8.03.2008

Өврийн сайхан хангай ба Арвайхээр

Өнгөрсөн 6 дугаар сард Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод JCI Mongolia-гийн Манлайллын Академийн сургалтыг зохион байгуулах ажлаар яваад тэндээ үлдэж Ардчилсан Намын сонгуулийн ажилд тусалж, хажуугаар нь орон нутагтай танилцах, мөн будлиантай явагддаг гэх сонгуулийн үйл ажиллагаатай танилцах сайхан завшаан гарав. Тийм ээ, Өвөрхангайн залуус шинэ мэдээлэл, урам зориг, эв нэгдэл, итгэл зоригоор "цангасан" байсан нь сургалт зохион байгуулах үед анзаарагдаж байлаа. 2 удаа явагдсан сургалтын эхний сургалтад 120 гаран хүн сууж, харин 2 дахь сургалтын бүртгэл явагдах үед 200 гаран хүн хандаж, нэгэнт суудлын тоо, заах багш, байр савын бололцооноос хамаарч 120 хүн л авах болсонд маш олон хүн сэтгэл гонсгор үлдэж байгааг харахад харамсалтай байлаа. Аймгийн төвийн шинэлэг, зориг тэмүүлэл дүүрэн, голцуу эмч, багш, хуүльч, төрийн байгууллагуудад ажилладаг энэ залуучуудын зарим нь сургалтад суух гэж сум хөдөөнөөс олон км явж ирсэн байхад 120 хүний тоонд багтаагүй зарим эмэгтэй нь энэ сургалтанд суух үнэхээр их хүсэлтэй байна гээд нулимсаа арчин зогсоход өрөвдөх сэтгэл төрж байлаа.

Багадаа хэдэн удаа зуны амралтаар аав, ээжийн төрсөн нутаг Баянхонгор аймгийн хангай нутагт эрүүл агаарт хөдөө амрах гэж машинаар явж үзсэн. Ээжийн хийж өгсөн хөх даалимбан тэрлэгийг өмсөөд, аавынхаа шляпан малгайг духдуулж, том гэгчийн шар дурдан бүс зүүгээд, Эрхүүгээс авчирсан гэх шинэ бакалан гутал өмсөнө. Миний мал маллах гэж юу байхав дээ, охид голцуу үеэлүүдтэйгээ хамт өглөө сүү саалийн үеэр тугал татаж, ууланд гарч гишүү түүнэ, заримдаа өдөржин үхэр тууна, орой нь айраг бүлнэ. Айлын эрх хүүхдийг мориноос чиргүүлдүүлээд юүхэв гээд намайг морь унуулдаггүй байлаа. Хааяа гуйж гуйж нэг унадагсан. Харин 4-р анги төгссөн зун голдуу үхэр тууж өнжсөн, үеэлийнхээ хамт зунжин үхэр туухдаа англи хэл үзэж, өдөрт 10 үг, заримдаа 20 үг цээжилсээр 500 ширхэг англи үгтэй УБ буцсан нь тэр зун хамгийн том богц байжээ. Ингээд 5 дугаар анги төгссөн жилээсээ хойш 15 жилийн дараа анх хөдөө явж байгаа нь энэ.

Өвөрхангай үнэхээр сайхан байгальтай юм аа. Тийшээ очих замыг давгүй сайхан тавьсан ч энд тэндээ нүх ихтэй тул өөрийн эрхгүй болгоомжлол төрнө. Элсэн тасархай, Онгийн гол өнгөрөөд уул хад, ногоон зүлгээр чимсэн үзэсгэлэн төгс нутгийг харахуйяа сэтгэлд нэг л онцгой. Нийт 6 цаг давхиад Арвайхээр хотод ирлээ. Хүүхэд байхдаа харж байсан жижиг хот хэмжээний хувьд бараг хэвээрээ, харин зочид буудал, банкны салбарууд, дэлгүүрүүд нэмэгджээ. Ер нь хуучны социалист нийгмийн үе
ийн аймгийн төвийн өнгө төрх, үнэр хэвээрээ.

Нутгийн зөвлөлийн ордны том талбайн өмнө машинаа паркаллаа. Талбайн дунд нэгэн гэрэлт хөшөө байхуйг очиж сонжвол Монголын хамгийн анхны ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн, мөн ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн гуайн гэгээн дурсгалд зориулж, нэрсийг нь Монгол бичгээр шивсэн чулуун хөшөө байлаа. Их хүмүүсийн чулуун дээр сийлүүлсэн төрхийг харан зогсохуйд цээжинд хүндэтгэл хайрын гал асах сацуу П.Гэндэн гуайн шударга бус хэлмэгдүүлэлт, ЗХУ-д хэрцгийгээр цаазлуулсан явдал санаанд орж зүрхний угт гуниг төрүүлнэ.

