5.30.2008

"Монголын Долоон Гайхамшиг" төсөл

ЛОГОНЫ УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ

Цахим Өртөө Холбоо” ТББ, “Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ хамтран Монгол орны байгалийн болон хүний гараар бүтээсэн тус бүр Долоон Гайхамшигийг бүх ард түмний санал асуулгаар тодруулах гэж байна. Тус төслийн утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, оюутан залуусын дунд зарлаж байна.

Төслийн гол зорилго нь Монгол орны өвөрмөц гайхам байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт БАЙГАЛИЙН ДОЛООН гайхамшигт газар нутаг, Монгол дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх соёлын гайхамшигт ХҮНИЙ БҮТЭЭСЭН ДОЛООН барилга байгууламж, гар урлалын бүтээлүүдийг тус тус шалгаруулан, дэлхий нийтэд албан ёсоор зарлан тунхаглах, тэдний үүх түүхийг судлан олон нийтэд таниулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалах зорилготой.

Уралдаанд ирэх бүтээлүүдэд тавигдах шаардлага:

  • Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын програм дээр хийгдсэн байна.

  • Лого нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ имэйлээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. Имэйлээр илгээх тохиолдолд хамгийн том нь 300 kb байх бөгөөд зөвхөн gif, jpeg форматтай бүтээлүүдийг хүлээн авна.

  • Лого нь Монголын Долоон Гайхамшиг хэмээн заавал бичигдсэн байх ёстой бөгөөд Seven Wonders of Mongolia хэмээн англиар бичигдсэн хувилбар байна. Мөн монгол бичгийн эвхсэн, таталгасан зэрэг хэлбэрүүдийг оролцуулж болно. Лого нь дээрх текстээс гадна зураг, график оролцуулж болно.

  • Логоны дизайн нь хар, цагаан, улаан дээр болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхээр зохиогдох бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно. Лого нь Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.

  • Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад логоноос хуулсан, санаа авсан бүтээлүүдийг хүлээн авахгүй.

  • Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагуудын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь дээрх хоёр байгууллагын өмч болж, оюуны өмчийн патентаар хамгаалагдана.

  • Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайнаар оролцох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.

  • Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2008 оны 6 дугаар сарын 28 хүртэл хүлээн авах бөгөөд нэг бүтээлийг шалгаруулан 500 ам. долларын урамшуулал олгоно.

  • Бүтээлээ logo@7wondersofmongolia.com гэсэн хаягаар явуулах буюу Мэдээлэл Технологийн Үндэсний Паркын 427 тоотод ажлын цагуудаар биеэр авчирч өгч болно.

Монголын Долоон Гайхамшиг зохион байгуулах зөвлөл
“Цахим Өртөө Холбоо” ТББ
“Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ



“МОНГОЛЫН ДОЛООН ГАЙХАМШИГ” ТӨСӨЛ

2008 оны 5 дугаар сарын 28–ны өдөр Дугаар... Улаанбаатар хот

Цахим Өртөө Холбоо” ТББ, “Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага” ТББ хамтран Монголын байгалийн болон хүний гараар бүтээсэн тус бүр Долоон Гайхамшигийг бүх нийтийн санал асуулгаар тодруулах гэж байна.

Төслийн гол зорилго нь Монгол орны өвөрмөц гайхам байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт БАЙГАЛИЙН ДОЛООН гайхамшигт газар нутаг, Монгол дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх соёлын гайхамшигт ХҮНИЙ БҮТЭЭСЭН ДОЛООН барилга байгууламж, гар урлалын бүтээлүүдийг тус тус шалгаруулан, дэлхий нийтэд албан ёсоор зарлан тунхаглах, тэдний үүх түүхийг судлан олон нийтэд таниулан, хойч үедээ өвлүүлэн үлдээх, хайрлан хамгаалахад оршино.

Төсөл гурван үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд www.7wondersofmongolia.com; www.7wondersofmongolia.mn; www.7wonders.mn гэсэн вэб сайтуудаар дээрх хоёр категороор олон нийтээс нэр дэвшүүлэх юм. Ирсэн саналуудыг нэгтгэн түүхч, археологич, аялал жуулчлалын эксперт, шашны зүтгэлтэн зэрэг эрдэмтэн мэргэдээс бүрдсэн тусгай комисс газар усны нэр болон бүтээлүүдээс тус бүр 21-ийг сонгож авна. Эцсийн шатанд онлайн, мэдээллийн хэрэгслүүд болон гар утас, саналын хуудас зэрэг санал цуглуулах бүх хэрэгслүүдээр бүх нийтийн санал асуулга явуулна. Ингээд хамгийн их санал авсан тус бүр долоон газар ус, бүтээлийг орон даяар болон дэлхий нийтэд зарлан тунхаглах болно.

