. Хариуд нь Монголоос очих залууст тэтгэлэг өгөх боломж бий эсэхийг судалж хариу өгөхийг хүслээ.

Хэд хоногийн дараа баяртай мэдээ ирлээ: Астана дахь Казахстаны Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас Назарбаевын их сургуулийн 3 төрлийн хөтөлбөрт (Төрийн бодлогын магистр - 2 жил, Төрийн удирдлагын магистр - 1.5 жил, Төрийн бодлогын докторантур - 4 жил) 3 төрлийн хөтөлбөрт суралцах Монгол оюутнуудад төрийн сангаас бүтэн тэтгэлэг (сургалтын төлбөр, байр, стипенд) олгох зөвшөөрлийг олгосоныг тус сургуулийн удирдлага бидэнд уламжлав.

Хэдэн жилийн өмнөөс дэлхийн томоохон их дээд сургуулийн профессоруудыг өндөр цалин урамшуулал, хангамжаар дуудаж Назарбаевын их сургуулийн шавыг тавьж эхэлснийг та бүхэн сайн мэднэ. Назарбаевын их сургуулийн Төрийн бодлогын дээд сургуулийн оюутнууд нь Сингапурт хэдэн долоо хоног суралцах боломжоор хангагдсан, Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессоруудаар хичээл заалгадаг болно.

Хөтөлбөр англи хэлээр явагддаг тул орос, казах хэлний мэдлэгээс илүүтэй ТОEFL-ийн оноог чухалчилж байгаа юм байна.

Одоо залуус минь, та бүхэн магистрын хөтөлбөрт 4 сарын 30, докторын хөтөлбөрт 5 сарын 15-наас өмнө амжиж бүртгүүлээд сургуульдаа тэнцэх л үлдлээ. Тавигдах шаардлага, сургалтын агуулга, сургуульд элсэх өргөдлийг http://gspp.nu.edu.kz/en/home хуудаснаас үзнэ үү. Та бүхэнд амжилт хүсье!

Д.Сайнбаяр
Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн төгсөгч
УЗ-ийн дарга, Educated Initiatives - Mongolia

Нэмэлт мэдээлэл:
Nazarbayev University Graduate School of Public Policy currently offers 2 master programs and 1 PhD program:
1) Master in Public Policy - 2-year full time program; 2) Master in Public Administration - 18-month program (weekend format); 3) PhD in Public Policy - 4 years full time

12.06.2016

Ирж яваа цагийн дуун



Ардчилсан Намын залуустаа хүргэх үг


Хүн өөрийн амьдралынхаа мөч бүрт СОНГОЛТ хийдэг. Гэхдээ амьдралын турш маш цөөн чухал сонголт, САЛАА ЗАМЫН өмнө ирдэг билээ. Их сургуульд суралцах, мэргэжлээ сонгох, анхны ажил, гэр бүл г.м Гэхдээ энэ чухал сонголтуудыг хийх боломж дандаа давтагдаад байдаггүй. Улстөрийг сонгох зам бол тэртусмаа хамгийн хэцүү гэхдээ хамгийн нь гэгээлэг нь.

Өнөөдөр Монголын нийгэмд хүн бүр л бүгдийг шүүмжилдэг болжээ. Энэ нь ч сайн хэрэг. Гэхдээ түнэр харанхуйг зүхэж суухаар ганц ч болтугай лаа асаа гэж нэг ухаантны хэлсэн үг бий. Тун харамсалтай нь болохгүй, бүтэхгүй байна хэмээн шүүмжлэгчдийн тоо түүнийг өөрчлөхийн төлөө үйлдэл хийж буй хүмүүсээсээ олон байна. Шийдлийг олж нээх, хэрэгжүүлэхэд ҮЙЛДЭЛ, ОРОЛЦОО чухал. Тэртусмаа ЗАЛУУСЫН ОРОЛЦОО чухал юм.

