9.12.2009

Хазара ахан дүүс Монголд ирлээ

Өчигдөр хазара нутгаас ирсэн Гулам, Захра, Мэгдад нар маань Кабул-Дели-Бээжин-Улаанбаатар чиглэлд 7 хоног аялсны дүнд 21:25-д Буянт Ухаад буулаа. "Welcome to Mongolia, the land of Chingis Khaan! - Эзэн Чингисийн нутаг Монгол оронд тавтай морил!" гээд л Цахим Өртөөний бид буюу Лутаа ах, Байка, Анулан, Сансараа нараас гадна МУИС-ийн гадаад оюутан хариуцсан Мэндбаяр эгч, NTV телевизийн Дэлхийн Монгол айл баримтат киноны баг, МyClub-ын 4 оюутан хамт угтлаа. (MyClub гэснээс Цахим өртөөний Сэрдарам андын ТИС-ийн ажилсаг хичээнгүй оюутнуудаас бүрдсэн MyClub-ийнхан эдгээр хазара оюутнуудад байнга тусалж дэмжихээр болсон бөгөөд тэд цөлжилтийн эсрэг аянд идэвхитэй ажиллаж, чөлөөт цагаараа хөдөө орон нутагт олон мянган мод тарьж, усалж арчилж байдаг ёстой бахархмаар сайхан залуучууд!)

Сэтгэлдээ нар гийлгэж, гартаа цэцэг барин догдлон хүлээсэн биднийг хараад хазарачууд маань хөл газар хүрэхгүй баярлаж, "Үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байна. Та нарыг ийм сайхан угтана гэж төсөөлсөнгүй. Өвөг дээдсийнхээ нутагт хөл тавьж байгаадаа баяртай байна. Бид Монгол оронд хөл тавьсан бараг хамгийн анхны хазарачууд байх" гэж англиар хэвлүүхэн сайн ярьж байлаа. Яг анхны нь бол биш юм. 9 сарын 11-ны дараа золигийн Осама Бин Ладинг нухчин дарах зорилго өвөрлөсөн Жорж Буш Афганистаны төрийн эрхэнд байсан Талибанчуудыг хөөн явуулсны дараа (дандаа муулуулдаг хөөрхий Жорж Бушд харин энэ удаа талархууштай!), Америкчууд Афганистан дахь стратегийн түншээрээ хазарачуудыг сонгосны дүнд энэ бүс нутагт үеийн үед дарлагдаж байсан хазарачууд сургуульд сурч боловсрол эзэмших, аятайхан ажил хийх гэх мэт иргэний үндсэн эрхээ бүрэн эдлэх болсон төдийгүй, анх удаа төр барилцах дээд түвшинд очих боломжтой болсон билээ. Афганистаны шилжилтийн засгийн газрын үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж асан, хазара эмэгтэй улстөрч Др. Сима Самартай Кабулд уулзаж ярилцлага авах завшаан гарахад тэрээр 90-ээд онд Монголд нэг хуралд оролцож байсан тухайгаа хуучилж байсан.

Ер нь хазара оюутнууд маань Монголд ирэх болсон шалтгаан нь 2008 оны 10 сараас хойш хэрэгжиж буй NTV телевизийн "Дэлхийн Монгол айл" баримтат киноны төсөлтэй маш их холбоотой. Нилээд их хөрөнгө хүч зарж анх удаа 13 дугаар зууны Монголын байлдан дагууллаас улбаалж дэлхий даяар тархсан Монголчуудыг эрэн сурвалжилж, БНХАУ-ын Хөх нуур муж, Хөлөнбуйр, Уйгур Шинжаан, Юннань муж, ОХУ-ын Буриад, Халимаг, Тайвань, Афганистаны Бамиан, Энэтхэгийн Баруун Бенгал, АНУ-ын Нью Жерсид зураг авалт хийгдэж, дэлхийн 10 өөр газарт өдгөө аж төрж буй 10 Монгол айлын тухай өгүүлэх энэ цуврал баримтат киноны аян замын тэмдэглэл "Moнголоо хайсан Монгол" нэвтрүүлгийн эхний дугааруудыг NTV телевизээр үзэгчид маань үзсэн биз ээ. Баримтат киноны зураг авалт 2010 онд дуусах бөгөөд тэр үед та бүхэн бүрэн хувилбараар үзэж сонирхоорой. Хамгийн сүүлийн анги нь Хэнтий аймагт өрнөх юм.

