10.26.2008

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд

нэртэй комментарийг одоогоос яг 4 жилийн өмнө Америкийн монголчуудын Даяар Монгол сонинд хэвлүүлж байснаа өнөөдөр PC-гээ ухаж оллоо. Тэр үед БНН-ын үндэсний чуулганыг Fox channel-аар үзээд бичиж байсан санагдана. Харин нөгөө талд алдарт Обама АН-ын үндэсний чуулганаар "үнэхээр бут авсан" илтгэл тавьж байлаа. Хэн ч үл мэдэх Обамагийн 2004 oнд Жон Керриг дэмжиж тавьсан илтгэлийг сонссон хүн болгон түүнийг дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ЁСТОЙ хүн юм байна гэж бодсон юм шүү. Би ч тэгж бодсон. Бурхны тааллаар болдог юм болдогоороо болж Обама ч энэ жил нэр дэвшиж, маш амжилттай явааг харахад сэтгэл тэнэгэр байна. 2004 онд чухамдаа хаанаас хэн гараад ирэв гэмээр гайхамшигтай илтгэл тавьж, улстөрийн жинхэнэ од болсон Барак Обамаг Jay Leno-гийн Late night show-гаар уригдан ороход тэр ингэж ярьсан нь санаанд тод үлджээ: 2000 онд мөнгөгүй ажилгүй байсан Обамаг найз нар нь чи юутай ч болсон Los Angeles явж АН-ын National Convention-руу оч, хүн хартай уулз гэж зөвлөжээ. Ингээд LАX-ын онгоц буудалд буугаад түрээсийн машин авах гэтэл бүх зээлийн картын нь лимит дууссан буюу 0 заасан байжээ. (LA-д бол машин унахгүй л бол бүх газар нь тийм хол газар л даа. Такси болохоор хэт үнэтэйдсэн биз.) Аргаа барсан мань хүн банк руу утасдаж зээлийн картынхаа мөнгөний лимитийг өсгөв. Ингээд жаахан мөнгөтэй болсон мань хүн машин түрээслээд 2000 оны АН-ын үндэсний чуулганыг Лос Анжелесын Staples center (нөгөө LA Laker's ийн дэвжээ) -т үзэхээр очжээ. Гэтэл мандат ч байхгүй байсан түүнийг хамгаалагчид үл нэвтрүүлсэн тул Staples center-ийн эрчүүдийн 0-ын өрөөн дахь телевизээр АН-ын үндэсний чуулганыг анх үзсэн гэдэг. Сонин юм шүү, тэр үед 0-ын өрөөнд зогсохдоо мань хүн чухамдаа дараагийн үндэсний чуулганаар тэр өндөр индэрээс улс орныг доргиосон илтгэл тавьж итгэл найдварын од болохоо мэдэж байсан болов уу? Мөн 8 жилийн дараа болох үндэсний чуулганаар өөрөө АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд явах юм чинээ санасан болов уу?

Обама бол миний мэдэх хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Ерөнхийлөгч болно байх аа гэж би дотроо залбирч байна. Ингэхэд Обама ерөнхийлөгч болох эсэх нь дэлхийн нөгөө бөөрөнд суугаа бидэнд хамаатай гэж үү? Well, дэлхийн шинэ удирдагч хэн болох нь бидэнд хамаатай. Обамагийн санал болгож буй дипломат бодлого Монгол улсын эдийн засагт ч хамаатай. Тэр тусмаа залуу хүмүүст Audacity of hope -ыг энэ хүн бэлгэддэг билээ.

Ажлын минь нэг анд АНУ-ын сонгууль яаж явагддаг тухай асуусанд хариу болгох үүднээс амбасан үеийн нэг бичвэрээ энд орууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ямар маягаар явдаг гэдгийг сонирхож буй бол нийтлэлийн доор буй Сонгуулийн коллегийн тухай хэсгээс уншаарай. Ажлын шинэ долоо хоногт тань амжилт хүсье!


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд
Д. Сайнбаяр /Чикаго/ 2004-9-5 - Даяар Монгол сонин

Өнгөрсөн долоо хоногт дөрөв хоног Нью-Йoрк хотын Мадисон Скүар Гарденд үргэлжилсэн АНУ–ын ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганыг эсэргүүцэж тус хотод ойролцоогоор 500 мянган иргэд жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулж Нью-Йoркын 36000 цагдаа нар өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэжээ. Мөн Жорж Бушийн засгийн газрын гадаад, дотоод бодлогыг эсэргүүцэж өөр өөрийн гэсэн өвөрмөц маягтай эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж 1800 орчим хүн баривчлагдав. Зарим нь энх тайвныг бэлэгдэн гэрэл асааж, дайныг эсэргүүцэн дайнд алуулсан мэт гудамжинд хэвтэж, зарим нь Жорж Бушийг эсэргүүцэн шог ая дуу зохион дуулцгааж, усны хувцастай бүсгүйчүүд дотоожин дээрээ эсэргүүцлийн үгс бичицгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуульд өрсөлдөгч намууд намынхаа үндэсний чуулганыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай. Уг чуулганы үеэр намууд намынхаа чиг шугам, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь намынхаа нийт дэмжигчдийн сонголтыг хүлээн авснаа албан ёсоор нийтэд зарлах ёстой боловч үнэн хэрэгтээ сонгуулийн маш их шуугиан дэгдээсэн компанит ажил болон хувирч, олон нэртэй улс төрчид чөлөөт индэр дээр сонин гайхалтай илтгэл тавьж, эсрэг намынхаа нэр хүндийг унагах том чуулган болдог. Мэдээж хуучны адил АН, БНН-ын чуулган маш шуугиантай болж өнгөрөв. Зарим телевизийн сурвалжлагчид аль нам нь олон шаар хөөргөсөн бэ гээд маргах нь хөгтэй.

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний аюулгүй байдал, террoризмийн эсрэг тэмцэл, Иракийн дайн, гадаадынханд алдаж буй дотоодын ажлын байр болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, татварын бодлого, даатгалын систем, боловсрол гэх мэт асуудлууд компанит ажлын гол цөм болсон чухал сэдвүүдийн тоонд орж байна. Харин бусад улсын ерөнхийлөгчийн сонгуулиас ялгарах нэг зүйл ажиглагдсан нь АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь улс орны дотоодын асуудал гэхээс гадна дэлхийн энх тайван, эрх чөлөө гэж дэлхий нийтийн эрх ашгийн өмнөөс үг хэлж зогсох нь аргагүй л том орны том удирдагч юм даа гэж бодогдмоор.

***

Таван долоо хоногийн өмнө болсон Ардчилсан Намын үндэсний чуулганы дараа олон агентлаг, хэвлэл мэдээллийн албанаас сонгуульд АН-ын Жон Керригийн төлөө санал өгөх сонгогчидын тоо нэмэгдсэн эсэхийг тооцох санал асуулга явуулахад онцын өөрчлөлт гараагүй буюу Жон Керри нэгээс хоёр хувиар тэргүүлсэн хэвээр байв. Харин БНН-ын чуулганы дараа Тайм сэтгүүлийн явуулсан санал асуулгад оролцогчдын 52% нь Жорж Бушд, 41% нь Жон Керригийн төлөө саналаа өгнө гэж гарлаа. Энэ нь өнгөрсөн хавраас хойш эхэлсэн хоёр намын сонгуулийн компанит ажлын дүнд хамгийн хол зөрүүтэй гарсан санал асуулгын дүн болж байгаа юм.

БНН-ын чуулганд Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварценнегер, сенатoр Жон Маккэйн, Нью-Йорк хотын амбан захирагч асан Рюди Жулиани, дэд ерөнхийлөгч Дик Чени, ерөнхийлөгч Жорж Буш нарын илтгэл олон хүнийг байлдан дагууллаа. Гэтэл Жоржиа мужийн амбан захирагч асан, АН-аас сонгогдсон сенатoр Зэлл Миллер өөрийн намаас нэр дэвшигдсэн Жон Керригийн эсрэг БНН-ын чуулганд ирж илтгэл тавьсан нь энэ чуулганы гол сенсаци боллоо. Тэрээр илтгэл тавих тавихдаа бүр маш их эрч хүчтэй, уран илтгэл тавьж, илтгэлдээ Жон Керригийн хамаг муу муухайг илчлэх зорилго өвөрлөж, Жон Керригийн улс төрийн нэр хүндийг унагаах маш хатуу ширүүн үгсийг Америкийн өмнөд мужийн аялгаар хэлж, шүд зуусан уур омгоор хайр найргүй довтолж байлаа. Тэгээд ч тэр санасандаа хүрсэн нь олон хэвлэл мэдээллийн агентлагаас гаргасан судалгаанаас харагдаж байна. Зэлл Миллер хэлсэн үгэндээ “…Жон Керри бол ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй ямар ч туйлбаргүй этгээд… АНУ -ын үндэсний аюулгүй байдлыг НҮБ бус АНУ, Парис бус Вашингтон шийдэх ёстой…” гэж ярьлаа. Ямартаа ч Жорж Буш, Дик Чени нар илтгэлээ тавихаас өмнө АН-ын нэр хүндтэй сенатoраар өөрийнх нь намаас нэр дэвшиж буй Жон Керрийг сайн муулуулж, Жон Керригийн нэр хүндийг унагаах гол зорилгоо гүйцэлдүүлж “замаа засаад” авсан нь маш ухаалаг алхам болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

