Обама Эллений шоун дээр бүжиглэдэг ч яахав. Харин энэ бол... хаха, awesome stuff!
12.14.2008
Oбама Маккэйн хоёрын халз тулаан
labels /aнгилал:
American Presidents,
obama,
улстөр
12.12.2008
Хитман - T. Корагессан Бойл
98 оны намар Айдахогын дунд сургуулийн хичээл эхлэх болоогүй байсан тул Жерри Гриэрийн номын сангаас The Best American Short Stories 1997 байх аа нэг тийм хронологийг уншиж цаг нөхцөөсөн юм. Ингээд T. Корагессан Бойл гэж алдартай хүний бичсэн Хитман буюу Алуурчин богино өгүүллэгийг уншаад бичлэгийн хэв, агуулга нь этгээд, сонин санагдаад, дээр нь хэллэг нь орчуулахад амар санагдсан тул 2 долоо хоног Жерригээс түмэн юм асууж, нухаж нухаж байж монгол хэлэнд буулгахчаа аядав. Тэр үед гарт Алтангэрэл гуайн цэнхэр хавтастай Англи-Монгол толь бичиг, Жерригийн өгсөн Roget's thesaurus байсан. (Толь гэснээс ер нь 90 ээд оны дундуур Алтангэрэл гуайн толь гарахаас өмнө Чой Лувсанжав багшийн Англи, Орос, Монгол толь гэсэн нэг гонзгой шар толь, их сургуулийн Дамдин гуайн бэсрэг ном л олддог, сайн сурж олвол Өвөр Монголд хэвлэгдсэн Хангины Гомбожав гуайн толь л номын санд байдаг байсан санагдана. Одоогийн энэ Monsudar-Oxford, Collin's энэ тэр бол сураггүй. Ихэнхидээ л Англи-Орос, Орос-Англи гэсэн толиуд оросоос орж ирдэг байсан. Алтангэрэл гуайн толь ч ёстой жинхэнэ бестселлер байсан байх шүү!) За ингээд орчуулсан өгүүллэгээ компьютер гэж урд нь ховор сууж байсан эд дээр их л цаг зарж латинаар шивээд гэрийнхэндээ илгээсэн захианд хавсаргаж явуулахад ээж маань утсаар "юун муу ёртой юм орчуулдаг хүүхэд вэ" гээд л байсан. Олон жил уян дискэн дээр хадгалагдаж явсан файл маань алга болсон ч хэвлэмэл нэг эхийг нь нүүх болгондоо аваад л явдаг байтал сүүлдээ олохоо байж баларсан юм. Гэтэл 10 жилийн дараа нөгөөх захианууд дундаас орчуулгаа олж баярладаг юм байна. Ээж маань энэ олон жил захидлуудыг минь хадгалжээ. За ямартаа ч энд криллээр шивээд орууллаа. Тухайн үед talk show мэтийн үгийг тайлбарлах хэрэг гардаг байсан. Б.Ринчен гуайг дуурайгаад л нэг их тайлбар зүүлт оруулсан юм (их Ринчен гуай дотно гадны гоё гоё хэлц үгийг хуудасны доод хэсэгт зүүлт болгож гайхамшигтай сайхан тайлбарлаж бичдэгсэн! Зүгээр л тэр тайлбаруудыг нь уншаад баймаар.) Ямартаа ч хэд хэдэн газар таслал хэт их тавьсныг цөөлсөнөөс бусдыг нь засалгүй тэр чигээр нь орууллаа. Хитманы англи эхийг онлайн хайгаад олсонгүй. Асар их симболизмтэй өгүүллэг дээ. Ямар сэтгэгдэл төрснөө бичээрэй.