Энэхүү төсөл нь зөвхөн эдгээр гайхам сонин байгал газар нутаг, хосгүй нандин бүтээлүүдийг нэрлээд зогсохгүй, хайрлан хамгаалж, сэргээн засварлах, дэлхийн улс орнуудад эх орноо сурталчлах, Монголын шинэ үед эх орон, түүх дурсгал, өв соёлоо хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

Энэхүү төсөлд хамтран ажиллах байгууллага, хамт олныг урьж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн зөвлөлүүд, байгаль орчныг хамгаалах төсөл, төрийн бус байгууллагууд болон аялал жуулчлалын байгууллагууд, компаниуд энэ төслийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Төслийн үргэлжлэх хугацаа, хоёрдугаар шатны комиссын гишүүд болон эцсийн долоон гайхамшигуудыг нэрлэх хугацааг жич зарлах болно. Мөн Монголын Долоон Гайхамшиг төслийн утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх логоны уралдааныг зарлаж байгаа бөгөөд түрүүлсэн бүтээлд 500 ам.долларын мөнгөн шагнал олгоно.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛҮҮД

Цахим Өртөө Холбооны товч танилцуулга

Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачлагаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага юм.

Эрхэм зорилго: Монголын иргэд төрөлх эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг хамгийн зөв, оновчтой хувилбараар бүрдүүлэхэд тал бүрийн боломжоо ашиглан манлайлан оролцоход оршино.

Холбооны үйл ажиллагаа Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээг түшиглэн явагддаг бөгөөд өөрийн дүрмийн дагуу Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Холбооны Гүйцэтгэх Алба, тив улс орнууд дахь монголчуудын төлөөлөл, мэргэжлийн хэсгүүд гэсэн бүтэцтэйгээр ажилладаг.

Манай хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу-49,
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Утас/Факс: 976-11-312920
Вэб хаяг: www.tsahimurtuu.mn
И-мэйл хаяг: holboo@tsahimurtuu.mn


This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it

Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллагын товч танилцуулга

Үндэсний Аялал Жуулчлалын Байгууллага (ҮАЖБ) нь Монгол улсыг олон улсын аялал жуулчлалын зах зээл дээр сурталчлах, зорих газрын менежмент хийх, жуулчдыг уриалан дуудсан эерэг имиж бүрдүүлэх зорилгоор 2007 оны 6-р сарын 26-нд байгуулагдсан.

ҮАЖБ нь зах зээлийн голлох орнууд болох Япон, АНУ, ХБНГУ, Франц болон Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант улсад илүү анхааран ажиллахаар төлөвлөж байна. Аялал жуулчлалын салбарын төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог түлхүү болгох нь ҮАЖБ-ын үйл ажиллагааны үндсэн зорилгуудын нэг билээ.

ҮАЖБ-ын үүсгэн байгуулагчид нь 11 төрийн бус байгууллага, 7 хувийн компани болон 3 иргэдээс бүрдэж байна. Өнөөгийн байдлаар ҮАЖБ нь 30 гаруй гишүүнтэй болсон.

Шуудангийн хаяг: ш/х- 331, Улаанбаатар – 46а, Монгол
Утас/Факс: 976-11-350441
Вэб хаяг: www.mnto.org
И-мэйл хаяг: info@mnto.org


5.26.2008

Монгол бол Улаанбаатарын утаа биш...

Блог дээр сүүлийн 2 бичлэгт санаа оноогоо үлдээсэн N&D, RastaVirus, sanakae, NNN, Amar, Боорчи, gegeen, M-hyyhed, Bebe, Tsaagii, saika kamikaze, Сумбаа, ganga, manson, Undarmaa, Od, Амар, Нараа, болоод бусад Anonymous андуудад чин сэтгэлийн угаас гүн талархал илэрхийлье!!! Бас нэр дурдагдаагүй зарим хүмүүсийн (жишээ нь Болор, Хулан, Болд андууддаа) хувийн имэйл хаягаар "Монгол ямар байна?", "Очсон нь дээр үү?" г.м асууж тодруулсан зүйлст хариу болгооё.

Тийм ээ, бидний нөхөд харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөж амжсан бол эх нутагтаа ажиллах төгс бус ч сайхан цаг үе ирж байна гэж үзээд буй.