***

БНН–ын үзэл баримтлал нь чөлөөт зах зээлт капитализм, үндэсний үзэл, шашинлаг сэтгэлгээ, консерватив, милитарист үзлээр томъёологддог. Билл Клинтоны засгийн газар төсвийн арвин нөөцтэй, эдийн засгийн тогтвортой улс орныг Жорж Бушд хүлээлгэн өгсөн авч Жорж Буш одоогийн байдлаар олон тэрбум долларын төсвийн алдагдалтай ажиллаж байгаа билээ. Хэдийгээр сүүлийн нэг жилд шинээр 1.7 сая хүн ажилд орсон авч, Буш засгийн эрхэнд гарснаас хойш 1 сая орчим хүн ажлаа алдсан хэвээр байна. 9 сарын 11-ний явдлаас хойш Америкийн эдийн засаг уналтанд орж, Иракийн дайнд асар олон тэрбум доллар зарцуулсан, дээр нь иргэдийн орлогын татварыг багасгаснаас төсвийн алдагдалд орж байна гэж шинжээчид үздэг. Гэтэл Жорж Бушийн эдийн засгийн бодлого бол том, дунд оврын бизнесийн орлогын татварыг багасгаж, Америкийн том корпорациуд, баячуудын татварыг хөнгөлснөөр олон хүний ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал юм. Харин АН-ын Жон Керри энэ бодлогыг эрс буруушааж, гадаад бодлого, дотоодын эдийн засгийн бодлогыг өөрчлөх зорилттой байгаа юм. Жон Керригийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүн амын хамгийн баян чинээлэг 2% буюу жилийн 200,000 доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг Бушын засгийн эрхээс өмнө байсан тэр хэмжээнд буцаан нэмэгдүүлж ядуу, дундаж орлоготой иргэдийн татварыг хөнгөлөх бодлого баримталж байгаа билээ.

Жон Керригийн нэр хүндэд том цохилт болж байгаа сэдэв бол түүний Сенатад байх хугацаандаа үндэсний аюлгүй байдлын асуудалтай холбогдсон хууль, тогтоомжинд өгсөн олон саналын тайлан юм. Хэдийгээр түүнийг Патриот актыг (Patriot Act) гаргахад дэмжиж санал өгсөн боловч одоо Иракийн дайныг буруушааж байна гэж БНН-ын улс төрчид гуйвуулга хийж “хоёр нүүртэй улс төрч” гэж цоллон олон түмний бодлыг өөрчлөх тактик хэрэглэж байгаа. Харин Жон Кeрри бол “Жорж Буш ард түмнийг хуурч Иракын дайнд оруулсан. Иракийн дайнд олон улсын дэмжлэгийг хүлээн аваагүй учраас олон улсад АНУ-ын нэр хүнд асар ихээр унасан” гэж БНН-ын дипломат бодлогыг шүүмжилж байгаа юм. Анхлан Жорж Буш Иракын дайнд 1 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдсэн авч, одоогийн байдлаар 200 орчим тэрбум доллар зарлагадаад байгаа юм. Иракын дайнаас хойш дэлхийн олон улсын ард түмний дунд явуулсан судалгаанаас үзэхэд Жорж Бушийн нэр хүнд маш муудаж, АНУ-ын түүхэн дэх олон улсад хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болж тодроод байгаа нь АН-ын сонгуулийн компанит ажилд их хэрэг болох баримт болжээ.

АН-ынхан Жон Керригийн санал буурсан үзүүлэлтийг түр зуурийн үзэгдэл гэж үзэж байна. Хэдийгээр Жон Керри олон нийтийн саналаар үзүүлэлт доогуур байгаа боловч сонгуулийн коллегийн дүнгээр бол Жорж Бушаас илүү үзүүлэлттэй байгаа. Харин БНН-ынхан дараагийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэж зарим телевизийн сувгаар маргаж, өөрснийгөө ялсан мэт ард түмний сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байна. Ямар ч байсан 9 сарын 30-нд Флорида мужид эхлэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд олонд нээлттэйгээр гурван удаа явагдах халз мэтгэлцээний дараа олон зүйл тодорхой болох биз ээ.

* Сонгуулийн коллегийн тухайд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг цорын ганц сонгууль авч шууд бус сонгууль гэдгээрээ олон орны ерөнхийлөгчийн сонгуулийн системээс онцлог ялгаатай юм. АНУ-ын Конгресс дахь Сенатын танхимд нийт 100 гишүүд буюу муж бүрээс 2 сенатoр, харин Төлөөлөгчдийн танхимд 435 гишүүн буюу муж бүрийн хүн амын тооноос шууд хамаарсан төлөөлөлтэй байдаг. Сонгуулийн коллегийн (Electoral college) гишүүдийн тоо муж тус бүрээс сонгогдсон сенатoрын тоо, Төлөөлөгчдийн танхимын (House of Representatiүes) гишүүдийн тоо, мөн Колумбын дүүргийн одоогийн 3 гишүүд буюу хамгийн цөөхөн төлөөлөгчтэй мужаас илүүгүй тооны гишүүдээс бүрдэнэ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 538 сонгуулийн коллегийн гишүүд оролцох юм. Сонгууль мажоритар системээр явагддаг тул сонгуулийн коллегийн гишүүдийн хамгийн олон санал буюу 270-аас дээш санал авсан нь ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм. Сонгуулийн Коллегийн гишүүдийг муж бүр янз бүрээр сонгодог. Улс төрийн намууд муж тус бүрдээ намын хурал, чуулганаар Конгрессын гишүүн бус хүнийг коллегийн гишүүнээр нэр дэвшүүлдэг. Намын дарга эсвэл ерөнийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй улс төрийн болоод хувийн харьцаатай хүн ч Сонгуулийн Kоллeгийн гишүүнээр сонгогдож болдог. Зөвхөн Майн, Небраска мужаас бусад бүх мужуудад олонхийн санал авсан нам нь сонгуулийн коллегийн нийт саналыг авна. Гэвч үндэсний нийт сонгогчдоос олонхийн санал авсан боловч Сонгуулийн коллегийн дүнгээр цөөн санал авч ялагдсан хэд хэдэн тохиолдол байдаг. 2000 оны сонгуулиар Алберт Гор, Жорж Бушаас 540 мянга гаран сонгогчийн саналаар ( 0.5 гаруй хувийн зөрөөтэй) илүү санал авсан боловч Сонгуулийн Коллегийн саналаар 271-266 гэсэн харьцаагаар ялагдсан. Флорида мужын хамгийн чухал дүүргийн 500 гаруйхан хүний санал тэр жилийн сонгуулийн дүнг өөрчилсөн сонин түүх бий.



10.09.2008

Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг

Зарим уншигчын хүсэлтээр, мөн Номун Далай - цахим дэлгүүрийн 1 жилийн ой болж өнгөрч буйтай холбогдуулж жил гарны өмнө журмын анд нартайгаа хамтран орчуулсан "Дэлхий бөөрөнхий биш" номын хэсгээс блогтоо оруулж байна. Таалан соёрхoно уу. Энэ номыг Номун Далай цахим дэлгүүрээс худалдан авах бүрэн боломжтой. АНУ дахь салбараас худалдан авсан тохиолдолд ноён Баабарын бичсэн History of Mongolia англи хэл дээрх сэтгүүлийг урамшуулал болгон олгоно. Мөн 50$ оос дээш гүйлгээ хийж биднийг дэмжсэн бүх хүмүүст Богд Зонховын "Бодь мөрийн зэрэг" номыг үнэгүй бэлэглэж байна. Номын буян арвижих болтугай!

Гадны ажиллах хүчийг ашиглах нь буюу Аутсорсинг
Y2K
(Олон улсын бестселлер Томас Фридманы "Дэлхий бөөрөнхий биш" номын хэсгээс)

1947 оны 8 сарын 15-нд тусгаар тогтнолоо олсноос хойш Энэтхэг орон өөдлөх үедээ өөдлөж, уруудах үедээ уруудаж ирсэн хэдий ч зарим талаараа хорьдугаар зууны сүүл үеийн түүхэнд хамгийн азтай орон гэж тэмдэглэгдэх магадлалтай.

Саяханыг болтол Энэтхэг улс банк санхүүгийн ертөнцөд "хоёр дахь худалдан авагч" гэж нэрлэгддэг байв. Зочид буудал, гольфийн талбай, эсвэл худалдааны цогцолборын анхны эзэд нь дампуурал зарлаж, банкинд бүхий л үнэт цаасны өртөгийн доллар тутам нь арван центээр зарагдах үед арилжаа хийж хоёр дахь худалдан авагч болох нь ер нь аль ч бизнест хамгийн их үр ашиг авчирдаг зүйл. Чухамдаа шилэн кабелийн компаниудын тавьсан кабелийн шугамыг анх худалдан авч, үргэлж хил хязгаараа тэлж буй дижитал ертөнцөд тоймгүй ихээр баяжина гэж төсөөлсөн анхны худалдан авагчид нь Америк хувьцаа эзэмшигчид байв. Хөрөнгийн бирж дэх хиймэл хөөсөнцөр хагарах үед тэд үнэ цэнэ буурсан эсвэл огт үнэгүй болсон хувьцаатайгаа л хоцорсон билээ. Үр дүнд нь эдгээр шилэн кабелиудын хоёр дахь худалдан авагчид нь Энэтхэгүүд болсон юм.