ХИТМАН
T. Корагессан Бойл
T. Корагессан Бойл
Бага Нас
Хитманы* бага нас гэвэл түүний толгойдоо байнга өмсдөг хар уутнаас болж их ярвигтай, хүнд хэцүү өнгөрчээ. Багш нар түүний аялгыг засна, дасгалжуулагч нь түүний тоомжиргүй, идэвхигүй зан байдлыг шүүмжилж, сургуулийн захирал бага ангийн хүүхдүүдийг тамхины галаар түлэхэд нь хатуу сануулж чичилнэ. Тэр тун ядуу сурагч. Өдрийн цайнаар тэр ганцаар суун дарвагар ам руугаа үрлэн чинжүү бас халуун зайдас чихнэ. Сургуулийн хонгилд шөрмөслөг хөвгүүд хар багийг нь шүүрч аваад, ар дагз руу нь алгадна. Арван гурван настай байхад нь хөл бөмбөгийн багийн ахлагч нь түүнд халдан, дарж аваад багийг нь тайлж авахыг оролдов. Хитман түүнийг хөнөөв.
Шүүх таван жил оноов.
Наранд Гарав
Хитман хоёр сар болоод шоронгоос суллагдав.
Анхны Болзоо
Охины нэрийг Синтиа гэдэг. ХитМан эцгийнхээ авс зөөдөг тэргийг Синтиагийн байшингийн өмнө зогсоов. (Түүний хамгийн жигшин зэвүүцдэг хүн буюу түүний эцэг бол оршуулгын товчооны эзэн билээ. Өглөөний цайн дээр Хитманы эцэг хүүгийнхээ аяганаас эрдэнэ шишийн хайрсыг шүүрч авчээ. Хүү эцгээ хөнөөхөөр заналхийлэв. Гэвч тэр тэгсэнгүй, эцэг хүүгийн ариун ёс, хүний мөс чанарыг ухаарч, эцгээ хөнөөхийн эсрэг хатуу цээрийн лавтай бодлоор тэвчин өнгөрчээ.)
Синтиагийн эцгийн санчиг нь бууралтсан ба одон бөмбөг тоглодог ажээ. Тэр Хитманы хаалга тогшиход ирсэн бөгөөд, Хитманы гадаад төрхийг хараад цочирдох шиг болов. Хитман Синтиаг тохойлдож авчираад эцгийн нь гарт хорьтын дэвсгэрт атгуулаад харанхуйн гүнд далд оров.
Эцгийн Үхэл
Өглөөний цайн дээр Хитман эцгийнхээ аяганаас эрдэнэ шишийн хайрс шүүрч авав. Дараа нь түүнийг хөнөөв.
Эхийн Үхэл
Хитман хорь гаран настай байв. Тэр биллиардын бөмбөг цохиж, хүнд төмөр өргөж, цаасан хайрцагтай сүүнээс ууна. Тэр үед түүний эх эмнэлэгт зүрхний хорт хавдарт өвчнөөр нарт хорвоогоос хальж байв. Лам нар хар хувцас өмсөнө. Хитман ч гэсэн.
Анхны Aжил
Кубийн банкир Пoрфирио Бюнез Хитманыг үдийн зоогонд урив. Бюнез: чамайг ажил хайж буй гэж би дуулсан.
Тийм ээ тэр үнэн гэж Хитман хэлэв.
Вандуй
Хитман вандуйнд дургүй. Тэднийг сэрээн дээр тогтооход тун хэцүү.
Talk Show
Хитман тайзны баруун жигүүрт хөшигний ард хүлээх агаад цээжин бие, толгойн хэсэг нь тас харанхуйд учир тамхины гал нь хөдлөх бүрт харанхуйд сорив үүсгэх мэт зам татуулна. Нүүрний гоо засалч бүсгүй түний нүд, хамар, амыг засаад толгойд угласан багны нь хилэн үсийг самнажээ. Түүнд шоуны товч тайлбар, зөвлөмжийг өгөв. Түүний өмнөх шоуны зочин бол хүүхдийн эмч хүн. Хөлөө ачиж суугаад бага насны хүүхэд, хөлд орж буй хүүхдүүдийн сэтгэл зовоосон асуудлаар санал солилцож буй хөтлөгч, эмч хоёрын дунд ваартай дал мод тавьж тусгаарласан байх бөгөөд тэдний дээрээс хурц гэрэл тусгажээ.
