3.29.2009

Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэг

Цахим Өртөө Холбоо ТББ-ын зүгээс 2009-2014 оны эрдмийн жилд зориулан Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байгааг мэдэгдэхэд таатай байна. Хөтөлбөрийн хүрээнд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад байнга оршин суугч, Монгол угсаа гаралтай хазара үндэстэн, ахлах сургууль төгсөгч хоёр шилдэг сурагчид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монгол Улсын Их Сургуульд суралцах бүтэн тэтгэлэг олгох юм. Хоёр сурагчид олгох тэтгэлэг нь монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт 5 жил үргэлжилнэ.

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлэгийн сан нь тус бүр 17000 ам. доллар хүртэлх мөнгөн дүнгээс бүрдэнэ. Оюутны тэтгэлэгт 5 жилийн сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хоол, номын төлбөр, сургалтын бусад зардал орно. (Тэтгэлгийн санд тухайн оюутны амьдарч буй орноос Монгол Улсад ирэх замын зардал багтаж болно.) Хичээлийн жилийн төгсгөлд тэтгэлэгт оюутан нь тухайн жилд Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлгийг авснаар ямар үр дүнд хүрсэн тухай тайлан бичих болзол хүлээнэ.

Цахим Өртөө сүлжээний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг доорхи байдлаар тодорхойлж байна:
  • Ирээдүйд өөрсдийн улс эх орны удирдагчид болохуйц хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч хазара сурагчдыг Монгол Улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт хамрагдсан сурагчдад орчин үеийн Монгол улсын нийгэм соёлтой танилцах боломж олгох;
  • Хазара, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршдаа Исламын Бүгд Найрамдах Афганистан улс дахь Хазара ард зоныг Монголчуудтай холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн болоод хувийн амжилтыг дэмжих;

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Хазар ард түмэн, засгийн газар, институт хоорондын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулна. Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь авьяаслаг, бие даасан, сонирхлын цар хүрээ өргөнтэй байх бөгөөд суралцах ахуйдаа мэдлэг боловсролын болоод хувь хүний хувьд төлөвших бололцоогоор хангагдана.

Хэн өргөдөл гаргах боломжтой вэ?

Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь 17-21 настай байна. Хэрэв та Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын ахлах сургуулийн 12 дугаар ангид сурдаг, хазара үндэстэн, хувийн болоод сур¬лагын өндөр амжилттай, Монгол Улсын Их Сургуулиас санал болгож буй мэргэжлийн ангиуд нь таны боловсролын ашиг сонирхлыг хангах бол уг тэтгэлэгт хамрагдах өргөдлийг гаргах эрхтэй. Өргөдөл гаргагч нь 3.33-aaс багагүй (4.0 -ийн системээр) голч дүнтэй ба нийт төгсөгчдийн сурлагын жагсаалтад эхний 20%-д багтсан байна.

Тэтгэлэгт хамрагдсан оюутан суралцах хугацаандаа 3.0 голч дүнг хадгалж, хичээлийн нэг улиралд доод тал нь 12 кредит цагийн хичээлд суусан бол тэтгэлгийг үргэлжлүүлэн авах эрхийг эдэлнэ.

Сургалтын хөтөлбөр

Tэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ын салбар сургуулиудад дараахь сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой:

Монгол Хэл Соёлын Сургууль
Хэл шинжлэл, Нүүдлийн соёл иргэншил судлал, Монгол хэл, Эх бичиг-Алтай судлал, Түрэг судлал, Ардын урлаг судлал, Гадаад хэл соёл

Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
Улс төр, Социологи, Сэтгэл судлал, Антропологи, Түүх, Философи, Сэтгүүлзүй, Угсаатан судлал, Шашин судлал

Мэдээллийн Технологийн Сургууль
Электроник, Програм хангамж, Сүлжээний инженер, Компьютерийн инженер

Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Өргөдлийн бүх материал англи хэл дээр байх ба дараахь баримтыг хавсаргана:

  • Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг хүсэгчийн маягт
  • Хувийн эссэ
  • Ахлах сургуулийн дүнгийн албан ёсны хуулбар
  • Хоёр багшийн бичсэн итгэмжит захидал
  • Эцэг/эх, гэр бүлийн гишүүдийн аль нэгний бичсэн итгэмжит захидал
  • Пасспорт, үнэмлэхний хуулбар
  • Сүүлд татуулсан 2 хувь пасспортын цээж зураг