Яг үнэндээ Энэтхэгүүд хувьцаа худалдаж авсангүй. Харин хэрэглээнээс хэт илүүдэж татагдсан шилэн кабелиас гол ашигаа олсон бөгөөд, энэ нь угтаа тэд болон тэдний Америк үйлчлүүлэгчид тэрхүү асар их кабелийг үнэгүй ашиглах боломжтой болсонтой холбоотой. Энэ бол Энэтхэг орны хувьд тэнгэрийн умдаг атгасантай (арай бага хувь нь Хятад, хуучин ЗХУ, Зүүн Европт) адил явдал болсон юм. Чухамдаа орчин цагийн Энэтхэгийн түүх гэж юусан билээ? Энэтхэг орон хэдийгээр байгалийн баялаг, ашигт малтмалын олдвор (нүүрс, төмрийн хүдэр, алмааз) ихтэй ч, энэ нь тэжээх хүн амтай нь харьцуулвал үнэндээ хаана нь ч хүрэлцэхгүй юм. Харин үүний оронд Энэтхэг өөрийн орны хүмүүсийн тархийг малтаж, элит давхаргын томоохон хэсгийг шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны салбарт суралцуулжээ. 1951 онд Энэтхэгийн анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн түүхэн гавьяагаар долоон ЭТИ-ийн (Энэтхэгийн Технологийн Институтийн) анхных нь Харагпур хотын дорнод хэсэгт үүсэн байгуулагдсан билээ.

Үүнээс хойш тавин таван жилийн турш олон зуун мянган Энэтхэг залуус эдгээр ЭТИ-үүд болон чансаа сацуу хувийн сургуулиудад (түүнчлэн бизнесийн удирдлага заадаг зургаан Энэтхэгийн Менежментийн Институтэд) элсэхээр хүчээ сорьж, дараа нь амжилттай төгсөхийн төлөө өөр хоорондоо өрсөлдөж ирэв. Энэтхэгийн нэг тэрбум гаран хүн амыг бодолцож үзвэл энэхүү өрсөлдөөний дундаас гайхалтай чадварлаг сэхээтний бүлгүүд төрөн гарсан гэлтэй. Энэтхэг орон дэлхийд гайхагдсан инженерчлэл, компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн хамгийн авьяаслаг мэргэжилтнүүдийг яг л цөцгийний үйлдвэр аятай бэлтгэж, экспортлох болсон байна.

Ай даа, Энэтхэгийн зөв хийж чадсан цөөхөн зүйлсийн нэг нь энэ буюу. Яагаад гэвэл байнга доголддог улс төрийн тогтолцоо, Неругийн Зөвлөлт, социалист орнуудыг дэмжсэн байр суурь 90-ээд оны дунд үе хүртэл баттай үргэлжилснээр Энэтхэг орон энэ л авьяаслаг инженерүүдээ сайн ажлын байраар хангаж чаддаггүй байв. Тиймээс л Америкчууд Энэтхэгийн оюуны хүчийг худалдан авах хоёр дахь худалдан авагч болж байсан юм.

Хэрвээ та ухаалаг, боловсролтой Энэтхэг хүн байсан бол өөрийнхөө нөөц бололцоог ашиглах цорын ганц боломж нь гадаад руу гарах, бүр тэр тусмаа 1953 оноос хойш Энэтхэгийн хамгийн шилдэг инженерийн сургуулиудаас төгссөн хорин таван мянга гаран мэргэжилтнүүдийн суурьшсан Америк орон руу гарч, Энэтхэгийн татвар төлөгчдийн мөнгөөр олж авсан боловсрол мэрэгжлийнхээ хүчээр Америкийн мэдлэгийн санг баяжуулах арга зам байх байв.

"Энэтхэгийн Технологийн Институтууд өндөр шалгуурын стандартаа улсынхаа буурай тогтолцооны нийтлэг түвшингээс ангид байлгасан учраас амжилтын оргилд хүрч чаджээ" хэмээн Вол Стрийт Журнал (2003 оны 4 сарын 16) сонинд өгүүлжээ. "ЭТИ-д хахууль өгч, арын хаалгаар орно гэж байхгүй... Элсэгчид зөвхөн хүнд шалгалтыг давж чадсан нөхцөлд л ордог. Сургалтын хөтөлбөрт засгийн газрын оролцоо байхгүй бөгөөд оюутнууд маш хүнд ачаалалтай суралцдаг... Нэг талаар ЭТИ-д орох нь Харвард эсвэл Массачусеттсийн Технологийн Институтэд орохоос ч хэцүү... Сан Майкросистемс компанийг үүсгэн байгуулалцсан, ЭТИ-ийн төгсөгч Винод Хосла "Дели дэх ЭТИ-ийг төгсөөд би Карнеги Меллон Их Сургуульд магистрын зэрэг горилж суралцсан юм. ЭТИ-д сурч байсантайгаа харилцуулахад надад хичээл сургууль маань үнэндээ төвөггүй амар санагдаж байлаа" хэмээн дурсаж байв.

Эхний тавин жилийн дийлэнх үед эдгээр ЭТИ-үүд нь Америкчуудад олдсон хамгийн ашигтай нөөц бололцооны эх ундрага болж байлаа. Бараг л хэн нэгэн хүн Шинэ Делигээс эхлээд Пало Алтод цутгадаг оюуны чадамжийн урсгал суваг татсантай адил байв. Барагцаалбал ЭТИ-ийн дөрвөн төгсөгч тутмын нэг нь АНУ-д ирдэг болсон нь бүр цаашдаа нэмэн нэмэгдсээр эх нутгаасаа гарч АНУ-д нүүн суурьшсан ЭТИ төгсөгч нар АНУ-д өөрсдийн байгууллагыг хүртэл байгуулж, жил бүр зохиодог хурал цуглаантай болжээ.

Гэтэл дараахан нь Нэтскэйп, 1996 оны цахилгаан холбооны хууль дүрмийн чөлөөт систем, Глобал Кроссинг ба түүний шилэн кабелийн андууд ар араасаа төрөн гарав. Дэлхий ертөнц тэгширч, бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөв. "Энэтхэг улсад ямар ч нөөц, ямар ч дэд бүтэц байсангүй" гэж эцэг эх нь ЭТИ төгсөөд Америкт ирж өөрийг нь төрүүлсэн, одоо Волл Стрийтэд хамгийн нэр хүндтэй хэдж фундын (1) фирмийн менежер залуусын нэг болох Динакар Сингх яриад "Энэтхэг чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэж чадсан. Гэвч тэдний олонхи нь Энэтхэгийн усан онгоцны өртөөн дээр хүнсний ногоо адил ялзарч байв. Зөвхөн цөөн хэд нь усан онгоцонд сууж, гадагш гарч чадаж байлаа. Цаашид байдал ийм хэвээр үргэлжлэхгүй ээ, яагаад гэвэл бид шилэн кабель хэмээгч далай гатлагчыг барьчихлаа... Хэдэн арван жилийн туршид хүн Энэтхэгээс гарч байж л мэргэжилтэн болдог байсан... Одоо бол Энэтхэгээс бүх дэлхий рүү холбогдож болно. Өнөөдөр хэн ч над шиг Елийн их сургуульд сураад дараа нь Голдман Сакст ажиллах шаардлагагүй болсон" гэв.

Энэтхэг хэзээ ч нарийн технологи хөгжсөн Америктай оюуны өндөр чадамж бүхий Энэтхэгийг холбох өгөгдөл дамжуулах хоолой барьж, түүний өртөгийг төлж дийлэхгүй байсан тул Америкийн хувьцаа эзэмшигчид энэ бүхэнд мөнгө хаяжээ. Тиймээ, хэт илүүдсэн хөрөнгө оруулалт заримдаа сайн байх талтай. Төмөр зам барихад хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь яваа яваандаа Америкийн эдийн засагт агуу дэмтэй хэрэг болж хувирсан. "Гэвч, төмөр замд хийсэн хэт их хөрөнгө оруулалт нь өөрийн орноор хязгаарлагдаж байсан, тэр утгаараа ашиг өгөөж нь ч эх орондоо л шингэсэн" гэж Сингх хэлж байна. Дижитал төмөр замын хувьд гэвэл "гадаадынхан л үүнээс хожсон". Энэтхэг бол хөдөлж буй тэргэнд үнэгүй дайгдсан орон юм.