Сүүлийн үед УЛСТӨР гэдэг үгээс Монголчууд бид бүгд залхжээ. Бүх нийтээрээ улстөрч хүнийг адгийн амьтан гэж боддог болсон байна. Тэр улстөрд орж байгаа гэнэ гээд нэг нь нөгөөгөө ад үзэж, сайн муугаар хэлдэг болжээ. Энэ бол өөрөө яагаад залуус улстөрд дуу хоолой, үйлдлээрээ оролцох ёстой вэ гэдгийн маш том шалтгаан болж байна. Яагаад манай нийгэм УЛСТӨР гэдэг үгээс ингэж их цэрвэнэ вэ?

Яагаад гэвэл Монголын улстөр БОХИР байна. Яагаад гэвэл Монголын улстөр ШУДАРГА БУС байна. Монголын улстөрчид ХУДАЛ АМЛАЛТ хэлж байна. Монголын УЛСТӨР баялаг бүтээгчдэд СААД болж байна. Монголын улстөр нийгмийн сэтгэлгээний түвшнээс хоцорсон байна. МОНГОЛЫН УЛСТӨР МОНГОЛЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙНА.

Монголын ард түмэн ЦОО ШИНЭ ҮЕИЙН, ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ, ОРЧИН ҮЕИЙН мэдлэг боловсролтой, ХЭЛСНЭЭ ХИЙДЭГ, ХИЙСНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛДЭГ, ҮНЭТ ЗҮЙЛДЭЭ ҮНЭНЧ, ШИНЭ МАНЛАЙЛАГЧДЫГ хүсч байна.

Ардчилсан Намын шинэчлэлийн хөдөлгөөнд оролцогчдыг сайн муу хэлж, өөлж, үл итгэж, урьдчилан дүгнэж буй хүмүүс олон байгааг нийгмийн сүлжээгээр харлаа. Улстөрд, Ардчилсан Намд шинэчлэлийн салхи авчрахаар зориглон оролцож буй энэ залуусыг битгий ад үз, залуу үеийн хийж бүтээх, ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮСЭЛ ЗОРИГИЙГ бүү МОХОО гэж би тэдэнд хэлмээр байна. Даргын хүүхэд эсвэл гагцхүү олон жил намын ажил хийсэн хүн манлайлагч болдог байх шаардлагагүй. Эрдэм мэдлэг, авьяас чадлаа ард түмнийхээ өмнө шалгуулая, уралдуулая гээд зориглож буй эдгээр залуусыг дэмжтүгэй гэж Ардчилсан Намын өнөөгийн удирдлагад хэлмээр байна!

Шинэчлэлийн хөдөлгөөнд эвлэлдэн нэгдсэн эдгээр залуус бол Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөл, үндэсний эрх ашиг, үнэт зүйлийг эрхэмлэдэг, Монгол улсын нэр төртэй иргэн, дэлхийн энх тайванч, байгаль орчноо хамгаалагч, шударга ёсыг сахигч, өндөр ёс суртахуунтай, Монгол орны хөгжлийн хөтөч болсон ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН мөн гэдэгт би итгэж байна.
Өнөөдөр эдгээр залуус дундаас улс орныхоо иргэдэд ҮЙЛЧЛЭХ (public servant), нийгэмд тулгарсан асуудлуудын ШИЙДЛИЙГ ОЛОХ бодлого тодорхойлогчид, Соёлт нийгэм, Шударга ёс, Xүний эрх, Ардчилсан нийгмийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН төлөө тэмцэх МАНЛАЙЛАГЧИД төрнө гэж ард түмэн итгэж, найдаж, хүлээж байна.

Монголын түүхийн үе бүрт нүдэндээ цогтой залуу манлайлагчид төрж, ачааны хүндийг үүрч ирсэн. Энэ ачаа хүссэн хүсээгүй бидний үед шилжин ирж буй. Энэ бол ирж яваа цаг. Манай үеийнхэн их өвөг дээдсийн ариун голомтыг бадрааж, хөгжлийн бамбарыг улам өндөрт өргөх болно.