Өнгөрсөн 2009 оны 1 сард миний бие орчуулагч, гүйцэтгэх продюсерийн хувиар Афганистан, Энэтхэг улсуудад тус баримтат киноны багтай хамт аялахдаа Афганистаны Бамианд амьдарч буй хазара зон ардын хүнд хэцүү аж амьдралыг хараад, "Монголын байлдан дагуулагчдын үлдэгдэл", "Биднийг хүйс тэмтэгчдийн үр удам", "Чингисийн шээс" буюу түүнээс долоон дороор доромжлуулан дуудуулж бусад пуштунүүд болон бүс нутгийн бусад олонхи үндэстнүүдэд олон зууны турш хядуулж, хүчирхийлүүлж, зовж зүдэрсэн хазарачуудыг хараад монгол хүний хувьд өөрийн эрхгүй нулимс унагаж, сэтгэл өвдсөн билээ. Хазарачууд бол өвөр монголчууд, буриадуудаас ч илүү хүнд хувь заяа туулсан ард түмэн. Ингээд хэл, соёл, нүүр царай гээд олон зүйлс нь яах аргагүй монголчууд бидэнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой нь зайлшгүй болох хазарачуудын нэгэн дунд сургуульд зочлох үед ганц ч болов хазарыг Монголдоо авчирч сургах юмсан, тэгээд ч Цахим Өртөөнийхний удаан ярилцсан тэтгэлгийн хөтөлбөрт хамгийн анх хамрагдах хүмүүс нь хазарачууд байж болох юм гэх мэт бодлууд санаанд бууж байв. Тэгэхээр бид бүхэн NTV телевизийн хамт олонд талархах нь зүй. NTV-ээс ийм төсөл хэрэгжүүлээгүй бол энэ хүүхдүүд маань энд ирээ ч үү, үгүй ч үү. Mөн гурван хазара оюутны маань онгоцны тийзийг зохицуулж өгч, хөнгөлөлттэй үнээр үйлчилж, цаашид дэмжиж ажиллахаар болсон Air Ticket компаний хамт олонд гүн талархал илэрхийлье. (Баримтат киноны төслийн санаачлагч, сэтгүүлч М.Буянбадрахын нийтлэлүүдийг эндээс уншаарай. "Монголоо хайсан Монгол" аян замын цуврал нэвтрүүлгийн promo trailer -үүдийг эндээс үзэж болно.)

Нэгэнт орой болсон бас онгоцонд хоол идсэн гэж тэд хэлсэн тул төлөвлөсөн ёсоор тэднийг хоолонд оруулалгуй шууд МУИС-ын гадаад оюутны байранд нь хүргэж, байртай нь танилцуулж өрөөнүүдэд нь орууллаа. Тэдний бууж буй байр миний харсан Багшийн дээдийн дотоодын оюутны байр (Яагаад клубын зарим гишүүд нэг өрөөг нь засвар хийж, тохижуулж өгч байгаа юм)-ны дэргэд хамаагүй дээр юм байна. Дотроо 0-той, төмөр ортой. 1 өрөөнд нь 2 хөвгүүн нь, нөгөө өрөөнд нь Захра байхаар болов. Дээшээ 3 давхарт гарвал гал зуух, нийтийн шүршүүр байдаг юм байна. За нэг их мундаг биш ч боломжийн сайхан байр байна. Дайныг нүдээр үзэж, олон зуунаар дарлагдсан гэсэн шиг харц нь дөлгөөн, цаанаа л насандаа ахадсан гэмээр хэрсүү авч бүгдээрээ их элгэмсүү, дөлгөөн зантай юм аа. Ер нь сэтгэгдэл маш өндөр байгаа нь илт. (Энэ дашрамд эдгээр оюутнуудыг уриалгахан хүлээн авч, маш их тусалж дэмжсэн МУИС-ын удирдлагад халуун талархал илэрхийлье. Тэд гадаад оюутнаа машинтай ирж тосч авдаг юм билээ.)