Энэтхэгт буй оюуны хүчийг Энэтхэгт нь ашиглаж болох санааг Америкийн компаниуд нээж эхэлсэн тэр үеийг мэддэг Энэтхэгүүдтэй ярилцах нь их сонирхолтой санагддаг. Тэдний нэг нь Энэтхэгийн программ хангамжийн салбарт хамгийн том нь болох Випро фирмийн ерөнхийлөгч Вивек Паул юм. "Олон өнцгөөс харахад Энэтхэгийн мэдээллийн технологийн аутсорсинг хувьсгал Женерал Электрик (ЖиИй) корпораци орж ирснээр эхэлсэн. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үе шүү дээ. Яг энэ үед Техас Инструментс компани Энэтхэгт компьютерийн чипний загвар хийж байлаа. Тэдний Америк дахь гол зохион бүтээгчдийн зарим нь Энэтхэг байсан бөгөөд үндсэндээ эдгээр зохион бүтээгчдийг гэр рүү нь явуулж, гэрээс нь ажлыг нь хийлгэх (хоорондоо харилцахдаа тэр үед байсан нэлээд бүдүүлэгдүү харилцаа холбооны сүлжээг ашиглаж байв) болжээ. Тэр үед миний бие Банглорт ЖиИй Мэдикал Системсийн үйл ажиллагааг удирдаж байв. ЖиИй-гийн дарга Жак Вэлш 1989 онд Энэтхэгт хүрэлцэн ирээд гайхширан, Энэтхэгийг өөрийн компанийхаа оюуны нөөц бололцооны эх сурвалж болох юм байна гэдэгт бүрэн итгэжээ. "Энэтхэг бол хөгжиж буй орон авч өндөр хөгжсөн оюуны нөөцтэй орон юм" хэмээн Жак хэлсэн гэдэг. Тэрээр ашиглаж болох авьяас чадварын их уурхайг олж харжээ. Тэгээд "Программ хангамж үйлдвэрлэхэд бид маш их мөнгө зарцуулдаг. Мэдээлэл технологийн албандаа зориулж энд бид бага сага ажил хийж болох юм биш биз?" гэж байв. Учир нь Энэтхэг тэр үед гадаадын технологийн компаниудад зах зээлээ хаалттай байлгаж, Энэтхэгийн компаниуд нь өөрсдөө персонал компьютер, сервер бүтээх үйлдвэрүүд барьж эхэлсэн бөгөөд харин Вэлшийн толгойд, хэрэв тэд өөрсдийнхөө хэрэгцээнд зориулж өөрсдөө хийж чадаж байгаа бол ЖиИй-д ч мөн хийж өгч чадах юм байна гэсэн бодол төржээ.

Ажлаа олж авах үүднээс Вэлш ЖиИй-гийн Мэдээллийн албаны захирлаар удирдуулсан ажлын хэсэг гаргаж нөөц бололцоо судлуулахаар Энэтхэг рүү илгээжээ. Харин Паул маань энэ үед ЖиИй-гийн, Энэтхэгт бизнес хөгжүүлэх менежерийн албанд давхар томилогдсон байв. "Ингээд 1990-ээд оны эхэн үед корпорацийнхаа Мэдээллийн албаны захирлын анхны айлчлалын үеэр түүнд газарчлах үүрэг хүлээсэн юм" хэмээн тэр дурсаж байна. "Ажил эхлүүлэх үүднээс тэд хэд хэдэн туршилтын төсөлтэй ирсэн. Тэднийг шөнө дундын үед 1950-иад оны Моррис Майнор загварыг дууриалган бүтээсэн, Амбассадор гэдэг хэд хэдэн Энэтхэг машинтай Делигийн нисэх онгоцны буудлаас тосохоор явж байснаа тод санаж байна. Төрийн албаныхан бүгд л ийм машин унадаг байж. Тэгээд бид нисэх буудлаас хотын зүг таван машинаар цуваа болж хөдлөв. Би хамгийн арын машинд сууж байлаа. Гэтэл гэнэт чанга мөргөх дуу сонсогдож, юу болов оо хэмээн бодогдов. Миний бие сандлаас урагш шидэгдэхэд хамгийн түрүүний машины дээвэр нисч ирээд машины маань урд цонхыг нирхийтэл хагалав. Дотор нь ЖиИй-гийн албаныхан сууж байхад шүү дээ! ЖиИй-ийн томчуудыг авч явсан эдгээр машин замын хажууд зогсох үед, тэд ам амандаа "Бид ийм газраас программ хангамж авах гэж байгаа юм гэж үү?" хэмээн хэлэх нь надад тод сонсогдож байлаа" хэмээн Паул ярьж байлаа.

Энэтхэгүүдийн аз дайрахад эрхэм зочид чанар муутай машинаас нь болж зорилгоосоо няцсангүй. ЖиИй бизнесийнхээ шавыг тавихаар шийдэж Випротой хамтран хэрэгжүүлэх төсөл эхлүүлэв. Бусад компаниудын хувьд үүнээс арай өөр маягаар ажиллаж байлаа. Энэ бол шилэн кабелиас өмнөх үе. Хэвлэлийн Саймон & Шустер компани Энэтхэг рүү номоо илгээж, сарын 50 долларын цалинтай Энэтхэгүүдээр (АНУ-д сарын 1000 доллар төлдөг) номын текстийг компьютерт шивүүлэх буюу агуулгыг цаашид шинэчлэн засварлахад дөхөмтэй болгох үүднээс номыг электрон файл нэг нь цаасан дээр хуулж бичих бөгөөд энэ ажиллагаа нь ихэнхидээ хэд хоногоос хэдэн долоо хоног хүртэл сунжирдаг байжээ. ХэлтСкрайб Индиа компани эмчийн телефон утасыг диктафон төхөөрөмжтэй холбосон систем бүтээсэн байна. Тухайлбал эмч телефон утсаар ямар нэгэн дугаар залгаж, өөрийн тэмдэглэлийг унших бөгөөд үүнийг нь дууны карт суулгасан компьютер хүлээн авч дижитал хэлбэрт оруулдаг байна. Ингэж утсаар залгахдаа эмч өөрөө хаана ч байж болно. Сансрын холболтын ачаар гэрийн ажилтай эхнэр юм уу, Банглорт байгаа оюутан хүн ч аль нэгэн компьютер дээр хэлбэрт шилжүүлэх ажил хийлгэдэг байв. Тэр тусмаа байнга шинэчлэгдэх шаардлагатай толь бичгүүдийг ийм маягаар электрон хэлбэрт оруулна. Тухайн үедээ Энэтхэгийн Сангийн Яамны сайд асан Манмохан Сингх 1991 онд Энэтхэгийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгож, үнэ бууруулах үүднээс Энэтхэгийн цахилгаан холбооны салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтлаж эхлэв. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс Сингх Банглорт сансрын холбооны станц барих бололцоог компаниудад олгож, ингэснээрээ хөрөнгө оруулагчид Энэтхэгийн телефон утасны системийг ашиглахгүйгээр Америк, Европ, Азид байгаа компанийхаа төвүүдтэй шууд холбогдох боломжийг бүрдүүлжээ. Үүнээс өмнө ганцхан Техас Инструментс л Энэтхэгийн хүнд сурталт тогтолцооны бэрхшээлийг даван туулж, 1985 онд цахилгаан хэлхээний загвар (сиркит дизайн) зохион бүтээж боловсруулах төв байгуулснаараа энэ орны зах зээлд нэвтэрсэн хамгийн анхны олон улсын компани болжээ. ТИ-ийн Банглор дахь төв нь өөрийн гэсэн сансрын холбооны станцтай байсан авч, орж гарч буй өгөгдлийн аль ч хэсгийг шалгах эрх бүхий Энэтхэгийн төрийн албаныхны хараан дор ажиллаж байлаа. Харин 1991 оноос хойш Сингх энэ маягийн чөдөр тушааг чөлөөлж өгчээ. Үүнээс тун удалгүй 1994 онд Банглорт ХэлтСкрайб Индиа хэмээх тал хувь нь Америкт төрж өссөн Энэтхэг эмч нарын хөрөнгө оруулалтаар санхүүжсэн, Америкийн эмч, эмнэлэгийн байгууллагад аутсорсингоор эмчийн үзлэгийн тэмдэглэл хөтлөх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулагдав. Тухайн үеийн Америк эмч нар гараар товч тэмдэглэл хөтлөж, дараа нь бичсэн зүйлээ дуудаж диктафон дуу хураагуурт бичүүлдэг байв. Диктафонд бичсэн яриаг туслах ажилтан эсвэл хэн суугаад дижитал хэлбэрээр хадгалагдсан эмчийн дуу хоолойг татан авч, түүнийгээ хоёр долоо хоногт бус харин хоёрхон цагийн дотор компьютер дээр шивж авах бололцоотой болов. Компьютерт шивсэн текстээ буцаагаад нөгөөх эмнэлгийн компьютерийн систем рүү сансрын долгионоор илгээснээр өнөөх эмчийн тэмдэглэгээ нь өвчтөний түүх болоод төлбөрийн дансанд нэмэгдэн орно. Хоёр орны цагийн бүс арван хоёр цагийн зөрүүтэй байдаг тул Америк эмч нарыг унтаж байх хооронд Энэтхэгүүд дууг бичигт буулгах ажлаа амжуулаад, дараа өглөө гэхэд файл нь бэлэн болчихсон хүлээж байдаг байна. Энэ үйл ажиллагаа маш олон компанид гайхамшигтай боломж нээлээ. Учир нь хэрэв хууль зүйн маргаанд хамгийн их өртдөг, зарга ихтэй анагаах ухааны салбарт эмнэлгийн баримт бичиг, лабораторийн дүн, өвчний онош мэтийг Банглорт хууль ёсны хүрээнд, эрсдэлгүйгээр, найдвартай буулгуулж болж байгаа бол бусад олон байгууллагууд Энэтхэгт арын албаны ажлаа амжуулж болох байлаа. Тэгээд ч тэд энэ арга замыг сонгов. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь дуу хоолойны дамжуулалтад саатал учирдаг сансрын холбооны дамжуулалтын хүчин чадлаар хязгаарлагдаж байв. (Хачирхалтай нь ХэлтСкрайб Индиа компанийг үүсгэн байгуулагчдын нэг Гуружот Сингх Халсагийн хэлж буйгаар бол анх тэд индиан овгуудыг дэмжихээр олгосон Холбооны засгийн газрын төсвийн мөнгийг ашиглаж Майн мужийн индиануудаархийлгэхээр хөөцөлдсөн авч тэдгээр индианчуудын ашиг сонирхлыг хангалттай өдөөж, гэрээ хийх хэмжээнд хүрч дөнгөөгүй гэдэг) Дууны хальснаас үсгэнд буулгах энэ ажил Энэтхэгт, АНУ-д хийснээс 5 дахин хямд өртөгтэй байсан бөгөөд энэхүү үнийн харьцангуй зөрүү нь маш олон хүний анхаарлыг татсан юм. (2)