Монголын нийгмийн бүх салбарт ер нь маш олон эерэг өөрчлөлтүүд төрөл бүрийн (удаан, хурдан, мөлхүүр, огцом) хурдаар өрнөж, улс орон маань хөгжиж дэвших үе шатандаа яваа юм байна. "Дэлхий бол хавтгай" гэгчээр доор бичсэн уриалгадаа "заавал эх орондоо баймааж хийж бүтээнэ" гэж хэлэхийг зориогүй билээ. Хэрэв тийм бол хэт өрөөсгөл ойлголт болох нь тодорхой. Хүн ер нь хаана илүүтэй үр бүтээлтэй, хаана илүүтэйгээр нийгмийн болоод хувийн баялгийг буй болгож чадаж байна, хаана өөртөө болоод бусдад үр нөлөөтэй байж чадна тэр газраа амьдарсан нь дээр байх. Чухамдаа, бид Мерседес Бенз, Порш гэдэг ч юм уу аливаа нэг авто тэрэг байлаа гэхэд бид хаана 100 + км/цаг -ийн хурдтай давхиж чадах буюу ашигт үйлийн коэффицент өндөртэй байна, тэр газраа байх нь дээр гэж хувьдаа үздэг. Улаанбаатарт 150 км/цагийн хурдтай давхих бололцоотой сайхан Мерседес хэрнээ давхих нөхцөл бололцоогүй, зөвхөн 25-40 км/цагийн хурдтай давхиж нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа бол тэр хүн өөрийнхөө потенциал, ур чадвар, нөөц бололцоог бүрэн гаргаж, ашиглаж чадах тэр газарт очиж, илүү үр бүтээлтэй ажиллаж, сурч мэдэх, салхи сэнгэнүүлэн "давхих" нь дээр байх л даа. (энд би хотын замын хурдны дүрэм зөрчих тухай яриагүй шүү, хэхэ:)Тэгэхээр хүн Нью-Йорк, Токио, Бангкок, Сингапур, Шинэ Дели, Стокхолм, Парист ажиллаж амьдарсан хэрнээ монголдоо байгаа хүмүүсээс ч илүүтэйгээр Монголынхоо хөгжилд өндөр хувь нэмрээ оруулж байж болно шүү дээ. Тийм жишээ ч бидний эргэн тойронд мундахгүй их бий. Гадаадад байгаа Монголчууд эх орондоо эдийн засгийн болоод оюуны бусад хэмжигдэшгүй (intangible) хөрөнгө оруулалтыг асар ихээр байнга, зогсолтгүй оруулж байдгийг та бид сайн мэднэ. Ашигт үйлийн коэффицент харь оронд илүү байх магадлал маш өндөр, үүнийг бидний сүүлийн 10 жилийн түүх гэрчилж байна. Гэхдээ асуудлын гол нь нэгэнт хийх зүйлээ хийсэн бол эх орондоо ирж ажиллаж амьдрахад сайхан болж буй цаг үе ирж буй буюу "хур борооны үүлс" хуран байгааг нүдээр олж харлаа. Миний хувьд насныхаа 3/1 буюу 9 жил гаран хугацаанд харьд байсан нь одоогоор хангалттай юм, тиймээс ч Монголдоо үлдэхээр шийдсэн. Хавтгай дэлхийн ачаар хэдэн сар Чикаго дахь ажлаа VPN холболтоор хийж, цалингаа аваад явж болсон нь эргээд Монголын маань бодит хөгжлийг харуулж байна. Энэ холболт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байлаа (угаасаа байгаа) гэж үзвэл тухайн хүн Даланзадгадад байх зуураа Нью-Йорк дахь оффисийнхоо компьютерт холбогдоод, хажуу өрөөнийхөнтэйгээ чатлаад, имэйлдээд, принтерээр тайлангаа хэвлэж нарийн бичигээрээ авахуулаад, сүлжээгээ хянаад чухамдаа бүрэн бүтнээр нь ажлаа хийж дөнгөнө гэсэн үг. Анх 2007 оны 10 сард Улуснэтийн Интернэтээр 550Кbps-ын хурдтайгаар холбогдоход сарын 360$ төлдөг байсан бол энэ тоо 2008 оны 1 сард 55$ болж буурсан нь энэ салбарт гарсан хөгжлийн том үзүүлэлт юм.

Их гүүш Ц.Дамдинсүрэн гуайн "Зугаацахаар мордсон нь"-д гардаг шиг өчигдөр Тэрэлж рүү хэсэг найз нарын хамт зугаацахаар мордов. Тийм ээ, Монгол бол Улаанбаатарын утаа биш, Монгол бол Улаанбаатарчуудын замын бөглөрөл, бухимдал, уур хилэн, бас сонгуулийн үеэр ирдэг "бэлэг" биш билээ л... Монгол бол Тэрэлжийн ой, Тэрэлжийн ус, Тэрэлжийн уулс билээ л... (Аавын минь унших дуртай Нямбуугийн Нямдорж гуайн нэг гоё шүлэг бий. Тэр гайхамшигтай шүлгийг дараа блогтоо тавина аа)

Харин Монголд байх хугацаандаа аль болох ойр ойрхон гадаадын бусад орноор аялж, дэлхийн хөгжилтэй танилцахыг хүснэ. Сонсохнээ, хүмүүс монголд удахаараа их зэвэрдэг шүү, болгоомжлоорой гэж ярилцах. Байнга "fresh" итгэл үнэмшил, урам зоригтой байхад энэхүү аялалууд их зүгээр юм шиг байгаам :) Ямартаа ч та бүгдтэй нэгэн өдөр дотносон танилцах байх аа гэж найдна.

Дэлхийн 200 аад улс орныг тус бүр нэг баг гэж үзвэл бид Монгол хэмээгч багийн гишүүд билээ!

Бид МОНГОЛ хэмээгч асар их ялгуусан түүхтэй, олон жаран, мянганы нар салхийг, бас түмэн үеийн дайн дажин, энх тайван, зовлон зүдгүүр, баяр жаргал, шударга ёсыг үзсэн сүрлэг тэр ХЭРМЭН БАРИЛГА-ыг өнөө цагт буй болгогч, сүр жавхааг нэмэгч ТООСГО билээ!