Өглөө 8.30-д Цахим өртөөний гүйцэтгэх албанаас Анулан, Сансар хоёр хазара оюутнууд дээр очиж өглөөний унд уулгаад 9 цагт Мэндбаяр эгч дээр аваачиж хичээлд нь бүртгүүлж, анхны хичээлд нь суулгажээ. Ойролцоогоор 15 орчим гадаад оюутан монгол хэлний бэлтгэл ангид сууж байгаа гэнэ. Нэг мексик, буриад, өвөр монголчууд байдаг гэнэ. Бас өөр орны хүмүүс ч мэр сэр бий гэнэ.

Үдийн цайны цагаар Цахим өртөөнийхөн цуглаж 11:50 -д анхны монгол хэлний хичээлээсээ тарсан Гулам, Захра, Мэгдад нартай Хасбанкны дэргэдэх Modern Nomads зоогойд хооллов. "Яасан тансаг зоогой вэ" гэж тэднийг хэлэхэд нээрээ л Улаанбаатарт дундаж зоогойд тооцогддог Modern Nomads маань сайхан тохижилттой болсныг анзаарав. Хазарачууд мах сайн иддэг, бас манайтай адил өрөмтэй талх, сүү, тараг зооглодог. Ингээд зочиддоо монгол хоол сонирхуулах үүднээс банштай цай, бууз, хуушуур, яаж дан мах идүүлэхэв гээд цэвэр ногооны салат захиалав. Их амттай байна гээд л идээд байв. "За тэгээд өвөл их хүйтэн тул Монголчууд бид махыг бол ёстой цохиж өгдөг хүмүүс шүү дээ, битгий гайхаарай" гэж сануулав. Зоог барьсны дараа бүгдээрээ Сүхбаатарын талбай руу алхацгаав. Өдөр маш сайхан цаг агаартай байсан тул тэдний ч сэтгэл их хөөрч, өдрийн гэрэлд Улаанбаатар хот ч сайхан харагдаж байлаа. Ардчилсан намынхан тухайн үед их л муулаад байсан болов ч манай их жанжны талбай сайхан болсон санагддаг юм. Төрийн ордон маань ч гэсэн. Монгол архитектурын хэв шинж агуулсан, хөлөг баатруудаараа мануулсан Төрийн ордон сүрлэг гэж жигтэйхэн. "Энэ юун барилгууд вэ?" хэмээн Гулам асуув. Их жанжны талбайн зүүн талд Соёлын төв өргөө, Дуурийн театр, Монголын хамгийн том групп MCS -ийн Central Plaza-г заан тайлбарлаж, Хотын захиргаа, ҮЭ-ийн ордон, Хөрөнгийн бирж, Голомт банк болон Чоно групп, Моннис Интернэйшнлийн бариулж буй өндөр барилгуудыг зааж тайлбарлав. Мөн ойрдоо зам засвартай тул замын бөглөөс ихтэй, гэхдээ сайхан замтай болж байгаадаа баяртай байгаагаа ч хэлэв. Тийм ээ, сул дорой, болж бүтэхгүй байгаа зүйлс их ч монгол маань алхам алхамаар хөгжөөд л байгаа хэмээн удаан уулзаагүй хамаатандаа сонин хуучилж буй аятай ярив. Хамгийн гол нь 370 жилийн ойгоо тэмдэглэж буй Улаанбаатар хот маань дөрвөн уулынхаа дунд оршдог, хуучин Хан уул нэртэй байсан боловч харин хожим Монголын хамгийн сүүлчийн эзэн хааны нэрээр нэрлэгдсэн Богд хан уулыг заан үзүүлж, энэ уул Улаанбаатарчууд биднийг байнга түшиж, бид ч шүтэж амьдардаг тухай өгүүлэв. Мөн эрт үед Богд уулын бараа харагдах газар хүн цаазаар авдаггүй хуультай байсан тухай дурдаад Улаанбаатарт төөрөх л юм бол урд зүгт байрлах Богд уулаараа баримжаа авч болохыг сануулав. Энэ үест Кабул хотын урд хэсгээр сунаж байрласан xазараги (хазара хэл)-гаар Кориах гэж нэрлэдэг өндөр уул харсан маань санаанд орж тэднээс лавлаж асуухад ямар ч байсан хазара үг, харин ямар утгатайг мэдэхгүй гэж хариулав. Бараг л монголоор "xорих", "хориг" уул гэж байгаа ч юм шиг. (Кабул хотын ойролцоо Бабур хааны шарил байдаг боловч зургийн баг давчуу хуваариас болж очиж чадаагүй юм. Харин Кабулаас хазарачуудын хуучин нийслэл, одоо ч олон мянгаараа амьдардаг Бамиан муж хүрэх замд Хиндикушийн уулсаар явдаг бөгөөд Урбан дарьяа гол даган урсах энэ л алдарт нурууны нэгэн хавцал руу зааж Багдадыг эзэлж Илхааны улсыг үндэслэн байгуулсан, Чингисийн ач, домогт Хүлэгү хаан дайтаж яваад өнгөрсөн хэмээн газарчилж явсан хазара найз маань тайлбарлаж байсан нь санаанд орно.)