1990-ээд оны сүүлчээр Энэтхэг орныг азын тэнгэр хоёр талаас нь ивээж эхлэв. Нэг талаас шилэн кабелийн хиймэл хөөсөнцөр улам газар авч Америк Энэтхэгийг улам ойртуулж, нөгөө талаас Y2K (3) буюу мянганы хямрал хэмээх 2000 оны компьютерийн хямралын сураг дуулдаж байв. Та хэрэв санаж байгаа бол компьютерууд анх бүтээгдэхдээ дотоод цаг тоолууртай хийгдсэн нь Y2K-ийн хямралын гол шалтгаан болсон гэдэг. Энэхүү дотоод цаг тоолуурыг бүтээхдээ компьютерийн санах ойг хэмнэх үүднээс зургаан цифртэй хийжээ. Хоёр цифр нь өдөр, нөгөө хоёр нь сарыг тэмдэглэдэг бөгөөд үлдсэн хоёр нь бол та таасан байх, он жилийг тэмдэглэх зориулалттай байв. Ийм ч учраас энэ цаг тоолуурын систем нь 12/31/99 буюу 99 оны 12 сарын 31 хүртэл л ажиллах бололцоотой. Он сар өдөр маань 2000 оны 1 сарын 1 болоход олонхи хуучин компьютерүүд үүнийг 01/01/2000 гэж бүртгэхийн оронд 01/01/00 гэж зургаан цифртэй бүртгэх буюу 1900 он эхнээсээ эхлэж байна гэж буруу тооцоолоход хүргэх байв. Энэ утгаараа тухайн үед хэрэглээнд байсан асар олон компьютерийн дотоод цаг тоолуур (шинээр хийгдэж байсан компьютерүүдийн дотоод цаг тоолуур нь сайжирсан) болон холбогдох төхөөрөмжүүд нь шинэ тохиргоотой болох, эс бөгөөс эдгээр системүүд унтрахад хүрвэл усны тоолуураас эхлээд агаарын замын хөдөлгөөний олон мянган компьютержсэн удирдлагын системүүд доголдож, дэлхийг хамарсан хямрал үүснэ гэсэн айдас төрүүлж байлаа.

Компьютерийн цагийг засч янзлах энэхүү ажил нь өөрөө аварга том, нарийн чимхлүүр ажил байв. Энэ дэлхийн хаанаас энэ болгоныг хийж гүйцэтгэх хангалттай тооны программ хангамжийн инженерүүд олдох вэ? Хариулт нь Энэтхэгээс. Тэндээс л ЭТИ-үүд, хувийн техникийн коллеж, компьютерийн сургууль төгссөн мянга мянган техникч, инженерүүд олдоно.

Y2K тулж ирсэн энэ л үед Америк, Энэтхэг хоёр хайртай хос лугаа болзоонд учрах болж, тэдний харилцаа холбоо нь дэлхийг тэгшлэх аварга том хүчин зүйл болсон бөгөөд энэ л харилцаа холбоо нь маш олон төрлийн бизнесийн салбарынханд, компьютер, интернет, шилэн кабелийн шугамтай нийлээд хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр, үнэт зүйл бүтээх хэвтээ харилцаа буюу аутсорсингийн цоо шинэ нөөц бололцоог бий болгосон гэдгийг нотлон харуулжээ. Дижитал хэлбэрт орж, компьютержиж болох ямар ч үйлчилгээ, дуудлагын төв, бизнес дэмжих үйл ажиллагаа эсвэл оюуны хөдөлмөрийг, дэлхий даяар хамгийн хямд өртөгтэй, хамгийн оюунлаг, хамгийн үр бүтээлтэй хийж чадах тэр л газарт хийлгүүлж болно. Шилэн кабелиар холбогдсон компьютерийн тусламжтайгаар Энэтхэгийн ямар ч техникийн мэргэжилтэн дэлхийн нөгөө бөөрнөөс танай компаний компьютерийг уудалж, шаардлагатай тохиргоог хийж чадна.

Y2K-ийн тохиргооны ажил нь маш нарийн чимхлүүр ажиллагаа шаардаж байсан тул зах зээлд их том өрсөлдөөн үүсгэж чадаагүй хэмээн Y2K-ийн үеэр аутсорсингийн хүндхэн ачаа үүрч байсан Випро фирмийн удирдах ажилтан Вивек Паул ярьж байна. Тиймээс ч барууны компаниуд энэ ажлыг аль болох хамгийн бага өртөгөөр хийж чадах хэн нэгнийг олох хүндхэн бэрхшээлтэй тулгарсан юм. Тэд "Энэ гай дуудсан 2000 оныг л бушуухан давах хэрэгтэй байна" гэцгээж байлаа. Тэгээд тэд өөр тохиолдолд бол яагаад ч хамтарч ажиллахааргүй байсан Энэтхэгийн технологийн компаниудтай хамтран ажиллаж эхэллээ.

Тэр үед үнэхээр хийж чадаж л байвал барууныханд Энэтхэгүүд ёстой нөгөө "ядарсан цагт Пагма аа ч яахав" гэгч нь болсон байв. Тэд бүр хэний ч зуучлалаар хэнтэй ч хамтрахад бэлэн байлаа. "Y2K-г хүмүүс өөр өөрийн өнцөгөөр хүлээн авсан. Энэтхэгийн тал бол өөрт олдсон хамгийн том нөөц бололцоо, аз завшаан гэж үзсэн. Урьд нь Энэтхэг буурай хөгжилтэй орон гэж тооцогддог байлаа. Гэнэтхэн Y2K нь дэлхий дээрхи бүх компьютерийг нэг бүрчлэн шалгуулах шаардлагыг тулгасан. Харин компьютерийн программын кодыг мөр мөрөөр нь нягтлахад шаардагдах хангалттай тооны хүний нөөц Энэтхэгт л байв. Y2K-ийн улмаас Энэтхэгийн мэдээлэл технологийн салбар дэлхийн тавцанд мөрөө үлдээж чадсан юм. Y2K нь биднийг хөгжил дэвшилд хөтөлж, биднийг дэлхийд танигдахад хөдөлгөх гол хүч болсон. Y2K-ээс хойш бид хэзээ ч арагшаа эргэж хараагүй" хэмээн Жерри Рао ярьж байлаа.

2000 оны эхэн үед Y2K-ийн нөр их ажлын давалгаа намжиж эхлэхэд э-коммерс буюу цахим худалдаа хэмээгч цоо шинэ бизнесийн давалгаа түрэн гарч ирэв. Дот-комын хөөсөнцөр арай хагарчихаагүй, инженерчлэлийн авъяастан хомс, дот-комын хэрэглээ маш их байсан үе. "Хүмүүст оршин тогтнох үндэс нь болж, амжилтанд хүрэх процессийн нь салшгүй хэсэг гэж үзсэн программ хангамжуудаа хаа нэгтээ хийлгэх чин хүсэл байсан авч тэдэнд гишгэх газар олдсонгүй. Тэгээд ч тэд Энэтхэгийн компаниудад хандсан бөгөөд, эдгээр компаниудаас тэд сайн чанарын, маш нарийн ажиллагаатай системүүд хүлээн авч эхэлсэн нь зарим тохиолдолд бүр бусад томоохон компаниудын нийлүүлснээс ч хамаагүй илүү чанартай байв. Энэ болгон нь Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниудын нэр хүндийг маш өндөрт өргөсөн юм. Хэрэв Y2K-ийн төслийг, хайр зарлах үе гэж үзвэл энэ бол халуун хайрын өрнөл үе байлаа" хэмээн Паул ярьж байв.

Үүний дараа Америкаас Энэтхэг рүү чиглэсэн хамтын ажиллагааны цоо шинэ хэлбэр болсон аутсорсингийн асар том үер буулаа. Банглор дахь компьютерийг компанийхаа толгой компьютертэй шилэн кабелийн шугамаар холбож л чадвал Випро, Инфосис, Тата Консалтинг Сервис гэх мэт Энэтхэгийн мэдээлэл технологийн фирмүүдийг цахим худалдаа, хэрэглээний программууд дээрээ ажиллуулж болохоор болов.