21 зууны Монгол залуучууд үүнийг хийж чадна. Та бүхэн чадна.

ТА БҮХНИЙГ ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА!

Даваабатын САЙНБАЯР

Нээлттэй Ардчилсан Нам – Шинэчлэлийн Нэгдсэн Хөдөлгөөний үүсгэн байгуулагч, зохицуулагч
2016.12.06

11.26.2016

АН-ын шинэчилсэн дүрмийг боловсруулах явц



#АН-ын Шинэчилсэн дүрэм боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн 5 хоногийн турш өдөр бүр шөнө дөл хүртэл хуралдсаны дүнд АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл ерөнхийдөө гарч байна. АН-ын бүх шатны төлөөлөл орсон уг ажлын хэсэг дүрмийн зүйл заалт бүрт маш нухацтай хэлэлцүүлэг хийлээ. Энэ шинэ дүрэм бол АН-ын шинэчлэлийн суурь платформ байх учиртай. (Санал болгож буй төслийг бүх сум дүүргийн намын хороодод илгээж нээлттэйгээр хэлэлцүүлээд эхэлж буй
Дүрмийн нэлээд чухал хэсэг болох Гишүүний бүртгэл, цахим бүртгэл, шилжилт хөдөлгөөний журам, АН-ын гишүүний батлах олгох журам, АН-ын гишүүний татварын журмуудыг боловсруулах ажлын хэсгийг миний бие ахлаж байгаа бөгөөд ирэх Даваа гаригт бэлэн болгохоор зорьж ажиллаж байна. Үндсэндээ манай нам гишүүдээ цоо шинээр үнэн зөв бүртгэх, татвар төлөлтийг эрчимжүүлэх, оролцоог үнэлэх, хянах, тайлагнах, хариуцлагын тогтолцоо г.м маш олон чухал асуудлуудыг энэ журмаар шийдэх ёстой. Энэ бүхэнд bar code/ гишүүнчлэлийн ID бүхий мэдээллийн технологийн дэвшил, ERP системд суурилсан цахим үнэмлэх голлох үүрэг гүйцэтгэнэ гэж би хувьдаа үзэж байна. 
Тус дүрмийг 2016.12.06-нд Ардчилсан намын VI их хурлаар (1210 төлөөлөгчтэй) хэлэлцэн батлах юм. Ардчилсан намыг Бодлого суурьтай, Ёсзүй, хариуцлагын тогтолцоотой, Тэгш оролцоотой, Хүний нөөцийн цогц бодлоготой, Нийтийн, ил тод санхүүжилттэй, Хагас босоо тогтолцоотой, Нээлттэй - Иргэний индэр нам болж төлөвших ёстой хэмээн 7 зүйл зарчмыг дэвшүүлж ирсэн Нээлттэй АН - Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн, хөдөлгөөний гишүүд Дүрэм болон Их хурал зохион байгуулах ажлын хэсгүүдэд маш идэвхитэй оролцож, бодит хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.
Энэ дашрамд 1924 оны 11 сарын 26-ны эл өдөр Анхдугаар үндсэн хуулиа батласны 92 жилийн ойн мэнд хүргэе. Харин 1911 оны 12 сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээж туурга тусгаар Монгол улсаа байгуулснаа даян дэлхийд зарлан тунхагласан нь үнэн тул тусгаар тогтнолын баярын өдрийг 12 сарын 29-нд тэмдэглэж занших нь зүй билээ.




9.29.2016

DeFacto interview - D.Sainbayar

Өчигдөр миний оролцсон #DeFacto ярилцлагыг эндээс үзнэ үү. Баярлалаа. #ШинэчлэлШийдэл

Хөдөлгөөний зохицуулагч Д.Сайнбаяр: Одоогийн намын бодлого тодорхойлж буй фракциудын удирдлагад хандаж хэлэхэд " Баярлалаа, Одоо болно!"