Нэвтрүүлгийн завсарлагын* дараа дугуй суурьтай ганц хөлтэй, багахан түшлэгтэй, өндөр гэгч төмөр сандал дээр Хитман чихэлдэнгүй суух агаад нүд нь гялалзах ажээ. Шоуны хөтлөгч эр дөч эргэм настай боловч наснаасаа илт залуу толиотой харагдах аж. Тэр яг л Энх-Амгалан хаан шиг сайхан инээмсэглэнэ. За гэж тэр эхлээд - Тэгэхээр та бол Хитман, бидэнд ярьж өгөхгүй юу - би урьд нь дандаа л мэдэхийг хүсдэг байсан юм, ер нь хэн нэгнийг егүүтгэхэд хэр таашаалтай байдаг юм бэ?
Матео Мариа Бюнозын Үхэл
Халуун зуны нэгэн өглөө цуутай банкирын бизнес түнш, үеэл дүү Матио Мариа Бюнозын цогцос усан онгоцны зогсоолын тэндээс олдов. Уснаас яг л уур мэт униар татах ба тэр нь загасны үнэр ажээ. Цогцосны духан дээр том хар шувуу суух ажээ.
Гэрлэлт
Синтиа, Хитман хоёр алтарын* өмнө зэрэгцэн зогсов. Синтиа цагаан өнгийн сатин даашинз өмсөөд нүүрэндээ торон гивлүүр зүүжээ. Хитман зээлж авсан* маш том размерийн хар костюм, торгон дотортой хар хилэн баг өмсчээ.
... Үхэл л та нарыг хагацаана хэмээн лам хэлэв.
Араншин
Хитман тун тогтворгүй, муухай ааштай. Нэг удаа зуушны мухлагт зөөгч түүнд өдрийн тусгай нэрийн хоол* болох ногоогоор хачирласан котлет авчирч өгөхдөө вандуйг нь түүж авахаа мартжээ. Бас дараа нь Хитманы баган дээр яг эрүүн тус газар сүмсний дусал толбо болон үлдсэн байв. Тэр зөөгч рүү гурвалжилсан нүдээр нэв сүлбэх мэт хараад дараа нь түүнийг хөнөөв.
Заримдаа тэр морьны бооцоот уралдаанд 25 доллартай яваад 1800 доллартай ирнэ. Тэр тамхины мухлагаар оров. Мухлагаас гарч ирэхэд нэгэн хөлчүү ханцуйнаас нь чангааж, 25 цент хоргоов. Хитман халаас руугаа гараа явуулаад 1800 доллар гаргаж хөлчүүд сарвайв. Дараа нь түүнийг хороов.
Анхны Хүүхэд
Хүү. Хитман ихэд баярлав. Тэр сараалжин хашлагатай модон орны ирмэг түшин тонгойгоод никелдсэн гар бууны бариулыг жижигхэн хуруунуудад атгуулав. Бууг сумгүй боловч цэнэглэсэн нь хүүг дуунд нь дасаг гэж хүссэнийх ажээ. Тэр хүү дөрвөн настайдаа таеквондоггийн бүх арга барилыг эзэмшиж, хана руу 10 фийтийн* зайнаас хутга зоож, хөдөлгөөнт байг аль ч гараараа чадамгай буудаж сурчээ. Хитман хүүгийн толгойг том гараараа илнэ. Барын зулзага, аварга эр болж байна даа гэж хэлэв.
Ажил
Тэр Синцинатти, ЭлЭй*, Бостон, Лондон руу ниснэ. Онгоцны үйлчлэгчид түүнийг мэддэг болов.
Хагас Акр ба Гарааж
Хитман намар унасан навчисыг тармуурдаж, бүгдийг нь бөөгнүүлэн нэг том овоохой болгож байв. Тэр ханцуйг нь авчихсан, хар өнгийн богино цамц, мөн хар өнгийн ажлын муу даавуун дээр баг өмсчээ. Синтиа цэцгийн цоморлигт нэвтрэн орсон өвсийг захалж хайчилна, түүний хүү өвсөн дээр тоглоно. Хөршүүд нь машинтайгаа хажуугаар нь өнгөрөхөд Хитман гар даллав.