"Толгой компьютер тойрсон бизнес цахим худалдааны салбарт хамтран ажиллах болсноор Америк, Энэтхэг хоёр гэрлэлтээ батлуулсантай ялгаагүй болсон юм" хэмээн Паул өгүүлж байна. Мөн түүнчлэн далайн гүнээр татсан шилэн кабелийг ашиглах боломжтой байсан нь Энэтхэгийн хувьд томоохон аз завшаан болсон юм. "Миний оффис Банглор дахь Лийла Палас зочид буудалтай тун ойр байрладаг байлаа. Банглорын нэгэн дүүрэг хот болох Вайтфийлдийн мэдээлэл технологийн паркад миний хамтран ажиллаж байсан үйлдвэр оршдог байтал энэхүү үйлдвэр, оффис хоёроо холбосон телефон утасны шугам тавиулж чаддаггүй байлаа. Хахууль өгөхгүй л бол энэ утасны шугам тавиулж дөнгөхгүй агаад бид ч тэр хахуулийг нь өгөхөөс зайлсхийдэг байв. Иймд Вайтфийлд дахь үйлдвэр рүү утсаар ярихын тулд Банглор дахь оффисоосоо ЖиИй компаний төв компьютер байрладаг Кентакки муж руу залгаж, тэндээсээ Вайтфийлд рүү холбогддог байлаа. Хотын нөгөө захад хүрэх шугам бас хахууль шаардах тул бид бүр далай гаталган татсан түрээсний шилэн кабелиа ашигладаг байв" хэмээн тэрбээр дурсаж байлаа.

Энэтхэг орон дот-комын хиймэл хөөрөгдөлтийн үед ашиг олсоноор зогсохгүй дот-комын хөөсөнцөр тэсрэх үед илүүтэй ашиг олж авчээ! Жинхэнэ ёж, егөөдөл гэж энд л байв. Дот-комын хөөсөнцөр Энэтхэгийг дэлхийтэй холбосон шилэн кабелийг тавьж өгсөн бол түүний дампуурал нь шилэн кабелийг ашиглах үнийг навс унаган, бараг л үнэгүй хэрэглэх бололцоог олгож, Энэтхэгийн оюуны хөдөлмөрийг ашиглаж аутсорсинг хийх Америк компаниудын тоог асар ихээр нэмэгдүүлсэн байна.

Энэтхэгийн оюуны хүчийг ашиглаж программчилалын ажил хийлгэх их дайралтыг Y2K өдөөсөн юм. Энэтхэгийн компаниуд чадварлаг, хямд өртөгтэй байсан авч тэдний үйлчлүүлэгчдийн ашиг сонирхолд хямд үнэ нь чухал бус, гагцхүү ажлаа хийлгэж авах нь илүү чухал байсан бөгөөд энэ нөр их ажлыг нугалах хангалттай тооны ажиллах хүчин Энэтхэгт л байсан нь онцлог. Y2K-ийн сэргэлтийн араас дот-комын бужигнаан үүсч эхэлсэн бөгөөд Америк инженерүүдийг цахим худалдаа эрхэлдэг компаниуд хуу хамсан тул Энэтхэг нь ямар ч үнээр хөлслүүштэй, англи хэлтэй илүүдэл тооны инженерүүдийг олох цөөхөн газрын нэг болж үлдсэн байв. Гэтэл дот-комын хөөсөнцөр хагарч, хөрөнгийн бирж уналтанд орж, хөрөнгө оруулалтын сан хоосорч эхлэв. Хөрөнгийн биржийн уналтыг давж гарсан Америкийн мэдээлэл технологийн компаниуд болон шинээр байгуулагдсан компаниудыг санхүүжүүлэх ажлаа зогсоох сонирхолгүй хөрөнгө оруулалтын фирмүүд бултаараа бэлэн мөнгөний гачигдалд орлоо. Эдэнд Энэтхэг инженерүүд зөвхөн хүний тооноос гадна хямд өртөгтэй учир улам эрэлт хэрэгцээтэй болж эхлэв. Ингэж Энэтхэг, Америкийн бизнесийн бүлэглэлийнхний харилцаа холбоо дахин нэг шатаар ахиж, улам бат бэх болсон юм.

2000-аад оны эхэн үест маш олон шинжээчдийн хийсэн хамгийн том алдаануудын нэг бол дот-комын хөөрөгдлийг даяаршилтай хольж хутган, аль алинийг нь хоосон хийрхэл, төөрөгдөл гэж үзсэн явдал байв. Дот-комын уналт болох үед өнөөх буруугаар сэтгэгч шинжээчид маань даяаршилын үйл явцыг ч мөн үүгээр төгсч байна гэж үзэцгээсэн. Гэтэл бүх зүйл яг эсрэгээр эргэсэн юм. Дот-комын хөөрөгдөл нь даяарших үйл явцын зөвхөн нэг хэсэг нь л байсан бөгөөд уналтанд орох үедээ даяаршилын хөгжлийг саармагжуулах битгий хэл харин бүр том түлхэц болж өгчээ.

Норвэст Вэнчер Партнерс фирмийн эзэн, Силикон Валлей дахь хамгийн цуутай эрсдэлийн хөрөнгө оруулагчдын нэг Промод Хайк хэмээх Америкийн Энэтхэг эр энэ шилжилтийн ид үед дунд нь бужигнаж явав. "Дот-комын уналт болоход АНУ-д амьдарч байсан Энэтхэг инженерүүдийн нэлээд хувь нь (түр ажиллах визатай) ажлын байрны цомхотголд өртөж халагдсан тул нутаг буцацгаасан" гэж Хайк өгүүлж байна. Харин дот-комын уналтын улмаас Америкийн бүх л томоохон фирмүүд мэдээлэл технологид зарах төсвийн хэмжээгээ маш ихээр багасгасан юм. "Мэдээлэл технологийн албаны менежерүүд бүгд л урьдын адил эсвэл түүнээс илүү их ажлыг хамаагүй бага өртөгөөр хийж гүйцэтгэх шаардлагатай тулгарсан. Тэгвэл тэр менежерүүд ямар алхам хийхийг төсөөл дөө? Тэд даргадаа "Та дот-комын ид үед энэтхэгээс манайд ирж ажиллаад дараа нь нутаг буцсан Вийжэй гэж залууг санаж байна уу? Би Банглор руу залгаад түүнтэй ярьж, Америкт ажиллаж байгаа эндхийн инженерүүдээс бага цалингаар бидэнтэй ажиллах эсэхийг нь судалъя" гэж хэлсэн гэдэг" хэмээн тэр ярьж байлаа. Энэ л үед тавигдчихаад байсан шилэн кабелийн ачаар Вийжэйг ч төвөггүй олж бас ажлаа ч хийлгэх болсон байна.

"Y2K-ийн тохиргооны ажлын ихэнхи хувийг техникийн сургууль дөнгөж төгссөн туршлага багатай Энэтхэг программистууд хийсэн бөгөөд, харин Америкт ажиллах визээр ирэгсэд нь бол жирийн техникум төгссөн нөхөд биш, бакалавраас дээш зэрэгтэй инженерүүд байлаа. Эдгээр инженерүүд Жава, Си++ зэрэг программчлалын хэл, компьютерийн зохион байгуулалтын загварчлалд гаргууд сайн болохыг олон компаниуд анзаарч ажилд авсан авч цомхотголын үед ажлаасаа халагдаж, маш олноор нутаг буцсан бөгөөд энэ л үед "Чи яаж ажлаа амжуулах нь хамаагүй, ямартаа ч хямд өртөгөөр энэ ажлыг хийж дууусга" хэмээн мэдээллийн албаны менежертээ дарга нь мундагдаж Вийжэй руу утасдахад хүргэсэн байдаг" гэж Хайк өгүүлж байна. Америк, Энэтхэг хоёр үерхэж эхэлснээс хойш, Банглорт ид хөлөө олж байсан Энэтхэгийн мэдээлэл технологийн компаниуд өөрсдөө шинэ санал санаачлага дэвшүүлэх болов. Y2K-ийн ажил тэдэнд Америкийн томоохон компаниудтай хамтарч ажиллах бололцоог олгосон бөгөөд эцсийн дүнд тэд бизнесийн бэрхшээлийг даван туулах туршлага хуримтлуулж, бизнесийн үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэж, сайжруулах арга замаас суралцсан байна. Иймд илүү нэмүү өртөг бүтээдэг компаниудад маш нарийн зааварчилгаатай захиалгат код бичих, засварлах ажил хийж байсан Энэтхэг компаниуд өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, засварлагч байснаа үйлдвэрлэгч болж төрөл бүрийн зөвлөгөө өгч, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг боллоо. Энэ бүхэн Энэтхэгийн компаниудыг Америкийн бизнес ертөнцөд улам лав оруулж, бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг буюу Энэтхэгүүдээр арын албаны ажлаа хийлгэх явдлыг цоо шинэ түвшинд хүргэжээ. "Компанийхаа санхүүгийн хэлтэсийг Энэтхэгийн Випро эсвэл Инфосис компани руу нүүлгэчихвэл бид зарлагынхаа тал хувийг хэмнэж болох юм" гэж Хайк хэлээд "Америк даяар корпорацийн захирлууд "Хамгийн бага зардалаар л хийж бүтээх хэрэгтэй байна" гэхэд Энэтхэгийн компаниуд "Машины тань хамрыг сөхөж үзлээ. Бид одоо дээд зэргийн үйлчилгээ, хамгийн сайн шийдлийг хамгийн бага өртөгөөр хийж өгч чадна" хэмээн хариулж байсан. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн аутсорсинг компаниуд "Y2K-ийн үед бид машины тань дугуй, бүлүүрийг яаж засч сэлбэж байсныг санаж байна уу? За хэрэв та бүхэн хүсвэл одоо бид машинд чадна гэдгийг ч мэдэж байгаа шүү дээ" гэж хэлсэн юм" хэмээн тэрбээр хуучилж байна. Үнэндээ ч Энэтхэгүүд хямд өртөгтэй байснаар барахгүй бас юуг ч сурахад бэлэн, итгэл төгс байлаа. тань иж бүрэн үйлчилгээ хийж өгч болно. Яагаад гэвэл та нар биднийг сайн мэднэ, итгэж ч чадна, бас биднийг хийж

