8.10.2007
гоё дуу оруулах гээд...
... ер нь хараад байхад зөвхөн машин барихад, эсвэл хааяадаа PC дээр суухдаа л дуу сонсдог болжээ дээ, хааяа нэг концерт үзэх, паб орохыг эс тооцвол. 2 жилийн өмнө нэг семинарт очиход өгсөн i-pod (i-pod өгнө гэхээр нь очсон :) -оо бодоод байхнээ хэдхэн удаа л хэрэглэжээ. 24 цагийн ихэнхийг ажил, гэр, метронд компьютер гээд second girlfriend (хэн нь нэгдэх гиорлфриэнд вэ гэдэг талаар нэлээд serious discussion үүсдэг л дээ :), гэхдээ маргаангүй хамгийн best friend -тэйгээ өнгөрөөдөг мөртөө энэ i-pod-oo шинэчлэх, цэнэглэх завгүй л явдаг... Гэтэл лифтэнд мэдээ уншиж байхад 20,000 дуу багтдаг i-pod, i-phone гарсан байгаа юм. Үгүй мөн завтай хүн энэ олон дууг даунлөүд, аплөүд хийж сууна аа :) Дээр нь нэлээд баян юм уу (99 центээр яхүү-гээс татлаа гэхэд л 20,000 доллар болно шүү дээ. Орлогын татварт 10-25% төлөөд үлдсэн энэ мөнгөнөөсөө худалдааны татвар, за тэгээд бусад олон татвар төлөхөө бодвол 30,000 доллар хүрнэ дээ) , нэлээд сайн "хулгайч" (үнэгүй татаж буйг бодвол) хүний хийх ажил... За тэр хүмүүсийн цаг, мөнгөнд санаа зовох яахав..хэхэ. Гэхдээ л өөрийнхөө залхууг гайхаж байна... Дээр rapidshare-аас харин нэлэээд хэдэн сиди татах зуур зохиогчийн эрхээс нь санаа зовосхийн суусан. Гэхдээ л хулгайлсан даа. Олон жил энэ хулгайг хийлээ :) (ингэхэд монгол хэлээр, криллээр бичиж буй мөртөө CD гэж латин үсэг хэрэглэх ёстой юу? CиДи гэж явмаар юм уу. Хэл шинжлэлийн хүнээс асуумаар асуулт байна.)...
Өчигдөр өөрийн эрхэм андад нэг ном дурсгав. Нэрийг нь хүндэтгэх үүднээс, хүндэтгэлийн бичиг гэдэг үүднээс, мөн хамгийн их таашаал хүртдэг тул уйгаржин бичгээр бичих гэтэл сайн галиглаж мэдэхгүй байсан тул криллээр бичихээр болов. Миний бичгийн хэв угаас муу л даа. Гэтэл үнэхээр 3 дугаар ангийн хүүхэд шиг бичиж байгаагаа хараад бүр ичив. За аргагүй дээ, надад чинь криллээр бичих шаардлага гарч байсангүй гээд өөрийгөө өмөөрөв. Гэтэл бодоод байхнээ англиар буюу латинаар ч муу бичиж байна. Муухай бичиж байна. Гараар бичих дадлага маань эрс буурчээ. Ер нь ажил дээр утасны дугаар мэтийг, дэлгүүрт кредит картны гүйлгээн дээр л гарын үсгээ зурах, хаа нэгтээ нэг аппликэйшн бөглөхөөс хэтэрэхгүй байгаа юм байна. Сургууль дээр лекц тэмдэглэнэ гэж бараг үгүй. Яагаад гэвэл лекцийг би цахим хуудсаар ороод дахин дахин гүйлгэж үзэж болно, бас дээр нь лекцийн материал гар дээр хэвлээд ирчихсэн байдаг тул. Би шар өнгийн пламастер, цэнхэр өнгийн пламастер л их хэрэглэдэг. Энэ нь юм бичиж байна гэхээсээ зураг зурж байгаатай адил үйлдэл шүү дээ. Үүнээс бусад тохиолдолд дандаа компьютер дээр шивж, гар утсан дээр товшиж, палм пайлот (алганы удирдлага?) дээр зурдаг болсоноо бодохоор... Гарын үсэг, утасны дугаар буюу тоо цифрийг л гараар бичдэг болж байна бидний үеийнхэн. Ажил дээр тавьсан шинэ утасны систем маань имэйлийг маань уншиж өгдөг боллоо. Дижитал амьдралд бид амьдарч байгаа нь бүр бодитой юм байна. Итгэмээргүй ч юм шиг, гэхдээ л итгэхээс аргагүй...
Ингэхэд бүх сонингуудын хэвлэлийн тоо буурч буй, телевиз үзэгчид, бүр спорт үзэгчид цөөрсөн гэх мэт үзэгдэл улам гаарч байна. Ингэхэд хүмүүс гараар бичих явдал тодорхой хувиар буурсан гэлтэй. Үзэг үйлдвэрлэдэг компаниудад нөлөөлсөн болов уу? Сонирхолтой тоо харагдах байх даа.