9.19.2016

Д.Сайнбаяр: Бидний ард хэн нэгэн байгаа бол тэр нь С.Зориг




Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

“Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сайнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН өнгөрсөн сонгуулиар ялагдал хүлээсэн. Сонгуулийн дүн гардаг шөнө таны хэлсэн дүгнэлт сошиал медиагаар нэлээд шуугиан тарьсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?

-Товчхондоо ард түмэн Ардчилсан намд дүнгээ л тавьсан. Энгийн ард иргэд байтугай гишүүд дэмжигчид АН-даа гомдсон байна. Олон зуун бизнес хаалгаа барьж, олон мянгаараа ажилгүй болж, олон гэр бүлийн амьдрал доройтсон гэдэг бол хөдлөшгүй баримт, өнөөгийн манай нийгмийн бодит дүр төрх. Үүнийг яаж ч хаацайлаад нэмэргүй. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ унасан хэцүү, азгүй үе таарсан ч ядаж байхад АН-ын ах нар фракцилаж хоорондоо маш эв түнжингүй байсан нь хамгийн том алдаа болсон. Сонгуулиар АН-ын дарга нар, томчууд бүгд уналаа. Хүндэлж явдаг залуу үеийн төлөөлөл М.Батчимэг, Х.Тэмүүжин нар ч ялагдал хүлээсэн. Ингэж ялагдана гэж АН байтугай МАН ч төсөөлөөгүй. Гэхдээ заримдаа ялагдал ялалт болдог үе бий. Өнөөдөр АН бүр үндэс сууриараа шинэчлэгдэх цаг болсныг ард түмэн хангалттай ойлгогдохоор хэллээ.

-АН-ын ҮЗХ-ны хуралдаан хоёр дахь удаагаа хойшилчихлоо. Шалтгаан нь Гүйцэтгэх зөвлөлөөс Орон нутгийн сонгуулийн дараа хуралдах нь зүйтэй гэсэн шийдвэртэй холбоотой. ҮЗХ хойшилж байгаа нь хэр зөв шийдвэр гэж харж байна вэ?

-ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах болгонд нэг шалтаг хэлдэг. АН бол ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө, төрийн оролцоо хязгаарлагдмал чөлөөт зах зээлийн үзэл санааг дагадаг хүмүүсийн нэгдэл. Гэвч энэ нам хувь хүний эрх чөлөөг боомилдог нам болж хувирлаа. Одоо байгаа удирдлага нь өөрөө дүрмийн бус. Дээрээс нь үндсэн ажлаа хийхгүй байна. Бидний өмнө хийх ёстой ажил олон байна. Ард түмэн орон нутгийн сонгууль гэхээсээ илүүтэй АН-ыг аль болох хурдан шинэчлэгдэж, шинэ удирдлагаа сонгож, сөрөг хүчний үйл ажиллагаагаа сайн явуулаасай гэж хүсч байгаа. Тэгэхээр ҮЗХ-г хойшлуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Шуудхан хэлэхэд намын даргаар “хэнийгээ тавих вэ” гэдэг шударга бус өрсөлдөөн, аль фракцийн гишүүд ҮЗХ-ны хуралдаанд ирцийг бүрдүүлэх вэ гэдэг ханлигийн системээс бүх зүйл хамаарч байна. Гишүүд нь цуглаад асуудлаа шийдээд л явж байх ёстой. Ер нь ҮЗХ яахаараа хэдхэн цаг хуралдаад тардаг байх ёстой юм. Жүжгийн тавилт уу? Яагаад энэ нөхдүүд өнгөрсөн алдаа оноогоо цэгнээд, тулгамдсан асуудлуудаа шийдээд өдөр болгон хуралдаж болохгүй гэж.