Дот-комын уналтын дараах хөрөнгө мөнгөний хомсдол нь эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүдийг өөрсдийн хөрөнгө оруулсан компаниудаа шинэ нээлт санаачилга гаргах хамгийн үр өгөөжтэй, өндөр зэрэглэлийн, хамгийн хямд өртөгтэй арга зам олж буй эсэхэд анхаарч ажиллахад хүргэжээ. "Дот-ком-ын бизнес ид цэцэглэж байх үед 50 сая долларын хөрөнгө оруулалттай шинэ компани хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд борлуулах л юм бол 500 сая доллартай болох нь энгийн үзэгдэл байв" гэж Хайк ярьж байна. Харин дот-комын уналтын дараа дээрхи компаний хувьцаа үсрээд л 100 сая доллараар борлогдох магадлалтай болсон. Ийм ч учраас эрсдэлийн хөрөнгө оруулалтын фирмүүд шинээр байгуулагдаж буй компанийг хамгийн анх хувьцаагаа борлуулах хүртэл нь 20 сая доллараар л санхүүжүүлж азаа туршихыг илүүд үзэх болжээ.

"Эрсдэлийн хөрөнгө оруулагч фирмүүдийн өмнө тулгарсан хамгийн том асуулт бол "Бид яавал бизнес эрхлэгчид болон тэдний шинэ компаниудыг ашиг орлогоо тэнцүүлчихдэг, эсвэл арай богино хугацаанд ашигтай ажиллаж чадах түвшинд хүргэн зөвхөн мөнгөний зарлага болж байдгийг нь зогсоож, бусад компаниудад аль болох хурдан зараад өөрийн фирмдээ хэрхэн өндөр ашиг, хөрвөх чадвартай хөрөнгө бий болгох вэ?" гэдэг байлаа. Ихэнхи фирмүүдийн эрж олсон хариу бол "Анхнаасаа л аль болох олон үйл ажиллагаагаа аутсорсинг хийх нь өлзийтэй. Хөрөнгө оруулагчиддаа аль болох богино хугацаанд ашиг олж өгөх үүднээс аутсорсинг хийж болох л зүйл байвал аутсорсинг хийгээд байх шаардлагатай" гэсэн хариу байсан юм" хэмээн Хайк дурсаж байна.

Энэ үест Люцент фирмийг толгойлж байсан Хэнри Шахт энэ бүх үйл явцыг корпорацийн менежментийн өнцөгөөс олж харжээ. Түүний өгүүлснээр энэ үеийн бизнесийн эдийн засаг хүн бүрт "үнэхээр явуургүй" болж иржээ. Хэн хүнгүй л юмний үнэ ихсэж, зах зээл зогсонги байдалд орж байгааг анзаарсан авч, компанийхаа үйл ажиллагаанд асар их хэмжээний зарлага гаргасан хэвээр байсан бөгөөд сүүлдээ үйл ажиллагааны зардалаа ч төлж дөнгөхгүй болж эхэлсэн. "Үйлдвэрлэлийн өртөгийн дарамт үнэхээр их байв" гэж тэрээр дурсаад "Аль хэдийнэ даяаршсан дэлхий ертөнц биднийг бэлхэнээ хүлээж байсан агаад эдийн засаг хүмүүсийг урьд өмнө хэзээ ч хийнэ, хийж чадна гэж бодож байгаагүй зүйлсийг нь хийхийг шаардаж байлаа... Аж үйлдвэрлэл, оюуны хөдөлмөрийн аль аль салбарт даяаршил ингэж л хүчээ авсан юм даа" гэж билээ.

Олонхи компаниуд Массачуссетсийн Технологийн Интитутиэс гайхалтай оюунлаг дөрвөн Хятад инженерийг олж чадвал тэд нутаг буцаад, Америк дахь нэг инженерийн цалинтай дүйцэх цалингаар ажиллахад бэлэн байдгийг мэдэж авсан юм. Белл Лабораторийз пүүс Цингтао хотод Люцент фирмийн компьютерүүдтэй холбогдож чадах тоноглол бүхий эрдэм шинжилгээний төвтэй байв. "Тэд манай компьютерийг шөнийн цагаар хэрэглэх боломжтой" гэж Шахт хэлээд "Өссөөр байсан тооцоолон бодох ажлын өртөг нь бараг тэг байснаар барахгүй мэдээлэл дамжуулах өртөг нь бас үнэгүй шахам, тэдний хэрэглэж буй компьютер ч урьд нь шөнө болгон хий дэмий ажилгүй зогсдог байв" гэв.

Энэ л олон учир шалтгааны улмаас Y2K-ийг Энэтхэгийн үндэсний баярын өдөр болох 8 сарын 15-ны дараах хоёр дахь тусгаар тогтнолын өдөр (индэпэндэнс дэй) болгох нь зүйтэй гэж би үздэг. Залуу насныхаа нэгээхэн хэсгийг Энэтхэгт өнгөрөөсөн Жон Хопкинсийн их сургуулийн гадаад бодлогын шинжээч Майкл Манделбаум "Y2K нь Энэтхэгийн харилцан хамаарлын баярын өдөр (интердэпэндэнс дэй) болох ёстой. Яагаад гэвэл шилэн кабелийн сүлжээнүүдийн бий болгосон харилцаа хамаарлын ачаар Энэтхэгүүд барууны компаниудтай хамтран ажиллах бололцоотой болсон агаад энэ бололцоо нь өөрөө тэднийг үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл болж, түүхэндээ хамгийн олон Энэтхэг хүнд хэний төлөө, хаана, хэрхэн ажиллахыгаа сонгох эрх чөлөөг жинхэнэ ёсоор бий болгосон юм" гэж билээ.

Өөрөөр хэлбэл 8 сарын 15-ны өдрийг Энэтхэг орон шөнө дундын эрх чөлөөгөө олж авсанаа дурсан тэмдэглэж буй хэрэг. Тэгвэл Y2K нь шөнө дунд ажиллах бололцоогоор хангасан бөгөөд энэхүү ажил нь зүгээр ч нэг ажил байсангүй, харин Энэтхэгийн хамгийн оюунлаг хүмүүст зориулагдсан ажлын байр байлаа. 8 сарын 15 Энэтхэг оронд тусгаар тогтнол хайрласан. Харин Y2K нь Энэтхэгүүдэд тусгаар тогнол хайрласан ба ямар ч төсөөллөөр хэмжсэн бүгдэд нь бус хэдий ч, тавин жилийн өмнөхөөс хавьгүй олон хүмүүнд, тэр тусмаа хүн амын дотроос улс орны баялагийг хамгийн ихээр бүтээгч хүмүүсээс бүрдсэн тэр л хэсэгт тусгаар тогтнол хайрлажээ. Тийм ээ, тэр ч утгаараа Энэтхэг нь азын тэнгэр гийсэн орон мөн боловч, угтаа өөрсдийн нь уйгагүй хөдөлмөр, өндөр боловсрол, Энэтхэгийн Технологийн Институтуудын шавыг тавьсан ухаант буурлуудын холч ухаан нь тэдний хөгжил цэцэглэлтийн үр үндэс болсон юм.

"Бэлтгэгдсэн оюун ухааныг азын тэнгэр ч илүүтэй харж үздэг" гэж Луйс Пастеур аль эрт онож хэлсэн нь үнэн ажгуу.

Д.Сайнбаярын орчуулга


(1) Өндөр эрсдэлтэй хувьцааны гүйлгээ хийдэг фирм
(2) Азийн индиан буюу Энэтхэгүүд бус Америкийн Индианууд
(3) Англиар Year 2 Thousand буюу 2000 он гэсэн хэллэгийн товчлол. 2000 оны компьютерийн хямралыг ингэж тэмдэглэж заншжээ

*** Хэрэв та АНУ, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, Австрали улсад амьдардаг бол энэхүү номыг Номун далай - интернэт дэлгүүрээс худалдан авч унших боломжтой.

10.05.2008

Өврийн сайхан хангай ба Арвайхээр - 2

Түрүүчийн тэмдэглэлд санал сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Нэг зочин маань нэлээд ундууцсан сэтгэгдэл үлдээжээ. Таны санал шүүмжид маш их баярлалаа. Таны хэлсэнчлэн би энд хэн нэгнийг муулах санаа өвөрлөсөнгүй, Арвайхээрт очоод үзэж харснаа тэмдэглэсэн нь энэ байлаа. Харин энгийн ард иргэдийг зандарч, сүрдүүлдэг, шаардлагагүй үед биед нь гар хүрдэг цагдаа нарын ёс суртахууныг муулсан, бас өөрчлөгдөх ёстой нийгмийн ухамсарын түвшинг хэдэн талаас авч үзсэн билээ. Энүүхэндээ гэхэд бид өөрсдөд буй дутагдлыг олж харахгүй бол яахин засаж чадах билээ? "Би эх орондоо хайртай учраас хамгийн их шүүмжилдэг" гэж нэг ухаантан хэлсэн байдаг даа... Мэдээж бидэнд гарц хэрэгтэй. За ингээд хамтран орчуулж байсан номоо дуусгаж санаа амарсан тул блогоо үргэлжлүүлсү.