Бидний үеийнхэнд эх оронч байх шалтгаан францын, японы, эсвэл америкийн үе тэнгийн залуусаас илүү буй гэж л бодогддог доо...

Гэхдээ ирэх долоо хоногт КТМС-ын оюутнууд, энэ хаваржин Монгол нутгийнхаа өнцөг булан бүрт мод тарьж яваа Д.Сэрдарам багштай "Му Club"-ын залуустай уулзахдаа намар уулзахдаа хэлж байсан тэр л зүйлсээ хэлье гэж бодож байна. "Юм үз, нүд тайл! Болж өгвөл гадаадад магистр хий. Харин буцаж ирээрэй!"

(авах зүйлийг аваад, гээх зүйлийг гээнэ буй заа андуудаа. Энэ блогт заримдаа зөвхөн өөрөө өөртэйгээ ярих гэж л юм бичдэг билээ л...)

5.19.2008

Global CEO нэвтрүүлэгт оролцсон нь буюу Хөх Монголын цоглог залуустаа

Блог дээрээ нэг зүйлийн тухай бичиж амжилгүй өдий хүрсэн нь Global CEO нэвтрүүлэгт оролцсон явдал билээ. Ер нь Монголд ирээд юу хийж, юу үзэж харж, юу ажигласнаа бичиж амжилгүй өдий хүрсэн байна. Учир нь бичье хэмээвээс 9 жилийн дараа анх удаа буцаж ирсэн эх нутагтаа байх хугацаанд бүр дэндүү их зүйл болж өнгөрсөнд, бас энэ хэдэн сар сум харвах мэт хурдан өнгөрч, толгой өндийх завгүй байсанд билээ. Үе үе бичих бодол гарав ч бүгдийг эхнээс нь бичих ёстой мэт санагдаад хойшлуулсаар хойшлуулсаар өдий хүрчээ. Намайг Монголд ирсэнийг ч цахим ертөнцийн олон анд нар одоо л мэдэж байгаа байх :) Ямартаа ч одоо жаахан завтай болж байгаа дээрээ эх нутагтаа ирж юу үзэж харснаа бага багаар бичиж та бүхэнтэйгээ хуваалцах бодол тээсэн хэвээр. Монголд нэлээд шуугиан тарьсан Global CEO нэвтрүүлэгт оролцож, их юм сурч, олон зүйлийг өөртөө нээж авлаа. Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн ертөнцтэй илүү гүн танилцахад минь маш их тус боллоо. Харин намайг оролцож байгааг тааж амжилт хүссэн коммент, мессеж бичиж ирүүлсэн хүмүүст гүн талархал илэрхийлье. Энэ л өглөө олон арван фэнүүдээсээ имэйл, утасны мэссэж аваад сэтгэл их хөдөлж Монгол залуустаа хандаж хэдэн үг тэрлэлээ. Сэтгэлээрээ дэмжиж ирсэн Цахим Өртөө Холбоо, ЭМОС клубын андууддаа маш их баярлалаа! (бас блог дээрээ намайг дэмжсэн sanakae хэмээх андад талархсанаа илэрхийлье. Өнөөдөр л хүнээс дууллаа.)

Хөх Монголын цоглог залуустаа GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогч Д.Сайнбаяраас

Сайн байцгаана уу, эрхэм анд нараа! Сайн байцгаана уу эрхэм фэнүүд, сургааль ерөөлөө хайрлаж ирсэн ахмад үеийнхэн болоод биднийг дэмжиж ирсэн хөх Монголын мянга мянган цоглог залуус аа!

“Дэлхийн цалинг Монголдоо” уриатай GLOBAL CEO нэвтрүүлгийн оролцогчид бид Монголын нийгэмд цоо шинэ уур амьсгал, цэвэр өрсөлдөөн, бүтээлч амьдрал, өөдрөг хүсэл тэмүүллийг илэрхийлэхийг зорьсны сацуу зурагтын өмнө суугаа олон мянган үзэгчдийн өмнө өөрсдийгөө нээж, бие биеэсээ суралцаж, заримд нь үлгэр дууриал болж оролцохыг зорьсон билээ.

Өдийг хүртэл нэвтрүүлгийн оролцогч бидэнд урам зориг хайрлаж, тусалж дэмжиж ирсэн нийт фэнүүддээ, мөн гадаадад суугаа зүс үл таних олон мянган хөгжөөн дэмжигчиддээ гүн талархал илэрхийльюү!