Өргөдөл гаргахад үнэ төлбөргүй болохыг анхаарна уу. Өргөдлийн маягтыг
www.tsahimurtuu.mn/scholarship.htm хаягаас татаж авна уу.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа нь 2009 оны 5 сарын 1-ний өдөр. Өргөдлийг хянах, шалгар¬уулалт хийх үйл ажиллагааг хурдавчлах үүднээс тэтгэлгийн өргөдлийн бүх бүрдүүлэх баримт holboo@tsahimurtuu.mn имэйл хаягаар явуулахыг санал болгож байна. Үүнээс гадна дээрх материалууд нь Цахим Өртөө холбооны шуудангийн хаягаар 2009 оны 5 сарын 1 ний өдрөөс өмнө ирсэн байх ёстой болохыг анхаарна уу. Өргөдлийн бүх бичиг баримтыг дараахь хаягаар илгээнэ үү:

Tsahim Urtuu Holboo NGO
IT Park 424
Baga Toiruu-49
Ulaanbaatar
MONGOLIA

Хэрэв өргөдлийн материал нь хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол Оюутны тэтгэлгийн комиссоос хоцорсон өргөдлийг хүлээн авах шийдвэр гаргаж болно.

Шалгаруулалтанд нөлөөлөх хүчин зүйлс

Оюутны тэтгэлгийн комисс нь тухайн сурагчийн Монгол Улсын Их Сургуульд суралцах гал халуун хүсэл эрмэлзэл, сурлагын өндөр амжилтыг илтгэх нотолгоо, нийгмийн тусч хөдөлмөр, хувийн сахилга батыг үндэслэн шийдвэр гаргана. Оюутны тэтгэлгийн комисс нь их сургуульд суралцах төлөвлөгөөний логик, Монгол улсад суралцах шалтгаанаа сайтар тайлбарлаж нотолсон сурагчидыг ялагчаар сонгох болно.

Оюутны тэтгэлгийн комиссын шийдвэр

2009 оны 5 сарын 1-нээс өмнө өргөдлөө явуулсан сурагчдын өргөдлийг хүлээн авсан тухай мэдэгдлийг тухайн сурагчын имэйлээр хариу мэдэгдэнэ. 8 хүртэлх тооны сурагчид нь шигшигдэж, дахин шалгаруулалт хийх зорилго дор англи хэлээр хийх телефон утасны ярилцлаганд уригдана. Оюутны тэтгэлэгт уралдаанд ялагчдыг нэрсийг 2009 оны 5 сарын 31 буюу Цахим Өртөө Сүлжээний 10 жилийн ойн баярын өдөр Оюутны тэтгэлгийн комиссоос зарлана. Мэдэгдэл нь Цахим Өртөө Сүлжээний www.tsahimurtuu.mn вэбсайтад 2009 оны 5 сарын 31-нд Улаанбаатарын цагаар 12 цаг гэхэд нийтлэгдэнэ. Оюутны тэтгэлгийн комисс нь бүх сурагчдын өргөдөлд хянуур хичээнгүй хандах бөгөөд шийдвэр нь эцсийн байна.

Оюутны тэтгэлгийн комисс
Цахим Өртөө Холбоо ТББ
2009 оны 3 сарын 26


Related links in English
- The Tsahim Urtuu Scholarship Announcement
- The Scholarship Application (in PDF)
Холбоотой мэдээллүүд
- Цахим Өртөөний нэрэмжит оюутны тэтгэлэг
- Press Release: Афганистаны Монгол угсаатан Хазара оюутнуудад
”Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгонo (PDF)