-228 гишүүнтэй АН-ын ҮЗХ намын шинэ даргаа сонгоход хэр чадамжтай вэ. Сүүлийн жилүүдэд хуралдаж чадаагүйг нь харвал бүрэн чадамжтай гэж хэлэхэд эргэлзээтэй байна?

-Товчхондоо үгүй. Дүрмийн дагуу намын их хурлаас сонгох ёстой. Одоо мөрдөгдөж буй дүрмийн дагуу ротациа хийхгүй олон жил болчихсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, дүрмийн бус гишүүд ҮЗХ-д үүрлэж байна. Улс орноор жишвэл УИХ-ын бүрэн эрх нь дуусчихаад байхад ажиллах гэж үзээд байгаа парламенттай яг ижилхэн. Дээр нь намаа сонгуульд ялагдуулсан олонлог. Манай нам ҮЗХ-ны гишүүнийг УИХ-д дэвшүүлнэ гэдэг дүрэмтэй. Гэтэл гишүүн бус олон арван хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Дараа нь нөхөж ҮЗХ-д гишүүн болж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ нам алхам тутамдаа дүрмээ зөрчиж байна. Ард түмэн, энгийн гишүүд дэмжигчид шударга ёс, нээлттэй байдлыг хүсч байгаа. Гэтэл үүний бамбай болж байх ёстой АН ялзарч явсаар өнөөгийн Монголын нийгмийн хамгийн муу муухай болгоны үндэс нь болчихсон байна. Фракц хоорондын зөрчил нь улс үндэстний асуудал болж хувирлаа. АН ёс зүй, зарчим, ёс суртахууны хувьд ялзралын дээд цэгт хүрсэн.

-Уг АН-ыг асуудлаа хамгийн нээлттэй хэлэлцдэг гэдэг. Гэтэл байдал өөрчлөгдөж асуудлыг далд, хүчээр шийддэг, хаалттай нам болж хувирч байх шиг?

-Ер нь аймаг, сумдын намын хороо, дүүрэг, хороодын намын үүрүүдийн ихэнх нь танил тал, бизнесийн сүлжээн дээр тогтнож байна. Манай нам дээрээсээ доошоо авлигын тогтолцоог дэмжигч институци болж төлөвшсөн байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ сонгохдоо хаалгаа түгжээд, үүдэндээ хамгаалалтын алба авч хор найруулдаг нам болсныг олон энгийн гишүүн ярьж хэлж байна. Энгийн гишүүд дэмжигчид нэр дэвших, санал өгөх эрх нь хязгаарлагдмал, шинээр гишүүн элсүүлэх дургүй, элссэн нэгнийг хуралдаа дууддагүй ийм ханлигийн, хаалттай нам болж хувирчээ. Энэ л системээс манай намын ҮЗХ бүрэлддэг. ҮЗХ гишүүдийн дийлэнх нь танил тал, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн сүлжээгээр гарч ирсэн хүмүүс. Нэг ёсондоо авлигын тогтолцоог өөгшүүлж, тэр системээр дамжиж гарсан гишүүд олон байгаа.

-УИХ-д байгаа гишүүдээсээ намын даргаа сонгох нь давуу талтай. Нэгэнт сонгогчдын итгэл хүлээж, суудал авсан учраас тэднээс томилох ёстой гэсэн санал ч явж байсан?