За уг нь нэг ганц дуу оруулая гээд дэмий чалчиж гарчээ. Цайны цаг ч дууслаа. Түр баяртай, блоггэр та! Нөгөө хөөрхөн дуу энд байна:
8.02.2007
Номун Далай - Монгол номын цахим дэлгүүрийн нээлт
Эрхэм та бүхний өмнө цахим ертөнцөд мэндэлж буй Номун Далай хэмээх нэгэн айл өрхөө татаж, үүдээ нээж байна. Дэлхийн өнцөг булан бүрт эрдэм, эрдэнэ өвөрлөхөөр тархсан Монголчууд бидэнд өнөөг хүртэл өөр өөрийн оршин суугаа улс оронд эх Монгол хэлээр хэвлэгдсэн ном сонин, оюуны бүтээлээс хүртэх боломж, таатай орчин үгүйлэгдсээр ирсэн билээ.
Өнөө цагийн Монгол түмэн та бидэнд эрдэм ухаанд суурилан хэрэгжих учиртай:
♦ хэл соёлоо хадгалж үлдэх, хөгжүүлэх;
♦ хүн төрөлхтөний соёлыг өөрийн соёлын өнгө онцлогоор баяжуулан чимэх хэмээсэн хос үүрэг оногдож буй хийгээд эл үүргээ эс биелүүлвээс
♦ гадаад улс орнуудад суугаа Монголчуудын хувьд эх хэлээ мартах, өв соёлоосоо алслагдах, гадны хэл соёлд аажмаар уусах;
♦ та бидний хэл соёлын үнэт зүйлсийг бусад улс орны ард түмэн утгачилан ойлгохгүйд хүрэх гэсэн мөн л хос түгшүүр хаалга дэлдэж буй нь бодит үнэн болжээ. Энэхүү хос түгшүүрийг арилгаж, үүргээ биелүүлэхийн гол учиг нь та бид аливааг тунгаан шүүж, зохист шийдэлийг гаргаж чадах оюуны бяр тэнхээтэй байх, түүнийгээ Монгол ухааны их далайгаас тэтгэн тэжээж байх явдал билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй Номун Далай цахим дэлгүүрийн сүлжээ нь Монгол түмний энэхүү оюун далайг тэтгэн сэлбэх эрхэм зорилготой.
Номун Далай сүлжээг ажиллуулагч одоогийн бүрэлдэхүүн:
♦ Номун Далай сүлжээг санаачлагч, ерөнхий зохицуулагч Д.Сайнбаяр
♦ Номун Далай сүлжээний Монгол дахь салбарын зохицуулагч П.Наранбаяр
♦ Номун Далай сүлжээний Их Британи дахь салбарын зохицуулагч Д.Цэрэнбат
♦ Номун Далай сүлжээний Япон дахь салбарын зохицуулагч M.Тулгат
Номун Далай цахим дэлгүүрийн үйл ажиллагаа
Номун далай цахим дэлгүүр нь одоогоор Чикаго, Улаанбаатар, Лондон, Токио хотуудад төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд холбогдох цахим хуудсуудад борлуулагдаж буй ном, сэтгүүл болон бусад бүтээгдэхүүний захиалга, төлбөр тооцоог Монгол, Англи, Япон хэл дээр цахим хэлбэрээр хүлээн авч, тухайн улс орнуудад буй салбаруудаас түгээх, шуудангаар хүргэх үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоор АНУ, Канад улсад ном борлуулах http://us.mongolianbooks.com, Их Британид ном борлуулах http://uk.mongolianbooks.com, Японд ном борлуулах http://jp.mongolianbooks.com хуудсууд нь өөрсдийн номын боломжит нөөцөөрөө үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Монгол дах салбар нь үйл ажиллагаа явуулж эхлээд буй салбаруудынхаа захиалгын дагуу хэвлэлийн газар, зохиолч, уран бүтээлчидтэй гэрээ хийж, бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг голчлон хийж байна.
Бид уншигч танд Монголын цаг цагийн оюуны сор бүтээлүүдийг хүргэхийг ямагт хичээн ажиллахын зэрэгцээ, таны эрэлт хэрэгцээ, санал сэтгэгдэлд тулгуурлан цахим дэлгүүрийн сүлжээгээ байнга боловсронгуй болгон сайжруулахын төлөө ажиллах болно. Биднийг дэмжих, хамтран ажиллах сонирхолтой хэн бүхэнд бидний үүд хаалга байнга нээлттэй.
Бидэнтэй хамтран ажиллагчид:
Интерпресс хэвлэлийн газар
NEPKO Publishing
Цахим Өртөө Холбоо
ЭМОС клуб
Алтангадас сэтгүүл
Даяар Монгол сонин
Компьютер Таймс сэтгүүл
Замдаан сэтгүүл
Таван Цагариг - Америкт сэтгүүл
Дэмжигчид:
Бүгдээрээ.мн
Bi-Bid.com
Vimо - Virtual Mongol
Ganzorig Consulting
HamagMongol.net
Mонгол Соёлын Төв
MongolianArtist.com
MongolMedee.Net
Orloo.com
Цахим Өртөө сүлжээ
Ингээд Номун Далай - Монгол номын цахим дэлгүүр интернэтийн цахим ертөнцөд мэндэлж буйг ёслол төгөлдөр тэмдэглэхийн сацуу эрхэм Таныг манай дэлгүүрийн сүлжээнд тухлан саатаж оюуны хэрэгцээгээ хангахыг урьж байна.
Номун Далай сүлжээний хамт олон
http://www.mongolianbooks.com/
http://www.mongolnom.net/