- Хандивлагчдын нэрс

3.19.2009

Ногоовтордуухандуу ба Далтонизм

Энэ ямар өнгө вэ? Надад бол ногоон санагдаад байгаа юм :) Би ч үнэхээр color blind хүн юм аа. Коллежид байхад химийн хичээл дээр манай ангиас 3 хүүхэд өнгө ялгадаггүй болох нь тогтоогдсон, нэг нь хэн байсныг одоо та анзаарч байгаа байх :) Саяхан нэг вэб хуудсын дизайн гаргаад, түүнийгээ ногоон гээд тайлбарлатал үзсэн хүмүүс бүгд цэнхэр өнгөтэй байна гэв. (бодвол ногоон туяатай цэнхэр :) Вэбийн толгойны хувьд үнэхээр цэнхэр юм байна, хэд хэдэн хүн баталлаа. Минийхээр бол ногоовтордуухандуу л санагдсан юм. Азаар би хөх, цэнхэр өнгөнд дуртай гэж цайруулая даа. Хаха. (Гэхдээ бүр вэбд яагаад ногоон өнгө сонгох болсон шалтгаанаа тайлбарласан нь бүр хөгжилтэй) Анх 99 онд вэб хийж эхэлснээс хойш одоо бараг 10 жил болжээ. Харин тэр болгонд миний төсөөлсөн өнгө бусдад арай өөр харагдаж байсан байна гэж бодохоор, хэхэ, өөртөө гомдмоор ч юм шиг.

Ногоон гэснээс аавынхаа ярьдаг нэг классик онигоог ярьж өгье. Нэг нөхөр ногоон нүдтэй байжээ. Гэтэл түүнийг нэг найз нь ногоон нүдтэй гэх мэтээр ярьж байхыг дуулчихаж. Тэгээд нөгөө найзаасаа "Чи яагаад миний нүдийг ногоон гээд байгаа юм?" гэж ирээд л гоморхов. Гэтэл хариуд нь сэтгэлийг нь аргадах гэсэн найз нь: "Би чиний нүдийг ногоон гээгүй. Ногоовтор гээгүй. Ногоовтордуу ч гээгүй. Ногоовтордуухандуу л гэж хэлсэн" гэжээ. Хаха.

Энэ онигооноос би Монгол хэлний гайхамшигийг, залгамал хэлний давуу талыг бахаддаг юм. :)

Гэтэл сургууль дээр болсон явдлын дараахан нь өөрийн сайн найз Лиза-д өөрийгөө өнгө ялгадаггүй, color blind болох тухайгаа ярьтал мань хүн "Чи тэгээд бүх юмыг хар, цагаанаар хардаг юм уу?" гэх нь тэр. "Are you serious? Чи үнэхээр надаас тэгж асууж байгаа юм уу?" гээд би инээд алдаад гайхан асуутал Лиза "Tийм ээ" гээд нэлээд санаа зовж, өрөвдсөн байдалтай хариулав. Хариуд нь би "Би ямар нохой байгаа биш дээ! Үндсэн 6 өнгөө бол ялгалгүй дээ. Харин завсарын зарим өнгийг ялгахдаа тааруу" гэж хэлсэн. Дараа нь түүнд color blind гэдэг хэлц үгийг тайлбарлаж 2 зэрэг жаал хөхөрч билээ.

Саяхан Энэтхэгт явахдаа lasik surgery хийлгээд нүд маань эв эрүүл болж би гэдэг хүн хорвоод энгийн нүдтэй хүн ийм байдаг юм байна гэж гайхан баярлаад л өглөө контакт линз зүүхгүй шууд ажилдаа явж болж байгаад баярлаад барахгүй байлаа. Гэхдээ color blind бол төрөлхийн, засардаггүй согог юм байна. Саяны ногоовтордуухандуугийн явдал үүнийг баталлаа. Аа гэхдээ, color blind хүнд давуу талууд байдаг гэнэ. Жишээ нь дайны үед :)) хаха.

Any recessive genetic characteristic that persists at a level as high as 5% is generally regarded as possibly having some advantage over the long term. In World War II it was discovered that analysis of color aerial photos yielded more information if at least one team member was color blind. Significantly, humans are the only trichromatic primates with such a high percentage of color blindness.