Бүтэн хоёр сар хагас хугацаанд бидний 16 залуус нойр хоолоо хасан байж, инээд баясал, харамсал гуниг, их ажлын ачааллыг бие сэтгэлээрээ мэдрэхийн хамт сэтгэл зориг нэгдэж, эрч хүчээр дүүрэн хамтран ажиллаж, гудамжны худалдаанаас эхлээд дэлгүүрийн сүлжээ, рестораны бизнес төлөвлөгөө, нийгмийн эмзэг давхаргад туслах хандивын компанит ажил, дэлхийн хөрөнгийн биржийн зах зээл, банкны шинэ үйлчилгээ, олон улсын тээвэр худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, нийгмийг эрүүлжүүлэх эрүүл хүнсний цогц хөтөлбөр гэх мэт 9 даалгаварын турш өөр хоорондоо баг болон өрсөлдсөн юм. Монгол залуус маань нэгдэж чадвал ямар их үйл хэргийг, ямар богино хугацаанд хийж чадаж байгааг нотлон харуулсан нь бидний бахархал билээ!

Энэ бүхний эцэст Монголын шинэ үеийн төлөөлөл болсон ажил хэрэгч залуус бид улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө сэтгэл зориг нэгдэж, насан туршид зам нийлэх анд нөхөд болцгоосон юм. Нэвтрүүлгийн шилдэг 15 залуустаа сэтгэлийн угаас халуун баяр хүргэж, ирээдүйн их үйл хэрэгт нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Энэ дашрамд бидний залууст өөрсдийгөө нээж, таньж мэдэх, хамтдаа хөгжих бололцоог олгож, GLOBAL CEO нэвтрүүлгийг санаачлан зохион байгуулсан Глобал Удирдагч Сан, JCI Монгол, ивээн тэтгэсэн Капитал Групп, цаг наргүй ажилласан UBS телевизийн хамт олон, даалгавар гүйцэтгэх үе шатанд тусалж дэмжиж, хамтран ажилласан Монголын зуу зуун байгууллага, пүүс компаниудад нийт оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье!

Бидний залуус Монголын бизнесийн орчин болоод нийгмийн бусад бүх салбарт өөрсдийн оюун ухаан, мэдлэг боловсрол, ур чадвараа дайчлан ажиллах болно. Тийм ээ, ардчилалын үр шимээр харь нутагт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр зорьж одсон бидний залуус эх нутагтаа БУЦАЖ ИРЛЭЭ! Бидний араас нөхөд маань ИРЖ БАЙНА! Харьд одсон Монголчууд маань БУЦАЖ ИРНЭ гэдэгт би итгэдэг! Тун удахгүй Монголд мянга мянган залуус 50,000 долларын цалин авдаг үе ирнэ гэдэгт би итгэдэг.

Гандах үедээ гандаж буй эх нутгийг минь услах хур бороо ирж айсуй! Хөх Монголын цоглог залуус аа! Та биднийг ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ угтаж байна!

Ёсолсон, Д.Сайнбаяр 2008.5.19 - 11:05:46 AM- Даваа гариг Улаанбаатар хот

5.07.2008

Өглөөний мэндчилгээ

Ажиллаж ажиллаж шөнө болоод орж ирэхэд хүлээж суусан ээж минь миний багадаа их л нууцлан бичиж ирсэн "Бороогийн хувийн бичээс" - Boro's personal note 1996 тэмдэглэлийн дэвтрийг минь гаргаж ирж үзүүлэв. Одоо бодохнээ энэ маань миний блог байж дээ. Гэхдээ 1 сая доллараас илүү үнэ цэнэтэй, илүү нандин, хүүхэд насны минь дурсгалын толь болсон сэтгэлд дотно зүйлс тэнд буйг олж хараад сэтгэл хөдлөсөн гэж жигтэйхэн. Ийнхүү 10 гаруй жилийн дараа анх харсан дөрвөлжин шугамтай зузаан журналаа би их санажээ. Дунд сургуульд бичиж байсан богино өгүүллэг, найраглал, орчуулга хийх оролдлогууд, дуртай номоос татсан ишлэлүүд, NBA -гийн багуудын нэрсийн монгол орчуулга, Евгений Онегин найраглалаас түүсэн франц үгсийн толь, Америкийн мужуудын нэрс, түүний товчлол, Баабарын ХХ зууны монгол номын англи монгол орчуулгын харьцуулалт, Ринчен гуайн номноос түүсэн сонин содон үгсийн тайлбарууд, яруу найргийн ишлэлүүд гээд л одоо энэ блогоос минь илүү сонирхолтой зүйлс байсан дунд миний олон жил бодож, хайгаад олоогүй шүлгийн мөртүүдийг оллоо. Үүлэн зардасыг тэрлэсэн Галидаса гүүшийн энэ мөртүүд сэтгэлээс үл гаран арван хэдэн жил болжээ. Энэ л мөртүүдийг би хайсаар байгаад одоо л олсондоо баярлах зуур олдсон дээр нь гээд та бүгддээ толилуулсу. Хээр ви гоу:

Өглөөний мэндчилгээ


Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!

Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана!

Угтан авах маргаашийн өдөр тань
Учрал дүүрэн, итгэл төрүүлнэ
Өнөөдөр бид жаргалтай амьдарна гэж
Үүрийн туяаг тосон мэндлээрэй.