Бүхий л өвсийг самнаж санаа амраад Хитман бүх навчин овоонуудыг хамж нэг ачааны цехний хэмжээтэй болгож бөөгнүүлэв. Дараа нь тэр тонгойж асаагуураар гал ноцоов. тэр даруй навчисны цог дэгдэж, овоохойн зүг бүрт гал ноцон, галан бөмбөлөг болж хувирав. Хитман арагш болж зогсоод, том булчинлаг гараа зөрүүлж сугавчлав. Түүний хажууд гурван толгойтой нохой суужээ. Тэр тонгойн толгой бүрийг алгадна, очид тэнгэрийн зүг улангасан дэгжинэ.
Хотын Гудамжаар Алхав
Тэр хотын гудамжаар алхана. Захаа босгож, саравчаа дарав. Шөнө орой болжээ. Тэр их дэлгүүр, жижиг мухлагууд, цэцэрлэг, шатахуун түгээгүүрээр өнгөрөв. Сараалжны үзүүр нь гадас шиг хэлбэртэй хашаанууд, орон сууцнууд болон том том цонхнуудын хажуугаар өнгөрөв. Ноход харанхуйгаас боргооно, дараа нь сүүлээ хавчаад гэтэн одно. Хитман бидний хэнийг ч хороож мэднэ шүү дээ.
Тэтгэвэрт
Жар гаран насны, зарим нь бүр дал гарсан, лагс бүдүүн, алмаазан шигтгээтэй ээмэг, тамхи, нас хөгшрөөд арьс нь сэвхэтсэн - олон төрлийн хэсэг бизнесменүүүд түүнд зориулж цайллага хийв. Одоо ная гаран насан дээрээ буй Порфирио Бюноз гартаа алтадмал хадуур* бариад үг хэлж Хитманыг танилцуулав. Хитман түүнд талархаад, дараа нь моторт завь, усны тэшүүрээр гулгахад салхинд багны тууз нь намирдагийг бодож үзэсгэлэнт нуур дагаж тэтгэвэрт гарав.
Үхэл
Тэр мэгдэж агшаад, өөрийнхөө биеийн хагастай адил болжээ. Тэр Марсиагийн эмнэлэгт дэр налан хэвтжээ. Азарган цоор цэцгийн баглаанууд ор тойрон гудайна. Багны нь хамарны нүхний ангархай руу суваг гүйсэн байх бөгөөд, улаанаар эргэсэн түүний нүд сүүмийж, гурвалжилсан анисганы цаана гүн нойрсчээ. Лам нар хар хувцас өмсөнө. Хитман ч гэсэн.
Хотын нөгөө захад Хитманы хүү нэгэн мухлагт толины өмнө зогсоод Хитманы өмсгөл өмсчээ. Тэрбээр хамгийн анхныхаа хар багийг толгойдоо углав.
Oрчуулсан Д.Сайнбаяр - 1998 оны 9 сар - МcCall, Idaho
Тайлбар:
* HITMAN - Монголчловол хөлсний алуурчин, мэргэжлийн алуурчин гэсэн үг.
* TALK SHOW - Ярилцах шоу гэсэн үг. Улс төрийн онигоо, хөгжилтэй үзүүлбэрүүд, нэр цуутай хүмүүстэй сонирхолтой, гол нь хөгжилтэй ярилцлага хийдэг. Хөтлөгч нь тал бүрийн мэдлэгтэй, ярих урлагийг эзэмшсэн байх ёстой. Америкт хамгийн түгээмэл шоу нэвтрүүлгүүдийн жанр.
* ЗАВСАРЛАГА - буюу station break бол зар сурталчилгааны түр завсарлагыг хэлнэ.
* ALTAR - бол христийн сүмд байдаг сүсэгтнүүдийн тахил, талх, давс тавьсан тавцанг хэлнэ.
* ХУВЦАСНЫ ЗЭЭЛЛЭГ - Rent гэж үйлчилгээ нь Америкт их түгээмэл бөгөөд үнэтэй чамин хувцас, үнэт эдлэл, машин унааг түр хугацаагаар зээлдэг үйлчилгээ.