Ингээд сургалт явуулах байр сав олж, бүртгэлийг орон нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хийлгэхээр болж, нутгийн ФМ радио, телевизээр зар явуулав. 3 хоногт хийх ажил үндсэндээ эхний өдөр дуусчихав. Учир нь Арвайхээрт ажил амжуулахад их амар юм. Өдөрт 10 байгууллагаар орох ёстой байсан ч ажил амжина, яагаад гэвэл бүгдээрээ л хэд алхамын зайтай, голдуу дээр дурдсан талбайг тойрч байрлана. Харин УБ-т бол маш их цаг авах ажил болох нь тодорхой.

Нутгийн зөвлөл буюу хуучнаар Аймгийн захиргааны өмнөх талбайг тойроод сонгуульд оролцож буй хүмүүс, нам эвслийн уриа лозунг, хотынхны ярьж хэвшснээр бол анонс гэх самбарууд хаа сайгүй. Ер нь хамгийн олон, хамгийн том анонс өлгөсөн нам, эсвэл нэр дэвшигч ялчих гэж байгаа юм шиг л. Нууцгүй хэлэхэд үе үе энэ нь эргээд Мао Зэдунг, Ким Ир Сен, Цэдэнбалыг санагдуулна. (Бидний үеийнхэн азтай гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл бид коммунизмын шувтарга үед буюу 70 аад оны сүүл, эсвэл 80 аад онд төрсөн, сүүлчийн Могикан гэдэг шиг хамгийн сүүлчийн пионер болж үзсэн, бас Хонхны дууг амьдаар нь сонсож, картны бараанд оочерлож, Кока колаг одоо төрж буй хүүхдүүдээс арай өөр мэдрэмжээр ууж таньсан, приставка, холливүүд, МТV, Интернэт гэгч зүйлстэй анх танилцаж, ардчилалын үр шимээр баруунд гарч боловсрол эзэмших бололцоо олдсон цаг үед өсч торнисон гэдэг утгаараа бидний үе их азтай, бас хариуцлагатай...)

Арвайхээрт мэдээж олон ресторан, клуб байхгүй. "Isabelle's" гэдэг сонин нэртэй зоогой (бүр сүши мэнютэй шүү :), бас "Aлтан холбоо" гэж зоогой (ресторан) бий. Xоол нь бол УБ-ынхаас хамаагүй хямдхан, гэхдээ гоц сайн биш нь тодорхой. Ганцхан том шөнийн клуб бий бөгөөд үүнийгээ "New Leader" гэж нэрлэжээ. Ер нь бол их сонирхолтой нэр сонгодог хүмүүс юм гэж бодогдохоор :)

Ерөнхийдөө дунд сургуулийн удирдлагаас авахуулаад театрын дарга, цаашилбал бүх удирдах албан тушаалыг МАXН-ын гишүүд эзэлдэг гэнэ / юм байна. Хүмүүсийн байгаа байдал, харьцаанаас хуучны соц орны үнэр ханхална. Хамгийн хачирхалтай нь орой 8 цагт бүх дэлгүүр хаана. Бүх ресторан (нөгөө хөгжилтэй нэртэй 3 газар, бас бусад жижиг пабууд) 11 ээс хаана. За архи, шар айргийг 8 аас хойш заруулахгүй гэдэг хуультай дүрэмтэй бол ойлгож болж байна. Гэтэл бусад хүнсний барааг энэ хотод 8 цагаас хойш авах боломжгүй байна гэдэг бол ёстой ойлгож болмооргүй зүйл санагдлаа. Хүн 8 цагаас хойш гэртээ хүнс цуглуулж яагаад болохгүй гэж, эмэгтэй хүний сарын тэмдэг ирвэл яах вэ?