МЭӨ IV-V он Галидаса
1996-11-8 Бороо

5.02.2008

Энх тайвныг сахиулагч Роналд Рэйганы дурсгалд

Яагаад ч юм саяхан нэгэн сайн найзтайгаа өөрийн очих дуртай Веранда зоогойд үдшийн зоог барьж, улаан дарсны амтыг тамшаалах зуур ертөнцийн түмэн зүйлсийг хамж, таатайяа буу халж суухдаа Берлиний хана хэрхэн нурсан тухай дурсан ярилцсан билээ. Үүнийхээ дараа сэтгэл хөөрсөн бид Зайсан толгой дээр гарч шөнийн Улаанбаатарын үзэсгэлэн, тэнгэрт орчих оддыг харж баясав.

Тийм ээ, 9 настайдаа анх харь нутагт хөл тавих завшаан гарч 1990 онд гэр бүлээрээ Орос, Польш, Баруун зүүн Германд аялж билээ. Харин түүхэнд ховор тохиох Берлиний ханыг нурааж, 2 герман нэгдэх (1990 оны 10 сарын 3) түүхэн үед тэнд очиж, гэрч болсондоо хайрт аав ээж хоёртоо хязгааргүй их баярлаж явдаг. Энэ л аялал, энэ л түүхэн үйл явдал миний амьдрал, ертөнцийг харах нүдийг минь тэрчигээр нь өөрчилсөн. Яагаад ч юм Москва хүрэх 5 хоногийн галт тэргэний аялал дунд уншина гэж аваад гарсан Монголын Нууц Товчоо (тэр жил Нууц товчооны 750 жилийн ой болж, Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарын нэгтгэсэн МНТ хэвлэгдэж шуугиан тарьж байв) -г уншиж дуусгана гэж зөрүүдлэсээр, уг номыг дунд нь оруулаад, уран тансаг үгсийг нь юутай хийтэй нь дутуу ойлгосон ч аав ээждээ өхөөрдүүлсэн нь бяцхан Бороо байв. (гэрийнхэн маань намайг одоо ч Бороо гэж дууддаг)... Чухамдаа миний уншсан хамгийн анхны ном маань МНТ болов уу. Гэхдээ нэг их юм ойлгоогүй, харин 3 дугаар ангийн унших дасгалаа сайтар хийж авсан байх :) Байгаль далай, Оросын нутгийн шивэр (сибирь) ой, Москвагийн метро, Варшавын Палаз Култур, Берлиний цэвэрхэн гудмууд, 3 давхар вагон, Потсдамын хааны ордон... Яг л үлгэрийн юм шиг 14 хоногийн аялал... Аяа, өнөөг хүртэл энэ дэлхийн хаа ч таараагүй "нэвтэрхий толь" шиг агуу их мэдлэгтэй, үүрдийн эх оронч, их түүхээ дээдлэгч, хамгийн шударгуу зантай АБУ таниараа бяцхан хүү тань бахархнам. Хүү нь танийхаа өлмий дор өвдөг сөхрөн мөргөж адис ивгээлийг тань хүртюү!

Хүйтэн дайныг дуусгахад онцгой гавъяа байгуулсан сартваахи Роналд Рейганыг би хүндэтгэн хайрладаг билээ. Түүнийг 4 жилийн өмнө тэнгэрт халихад гашуудахдаа тэрлэсэн нэгэн өгүүллээ Цахим Өртөөний архиваас уудлаж, Улаанбаатарын Ханыг буулгасанд талархаж, сэтгэлийн зул асаамуй.

----
Энх тайвныг сахиулагч Роналд Рэйганы дурсгалд

Даваабатын Сайнбаяр /Чикаго, Иллинoй/

Єнгөрсөн Бямба гаригт АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч ноён Роналд Вилсон Рэйган 93 насандаа Америкийн хамгийн урт насалсан ерөнхийлөгч болсноор хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Шатахуун түгээх цэгээс авахуулаад, айл гэрийн гадаа хаалганд элбэг үзэгддэг, ядуу нэг нь өөрийн амьдардаг чиргүүлийнхээ гадаа ч зоож орхидог АНУ-ын далбаа Америкийн иргэн бүрийн сэтгэлд намирч байна. ЗХУ-ын Сайд Нарын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Михайл Горбачевийн хамгийн анхны Америк анд болсон, хорвоог орхихдоо хүртэл бас нэг рекорд тогтоосон энэ хүн харин хэн байв?