* ТУСГАЙ НЭРИЙН ХООЛ - Зуушны газар болгон заримдаа түгээмэл нэр төрлийн хоолыг сонгож тухайн өдөр үнэ хямдруулж худалддаг. Нэг талаар үйлчлүүлэгчдэд хямд үнэ санал болгож, гүйлгээгээ нэмж ашиг олдог бизнесийн арга юм.
* 10 фийт - Ойролцоогоор 3 метр
* ЭлЭй- LA буюу Лос Анжелосын товч нэр.
12.10.2008
Үлэмжийн чанар
Өнөөдөр ажил тараад V богд Ноён хутагтын "Үлэмжийн чанар" цадиг түүхийн дуулалт жүжгийг Драмын театрт үзэв. Зохиолыг А.Шартолгой гуай бичиж, найруулагч Н.Болд маш чадварлаг найруулсан байна. Хутагтын дүрд Ардын жүжигчин Цэрэндагва гуай тоглосон. Цэрэндагва гуай мэргэжлийн дуучин хүн биш гэхэд үнэхээр гайхамшигтай дуулж байна лээ. Сүүлд л гэхэд Чингис хаан: Үхэж болохгүй кинон дээр Жамухын дүрийг, Софоклын Эдип хаан жүжгийн сохор мэргэний дүрийг мөн гайхалтай гаргасан байдаг. Ярихдаа хүртэл гоё хоолойтой хүн дуулахдаа чадамгай байдаг бололтой. Үнэхээр алтан үеийнхэн гэж ярьдаг, өнөө цагийн алтан үеийн гол төлөөлөгч хүн юм даа. Жүжгийн өрнөл хэсэг дахь монгол ноёдын увайгүй найр, хүүрнэл яриа, дэмбээдэлт, хутагтын аав болон бурхан болсон ээжтэйгээ ярьдаг хэсэг, таван хандмаа (Чулуунцэцэг, Сийлэгмаа гээд мундагчуул) нарын оргил хэсэгт дуулсан "Үлэмжийн чанар" дуу болон энэ үеэр 5 өнгийн гоёмсог хувцас өмссөн бүжигчин охид гайхалтай уран бүжиглэдэг хэсэг нь сэтгэлд хоногшмоор үзэгдлүүд байв. Дээр нь энгийн боловч ухаалаг тайз засал, хувцасны загвар нь гайхалтай сайн болжээ. Choreagraphy-ийг хэн хийсэн юм бол доо хэмээн шагшираад тоглолтын эцэст С.Сүхбаатар гуайн дэглэсэн болохыг мэдээд гайхаж цөхсөнгүй.Сосорбарам гуайн тоглосон Данзанравжаа гуайн тухай киног нэг олж үзэх юмсан. Жүжгийн үеэр Цэрэндагва гуайн уншсан мөртүүдийг Интернэтээс хайгаад олсонгүй., Майкл Коны бичсэн Lama of the Gobi гэж гоё номыг дахин унших хүсэл төрөв. Үе үе блог дээрээ хутагтын бичсэн гайхамшигт мөртүүдээс тавьж байна аа. Авьяаслаг дуучин Номинжины Үлэмжийн чанарыг дуулахдаа хийсэн гоё клипийг дор оруулав.
Ингэхэд сүүлийн үед дуурь, жүжиг, баллет үзээд, эсвэл сонгодог хөгжим сонсоод урьд урьдынхаас илүү их таашаал авдаг болсон нь одоо ажлын стресс, машины бөглөрөлөөс болоод байна уу, эсвэл холливудын кино үзээд залхсаных уу? Бага байхад жишээ нь Үлэмжийн чанарыг сонсоод таашаал нэг их авдаггүй байв, утга уянгыг нь ч ойлгох сэхээ үгүй байж дээ. Гэтэл одоо болохоор нэг их уярч хайлсан амьтан. Хөгширч байгаа нь энэ юм байх даа гэж бодогдов, хэхэ. (Гэхдээ би зохиолын дуунд тийм ч дуртай биш ээ. Тэр Банзрагч гэж залуу ёстой мундаг юм билээ харин :) Бодвол сонгодог урлагийг ойлгож таашаахын тулд сонсогч, үзэгч маань тэр хэмжээнд боловсорсон, тэр хэмжээний мэдрэмжийг үнэлэх хэмжээнд хүрсэн байх ёстой байдаг биз. Сайндаа ч биш нас яваад юм юм үзээд ирэхээр үүнийг таашаах хэмжээнд дөхөж буй нь тэр биз. Яагаав ҮНЭН буй болоход 2 хүн хэрэгтэй гэж. ҮНЭН-ийг хэлдэг нэг нь байхад түүнийг сонсоод, тэр хэмжээнд ойлгоод, хүлээн зөвшөөрөх нэгэн бас хэрэгтэй гэж...