Уг нь Цахим өртөөний нэрэмжит тэтгэлгээр хоёр л хазара оюутан шалгаруулах байсан авч бид Гуламыг нэмж гурав болгосон билээ. Сонгон шалгаруулалтын үеэр Гулам бол их дээд сургууль төгсөөгүй ч бичгийн өндөр чадвартай, хазараги, англи, перс зэрэг хэд хэдэн хэл мэддэг, хорьхон настай, түүх сонирхдог, маш ухаалаг залуу болох нь тодорхой байв. Дундад зууны үеийн монголын түүхийн ихэнхи сурвалж бичиг нь перс хэл дээр байдаг боловч манай түүхчид перс хэлгүй тул энэ хэл дээрх сурвалж бичгийг судалж чадалгүй өдий хүрсэн нь харамсалтай. Тэртусмаа хазарачууд хэн болох, Монголчууд бидэнтэй ямар холбоотой болохыг түүхч, хэл шинжлэлийнхэн маань сайн судлах шаардлагатай бөгөөд наанадаж Афганистанд Монголоос хэл шинжлэл, түүх судлалын дадлагын оюутан, шинжилгээний баг илгээх шаардлагатай байгаа юм. Одоогоор перс хэл судалдаг хоёрхон хүн олж тогтоосон нь Цахим өртөө холбооны гишүүн, Оксфордын их сургуульд түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалсан Д.Баярсайхан эгч, ЭМОС клубын гишүүн, түүхийн ухаанаар Киотогийн их сургуульд суралцаж буй Л.Мандухай анд нар юм. Ингээд урд орой нь нисэх буудлаас хот руу явахдаа Гуламд өөрийн зүгээс нэгэн даалгавар өгсөн нь хазара ард түмэн болоод монголчуудын түүхэн харилцаа холбоо, эх сурвалжын тухай судалгаа хийж 5 жилийн дараа монгол хэлээ сайн сурч, түүхийн судалгаанд гаршсан үедээ түүхийн ном бичих явдал. Тэрээр ч энэ номыг дуртайяа бичих болно гэж амалсан билээ. Ямартаа ч Монголын үр сад хэмээн цоллуулж - цовдлуулж ирсэн тэд маань энэ л зовлонт тавилангийн учир монголчууд бидний ахан дүү болох нь үнэн. Гэхдээ хазарачууд үнэхээр монгол угсаатай юу үгүй юу, монголчууд бидэнтэй чухам ямар хамааралтай вэ гэдгийг бид шинжлэх ухааны үндэстэйгээр олж мэдэж, монголын түүхийн судлагдаагүй нэгэн цоорхойг нөхөх ёстой нь зүйн хэрэг.