Тэрээр 1911 онд Иллинoйс мужын Тампико хотод айлын хоёр хүүгийн бага нь болж мэндэлжээ. Түүний эцэг Жак дунд сургүүлийн ч боловсролгүй, насаараа гуталчин хийсэн, архичин хүн байв. Рэйган 1932 онд орон нутгийн Эврика коллэжыг дүүргээд Айова мужид 5 жилийн турш хэд хэдэн радио станцад спортын нэврүүлэгчээр ажиллаж, 1937 онд "Дурлал энд байна" кинонд анх тоглосноор Холливүдийн жүжигчин болох гараагаа эхэлжээ. Жүжигчин байх үедээ нийт 52 кинонд тоглосон бөгөөд ард түмэнд хамгийн танил, өөрийнх нь дуртай дүр нь "Knute Rockne: All-American" киноны Гиппэр хэмээгч Америк хөл бөмбөгийн тамирчны дүр байлаа. Рэйган 1942 оноос 1945 онуудад агаарын хүчний сургалтын сэдэвтэй кинонуудаас хийлцэж Дэлхийн хоёрдугаар дайнд өөрийн хувь нэмрээ оруулжээ. 1947 онд Дэлгэцийн Жүжигчдийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн амьдрал нь эхэлсэн байна. Уг нь Франклин Рүзвэлтийг шүтэж, Ардчилсан намын гишүүн болж байсан авч Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Двайт Эйзэнхауэр, Ричард Никсон нарын сонгуулийн ажилд оролцож, 1962 онд албан ёсоор Бүгд Найрамдах намын гишүүн болсон байна. 1966-1975 онуудад хоёр дахин Калифорни мужын амбан захирагчаар сонгогдож нэлээд консэрватив бодлого явуулж байв. Тухайн үед Вьетнамын дайн болон Ричард Никсоныг огцороход хүргэсэн алдарт Вотэргэйтийн хэргийн шуугиан намжаагүй, Америкын нийгмийн сэтгэл зүй их хүнд байдалд байлаа. Харин тэр л үед 69 настай Роналд Рэйган АНУ–ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Роналд Рэйган татварыг багасгаж, засгийн газрын зардлыг багасгаж, батлан хамгаалахын төсвийг нэмнэ гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь олонхийн саналыг авч 1980 онд Ерөнхийлөгч асан Жимми Картерийг ялж АНУ ын 40 дэх Ерөнхийлөгч болжээ. Ерөнхийлөгч болчихоод Цагаан ордонд анх морилохдоо тэр сүрдсэндээ бие нь зарсхийж байснаа хожим дурссан байдаг.

Түүний татварын бодлого, батлан хамгаалахад зориулсан зардал нь засгийн газрийг эхэндээ маш их төсвийн алдагдалд оруулжээ. Хэдий тийм ч түүний энэ эдийн засгийн бодлого дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аажим аажмаар ажилгүйдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Роналд Рэйган анхнаасаа коммунизмын эсрэг тууштай тэмцэж байв. 1983 онд цөмийн бөмбөгийн довтолгоог агаараас хамгаалах Оддын дайны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь ЗХУ-ын цэрэг дайны заналхийллийн эсрэг бат зогсон улмаар ЗХУ-ыг буулгаж авах стратегийн зөв алхам болж, хаалттай байсан хоёр ертөнцийг нэгтгэхэд түлхэц болсон гэж олон шинжээчид үздэг. 1984 онд дэд Ерөнхийлөгч асан Волтэр Мондалийг Роналд Рэйган хэт давуу байдлаар ялж, дахин Ерөнхийлөгчээр сонгогдсон байна. Дэд Ерөнхийлөгч Жорж Буш 1988 онд Ерөнхийлөгч болсон нь 1836 оноос хойш анх удаагаа дэд Ерөнхийлөгч нь олон нийтийн сонгуулиар шууд Ерөнхийлөгчийнхөө суудлыг залгуулан авсан явдал болсон бөгөөд ингэснээрээ Америкийн ард түмэн Жорж Бушд Роналд Рэйганы үйл хэргийг үргэлжлүүлээрэй гэж хэлсэнтэй адил байлаа.

Аль ч Ерөнхийлөгчийн засаглал алдаа эндэгдлийг тойрдоггүй. Роналд Рэйганыг Иран-Кoнтрагийн хэрэгт холбогдож, 1983 онд Гренадын арлыг эзэлсэн, 1986 онд Берлинд болсон террoрист халдлагаас улбаалж Ливийн нийслэл Триполи болон Бэнгазийг агаараас довтолж олон гэмгүй хүний аминд хүрсэн, 80-аад оны эхээр гарсан ДОХ өвчнийг тархахаас сэргийлж чадаагүй гээд түүхчид, судлаачдын одоо хүртэл маргаж, бичдэг сэдвүүд бий.