Нэг удаа Алтан холбоонд сонин уншаад, тухтай нь аргагүй өдрийн ундаа идээд сууж байлаа. Ер нь хотын соёлтой, боломжын ажил эрхэлдэг, мөнгөтэй хүмүүс энд хооллодог гэж нутгийнхан ярих. Гэтэл рестораны корридороос орилох чимээ гарахад нь гүйж очвол нэг 30 гаран насны залуу 50 гаран насны эрийг юу юугүй зодож нүдэж байхыг харлаа. Аль алинаас нь архи үнэртэнэ. Тэнд байгаа хүмүүсийн хэн нь ч тэр хүнийг салгах янз алга. Би очиж "aхмад хүнийг битгий ингэж зод", "одоо боль, бид тайван хоолоо идмээр байна" гэж гуйлаа. Зодож буй залуу намайг "чи хэн юм?" гэсэн шинжтэй эргэж нэг том харснаа зогтусч, арай зөөлрөв. Гэхдээ л түүний уур хилэн дотроо багтаж ядаж буйг, харах царайны мунхаг хүн болохыг хараад энэ хүнтэй юу яриад ч хэрэггүйг ойлголоо. Ресторанд ажилладаг охид, менежерийг харж байхад ийм зүйлд хэдий нь дасал болсон шинж нүдэнд илт. Цагдаа дуудахыг олон удаа тэдэнд сануулсан боловч хэн нь ч дуудсангүй. (УБ хотод ч мөн ялгаагүй, ийм явдал их) Ингээд хэдэн ширээ дамжиж гүйж байж арайхийж цагдаагийн газрын дугаарыг олж авч цагдаа дуудлаа. Энд тэндгүй байнга холхилдох цагдаа нар бодсоноос нэлээд удаж ирэв. Зодож ханасан залуу VIP өрөөндөө ороод хэсэг хүмүүстэй тухтай нь аргагүй хоолоо идэж суух. Ингээд би цагдаа нарт энэ хүнийг торгох, бас эрүүлжүүлэхэд хийж, зодуулсан хүний хохирлыг барагдуулах ёстой тухай ярьж гарлаа. Ер нь хүн зоддог танхай этгээд, бас цагдаа нар намайг танихгүй хэлээр ярьж байгаатай адил хачирхсан байдлаар л харах. Ингээд аргагүйн эрхэнд энэ хүнийг аваад явсан боловч хүмүүсийн ярихнээ энэ хүн тэнд нэг их удахгүй суллагдана гэнэ. Яагаад гэвэл хот маш жижиг тул хүмүүс бие биеэ сайн таньдаг, нэг таньдаг хүндээ хэлээд зүгээр суллагдаад явах нь тодорхой гэнэ. Зодсон нөхөр нь ч ийм зүйл байнга хийдэг танхай нэгэн гэнэ.

Тэгэхээр дээрх үндсэн ажлаа хийдэггүй цагдаа нар ямар ажилдаа сайн гээч? Тэд ресторан, клуб хаагдахаас өмнө наад зах нь 10 минутын өмнө 5-
ааc 10 -уулаа ирж хотын захирагчийн гаргасан үүрэг нэрээр тэнд байгаа хүмүүсийг хөөж тууж, хаалгыг нь бариулах ажилдаа үнэхээр гарамгай! Нэг удаа 22:50 ын үед ирээд бүх хүмүүсийг тонилохыг шаардав. Цаг 23 цаг бус 22:50 болж буй тухай би тэдэнтэй маргав. 23 цагаас хаалга барих ёстой болохоос та нар хоолоо идэж буй хүмүүсийг хөөх эрхгүй талаар олон удаа хэлээд ойлгох царай алга. Хүний эрх, ардчилалын үнэт зүйлийн тухай ярихад тэд дэмий л зогтусч гайхан харна. Олон зүйлд амаа хамхиулж эгдүү нь хүрсэн, надад уурласан цагдаа нар 2 хоногийн дараа уг рестораны лицензийг хурааж санаагаа амраажээ. Мэдээж энэ рестораны эзэн гайгүй танилтай нэгэн тул лицензээ өдөрт нь бас буцааж авсан байна, мөн бусад рестораныг хаасны дараа эднийхийг ирж хааж байх тухай "гэрээ" хийсэн тухай үйлчлэгч охиноос дууллаа. Хэхэ. Ер нь цагдаа нар орж ирж зандарахад эд нартай юм яриад нэмэргүй гэсэн янзтай хүмүүс гүйхээгээрээ гарч буйг, ард иргэд нь бүр номхон дөлгөөн гэж жигтэйхэн, мөн цагдаа нар тэдний биед дуртай үедээ хүрч түлхэж, зүгээр байхад нь эрүүдэж, дээрэлхэж байхыг харахад хачирхахаас илүүтэй огиудас хүрмээр!

Дээрх байдлыг харахад Арвайхээрт бяцхан хэмжээний коммунизм нүүрлэсэн нийгэм мэт санагдаж билээ. Залуусын эрх чөлөө боомилогдсон мэт санагдсан. "Арвайхээрт мөнгө үрэгддэгүй юм, нэг бодлын амар газар" гэж Арвайхээрт танилцсан нэг найз маань ярив. Би түүнд хэлэв, "Угаасаа очих, хийх зүйл байхгүй газар юундаа ч мөнгө үрэх билээ. Уг нь мөнгө үрэгдэж болдог газар байвал энэ хотын хөгжилд хэрэгтэй юм даа."

Үргэлжлэл бий...