-Ийм утгагүй логик байж болохгүй. Хэрэв манай намаас нэгхэн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон байвал зөвхөн түүнийг намын даргаар сонгоно гээд байгаатай адил сонсогдож байна. Ер нь бол намын даргыг үндэстэн даяар сунгаа хийж тодруулах хэрэгтэй. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогч үндэсний хэмжээний нам мөн л юм бол ийм л зарчмаар удирдагчаа сонгох ёстой. Намын их хурал бол үндсэндээ томсгосон ҮЗХ. Одоогийн дүрмийг баримталбал намын их хуралд фракциуд өөрийнхөө хүмүүсийг шургуулах дажинд мордох нь ойлгомжтой. Ийм хуучин тоглоомын дүрмээр гарсан удирдагч бол бас л хэсэг бүлэг фракцийн эрх ашгийг хамгаалагч болж тодроно. Ингэвэл АН бүрэн шинэчлэгдэж чадахгүй. Үүнээс сэргийлж үндэсний хэмжээний сунгаа хийж тодруулах нь нээлттэй намын зарчимд нийцнэ. Зөвхөн гишүүд дундаас гэх юмгүй гишүүд дэмжигчдээс саналаа авсан ч болно. АН сайн шинэчлэгдэн чадвал улс орны язгуур эрх ашигт нийцнэ. Энэ намын шинэ дарга нь аль нэг фракц, явцуу эрх ашгийн хүүхэлдэй биш харин Монголын хөгжлийн алсын харааг тодорхойлогч, ардчилсан үзэл санааны лидер, мерит зарчмыг баримталсан бодлогын намын үндэс суурийг тавигч байх ёстой. Ардчилсан намд цоо шинэ нүүр царай, шинэ лидер хэрэгтэй. Ийм лидерүүд манай намд бий гэдэгт би итгэлтэй байна.

-Залуус намаа шинэчлэх асуудлыг ярьж байгаа нь магадгүй өмнөх үеэ үгүйсгэж байна гэж шүүмжлэх гишүүд ч байгаа шүү дээ?

-Хоёр зүйл хэлье. Алдаа оноотой ч гэсэн өмнөх үе маань түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Тэд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой. Гэхдээ одоо хангалттай. Шууд хэлэхэд АН-ын удирдлагад байсан 60-аад оны зарим нөхөд АН-ын удирдлагаас зохистой түвшинд зайгаа авах ёстой цаг үе ирлээ. Та бүгдийн хувийн шинжтэй зөрчилдөөн, дотоодын хямрал энэ улс орныг хямралд хүргэж байна. Эхлүүлсэн ардчиллаа та нар өөрсдөө нураагаад эхлэхийг бид харлаа. АН-ыг эрх чөлөөг боомилогч, авлигын үүр, шударга бус явдлын үндэс болгож хувиргалаа. Та нар бүгдээрээ сайд даргын албыг толгой дараалан ээлжилж хашлаа. Төрийн гурван өндөрлөгийг гурвууланг нь авч байсан үедээ ч улс төрийн хамгийн тогтворгүй байдлыг бий болгож, улс орныг амар тайван авч явж чадсангүй. Та нар хамтарч чадаагүй. Намаа ч ялагдалд хүргэлээ. Одоо энэ улс оронд нэмж гай тарихаасаа өмнө АН-ыг энгийн гишүүд, дэмжигчиддээ буцааж өгөх цаг чинь ирсэн. Энийг сайн ойлго. Үүнийг сонгогч түмэн сая хэлээд өглөө шүү дээ. Түүхэнд сайнаараа үлдэхээ бод. Одоо хоорондоо зөрчилдөж, тэмцэлдэхийн оронд дараагийн үеийнхэн болох 1970, 1980-аад оны залуустаа ачааны хүндийг үүрүүл гэж хэлмээр байна. Бид уламжлал, шинэчлэлийг хослуулж чадна.

-Шинэчлэлийн талаар АН-ын залуус хүчтэй дуугарах болсон цагаас тэдний ард хэн нэгэн дарга, фракц байна гэх хардлага явж байгаа. Уг нь шинэчлэлийн асуудал өмнө нь ч яригдаж байсан. Тэр үед залуус хүчтэй дуугараагүй байж одоо дуугарч байгаа нь хардах үндэслэл болж байгаа байх?