***

Роналд Рэйган "Би драм, улс төр, спорт гуравт дуртай" гэж хэлсэн нь бий. Төрөлхийн илтгэх авьяас, хүмүүсйиг өөртөө татах чадвар, сэргэлэн овжин зан нь түүнийг гайхалтай сайн дипломатч, энэ зууны тэргүүний улс төрчийн нэг болгожээ. Түүнээс гадна хувь хүний хувьд гайхалтай нөхөрсөг энгийн харьцаатай, шогийн мэдрэмжээр бол бүр гойд хүн байж. 1986 онд буудуулчихаад байхдаа эмч нараас "Та нар Бүгд Найрамдах намынх биз?" гэж хошигнож явсан хүн бол Рэйган. 1984 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ороод сонгуулийн халз ярианд орсон үед нь аль хэдийнэ 73 нас хүрсэн мань улс төрчийг хүмүүс хөгшин байна, ерөнхийлөгчийн албыг дахиж барьвал Франклин Рүзвэлт шиг бие нь дийлэхгүй гэж шүүмжилж байхад тэр "Нас бол энд чухал биш. Би харин наснаасаа болж нас залуу, бүр туршлага муутай хүнд суудлаа авьж өгнө гэж ярихгүй шүү" гэж хошигноход өрсөлдөгч нь хүртэл инээдээ бариж чадаагүй гэдэг. Саяхан телевизээр түүний аппаратанд ажиллаж байсан бүсгүй Роналд Рэйганы тухай дурсамжаа яриж байхыг сонссон юм. 1988 онд Цагаан ордныг орхихоосоо өмнө Рэйган бүх албан хаагчдаа биеэр хүлээн авч уулзжээ. Түүнийг өөрийн хувийн цуглуулга, хайртай морьдынхоо тухай яриж байхад мань бүсгүй Роналд Рэйганыг үнэхээр бишрэн шүтэж явдагийн дээр анх удаагаа биеэр уулзсандаа сандарч "Яанаа, би ухаан алдах нь байна шүү" гэж хэлэхэд Роналд Рэйган, "Зүгээрээ, би чамайг тосоод авчихна" гэж хэнэггүйхэн хэлэхэд өрөөнд байсан бүх хүмүүс нирхийтэл инээлдсэн байна. Харин түүний энэ сахилгагүй гэмээр алиа зан буруудах үе ч байлаа. Нэгэн удаа радиогоор ярилцлага өгөхийнхөө өмнө "Америкийн ард түмэнд хандаж таатайгаар мэдэгдэх зүйл байна. Би саяхан ЗХУ-ыг ертөнцөөс арчих мэдэгдэлд гарын үсгээ зурлаа. Тэднийг таван минутын дараа бөмбөгдөж эхэлнэ" гэж хэлсэн нь хэдийгээр радиогоор цацагдаагүй ч олон нийтэд ил тод болж, ЗХУ-ын удирдагчдын сонорт хүрч, тэднийг ихээхэн чилээсэн байдаг.

***

"Роналд Рэйган хүйтэн дайнд ялсан уу?" гэж сурвалжлагчийг асуухад Горбачев "Хүйтэн дайнд АНУ, ЗХУ хоюулаа тус бүр 10 триллион доллар алдсан. Харин хүйтэн дайн дуусах үед бид аль аль нь ялагч болсон доо" гэж хариулсан байдаг.

Олон арван жилийн турш дэлхийн нийгэм, улс төрийг хоёр хуваасан Берлиний хананы өмнө 1988 онд Роналд Рэйганы тавьсан алдарт илтгэл олон орны ард түмэнд ардчилал, эрх чөлөөний үүд хаалгийг нээж, энэ дэлхий нийтэд энх тайван, шударга ёс, эрх чөлөөтэй амьдралийг тунхагласан билээ. "Ноён Горбачеваа, энэ ханыг нээе! Ноён Горбачеваа, энэ ханыг нураая!" гэж түүний зоримог, шулуун хэлсэн алдарт үгсийг хүн төрөлхтөн мартахгүй ээ. Тухайн үедээ АНУ-ын Yндэсний Аюлгүйн Зөвлөл, бусад олон улс төрчдөөс шүүмжлэл, дургүйцлийг хүлээсэн энэ үгс ямар чухал үед эгзэгээ олсныг цаг хугацаа батлан харуулсан. Берлиний хана нурснаар Монголд ардчилал, эрх чөлөөний хонхыг дэлдэж, Монголын тусгаар тогтнолыг бататгаж, Монголын ард түмэн, бидний шинэ үеийнхний гэрэлт ирээдүйг нээсэн билээ. 1987 оны 1 сарын 27нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс Америкын Нэгдсэн Улстай анх дипломат харилцаа тогтоосон нь Жамбын Батмөнх, Роналд Рэйган нарын гар бие оролцож Америк- Монгол харилцааны түүхэнд цоо шинэ бүлэг нээсэн чухал түүхэн үйл явдал байсныг энд онцлох нь зүйд нийцэх болов уу.

.***

Хүн төрөлхтний түүх урт удаан ч ухаант, сод хүмүн ховор төрдөг. Хорвоогийн олон бор хоногийг сайн эрийн амьдралаар амьдарч, ухамсарт хүний эрч хүч, нөөц бололцоог дахин нэг нотолж чадсан тэр хүмүн энэ дэлхийд энх тайвныг сахиулагч Роналд Рэйган гэж дурсагдах болно. Хүнд өвчинд баригдаж хэвтэрт орсон Роналд Рэйган олон хоног нүдээ огт нээгээгүй атал үхэхээсээ хэдхэн хормийн өмнө нүдээ нээгээд, сахиж суусан эхнэр Нансигийнхаа өөдөөс тод томруун, гайхалтай тунгалаг харцаар харжээ. Энэ эгшинд сэтгэл хөдөлсөн эхнэр нь "Би чамд хайртай" гэж хэлэхэд тэр хайр шингээсэн нүдээ аниад энэ ертөнцөөс үүрд салан оджээ.