3.16.2009

Тус дэм

"Цаг төр" сэтгүүлийн cover article буюу хавтасны сэдэв надад их таалагддаг. Ер нь л нийгмийн тулгамдсан сонирхолтой сэдвийг сонгож маш сайн эрэн сурвалжлагын маягтай нийтлэл хэвлэдгээрээ онцлог. Халаасны өрөө (өрөө түрээслэгчдийн тухай), Уул уурхайн удиртгал хөгжим, Баярын үсрэлт (С.Баярын тухай), эрүүл хооллолт гэх мэт сонирхолтой сэдвүүдийг санаж байна. Өнгөрөгч 11 сард Тус дэм нэрт хавтасны сэдэвт (cover article) зориулж бичсэн өмнөх үгээ энд нийтлэе. Энэ дашрамд хэрэв та Цаг төр сэтгүүлийг уншдаггүй бол заавал уншиж байхыг зөвлөе. Их эрүүл сэтгүүлзүйтэй, шинэлэг, ерөнхийдөө ТАЙМ сэтгүүлтэй нэлээд төстэй, сайн сэтгүүл шүү.

Тус дэм

...Тус дэм гэнэ ээ? ... хммм Help! гэж домогт Битлзийн гайхамшигтай гоё дуу байдаг даа. Тус дэм, хайр үгүйлсэн идэр залуу "Help, I need somebody" гэж дуулдаг. Хайр дурлалдаа умбаад шархалсан сэтгэл болоод ходоод хоосон траншейний хүүхдийн сарвайсан гар хоёрын аль алинд хэн нэгний тусламж хэрэгтэй л байдаг бололтой...

...Гэснээс хүн хүнээ гэсэн сэтгэл, тус дэмийн тухай ойлголт миний төрж өссөн бага балчир үеийн ойлголтоос арай л өөр болчихоод байх шиг. Бид ХҮН ЧАНАР буюу хүнийг хүн болгодог үндсэн чанараасаа холдсоор байгаа мэт. Угтаа бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд "хөдөлвөл хөлс" болчихоод байгаа хэцүү үе иржээ. Дээр нь бас одоогийн "дэм дэмэндээ, дээс эрчиндээгийн" сайн биелэгдэж буй сонгодог хэлбэр нь АВИЛГАЛ болоо юу даа?

...Чухамдаа бид энэ хорвоод хэн нэгэнд өгөх БЭЛЭГ-тэй төрдөг. Харин бид түүнээ өгч чадаж байна уу? Тийм ээ, хүмүний амьдралын охь болсон бие биеэ гэсэн сэтгэл, хүн хүнээ гэсэн тус дэмийг бид өгч чадаж байна уу? Ертөнцөд бусдын төлөө хамгийн ихийг золиослож, хамгийн ихээр ӨГЧ чадсан тэр хүмүн л хайр хүндэтгэл, алдар нэрийн оргилд хүрдэг бус уу? Гэтэл өнөөдөр өнгөц ажваас хамгийн ихээр AВЧ чадсан хүмүүс "хайр хүндэтгэл", "алдар нэр"-ийн оргилд "суудаг" уламжлал тогтжээ!

...Tус дэм гэдгийг би хайр гэж нэрлэнэ. Үгүй ээ, хайр дурлалын хайр биш шүү! Хүн гээчийг ХҮН болгодог тэр хайрын тухай ярьж байна. Чухамдаа судар номд латинаар AGAPE хэмээн дурдагддаг хариу үл нэхсэн, болзолгүй хайр, яагаав нөгөө БУРХАНЫ ХАЙР!

...Хүмүүсээ, бие биеэ хайрлацгаая, бие биедээ туслацгаая! Хүн хүндээ болзолгүй хайр, болзолгүй тус дэм өвөрлөсөн сэтгэлээр хандаж байя. Тус дэмийн хариуд тус дэм үл нэхюү. Туслуулж дэмжүүлсэн үедээ үнэн сэтгэлээс баярлаж сурюу. Чухамдаа тусалж буй хүн нь хариу үл нэхсэн хайраар ханддаг, харин туслуулсан нэг нь хүний тусыг үл мартаж, үнэн сэтгэлээс талархаж, чин сэтгэлээс ач буян санаж сурваас энэ хорвоо мөн таатай газар байхсан...

…Уншигч Танд шинэ долоо хоногийн халуун мэнд хүргэе! Хаана хамгийн их тусламж хэрэгтэй байна, тэнд тус дэмээ хайрлаж яваарай!

Д.Сайнбаяр
Цаг төр сэтгүүл - 2008.11.20