Их хутагтын өлмий дор сөгдөн мөргөмү!
Үлэмжийн чанар
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.
Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Зарим эх сурвалж:
Dreaming Of Danzan Ravjaa
The Heritage of the "Terrible Noble Saint of the Gobi"
Дэлхийн энергийн төв
Зохиолч А.Шартолгой: "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг маань олон түмэнд таалагдах байх
labels /aнгилал:
Danzanravjaa,
lifestyle,
music video,
play
12.08.2008
Keane - Everybody´s changing (REMIX)
Хэдий амралтын өдөр мөн боловч өчигдөр La Traviata дуурь үзсэний эрч хүч гараагүй тул өдөр консалтинг хийж буй газар дээрээ очиж нэлээд олон залуусыг 2 дахь шатны ажлын ярилцлаганд оруулав. Тасралтгүй 5 цаг үргэлжилсэнд сүүлдээ хоолой сөөж толгой өвдөж эхлэсэн. 30-aaд залуусаас 3-4 ийг нь ажилд авахаар шийдэв. Ярилцлага хийсэн залууст хандаж хэлэх зүйлс их байлаа. Дараа энэ тухай тухтай бичье гэж бодож байна. Харих замдаа Миний дэлгүүр сүлжээгээр орж хүнсээ цуглуулав. Ёстой гоё амралт юм байна. Ойрд хүнс цуглуулаагүй, шинэхэн өргөст хэмх, улаан лоолийг үнэрлэж, бас сонгож авах нь их таатай хэрэг юм аа. Амьдрал яасан ч баялаг, сонирхолтой юм бэ дээ.
Өнөө шөнө нойр хүрэхгүй нь. Угаасаа ч шөнө жаал сууя гээд орой жаахан унтчихсан. Энэ зуур сэтгүүлч Ц.Хулангийн ярилцлагыг телевизээр үзлээ. Мундаг найрагч шүү! Яруу найрагч хүнд "авьяас, ухаан, сэтгэл гурав цогцолсон байх ёстой, аль нэг нь дутагдвал 'яруу найраг' төрдөггүй" гэж хэлж байна. Үнэн хэллээ гэж бодов. За даа ер нь ямар ч юманд энэ гурав хослохоороо гайхамшигийг бүтээдэг болов уу. Имэйлүүдээ уншиж, арчиж, устгаж, бас ангилав. Дараа нь Интернэтээр ойрд явдаг гудамжнуудаас өөр гудамжаар дэмий сэлгүүцээгүй тул жаал дэмий тэнэж, янз бүрийн газрын хаалга тогшиж, гоё гоё дуу сонсож PC-нийхээ файлуудыг цэгцэллээ. Чухамдаа зарим оймсууд гал тогоонд, гар нүүрийн алчуур балкон дээр явж байна. Ажлын цааснууд аяга тавагтай хамт :) Үе үе шургуулганд нь биш юм аа гэхэд өрөөнд нь оруулж тавьж байхгүй бол. Гэснээс саяхан нэг найзын маань харддрайв шарагдчихсан байна гэнэ. Бас нэг найзын маань компьютерийг эвдэрэхэд нь болгоомжгүй нөхөр засч өгнө гээд бүгдийг нь форматлачихсан байна гэсэн. Бурхан минь гэж бал сарынхаа бараг бүх зургийг устгуулсан байгаа юм. Ер нь энэ компьютерийн файлуудаа back up (зоорилох?) сайн хийж байхгүй бол хүмүүс ээ. За би бол бараг амьдралгүй болно гэсэн үг гэж бодсоор боол драйваасаа экстернал харддрайв руугаа файлаа шидэж сууна. Ингэхэд энэ Кийнийг ойрд сонсоогүй үнэхээр их санажээ. "Хэн бүхэн өөрчлөгдөж байна" гэдгийн ремикс нь бас тасархай юм аа. Зураглал энэтэрийг хөөрхөн эвлүүлжээ. Би ингэхэд хаана явна вэ? Хаа нэгтээ бас stuck болсон юм биш биз? Тим-д тэгж бодох үе байсан гэдэг. Гэтэл тэд гайхамшигийг бүтээсэн. Ухаан, сэтгэл, авьяас... Үгүй ээ, бодоод байхнээ зөв дараалал нь бол сэтгэл, ухаан, авьяас юм байна шүү.