Сүхбаатарын талбайн хойморт суух Их хааныхаа хөшөөний өмнө хазара дүү нар маань нүүрэндээ үл мэдэг гэнэн инээд тодруулаад зураг татуулж байлаа. Төрийн ордныхоо өмнө биднийг ивгээн харж, хаан хүний ёсоор ихэмсэг заларсан Эзэн богд Чингис хааны хөшөөг харах бүрийд өөрийн эрхгүй бахархан хайрлаж, олон зууныг дамжсан цуу алдарыг нь шүтэн бишэрч, тэр дороо эрч хүч авах мэт болдог боловч, харин өнөөдөр их Чингис хаан Таны олон зуун дамжсан их үйл хэргээс болж ямар олон монгол үндэстэн ястан, ямар олон хазарачууд, ямар олон буриадууд, ямар олон халимагууд зовж шаналсан бол хэмээн бодогдоход цээж давчдаж, өөрийн эрхгүй гүн гуниг төрүүлмүй.

(PS: Оюутны тэтгэлгийн санд одоо хэр нь та бүхний туслалцаа хэрэгтэй байгаа тул та бүхэн бололцоогоороо бидний энэ үйлсийг дэмжиж хандив өргөөрэй)

Related links in English

- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
- The Tsahim Urtuu Scholarship Winners
- Donation Drive
Холбоотой мэдээллүүд

- Хандивын аян
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийн болзол
- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад ”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)
- Хандивлагчдын нэрс
- Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо
- Ё.Отгонбаяр сайдад баярлалаа
- Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!

9.08.2009

Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын ГХЯ-ны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!

Би амьдралдаа хэзээ ч ийм уур уцаартай, хүмүүсийг гоочилсон үгтэй имэйл, захиа бичиж байсангүй. Гэхдээ өчигдөр шөнө Энэтхэг дахь Монголын Элчин сайдын яам, манай эх орны Гадаад хэргийн яаманд хандаж бичсэн имэйлээ "Ё.Отгонбаяр сайдад Баярлалаа" гэж хэлсэн шигээ блогтоо тавихаар шийдлээ. "За яахав дээ", "юун сүртэй юм", "ийм зүйлд уужуу тайван хандаж сур", "гүндүүгүй байх хэрэгтэй", "ийм юм болж л байдаг", "одоо өнгөрсөн юм, яахав яахав" гэдэг үгэнд би маш дургүй. Гүндүүгүй бөгөөд маш уужуу тайван сэтгэx гээч монголчууд бидний хүндэтгэн биширдэг чанарт би л лав үнэн голоос дургүй (зарим тохиолдлоос бусад үед). Бүр инээд хүрээд байдаг юм, ийм юм сонсохоор. "Уужуу тайван сэтгээд", сүүтэй цайгаа (за даа, голцуу хар цай биз дээ хөөрхий, бидний 40 хувь ядуу, дотоодын сүүний хэрэглээний 20% аа л өөрснөө хангадаг, бусдыг нь хятадаас импортлодог) оочлоод суугаад байвал юу болдогийг бид өдөр бүр, алхам тутамдаа мэдэрдэг биш гэж үү?