-Бидний ард хэн нэгэн байхгүй. Бидний ард ардчиллын үнэт зүйлс, АН-ын олон мянган гишүүн дэмжигч бий. Заавал нэг хүн байх ёстой юм бол тэр нь С.Зориг агсан гэж хэлж болно. Өнгөрсөн долдугаар сард “Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ий залуус АН-ын удирдлагад анхны шаардлага, тунхагаа хүргүүлэхдээ С.Зоригийн хөшөөний өмнө зогсож байгаад зургаа авахуулж байсан. Ер нь бид байнга тэнд цугларч, асуудлаа ярилцдаг. Шуудхан хэлэхэд З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар зэрэг өөр хоорондоо байнгын зөрчилтэй нөлөө бүхий улстөрч, фракцийн удирдагч нар бидний ард байхгүй. Харин ч энэ хүмүүсийг бүгдээрээ АН дахь нөлөөгөө багасгах шаардлагатай гэж үздэг. Энэ удирдагч нарын хэн нэгний нь нөлөө АН-ын удирдлагад байгаа цагт фракц хоорондын зодоон дуусахгүйгээр үл барам АН-ын шинэчлэл, улс орны хөгжилд саад бэрхшээл учирна. Та нарын хоорондын тэмцлээс ард түмэн залхаж байна гэдгийг онцолж хэлмээр байна.

-Тэгвэл намын удирдлагуудын зүгээс та бүхнийг хэрхэн дэмжиж байна. Шинэчлэлийн асуудал хэр үр дүнд хүрнэ гэж бодож байна?

-Манай нам бүрэн шинэчлэгдэнэ гэдэгт итгэж, найдаж байгаа. Шинэчлэл гэдэг бол олон нийтээрээ хамтдаа хийх нээлттэй диалоги, бас оновчтой үйлдэл юм. Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг шиг дээр дурдсан хүмүүс намын удирдлагыг Ардчилсан намын мартагдсан, таягдсан үзэл санааг хамгийн сайнаар илэрхийлж, дахин амьдруулах цоо шинэ эрч хүч, шинэ зууны хөгжлийн идеологийг тээж чадах залуу үед зайгаа тавьж өгнө гэдэгт итгэхийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын ҮЗХ, ГЗ-д зургаан зүйл бүхий шаардлага, тунхагаа хүргүүлсэн. Нааштай хүлээж авсан. 21 аймаг, есөн дүүрэгт шинэчлэлийн хөдөлгөөний салбар зөвлөлүүд байгуулагдаад эхэлж байна. Улс даяар энгийн гишүүд дэмжигчдийн дунд АН-ын шинэчлэлийн асуудлаар судалгаа, санал асуулга хийж байна. Улс төрийн шинжлэх ухааны судлаачид, их сургуулиудын профессоруудтай хамтарч “Улс төрийн намын шинэчлэл, гарц”- сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал хийлээ. Нийтлэлч Баабар, Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн зэрэг нийгмийн үзэл санааны лидерүүд болон АН-ын Лу.Болд, Д.Эрдэнэбат, П.Цагаан, Да.Ганболд, Лу.Гантөмөр, Ж.Батзандан гэх мэт АН-ын үе үеийн төлөөлөл болсон гишүүдийг урьж “Хөгжлийн тухай диалоги” цуврал чөлөөт уулзалтууд хийж байна. Цаашид АН-ын үе үеийн дарга нарыг урьж, санал бодлыг нь сонсоно. Ер нь бид залуу үе гэдэгт биологийн нас огт яриагүй. Дэвшилтэт үзэлтэй хэн бүхэн манай хөдөлгөөнд нэгдэхэд нээлттэй. Хөдөө орон нутагт уулзалт, семинарууд хийж байна. Удахгүй улс орны хөгжлийн асуудлаар хамтарч бичсэн номоо хэвлүүлнэ. Судалгаанд суурилж, өөрсдийн боловсруулсан АН-ын шинэчлэлийн үзэл баримтлал, хөгжлийн модел, дүрмийн төслийг олон нийтэд дэлгэж танилцуулна. АН-ын одоогийн удирдлага, ҮЗХ бидний саналыг хүлээж авахгүй бол бид тэмцлийн бусад хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2016.09.19 Даваа гариг