So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.
-----------
You say you wander your own land
But when I think about it
I don't see how you can
You're aching, you're breaking
And I can see the pain in your eyes
Since everybody's changing
And I don't know why.
So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.
You're gone from here
Soon you will disappear
Fading into beautiful light
'cause everybody's changing
And I don't feel right.
So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.
So little time
Try to understand that I'm
Trying to make a move just to stay in the game
I try to stay awake and remember my name
But everybody's changing
And I don't feel the same.
Ooo...
Everybody's changing
And I don't feel the same.
12.01.2008
"СОНГО"+"УЙЛ" ба солгой хоолойтон
Улаанбаатарын бүх телевизийн сувгаар орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгаа үргэлжилсээр. Сонгуулийн хуулийн ядмагхан агуулгатай заалт, түүний "орчуулга", бас бус удирдлага менежментийн толгой эргэм гажиг тогтолцооноос болж улс орон даяар энэ "сонгo"+" уйл" гээчид ямар ч их шаардлагагүй цаг, хөрөнгө, энерги, нервээ барав даа. Сонгууль тойрсон асуудал, нэр дэвшигчдийн оройгүй их амлалт, телевизийн сурталчилгаанд ямар ч эрүүл ухаантай хүний тархи самуурч, мансуурч унамаар. Энх тайвны гүүрийн ойролцоохь том самбар дээр Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн хэсэг нөхөд "Өрх бүрт 30 сая төгрөг өгнө" гэсэн үгсийг их л бахархангуй аястай томоор бичээд, өөрсдийнхөө инээд алдсан том зургуудыг хамт өлгөсөн харагдсан. Ямар ч баян төсөвтэй дүүрэг вэ, тийм ээ? Дээр нь 1.5 саяыг ард түмэн мартаж амжаагүй байхад шүү. Тийм ээ, биднийг доромжилж ханахгүй байгаа нь гайхамшигтай.Хэд хоногийн өмнө гэрийн хаягаар ирсэн Нийслэлийн сонгуулийн хорооны ажилтан ээжид минь сонгуулийн үнэмлэх гардуулахдаа хамт амьдардаг миний сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөхөө "мартжээ". “Миний хүүгийн сонгуулийн үнэмлэхийг авчирч өгөөрэй” хэмээн учирлан сануулсан ээжид минь "Санаа зовох зүйлгүй" гэж хэлээд л тэмдэглэл хийж аваад явсан байна. Тэр хүн хэзээ ч эргэж холбогдоогүй бөгөөд бид ч "Энэ олон хүнд гэрийн хаягаар нь үнэмлэх тараах гэж хэрэндээ их зүдэрч байгаа байх даа" гээд онцын юм бодсонгүй. Ингээд уржигдар буюу сонгуулийн өдөр иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлэхээр сонгуулийн хэсэг дээр явж очлоо. Гэтэл нэр маань сонгогчдын нэрсийн жагсаалтад байтугай оршин суугчдын жагсаалтад ч алга байна. Уг нь иргэний үнэмлэх дээр тавигдсан нэр, оршин суугаа хаяг нь бүртгэлтэй таарах аваас газар дээрээ сонгогчийн үнэмлэхээ аваад сонгууль өгөх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг дарга нар онцолж байхыг олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон билээ.