Нөгөөтэйгүүр хазара монголчуудын оюутны тэтгэлэгт мөнгө хандивласан иргэдийн мөнгөний зарим нь юунд зарцуулагдаж байгааг тэд мэдэх эрхтэй. (жилийн санхүүгийн тайланг жилийн эцэст Цахим өртөөнд тавина)

Гол буруутан нь МУ-ын Гадаад хэргийн яам, гэхдээ Энэтхэг дахь ЭСЯ энэ асуудлыг маш хурдан зөв шийдэж чадах байсан боловч тэдний сэтгэл дутлаа. Блогтоо энэ захиаг тавих гэж байна гэсэн чинь зарим найз маань "Дараа нь иймээ тиймээ юм болох вий, жишээ нь чамд эсвэл Цахим өртөөнд дараа нь ямар нэгэн саадирэх байх" ч гэх шиг. Үгүй дээ, би энэ нөхдөөс юу гуйх вэ дээ. Хоёрт миний захиа бол дугаар хорооны иргэний л захиа. Надад гадаад паспорт бий, бас азаар хэзээ ч Монголын элчингүүдээс виз авахгүй шүү дээ. Нэгэнт энэ талаар сонин хэвлэлд нийтлэл бичээд суух завгүй тул ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ буюу блогоо ашиглахаар шийдэв. Хоёрт тэд буруугаа ойлгоно гэдэгт бүрэн итгэж байна. За би гэж хүн өчигдөр яагаад уурласныг доорх имэйлээс уншаарай. (За дээрх 2 байгууллагад ажилладаг нийт хүмүүст хандаагүй шүү. Зөвхөн энэ асуудлыг хариуцсан хүмүүст хандсан тул, дээрх 2 байгууллагад ажилладаг миний танил, найз нөхөд гомдох хэрэггүй шүү, хэхэ.)


From: D.S
Date: 2009/9/7
Subject: Erhem Gadaad heriin yaam, Enetheg dahi Elchin Saidyn yaamnii diplomat ner zuugchded
To: Embassy of Mongolia in New-Delhi, баснэгсонин@yahoo.com


Энэтхэг дахь Монгол Улсын ЭСЯ болон МУ-ын Гадаад хэргийн яамны консулын хэлтэсийн албан ёсны мангуунуудад!


Та бүхний бичиг үсэг тайлагдаагүй, төрийн үйлчилгээгээр үйлчлүүлэгчдийг үл тоомсорлож, наад захын сэтгэл гаргаж ажиллаагүйн ачаар хэдэн зууны турш Чингисийн удам гэдгээрээ дээрэлхүүлж, олон мянгаараа хядуулж ирсэн хазара зон олны төлөөлөгч, хөөрхий 3 хазара оюутан өнөөдөр онгоцондоо сууж чадахгүйд хүрлээ. Тэд Энэтхэгийн Цагдаагийн газрын зөвшөөрөлтэйгээр маш цөөн цагийн чөлөө авч тодорхой хугацаанд визээ аваад буцаж очих байсан газраа та нарын хүнд сурталын улмаар очиж амжсангүй. Үүний үр дүнд Цахим өртөө холбооны гишүүд бидний энд тэндээс гуйж цуглуулсан хандивын 2000$ салхинд хийсчихлээ.


ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичиг хатагтай тантай би хэдэн долоо хоногийн өмнө утсаар ярихад "Гадаад яамнаас бичиг авчихвал бид 5 минутын дотор виз дараад явуулж чадна" гэж байсаныг би тод санаж байна. Таны гар дээр очих зөвшөөрлийн бичигийг авахын тулд бид өнгөрсөн 7, 8 сарын турш Гадаад хэргийн яам, БСШУЯ, Гадаадын харьяатыг хариуцах алба, МУИС, Тагнуулын төв газар гэсэн 5 байгууллагын дунд бичиг цаас хөөцөлдөж өнгөрөөсөн. Бид бүх зүйлийг ном дүрмээр нь бөглөж, бүх саад бэрхшээлүүдэд тэвчээртэй хандсан (bureacracy-ийн энэ дамжлагуудыг ярьвал хэт уртдана). За энэ бүхний үр дүнд оюутнууд маань ч хичээлдээ сайхан хоцорсон.