Junior Chamber International-ын Манлайллын академийн сургалтанд суусан бүх хүмүүстэй сайн найз нөхөд болж одоо ч заримтай нь холбоотой байдаг болсон. Нэг удаагийн сургалтад тус бүр 60 сонсогчтой 2 анги болж хуваагдаж тус бүр 2 өдрийн сургалтанд хамрагдсан билээ. Тэд 8 8 аараа баг болж, багтаа нэр өгч, зорилго тавьж, уриа зохиож, team building, leadership, time management, fish philosophy гээд голцуу манлайлал, менежментийн чиглэлтэй интерактив сургалтанд хамрагдав. Баг болж хуваагдсан залуус эцсийн өдөр томоохон төсөл санаачилж түүгээрээ тайлан, presentation хийж хоорондоо өрсөлдсөн юм. Сонирхолтой төслүүд олныг сэдсэн байлаа. Жишээлбэл Өвөрхангай аймагт улсын төсвөөс жилд 50 сая орчим төгрөгийг эмнэлгийн ор дэрний даавуу, хэрэгсэл, эмч сувилагчийн хувцасанд зарцуулдагийг нэг баг тогтоожээ. Харин "өртөг хямд" гэсэн шалтгаанаар Эрээнээс даавуу авч тэр даавуугаараа Эрээнд эмчийн хувцас, нөмрөгийг оюулдаг ажээ. Гэтэл Өвөрхангай аймагт ажил хайж буй 600 оёдолчин бий гэсэн тоо баримтыг ч тэд олсон байна. Өвөрхангайд тулгарч буй олон асуудлыг багууд сөхөн гаргаж түүний шийдлүүдийг олж байлаа. Сургалтын эцэст анх удаа 120-уулаа нэгдсэн энэ залуус нэгдэж чадсан энэ ололтоо үргэлжлүүлж, Өвөрхангайн Манлайлагч залуусын нийгэмлэгийг байгуулж ажиллахаар зориг шулуудсан гэнэ. Бидний зүгээс тэднийг цаашид дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн. Одоо тэдний хувьд зорьсноо хэрэгжүүлэх нь чухал билээ.

Залуусын итгэл зоригт урам орсон миний бие эдгээр залууст зориулж хэдэн ном УБ-аас замын унаанд захиж авчруулахаар шийдэв. Энэ дунд өөрийн хамтран орчуулсан "Дэлхий бөөрөнхий биш", хамтарч бичсэн "Интэрнэт хэрэглэгчийн гарын авлага"-aaс гадна ЭМОС клубын гаргасан "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Өөрийгөө хөгжүүлэх нь" гэх мэт 10 аад төрлийн номууд байлаа. Сургалтанд суусан нэг андын ажилтай танилцах зуур түүнтэй хамтарч ажиллах нь зүйтэй юм байна гэж ойлгосон юм. Энэ залуугийн ажилладаг компани гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа 20 орчим сумд хүргэж өгдөг юм байна. Тийм ээ, алс хол сумуудад танзуур боов хүргэх зуураа бас хэдэн ном хүргээд тэндээ зарвал аштай юу даа. Энэ залуу ч хувиа авна, соёлын үр ч тэр хэрээр тархана шүү дээ. Ингээд Номун Далай дэлгүүрийн орон нутаг дахь анхны салбарыг байгуулах санаа төрөв. Дэлгүүрийн нээлтэд Өвөрхангайн залуус, сургалтад суусан анд найз нар маань өргөнөөр ирсэнээр барахгүй хямдралтай үнээр борлуулсан номын гүйлгээний дүн 500 орчим мянган төгрөгт хүрч намайг гайхашруулав. Тийм ээ, залуус номоор цангасан байлаа. 1, 2 дугаар арван жилийн дунд сургуулийн номын санд зориулж хэд хэдэн ном хандивлав.

Сургалт хийгээд УБ буцах байсан миний бие орон нутгийн сонгуультай танилцах үүднээс Арвайхээрт үлдэхээр шийдэв. Тун удалгүй сонгуулийн компанит ажил ч ид дундаа орж, Арвайхээр хот эгэл өдрүүдээс маш өөр уур амьсгалтай, ямар нэгэн үндэсний баяр болж байгаа ч юм шиг, баярын гэмээр ностарин дүүрэн. Харин ч сонгуулийн үеэр хамтлаг дуучдыг цуглуулж, яруу найраг унших гэх мэт олныг цуглуулсан урлаг спортын арга хэмжээ зохиож болохгүй гэсэн СЕX-ноос гаргасан дүрэм, журмын дагуу урд урд жилүүдээс маш тайван байгаа нь энэ гэнэ.

Монгол улсад ажилгүйдлийн хэмжээ сонгуулийн компанит ажлын үед л их буурдаг гэлтэй. Өвөрхангайчууд, ер нь хөдөө орон нутаг, аймгийн төвийнхөн сонгуулийн үеэр хийх ажилтай болж, гэр бүлийн орлого тодорхой хувиар нэмэгдэнэ. Өдрийн 5-15,000 төгрөгийн цалин авч сонгуулийн компанит ажилд ажиллах хөгшид, багш нар, эмч нар, төрийн албан хаагчид, мөн оюутнууд их. Оюутнууд болоод хөгшидийн ярианаас сонсвол энгийн үед ажил олддоггүй, харин тухайн намыг дэмжсэн дэмжээгүй гол нь цалинг нь бодож сонгуулийн компанит ажилд оролцож буй тухайгаа хуучилна. Тийм ээ, сонгуулийн үеэр л энэ хүмүүс ганц хоёр долоо хоног ажилтай болж байгааг нь бодоход харамсал төрмүй.

Арвайхээрийн зочид буудлууд бүгд битүү захиалгатай тул зочид буудлын өрөө олоход тун бэрх ажээ. Хаа сайгүй үнэтэй үнэтэй жийпүүд давхилдана. (Америкийн дундаж сэхээтнүүд ч бэлэн мөнгөөр авч үл дийлдэг энэ хүлгүүд Монголд маш их) Ихэнхи зочид буудал нь аль нэг намтай гэрээтэй, эсвэл тухайн нэр дэвшигчийн эзэмшилд байдаг бололтой. Тухайн нэр дэвшигчийн ажилдаг/ажиллуулдаг байгууллага, компаний ажилчид сонгуулийн компанит ажилд дайчлагдана. Аймгийн гал команд ч сонгуулийн үеэр их завгүй байсан болов уу. Юу гэвэл хотын өнгөтэй өөдтэй гэсэн самбарууд дээр бүх нэр дэвшигчдийн анонс хэмээх самбарыг өлгөх ажил тэднийг хэрэндээ завгүй байлгана.

Сонгуулийн компанит ажлын үеэр нэр дэвшигчдийн эсрэг сурталчилгаа мэр сэр нэлээд гарна. Хэн хэвлэсэн нь үл мэдэгдэх сонин сэтгүүл хэвлэгдэж, шөнийн цагаар айлын хашаан дээгүүр шидэгдэх бөгөөд өглөө нь хот даяар шуугиан тарина. Мөн АН болоод МАXН-ын сонгуулийн компанид ажиллаж буй хүмүүстэй ярилцах ахуйд хэн хэнийгээ нэлээд сайн муулах нь тодорхой. Жишээ нь эсрэг талын сурталчилгаанд явж буй машины дугуйн боолтыг сулруулсан тохиолдол нэлээд гарчээ. Үүнээс болж машин онхолдох асуудал ч ганц хоёр удаа болсныг нүдээр харсан гэрч ярьж байлаа. Үнэхээр харамсалтай! Үүнээс долоон дор юмс зөндөө болсныг үгүйсгэхгүй, яагаад гэвэл тэр зэргийн мэдээлэл надад олдохгүй шүү дээ.

Мөрийн хөтөлбөрийн хувьд АН-ын мөрийн хөтөлбөр надад илүүтэй санагдаж байлаа. Ядаж л тэд ард түмний санал бодлыг хүлээн авч мөрийн хөтөлбөрөө босгох ухаалаг сонголт хийсэн, зөв зүйтэй олон зүйлсийг тусгасан байв. PR, маркетингийн хувьд маш зөв зөв шийдлүүдийг хийж, МАXН-ын дэргэд илүү их хөдөлмөрлөж, бодож сэтгэсэн нь илт байв. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт ард иргэдэд уул уурхайн баялгаас олсон ашгаас 1 сая төгрөг өгнө гэсэн тэнэгдүү гэмээр амлалтыг анх сонсоод гайхал, цөхрөл төрсөн билээ. Дараа нь мөрийн хөтөлбөрөөс хуулахдаа гарамгай МАXН илүү мөнгө амлаж бүр тэнэгтэв. ЯАГААД эд ингэнэ вэ? гэсэн өөрийнхөө асуултад энд байх хугацаандаа хангалттай хариу олсон юм...