Одоогоос яг нэг жилийн өмнө оршин суудаг хороо хориндоо албан ёсоор дахин бүртгүүлж, овгоо сонгож, нэлээдгүй чирэгдэл болж олон цагаар дугаарлаж зогссоны эцэст Монгол улсын ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХҮЙ-тэй болсон санагдана. "Нөхөр ... нь СХД-ийн 17-р хороо, ... байр ....тоотод амьдардаг нь үнэн болно" гэсэн oршин суугчийн тодорхойлолтыг саяхан нэг нотариатын бичиг бүрдүүлэхдээ төвөггүй авч болсон.
Хамгийн сонирхолтой нь миний бие одоогоос сар гаруйн өмнө орон нутгийн сонгуулийн үнэмлэхийг гэрийнхээ хаягаар хүлээн авч яг л энэ зааланд амьдралдаа анх удаа сонгууль өгч үзсэн билээ. Гэтэл ирц бүрдээгүй гээд сар гаран хугацаанд хаа сайгүй хэрүүл болж болж дахин сонгууль явуулахдаа иргэн миний нэр хаягийг хааш нь хийчихдэг байна аа. "Би саяхан сонгууль өгөхөд зүгээр л байсан юмсан?" хэмээн асуухад "Танай хорооноос явуулсан бүртгэлийг л дагнасан" хэмээн нэг залуу учирлангуй аястай тайлбар хэлэв.
Сүүлийн хэдэн жил Цахим Өртөө Xолбоо гадаадад суугаа монголчуудын сонгуульд оролцох эрхийн асуудлыг дэвшүүлж 2005 онд батлагдсан "Сонгуулийн тухай хууль"-д "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж чадсан ч "хууль зүйн орчин бүрдээгүй байна" гэсэн СЕХ-ны ажлын хэсгийн 2 хоногт хийж болох дүгнэлт 2 жилийн дараа 2008 оны сонгуулийн өмнө гарч, улмаар Сонгуулийн хуулийн уг заалт хүчингүй болоход хүрсэн нь саяхан. Нийт сонгогчдын 15-20% ийг, түүнээс дутуугүй их ДНБ-ийг бүрдүүлэгч, "ходоодоороо бус оюунаараа" сонголт хийх бололцоотой энэ иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн асуудал зарим намуудын мөрийн хөтөлбөрт туссан хэдий ч сонгох эрх нь хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байна.
Яагаад ч юм арван найм хүрээд арваад жил болж байгаа ч энэ хугацаанд харь оронд сургууль ном хөөж явахдаа дээрхи монголчуудтай адил сонгох эрхээ эдлэх завшаан дутсан надад анх удаа сонгууль өгөх боломж олдсон нь сарын өмнө боловч сонгуулийн ирц бүрдээгүй тул жинхэнэ утгаар сонгох эрхээ эдлэхээр дахин ирсэн нь энэ байв. "Таны нэр сонгогчдын нэрс дунд олдсонгүй" гэдэг үгийг сонсоод үг дуугүйхэн дунд сургуулийнхаа Урлагийн заалнаас гарч явах мөчид яагаад ч юм цээжинд минь удаан нуугдсан хөнгөн гуниг дахин төрөхийг мэдэрсэн билээ. Яг л бага ангийн найз маань тэр жил "Чи солгой хоолойтой тул хооронд зогсох ёсгүй" гэж хэлүүлээд Урлагийн заалны тайзнаас доголон нулимстай буусантай адил...
Цахим өртөө холбооны УЗ-ийн гишүүн,
дугаар хорооны иргэн Д.Сайнбаяр - Өдрийн сонин
labels /aнгилал:
voting rights for Mongolians abroad,
Гадаадад суугаа Монголчуудын сонгох эрх,
улстөр,
хэвлэгдсэн нийтлэлүүд,
Цахим Өртөө
Subscribe to:
Posts (Atom)