Миний бие өнгөрсөн өвөл Афганистан улсад аялах, буцаж ирэх үедээ танай элчин сайд болон бусад ажилтнуудтай биеэр уулзаж, тэндэх нөхцөл байдлыг хэлж ярьж, Афганистанд буй олон сэхээтэн хазарачуудын нэрийн хуудсыг өгч холбоо тогтоож өгсөн. Тэднийг дэмжинэ, монгол угсаа энэ тэр гээд л байсан, одоо хаана байна вэ? Угтаа Афганистан улсыг хамаардаг гэх энэ элчин сайдын яам өнөөдөр Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, МУИС, Цахим Өртөө Холбооноос урилга аваад Монголд анх удаа хөл тавих гэж буй Хазара иргэдэд наад захын тус хүргэж чадахгүй, "паспортын дугааруудыг өөр хооронд нь зөрүүлж тавьсан байна" гээд сууж байдаг! Ингэхэд өглөө над руу биш та консул руу ярих ёстой байсан юм биш үү? Би тийм факс явуулаагүй шүү дээ? Энэ факсын төлөө 2 сар дээрх байгууллагууд ажиллачихаад эцсийн бүтээгдэхүүн нь ийм л байна шүү дээ.


Гурван оюутнуудын Баасан гаригт өгсөн визийн өргөдлийг нь тэр үед нь нягталж үзээд алдааг олж энэ Гадаад яамныхаа мулгуу амьтад руу хандаж болоогүй юу? Хөөрхий Гулам бидний мөнгийг хэмнэх үүднээс "Яаралтай гаргуулах" мөнгийг нь өгөлгүй Даваа гаригийг хүлээлгэсэн юм уу? Уг нь би юмыг яаж мэдэхэв илүү мөнгийг нь өгөөд яаралтайгаар гаргуулаарай гэж хэрэг болгож хэлсэн. Гэвч тэрбээр нэг бол тэр мөнгийг та нарт өгсөн, үгүй бол ядуу зүдүү байж үзсэн хүн болохоор мөнгө хэмнэх үүднээс Даваа гаригийг хүлээхээр шийджээ. Гайхамшигт Монголчууд бид яав гэтэл?


Гадаад яам гэж газар биднээс бүгдийн нь бичиг баримтын хуулбарыг аваад л байсан, гэтэл 3 хүний паспортын нэрийг 3 ууланд нь тойруулаад зөрүүлээд биччихсэн, түүнийгээ факсдсан аятай л сууж байна. Үүнийг нь танай консулынхан ч гэсэн хамгийн энгийн мэдрэмжээрээ "за хоорондоо л зөрсөн юм байна, Гадаад яам засаад нааш нь факсдах үед нь архивтаа авчихья" гэх сэтгэл төрсөнгүй юу? (Ядаж өөр 4 дэх хүний паспортын дугаартай холилдоогүй, зөвхөн хоорондоо л зөрсөн байсан шүү дээ. Ядаж байхад бид тэгээд зөрүүлчихсэн бол яая гэхэв)


Би энэ мөчид үнэхээр их харамсаж байна. Энэ 2000$ -ын хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ? (хандиваар цугласан мөнгөнөөс дахиад тасалбар авахад хүрэхгүй байгааг зориуд тэмдэглэе) Хүний нэр, пасспортын хэдэн цифрийг зөв хуулаад бичих сэтгэлгүй, тийм чадваргүй хүмүүс Монголын хилийг манаж, гадаад хэргийн яамны албан хэрэг хөтөлж байгаад үнэхээр их харамсаж байна.


Та бүгд иргэн миний энэ гомдлыг яаж барагдуулах вэ? Ямартаа ч энэ хазара 3 оюутан нэг их өндөр хөгжилтэй оронд ирж гийгүүлээд байгаа юм харагдахгүй л байна даа. Тосч байгаа элчин, тосч байгаа гадаад яам. Мөн таарав аа!


Дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр


PS: Гадаад яамны ...д гэж хэлэхэд: Гадаадын Жуулчин урих хуудас чинь ажиллахгүй хэдэн сар жил болж байна. 2 янзын хуудас байдаг. Нэгийг нь бөглөөд очихоор энэ нь биш нөгөөх нь гэж тэнэгтээд байдаг юм билээ. Хамгийн инээдтэй нь тэр буруу буюу хэрэглэхээр больсон маягтын нь линк нь вэб дээрээ байдаг нөгөөх нь зөвхөн хайлтын системээр олддогт. Зөв хуудсыг олдог арга нь бол бүр их сонгодог: "Гүүглээр зөвхөн ЦАХИМ УРИЛГА" гэж бичээд хайсан тохиолдолд л олддог. Энэ вэбийг анх МCS хийсэн гэсэн. Тэд нараар тэгээд maintain хийлгээд засуулвал яасийн?


2. Энэтхэг дахь элчин сайдын яам одоо вэбтэй болох болоогүй юу? наад box@airtelmail.in гэдэг чинь баргийн хүнд олдохгүй хаяг байна лээ шд. Худлаа гэвэл embassy of mongolia new delhi гээд гүүглдээд үз дээ!


Ямар имэйл хаяг, утасны дугаар гарах нь вэ? Дандаа худал мэдээллүүд. Яагаад update хийдэггүй юм бэ? Би бол та нар руу утасны карт аваад утсаар ярьж байж олсон имэйл хаяг шүү дээ. Тэгээд нэг асуулт асуугаад 1 сар хариу ирээгүй л хаяг даа! Тийм олон хүнд виз өгөөд завгүй байдаг юм байх даа! Уучлаарай. Би үнэхээр та нарыг завгүй гэхэд огтхон ч итгэхгүй байна!

Дүгнэлтийн оронд:

Бидний 40 хувь ядуу, дотоодын сүүний хэрэглээний 10% аа л өөрснөө хангадаг, бусдыг нь хятадаас импортлодог тухай би бичлэгийн эхэнд дурдсан. Тийм ээ, дээр нь манай консулынхан бичиг үсэгт тайлагдаагүй. 2 сар шалгаж, бөөн юм болчихоод эцсийн бүтээгдэхүүн буюу нөгөө виз олгох цаасан дээрээ ... ооps хэхэ. Хөгжилтэй ч юм шиг. Хүүе, хандив өгсөн найзууд аа: 2000 доллар будаа, Сорри!!!

9.04.2009

Ё.Отгонбаяр сайдад баярлалаа

ТАЛАРХАЛ

Mонголын хамгийн анхны вэб порталын нэг Монгол Туургатны “Цахим Өртөө Сүлжээ” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэн, хазара угсааны Мэгдад Салехи, Захра Хуссейн Бахш, Гулам Аббас нар энэхүү тэтгэлэгт ялсан билээ. Нийт 60 000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэж буй тэтгэлгийн сан нь гадаадад суугаа Цахим Өртөө Сүлжээний гишүүд, хувь хүн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хандиваас бүрдэх болно.

Тэтгэлэгийн хүрээнд Монголын хамгийн шилдэг их сургууль болох МУИС-д түүх, монгол судлал, мэдээллийн технологийн чиглэлээр суралцах гурван хазара оюутны сургалтын төлбөрийг Монгол улсын иргэний адил тооцож, Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр олгуулах бидний хүсэлтийг хүлээн авч тэтгэлэг олгож, олон зуун жилийн түүхийн нугачаанд хэлмэгдэж зовсон монгол гаралтай иргэдээ дэмжиж тусалсан МУИС, БСШУЯ-ны хамт олон болоод сайд Ё.Отгонбаяр танд нийт Хазарчууд , Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн өмнөөс гүн талархал илэрхийлье!

Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг авсан Хазара оюутнууд маань Монголын түүх, өв соёл, орчин цагийн Монголын нийгэм эдийн засаг, шинжлэх ухааны тухай гүн гүнзгий мэдлэг, боловсролыг эзэмшиж, хоёр ард түмний түүх соёл, институт хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Цахим Өртөө Холбоо ТББ
Улаанбаатар хот, Монгол улс
2009 оны 9 сарын 1